| Шүүх | Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2214000000240 |
| Дугаар | 2022/ДШМ/053 |
| Огноо | 2022-09-13 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 23.1.1, |
| Улсын яллагч | Ж.Энхбат |
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 2022/ДШМ/053
Д.Батжаргал, Б.Өсөхбаяр нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Насанжаргал, Ш.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Ж.Энхбат
Шүүгдэгч Б.Өсөхбаяр, түүний өмгөөлөгч Л.Батбаяр, Т.Пүрэвдаваа
Шүүгдэгч Д.Батжаргал, түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Бадамсүрэн нарыг оролцуулан;
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж хянан шийдвэрлэсэн 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 2022/ШЦТ/118 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Өсөхбаяр, түүний өмгөөлөгч Л.Батбаяр, шүүгдэгч Д.Батжаргалын өмгөөлөгч П.Өлзийбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Д.Батжаргал, Б.Өсөхбаяр нарт холбогдох эрүүгийн 2214000000240 тоот хэргийг 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, Боржигон овогт Даваажаргалын Батжаргал, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ВИ85080730,
Монгол улсын иргэн, Шар Цэдэн овогт Батболдын Өсөхбаяр, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ВЗ96031217,
Шүүгдэгч Д.Батжаргал нь 2021 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Баянхонгор аймгийн Баацагаан сумын 7 дугаар багт байх цагдаагийн хэсгийн байрны гадна хууль сахиулагч болох Баянхонгор аймгийн Баацагаан сумын хэсгийн төлөөлөгч Б.Өсөхбаярыг албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан биед нь халдаж зүүн гуянд цус хуралт бүхий гэмтэл учруулан хүч хэрэглэж хууль сахиулагчийг эсэргүүцсэн,
Шүүгдэгч Б.Өсөхбаяр нь 2021 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Баянхонгор аймгийн Баацагаан сумын нутаг дэвсгэрт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож байсан иргэнийг шалгахдаа Баацагаан сумын Баянсайр 7 дугаар багт байх цагдаагийн хэсгийн байрны гадна тээврийн хэрэгсэлд зорчин явсан Д.Батжаргалтай маргалдаж хавирч унагааж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргүүдэд тус бүр холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Баянхонгор аймгийн Прокурорын газраас Д.Батжаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Б.Өсөхбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овогт Дагвадоржийн Батжаргалыг хууль сахиулагчийг эсэргүүцэх, Шар Цэдэн овогт Батболдын Өсөхбаярыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Өсөхбаярт 8 /найман/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Батжаргалд 6 /зургаан/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Өсөхбаяр, Д.Батжаргал нарын эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон чиглэлээр зорчихоор буюу өөрийн оршин сууж байгаа газраас эмнэлэг, эмийн сан, хүнсний зах, хүнсний дэлгүүр, эрхэлж буй ажил гэсэн чиглэлээр зорчихоор даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Өсөхбаяр, Д.Батжаргал нарт мэдэгдэж, Хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Д.Батжаргалын эзэмшлийн смарт 32 инчийн LCD зурагтыг түүнд буцаан олгож, эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан DVD 4 ширхэг, CD 1 ширхэг зэргийг хэргийн хамт хадгалж, амбулаторийн үзлэгийн карт 1 ширхэг, Рентген зураг 1 ширхэг зэргийг эзэмшигч шүүгдэгч Д.Батжаргалд буцаан олгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-т тус тус зааснаар шүүгдэгч Б.Өсөхбаяраас 475.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Батжаргалд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.678.088 төгрөгийн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Өсөхбаяр тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
Б.Өсөхбаяр миний бие Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа ба Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 сарын 31-ний өдрийн 2022/ШЦТ/118 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
Аймгийн прокурорын газраас Б.Өсөхбаяр намайг 2021 оны 07 сарын 13-ны өдөр Баянхонгор аймгийн Баацагаан сумын нутаг дэвсгэрт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож байсан иргэнийг шалгахдаа Баацагаан сумын Баянсайр 7-р багт байх Цагдаагийн хэсгийн байрны гадна тээврийн хэрэгсэлд зорчин явсан Д.Батжаргалтай маргалдаж хавирч унагааж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхэд шилжүүлсэн бол миний хэргийн хохирогч гэх Д.Батжаргалыг 2021 оны 07 сарын 13-ны өдөр Баянхонгор аймгийн Баацагаан сумын 7-р багт байх байх Цагдаагийн хэсгийн байрны гадна хууль сахиулагч болох Баянхонгор аймгийн Баацагаан сумын хэсгийн төлөөлөгч Б.Өсөхбаярыг албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан биед нь халдаж зүүн гуяд нь цус хуралт бүхий гэмтэл учруулан хүч хэрэглэж хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх 2022 оны 04 сарын 20-ны өдөр хүлээн авч 2022 оны 05 сарын 31 ний өдөр хянан хэлэлцэж Д.Батжаргалыг хууль сахиулагчийг эсэргүүцсэн, Б.Өсөхбаяр намайг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцон, Д.Батжаргалд 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан бол надад 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн.
Би Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 сарын 31-ний өдрийн 2022/ШЦТ/118 дугаартай шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2, 3 дах заалтуудад заасан Шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт гэм буруутайд тооцох болон эрүүгийн хариуцлагын хэсэгт заавал тусгах зүйлийг бүрэн тусгаагүй буюу шүүгдэгч талуудын саналыг ямар үндэслэлээр үгүйсгэж гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн болох нь тодорхойгүй байгаа нь уг шийтгэх тогтоол нь үндэслэлгүй гэж үзэхээр болжээ, мөн эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хуулийг улсын дээд шүүхийн тайлбараас өөрөөр тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. Миний бие тухайн үед ажил үүргээ гүйцэтгэж явсан бөгөөд алба үүргээ гүйцэтгэх явцад хохирогч гэх Д.Батжаргал миний биед халдан эрүүл мэндэд хохирол учруулсан бөгөөд үйлдлээ таслан зогсоохгүй уг үйлдлээ үргэлжлүүлсээр байсан бөгөөд өөрийн биеэсээ холдуулж цааш түлхсэн боловч миний биед дахин халдахаар дайраад байсан учир биеийн хүчний мэх хэрэглэхээс өөр аргагүй нөхцөл байдалд хүргэсэн, уг үйлдлээс болж Д.Батжаргал газар унаж гараа гэмтээсэн. Миний хувьд санаатайгаар түүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулах гэсэн санаа зорилго огт агуулаагүй, харин аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэж байгаа болно. Тухайн үед Д.Батжаргалтай хамт явж байсан хүмүүс гэрчээр мэдүүлэг өгсөн боловч нэг бүрчлэн бодит мэдүүлгийг өгөөгүй байдаг. Тэдгээр гэрчүүдийн мэдүүлгийг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэгтэй тулгавал тухайн гэрчүүд болсон үйл явдлаас зөрүүтэй мэдүүлэг өгсөн нь харагддаг. Анхан шатны шүүх бодит байдлыг тогтоож чадаагүй, зөрүүтэй мэдүүлэг өгсөн гэрчүүдийн мэдүүлгийг үнэлж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргах нөхцөл бүрдсэн.
Эрүүгийн хуульд гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдлыг дөрөвдүгээр бүлэгт тусгайлан заасан байдаг бөгөөд уг бүлгээс миний үйлдэлд хамааралтай нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалт гэж миний зүгээс үзэж байгаа болно. Уг хэргийн хувьд хохирогч гэх Д.Батжаргал нь намайг албан үүргээ гүйцэтгэх явцад миний амь нас, эрүүл мэндэд халдан шууд чиглэсэн үйлдэл хийхэд нь өөрөөсөө холдуулан машинаас согтуурал шалгах багаж аваад Д.Батжаргалын согтуурлыг нь шалгах гэхэд миний хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй эсэргүүцэж дахин миний биед халдахаар дайрч байгаа үйлдэл хийсээр байдаг бөгөөд энэ нь үргэлжилсэн үйлдлээр илэрдэг. Миний биед халдсан, цаашид дахин халдах нь тодорхой болсон учир уг үйлдлийг таслан зогсоох зорилгоор биеийн хүчний мэх хэрэглэсэн үйлдэл хийсэн энэ нь гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал болж байгаа юм. Хохирогч гэх Д.Батжаргал ч уг үйлдлийнхээ төлөө буюу миний биед халдаж зүүн гуянд цус хуралт гэмтэл учруулсан, хүч хэрэглэж хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэх үндэслэлээр шүүхээр гэм буруутайд тооцогдсон, энэ нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогддог бөгөөд энэ нь миний хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж миний амь нас эрүүл мэндэд халдан довтолсон үйлдэл хийсэн болох нь үүгээр нотлогддог. Миний үйлдэл нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүнийг бүрэн хангахгүй, гэмт хэргийн бүрэлдэхүүнийг бүрэн хангахгүй бол тухайн үйлдлийг гэм буруугүйд тооцож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байдаг бөгөөд гэмт хэргийг бүрэлдэхүүн шинжийг төсөөтэй хэрэглэж үл болно. Гэтэл анхан шатны шүүх аргагүй хамгаалалт гэж огт хараагүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалтыг Улсын дээд шүүх тодорхой тайлбарласан байдаг. Аргагүй хамгаалалт нь Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т заасан... амьд явах, халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдсан довтолгооныг няцаах, түүнээс хамгаалах чухал ач холбогдолтой Эрүүгийн хуулиар зөвшөөрөгдсөн, уг хуулиар хамгаалагдсан ямар ч хохирол, хор уршигт хүргэж болох боловч гэмт хэрэгт тооцдоггүй, гэмт хэргийг үгүйсгэдэг. Халдагч этгээдийн тулгарсан довтолгоо, үргэлжилсэн довтолгоон халдлага, довтолгоо хийгдэх нь энгийн ухамсрын хүрээнд ойлгомжтой болсон бодитой оршиж халдлага үргэлжилж буй үед өрсөж хамгаалах нь аргагүй хамгаалалтын хүрээнд хийгдсэн хууль ёсны үйлдэлд тооцогддог гэдэг. Миний хувьд үнэхээр их гомдолтой байгаа ажлаа хийснийхээ төлөө бусдад хэл амаар доромжлуулж, зодуулж өөрийгөө хамгаалсныхаа төлөө өнөөдөр гэмт хэрэгт холбогдон хууль сахиулагчаар 4 жил суралцан төгсөж, Цагдаагийн байгууллагаас ажил амьдралынхаа гарааг дөнгөж эхэлж байх үедээ шүүхээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдон ял шийтгэл авч бүх зүйлээ алдах гэж байгаадаа үнэхээр их харамсаж байна.
Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаж үзэн тус хэргийн бодит байдлыг хөтөлбөргүй тогтооно гэдэгт итгэж байна.
Иймд Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 сарын 31-ний өдрийн 2022/ШЦТ/118 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, надад холбогдох хэсгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүгдэгч Б.Өсөхбаярын өмгөөлөгч Л.Батбаяр тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
Өмгөөлөгч Л.Батбаяр миний бие 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж хянан шийдвэрлэсэн 2022/ШЦТ/118 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
Миний үйлчлүүлэгч Б.Өсөхбаяр нь 2021 оны 7 сарын 13-ны өдөр албан үүргээ гүйцэтгэж явах үедээ Баянхонгор аймгийн Баацагаан сумын нутаг дэвсгэрт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож байсан иргэнийг шалгахдаа Цагдаагийн албаны тухай хуулийн 23-р зүйл /шаардлага тавих/-д зүйлд заасан буюу 23.1-д цагдаагийн албан хаагч, олон нийтийн цагдаа нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлагыг тавьж болно.
23.5-д цагдаагийн албан хаагч, олон нийтийн цагдаа нь 2 болон түүнээс дээш тооны хүнд шаардлага тавих тохиолдолд хүн тус бүрд хэлэх үүрэг хүлээхгүй,
23.6-д Шаардлагыг тухайн хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй гэсэн заалтуудыг хэрэгжүүлэх явцад гуравдагч этгээд болох Д.Батжаргал нь цагдаагийн албан хаагчийн биед халдан зүүн гуянд цус хуралт бүхий гэмтэл учруулан хүч хэрэглэж хууль сахиулагчийг эсэргүүцсэн үед нь Өсөхбаяр нь Цагдаагийн албаны тухай хуулийн 49-р зүйл /биеийн хүч хэрэглэх/ буюу 49.1.1-д цагдаагийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй эсэргүүцсэн,
мөн хуулийн 52-р зүйл /нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэх/ буюу 52.1.1-д “өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд учруулж болзошгүй халдлагыг таслан зогсоох гэсэн заалтуудын дагуу хийсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжгүй бөгөөд Цагдаагийн албаны тухай хуулийн 49-р зүйл, 49.1.1, 52-р зүйлийн 52.1.1-д заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн тухайн нөхцөл байдалд тохирсон бөгөөд биеийн хүч хэрэглэх явцад хохирогчид хүндэвтэр хохирол учирсныг таслан зогсоох хэр хэмжээг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй. Энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1-д заасан “Өөрийн эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй, мөн аливаа хүн мэргэжил, тусгай бэлтгэл албан ажлын байдал, аюул довтолгооноос зайлсхийх, бусдаас тусламж авахаар хандах боломжтой байсан эсэхээс үл хамааран аргагүй хамгаалалт хийх эрхтэй бөгөөд энэ нь цагдаагийн албаны тухай хуулийн 52-р зүйлийн 1, 2 буюу цагдаагийн албан хаагч биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх зааврын 2.3-д цагдаагийн албан хаагч өөрийн дотоод итгэлээр нөхцөл байдлыг үнэлж дүгнэн бие даан биеийн хүч хэрэглэх шийдвэр гаргана гэсэн заалтад нийцсэн болно. /CD-ний бичлэгт хэн хэрхэн довтолж байгаа нь тодорхой харагдана/
Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1-д хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэж зүйлчлэн яллаж байгаа нь санаатай үйлдэл байх ямар ч боломжгүй, хүч хэрэглэх хэтрүүлэх санаа зорилго агуулаагүй, зөвхөн цагдаагийн албан хаагч нь үүрэгт ажлаа гүйцэтгэж байсан нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдсон байхад анхан шатны шүүхээс шийтгэх тогтоол гаргасанд гомдолтой байна. иймд 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 118 тоот шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Б.Өсөхбаярт холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэжээ.
Шүүгдэгч Д.Батжаргалын өмгөөлөгч П.Өлзийбаяр гаргасан давж заалдах гомдолдоо:
Монголын хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч П.Өлзийбаяр миний бие шүүгдэгч Д.Батжаргалын өмгөөлөгчөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа бөгөөд Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 сарын 31 ний өдрийн 118 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
Хэргийн талаар
Шүүгдэгч Д.Батжаргалыг хууль сахиулагчийг эсэргүүцэх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар зургаан сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсэн.
Гомдлын талаар:
Миний үйлчлүүлэгч Д.Батжаргал 2021 оны 7 сарын 13 ны өдөр Баянхонгор аймгийн Баацагаан сумын хэсгийн төлөөлөгч Б.Өсөхбаярын хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогдон шүүхээс шийтгүүлсэн.
Б.Өсөхбаярын хувьд 2021 оны 5 дугаар сард Баацагаан суманд хэсгийн төлөөлөгчөөр томилогдсон , Д.Батжаргалын хувьд хөдөө мал маллан амьдардаг бөгөөд хэсгийн төлөөлөгчийг сайн танихгүй талаар анхнаасаа мэдүүлсэн.
Үйл явдлын тухайд Батжаргалын эхнэр болон түүний найз Ууганбаяртай хэсгийн төлөөлөгч Б.Өсөхбаярын зүй бус харилцсан харилцаанаас үүдэн тэрээр эхнэр болон найзыгаа өмөөрч маргалдсанаас тус гэмт хэрэгт холбогдсон байна. Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлд “хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох.эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан байх бөгөөд тус хуулийн заалтын тухайд хууль сахиулагчийг таньж мэдэж, түүнийг албан үүргээ биелүүлж байгаа гэдгийг бүрэн ойлгож ухамсарласан түүнийг мэдсээр байж эсэргүүцсэн субьектив шууд санаа зорилго, сэдэлттэй байхаар ойлгогдож байна. Гэвч тус хэргийн тухайн нөхцөл байдлаас харвал хэсгийн төлөөлөгч энгийн хувцастай, түүнчлэн өөрийгөө танилцуулаагүй, Хэсгийн төлөөлөгчийн эхнэр Хулан гэх хүн бусдыг өдөөн хатгаж доромжилсон бусадтай хэрүүл маргаан үүсгэж элдэв зүй зохисгүй үг хэлж үйлдэл үзүүлснээс үүдэн тухайн нөхцөл байдалд хүргэсэн байна.
Өөрөөр хэлбэл хэсгийн төлөөлөгч зөвхөн өөрөө хууль сахиулах үүргээ хууль журамд заасны дагуу биелүүлэх ёстой атал бусад этгээдийг тус ажилдаа оруулж журамд заасны дагуу ажил үүргээ гүйцэтгээгүйгээс үүдсэн маргаан юм.
Цагдаагийн албаны тухай хууль, Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2017 оны 6 дугаар сарын 23 ны өдрийн А/129 дүгээр тушаалын хавсралтаар баталсан Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн
2.2.2-т Цагдаагийн алба хаагч нь Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ бусдын эрхэнд хууль бусаар халдах, чирэгдүүлэх, дарамтлах, хүнд суртал гаргахгүй байх,
2.2.3-т Албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ иргэнд адил тэгш хүлээцтэй хүндэтгэлтэй харилцаж, тэдний нэр төр, алдар хүнд, хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хүндэтгэх,
2.4.1-т өөрийн болон албаны нэр төрийг ариун байлгах, иргэдтэй соёлтой хүнлэг, хүлээцтэй харилцах зэрэг ёс зүйн хэм хэмжээг мөрдөж ажиллахаар заасан бөгөөд.хэрэв тухайн цаг хугацаанд хэсгийн төлөөлөгч дээрхи ёс зүйн дүрмээ мөрдөж , түүний эхнэр Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцоогүй бол Д.Батжаргал тус гэмт хэрэгт холбогдох үндэслэл болохгүй, тус хэрэгт өөрөө гэмтэж хохирогч болох нөхцөл байдал байхгүй гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна.
Дээрх бүх нөхцөл байдал нь хавтаст хэрэгт гэрчээр өгсөн гэрч Б.Байгальмаа, Т.Ууганбаяр, Г.Баярсанаа, О.Дашдаваа, П.Ганцэцэг нарын мэдүүлгүүдээр тус тус нотлогдоно.
Харин Д.Батжаргалын үйлдлээс ямар нэгэн хохирол учраагүй байна.
Хэргийн материалд авагдсанаас харахад миний үйлчлүүлэгч Д.Батжаргалын тус үйлдэл нь тус гэмт хэргийн субьектив талын шинжийг хангахгүй, эргэлзээ бүхий нөхцөл байдлыг үүсгэж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуул ийн 1.15 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж Д.Батжаргалд холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү хэмээн энэхүү гомдлыг гаргаж байгааг хүлээн авна уу гэжээ.
Прокурор Ж.Энхбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээнэ үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Өлзийбаяр тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:
Гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна гэж үзэж буй учир Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 2022/ШЦТ/118 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Д.Батжаргалд холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байр суурьтай байна гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 2022/ШЦТ/118 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан өөрийн гомдлыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь бодит нөхцөл байдлаас харахад гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна. Б.Өсөхбаярын хувьд ажил албан үүргээ гүйцэтгэж яваа залуу хүний хувьд гэмт хэрэгт холбогдсон байна. Гэхдээ түүнээс алдаа олж харах гэж байгаа бол алдаа харагдахгүй учир нь албан үүргээ баримталж хуулиа дагаж мөрдсөн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлгүй учир өөрийн гаргасан гомдлоо дэмжиж байна гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Пүрэвдаваа тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:
Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 2022/ШЦТ/118 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Б.Өсөхбаярт холбогдох хэсгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэсэн саналтай байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Өсөхбаяр, түүний өмгөөлөгч Л.Батбаяр, шүүгдэгч Д.Батжаргалын өмгөөлөгч П.Өлзийбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд гомдлуудад дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг харьцуулан шинжлэн судалж бүхэлд нь хянахад.;
Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Батжаргал нь 2021 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Баянхонгор аймгийн Баацагаан сумын Баянсайр 7 дугаар багт байх цагдаагийн хэсгийн байрны гадна хууль ёсны шаардлага тавьсан Баянхонгор аймгийн Баацагаан сумын хэсгийн төлөөлөгч Б.Өсөхбаярыг албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан хүч хэрэглэн биед нь халдаж “зүүн гуянд цус хуралт” бүхий гэмтэл учруулж, хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар,
шүүгдэгч Б.Өсөхбаяр нь тухайн цаг хугацаанд шаардлагыг эсэргүүцсэн Д.Батжаргалтай маргалдаж, хавирч унагаах явцдаа түүний зүүн гарын тохойн үений гадна ташуу холбоосны урагдал, зүүн атгал ясны цууралт, тохойн үений мултрал, зүүн бугалга, тохой хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлээд Д. Батжаргалыг хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон Эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хуулийн үндэслэлтэй, Б. Өсөхбаярыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хуулийн үндэслэлгүй болжээ.
Шүүгдэгч Д.Батжаргал нь 2021 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Баянхонгор аймгийн Баацагаан сумын Баянсайр 7 дугаар багт, хууль ёсны шаардлага тавьсан Баянхонгор аймгийн Баацагаан сумын хэсгийн төлөөлөгч Б.Өсөхбаярыг албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан тавьсан шаардлагыг биелүүлэлгүй эсэргүүцэж, хүч хэрэглэн биед нь халдаж “зүүн гуянд цус хуралт” бүхий гэмтэл учруулж, хууль сахиулагчийг эсэргүүцсэнээс үүдэн нийгэм төр,өөрийн эрх ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор Д.Батжаргалыг хавирч унагаах явцдаа түүний зүүн гарын тохойн үений гадна ташуу холбоосны урагдал, зүүн атгал ясны цууралт, тохойн үений мултрал, зүүн бугалга, тохой хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдсон байна.
Дээрх үйл баримт нь
1 дүгээр хавтаст хэргийн 8-9 дүгээр талд авагдсан “...2 машин постын дээгүүр замгүй орж ирэхээр нь дохиур мод бариад гарж дохиход хажуугаар шууд гараад зугтсан. ... архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ....жолоочийг нь арын суудалд суулгаад албаны байрны гадаа авчирсан. ... цуг явсан тээврийн хэрэгслээс нь Д.Батжаргал гэх залуу согтуу бууж ирээд над руу дайрч хэл амаар доромжилж ...
намайг барьж авсан. ...би өөрөөсөө түлхэж зайлуулаад өөрийн машин дотроос драйвер багаж, цахилгаан бороохойгоо бариад буугаад иртэл миний нүүр хэсэг рүү 2 удаа цохисон. ...над руу ална шүү” гэж дайраад зүүн чих хавьцаа гараа зангидаж байгаад цохисон. ...албаны байрны үүдэн дээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хүүхдийн их эмч Т.Ууганбаяр, багийн эмч Т.Байгальмаа гэх 2 хүн байсан. Мөн тэр 2 хүнтэй цуг явж байсан Д.Батжаргал, хөдөө аж ахуйн мэргэжилтэн О.Дашдаваа болон манай олон нийтийн цагдаа Б.Доржнямбуу, эхнэр О.Хулан нар байсан. ... Т.Байгальмаа нь Приус 20 маркийн тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодсон ... албаны байрны үүдэн дээр авчирч шалгах явцад нөхөр болох Д.Батжаргал согтуу бууж ирээд над руу дайрч хэл амаар доромжилсон.
Нүүр болон зүүн талын чих рүү гараа зангидаж байгаад 3-4 удаа цохисон. Д.Батжаргал нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь мэдэгдэж байсан. Драйвер багаж гаргаж ирээд үлээлгэх гэтэл шаардлага эсэргүүцэж цохиж аваад байсан тул үлээлгэж чадаагүй. Тэгэхдээ албаны байрны үүдэн дээр байсан хүмүүс бүгд мэдэж байгаа. Миний зүүн талын чихний хэнгэрэг цоорсон.” гэх шүүгдэгч Б.Өсөхбаярын хохирогчоор өгсөн мэдүүлэг ,
2 дугаар хавтаст хэргийн 103 дугаар талд авагдсан “.... Гар гэмтсэнээс болж эрүүл мэнд сэтгэл санаагаараа хохирсондоо гомдолтой байна...” гэх шүүгдэгч Д.Батжаргалын хохирогчоор өгсөн мэдүүлэг
1 дүгээр хавтаст хэргийн 17-18, 171-172, 2 дугаар хавтаст хэргийн 108-109 дүгээр талуудад тус тус авагдсан”... Би ...үлдсэн пивыг уучихаад сум руу хөдөлсөн. ....Б.Өсөхбаяр цагдаа хойноос хөөж ирээд зогсоож шалгаад манай машиныг унаад кабоны байран дээр авчирсан. Б.Өсөхбаяр цагдаа манай найз Т.Ууганбаярыг “Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодлоо” гээд албаны байр луугаа орчих гэж хэлэлгүй чирээд өмссөн байсан хувцсыг нь дээшээ болгосон. ...эхнэр нь намайг хэл амаар доромжилж өшиглөөд... миний мөр хавьцаа цахилгаан бороохойгоор цохиж байсан. ... манай нөхөр Д.Батжаргал нь бууж ирээд “Та нар эмэгтэй хүн дээрэлхэж болохгүй шүү дээ” гэж хэлээд машины ар талаас бууж ирсэн. Тэгээд би Б.Өсөхбаяр цагдаагийн эхнэртэй хэрэлдэж байтал манай нөхрийн гар хавдаад хөхөрчихсөн байсан.... Бид нар тухайн үед пиво уучихаад явж байсан. ....нөхрөө хартал гар нь хавдаад хөдөлгөөнгүй болчихсон байсан... “,
... манай нөхөр бас өмнөх үгээ хэлээд барьцалдаж авсан ба тэр залуу манай нөхрийн зүүн гарыг эвгүй дараад газарт унагаасан. Тэгэхэд нөхрийн зүүн гарын тохой хэсэг хавдаж хөхөрсөн удаагүй сумын эмч ирж эмнэлэг рүү аваад явсан...” гэх гэрч Б.Байгалмаагийн мэдүүлгүүд
1 дүгээр хавтаст хэргийн 21-22,133-134 дүгээр талд тус тус авагдсан ... намайг “Албаны байр луугаа авч орж шалгана” гэхээр нь би урдаас нь эсэргүүцсэн. ... зулгаагаад фудволк сөхсөн.. Би тухайн өдөр 3 аяга пиво уусан. Манай найзууд 4-5 пиво уусан. ...машин дотроос Батжаргал хараад бууж ирсэн ...тэр хоёр барьцалдаж авсан ба Батжаргал цагдаагийн хувцаснаас зулгаасан байдалтай байхад Ганцэцэг салгаад Батжаргалыг цааш нь аваад явсан. Гэтэл нөгөө цагдаа нэг л юм яриад хэрүүл хийх шиг болсон ба Батжаргал буцаж ирээд цагдаагийн хувцаснаас барьж аваад хөл гар луу нь түлхэх шиг болсон. Гэтэл Батжаргалыг газарт гарыг нь мушгиж унагаасан. Гэтэл түүний зүүн гарын тохой хэсэгт нь хавдаж цус хурж хөхөрсөн..” гэх гэрч Т.Ууганбаярын мэдүүлгүүд
1 дүгээр хавтаст хэргийн 27-28, 2 дугаар хавтаст хэргийн 114-115 дугаар талд тус тус авагдсан “…Би 2021 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Д.Батжаргалын гэрт очоод пиво уугаад .... 2 том пивоо ууж дуусаад сумын төв рүү орж ирээд Б.Өсөхбаяр цагдаатай тааралдаад кобаны үүдэн дээр ирсэн. Б.Өсөхбаяр цагдаа шаардлага тавиад машинаас буулгасан. Тэгтэл Т.Ууганбаяр, Б.Өсөхбаяр цагдаа 2 хоорондоо маргалдаад ...Д.Батжаргал машинаас бууж ирээд “Чи эмэгтэй хүний биеийг ил гаргалаа” гээд Д.Батжаргал цохиж байх шиг байсан. Тэгээд Б.Өсөхбаяр цагдаа хавираад унагааж байсан. Тэгээд удалгүй “Гар эвгүй болчихлоо” гэж байсан. ...Д.Батжаргал нь Б.Өсөхбаяр цагдаатай маргалдаад гараа савж ....Өсөхбаяр нь Ууганбаярыг цамцнаас нь татаад чирэхэд түүний цамц дээш сөхөгдөж биеийн хэсгүүд ил гарсан. ....Батжаргал хэсгийн байрны үүдэнд очоод Өсөхбаярыг түлхсэн үү яасан тэгэхэд Өсөхбаяр нь Батжаргалын зүүн гарыг мушгиж ард нь гаргаад газарт унагаасан. Батжаргал газарт унаад ёо ёо гар гээд хэлсэн ба харахад зүүн гарын тохой хэсэг хавдсан хөхөрч эхэлсэн...гэх гэрч О.Дашдаваагийн мэдүүлгүүд
1 дүгээр хавтаст хэргийн 31-32 дугаар талд авагдсан “...Б.Өсөхбаяр машинаас буугаад дохиур модоор дохитол зогсоогүй явчихсан. Тэгээд хойноос яваад наадмын талбайн хажууд зогсоогоод шалгасан. ....архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эрүүл мэндийн хүүхдийн их эмч Т.Ууганбаяр машин жолоодон явж байсан. ...тээврийн хэрэгслийг хэсгийн төлөөлөгч унаж кобаны үүдэн дээр авчирсан. Тэгээд барьж явж байсан Т.Ууганбаярыг албаны өрөөндөө оруулах гэтэл хэл амаар доромжлоод орохгүй байсан. Тэгээд удалгүй Д.Батжаргал гэх залуу бууж ирээд хэсгийн төлөөлөгчийг гараа зангидаж байгаад 2-3 удаа цохиж авсан. Тэгээд хэсгийн төлөөлөгч Д.Батжаргалыг цааш нь түлхтэл гараа эвгүй дарж унасан.. Бусад нь согтуу ... хэсгийн төлөөлөгч рүү дайрч хэл амаар доромжилж байсан. Хэсгийн төлөөлөгчийг хэл амаар доромжилж 2-3 удаа цохиж авсан гэх гэрч Б.Доржсамбуугийн мэдүүлэг
1 дүгээр хавтаст хэргийн 31-34 дугаар талд авагдсан “...постын дээгүүр 2 машин орж ирж байсан. Тэгээд нөхөр “Шалгачхаад явъя” гээд буугаад дохитол зогсоогүй явсан. зогсоогоод шалгатал жолооч нь согтуу ... “Үлээлгэнэ” гэтэл ... хэрэлдээд ...цаанаас нь цэнхэр майктай залуу бууж ирээд манай хүнийг цохиод авсан. ... хүмүүс нь холдуулсан. ... буцаж нөгөө хүн дайрч орж ирээд 2 удаа цохисон. би манай хүнийг цохиод байсан хүнийг “Болиоч” гэтэл над руу дайрч хэл амаар доромжилсон. Тэгээд цэнхэр майктай хүнийг өөрөөсөө зайлуулаад түлхтэл газар унаж байгаа харагдсан. Тэгээд нөгөө хүүхнүүд нь манай нөхөр лүү дайрч доромжлоод байсан.. Д.Батжаргал нь манай нөхрийг 2-3 удаа цохиж авсан... гэх гэрч У.Хулангийн мэдүүлэг
1 дүгээр хавтаст хэргийн 176 дугаар талд авагдсан “... Тухайн үед хэн нь задалсныг нь би мэдээгүй ямар ч гэсэн том хүрэн савтай пиво задалсан тойруулж байсан...” гэх гэрч Н.Батдоржийн мэдүүлэг
1 дүгээр хавтаст хэргийн 180-181 дүгээр талд авагдсан “...Би цагдаагийн байранд орсон чинь коридорт нь Батжаргал ёолоод хэвтэж байсан...” гэх гэрч Ж.Ганбатын мэдүүлэг
1 дүгээр хавтаст хэргийн 185-186 дугаар талд авагдсан “.... Сумын цагдаагийн кабонд...үүднийх нь коридорт гараа бариад орилсон нэг хүн хэвтэж байсан. ...зүүн гар нь тохойн үеэрээ мултраад хавдчихсан ...зүүн гарын тохойн үеэр мултрал үүсээд, үений шингэн гадагшаа гарсан байсан. Үений шингэнийг нь илж дотогш нь оруулаад, мултралыг нь оруулж, хагас чиг аравч боолт хийгээд гэр рүү нь явуулсан. Тэр үед Батжаргал архи уусан байсан, ...Батжаргалын эхнэр Байгалмаа гарыг нь мушгичихсан юм аа л гэж хэлж байсан. гэх гэрч П.Болормаагийн мэдүүлэг
1 дүгээр хавтаст хэргийн 188-189, 2 дугаар хавтаст хэргийн 111-112 дугаар талд тус тус авагдсан “...2,5 литрийн хэмжээтэй хүрэн савтай 2 ширхэг пиво хувааж уусан. ...би өөрийнхөө эзэмшлийн саарал өнгийн тоёота Harier маркийн машинаа жолоодоод миний машинд Дашдаваа, Батжаргал хоёр суусан, Батжаргалын цагаан өнгийн тоёота Приус маркийн машиныг Ууганбаяр жолоодоод машинд нь Байгалмаа суугаад явсан. ... Би очоод зогссон чинь Өсөхбаяр нь зогсоох гэсэн чинь зогссонгүй гэж байсан тэгээд олон нийтийн цагдаагаараа миний машиныг жолоодоод яв гэсэн тэгээд олон нийтийн цагдаа нь миний машиныг жолоодоод сумын цагдаагийн кабоны байран дээр ирсэн. Тэгээд намайг цагдаагийн кабоны гадаа ирэхэд тэд нар машинаасаа буучихсан байсан. Ууганбаярыг Өсөхбаяр нь цамц, хамаг юмнаас нь зулгаачихсан кабон руу ор, бүгдээрээ ор гээд Ууганбаярыг оруулах гээд хувцаснаас нь зулгаагаад, Ууганбаярын мээмийг нь гаргачихсан байсан. Тэгээд би очоод Өсөхбаярт “чи одоо болиоч, наад хамаг юм нь гараад байна ш дээ” гэж хэлсэн чинь намайг огт сонсохгүй байсан. Тэгсэн чинь Батжаргал машинаас бууж ирээд “миний найзын эхнэрийн чи хамаг юмыг нь гаргаж байдаг, яаж байгаа юм бэ чи” гэсэн чинь Өсөхбаяр нь Батжаргалыг машин руу хойш нь боож дараад байсан, тэгээд Дашдаваа бид хоёр Батжаргалыг салгаж явуулсан. Тэгсэн чинь цэнхэр машинаас нэг эмэгтэй хүн бууж ирчхээд Байгалмааг янхан гичий гээд загнаад хэл амаар доромжлоод байсан.
Тэгсэн чинь Батжаргал эргэж ирээд манай авгайг яагаад доромжлоод байгаа юм бэ гээд Өсөхбаярыг барьж аваад тэр хоёр зууралдсан чинь Өсөхбаяр нь Батжаргалыг цахилгаан бороохойгоороо шар хийлгээд дараад цааш нь харуулаад гарыг нь мушгиад хөл рүү нь хавираад газар унагасан.
Бичлэг дээр Ууганбаяр Өсөхбаярыг нэг цохилоо ш дээ. Батжаргалын хувьд эхнэрийг нь хөндлөнгийн хүн орж ирээд доромжлоод байхаар нь би зууралдаад байна гэж бодсон.
... Би хажууд нь очоод зогсоход “зогсооход зогссонгүй энэ тэр гээд байсан” энгийн хувцастай шорттой байсан залуу мөн "зогсооход зогссонгүй аваад явж, даварчихсан юмнууд машиныг нь аваад яв” гэж хэлэхэд манай машины жолооны хүрдний ард олон нийтийн нь цагдаа нь суучихсан байдалтай байсан...”гэх гэрч П.Ганцэцэгийн мэдүүлгүүд
2 дугаар хавтаст хэргийн 148 дугаар талд авагдсан “... Байгальмаагийн нөхөр Батжаргал хэсгийн төлөөлөгч рүү дайраад байсан, тэгэхэд нь энэ хүнээ аваа, би согтууруулах ундаа хэрэглэсэн жолоочийг шалгамаар байна гэж хамт байсан хүмүүст нь хэлсэн. Гэтэл Батжаргал хэсгийн төлөөлөгч рүү дайраад нүүр рүү нь гараараа хэд хэд цохиод хөл рүү өшиглөж байсан Би нэг харахад тухайн Батжаргал гэх хүн газарт уначихсан ёо ёо гар хугарчихлаа гээд байсан...” гэх гэрч Б.Доржнямбуугийн .мэдүүлэг /2-р хх-ийн 120/,
2 дугаар хавтаст хэргийн 148 дугаар талд авагдсан “ ... Батжаргал өөрөө пиво уусан гэж хэлж байсан. ...Өсөхбаяр нь хүрэн өнгийн шорт футболк өмсчихсөн байгаа л харагдаж байсан...” гэх гэрч Т.Нацагдоржийн мэдүүлэг
1 дүгээр хавтаст хэргийн 57-58 дугаар талд авагдсан “...цэнхэр машинаас энгийн хувцастай хүн бууж ирээд манай машиныг аваад явсан. ...энгийн хувцастай шорт футболктой хүн манай найз Ууганбаярыг машинаас угз татаад буулгаад цамцнаас нь чирээд футболкийг нь сөхөөд мээмийг нь ил гаргаад чирээд байсан. ... нэг эмэгтэй хүн ирээд, манай эхнэр машинд сууж байсан чинь ирээд хэрүүл хийгээд ... манай эхнэрийг гичий, банзал, янхан гээд хэл амаар доромжлоод цохиж аваад өшиглөөд байсан. ...энгийн хувцастай хүн цахилгаан бороохой аваад манай эхнэрийг цахилгаан бороохойгоор цохиулсан. ... би хүний нөхөр юм чинь машинаас бууж ирээд эхнэрийгээ өмөөрөөд, найз нарыгаа өмөөрөөд тэд нар дээр очоод “та нар яаж байгаа юм бэ? эмэгтэй хүмүүсийг ингэж болж байгаа юм уу?” гэж хэлсэн. ... би энгийн хувцастай хүнийг цааш нь түлхсэн... тэр хүн заамдаж аваад машин руу шахсан. ...Дашдаваа салгасан. ...би эргээд очсон тэр хүн намайг өчөөд гараас мушгиад хөл рүү хавираад газар унагасан. ...миний гар эвгүй болчихсон ...” гэх шүүгдэгч Д.Батжаргалын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг
2 дугаар хавтаст хэргийн 175 дугаар талд авагдсан “...тухайн үед надад Батжаргалыг өчүүхэн төдий бэртээж гэмтээх санаа зорилго огт байгаагүй. Тухайн өдөр хэрэв намайг зам дээр дохих үед тэдгээр хүмүүс зогсоод шалгуулсан бол өнөөдөр би ийм байдалд орохгүй байсан. Гэтэл тэдгээр хүмүүс зугтааж би араас нь хөөж зогсоосон, архи уусан байдалтай над руу бөөнөөрөө дайрч байсан учраас би ямар ч байсан цагдаагийн байран дээрээ авчрах ёстой гэж бодон авчирсан ... цагдаагийн байран дээр ирсэн үедээ ч ялгаагүй над руу хоёр гурвуулаа дайрч ... би Ууганбаяр гэх эмэгтэйд намайг дагаад яв гэж хэд хэдэн удаа шаардлага тавих үед эсэргүүцсээр байсан тул арга буюу хувцаснаас нь барьж цагдаагийн байр луу оруулах гэж татсан. Тэр үед подволк нь сөхөгдсөн нь үнэн. Гэтэл тухайн эмэгтэйг өмөөрч Батжаргал машинаас гэнэт бууж ирээд намайг цохиод авах гэж байгаа юм шиг маш ууртай алхаж ирсэн. Би тэр үед өөрийгөө л хамгаалах ёстой гэдэг бодолд автан түүнийг дөхөөд ирээд намайг бариад авахаар нь түлхэж газар суулгасан, гэтэл дахин босож ирээд цохиж авсан, би тэгэхээр нь дахин түлхэж газар суулгасан, гэсэн хэдий ч босож ирээд дахин дайраад хувцаснаас зуурсан учраас би түүнийг хоолой орчим гараараа барьж байгаад цээжээ эргүүлэн газар дарж унагаад гарыг нь гэмтээчихсэн. Тухайн үед би согтуугаар над руу дайрч байсан хүнээс өөрийгөө хамгаалах гэж байгаад тэрхэн хоромд дарж унагаад гэмтээчихсэн асуудал болсон...” гэх шүүгдэгч Б.Өсөхбаярын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг
1 дүгээр хавтаст хэргийн 213--215 дугаар талд авагдсан “Д.Батжаргалын биед зүүн атгаал ясны цууралт, тохойн үений мултрал, зүүн бугалгат цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь...эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 360 дугаар шинжилгээний дүгнэлт
2 дугаар хавтаст хэргийн 135-137 дугаар талд авагдсан “...Д.Батжаргалын биед зүүн тохойн үений гадна ташуу холбоосны урагдал, зүүн атгаал ясны цууралт, тохойн үений мултрал, зүүн бугалга, тохой хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь...эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 840 дугаар нэмэлт шинжилгээний дүгнэлт
1 дүгээр хавтаст хэргийн 35-38 дугаар талд авагдсан “...Б.Өсөхбаярын биед зүүн гуяанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо... тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой...гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 322 дугаар шинжилгээний дүгнэлт
1 дүгээр хавтаст хэргийн 202-205 дугаар талд авагдсан “...Б.Өсөхбаярын биед зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо... тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой...гэмтлийн зэрэгт хамаарахгүй...гадна чихний үрэвсэлт өвчинтэй байна...” гэх Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 44 дүгээр нэмэлт үзлэгийн шинжилгээний дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Гэтэл анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн хэлэлцүүлсэн нотлох баримт нэг бүрийг өөр хооронд харьцуулан дүгнэлт хийгээгүй буюу гэмт хэрэг үйлдсэн арга зам, гэм буруугийн хэлбэр, сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэргийг тодорхойлоогүйгээс гадна үйл баримтыг дүгнээгүй прокурорын яллах дүгнэлтэд дурдагдсан нотлох баримтуудыг бүхэлд нь хуулбарласан,тэдгээр нотлох баримтуудыг харьцуулах, нягтлах, батлах, үгүйсгэх аргаар сэргээн тогтоосон үйл баримтыг шүүгч өөрийн үг, өгүүлэмжээр илэрхийлж бичээгүй, шүүгдэгч Б.Өсөхбаярын үйлдэлд гэмт хэргийн шинжийг үгүйсгэх нөхцөл байдал хангалттай тогтоогдсон байхад анхаараагүй хэргийг шийдвэрлэжээ.
Мөн Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 01 дугаар магадлалд: “ нэг үйл баримтаар үйлдэгдсэн үйлдлүүдийн гэмт буруугийн буюу гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив талын гол шинж болох хүсэл эрмэлзэл, сэдэлт, зорилгыг анхаарах шаардлагатай “ гэж дурдсаныг анхаараагүй байна.
Мөн түүнчлэн Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 360 дугаар шинжилгээний дүгнэлтэд “Д.Батжаргалын биед зүүн атгаал ясны цууралт, тохойн үений мултрал, зүүн бугалгад цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь...эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 840 дугаар нэмэлт шинжилгээний дүгнэлтэд “...Д.Батжаргалын биед зүүн тохойн үений гадна ташуу холбоосны урагдал, зүүн атгаал ясны цууралт, тохойн үений мултрал, зүүн бугалга, тохой хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь...эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэж эрс зөрүүтэй дүгнэлтүүд гарсан байхад энэ байдалд дүгнэлт хийгээгүй буюу шинжээчийн 840 дүгээр дүгнэлтийг үнэлсэн, шинжээчийн 360 дугаар дүгнэлтийг няцаасан болохоо дүгнээгүй хэргийг шийдвэрлэжээ./ 1 дүгээр хавтаст хэргийн 213—215, 2 дугаар хавтаст хэргийн 135-137 дугаар талууд/
Дээрх үйл баримтуудаар Баянхонгор аймгийн Баацагаан сумын хэсгийн төлөөлөгч Б.Өсөхбаяр нь албан үүргээ биелүүлж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хүмүүсийг илрүүлж хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх явцад шүүгдэгч Д.Батжаргал нь согтуугаар, уг шаардлагыг эсэргүүцэн тээврийн хэрэгслээс бууж ирэн хэрүүл үүсгэн биед нь эхлэн халдаж довтолсон, тухайн үйлдэл таслан зогсоогдсон байхад дахин Б.Өсөхбаярын тавьсан шаардлагыг эсэргүүцэн, хүч хэрэглэн биед нь халдаж “зүүн гуянд цус хуралт” бүхий гэмтэл учруулж, хууль сахиулагчийг эсэргүүцсэн болох нь дээрх авагдсан гэрчүүдийн мэдүүлгүүд болон хэргийн үед бэхжүүлэн авч давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар шинжлэн хэлэлцүүлсэн “Сиди” бичлэгээр нотлогдон тогтоогджээ./ шүүх хуралдааны тэмдэглэл/
Шүүгдэгч Б.Өсөхбаярын шүүгдэгч Д.Батжаргалын биед гэм хор учруулсан гэх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-т “өөрийн эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй” 2-т “ аливаа хүн мэргэжил, тусгай бэлтгэл, албан ажлын байдал, аюултай довтолгооноос зайлсхийх, бусдаас тусламж авахаар хандах боломжтой байсан эсэхээс үл хамааран аргагүй хамгаалалт хийх эрхтэй” 3-т “аргагүй хамгаалалтыг бусдын хууль бус халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийнэ” гэж тус тус заасантай нийцсэн байх бөгөөд “...тухайн үед надад Батжаргалыг өчүүхэн төдий бэртээж гэмтээх санаа зорилго огт байгаагүй. Тухайн өдөр хэрэв намайг зам дээр дохих үед тэдгээр хүмүүс зогсоод шалгуулсан бол өнөөдөр би ийм байдалд орохгүй байсан. Гэтэл тэдгээр хүмүүс зугтааж би араас нь хөөж зогсоосон, архи уусан байдалтай над руу бөөнөөрөө дайрч байсан учраас би ямар ч байсан цагдаагийн байран дээрээ авчрах ёстой гэж бодон авчирсан ... цагдаагийн байран дээр ирсэн үедээ ч ялгаагүй над руу хоёр гурвуулаа дайрч ... би Ууганбаяр гэх эмэгтэйд намайг дагаад яв гэж хэд хэдэн удаа шаардлага тавих үед эсэргүүцсээр байсан тул арга буюу хувцаснаас нь барьж цагдаагийн байр луу оруулах гэж татсан. Тэр үед подволк нь сөхөгдсөн нь үнэн. Гэтэл тухайн эмэгтэйг өмөөрч Батжаргал машинаас гэнэт бууж ирээд намайг цохиод авах гэж байгаа юм шиг маш ууртай алхаж ирсэн. Би тэр үед өөрийгөө л хамгаалах ёстой гэдэг бодолд автан түүнийг дөхөөд ирээд намайг бариад авахаар нь түлхэж газар суулгасан, гэтэл дахин босож ирээд цохиж авсан, би тэгэхээр нь дахин түлхэж газар суулгасан, гэсэн хэдий ч босож ирээд дахин дайраад хувцаснаас зуурсан учраас би түүнийг хоолой орчим гараараа барьж байгаад цээжээ эргүүлэн газар дарж унагаад гарыг нь гэмтээчихсэн. Тухайн үед би согтуугаар над руу дайрч байсан хүнээс өөрийгөө хамгаалах гэж байгаад тэрхэн хоромд дарж унагаад гэмтээчихсэн асуудал болсон...” гэх шүүгдэгч Б.Өсөхбаярын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг үнэн зөв байна.
Иймд шүүгдэгч Д.Батжаргалыг хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон Эрүүгийн хариуцлага хүлээлгэн тухайн зүйл ангид заасан ялын төрөл хэмжээний хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 6 /зургаан/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн нь түүний гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон, шударга ёсны зарчимтай нийцсэн харин шүүгдэгч Б.Өсөхбаярын үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.8-т “ гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон” үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн Б.Өсөхбаярт холбогдох хэсгүүдийг тус тус хүчингүй болгож шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Өсөхбаяр, түүний өмгөөлөгч Л.Батбаяр нарын гомдлуудыг хангаж, шүүгдэгч Д.Батжаргалын өмгөөлөгч П.Өлзийбаярын гомдлыг дээрх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6-т “ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан DVD 4 ширхэг, CD 1 ширхэг зэргийг хэргийн хамт хадгалж...” гэж заасан боловч уг хэргийг давж заалдах шатны шүүхэд шилжүүлэхдээ эд мөрийн баримтаар хураагдсан DVD 4 ширхэг, CD 1 ширхэг зэргийг хэргийн хамт ирүүлээгүй, Давж заалдах шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 155 тоот албан бичгийн дагуу тус шүүхэд дээрх эд мөрийн баримтуудыг ирүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 -т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Өсөхбаяр, түүний өмгөөлөгч Л.Батбаяр нарын давж заалдах гомдлуудыг хангаж, шүүгдэгч Д.Батжаргалын өмгөөлөгч П.Өлзийбаярын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 2022/ШЦТ/118 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад
“Шүүгдэгч Боржигон овогт Дагвадоржийн Батжаргалыг хууль сахиулагчийг эсэргүүцэх, Шар Цэдэн овогт Батболдын Өсөхбаярыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай” гэснийг
“ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.8-т тус тус зааснаар Шар Цэдэн овогт Батболдын Өсөхбаярт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж, шүүгдэгч Боржигон овогт Дагвадоржийн Батжаргалыг хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж өөрчилсүгэй.
3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3, 4, 7, 9 дэх заалтуудад заасан шүүгдэгч Б.Өсөхбаярт холбогдох хэсгүүдийг тус тус хүчингүй болгосугай.
4. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Н.НАСАНЖАРГАЛ
Ш.БАТТОГТОХ