Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 2022/ДШМ/1104

 

 

 

 

        

 

   2022             11            17                                          2022/ДШМ/1104                           

 

 

А.Э, Б.Б, Н.А, М.Г,

Г.О, М.З нарт  холбогдох

эрүүгийн хэргийн тухай 

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Н.Батсайхан, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүгдэгч А.Э, Б.Б, Н.А, М.Г, Г.О, М.З, тэдгээрийн өмгөөлөгч Ч.Энхбаяр, Т.Ганзориг,

шүүгдэгч Г.Оийн өмгөөлөгч У.Хандсүрэн, Б.Балжидмаа,

шүүгдэгч Б.Бийн өмгөөлөгч Л.Батжаргал,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 2022/ШЦТ/601 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Э, Б.Б, Н.А, М.Г, Г.О, М.З, тэдгээрийн өмгөөлөгч Ч.Энхбаяр, Т.Ганзориг, шүүгдэгч Г.Оийн өмгөөлөгч У.Хандсүрэн, Б.Балжидмаа, шүүгдэгч Бийн өмгөөлөгч Л.Батжаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн А.Э, Б.Б, Н.А, М.Г, Г.О, М.З нарт холбогдох эрүүгийн 2210 02167 0174 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Д овгийн Агийн Э, .... оны ... дугаар сарын ..-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ................ дүүргийн ... дугаар хороо, ................ тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:............................/;

2. Б овгийн Б-Эийн Б, .... оны ... дугаар сарын ....-ний өдөр Архангай аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, архитектор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт .............. дүүргийн ... дугаар хороо, ................ тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:........................./;

3. Б овгийн Нийн А, ...... оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4 , эхнэр, хүүхдүүдийн хамт ............... дүүргийн ... дугаар хороо, ......... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:......................./;

4. Б овгийн Гын О, ..... оны .. дүгээр сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт ............. дүүргийн .... дугаар хороо, ....... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:.........................../;

5. Б овгийн Мийн Г, ........ оны ... дүгээр сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт .................. дүүргийн ... дугаар хороо, ................ тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:......................../;

6. Б овгийн Мын З, ...... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5 , эхнэр, хүүхдүүдийн хамт ............. дүүргийн .... дугаар хороо, .......................... тоотод оршин суух, /РД:............................./;

- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 308 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн.

Шүүгдэгч А.Э, Б.Б, Н.А, М.Г, Г.О, М.З нар бүлэглэн Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутаг дэвсгэр дэх хонин арц, хуурамч хасаг арц зэргийг түүж бэлтгэхээр урьдчилан үгсэн тохиролцож, 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутаг дэвсгэрээс 12 шуудай бүхий Байгалийн ургамлын тухай хуулийн нэн ховор ургамлын жагсаалтад багтсан 96.5 килограмм “хонин арц”, ховор ургамлын жагсаалтад багтсан 96.5 килограмм “хуурамч хасаг арц”-ыг зохих зөвшөөрөлгүйгээр түүж, улмаар Төв аймгийн Баян-Өнжүүл сумаас Хан-Уул дүүргийн 12 хорооны нутаг дэвсгэрт байрлах Таван толгойн хяналтын пост хүртэлх замд О.Энхмаагийн эзэмшлийн “Hyundai Grace” загварын 15-92 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Г.Оийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар, А.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, М.Зын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Б.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Н.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар, М.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д овгийн Агийн Э, Б овгийн Гын О нарыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамлыг түүсэн, тээвэрлэсэн гэмт хэргийг зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б овгийн Б-Эийн Б, Б Луу овгийн Нийн А, Б овгийн Мийн Г, Б овгийн Мын З нарыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамлыг түүсэн, тээвэрлэсэн гэмт хэргийг гүйцэтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Э, Г.О нарыг 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б, Н.А, М.Г нарыг 1 жил 6 сарын хугацаагаар, М.Зыг 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Г.О, А.Э, М.Г, Б.Б, Н.А, М.З нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Г.О, А.Э, М.Г, Б.Б, Н.А, М.З нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, Г.О, А.Э, М.Г, Б.Б, Н.А нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн ерөнхий газрын Хангалт үйлчилгээний хашаанд хадгалагдаж байгаа хуурамч хасаг арц, хонин /хасаг арц/ зэргийг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд шилжүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О, А.Э, М.Г, Б.Б, Н.А, М.З нараас тус бүр 550.000 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эаас 16.040.350 төгрөг, шүүгдэгч Г.Оаас 16.040.350 төгрөг, шүүгдэгч Б.Боос 16.040.350 төгрөг, шүүгдэгч Н.Ааас 16.040.350 төгрөг, шүүгдэгч М.Гаас 16.040.350 төгрөг, шүүгдэгч М.Заас 14.190.350 төгрөг тус тус гаргуулж, Байгаль, орчин аялал жуулчлалын яаманд олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Зын цагдан хоригдсон 42 эдлэх ялд нь оруулан тооцож, Г.О, А.Э, М.Г, Б.Б, Н.А, М.З нарыг цагдан хорьж, тэдний эдлэх ялыг 2022 оны 9 дүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн тоолж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.О давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие ховор ургамал /арц/ түүж байгаль орчинд хохирол учруулсан гэмт үйлдлээ хүлээн зөвшөөрч маш их харамсаж, гэмшиж байна. Гэмт хэргийн улмаас нийт гарсан хохирлыг миний бие бүрэн төлж барагдуулсан. Улсын яллагч анхан шатны шүүх хурал дээр 1 жил 6 сар тэнсэн харгалзах ял шийтгэлийн санал өгсөн. Тэгтэл хийсэн үйлдээ ойлгож гарсан хохирлыг төлөхөө илэрхийлэхэд, шууд 2 жилийн хорих ял өгсөнд маш их эмзэглэж байна. Миний хийсэн гэмт үйлдлийг харж үзэж ялыг хөнгөрүүлж “тэнсэж” өгнө үү. Миний бие одоогоор 6 настай хүү Тын хамт хоёулаа амьдардаг. Ирээдүй болсон хүүдээ буруу үлгэр дуурайлал үзүүлэхгүй байлгах боломжийг минь харж үзнэ үү. Мөн миний бие 7 дугаар сарын 30-ны өдөр элэг, ходоод хэсэгтээ нэвт хутгалуулж цэргийн төв эмнэлэгт хэвтэж, маш хүнд хагалгаанд орсон. Одоогоор биеийн байдал гэдэс дүүрч, маш их хатгуулж байна. Хийсэн гэмт хэрэгтээ маш их харамсаж байна. Миний бие анх удаа гэмт хэрэгт холбогдсон. Хүндэт Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүнээс хүсэхэд эрх зүйн байдлыг минь дээрдүүлж хөнгөн шийтгэж өгнө үү.” гэв. 

Шүүгдэгч Н.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Н.А миний бие нь анх удаа гэмт хэрэгт холбогдож байгаа. Мөн мөрдөн шалгах ажиллагаа, прокурор, шүүхийн үе шатуудад анхнаасаа гэм бураагаа хүлээн зөвшөөрсөн. Миний эхнэр О.Н нь миний 2 хүүхэд болох А.А, А.Э нарын хамт 5 сартай жирэмсэн тэжээн тэтгэх хүнгүй байгаа. Миний аав Т.Н, ээж Ц.Болормаа нар нь өндөр настай тул асран хамгаалах шаардлагатай. Хохирлын мөнгө болох 16.590.350 төгрөгийг манай ар гэрийнхэн төлж барагдуулж байгаа. Иймд дээрх шалтгаануудыг минь харгалзан үзэж надад оногдуулсан хорих ялыг өөр ялаар сольж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Б.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Б миний бие нь мөрдөн шалгах ажиллагаа, прокурор, шүүхийн шатуудад анхнаас нь үнэн зөвөөр мэдүүлж байсан. Мөн анх удаа гэмт хэрэгт холбогдож байгаа. Миний ээж О.Мандах нь нас өндөр, биеийн байдал тааруу байгаа. Мөн шүүхээс тогтоосон хохирол 16.590.350 төгрөгийг эхнээс нь төлж барагдуулж байгаа зэрэг шалтгаануудыг минь харгалзан үзэж надад оноосон хорих ялыг торгох ялаар сольж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч М.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие хохирол, төлбөрөө бүрэн төлж барагдуулахаа илэрхийлж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Иймд эрх зүйн байдлыг минь харгалзан үзэж хорих ялыг торгох ялаар сольж хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч М.З давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие өөрийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн тал дээр маргах зүйлгүй. Гэмт хэргийн улмаас улсад учруулсан хохирлыг төлж барагдуулсан. Мөн дээрх хэргийг үйлдсэндээ маш ихээр гэмшиж, гэмт хэргийнхээ хор уршгийг ухаарч ойлгосон. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлд зааснаар 1 жил 5 сарын хорих ялыг тэнсэж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч А.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие өөрийн үйлдсэн гэмт хэргийг хүлээн зөвшөөрч, гэм буруугийн тал дээр маргах зүйлгүй. . Гэмт хэргийн улмаас улсад учруулсан хохирлыг төлж барагдуулсан. Мөн дээрх хэргийг үйлдсэндээ маш ихээр гэмшиж, гэмт хэргийнхээ хор уршгийг ухаарч ойлгосон. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлд зааснаар 2 жилийн хорих ялыг тэнсэж өгөхийг хүсч байна.” гэв.

Шүүгдэгч Г.Оийн өмгөөлөгч У.Хандсүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Г.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж анхан шатны шүүхээс дүгнэсэн бөгөөд өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн талаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлчлүүлэгч болон шүүгдэгч нар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн ба тухайн түүсэн арцыг ахуйн хэрэглээнд хэрэглэгдэг, захууд болон гандан хийдэд зарагддаг арц хэмээн ойлгож түүсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаагаа мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн байдаг. Шүүгдэгч Г.О өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй анх удаа хөнгөн гэмт хэрэг тохиолдлын шинжтэй үйлдсэн, шийтгэл тогтоолд дурдагдсан хохирлыг төлж барагдуулсан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасны дагуу анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэн харгалзах ялаар өөрчилж эрх зүйн байдлыг дээрдүүлж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгөхийг хүсэж байна.” гэв.

Шүүгдэгч Г.Оийн өмгөөлөгч Б.Балжидмаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Г.О нь гэмт хэрэг үйлдсэн гэмт буруугаа хүлээн зөвшөөрдөг ба тохиолдлын шинжтэй анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал гэж анхан шатны шүүх тогтоожээ. Гэмт хэргийн улмаас байгаль орчинд учруулсан хохирол болох 16.040.350 төгрөгийг Байгаль, орчин уур амьсгалын сангийн 100900013040 тоот төрийн банкны дансанд тушааж хохирлыг барагдуулжээ. Эрүүгийн хариуцлагын зорилго нь хохирлыг нөхөн төлүүлж, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. Иймд Г.От оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү. Шүүгдэгч Г.О нь гэмтлийн улмаас хорих байгууллагад маш хүнд байдалтай байгаа. Элэг, ходоодны маш хүнд хагалгаанд орсны улмаас хоол, хүнс нь таарахгүй байгаа. Иймд эрүүл мэндийн нөхцөл байдлыг харгалзаж үзнэ үү. Мөн 6 настай хүүгийн хамт амьдардаг, өр толгойлсон эцэг байгаа. Уг зүйл анги нь сонгох санкцтай тул хорихоос өөр төрлийн ялаар солих, эсхүл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тэнсэх албадлагын арга хэмжээ авч өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Бийн өмгөөлөгч Л.Батжаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Бийг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамлыг түүсэн, тээвэрлэсэн гэмт хэргийг гүйцэтгэсэн гэж дүгнэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон. Шүүгдэгч Б.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын 11.000.000 төгрөгийг төлсөн, бусад хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, урд өмнө зөрчлийн болон бусад байдлаар гэмт хэрэгт холбогдож байгаагүй, ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж түүнд оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасны дагуу тэнсэж өгнө үү. Шүүгдэгч Б.Бийн хохирол төлсөн 6 хуудас баримтыг гаргаж өгч байна.” гэв.

Шүүгдэгч А.Э, Б.Б, Н.А, М.Г, Г.О, М.З нарын өмгөөлөгч Ч.Энхбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч Г.О, А.Э, М.Г, Б.Б, Н.А нарын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дахь заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, тэдэнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Харин “шүүгдэгч М.Зд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдлоо” гэж дурдаад шүүгдэгч нарыг учирсан хохирлыг төлж барагдуулаагүй гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Э, Г.О тус бүрт 2 жилийн хугацаагаар хорих ял Б.Б, Н.А, М.Г тус бүрт 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял, М.Зд 1 жил 5 сарын хорих ял тус тус оногдуулсан. Шүүгдэгч нар бүгд гэм буруугаа хүлээсэн, түүсэн арц нь нэн ховор, ховор ургамал бөгөөд хуулиар хориглосон байсныг огт мэдээгүй байсан. Тийм ч учир машиндаа ил ачаад тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор орж ирсэн байдаг. Энэ үе нь “Цар тахал”-ын хорио цээр дөнгөж тавигдсан ажил орлогогүй байсан үе юм. Гэмт хэргийн улмаас 19.242.100 төгрөгийн хохирол учирсан бөгөөд “Байгаль орчныг хамгаалах” хуульд зааснаар ургамлын аймагт учирсан хохирлыг тав дахин нэмэгдүүлж нийт 96.242.100 төгрөгийг шүүгдэгч нараар хувь тэнцүүлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн. Гэтэл шүүгдэгч нар арцыг түүхдээ үндэс болон газрын хөрсийг сүйтгээгүй хөрснөөс дээш ургасан хэсгийг тайрч аван тухайн ургамлын дахин ургах нөхцөл байгаль орчинд ямар ч хор хөнөөл учруулаагүй байсан нь хавтаст хэрэгт авагдсан зургийн нотлох баримтаас харагддаг. Мөн түүсэн арц нь гэмтэж муудах, цаашид ашиглах боломжгүй байдалд ороогүй, цаашид эмийн ургамалд ашиглах боломжтой нөхөн сэргээлт хийх шаардлагагүй тул хохирлыг 5 дахин нэмэгдүүлж тооцох нь үндэслэлгүй байна. Энэ талаар холбогдох байгууллагуудаар дүн шинжилгээ хийлгэж нөхөн сэргээлт хийх шаардлагатай эсэхийг тогтоолгох, байсан хохирлыг 5 дахин нэмэгдүүлж байгаа үндэслэл нь өсгөн нэмэгдүүлсэн мөнгөөр устгаж, сүйтгэсэн хөрс, газрыг нөхөн сэргээхэд зориулагдах ёстой энэ талаар өмгөөлөгч миний бие шүүх хуралд мэтгэлцэж оролцсон боловч шүүх үүнийг анхаарч үзээгүй. Шүүгдэгч нар хохирлыг шүүхээс тогтоосон хэмжээнд төлж барагдуулахаа илэрхийлсэн юм. Дээрх нөхцөл байдлуудыг шүүх харгалзан үзээгүйд гомдолтой байна. Шүүх нэгэнт учруулсан хохирлыг барагдуулаагүй гэж үзэн шүүгдэгч нар тус бүрт хорих ял оногдуулсан тул энэ удаад хохирлыг барагдуулсан болно. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-д “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” гэж үзээд, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэж заасны дагуу Г.О, А.Э, М.Г, Б.Б, М.З, Н.А нарт оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзах хугацааг нь багаар тогтоож өгнө үү. Шүүгдэгч Н.А, А.Э тус тус 16.040.350 төгрөгийг төлсөн. Шүүгдэгч М.Г одоогоор 6.000.000 төгрөгийг төлөх үлдэгдэлтэй байгаа. 10.040.350 төгрөгийг төлсөн.” гэв.

Шүүгдэгч А.Э, Б.Б, Н.А, М.Г, Г.О, М.З нарын өмгөөлөгч Т.Ганзориг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч нар нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд гэмт хэрэг үйлсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч А.Э, Г.О нар нь 16.040.350 төгрөгийг төлж хохирлыг бүрэн барагдуулсан. Шүүгдэгч Б.Б нь 11.000.000 төгрөг, М.Г нь 5.540.350 төгрөг, М.З нь 3.850.000 төгрөгийг тус тус төлсөн бөгөөд шүүгдэгч Н.А болон бусад шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн үед илэрхийлсэн. “Гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол 5 жил түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах арга хэмжээ авч болно.” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан тул эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж шүүгдэгч нарыг нийгмээс тусгаарлахгүйгээр нийгэмд нь хүмүүжүүлэхээр дээрх заалтыг хэрэглэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. Хохирол төлбөр төлсөн, мөн төлөхөө илэрхийлсэн талаарх 11 хуудас баримтыг гаргаж  өгч байна.” гэв.

          ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч А.Э, Г.О нар нь Б.Б, Н.А, М.Г, М.З нартай бүлэглэн Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутаг дэвсгэр дэх хонин арц, хуурамч хасаг арц зэргийг түүж бэлтгэхээр урьдчилан үгсэн тохиролцож, 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутаг дэвсгэрээс 12 шуудай бүхий Байгалийн ургамлын тухай хуулийн нэн ховор ургамлын жагсаалтад багтсан 96.5 килограмм “хонин арц”, ховор ургамлын жагсаалтад багтсан 96.5 килограмм “хуурамч хасаг арц”-ыг зохих зөвшөөрөлгүйгээр түүж, улмаар Төв аймгийн Баян-Өнжүүл сумаас Хан-Уул дүүргийн 12 хорооны нутаг дэвсгэрт байрлах Таван толгойн хяналтын пост хүртэлх замд О.Энхмаагийн эзэмшлийн “Hyundai Grace” загварын 15-92 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэсэн гэмт хэргийг зохион байгуулсан,

шүүгдэгч Б.Б, Н.А, М.Г, М.З нар нь А.Э, Г.О нартай бүлэглэн Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутаг дэвсгэр дэх хонин арц, хуурамч хасаг арц зэргийг түүж бэлтгэхээр урьдчилан үгсэн тохиролцож, 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутаг дэвсгэрээс 12 шуудай бүхий Байгалийн ургамлын тухай хуулийн нэн ховор ургамлын жагсаалтад багтсан 96.5 килограмм “хонин арц”, ховор ургамлын жагсаалтад багтсан 96.5 килограмм “хуурамч хасаг арц”-ыг зохих зөвшөөрөлгүйгээр түүж, улмаар Төв аймгийн Баян-Өнжүүл сумаас Хан-Уул дүүргийн 12 хорооны нутаг дэвсгэрт байрлах Таван толгойн хяналтын пост хүртэлх замд О.Энхмаагийн эзэмшлийн “Hyundai Grace” загварын 15-92 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэсэн гэмт хэргийг гүйцэтгэсэн болох нь:

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Оюунгэрэлийн “...Байгалийн ургамлын тухай хуулиар ургамлын нөөц, нөхөн сэргээх чадварыг нь харгалзан статусаар нь нэн ховор, ховор, элбэг гэж 3 ангилдаг. Нэн ховор ургамалд байгалийн жамаар нөхөн сэргэх чадваргүй, тархац нэн хязгаарлагдмал, ашиглах нөөцгүй, устах аюулд орсон ургамал хамаарна. ...Хонин /хасаг/ арцыг Байгалийн ургамлын тухай хуулийн хавсралтаар баталсан нэн ховор ургамлын жагсаалтад Хуурамч хасаг арц нь Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолоор ховор ургамлын жагсаалтад орсон. 1995 онд батлагдсан Байгалийн ургамлын тухай хуульд нэн ховор ургамлыг төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрлөөр зөвхөн судалгаа, шинжилгээний зориулалтаар түүж бэлтгэдэг. Ховор ургамлыг Байгалийн ургамлын тухай хуулийн 13.3 дахь хэсэгт заасны дагуу эм үйлдвэрлэлийн зориулалтаар төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрлөөр түүж бэлтгэнэ гэж заасан байдаг. 2021 онд Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас ховор ургамал болох Хонин /хасаг/ арцыг эм үйлдвэрлэлийн зориулалтаар, Хуурамч хасаг арцыг судалгаа шинжилгээний зориулалтаар түүж бэлтгэх зөвшөөрлийг огт олгоогүй байна. ...Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.3 дахь заалтад заасны дагуу экологи, эдийн засгийн үнэлгээг 5 дахин нэмэгдүүлснээр хохирлыг тооцож байна...” /хх 25/,

шүүгдэгч А.Эын “...Прокурорын яллагдагчаар татах тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” /хх 186/,

шүүгдэгч Г.Оийн “...Яллагдагчаар татах тогтоолыг хүлээн зөвшөөрч байгаа. Иймд нэмж ярих зүйл байхгүй. Бид нарт холбогдох хэргийг хөнгөн шийдвэрлэж өгнө үү. Дахин ийм асуудал болон гэмт хэрэгт холбогдохгүй...” /хх 194/,

шүүгдэгч М.Зын “...Тухайн үед О гэх найз маань надтай уулзаад “Өнжүүл сумын нутаг дэвсгэрт ургадаг арц гэх ургамлыг гадуур худалдаж авдаг юм байна, явж түүгээд хэдэн төгрөгтэй болъё” гэсэн юм. Ингээд л хүлээн зөвшөөрөөд явсан юм...” /хх 202/,

шүүгдэгч М.Гын “...Тухайн үед Э ах надад хандаж “Төв аймгийн Баян-Өнжүүл суманд арц ургадаг юм байна, яваад ирэх үү” гэхээр нь “тэгье, тэгье” гэж хэлээд хамт явсан юм. Би ховор, нэн ховор гэж огт мэдээгүй юм. ...Хүлээн зөвшөөрч байна, бид нарт холбогдох хэргийг хөнгөн шийдвэрлэж өгөн үү. Дахин ийм асуудал гаргахгүй...” /хх 210/,

шүүгдэгч Н.Аын “...Би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...Тухайн үед Г ах надад хандаж “Төв аймгийн Баян-Өнжүүл суманд арц ургадаг юм байна, яваад ирэх үү” гэхээр нь гэртээ хий дэмий байхаар гэж бодоод “тэгье тэгье” гэж хэлээд хамт явсан. Би ховор, нэн ховор гэж огт мэдээгүй. ...Дахин ийм асуудал гаргахгүй...” /хх 218/,

шүүгдэгч Б.Бийн “...Би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...А надад явах санал тавьсан. А ахад Г утсаар ярьж хэлсэн юм. Би ховор ургамал гэж огт мэдээгүй. Надад холбогдох хэргийг хөнгөн шийдвэрлэж өгнө үү...” /хх 226/,

шинжээч Т.Мөнх-Эрдэнийн “...Шинжилгээнд нийтдээ 12 шуудай ургамал ирсэн. Тэр бүгдээс дээж авч шинжлэхэд Монгол оронд 4 зүйлийн арц тэмдэглэгдсэнээс тухайн дээжид 2 зүйлийн арц байсан бөгөөд миний дээж авснаас 3, 7, 11, 4, 9, 10 дугаартай шуудайнуудаас авсан дээжид Агруутан /Cupressaceae Gray 1822/ овгийн Арц /Juneperus L. 1753/ төрөлд багтах Хуурамч хасаг арц, энэ арц нь Монгол улсын Байгалийн ургамлын тухай хуулийн /1995, 2004/, ховор ургамлын жагсаалтад орсон, 2, 1, 8, 6, 12, 5 шуудайнаас авсан дээжид Агруутан /Cupressaceae Gray 1822/ овгийн Арц /Juneperus L. 1753/ төрөлд багтах Хонин арц байсан, энэ арц нь Монгол Улсын Байгалийн ургамлын тухай хуулийн /1995, 2004/ нэн ховор ургамлын жагсаалтад орсон болно. Хуурамч хасаг нь ховор ургамлын жагсаалтад багтсан бөгөөд БОАЖЯ-ны сайдын 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/677 дугаартай тушаалаар нойтныг нь 175.737 төгрөг, хуурай нь 98.413 төгрөгийн экологи эдийн засгийн үнэлгээтэй, Хонин арц нь нэн ховор ургамлын жагсаалтад багтдаг бөгөөд БОАЖЯ-ны сайдын 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/677 дугаартай тушаалаар нойтныг нь 193.926 төгрөг, хуурай нь 100.841 төгрөгийн экологийн эдийн засгийн үнэлгээтэй байгаа юм. Ер нь бол Монгол оронд арц нь 4 зүйлийн ургамал байдаг юм. Нөгөө арцыг Сибир болон дагавар арц гэж нэрлэдэг юм. Арц гэх ургамал жилийн 4 улиралд ногоон өнгөө хадгалж байдаг учраас түүсэн цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй байдаг, шинжилгээнд ирүүлсэн дээжээс үрлэсэн байдлыг үзвэл 4 дүгээр сараас 10 дугаар сарын хугацаанд түүж бэлтгэсэн байх боломжтой гэж дүгнэсэн юм. Шинжилгээ хийгдсэн ургамал нь бүгдээрээ нойтон ургамалд орно, хуурай ургамал нь гарт барихад үүрдэг, бутардаг юм. Ер нь бол шууд нүдээр хараад тогтоох боломжтой. Ургамлыг нэн ховор, ховор, элбэг гэж 3 ангилдаг. Нэн ховор ургамалд ямар нэгэн зөвшөөрөл байхгүй, ховор ургамлыг орон нутгийн засаг захиргааны зөвшөөрлийн дагуу тухайн орон нутгийн иргэн өрхийн ахуйн хэрэгцээнд ашиглаж болно гэж заасан, элбэг ургамлыг иргэн болон аж ахуй нэгж нь холбогдох материалыг бүрдүүлэн зөвшөөрөл авч түүж бэлтгэнэ. Дээрх 2 зүйлийн арц нь нэг газарт хамт ургадаг, ер нь бол нэг хуурамч хасаг арц байлаа гэхэд түүний хажууд хонин арц ургадаг юм. Иймд хамтдаа ургадаг арц байгаа юм. Зарим тохиолдолд дангаараа ургадаг тохиолдол байгаа юм. Гэхдээ миний шинжилгээ хийсэн арцанд 50, 50 хувьтай байсныг мөрдөгчийн хамт үзлэг хийж тогтоосон юм. Манай орны тухайд гэвэл Говь-Алтай, Завхан, Өвөрхангай, Баянхонгор, Дундговь, Төв аймаг, Өмнөговь, Увс, Баян-Өлгий гэсэн аймгуудад ургадаг. Эдгээр арц уулын энгэр, байнгын нар тусдаг газруудаар зурвас байдалтай ургадаг. Дээрх 2 зүйлийн арц нь үржил, хөгжил нь удаан явагддаг, байгаль дахь тархац багатай учраас нэн ховор, ховор ургамалд багтдаг юм. Жишээ нь, Завхан аймагт гэхэд зөвхөн Отгонтэнгэр уулын орчим л байдаг...” /хх 169-170/ гэх мэдүүлгүүд,

2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “...Уг 12 шуудай ургамлын дээжид Монгол оронд 4 зүйл тэмдэглэгдсэнээс 2 зүйл Арцны төрлийн ургамал байгааг шинжлэн тодорхойллоо. Дараах дээжийн дугаартай: Sh-3, Sh-7, Sh-11, Sh-4, Sh-9, Sh-10 дээжүүд нь Манай оронд тархсан Агруутан /Cupressaceae Gray 1822/ овгийн Арц /Juneperus L. 1753/ төрөлд багтах Хуурамч хасаг арц /Juniperus pseudosabina Fisch. C.A. Mey 1841/ зүйл ургамлын газрын дээрх эрхтэн болох иш мөчир мөн навч зэргийн хатаасан нутаг дээж болно. Уг сөөг ургамал нь 1-1.5 метр өндөр, 2 метр хүртэл өргөн голчтой сөөг амьдралын хэлбэртэй юм. /намхан тагдгар мод/. Монгол Улсын Байгалийн ургамлын тухай хуулийн /1995, 2004/ нэн ховор ургамлын жагсаалтад уг зүйл ургамал нь орсон болно. Монголын Улаан номын 2 дугаар хэвлэлд /1997/ орсон ургамал болно. Хүргүүлж ирсэн дээжид ангилал зүйн дүн шинжилгээ хийж үзэхэд тухайн ургамлын иш ба навч, найлзуур зэрэг эрхтнүүд чийгтэй, навч тод ногоон өнгөтэй, сэргэлтийн шинэ навч үүссэн байгаа зэргээс дүгнэж үзвэл энэ жил түүж цуглуулсан ургамал болох нь тодорхой байна. Мөн тухайн дээж материалыг судалж үзэхэд уг ургамлын навч найлзуур зэрэг ургал эрхтэн нь шинээрээ байсан нь тухайн ургамлын 4 дүгээр сарын сүүл үеэс 6 дугаар сарын сүүл үед түүж цуглуулсан байх магадлалтай нь нотлогдож байна. Уг зүйл нь Монгол орны Ургамал-газар зүйн Хөвсгөл, Хэнтий, Хангай, Монгол-Дагуур, Монгол Алтай, Дундад Халх, Говь Алтайн тойргуудад тархсан бөгөөд уулын энгэр, бэлээр сийрэг байдлаар тархан ургана. БОАЖЯамны Сайдын 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А-677 тоот тушаалын Экологи-Эдийн Засгийн үнэлгээгээр Хуурамч хасаг арц /Juniperus pseudosabina fisch. C.A. Mey 1841/-ын 1 кг нойтон дээж нь 175.737 төгрөг, 1кг хуурай дээж нь 98.413 төгрөгийн ЭЭЗ-ийн үнэлгээтэй байна.” /хх 113-114/ гэх шинжээчийн дүгнэлт,

цагдаагийн алба хаагч Б.Буянхүүгийн илтгэх хуудас /хх 4/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-5/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 6-14, 155-159/, “Hyundai Grace автомашины үнэлгээний тайлан /хх 129-134/ зэрэг хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч А.Э, Г.О нарыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамлыг түүсэн, тээвэрлэсэн гэмт хэргийг зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Б.Б, Н.А, М.Г, М.З нарыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамлыг түүсэн, тээвэрлэсэн гэмт хэргийг гүйцэтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, А.Э, Г.О нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Б.Б, Н.А, М.Г, М.З нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, тэдний хувийн байдал зэргийг харгалзан, тухайн зүйлд зааснаар А.Э, Г.О нарт 2 жилийн хугацаагаар, Б.Б, Н.А, М.Г нарт 1 жил 6 сарын хугацаагаар, М.Зд 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь тэдгээрийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирчээ.

Харин анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.О, А.Э, М.Г, Б.Б, Н.А нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасны дагуу “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож хууль зүйн дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэдэгт урьдчилан төсөөлөөгүй, гэнэт бий болсон хүчин зүйлд автаж, Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн байхыг ойлгодог.  

Шүүгдэгч Г.О, М.З, А.Э нар нь “...хорих ялыг тэнсэж өгнө үү...”,

шүүгдэгч Н.А нь “...хорих ялыг өөр ялаар сольж өгнө үү...”,

шүүгдэгч Б.Б, М.Г нар нь “...хорих ялыг торгох ялаар сольж өгнө үү...”

шүүгдэгч Г.Оийн өмгөөлөгч У.Хандсүрэн нь “...шүүгдэгч Г.От оногдуулсан хорих ялыг тэнсэн харгалзах ялаар сольж өгнө үү...”,

шүүгдэгч Г.Оийн өмгөөлөгч Б.Балжидмаа нь “...хорихоос өөр төрлийн ялаар солих, эсхүл тэнсэж өгнө үү...”,

шүүгдэгч Бийн өмгөөлөгч Л.Батжаргал нь “...шүүгдэгч Б.Бт оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү...”,

шүүгдэгч А.Э, Б.Б, Н.А, М.Г, Г.О, М.З нарын өмгөөлөгч Ч.Энхбаяр нь “...шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү...”,

шүүгдэгч А.Э, Б.Б, Н.А, М.Г, Г.О, М.З нарын өмгөөлөгч Т.Ганзориг нь “...шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах арга хэмжээ авч өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалт нь шүүх заавал хэрэглэх хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт бөгөөд шүүх дээрх зүйл, хэсгийг хэрэглээгүй явдал нь Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарахгүй юм.

Хэдийгээр шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос бүгдийг болон зарим хэсгийг төлсөн талаар өөрсдөө болон тэдгээрийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдол, тайлбаруудад дурдсан хэдий ч тэдгээрийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлийг хэрэглэх үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Харин шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, давж заалдах шатанд гэмт хэргийн улмаас байгаль орчинд учруулсан гэм хорын хохирлоос А.Э 16.045.350 төгрөг, Г.О 16.040.350 төгрөг, Б.Б 16.045.000 төгрөг, Н.А 16.040.000 төгрөг, М.Г 10.040.350 төгрөг, М.З 2.000.000 төгрөг нийт 3.850.000 төгрөг тус тус төлсөн зэргийг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс А.Э, Г.О нарт оногдуулсан 2 жилийн хорих ялыг 1 жил 6 сарын хорих ял,  Б.Б, Н.А, М.Г нарт оногдуулсан 1 жил 6 сарын хорих ял, М.Зд оногдуулсан 1 жил 5 сарын хорих ялыг тус тус 1 жил 1 сарын хорих ял болгон хөнгөрүүлэн өөрчлөхөөр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв. 

Түүнчлэн, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна.” гэж заасан ба анхан шатны шүүхээс нэр бүхий шүүгдэгч нарын байгаль орчинд учруулсан гэм хорын хохирлыг гаргуулж Байгаль, орчин аялал жуулчлалын яаманд олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.О болон түүний өмгөөлөгч нар давж заалдах гомдолдоо “...Г.О нь 6 настай хүү О.Тын хамт амьдардаг бөгөөд хүүхдийг нь харж хандах, тэжээн тэтгэх хүнгүй...” талаар дурдсан байх тул шүүгдэгч Г.Оийн 8 настай хүү О.Тын /хх 93-94/ асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох асуудлыг Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3 дахь заалт, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт тус тус зааснаар Баянгол дүүргийн Засаг даргад даалгаж шийдвэрлэв.

Дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан “...хорих ялыг өөр ялаар болон торгуулийн ялаар солиулах, ...хорих ялыг тэнсэж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, дурдсан өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нар нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 2022/ШЦТ/601 дугаартай шийтгэх тогтоол гарснаас хойш буюу давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцсэн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 76 хоног цагдан хоригдсоныг тэдний эдлэх ялын хугацаанд тус тус оруулж тооцох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 2022/ШЦТ/601 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтад “...А.Э, Г.О нарыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял, ...Б.Б, Н.А, М.Г нарыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар, М.Зыг 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй. ...” гэснийг “...А.Э, Г.О нарыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял, ...Б.Б, Н.А, М.Г, М.З нарыг 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй. ...” гэж,

7 дахь заалтад “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эаас 16.040.350 төгрөг, шүүгдэгч Г.Оаас 16.040.350 төгрөг, шүүгдэгч Б.Боос 16.040.350 төгрөг, шүүгдэгч Н.Ааас 16.040.350 төгрөг, шүүгдэгч М.Гаас 16.040.350 төгрөг, шүүгдэгч М.Заас 14.190.350 төгрөг тус тус гаргуулж, Байгаль, орчин аялал жуулчлалын яаманд олгосугай. ...” гэснийг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Эаас 16.040.350 төгрөг, шүүгдэгч Г.Оаас 16.040.350 төгрөг, шүүгдэгч Б.Боос 16.040.350 төгрөг, шүүгдэгч Н.Ааас 16.040.350 төгрөг, шүүгдэгч М.Гаас 16.040.350 төгрөг, шүүгдэгч М.Заас 14.190.350 төгрөг тус тус гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын санд олгосугай. ...” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3 дахь заалт, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Оийн хүү О.Тын асран хамгаалахтай холбоотой асуудлыг шийдвэрлэхийг Баянгол дүүргийн Засаг даргад даалгасугай...” гэсэн нэмэлт заалт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгчдийн гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э, Б.Б, Н.А, М.Г, Г.О, М.З нарын 2022 оны 9 дүгээр сарын 2-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 76 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

4. Гэмт хэргийн улмаас байгаль орчинд учруулсан гэм хорын хохиролд шүүгдэгч А.Э 16.045.350 төгрөг, Г.О 16.040.350 төгрөг, Б.Б 16.045.000 төгрөг, Н.А 16.040.000 төгрөг, М.Г 10.040.350 төгрөг, М.З 2.000.000 төгрөг тус тус төлсөн болохыг дурдсугай. 

5. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ШҮҮГЧ                                                      Ц.ОЧ

                   

                                 ШҮҮГЧ                                                      Н.БАТСАЙХАН

                                

 

                                 ШҮҮГЧ                                                      Б.БАТЗОРИГ