Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 1381

 

МАГАДЛАЛ ТӨСӨЛ

2020.06.26                                                                                                                                  Улаанбаатар

1381

 

 

 

 

 

 

“О” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                                       иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ш.Оюунханд даргалж, шүүгч С.Энхтөр, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШШ2020/01424 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “О” ХХК-ийн хариуцагч “БА ” ХХК-д холбогдох 24 640 381 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: 2017 оны 02 дугаар сарын 26-ны өдөр “БА” ХХК-тай тээвэр зуучийн гэрээ байгуулж, тус компанийн нэр дээр Турк улсаас OOLU1015086, TEMU3281041 чингэлгүүд, мөн БНХАУ-ын Хэбэй мужаас СBHU9880212 чингэлэгт ачааг бусад этгээдээр Монгол Улсад тээвэрлүүлэн авчирч, хүлээлгэн өгсөн. Эдгээр ачаа тээврийн хөлс нийт 6 150 ам.долларыг хариуцагчаас авах ёстой боловч төлөөгүй байна. Энэ талаар хариуцагчид удаа дараа мэдэгдсэн хэдий ч үүргээ биелүүлээгүй бөгөөд 6 150 ам.долларыг гэрээнд заасан алданги 3 075 ам.долларын хамт Монгол банкны 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн өдрийн ханш 2 669.96 төгрөгөөр тооцоолж нийт 24 640 381 төгрөг нэхэмжилж байна. Өнөөдрийн яригдаж байгаа тээвэрлэлт болон алга болсон гэх тээвэрлэлтүүд тус тусдаа ачилтууд, бид нар хариуцагчтай алга болсон тээврийн асуудлыг шийдвэрлэтэл 3 чингэлэг ачааны төлбөрийг авахгүй гэж тохироогүй. БНХАУ-ын орон нутгаас ачуулсан чингэлэг Монгол Улсад хоёр ч удаа орж, гараад явсан байдаг. Аль улсын нутаг дэвсгэр дээр алга болсныг тодруулах ажиллагаа явагдаж байна. Уг хэргийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хэлэлцэж байгаа. Тээвэр зуучийн гэрээг даатгалын компаниуд хатуу хийдэг. Тухайлбал, энэ гэрээний 8.1.8-д даатгуулагчийн зөвшөөрөлгүй өөрийн буруутайг хүлээн зөвшөөрөхгүй байх, хохирлыг нөхөн төлөх амлалт өгөхгүй байх үүрэгтэй гэж заасан. Бид талуудын байгуулсан тээвэр зуучийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчид хугацаа олгож байсан. Гэвч хариуцагч нь үндэслэлгүйгээр төлбөрийг төлөхөөс татгалзаж байна. Тус гэрээг эрх бүхий этгээдүүд зөвшөөрч, гарын үсэг зурсан, тухайн маргаануудыг нэг гэж үзэх ямар ч үндэслэл байхгүй гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч “О” ХХК-ийг үүсгэн байгуулагдсан үеэс эхлэн хамтарч ажилласан. Манай компани 2017 онд “О” ХХК-аар БНХАУ болон Турк улсаас бараа тээвэрлэн авахад зуучлалын хөлс, үнийн санал өгөөч гэсний үндсэн дээр 2017 оны 04 дүгээр сард үнэ хөлсний мэдээллийг авсан. Турк улсаас 2017 оны 04 дүгээр сард эхний тээврийг хийлгэсэн ба 2017 оны 05 дугаар сард БНХАУ-аас тээвэр хийлгэсэн. Гэвч Турк улсаас тээвэр ирж байх үед БНХАУ-аас ирэх ачаа алга болсон асуудал үүссэн. Ингээд үүнтэй холбоотой хэрэг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байна. Намайг энэ талаар нэхэмжлэгчийн гүйцэтгэх захиралтай уулзахад уг асуудлыг шийдтэл Турк улсаас OOLU1015086, TEMU3281041 чингэлэгт ачаа, мөн БНХАУ-ын Хэбэй мужаас СBHU9880212 чингэлэгт ачааны тээврийн хөлсийг төлөхгүй байж болно гэж хэлсэн, талууд ингэж тохиролцсон. Манай компани дээрх тохиролцооны хүрээнд алга болсон ачааны үнийг шингээгээд тээвэр явуулж байна гэж ойлгоод 3 чингэлэг ачааны тээвэр зуучийг нэхэмжлэгчээр гүйцэтгүүлсэн. Монгол Улсад олон тээвэр зуучийн компанитай байдаг, яагаад энэ компаниар ачаа алга болгосон байхад нь дахиад бараа бүтээгдэхүүнээ тээвэрлүүлсэн бэ гэвэл алга болсон ачааны үнийг төлөхгүй байж байгаад танайхыг хохиролгүй болгоно, даатгалын компаниар төлүүлнэ гэж тохирсон учраас л өнөөдрийг хүртэлх хугацаанд 6 150.00 ам.долларыг төлөөгүй.

Эхний ачаа 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр ирж, тээврийн хөлсийг 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр төлөх, хоёр дахь ачаа 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр ирсэн ба тус өдөр мөнгийг төлөөд авсан байх ёстой, харин гурав дахь ачаа 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ирсэн. Уг тээврийн хөлсийг төлчихөөд тэрхүү чингэлэгийг авах ёстой бөгөөд нэг ч тээврийн хөлс төлөөгүй байхад манай ачааг өгсөн. Яагаад гэвэл нэхэмжлэгч нь тохиролцсон ёсоор 3 чингэлэг ачааны хөлсийг алга болсон чингэлгийн төлбөрт шингээнэ гэж байсан. Тухайн үед н.Н  захиралтай энэ тухай гэрээ хийчихсэн бол ийм зүйл болохгүй байжээ. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэгдэж байгаа хэрэг шийдвэрлэгдвэл тээврийн хөлсийг алдангигүй төлөхөд татгалзахгүй. 2017 онд нийт 4 тээвэр хийгдсэн байна, БНХАУ-аас тээвэрлүүлсэн ачаа алга болсон учир уг ачаа барааг хэн төлөх вэ гэдэг тал дээр маргаан үүссэн. Зуучлуулсан ачаа алга болчихоод байна гэхэд нэхэмжлэгч “О” ХХК-ийн захирал н.Н  өөрөө бид “МД” ХХК-д даатгалтай учир даатгалаас төлбөрөө гаргаад танайд өгнө, ингэхийн тулд шүүхийн шийдвэр заавал хэрэгтэй байна, шүүхэд та нар нэхэмжлэл гаргаач гэж өөрөө хэлж байгаад Баянгол дүүргийн Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргуулсан. Нэхэмжлэгч “МД” ХХК-тай байгуулсан даатгалын гэрээний 9.14.9-т Монгол Улсын нутаг дэвсгэрээс гадна хохирол учирсан бол төлөхгүй гэсэн байна. Өөрөөр хэлбэл, “О” ХХК нь даатгалаас мөнгөө авч чадахгүй гэдгээ мэдээд төлбөрийг хариуцахгүй гэж байна. Талууд сүүлийн гурван нэхэмжлэхэд тусгагдсан үнийг тухайлан тохиролцоогүй, тэр талаар нотлох баримт байхгүй. Энэ тохиолдолд эрх бүхий байгууллагаас баталсан үнийн жагсаалт эсхүл зах зээлийн дундаж үнэлгээгээр гаргах ёстой. Нэхэмжлэгч нь бидэнд тээврийн дагалдах бичиг өгөөгүй. Гэрээнд зааснаар олон улсын ачаа тээврийн гэрээ, Иргэний хуулийг удирдлага болгоно гэсэн. Төлбөрийн нэхэмжлэхийг өгөхдөө Иргэний хуулийн 387 дугаар зүйлд заасан дагалдах бичгийг өгөөгүй учир өөрийнхөө гарсан зардал болон үнээ нэхэмжлэх, гэрээгээ үндэслэх бололцоогоо нотлоогүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн миний бие шүүгчээс энэ хэргийг шударгаар шийдвэрлэн гэдэг итгэхгүй байх тул татгалзаж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус заасныг үндэслэн “БА ” ХХК-иас 24 640 381 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “О” ХХК-нд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 281 152 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 281 152 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шүүх хоёр талыг гэрээтэй бөгөөд зуучлалын тээврийн хөлсний үнийг харилцан тохирсон гэж үзэн хэтэрхий нэг талыг барьсан үндэслэлгүй шийдвэр болсон. Шүүх нэхэмжлэгч талын гаргаж өгсөн нотлох баримт болон тэдний хүсэлтээр хийсэн “О” ХХК-ийн имэйлийн архивт байгаа гэхдээ хариуцагч “БА” ХХК-ийн имэйлийн архивт хадгалагдаагүй, нотлогдоогүй баримтыг үндэслэн харилцан тохирсон гэж дүгнэсэн. Анхан шатны шүүхийн гол үндэслэл болгосон үнийн саналаа илгээж хариу өгөөгүй тул зөвшөөрсөн гэж үзээд байгаа нэхэмжлэгчийн гаргаж өгсөн электрон шуудангийн архивт хадгалагдсан гэж үзсэн. н.У  гэгчээс “БА” ХХК-ийн Э.Г ирүүлсэн үнийн санал нь хамгийн анхны алдагдсан ачааг 4 сард захиалах үед өгч байсан ерөнхий үнийн санал байсан. Яг энэ, 2017 оны 7 сарын захиалгын ачааг зуучлуулах үнийн санал биш байхад шүүх шууд нөгөө талд ашигтайгаар үнэлсэн явдалд гомдолтой байна. Талууд нэхэмжилж байгаа ачааг тээвэрлүүлэх, зуучлуулах үнийн саналын талаар тохироогүй байсан, 2017 оны 5 дугаар сард алга болсон ачааны үнэ буюу “БА” ХХК-д учирсан хохирлыг төлж барагдуулах амлалт өгч үүнийхээ оронд дахин тээвэр хийлгэх санал тавьсны дагуу Турк улсаас болон Хятад улсаас ачааг тээвэрлүүлэх ажил өгсөн. Гэвч “О” ХХК нь даатгалтай гэрээг байгуулахдаа гадаад улсад байгаа ачаагаа даатгуулаагүйн улмаас “БА” ХХК-д учирсан хохирлыг даатгалаас авах боломжгүй гэдгээ мэдмэгц тээврийн хөлс нэхэмжилсэн байхад шүүх гэрээ байгуулсан, үнийн саналыг хүлээн авсан гэж үнэлсэн нь буруу болсон. “О” ХХК-ийн “БА” ХХК-тай байгуулсан гэх гэрээ нь тээвэрлэгчийн үүрэг гүйцэтгэх гэрээ тул энэхүү гэрээнээс үүсэх маргааныг Олон Улсын тээврийн тухай конвенци болон Төмөр замаар ачаа тээвэрлэх тухай олон улсын дүрмийн дагуу шийдвэрлэх ёстой бөгөөд зөвхөн Иргэний хуулийн заалтыг хэрэглэх нь учир дутмаг болсон. Өөрөөр хэлбэл, энэхүү харилцааг зөвхөн худалдааны зуучлагчийн харилцаа гэж үзэн хуулийг буруу хэрэглэсэн. “О” ХХК тээвэрлэгчийн өмнөөс гэрээ байгуулсан тул энэ нөхцөлд Иргэний хуулийн 395 дугаар зүйлийн 395.1 дэх хэсэгт зааснаар тээврийн гэрээнээс үүсэх шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа 1 жил байх хуулийн зохицуулалтыг хэрэглэх ёстой. Энэ хугацаагаар бол “О” ХХК-ийн тээврийн гэрээгээр үүсэх хөлс нэхэмжлэх шаардах эрхийн хугацааг 2017 оын 9 дүгээр сараас эхлэн тооцох ёстой тул шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Шүүх зөвлөлдөх тасалгаанд орохоос өмнө буюу мэтгэлцээний явцад шүүгч нэг талыг илт барьж байгаа нь мэдрэгдсэн тул өмгөөлөгч Н.Э “хэргийг үнэн зөв шударгаар шийдэхэд эргэлзэж байгаа” гэх үндэслэлээр шүүгчээс татгалзсан боловч шүүх энэ хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулсан тул ноцтой зөрчил болж шүүхийн шийдвэр хуульд нийцсэн байх шаардлагыг хангаагүй болно. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч “О” ХХК нь хариуцагч “БА” ХХК-д холбогдуулан 24 640 381 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

“О” ХХК нь 2017 оны 02 дугаар сарын 26-ны өдөр “БА”             ХХК-тай тээврийн зуучийн үйлчилгээний гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагчийн захиалгаар Монгол улсын нутаг дэвсгэрт импортлон оруулж ирэх бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэх, зуучийн үйлчилгээ үзүүлэх, хариуцагч тал хөлс төлөх үүргийг хүлээсэн байх бөгөөд 2017 оны 07 дугаар сард Турк улсаас OOLU1015086, TEMU3281041, мөн БНХАУ-ын Хэбэй мужаас СBHU9880212, 3 чингэлэг ачааг хүргэж шилжүүлэх үүрэг биелэгдсэн болох нь талуудын хооронд байгуулсан гэрээ, зохигчдийн тайлбараар тогтоогдсон байна. /хх10-11/

 

Хариуцагч “БА” ХХК нь Турк улс, БНХАУ-аас тус тус импортолсон ачааг ачуулсан тээвэр зуучийн үнийн талаар нэхэмжлэгч “О” ХХК-тай тохиролцоогүй, өмнө нь БНХАУ-аас тээвэрлэсэн ачаа замдаа алга болсон тул дээрх ачааны тээвэр зуучийн хөлсийг төлөхгүй байхаар тохиролцсон гэж маргажээ.

 

Шүүх талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ тухайн харилцааг зохицуулсан Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 413 дугаар зүйлийн 413.1 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэж, талуудын гэрээний дагуу хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхойлсон нь үндэслэл бүхий болжээ.

 

Хариуцагчийн маргаан бүхий ачааны үнийн талаар тохиролцоогүй гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

Хэргийн 12-14, 108-109 дүгээр талд авагдсан төлбөрийн нэхэмжлэх, талуудын харилцсан цахим шууданд хийсэн үзлэгийн тэмдэглэл, мөн тэдний хамтын ажиллагаа, бизнесийн түүх зэргийг шүүх харьцуулан дүгнэж, тээвэр, зуучийн хөлсийг зохигч Турк улсаас OOLU1015086 чингэлэгт ачааг 2 570 ам.доллар, TEMU3281041 тоот чингэлэгт ачааг 2 820 ам.доллар, БНХАУ-ын Хэбэй мужаас СBHU9880212 тоот чингэлэгт ачааг 760 ам.доллар гэж тодорхойлсон нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1, 196.1.7, 198 дугаар зүйлийн 198.6, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Хариуцагч нь дээрх төлбөрийг БНХАУ-аас импортолсон CCLU2758136 тоот чингэлэг ачаа алга болсон асуудлыг шийдвэрлэтэл төлөхгүй байхаар нэхэмжлэгчтэй тохиролцсон гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан журмын дагуу баримтаар нотлоогүй байна.

 

Нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүрэг буюу тээвэр, зуучийн хөлс төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж алдангид 3 075 ам.доллар гаргуулахаар нэхэмжилсэн нь гэрээний 3.1, 3.2, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасантай нийцсэн байх ба шүүхээс гэрээний үндсэн үүрэг болоод нэмэлт хариуцлагыг шаардах эрхийн талаар хийсэн дүгнэлтийг буруутгах хуулийн үндэслэл тогтоогдсонгүй. Гэрээний гол нөхцөл болох тээврийн зуучийн хөлс эсэхэд талууд маргасан бөгөөд гэрээний 2.1.10-т заасан нөхцөлийг хэрэгжүүлэхдээ Олон улсын ачаа харилцааны хэлэлцээр болон олон улсад холбогдох конвенцийг дагаж мөрдөхөөр тохиролцсон байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив. Талуудын хооронд үүссэн маргааны талаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь Иргэний хуулийн 395 дугаар зүйлийн 395.1, 395.2 дахь хэсэгт заасан үндэслэлд хамаарахгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “өмгөөлөгч шүүгчээс татгалзсан боловч шүүх хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх боловч шүүх хуралдааны тэмдэглэлээр уг гомдол нь няцаагдаж байна.

 

Дээр дурьдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй       орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШШ2020/01424 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг нь хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 281 152 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Ш.ОЮУНХАНД

          ШҮҮГЧИД                                        С.ЭНХТӨР

                                                                                                     А.МӨНХЗУЛ