| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2024/04758/И |
| Дугаар | 102/ШШ2024/04971 |
| Огноо | 2024-10-31 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 102/ШШ2024/04971
| Дугаар 102/ШШ2024/04971 | Улаанбаатар хот | |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч:Баянгол дүүргийн ** дугаар хороо, *** байрны ** тоотод оршин суух, регистр *******, Р****** Г****,
Хариуцагч:Баянгол дүүргийн ** дугаар хороо,** байрны ** тоотод оршин суух, регистр *******, М***** А*******,
Нэхэмжлэлийн шаардлага:Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч Р.Г****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Төвсайхан нар оролцов.
/Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв./
Нэхэмжлэгч Р.Г******* нь М.А******* холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:Би 2004 онд М.А******** танилцаж 2007 оноос хамтран амьдарч 2009 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн иргэний бүртгэлийн хэлтэст гэрлэлтээ бүртгүүлж 0091085 дугаартай гэрчилгээ авсан.Бидний том хүү А.Г****** 2009 оны 7 дугаар сарын 07-ний өдөр, бага хүү А.Ц****** 2015 оны 12 дугаар сарын 26-ны өдөр төрсөн.Сүүлийн 3 жил бид зан харьцаа болон бусад тааламжгүй байдал /ажил мэргэжил ойлгохгүй байх/ улмаас байнгын маргаантай амьдарч 2023 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс хойш тусдаа амьдарч байгаа улмаар шүүхэд нэхэмжлэл гаргахын өмнө эвлэрүүлэн зуучлах албанд хандсан боловч эвлэрээгүй, тусдаа амьдарснаас хойш хүүхдүүд надтай хамт байгаа.Иймд бидний гэрлэлтийг цуцалж, 2 хүүг миний асрамжид үлдээж өгнө үү, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй, эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Хариуцагч шүүхэд хариу тайлбар өгөөгүй байна.
Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэх, гэрлэлтийн гэрчилгээ, хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэлийг шүүхэд өгсөн, хариуцагчаас баримт өгөөгүй.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд:
Бид сүүлийн нэг жил тусдаа амьдарч байгаа цаашид хамт амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулна, хүүхдүүдээ өөрийнхөө асрамжид байлгана, тэтгэлэг нэхэмжлэхгүй, эд хөрөнгийн маргаан байхгүй гэж тайлбарласан.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн гэрлэлтийн гэрчилгээ, хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, нэхэмжлэгчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Гэрлэгчдийн дундаас 2009 оны 7 дугаар сарын 2-ны өдөр А.Г******, 2015 оны 12 дугаар сарын 26-ны өдөр А.Ц****** нар төрсөн байна.
Р.Г**** нь 2024 оны 1 дүгээр сард Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2, 28.1.4-т заасан үндэслэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагааг 2024 оны 2 дугаар сарын 8-ны өдөр дуусгавар болгосон байна.
Хариуцагч М.А***** шүүхээс нэхэмжлэлийг 2024 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр гардан авсан ба хуульд зааснаар 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хариу тайлбараа шүүхэд өгөөгүй байна.
Иргэний хэрээг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж заасан байна.
Нэхэмжлэгч нь гэрлэлтээ цуцлуулахыг хүсэж байгаа, 2023 оны 8 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа нөхцөл байдал нь гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн хүсэлтийг харгалзан А.Г*****, А.Ц***** нарыг эхийнх нь асрамжид байлгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, 26 дугаар зүйлийн 26.2-т хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэгтэй гэж заасан байдаг тул М.А******* дээрх үүргээс чөлөөлөгдөхгүй юм.
Мөн Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-т хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх гэж заасан байдаг тул М.А******** хүүхдүүдтэйгээ уулзах эрх нээлттэй байна.
Р.Ганзул нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй, зохигчдын хооронд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, мөн хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасныг баримтлан М******** А******, Р********Г****** нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т заасныг баримтлан 2009 оны 7 дугаар сарын 2-ны өдөр А.Г****, 2015 оны 12 дугаар сарын 26-ны өдөр А.Ц****** нарыг эх Р.Г****нь асрамжид байлгасугай.
3.Р.***** нь хүү А.Г****, А.Ц***** нарт эцгээс тэтгэлэг тогтоолгохгүй, зохигчдын хооронд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй гэсний тус тус дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Р.Г****** олгосугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН