Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2024/04510

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо,   тоотод оршин суух Б овогт Э Г /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, тоотод оршин суух Ж овогт Ц П/РД: /,

 Хариуцагч: Баянгол дүүрэг,   тоотод оршин суух Б овогт Б Б/РД:  / нарт холбогдох,

 2,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ц, хариуцагч Ц.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Оюунсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч Э.Г нь хариуцагч Б.Б, Ц.Пнарт холбогдуулан 2,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:

1.1“Миний бие хариуцагч Б.Б, Ц.Пнартай 2023 оны 04 сарын 10-ны өдөр нэг жилийн хугацаагаар сарын 1,100.000 төгрөгийг хагас жилийн хугацаагаар түрээсийн үнийг хоёр хувааж төлөхөөр тохиролцож Баянгол дүүргийн 1 дүгээр хороо 2 дугаар хороолол 49 дүгээр 62 тоот хоёр өрөө орон сууцыг хөлслөх гэрээ хийж сүүлийн хагас жилийн түрээсийн төлбөр болох 6.600.000 төгрөгийг Б.Бы эзэмшдэг “Хаан банк”-ны * тоот дансанд шилжүүлсэн юм. Ийнхүү гэрээний хугацаа дуусахаас хоёр сарын өмнө уг орон сууцыг суллаж өгсөн бөгөөд хариуцагч талаас хоёр сарын түрээсийн төлбөр болох 2.200.000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

2. Хариуцагч Б.Б, Ц.Пнар хариу тайлбартаа: “Би нөхөр Б.Бтай хамтран БГД, тоот, 30 м.кв, 2 өрөө орон сууцыг өмчилдөг ба тухайн байраа 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаатайгаар “орон сууц хөлслөх гэрээ” байгуулан нотариатаар батлуулж Э.Гг оруулсан билээ. Гэтэл гэрээний хугацаа дуусахаас 2 сарын өмнө буюу 2024 оны 02 дугаар сарын 12-нд “Манайх байр аваад засвар хийж байсан юм тэгээд цагаан сарын өмнө оръё гээд нүүчихсэн. Байраа хүлээлгэж өгье” гэсэн мессеж ирсэн. Тэгээд маргааш нь цаг тохирон уулзаад байраа хүлээж авсан. Орон сууц хөлслөх гэрээний 5.4-т хөлслөгч гэрээг хугацаанаас өмнө цуцлахаар бол 1 сарын өмнө хөлслүүлэгч талд мэдэгдэх үүрэгтэй гэж заасан байдаг. Надад ирсэн мессеж-нээс харахад худалдан авсан байрандаа засвар хийж байх хугацаандаа урьдчилан мэдэгдэх бүрэн боломж байсан нь харагдаж байна.

Иймд гэрээний 6.1-д “талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс үүссэн хохирлыг буруутай тал нь бүрэн хариуцна” гэж заасны дагуу үлдэгдэл түрээсийн төлбөрийг буцаан өгөх үндэслэлгүй гэж үзэж байгаа хэдий ч 2024 оны 03 дугаар сарын 20-нд дараагийн түрээслэгч орсон учир 03 дугаар сарын 20-ноос 04 дугаар сарын 10-ныг хүртэлх 20 хоногийн төлбөр болох 733,000 төгрөгийг буцаан өгөх үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 733,000 төгрөгөөс илүү гарсан 1,467,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэж маргажээ.

 3. Нэхэмжлэгчээс Итгэмжлэл, Орон сууц хөлслөх гэрээ, Иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

 Хариуцагчаас Хариу тайлбар, Мөнгө хүлээлцсэн тухай баримт, 2023.4.10-ны өдрийн Орон сууц хөлслөх гэрээ, Дансны хуулга, Итгэмжлэл зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

 Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 2. Нэхэмжлэгч Э.Г дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “...Гэрээний хугацаа дуусахаас хоёр сарын өмнө уг орон сууцыг суллаж өгсөн бөгөөд хариуцагч талаас хоёр сарын түрээсийн төлбөр болох 2,200.000 төгрөгийг шаардах эрхтэй.” гэжээ.

 

3. Хариуцагч Б.Б, Ц.Пнар нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.  Үүнд: “Орон сууц хөлслөх гэрээний 5.4-т заасны дагуу хөлслөгч гэрээг хугацаанаас өмнө цуцлахаар бол 1 сарын өмнө хөлслүүлэгч талд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй. Надад ирсэн мессежээс харахад худалдан авсан байрандаа засвар хийж байх хугацаандаа урьдчилан мэдэгдэх бүрэн боломжтой байсан. Мөн гэрээний 6.1-т заасны дагуу үлдэгдэл түрээсийн төлбөрийг буцаан өгөх үндэслэлгүй.” гэж маргажээ.

 4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1 Зохигчид 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр “Орон сууц хөлслөх гэрээ”-г бичгээр байгуулсан байх ба уг гэрээгээр Б.Б, Ц.Пнарын өмчлөлийн Баянгол дүүрэг 4 дүгээр хороо, * тоот хаяг байршилтай 30 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Э.Ггийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, Э.Г нь 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хөрөнгийг эзэмшиж ашигласан төлбөрт 1 сарын 1,100,000 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээжээ.

 5. Талуудын хооронд 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасан Орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл болно.

Зохигчдын хооронд байгуулагдсан орон сууц хөлслөх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд байгуулсан, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар хийгдсэн, тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр гэж үзнэ.

 6. Талуудын маргаан зүйл нь гэрээг цуцлах талаар гэрээнд заасан хугацаанд мэдэгдсэн эсэх, гэрээнд заасан төлбөрийг буцаан шаардах эрхтэй эсэх байна.

 Харин орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан эсэх, гэрээ хүчин төгөлдөр эсэх, барьцаа 1,000,000 төгрөгийг буцаан төлсөн эсэх, мөн гэрээний 3.2.1-т зааснаар нэхэмжлэгчээс 2023.10.10-ны өдрөөс 2024.04.10-ны өдрийг хүртэл хагас жилийн төлбөрт 6,600,000 төгрөгийг хариуцагч Б.Бд дансаар шилжүүлсэнд талууд маргаагүй.

 7. Талуудын хооронд байгуулагдсан 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Орон сууц хөлслөх гэрээний харилцааг нэхэмжлэгчийн хүсэлтээр хугацаанаас өмнө буюу 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөр дуусгавар болгосон нь талуудын хэн алины тайлбараар тогтоогдож байна.

 8. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.4.-т зааснаар орон сууц хөлслөх гэрээнд энэ хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарах учир эд хөрөнгө хөлслөх гэрээний нийтлэг зохицуулалт тухайн гэрээнд хамааралтай. Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.3 дах хэсэгт гэрээнд өөрөөр заагаагүй, тодорхой нөхцөл байдлаас шалтгаалаагүй бол эд хөрөнгө хөлслөх гэрээг цуцлах хугацаа гурван сар байна. Энэ хугацааг гэрээг цуцлах тухай нөгөө талдаа мэдэгдэл өгснөөс хойш тоолно гэж зохицуулжээ.

 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Орон сууц хөлслөх гэрээний 5.4-т “Хөлслөгч гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахаар бол нэг сарын өмнө хөлслүүлэгчид мэдэгдэх үүрэгтэй.” гэж талууд тохиролцсон байх бөгөөд нэхэмжлэгчээс гэрээнд заасан хугацаанд хариуцагч нарт гэрээ цуцлах талаар мэдэгдсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

 9. Хариуцагч нараас “...гэрээний хугацаа дуусах болоогүй байсан, 2024 оны 02 дугаар сарын 12-нд “Байраа хүлээлгэж өгье” гэсэн мессеж ирсэн. Тэгээд маргааш нь байраа хүлээж авсан. Нэхэмжлэгч 1 сарын өмнө хөлслүүлэгч талд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй.” гэх тайлбарыг нэхэмжлэгч баримтаар үгүйсгээгүй.

 Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Э.Г нь орон сууц хөлсөх гэрээнд заасан хөлслөгч гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахаар бол нэг сарын өмнө хөлслүүлэгчид мэдэгдэх үүргээ биелүүлээгүй байх тул 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх төлбөр 1,100,000 төгрөгийг хариуцагч нараас Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.2 дах хэсэгт “Нэг тал нь гэрээнээс татгалзсан явдалд нөгөө тал нь буруугүй бол энэ хуулийн 227.1-д заасан үндэслэл хамаарахгүй.” гэж зааснаар шаардах эрхгүй гэж үзнэ.

 Нэхэмжлэгч хууль болон гэрээнд заасан хугацаанд гэрээ цуцлах талаар хариуцагч нарт мэдэгдсэн болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

 

10. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч Б.Б, Ц.Пнар нь 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүрэг 4 дүгээр хороо, * тоот хаяг байршилтай орон сууцыг дараагийн хөлслөгчийн эзэмшил ашиглалтад шилжүүлсэн болох нь мөнгө хүлээн авсан баримт, дансны дэлгэрэнгүй хуулга баримтаар тогтоогдож байх тул хариуцагч нар үлдэх 1 сарын төлбөр 1,100,000 төгрөгийг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчид буцаан өгөх үүрэгтэй байх тул хариуцагч нарын “...гэрээний 6.1-д “талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс үүссэн хохирлыг буруутай тал нь бүрэн хариуцна” гэж заасны дагуу үлдэгдэл түрээсийн төлбөрийг буцаан өгөхгүй.” гэх тайлбар үндэслэлгүй юм.

 

11. Иймд хариуцагч Б.Б, Ц.Пнараас 1,100,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Гд олгож, нэхэмжлэлээс үлдэх 1,100,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 50,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 30,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй. 

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.2 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Б, Ц.Пнараас 1,100,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.Гд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,100,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.  

  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 50,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 30,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.ЭНХЖАРГАЛ