Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | |
Хэргийн индекс | 128/2024/0226/3 |
Дугаар | 128/шш2024/0360 |
Огноо | 2024-04-23 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 128/шш2024/0360
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нэхэмжлэгч: П.Э*******,
Хариуцагч: Улсын Ерөнхий прокурор,
Маргааны төрөл: Улсын Ерөнхий прокурорын газрын Ёс зүйн зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 32, 33 дугаар дүгнэлт, Улсын Ерөнхий прокурорын 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б/******* дугаар тушаал хуульд нийцсэн эсэх төрийн албаны маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П.Э*******, түүний өмгөөлөгч Д.Ш*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Н*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Болортуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.П.Э*******аас Улсын Ерөнхий прокурорт холбогдуулан “Улсын Ерөнхий прокурорын газрын ёс зүйн зөвлөлийн 2023 оны 32, 33 дугаартай дүгнэлтүүдийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, Улсын Ерөнхий прокурорын 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б/******* тоот ажлаас халах тушаал хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, ажилд эргүүлэн тогтоохыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2.Монгол Улсын Ерөнхий прокурорын 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Б/191 дүгээр тушаалын 9 дүгээрт П.Э*******ыг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн өдрөөс нийслэлийн С******* дүүргийн Прокурорын газарт хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан хяналтын прокуророор томилж, “Хууль цаазын ахлах зөвлөх”-ийн зэрэг дэв олгосон байна.
3.Нэхэмжлэгчийг өөрийн эзэмшлийн Нийслэлийн Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 17******* нэгж талбарын дугаартай газар үйлчилгээтэй орон сууцны барилга барих үйл ажиллагаа явуулж, өөрийн нэрээр “Т Э Э Э Т Э” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан зөрчил гаргасан гэж үзэж, улмаар Улсын Ерөнхий прокурорын газрын Ёс зүйн зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 32 дугаар дүгнэлтээр Прокурорын ёс зүйн дүрмийн 2.4.5, 2.4.10-д заасныг зөрчсөн гэж,
4.Мөн Нэхэмжлэгчийг 2023 оны 05 дугаар сарын 23-24нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн Г.Б*******ийн биед халдан өшиглөж, Б******* дүүрэг дэх Цагдаагийн газрын Эрүүлжүүлэх байранд хүргэгдсэн, 1,79 хувийн согтолттой байсан зөрчил гаргасан гэж үзэн, Улсын Ерөнхий прокурорын газрын Ёс зүйн зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 33 дугаар дүгнэлтээр Прокурорын ёс зүйн дүрмийн 2.4.18, 2.4.22-д заасныг зөрчсөн гэжээ.
5.Харин Улсын Ерөнхий прокурорын 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б/******* дугаар тушаалаар нэхэмжлэгчийг Прокурорын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.5, 66 дугаар зүйлийн 66.3, 67 дугаар зүйлийн 67.1, Төрийн албаны тухай хуулийн 48.1.4, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 08 дугаар зарлигаар баталсан Прокурорын зэрэг дэв тогтоох, олгох журмын 2.11, 2018 оны 12 дугаар зарлигаар баталсан Прокурорын сахилгын дүрмийн 1.3 дүгээр зүйлийн 1.3.2, 4.10 дүгээр зүйл, Прокурорын ёс зүйн зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 32.33 дугаар дүгнэлтийг тус тус үндэслэн төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байна.
6.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:
1/Прокурорын Ёс зүйн зөвлөлийн 2023 оны 32 дугаартай дүгнэлтийн талаар П.Э******* миний бие хууль ёсны дагуу олж авсан өөрийн өмчлөлийн газар дээр гэр бүл, төрөл төрөгсдийн хамтын хөрөнгөөр босгосон барилга, байгууламжид тодорхой аж ахуйн нэгжээр ажил гүйцэтгүүлэх гэрээг иргэн хүнийхээ хувьд захиалга өгч гэрээ байгуулсан асуудлыг Ёс зүйн зөвлөлийн хурлаар хянан хэлэлцээд Ёс зүйн дүрмийн 2.4.5, 2.4.10 дахь заалтуудыг зөрчсөн гэж дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй байна.
Учир нь тухайн газар болон үл хөдлөх хөрөнгийн өмчлөл хууль ёсны эсэх, тухайн эд хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан эсэх асуудлыг урьд нь Авлигатай тэмцэх газраас шалгаж тухайн асуудлыг эцэслэн шийдвэрлүүлж хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хааж энэ асуудалд ямар нэгэн хууль бус зүйл байхгүй гэдэг нь тогтоогдсон.
Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно” гэсэн, мөн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “... газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлж болно”, “...иргэн хувийн өмчийнхөө газрыг ...иргэн хувийн өмчийнхөө газрыг ...ашиглах эрхтэй”, мөн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...Хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өвч залгамжлуулах эрхтэй.." гэж заасан бөгөөд Үндсэн хуулийн энэхүү зарчим агуулгад нийцүүлэн Монгол Улсын иргэний хувьд өөрийн өмч хөрөнгө, түүнтэй холбоотой иргэний эрх зүйн харилцаанд оролцсон үйлдлийг Ёс зүйн зөрчил болгон буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.
2/Прокурорын ёс зүйн зөвлөлийн 2023 оны 33 дугаартай дүгнэлтийн талаар.
Миний бие 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр үйлчилгээний газраас үйлчлүүлэхдээ бусадтай зүй бус харьцсан, бие зөв авч яваагүй гэх асуудлын талаар Б******* дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсээс 4******* дугаартай гомдол бүртгэн авч мөрдөн шалгах ажиллагаа явуулж тухайн асуудал нь гэмт хэргийн шинжгүй үйлдэл болох нь тогтоогдож Б******* дүүргийн прокурорын газраас хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн.
Үүний дараа Нийслэлийн прокурорын газраас тухайн асуудалд 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 23020 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээж мөн мөрдөн шалгах ажиллагаа явуулаад 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 230 дугаартай прокурорын тогтоолоор тухайн хэргийг мөн адил гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хааж шийдвэрлэсэн.
Тухайн хэргээс холбогдох материалыг хуулбарлаж зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллагад шилжүүлсэн бөгөөд Б******* дүүргийн Цагдаагийн газрын эрх бүхий албан тушаалтан хүлээн авч шалгаад 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 057 дугаартай шийтгэлийн хуудсаар 100.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.
Эрх бүхий албан тушаалтны энэ шийдвэрийг эс зөвшөөрч миний бие Б******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаж тухайн зөрчлийн материалыг шүүхээр хянан хэлэлцээд 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2023/3Ш/1197 дугаартай шийтгэврээр эрх бүхий албан тушаалтны гаргасан шийтгэлийн хуудас хууль бус гэж үзээд хүчингүй болгож, улмаар давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2023/ДШМ3/260 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн энэ шийдвэрийг үндэслэлтэй байна гэж дүгнэн хэвээр үлдээсэн.
Дээрх хоёр шатны шүүхээс тухайн үйл баримтад дүгнэлт хийхдээ П.Э******* нь зөрчил үйлдсэн гэдэг нь тогтоогдохгүй байна гэж анхан болон давж заалдах шатны шүүхээс шийдвэрлэсэн байхад Прокурорын Ёс зүйн зөвлөл шүүхээс эсрэг буюу шийдвэр гаргаж намайг Прокурорын Ёс зүйн дүрмийн 2.4.18, 2.4.22 дугаар заалтуудыг зөрчсөн гэж дүгнэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Учир нь Ёс зүйн зөвлөлийн дүгнэлтийн үндэслэл болж буй нотлох баримтуудыг мөн адил мөрдөх байгууллага, прокурорын хяналтаар түүнчлэн 2 шатны шүүх бүхэлд нь үнэлж дүгнээд зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал тогтоогдохгүй буюу П.Э*******ыг хэрэг, зөрчил үйлдээгүй гэж үзсэн байхад Ёс зүйн зөвлөл хэт нэг талыг буюу буруутгах гэсэн байдлыг баримталж шийдвэр гаргасан гэж үзэхээр байна.
Энэ нь Прокурорын Ёс зүйн зөвлөлийн ажиллах журмын 1.4-д заасан “...гомдлыг хянан шийдвэрлэхдээ хууль дээдлэх, шударга, ил тод, хараат бус байх..." зарчмыг мөрдлөг болгоно гэдгийг баримталж ажиллаагүй байна.
3/Улсын Ерөнхий Прокурорын 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б/******* дугаартай тушаалыг гаргахдаа дээрх Ёс зүйн зөвлөлийн дүгнэлтүүдийг баримталсан.
Гэтэл тушаалын үндэслэл болж буй Ёс зүйн зөвлөлийн дүгнэлтүүд нь өөрөө хууль бус шинжтэй, түүнийг эс зөвшөөрч гаргасан миний гомдлыг шийдвэрлэлгүйгээр гаргасан тул уг тушаал нь мөн адил хууль бус болох тогтоогдож байна.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 12 дугаартай Зарлигийн хавсралтаар батлагдсан “Прокурорын сахилгын дүрэм”-ийн 5.1-д заасан сахилгын шийтгэл оногдуулах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад надад сахилгын арга хэмжээ авч хариуцлага тооцож байгаа нь үндэслэлгүй байна” гэжээ.
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Улсын Ерөнхий прокурорын тушаалын нэгж заалтын үндэслэл буюу Прокурорын ёс зүйн зөвлөлийн 2023 оны 32 дугаар дүгнэлтийг хүчингүй болгох үндэслэлийн хувьд, би Монгол Улсын иргэний хувьд бол хувийн өмчтэй байх, хувийн өмчөө өмчлөх, эзэмших, ашиглах хууль тогтоомжийн хүрээнд арвижуулах, гэр бүлийнхээ хэрэгцээнд ашиглах бүрэн эрхтэй гэж өөрийгөө ойлгож байгаа. Миний бие хуулийн этгээдтэй гэрээ байгуулсан үйлдэл нь Иргэний хуулийн 101, 106, 343, 365 дугаар зүйлд заасныг хуулиар хүлээсэн зөвшөөрөгдсөн хүрээнд хуулийн дагуу хийгдсэн үйлдэл байх тул прокурорын ёс зүйн зөрчил гэж дүгнэсэн нь хууль бус, үндэслэлгүй би байна гэж үзэж байгаа. Түүнчлэн дээрх үйлдлийг хуулиар тогтоосон прокурорын иргэний эрхэд тавих хязгаарлалтыг зөрчсөн гэж Улсын Ерөнхий прокурорын тушаалд намайг буруутгах үндэслэл болгосон. Гэтэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Прокурорын тухай хууль болон түүнтэй уялдуулан гаргасан дүрэм, журам, заавар, прокурорын ёс зүйн хэм хэмжээний алинд ч прокурор хүн иргэний хувьд ажил гүйцэтгэх гэрээ байгуулах, учирсан хохирол, зөрчигдсөн эрх ашгаа хамгаалуулахаар шүүхэд иргэний нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарласан буюу хориглосон заалт, хэм хэмжээ огт байхгүй байгааг шүүгч та шударгаар дүгнэлт хийж, хуульд нийцсэн шийдвэр гаргана гэдэгт итгэж байна. Монгол улсын Ерөнхий прокурорын тушаалд ёс зүйн дүрмийн 2.4.5 дахь хэсэгт албан үүргээ хэрэгжүүлэхдээ харшлах, эсхүл сөргөөр нөлөөлөх, прокурорын албан тушаалын ашиглахыг санаархсан аливаа хэлцэл, үйл ажиллагаанаас зайлсхийн хэсэг зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байгаа юм. Учир нь миний бие дээрх гэрээг байгуулахдаа Үндсэн хууль болон иргэний хуульд заасны дагуу иргэний эрх зүйн харилцаанд оролцож, энэ гэрээг хийсэн байгаа. Энэ удаа гэрээг хийхдээ прокурорын албан тушаалыг огт ашиглаагүй, ашиглахыг санаархсан ийм үйлдэл огт гаргаагүй. Энд цэвэр Иргэний эрх зүйн харилцаагаар иргэнийхээ журмаар хийсэн асуудал байдаг. Авлигатай тэмцэх газраас шалгасан 23020 дугаартай хэргээр тогтоогдсон байгаа. Мөрдөн шалгах байгууллага энэ хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр прокурорт шилжүүлээд, прокурорын хяналтад шийдвэр гаргах шатандаа явж байгаа. Үүгээр гэмт хэргийн шинжгүй гэдэг нь тогтоогдож байгаа. Миний хувьд энэ газар хөрөнгийнхөө асуудлыг 2019 онд Авлигатай тэмцэх газарт албан тушаалаа хүлээлгэн өгөөд шалгуулж байсан. 2 жил шалгуулж байсан. Энэ үед мэдээж шүүх, прокурорын байгууллагуудад иргэд, иргэний нийгмийн зүгээс нэлээн их дайралт ирж байсан учраас ажлаа өгөөд ингээд шалгуулж байсан. Энэ асуудлаар хамгийн гол нь 2 жил шалгагдаад энэ олж авсан газар, хөрөнгө нь хууль ёсны юм байна, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн асуудал байхгүй юм байна гэсэн дүгнэлт гараад, прокурорын хүчин төгөлдөр тогтоол өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байж байгаа. Тийм учраас миний зүгээс иргэн н.Хтай хийсэн гэрээн дээр прокурорын ажил албан тушаалыг ашигласан, нэрийг нь барьсан асуудал байхгүй. Тэр гэрээн дээр иргэн П.Э******* гэдгээрээ иргэний эрх зүйн харилцаанд оролцож байгаа. Магадгүй тэр гэрээн дээр прокурор П.Э******* гээд тавьсан бол би ёс зүйн хариуцлага хүлээхэд бэлэн байна. Тийм зүйл байхгүй. Магадгүй аж ахуйн нэгжийн захирал П.Э******* гээд гэрээ хийсэн бол би ёс зүйн хариуцлагыг өнөөдөр үүрээд явахад бэлэн байна. Тийм асуудал байхгүй. Тийм учраас хамгийн гол нь энэ дээр бол ямар нэгэн прокурорын нэр төрийг барьсан, ашигласан асуудал байхгүй. Өнөөдөр тэр хүнтэй ажил гүйцэтгүүлэх гэрээ хийснээр би өөрөө хохироод, эрх минь зөрчигдөөд байж байгаа. Тэгээд иргэний хувьд иргэний шүүхэд нэхэмжлэл гаргасан ийм асуудал байгаа.
Прокурорын ёс зүйн дүрмийн 2.4.10-т прокурор багшлах эрдэм шинжилгээний бүтээл туурвих ажлыг гүйцэтгэхээс бусад хуулиар заасан үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсран хийж болохгүй гэж байгаа. Энийг зөрчсөн гэж байгаа юм. Миний хувьд хэзээ ч хүлээн зөвшөөрөх боломжгүй. Хуулийг мушгин гуйвуулж, буруугаар хэрэглэж, илтэд хууль бус шийдвэр болсон байна гэж миний бие нэхэмжлэл гаргасан. Учир нь ажил хавсарч гүйцэтгэх тухай ойлголтын хувьд бол прокурорын үндсэн ажил үүргээ гүйцэтгэхийн зэрэгцээгээр ямар нэг байгууллага, аль нэг газарт хөдөлмөрийн болон бусад гэрээ хэлцэл байгуулах замаар бүр мөсөн буюу тодорхой хугацаанд цалин хөлстэйгөөр ямар нэг ажил, албан тушаалыг эрхлэх тухай асуудал юм. Миний хувьд дээрх тохиолдолд ажил хавсарч гүйцэтгээгүй, зөвхөн иргэний хувьд гэрээ байгуулсан гэрээний үр дүнг тооцон гүйцэтгэгч тал гэрээний үүргээ хэрэгжүүлээгүйгээс намайг хохироосон тул хуульд заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ бол хууль зүйн ойлголт бол шүүхэд нэхэмжлэл гаргасан нь ажил хавсарч гүйцэтгэсэн хууль зүйн ойлголтод бол хамаарахгүй гэж иргэний хувьд ч буюу хуульч хүнийхээ хувьд ойлгож байгаа. Дээрх тохиолдолд иргэний хувьд би хуулийн этгээдтэй гэрээ байгуулж уг байгууллагаар ажил гүйцэтгүүлсэн, миний иргэний хувьд хэлцэл хийсэн үйлдэл болохоос ажил эрхэлсэн, хавсарч гүйцэтгэсэн ажил болохгүй гэж үзсэн учраас энэ хууль бус шийдвэрийг эсэргүүцэж гомдол нэхэмжлэл гаргасан. Монгол Улсын ерөнхий прокурорын тушаалын нэг дэх хэсэгт заасан заалтыг хүчингүй болгох үндэслэлтэй гэж миний хувьд үзэж байгаа юм. Жишээ нь иргэн өнөөдөр шүүгч, прокурор гээд магадгүй бүгдээрээ бид нар газартай байдаг. Тэр газар дээрээ хамгийн гол нь ажил үйлчилгээ явуулах юм уу, ямар нэгэн объект барих тохиолдолд мэргэжлийн байгууллагад ханддаг. Тийм учраас бид нар орох орон сууцаа байж байгаа тохиолдолд зүгээр би чадна гэсэн улсуудаар хийлгэдэггүй. Мэргэжлийн байгууллагад хандаж гэрээ хэлцэл хийж байж ажил гүйцэтгэх гэрээ хийж байж байшин, нормын дагуу баригдаж, баялгийг бүтээдэг. Миний хувьд хуулийн этгээдтэй ийм гэрээ хэлцэл хийсэн. Тэгээд эцэст нь эсрэгээрээ П.Э******* прокурор хийж байгаа, давхар тэр компаниас би танай ажлыг хийж өгөөд та нар надад мөнгө төл би тэр ажлыг хийх гэж гэрээг хийсэн бол би өнөөдөр ёс зүйн хариуцлага хүлээхэд бэлэн байна. Тийм асуудал байхгүй. Өнөөдөр миний 35 жилийн амьдрал, гэр бүл зохиосон хөрөнгөө хүнд өгөөд алдсан ийм асуудал байгаа юм. Ингээд хохироод байж байгаа асуудал. Ёс зүйн зөвлөлийн 2023 оны 33 дугаар дүгнэлт байгаа. Энэ дээр намайг согтууруулах ундааны зүйлс хэтрүүлэн хэрэглэсэн үедээ иргэнтэй зүй бусаар харьцсан гээд прокурорын ёс зүйн дүрмийн 2.4.18, 2.4.22 дахь зүйлүүдийг зөрчсөн гэж Төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулж, ажлаас халсан шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргасан. Үндэслэл нь миний бие иргэнтэй зүй бусаар харьцаж, доромжилсон үйл явц болоогүй. Тухайн үед тэр хүнтэй зүй бусаар харьцаж, доромжилсон асуудал болоогүй. Бүх асуудлыг Цагдаагийн байгууллагад очиж шалгуулсан. Шүүгч, прокурор бид нар цөөхөн хуулиар хамгаалагдсан, аюулгүй байдлаа хамгаалуулах эрхтэй субъектүүдийн нэг байгаа. Тухайн үед амь бие аюулгүй байдалд гэмт халдлага бий болсон учраас цагдаагийн байгууллагад очиж учир зүйг нь олох нь зөв юм байна гэдэг шийдвэр гаргаад, цагдаагийн байгууллагад очсон ийм асуудал болсон. Прокурорын ёс зүйн дүрмийн 2.4.18, 2.4.22-т олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах гэж байгаа юм. Зөрчлийн хуулийн 5.1 дүгээр зүйлд хэрүүл маргаан үүсэх, бусдыг өдөөн хатгах, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулах тухай, олон нийтийг үл хүндэтгэх, Зөрчлийн хуулийн 5.2-т хүний биед халдаж, зодох, Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан үйлдлүүдийг миний хувьд бол огт гаргасан юм байхгүй. Үнэхээрийн архи согтууруулах ундааны зүйл уугаад, бусдыг өдөөн хатгаад, зодоод авиргүй зан гаргаж, ёс зүйгүй зан гаргасан юм байхгүй. Тухайн үед би ажлын бус цагаар таньдаг хүмүүстэй уулзаад байж байсан. Тэнд 1 эмэгтэй уйлаад сууж байсан, хүн гэдэг чанараараа яасан гэсэн чинь ерөөсөө учиргүй чи намайг зодсон гээд дайрсан. Энэ асуудлыг цагдаагийн байгууллага шалгасан, тусгай субъектийнхэн шалгасан, прокурорын байгууллага шалгаад хэрэг бүртгэлтийн хэргийг гэмт хэргийн шинжгүй байна гэж үзээд хааж шийдвэрлэсэн. Зөрчлийн хуулийн энэ асуудлаар эрх бүхий албан тушаалтан нэг зуун мянган төгрөгөөр торгосон асуудал дээр би анхан шатын шүүхэд нэхэмжлэл гаргаад, энийг зөрчлийн шинжгүй байна гэж үзээд шүүхээс хэрэгсэхгүй болгож өгсөн. Ингээд прокурор эсэргүүцэл бичээд давж заалдах шатын шүүхээр ороод анхан шатын шүүхийн гаргасан шийдвэр үндэслэлтэй байна гэсэн магадлал гарсан. Тэгээд энэ асуудал үндсэндээ хаагдсан. Өнөөдөр бол хүчин төгөлдөр прокурорын тогтоол, анхан болон давж заалдах шатын шүүхийн шийдвэрүүд хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан байгаа. Тийм учраас миний хувьд ямар нэгэн байдлаар ёс зүйн дүрэмд заасан Монгол улсын ерөнхий прокурорын тушаалд заасан ёс зүйгүй авирласан, бусдыг зодсон, доромжилсон асуудал бол гаргаагүй.
Цагдаагийн албан хаагчид ирэхэд очиж шалгуулъя, энэ асуудлыг шалгуулах нь зүйтэй гээд өөрийн биеэр очсон. Тэнд ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй. Тэгээд Цагдаагийн байгууллагад өөрийнхөө согтолтын зэргийг тогтоолгоод, таныг эрүүлжүүлэх шаардлагагүй юм байна, та явж болно гэсэн. дараа нь очиж мэдүүлэг өгсөн ийм асуудал болсон. Энэ асуудалтай холбогдуулаад намайг эрүүлжүүлэгдсэн гэж үзээд байгаа. Эрүүлжүүлэгдэх гэдэг ойлголт нь бодитоор болж дууссан өнгөрсөн цагийг илэрхийлсэн ухагдахуун юм. Өөрөөр хэлбэл эрүүлжүүлэгдэх, эрүүлжүүлэх байранд орсон, эрүүлжүүлэх газарт хоносон, эрүүлжүүлэхийн хөлс зардлыг төлсөн, эрүүлжүүлэгдсэн хүний тоо, улсын тоо бүртгэлд орсон байдлыг илэрхийлэх цогц ойлголтыг би ойлгож байгаа. Тэгэхээр миний хувьд эрүүлжүүлэгдсэн тохиолдолд байхгүй. Цагдаагийн байгууллагаас энэ хүн эрүүлжүүлэгдсэн гэсэн тоо бүртгэлд байхгүй гэдэг ийм дүгнэлтээ гаргаж өгсөн. Энийг эрүүлжүүлэгдсэн гэж ёс зүйн дүрэм дээр эрүүлжүүлэгдсэн бол гэж байгаа. Ёс зүйн зөвлөлийн гишүүд эрүүлжүүлэгдсэн гэж ойлгож байгааг би ойлгохгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл эрүүлжүүлэх байранд орсон. Гэтэл миний бие аюулгүй байдалд заналхийлэл бий болсон учраас цагдаагийн байгууллагад л хандсан, цагдаагийн байгууллагын ажилтнууд ирсэн, явж шалгуул гэсэн, очиж шалгуулсан. Миний хувьд иргэнийг зодсон, доромжилсон асуудал байхгүй, энэ асуудлыг шийдэх газар нь шийднэ гэж хэлээд явсан. Дараа нь тэр иргэн өөрөө энэ асуудал дээр би буруу хүн андуурсан байна, хүнд зодуулсан энэ асуудлаа хүн андуурч гэж хэлээд энэ асуудал нэг талдаа болсон юм. Ёс зүйн зөвлөл миний хувьд эрүүлжүүлэх үйл явдал болоогүй гэдгийг хууль зүйн учир холбогдлыг бодитойгоор бол дүгнээгүй. Гэхдээ эргэлзээтэй нөхцөл байдал нь ямар ч тохиолдолд холбогдогч шалгагдагчид ашигтайгаар шийдвэрлэх эрх зүйн бүхий л салбарууд дагаж мөрддөг нийтлэг жишиг болох тухай ойлголт байдаг. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг нэг этгээд өөрөөр тайлбарлаж, шийдвэрлэж болохгүй. Хууль зүйн нэгдсэн дэг жаяг ойлголт байдгийг хэлэх нь зөв байх. Эцэст нь хэлэхэд энэ 2 дүгнэлтийг эс зөвшөөрсөн. Прокурорын тухай хуульд зааснаар эс зөвшөөрөл Ерөнхий прокурорт гомдол гаргах эрхтэй байдаг. Ерөнхий прокурорт гомдол гаргасан боловч Ерөнхий прокуророос надад албан ёсны хариу өгөөгүй. Энэ хариуг хэн өгсөн бэ гэхээр Ёс зүйн зөвлөлийн дарга н.Э гэдэг хүн надад энэ эцсийн шийдвэр гэж өгсөн. Тэгээд Ерөнхий прокурорын өмнөөс эрх эдэлж н.Э гэдэг хүн энэ ёс зүйн 2 дүгнэлт эцсийн шийдвэр учраас та шүүхэд хандаж болно гэсэн хариу өгсөн. Ийм учраас би Ерөнхий прокуророос албан ёсны гарын үсэгтэй хариугаа аваагүй. Энэ хууль зөрчсөн асуудал болж байгаа. Тийм учраас миний зөрчигдсөн эрхийг сэргээж өгч, эргүүлэн ажил албан тушаалд томилж өгнө үү” гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Монгол Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Ёс зүйн зөвлөлийн шийдвэр ерөөсөө гарахаасаа авхуулаад будилаантай болоод эхэлчхэж байгаа юм. Нэг хурлаас 2 өөр шийдвэр гаргасан байгаа юм. Энэ 32, 33 дугаар дүгнэлтүүд нь онол, практикийн ойлголт байхгүй. Нэг хурлаар нэг асуудал хэлэлцэж болно 10 асуудал хэлэлцэж болно, бүгдийг нь хэлэлцээд нэг л шийдвэр гаргана. Энэ дээр ерөөсөө энэ хүнийг илүү их зөрчилтэй харагдуулах гэж байгаа юм шиг. Тэгээд 32, 33 дугаартай дүгнэлтүүд 2, 2 заалтыг зөрчсөн гэж гарсан. Гэтэл нэг л үйл баримт буюу нэг л болсон үйл явдал дээр асуудал дүгнээд байгаа. Яагаад ёс зүйн дүрмийн 2 заалтыг зөрчсөн гэж 2 дүгнэлт гаргаад ирэхээр нэг ёсондоо хүчийг нь нэмэгдүүлж байгаа юм шиг зүйл болсон байгаа юм. Тэгэхээр дүгнэлтүүдийг тусад нь аваад үзье. 32 дугаартай дүгнэлтийн хувьд газартай холбоотой асуудлыг л яриад Прокурорын ёс зүйн дүрмийн 2.4.5, 2.4.10 гэж байгаа хэдий ч утга агуулгыг нь харахаар нэг л үйлдлийг яриад байгаа. Яагаад нэг үйлдэл дээр 2 асуудлыг яриад байгаа нь ойлгогдохгүй байгаа. Хэргийн материалд авагдсан ёс зүйн зөвлөлийн шалгасан материалууд байгаа Авлигатай тэмцэх газраас н.Хтай гэрээ байгуулсан хэргийн материалыг л тэр чигт нь аваад хянасан байна. Түүнд хууль ёсны дагуу авсан газар дээрээ үл хөдлөх хөрөнгө барих гэсэн ийм асуудал байгаа. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд Монгол Улсын иргэн дараах эрх чөлөөг баталгаатай эдэлнэ гэж заасан. Тэрний 3 дугаарт үл хөдлөх, хөдлөх хөрөнгийг шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, захиран зарцуулах эрхтэй гэсэн байдаг. Тэр газрыг энэ хүн яаж олж авсан юм бэ гэдэг нь 2018, 2019 оноос авхуулаад шалгагдсан байна. Сүүлд баримтууд гаргаж өгсөн байгаа. Тэр үедээ энэ хүн чинь ингээд газар хууль бусаар олж аваад үндэслэлгүй хөрөнгөжөөд гээд олон нийтийн хэрэгслээр гараад, өдрийн сонинд мэдээлэл гарсан.Энэ асуудалтай холбоотой баримтууд гаргаад өгсөн учраас би эндээс хэлээд явчихъя. Өдрийн сонины 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 161 дугаартай албан мэдэгдэл байна. Монгол Улсын Ерөнхий прокурорын газарт гэж хаяглаж байгаад тайлбар хүргүүлэх тухай өдрийн сонины 2018 оны 05 дугаар сарын 27, 10 дугаар сарын 22-ны өдрийн 2 дугаарт гарсан П.Э******* прокурортой холбоотой нийтлэлүүдийг “Макс групп” ХХК-ийн маркетингийн албанаас төлбөртэй хэвлүүлсэн гэдэг тодорхой мэдэгдэл хүргүүлсэн байгаа. 2018 оны 06 дугаар сарын 07-ны 86 тоот мэдэгдлээр Өдрийн сонины албан бичгээр Улсын Ерөнхий прокурорын газарт гэж байгаа. Прокурорын ажилтнууд бөхчүүдийг ашиглаж, нийтийн эзэмшлийн газрыг булаахаар дайрч байна гэсэн гарчигтай төлбөртэй нийтлэл хэвлэгдсэн манай сонинд. Тус нийтлэлд нэр нь гарсан П.Э******* гэж прокурорын хүсэлтээр түүний авчирсан баримт, холбогдох газруудын албан бичиг зэргээс харахад П.Э******* прокурорын талаар ташаа нийтлэл гарсан байна. Иймд энэ залруулгыг хүргэж байна гэсэн байгаа. Энэ асуудалтай нь холбогдуулаад Улсын ерөнхий прокурорын газрын Дотоод аюулгүй байдал, хяналт шалгалтын хэлтэс буюу саяны асуудал шалгаад байсан хэлтэс тухайн үедээ энэ газартай холбоотой асуудлыг шалгаад 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 4/189 тоот Улсын Ерөнхий прокурорын газрын албан бичиг байна. Прокурор П.Э******* нь прокурорын ёс зүйг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй болно гэж бичээд Улсын Ерөнхий прокурорын газрын туслах хяналт шалгалт, дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга н.Оюундэлгэр гэсэн байна. Тэр үед нь бас Авлигатай тэмцэх газраас энэ асуудал дээр нь хэрэг үүсгээд шалгаад явсан. Авлигатай тэмцэх газрын 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 5/47728 тоот албан бичиг байна. Хяналт шинжилгээний хэлтсийн дарга н.Хашбаатарын гарын үсэгтэй. Энэ дээр П.Э******* болон түүний гэр бүлийн гишүүдэд дээрх газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна гэсэн байна. Энэ асуудалд баримтуудыг харахаар нөгөө газрыг чинь олж авахдаа энэ хүн Үндсэн хуульд заасныхаа дагуу шударгаар олж авч эзэмшиж, ашиглаж байсан байна. Ямар ч хүн, прокурор ч байна уу, энгийн иргэн ч байна уу, хэн ч байсан ажилтай, ажилгүй нь хамаагүй хүн газар, үл хөдлөх хөрөнгө шударгаар хууль ёсны дагуу эзэмшсэн бол тухайн газар дээрээ гэрээ барина уу, байшингаа барина уу, орон сууцаа барина уу тэр хүний эрхийн асуудал, хууль бус зүйл байхгүй. Газар эзэмшсэн эх үүсвэр нь хууль ёсны дагуу гэдийг Авлигатай тэмцэх газар, Прокурорын байгууллагын хяналт шалгалтаар тогтоогдсон байна. Тухайн үед шалгахдаа 2020 оны 07 сарын 01-ний өдөр 1144 тоот Хан-Уул дүүргийн Прокурорын газраас хэрэг бүртгэлтийн хэргийг нь гэмт хэргийн шинжгүй гэж хаажээ. Өнгөрсөн жил 23020 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг үүсэж шалгагдаад гэмт хэргийн шинжгүй юм байна гээд н.Хас гаргасан гомдлын дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтай өгсөн юм байна. Прокурорын байгууллага ямар ч гэмт хэргийн шинжгүй байна гэж үзээд татгалзсан. Гэтэл Улсын ерөнхий прокурорын газар хянаад хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгадаг юм байж, дутуу шалгасан гэж үзсэн байх. Авлигатай тэмцэх газар шалгаад дахин гэмт хэргийн шинжгүй байна хаах санал гаргаад өгсөн байна. Өнөөдрийн шүүхэд гаргаж өгсөн баримтаар 2024 оны 04 дүгээр сарын 09-ний буюу бараг арваад хоногийн өмнө гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр Авлигатай тэмцэх газар прокурорт нь шилжүүлсэн. Тэр иргэдийн хоорондын асуудал байна гэж мэргэжлийн байгууллага, мөрдөх байгууллага шалгаад байдаг. Тэгэхээр ёс зүйн зөвлөл тэр хамаа байхгүй. Тэр хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна гэж хариу тайлбартаа бичиж өгөөд байна. Тэр 2 дахь заалт нь багшлах болон эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэхээс бусад хуулиар тогтоосон үүрэгт ажилд үл хамаарах ажил хавсарч гүйцэтгэж болохгүй. Гэрээ хэлцэл хэн нэгэнтэй хийх чинь ажил хавсраад хийж байгаа асуудал ерөөсөө биш гэдгийг хэн ч ойлгоно. Бид нар цалингийн зээл, өөр бусад иргэний ёс зүйн гэрээ хэлцэл хийнэ. Энийг яагаад ажил хавсарч хийсэн гэж үзэж болохгүй. Ажил хавсарч хийх гэдэг давхар ажил хийхийг хэлнэ. Прокуророос гадна нэг хувийн хэвшилд, нэг компанийн гүйцэтгэх захирал, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, менежер, төрийн албанд төрийн захиргааны байгууллагад гишүүн, хэлтсийн даргын үүрэгт ажлыг давхар хийгээд сууж байхыг хэлнэ. Тэр байгууллагаасаа цалин мөнгө аваад цалинжаад тушаал шийдвэр гараад, хөдөлмөрийн гэрээ байгуулсан байвал тэрийг нь шалгаж тогтоогоод, энэ заалтыг зөрчсөн гэж ёс зүйн зөвлөл дүгнээд байгаа бол тэрийгээ тодорхой бичих хэрэгтэй. С******* дүүргийн прокурорын газарт ажиллаж байхдаа хаана ямар ажил хийж байсан гэдгийг тодорхой бичнэ үү. Давхар хавсарч хийсэн ажил, албан тушаалыг нь он сар өдөр, тушаал шийдвэр, хөдөлмөрийн гэрээний дагуу ийм ажил хийж байсан гэж бичих ёстой. Ийм зүйл байхгүй байхад давхар ажил хавсарч байсан гэж хийсвэр зүйл бичээд байгаа юм. Тэгээд сая гаргаж өгсөн баримтад байгаа. Улсын бүртгэлийн газраас энэ хүний мэдээллийг татаад авах боломжтой. Хуулийн этгээдийн лавлагаа авсан. П.Э******* гэж хүний нэр дээр ашгийн төлөө бус хуулийн этгээдийн гишүүнчлэлээр бүртгэгдсэн бүртгэл байдаг юм байна. Өөр энэ хүн дээр ямар нэгэн аж ахуйн нэгж, хуулийн этгээдийн ажил албан тушаалын бүртгэл байхгүй байна гэдэг лавлагааг авч ёс зүйн зөвлөлийн хуралдааны материалд хавсаргаагүй байж, энэ хүнийг чи ажил хавсарч хийсэн байна гэж үзэж ерөөсөө болохгүй. Ажил, албан тушаал хавсарч хийсэн гэж байгаа нь ямар ч үндэслэлгүй гэж үзэж байна. Хариуцагчийн зүгээс хариу тайлбартаа ашгийн төлөө үйл ажиллагаа явуулсан гэсэн байгаа юм. Гэтэл прокурорын ёс зүйн дүрэмд ашгийн төлөө үйл ажиллагаа явуулж болохгүй гэсэн заалт байхгүй. Албан үүргээ хэрэгжүүлэхэд прокурорынх нь ажилд сөргөөр нөлөөлөх эсхүл албан тушаалд санаархсан гэж байгаа. Түүнээс ашгийн төлөө гэсэн зүйл огт байхгүй. Гол нь н.Х гэж хүнтэй ажил гүйцэтгэх гэрээ хийснээрээ үндсэн хяналтын прокурорын ажлаа хийхэд яагаад зөрчилдөөд, зөрчил үүссэн юм бэ гэдгийг тодорхойлж гаргаж ирсэн байх ёстой. Чи ажлаа хийх гэсэн энэ гэрээ хийснээс болж ажил, албан тушаалд сөргөөр нөлөөлөөд харшлаад байна гэдэг зүйл байхгүй. н.Х энэ хүн прокурор болохоор би гэрээ хийсэн юм гэж хэлсэн бол хамаа алга. Түүнээс тэр гэрээ ямар ч ашиг байхгүй, Харин алдагдалд ороод шатаад явж байна. Тэгээд прокурор болохоор шахалтад ороод гэрээ хийсэн гэж байвал асуудал өөр байна. Тэгтэл тэр хүн өөрөө ашгаа тооцоолоод, прокурор нь байна уу, зүгээр иргэн нь байна уу, тэр хүн өөрөө аж ахуйн нэгжээрээ ашгийн төлөө явж байгаа. Тэгээд прокурорынх нь ажил, албан тушаалтай ямар ч хамааралгүй байгаа юм. Тэгэхээр Ёс зүйн зөвлөлийн дүгнэлт дээр тодорхой томьёолж гаргаж яриагүй байгаа байхгүй юу. Тодорхой болгож байж ёс зүйн зөрчил гаргасан гэдэг асуудлыг ярина уу гэхээс ийм тодорхойгүй байдлаар асуудалд хандаж болохгүй. Ёс зүйн зөвлөлийн 33 дугаартай дүгнэлт дээр Прокурорын ёс зүйн дүрмийн 2.4.18, 2.4.22-т заасныг зөрчсөн гэж хүчээр наагаад тавьчихсан юм шиг байгаа юм. Тэр эрүүлжүүлэх байранд хүргэгдсэн гэдэг прокурорын ёс зүйн дүрэмд байгаа үг, өгүүлбэр, заалтаа бид дагана. Түүнээс хүргэгдсэн байсан гэсэн үг байхгүй, албадан эрүүлжүүлэгдсэн бол гэж байгаа юм. Прокурорын ёс зүйн мэргэжлийн үйл ажиллагаа явуулахдаа баримтлах ёс зүйн зарчим, үйл ажиллагаанаас гадна нийгмийн харилцаанд баримт зарчим гээд 20 хэдэн заалттай юм байгаа. Тэнд тодотгоод тайлбар хийсэн нэг заалт байдаг нь энэ 4.22заалт байгаа. Тодотгоод тайлбар хэлэхэд энэ зөрчлийг нэг удаа биш, удаа дараа гаргасан бол сахилгын шийтгэл оногдуулна гэж байгаа. Тэгэхэд энэ хүн удаа дараа ёс зүйн зөрчил гаргасан зүйл байхгүй. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, албадан эрүүлжүүлэх гэж байгаа юм. Гэтэл согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хууль гэж Монгол Улсын хуулийн ойлголтоор асуудал гаргана. Энэ хуулийн 3.1 дэх хэсэгт хэтрүүлэн хэрэглэсэн бол гэсэн байна. Энэ дүрэм дээр хэтрүүлэн хэрэглэсэн этгээд гэж хэнийг хэлэх вэ гэхээр өөрийн үйлдлийг удирдан хянах чадваргүй болтлоо согтсон хүнийг хэлнэ. Мөн хуулийн 3.1.2-т Албадан эрүүлжүүлэх гэж байгаа юм. Албадан эрүүлжүүлэх гэдэг ойлголт нь хэтрүүлэн хэрэглэсэн этгээд өөрийн үйлдлээ удирдан хянах чадварыг нь сэргээх үйл ажиллагаа гэж байна. Энийг албадан эрүүлжүүлнэ гэж ойлгож байгаа. Гэтэл энэ хүн албадан эрүүлжүүлэгдээгүй байгаа. Цагдаагийн хэлтэст очсон гэдгээр нь шууд эрүүлжүүлэгдсэн гэж үзэж болохгүй. Энэ хуулийн 5.1-д Эрүүлжүүлэх байранд хүргэх үндэслэл гэж байна. Өөрийн үйлдлийг удирдан хянах чадваргүй болтлоо согтсоны улмаас хаана байгаагаа болон очих газраа мэдэхгүй болсон. эсхүл гудамж талбай, олон нийтийн газар ухаангүй унасан. Энэ байдлаас болоод өөрөө осол гэмтэл, гэмт хэрэг, зөрчилд өртөж болзошгүй болсныг үндэслэл болгож цагдаагийн байгууллагын албан хаагч тухайн этгээдийг хамгаалах, тусламж үзүүлэх зорилгоор эрүүлжүүлэх байранд хүргэнэ гэж байгаа юм. Тэгтэл ийм нөхцөл байдал тогтоогдсон уу? Тогтоогдоогүй. Энэ хүн Цагдаагийн албан хаагчтай уулзаад тайлбар мэдүүлэг өгөөд, гарын үсгээ зураад явсан байхад, ийм заалтаар буруутгаад ёс зүйн зөрчил үйлдсэн гэж болохгүй. Дараагийн асуудал нь хүний биед халдаж, доромжилсон гэж байгаа. н.Б******* гэдэг хүнийг доромжилж, биед нь халдсан. Тийм тохиолдолд Ёс зүйн хариуцлага хүлээхгүй шүү дээ. Зөрчлийн хуулийн 5.3-т зааснаар хүний биед халдсан гэдгээр Зөрчлийн хуулиар торгуулна. Эхлээд хэрэг үүсгэж шалгасан байгаа. Тэгсэн энэ хүн дээр гэмтлийн зэрэг гараагүй учир эрүүгийн хэрэг үүсгэх боломжгүй, татгалзаад шийдсэн. Тэгээд зөрчлийн хуулиар эрх бүхий албан тушаалтан, цагдаагийн албан хаагч арга хэмжээ авсан. Гэтэл хүний биед халдсан юм байхгүй байхад гээд шүүхэд хандаад, шүүх бие мах бодид халдаж, нэр хүнд нь халдсан гэх зүйл тогтоогдохгүй байх тул зөрчлийн шийтгэлийг хүчингүй болгосон. Тэгээд прокурор эсэргүүцээд давж заалдах шатын шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Хоёр шатны шүүх шийдвэрлэсэн асуудлыг Ёс зүйн зөвлөл тэр шүүхийн шийдвэр хамаа байхгүй. Хүний биед халдаж, өшиглөсөн гэдэг нь тогтоогдож байна. Тийм учраас Ёс зүйн зөрчил гээд дүгнэлт гаргадаг. Доромжлох гэдэг нь хэлж байгаа үг өгүүлбэр нь үг зүй талаасаа хэл зүй талаасаа хүнийг доромж шинжтэй байна. Хэл шинжлэлийн ухааны мэргэжлийн хүмүүсээр дүгнэлт гаргуулж шийднэ. Түүнээс ёс зүйн зөвлөл нь энийг доромжилсон гэж үзнэ гэж шийдчихэж ерөөсөө болохгүй. Энэ прокурор, шүүгч доромжилсон, зүй бусаар хэргийн оролцогч нартай зүй бусаар харилцсан гэдэг бол тэр хүний гаргаж байгаа үг, үйлдлийн шинжлэн болохоос бусад хүмүүс юу гэж ер нь ойлгох юм. Жишээлбэл хүнтэй чи юу гээд байгаа юм, битгий солиор, битгий хуц гээд хэрэлдэхээр нь чи доромжилж байна гэж үзээд тухайн асуудлыг шийдэж байгаа хүнийхээ субьектив хандлагаар нь асуудлыг шийдчих боломж байхгүй. Тэгэхээр энэ нь үндэслэлгүй байна. Ёс зүйн зөвлөлийн 33 дугаар дүгнэлтэд тухайн үеийн асуудлыг тодорхойлж бичээгүй байгаа. Зүгээр тэр дүүргийн нутаг дэвсгэрт нэг иргэнийг доромжилсон гээд биччихсэн. Тэгэхээр энэ асуудлыг сайн нягталж шалгасны үндсэн дээр ёс зүйн зөрчил гаргасан гэдэг асуудлыг тавина уу гэхээс ингээд тодорхойгүй байдлаар асуудалд хандаж болохгүй. Ажлаас халах тушаал үндэслэлгүй байна. Удирдлага болгож байгаа 2 ёс зүйн зөвлөлийн дүгнэлт нь өөрөө хууль бус, үндэслэлгүй байгаа. Тухайн үеийн бодит нөхцөл байдлыг тодруулаагүй байгаа нь үндэслэлгүй болж байгаа юм. Тэгээд хөөн хэлэлцэх хувьд сүүлийн ёс зүйн зөвлөлийн 33 дугаар дүгнэлтээ баримтална. Ёс зүйн зөвлөлийн 32 дугаар дүгнэлт хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан байгаа. 2022 онд ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан байдаг. Тэгэхээр 2023 оны 07 сар бүтэн жилээр нь бодоход, 2023 он хүртэл үйл ажиллагаа нь үргэлжилсэн гэж байна. Тэр гэрээ хийснийг буруутгаад байгаа. Тэгэхэд яахаараа гэрээний үйл ажиллагаа үргэлжлээд яваад байдаг юм бүү мэд. Тэгэхээр ажлаас халах тушаалд 32 дугаартай дүгнэлтийг баримтлах ёсгүй. Хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзэхээр бол 33 дугаартай дүгнэлтээ баримтална. Энэ тушаал үндэслэлгүй гэдэг нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Төрийн албаны тухай хуульд төрийн албан хаагч, төрийн тусгай албан хаагч, төрийн захиргааны гэдгээрээ ялгагдаад салбар салбарынхаа хууль, дүрэм журмаар зохицуулагдаад явна. Прокурорын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.3-т прокурорын сахилгын дүрмийг Монгол Улсын Ерөнхийлөгч батална гэсэн Монгол улсын Ерөнхийлөгч 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 12 дугаартай зарлигаараа баталжээ. Энэ сахилгын дүрмийн 5.1-д сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш нэг сар, сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сар өнгөрсөн бол сахилгын шийтгэл оногдуулахгүй гэж заасан. Энэ нь зөвхөн прокуроруудад хамааралтай. Энэ хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан. Тэгэхээр эхний газартай холбоотой асуудал нэг жилийн хугацаа өнгөрсөн байна. Тэр иргэн Б*******тэй маргалдсан асуудал 2023 оны 05 сард болоод 2023 оны 11 дүгээр сарын 25-нд дууссан. Прокурорын сахилгын дүрмийн дагуу энэ хүнд сахилгын шийтгэл оногдуулах ёсгүй байсан. Энэ сахилгын дүрэм хүчин төгөлдөр үйлчилж байгаа юм” гэв.
7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:
1/Нийслэлийн прокурорын газраас Прокурорын ёc зүйн зөвлөлд С******* дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор П.Э*******ын ёс зүйтэй холбоотой асуудлыг шалгуулахаар ирүүлсэн 1/5620 дугаартай албан бичгийн мөрөөр тус прокурорын газрын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын хэлтсээс холбогдох шалгалтыг явуулсан.
П.Э******* нь С******* дүүргийн прокурорын газарт хяналтын прокуророор ажиллаж байхдаа 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр өөрийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд байрлах 17******* дугаартай нэгж талбарт 9 давхар, 72 айлын үйлчилгээтэй орон сууцны барилгын өрлөг, шаврын ажлыг хийж гүйцэтгүүлэхээр өөрийн нэрээр "Т Э Э Э Т Э” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Хтай 3 дугаартай "Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан болох нь Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн, хэрэг бүртгэлтийн 23020 дугаартай хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна.
Дээрх асуудлыг Прокурорын ёс зүйн зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар хянан хэлэлцээд "...П.Э******* нь...өөрийн эзэмшлийн газарт үйлчилгээтэй орон сууцны барилга барих ашгийн төлөө үйл ажиллагаа явуулж, улмаар хуулийн этгээдтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, ажил гүйцэтгүүлж, гүйцэтгэлийн үр дүнг тооцон, гэрээг цуцлуулах нэхэмжлэл гаргасан идэвхтэй үйлдэл нь хуулиар тогтоосон прокурорын иргэний эрхэд тавих хязгаарлалт, түүнд нийцүүлэн гаргасан Прокурорын ёс зүйн дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчсөн, албан үүргээ хэрэгжүүлэхэд сөргөөр нөлөөлөх, прокурорын албан тушаалыг ашиглахыг санаархсан хэлцэл, үйл ажиллагаа, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажлыг хавсран гүйцэтгэн, хэрэгжүүлжээ.
Прокурор төрийн тусгай албан хаагч, нийтийн албан тушаалтан болохын хувьд хуулиар түүний иргэний эрхэд хязгаарлалт тавьж, багшлах болон эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэхээс бусад хуулиар тогтоосон эрх, үүрэгт нь үл хамаарах ажил хавсран гүйцэтгэхийг хориглосон, өөрөөр хэлбэл иргэнийхээ хувьд ч гэсэн ашгийн төлөө үйл ажиллагаа явуулах, ажил хавсран гүйцэтгэх, гэрээ байгуулах нь албан үүргээ хэрэгжүүлэхэд сөргөөр нөлөөлөх, прокурорын албан тушаалыг ашиглахыг санаархсан аливаа хэлцэл, үйл ажиллагаанаас зайлсхийх үүргээ хэрэгжүүлээгүй, хуулиар хориглосон ажил, үйл ажиллагааг хавсран гүйцэтгэсэн үйлдэл тул прокурор П.Э*******ыг хуулиар олгосон эрхээ хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй....
Хяналтын прокурор П.Э******* нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 10 дугаар зарлигийн нэгдүгээр хавсралтаар батлагдсан "Прокурорын ёс зүйн дүрэм"- ийн 2.4 дүгээр зүйлд заасан Прокурор хяналтын чиг үүргээс гадуур нийгмийн бусад үйл ажиллагаанд баримтлах ёс зүйн хэм хэмжээний 2.4.5 дахь хэсэгт заасан "албан үүргээ хэрэгжүүлэхэд харшлах, эсхүл сөргөөр нөлөөлөх, прокурорын албан тушаалыг ашиглахыг санаархсан аливаа хэлцэл, үйл ажиллагаанаас зайлсхийнэ", 2.4.6 дахь хэсэгт заасан "прокурорын албан тушаалд харшлах үндэслэл бүхий хөрөнгө оруулалт, бизнесийн бусад ашиг сонирхлоос татгалзана", 2.4.10 дахь хэсэгт заасан "прокурор багшлах болон эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэхээс бусад хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй” гэсэн хэм хэмжээг тус тус зөрчсөн гэж дүгнэсэн.
Прокурорын тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт "Прокурор багшлах болон эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэхээс бусад хуулиар тогтоосон эрх, үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсран гүйцэтгэхийг хориглоно" гэж,
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсэгт “Үндсэн хуулийн цэцийн гишүүн, бүх шатны шүүхийн шүүгч, прокурор, мөрдөх албаны албан тушаалтан салбарын хуульд тусгайлан зааснаас бусад ажил, албан тушаал эрхлэхийг хориглоно.", 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт "Албан тушаалтан нийтийн албанд орох үед хуулиар зөвшөөрөөгүй өөр ажил, үүрэг, гэрээ гүйцэтгэж, эрх эдэлж байгаа бол энэ тухай дээд шатны албан тушаалтанд бичгээр танилцуулах” үүргийг тус тус хуульчилсан.
Гэтэл П.Э******* нь прокурорын албан тушаалд ажиллаж байхдаа ашгийн төлөө үйл ажиллагаа явуулахаар өөрийн нэрээр “Т Э Э Э Т Э” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Хтай "Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж, ажил гүйцэтгүүлсэн нь багшлах болон, эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэх хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажлыг хавсран гүйцэтгэсэн нь хэрэг бүртгэлтийн 23020 дугаартай хэрэг болон шалгалтын материалд авагдсан баримтуудаар тогтоогдсон, эдгээр баримт сэлтийг үндэслэн Прокурорын ёс зүйн зөвлөл 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 32 дугаартай дүгнэлтийг гаргасан тул уг дүгнэлт нь хууль ёсны, үндэслэл бүхий шийдвэр болно.
2/Б******* дүүргийн прокурорын газраас Улсын ерөнхий прокурорын газрын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын хэлтэст ирүүлсэн С******* дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор П.Э******* 2023 оны 05 дугаар арын 23-аас 24-нд шилжих шөнө Б******* дүүргийн 27 дугаар хороо, 152 дугаар байрны гадна иргэн Г.Б*******ийн эрх чөлөөнд халдсан зөрчлийн талаарх мэдээллийн мөрөөр холбогдох шалгалтыг явуулахад П.Э*******ын дээрх үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, прокуророос хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэн, Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй гэж дүгнэн зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллага буюу Б******* дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст шилжүүлснийг Зөрчлийн хэрэг бүртгэх тасгаас бүртгэлийн 3-7093 дугаартай бүртгэн шалгаж эрх бүхий албан тушаалтан 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 0570410 дугаартай шийтгэлийн хуудсаар прокурор П.Э*******ад Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1. "Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу 100.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.
П.Э*******аас дээрх шийтгэлийг эс зөвшөөрч Б******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан гомдлыг тус шүүх 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хянан хэлэлцээд "...П.Э******* нь... Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил үйлдсэн гэж үзэхэд эргэлзээтэй нөхцөл байдал тогтоогдож байна...” гэж дүгнэн 2023/Ш3/1197 дугаартай шийтгэврээр шийтгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
Б******* дүүргийн прокурорын газраас анхан шатны шүүхийн шийтгэврийг эс зөвшөөрч Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичсэнийг шүүх 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хянан хэлэлцээд 2023/ДШМ3/260 дугаартай магадлалаар Б******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2023/Ш3/1197 дугаартай шийтгэврийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
Шүүх П.Э*******ын холбогдсон зөрчлийг "эргэлзээтэй” гэж дүгнэж эрх бүхий албан тушаалтны шийтгэлийг хүчингүй болгосон боловч 2023 оны 05 дугаар сарын 23-аас24-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн Г.Б*******ийн биед халдан өшиглөж, Б******* дүүрэг дэх Цагдаагийн газрын Эрүүлжүүлэх байранд хүргэгдсэн, П.Э******* нь 1.79%-ийн согтолттой байсан боловч тухайн үед түүний артерийн даралт 150/100, 160/110, пульс 119 байсан эрүүл мэндийн байдлаар “эрүүлжүүлэх боломжгүй” гэсэн үндэслэлээр эрүүлжүүлэх байранд хүлээн аваагүй болох нь хэрэг бүртгэлтийн 23020 дугаартай хэрэг, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан 3-7096 дугаартай материалд авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, хяналтын камерын бичлэг, П.Э*******ын согтолтын зэргийг согтуурал шалгагч багажаар шалгасан тухай тэмдэглэл зэрэг баримтууд болон албаны шалгалтаар тогтоогдсон.
Дээрх П.Э*******ын холбогдсон зөрчлийг шалгасан шалгалтын дүнг Прокурорын ёс зүйн зөвлөл 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар хянан хэлэлцээд "...хяналтын прокурор П.Э*******ын согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж иргэн Г.Б*******тэй зүй бусаар харьцсан, доромжилсон, эрүүлжүүлэх байранд албадан хүргэгдсэн үйлдэл нь өөрийн ажил, албан тушаалдаа хүндэтгэлтэй хандах зарчмыг баримтлаагүй, иргэд, олон нийтийн зүгээс прокурорт итгэх итгэл, үнэлэмжийг бууруулсан ёс зүйгүй үйлдэл гэж дүгнэн “Прокурорын ёс зүйн дүрэм”-ийн 2.4 дүгээр зүйлд заасан Прокурор хяналтын чиг үүргээс гадуур нийгмийн бусад үйл ажиллагаанд баримтлах ёс зүйн хэм хэмжээний 2.4.18 дахь хэсэгт заасан “прокурор нь өөрийн бүхий л үйл ажиллагаа, хувцаслалт, биеэ авч явах байдлаараа прокурорын байгууллагын нэр хүндийг хамгаалж, олон нийтийн итгэл, хүндэтгэлийг хүлээж байна”, 2.4.22 дахь хэсэгт заасан “прокурор согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж албадан эрүүлжүүлэгдэх, ...бусадтай зүй бусаар харьцах, санаатайгаар зөрчил гаргаж шийтгэл хүлээх, бусадтай зүй бусаар харьцах, бусдыг доромжлохыг цээрлэнэ” гэсэн хэм хэмжээг зөрчсөн” гэж дүгнэсэн.
Прокурор нь төрийн тусгай албан хаагч болохын хувьд хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэхдээ болон нийгэм, хамт олон, гэр бүлийн харилцааны хүрээнд баримталбал зохих хэм хэмжээг Прокурорын ёс зүйн дүрмээр зохицуулсан, түүнчлэн прокурорын байгууллагын нэр хүндийг хамгаалж, өөрийн бүхий л үйл ажиллагаа, биеэр авч явах байдлаараа ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, прокурорт итгэх олон нийтийн итгэлийг хүлээх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл ямар ч үед прокурорын байгууллагын нэр хүндийг цэвэр ариун байлгаж, прокурорын албан тушаалд хүндэтгэлтэй хандах учиртай.
Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын хэлтсээс холбогдох хяналт шалгалтыг явуулахдаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 10 дугаар зарлигийн хоёрдугаар хавсралтаар батлагдсан "Прокурорын ёс зүйн зөвлөлийн ажиллах журам"-д заасны дагуу шаардлагатай бүхий л ажиллагааг хийж, П.Э*******ыг тайлбар гаргах, баримт сэлт материалыг танилцуулах, баримт гаргаж өгөх хариу тайлбар өгөх боломжоор хангах, хуралдаанд оролцох зэрэг эрхийг бүрэн хангасан.
Прокурорын ёс зүйн зөвлөл нь шалгалтын материалд авагдсан баримт хүсэлтийг үндэслэн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 33 дугаартай дүгнэлтийг гаргасан тул уг дүгнэлт нь хууль ёсны, үндэслэл бүхий шийдвэр болно.
3/Прокурорын ёс зүйн зөвлөлийн дээрх шийдвэрүүдийг эс зөвшөөрч П.Э*******аас гаргасан гомдлыг Монгол Улсын ерөнхий прокурор хүлээн авч танилцаад “Прокурорын ёс зүйн зөвлөлийн ажиллах журам”-ын 6.15 дахь хэсэгт заасны дагуу Прокурорын ёс зүйн Зөвлөлийн даргад хуралдааныг дахин хуралдуулах үндэслэл бий эсэхийг хянан шийдвэрлэхийг даалгажээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 10 дугаар зарлигийн хоёрдугаар хавсралтаар баталсан “Прокурорын ёс зүйн зөвлөлийн ажиллах журам”-ын 6.15 дахь хэсэгт "...зөвлөл нь хууль, эсхүл энэ журмыг зөрчиж дүгнэлт гаргасан бол Зөвлөлийн дарга хуралдааныг дахин нэг хуралдуулах шийдвэр гаргаж болно...” гэж заасан бөгөөд Зөвлөлийн дарга хуралдааныг дахин хуралдуулах шийдвэр гаргаагүй тохиолдолд дүгнэлт эцсийн байхаар зохицуулжээ.
Зөвлөл нь прокурорын ёс зүйн дүрмийг зөрчсөн эсэх асуудлаар явуулсан шалгалтын дүнг хэлэлцэн, хараат бусаар, бие даан, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэж дүгнэлт гаргах үйл ажиллагааг хэрэгжүүлсэн тул “Зөвлөлийн хуралдааныг дахин хуралдуулах үндэслэл тогтоогдохгүй байна” гэсэн хариуг Прокурорын ёс зүйн зөвлөлийн дарга Д.Э 2024 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр 14/77 дугаартай хариу мэдэгдэх хуудсаар гомдол гаргагчид мэдэгджээ.
4/Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсгийн 13.1.1-д зааснаар “прокурор” нь төрийн тусгай албан тушаалд хамаарах бөгөөд мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт төрийн захиргааны болон төрийн тусгай албыг төрийн жинхэнэ алба гэж заасан.
Төрийн албаны тухай хуулийн дээрх зохицуулалтаар прокурор нь төрийн жинхэнэ албан хаагч хаагч тул Төрийн албаны тухай хууль болон Прокурорын тухай хуулийг холбогдох заалтуудыг баримтлан П.Э*******ад сахилгын шийтгэл оногдуулсан.
Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5 дахь хэсэгт "Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар, зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй" гэж заасан.
Хяналтын прокуророор ажиллаж байсан П.Э******* нь өөрийн эзэмшлийн газарт үйлчилгээтэй орон сууцны зориулалттай барилга барих ашгийн төлөө үйл ажиллагаа явуулж, улмаар хуулийн этгээдтэй 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулан, ажил гүйцэтгүүлж, гүйцэтгэлийн үр дүнг тооцон, 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр гэрээг цуцлуулах нэхэмжлэл гаргаж прокурорын ёс зүйн дүрэм зөрчсөн идэвхтэй үйлдэл үргэлжилсэн байх бөгөөд Улсын ерөнхий прокурорын газрын Дотоод хяналт шалгалт аюулгүй байдлын хэлтсээс албаны шалгалт явуулж Прокурорын ёс зүйн дүрмийн хэм хэмжээ зөрчсөн зөрчлийг илрүүлж, дүгнэлт гаргуулахаар 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Прокурорын ёс зүйн зөвлөлд шилжүүлсэн.
Мөн П.Э******* нь 2023 оны 05 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ өөрийн ажил, албан тушаалдаа хүндэтгэлтэй хандах зарчмыг баримтлаагүй, иргэд, олон нийтийн зүгээс прокурорт итгэх итгэл, үнэлэмжийг бууруулсан буюу иргэн Г.Б*******тэй зүй бусаар харьцан доромжилж, эрүүлжүүлэх байранд албадан хүргэгдсэн үйлдэлд Улсын ерөнхий прокурорын газрын Дотоод хяналт шалгалт аюулгүй байдлын хэлтсээс албаны шалгалт явуулж Прокурорын ёс зүйн дүрмийн хэм хэмжээ зөрчсөн зөрчлийг илрүүлж, дүгнэлт гаргуулахаар 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Прокурорын ёс зүйн зөвлөлд шилжүүлсэн байх ба зөрчлийг илрүүлснээс хойш 6 сарын хугацаа өнгөрөөгүй буюу 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр сахилгын арга хэмжээ авч, хариуцлага тооцсон.
П.Э******* нь С******* дүүргийн прокурорын газарт хяналтын прокуророор ажиллаж байхдаа Прокурорын ёс зүйн дүрмийн 2.4 дүгээр зүйлийн 2.4.5, 2.4.10, 2.4.18, 2.4.22 дахь хэсэгт заасан хэм хэмжээг тус тус зөрчсөн үйлдэлд нь Прокурорын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийн 48.1.5 дахь заалт, 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэг, 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсгийн 67.1.5 дахь заалт, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийн 48.1.4 дэх заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 12 дугаар зарлигийн хавсралтаар батлагдсан "Прокурорын сахилгын дүрэм"-ийн 1.3 дугаар зүйлийн 1.3.2 дахь заалт, 4.10 дугаар зүйл, Прокурорын ёс зүйн зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 32, 33 дугаар дүгнэлтийг тус тус үндэслэн "төрийн албанаас халах" сахилгын шийтгэл оногдуулсан тушаал нь хууль зүйн үндэслэлтэй болох нь дээр дурдсан баримтуудаар нотлогдож байна.
Иймд Прокурорын ёс зүйн зөвлөлөөс гаргасан 32, 33 дугаартай дүгнэлтүүд нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулахаар тайлбар гаргаж байна...” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэргийн материалтай хүмүүс танилцсан байгаа. Түрүүн шүүх хуралдааны явцад асуулт хариулт, нэмэлт тайлбар дээр нэлээд яригдсан учраас давтаж ярих шаардлагагүй байх гэж бодож байна. Хамгийн гол нь эдгээр хүмүүсийн ярьсан асуудал хурлын тэмдэглэл бүрэн тэмдэглэгдэж байгаа учраас дахиж нурших шаардлагагүй байх.
Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн төлөөлөгч нар шүүх хуралдаан дээр үг хэлэх эрхтэй боловч зохих хэмжээнд бас ёс зүйтэй байх хэрэгтэй. Хэлсэн үг, ярьсан тайлбарыг илт мушгин гуйвуулаад байна. Тэгээд Прокурорын ёс зүйн зөвлөлийн ажлын алба, дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын хэлтсээс явуулсан шалгалт хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан. Ёс зүйн зөвлөлийн ажлын алба бол ажиллах журмын дагуу үйл ажиллагаагаа явуулж дүгнэлтээ гаргасан. Ёс зүйн зөвлөлийг 2 хуралдаан болсон. Нэхэмжлэгч хуралдаанд оролцсон байгаа. Нэг хурал хийгээд 2 шийдвэр гаргасан гэж яригдаад байна. Тэгэхлээр 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Ёс зүйн зөвлөлийн 2 хуралдаан болсон. 2 хурлын тэмдэглэл, 2 шийдвэр гарсан байгаа. Тэгэхлээр хууль журмын дагуу явагдсан энэ хурлаас гарсан шийдвэр үндэслэлтэй гарсан талаар шүүх хуралдаанд тайлбарласан. Эдгээр шийдвэрийг үндэслээд Улсын ерөнхий прокурорын 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б/******* дугаартай тушаал гарсан байгаа. Тэгэхлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар, гэрч нарын мэдүүлэг зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
1.Улсын Ерөнхий прокурорын газрын Ёс зүйн зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 32 дугаар дүгнэлтийн тухайд:
1.1.Улсын Ерөнхий прокурорын газрын Ёс зүйн зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 32 дугаар дүгнэлтээр нэхэмжлэгчийг Прокурорын ёс зүйн дүрмийн 2.4.5, 2.4.10-д заасныг зөрчсөн гэжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 10 дугаар зарлигаар баталсан Прокурорын ёс зүйн дүрмийн 2.4-д “Прокурор хяналтын чиг үүргээс гадуур нийгмийн бусад үйл ажиллагаанд дараах ёс зүйн хэм хэмжээг баримтална” гээд 2.4.5-д “албан үүргээ хэрэгжүүлэхэд харшлах, эсхүл сөргөөр нөлөөлөх, прокурорын албан тушаалыг ашиглахыг санаархсан аливаа хэлцэл, үйл ажиллагаанаас зайлсхийнэ”, 2.4.10-д “прокурор багшлах болон эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэхээс бусад хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй” гэжээ.
1.2.Нэхэмжлэгчийг өөрийн эзэмшлийн Нийслэлийн Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 17******* нэгж талбарын дугаартай газар үйлчилгээтэй орон сууцны барилга барих үйл ажиллагаа явуулж, өөрийн нэрээр “Т Э Э Э Т Э” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан зөрчил гаргасан гэжээ.
1.3.Нэхэмжлэгчээс дээрх гэрээг байгуулсантай маргаагүй бөгөөд харин “үндсэн хуульд заасан шударгаар олж авсан эд хөрөнгийг эрх бүхий байгууллагад удаа дараа тайлгасан, шалгуулсан, гэрээг байгуулсан нь хууль зөрчөөгүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэж, хариуцагчаас “Прокурорын тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, Прокурорын ёс зүйн дүрмийн 2.4.5, 2.4.10-д заасан хориглосон үйл ажиллагааг тус тус явуулсан” гэж тус тус маргажээ.
1.4.Нэхэмжлэгч нь 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр “Т Э Э Э Т Э” ХХК-тай 03 дугаар ажил гүйцэтгэх гэрээг байгуулж гэрээнд захиалагч талыг төлөөлж нэхэмжлэгч, туслан гүйцэтгэгчийг төлөөлж Н.Х нар гарын үсэг зуржээ.
Прокурорын тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д “Прокурор багшлах болон эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэхээс бусад хуулиар тогтоосон эрх, үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсран гүйцэтгэхийг хориглоно” гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийг тухайн гэрээг байгуулсантай нь холбогдуулж дээрх хуулийг, мөн Прокурорын ёс зүйн дүрмийн 2.4.5, 2.4.10-д заасан тус тус зөрчсөн гэж дүгнэсэн нь хуульд нийцжээ.
1.5.Учир нь нэхэмжлэгч нь Нийслэлийн С******* дүүргийн Прокурорын газрын хяналт шинжилгээ үнэлгээ хариуцсан болон хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокуророор ажиллаж байсны хувьд прокурорын иргэний эрхэд тавих хязгаарлалтыг зайлшгүй мөрдөх учиртай.
1.6.Хэдийгээр нэхэмжлэгчээс иргэний хувьд гэр бүлийн хэрэгцээнд хувийн өмчөө эзэмшиж, ашигласан гэж тайлбарлаж буй хэдий ч тухайн гэрээг амины болон зуслангийн орон сууцтай адилтгах боломжгүй.
1.7.Мөн нэхэмжлэгчээс маргаан бүхий гэрээг 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан хэдий ч 2023 оны 08 дугаар сарын 21-ны өдөр гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 182,520,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг Нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байх тул зөрчил мөн хугацаа хүртэл үргэлжилсэн гэж үзэх бөгөөд Прокурорын сахилгын дүрмийн 5.1-д “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сар өнгөрсөн бол сахилгын шийтгэл оногдуулахгүй” гэж заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй.
Иймд Улсын Ерөнхий прокурорын газрын Ёс зүйн зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 32 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
2.Улсын Ерөнхий прокурорын газрын Ёс зүйн зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 33 дугаар дүгнэлтийн тухайд:
2.1.Улсын Ерөнхий прокурорын газрын Ёс зүйн зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 33 дугаар дүгнэлтээр нэхэмжлэгчийг Прокурорын ёс зүйн дүрмийн 2.4.18, 2.4.22-д заасныг зөрчсөн гэжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 10 дугаар зарлигаар баталсан Прокурорын ёс зүйн дүрмийн 2.4-д “Прокурор хяналтын чиг үүргээс гадуур нийгмийн бусад үйл ажиллагаанд дараах ёс зүйн хэм хэмжээг баримтална” гээд 2.4.18-д “прокурор нь өөрийн бүхий л үйл ажиллагаа, хувцаслалт, биеэ авч явах байдлаараа прокурорын байгууллагын нэр хүндийг хамгаалж, олон нийтийн итгэл, хүндэтгэлийг хүлээж байна”, 2.4.22-д “прокурор согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж албадан эрүүлжүүлэгдэх, санаатайгаар зөрчил гаргаж шийтгэл хүлээх, бусадтай зүй бусаар харьцах, бусдыг доромжлохыг цээрлэнэ. Энэ төрлийн зөрчлийг удаа дараа гаргасан бол сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэл болно” гэжээ.
2.2. Нэхэмжлэгчийг 2023 оны 05 дугаар сарын 23-24нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн Г.Б*******ийн биед халдан өшиглөж, Б******* дүүрэг дэх Цагдаагийн газрын Эрүүлжүүлэх байранд хүргэгдсэн, 1,79 хувийн согтолттой байсан зөрчил гаргасан гэжээ.
2.3.Улмаар нэхэмжлэгчид 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 0570410 дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 100000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.
2.4.Нэхэмжлэгчээс дээрх шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч гомдол гаргасныг Нийслэлийн Б******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1197 дугаар шийтгэврээр хүчингүй болгожээ.
2.5.Уг шийтгэврийг эс зөвшөөрч прокурорын эсэргүүцэл бичсэнийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 260 дугаар магадлалаар шийтгэврийг хэвээр үлдээжээ.
2.6.Дээрхээс дүгнэвэл маргаан бүхий захиргааны акт гаргахаас өмнө хүчин төгөлдөр шүүхийн шийтгэвэр, магадлалаар маргаан бүхий үйл баримтыг дүгнэж, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон байхад ёс зүйн зөрчил гэж үзсэн нь үндэслэлгүй.
2.7.Өөрөөр хэлбэл дээрх үйл явдлыг гэмт хэргийн зөрчил, ёс зүйн зөрчил гэж тусад нь авч үзэх боломжгүй бөгөөд нэхэмжлэгчийн тухайд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэдэгтэй маргаагүй, харин зориулалтын буюу зөвшөөрөгдсөн газар хэрэглэсэн байх бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 10 дугаар зарлигаар баталсан Прокурорын ёс зүйн дүрмийн 2.4.22-д заасан албадан эрүүлжүүлэгдсэн, зөрчлийг удаа дараа гаргасан гэх үндэслэлд хамаарахгүй байна.
Иймд Улсын Ерөнхий прокурорын газрын Ёс зүйн зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 33 дугаар дүгнэлтийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
3.Улсын Ерөнхий прокурорын 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б/******* дугаар тушаалын тухайд:
3.1.Улсын Ерөнхий прокурорын 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б/******* дугаар тушаалаар нэхэмжлэгчийг Прокурорын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.5, 66 дугаар зүйлийн 66.3, 67 дугаар зүйлийн 67.1, Төрийн албаны тухай хуулийн 48.1.4, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 08 дугаар зарлигаар баталсан Прокурорын зэрэг дэв тогтоох, олгох журмын 2.11, 2018 оны 12 дугаар зарлигаар баталсан Прокурорын сахилгын дүрмийн 1.3 дүгээр зүйлийн 1.3.2, 4.10 дүгээр зүйл, Прокурорын ёс зүйн зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 32.33 дугаар дүгнэлтийг тус тус үндэслэн төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.
Прокурорын тухай хуулийн 67.1-д “Прокурор хууль, байгууллагын дотоод журам, прокурорын мэргэжил, ёс зүйн дүрэм зөрчсөн, эсхүл хуульд заасан албан үүргээ биелүүлээгүй бол тухайн зөрчлийн шинж байдлыг харгалзан дараахь сахилгын шийтгэл оногдуулна” гээд 67.1.5-д “ажлаас халах”, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна” гээд 48.1.4-д “төрийн албанаас халах”, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 12 дугаар зарлигаар баталсан Прокурорын сахилгын дүрмийн 4.10-д “Прокурорт сахилгын шийтгэл оногдуулах тушаалд Прокурорын тухай хууль, Прокурорын сахилгын дүрмийн холбогдох зүйл, заалтыг удирдлага болгоно. Прокурорын гаргасан зөрчил нь хөдөлмөрийн харилцаатай холбоотой, эсхүл байгууллагын дотоод журмыг зөрчсөн бол Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг, мэргэжлийн дүрэм болон ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн бол Прокурорын ёс зүйн дүрэм, Мэргэжлийн дүрмийн холбогдох зүйл, заалтыг тус тус баримталж, сахилгын шийтгэл оногдуулна” гэжээ.
3.2.Нэхэмжлэгчийг Улсын Ерөнхий прокурорын газрын Ёс зүйн зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 32 дугаар дүгнэлтээр Прокурорын ёс зүйн дүрмийн 2.4.5, 2.4.10-д заасныг тус тус зөрчсөн гэж дүгнэж, уг дүгнэлтийг үндэслэн Улсын Ерөнхий прокурорын 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б/******* дугаар тушаалаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь хуульд нийцжээ.
3.3.Өөрөөр хэлбэл зөрчил гаргасан нь дээрх дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд тухайн зөрчилд ямар шийтгэл ногдуулах нь хариуцагчийн бүрэн эрхэд хамаарна.
3.4.Тодруулбал: Прокурорын тухай хуулийн 67.1.1-67.1.5-д заасан сахилгын шийтгэлийг шатлан ногдуулах талаар хуульд тухайлан зохицуулаагүй бөгөөд хариуцагчаас мөн хуулийн 67.1.5-д “ажлаас халах” сахилгын шийтгэл ногдуулсныг буруутгах хууль зүйн үндэслэлгүй.
3.5.Хэдийгээр тус шүүх Прокурорын ёс зүйн зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 33 дугаар дүгнэлтийг хүчингүй болгож шийдвэрлэсэн хэдий ч энэ нь Улсын Ерөнхий прокурорын 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б/******* дугаар тушаалыг хүчингүй болгох үндэслэл болохгүй.
Иймд Улсын Ерөнхий прокурорын 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б/******* дугаар тушаалыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.13-д заасныг үндэслэн
ТОГТООХ нь:
1.Прокурорын тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 67 дугаар зүйлийн 67.1.5, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4-д заасныг тус тус баримтлан П.Э*******ын нэхэмжлэлтэй Улсын Ерөнхий прокурорт холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох Улсын Ерөнхий прокурорын газрын Ёс зүйн зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 33 дугаар дүгнэлтийг хүчингүй болгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх хэсэг болох Прокурорын ёс зүйн зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 32 дугаар дүгнэлт, Улсын Ерөнхий прокурорын 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б/******* дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ