Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 87

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Б даргалан,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.С,

            Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.У,

         Шүүгдэгч: Д.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын Газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Т овогт Д-н Ц-дхолбогдох 1735000640026 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

        Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1966 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ня-бо эдийн засагч мэргэжилтэй, ам бүл-5, эхнэр 3 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн 60 айлын орон сууцны 1-6 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Увс аймгийн сум дундын шүүхийн 2010 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорих ялыг 2 жил тэнсэн харгалзахаар, мөн шүүхийн 2011 оны 7 дугаар сарын 08 ны өдрийн 41 дугаартай шүүгчийн захирамжаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан ялыг биечлэн эдлүүлсэн, /РД: Т овогт Д-н Ц.

         Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.Ц нь тус аймгийн Улаангом сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2017 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хохирогч М.Д-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд :

      1. Хохирогч М.Д-н мөрдөн байцаалтад өгсөн: “ ... Би 2017 оны 08 сарын 19-ний өдөр хадлангын талбай дээрээ очиж байж байгаад Огноо гэх Ц-н ах руу очиж сэрээ асуугаад ойр зуурын зүйл яриад зогсож байтал Ц согтуу хүрч ирээд миний аавын нэрээр дуудаж М-д юу байсан юм. Би М-д ямар гэм хийсэн юм. Дарга эхнэртэй, ажилтай нь та нар юм уу? Ямар их түрүү барьдаг юм гэх мэтээр дайрч давшлаад байсан. Би тэр хүнд юу ч хэлээгүй үг дуугүй зогсож байсан. Огноо дүүгээ түлхэж болиулах гээд байсан. Ц хэсэг агсарч байгаад зогссон. Огноо холдтол Ц намайг ирж заамдаж авсан би түүнд танд ямар гэм хийсэн юм бэ? гэж хэлээд түлхэж гарыг нь салгатал Ц цаашаа холдонгуутаа нөгөө гартаа байсан 1,5м орчим урттай Зсм орчим диаметртэй хуурай хатсан бургас модоор миний толгой руу баруун шанааны дээд хэсэгт цохисон. Миний толгой эргэж доошоо суусан ба толгойноос цус гарсан дарчихсан байтал Ц араас дахин ирж цохисон. Тэр хооронд Огноо дундуур орж салгасан бөгөөд модны үзүүр нь миний толгой дээр цохисон юм. Огноо дүүгээ барьж аваад газарт унагаж дарж суусан байсан. Намайг босоход Огноо нөгөө модны талыг надад үзүүлээд хугарчихсан байна гэж хэлж байсан. Миний толгойноос цус гараад тогтохгүй байсан тул би өөрөө эмнэлэгт очиж боолгосон юм.Ц бид хоёроос гадна Огноо байсан. Өшөө тэдний өвс ачилцаж байсан 4 хүн байсан.Тэднийг би танихгүй байна. Би ганцаараа байсан. Хүү маань хол байсан бөгөөд сүүлд гүйж ирсэн.Би Ц-г зодож цохиогүй. Намайг заамдсан байхад гарыг нь түлхэж салгасан өөр зүйл байхгүй. Ц-с өөр хүн намайг зодож цохисон зүйл байхгүй. Миний духны баруун дээд хэсэгт язарч баруун шанаа нүд орчмыг хамарч хавдсан байсан бөгөөд одоог хүртэл шилэн хүзүүгээр хөшиж толгой манарч өвдөөд байгаа юм. Эмчилгээ хийлгэж байгаа боловч зүгээр болохгүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 8-10-р тал/,

         2. Насанд хүрээгүй гэрч Б.-ны мөрдөн байцаалтад өгсөн: “ ...Би тэднээс 200 метр орчим зайтай хол байсан юм. Нэг харахад аавыг зодож байсан. Миний аав М.Д-н духны баруун дээд хэсэгт задарч цус гарч байсан. Орой нь аавын толгой эргэж манараад байна гэж хэлж байсан. Зодоонд өөр хун оролцоогүй. Миний аав тэр хүнийг зодож цохиогүй.” гэх мэдүүлэг  /хх-ийн 11-р тал/,

          3.  Гэрч Д.О-н мөрдөн байцаалтад өгсөн: “Зан араншингын хувьд Д.Ц нь түргэн огцом ууртай, архи уудаг, архи уусан үедээ агсам согтуу тавьдаг таарсан харьцсан хүн болгонтой хэрүүл, маргаан, зодоон хийгээд байдаг. Ах дүү бидний үгийг авч хэлэлцдэггүй, тоодоггүй зан араншин нь эвдэрсэн хүн байгаа юм. Бид сүүлдээ архины цагаан солио тусаж байгаа болов уу гэж бодох болсон. Архины эсрэг албадан эмчилгээнд явуулах шаардлагатай байгаа юм.Хэрэг болсон өдөр буюу 2017 оны 08 сарын 19-ний өдөр хадлангын талбайд өвс ачиж байхад уг явдал болсон бөгөөд тухайн үед би туслалцуулахаар хэсэг хүмүүсийг авч очиж ажиллуулж байсан юм. Тэдэнд өдрийн 20,000 төгрөгний хөлс төлж авч явсан тэдний нэр, хаяг, утсыг нь мэдэхгүй. Ц тэр газарт өөрөө архи уучихсан гүйж ирсэн юм. Арсай гэх газарт манай талбайтай зэрэгцээ Ц-н хадлангын талбай байдаг юм. Ц тухайн үед өөрийнхөө талбай дээр ажиллаж байсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 12-р тал/,

         4. Гэрч Д.Алиахүүгийн мөрдөн байцаалтанд  өгсөн: “Д.Ц 2017 оны 08 сарын 15-наас хадлангаа хадахаар Арсай гэх газарт байдаг хадлангын талбай уруу явсан. Бид өдөрт нь очоод орой нь Улаангомдоо буцаж ирдэг байсан. 2017 оны 08 сарын 18-ны өдөр бид өвс өө ачуулаад үлдэгдэл өвсийг харахаар Д.Ц хоцорсон би маргааш нь талбай уруу яваагүй юм. Тэр өдөр үдээс хойш Д.Ц зодоон хийгээд цагдаа аваад явах гэж байна. Өвс хардаг хүн алга гэж нөхрийн маань ах О-н эхнэр надад утсаар хэлсэн тэгэхэд анх мэдсэн юм. Очоод нөхрийгөө М.Д гэх хүнтэй зодолдсон талаар мэдсэн.Бид гэр бүл болоод 27 жил болж байгаа. Нөхөр маань дээд боловсролтой, ня-бо, эдийн засагч хосолсон мэргэжилтэй, урьд өмнө нь боломжийн хариуцлагатай албан тушаалуудыг хашдагбайсан боловч бусдын уруу таталтанд орж архинд орсон. Архинаас хамааралтай болчихсон хүн байгаа юм. Эрүүл үедээ ажилч хичээнгүй зан чанартай, зүтгэлтэй, ажил голдоггүй, хойш суугаад байдаггүй. Ар гэртээ халамжтай. Архи уучихаараа агсам согтуу тавиад гэрээс хүчээр гараад явчихдаг үргэлжүүлээд уугаад явчихаад байдаг юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 13-р тал/,

          5. Гэрч Д.Ц-н мөрдөн байцаалтанд өгсөн: “…Дүү маань Ц гэр бүл болоод 27 жил болж байна. Д.Ц нь хүнд тусархуу, өрөвч зөөлөн, эелдэг харьцаатай, яриасаг, нээлттэй, нийтэч хүн байгаа юм. Одоогоор эрхэлсэн ажилгүй, хувиараа хөдөө байдаг хадлангын талбайгаас өвс хадаж борлуулж мөнгө төгрөг олдог. …Д.Ц нь олон жилийн өмнөөс архи уух болсон. Уухаараа үргэлжүүлж олон хоногоор уугаад явчихдаг. Уухгүй үедээ хэдэн сараар заримдаа бүтэн жил ч уудаггүй хүн байгаа юм. Уусан үед догшин авиртай болчихдог хүн байгаа юм. Урьд нь архи уусан байхдаа хэрэгт холбогдож ял эдлээд ирсэн юм. Түүнээс хойш архи уух нь багассан байсан. Саяхан уугаад хэрэгт холбогдсон байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 14-р тал/,

         6. Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 477 дугаартай шинжээч эмчийн: “Үзүүлэгч М.Д-н биед гэмтэл учирсан байна. Духны баруун дээд хэсэгт язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь тогтоолд заасан болон хэргийн хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Өмнө нь учирсан гэх гэмтлийн зэрэгт нөлөөлөх гэмтэл байхгүй байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тодорхой хугацаанд нөлөөлнө.” гэх дүгнэлт /хх-ийн 20-р тал/,

            7.  Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38-р тал/,

            8. Шүүгдэгч Д.Ц-н хувийн байдал тогтоосон баримтууд /хх-ийн 29, 31, 32, 33, 34, 35, 45-46, 49-51-р тал/,

           9. Хохирогч М.Д-н“ Улаангом сумын 3 дугаар багийн иргэн Д.Ц-д миний бие гомдолгүй болно.” гэх тодорхойлолт, /хх-ийн 47-р тал/,

         10.  Шүүгдэгч Д.Ц-н мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2017 оны 08 сарын 15-ны өдөр Улаангом сумын 2-р багийн нутаг Арсай гэх Улаангом сумаас 18км зайд байдаг газарт хадлангын талбайдаа очиж өвсөө хадуулж нилээд хэд хоносон юм. 2017 оны 08 сарын 19-ний өдөр талбай дээр Б, Д нар ирээд надад 1 шил архи өгсөн. Түүнийг нь задлахад тэр хоёр та өөрөө цаг заваараа уучих гэж хэлээд амсаад өгсөн. Тэгээд яваад өгсөн. Би тэр архийг ганцаараа ууж дуусгасан бөгөөд нилээд халсан байсан. Тэгээд төрсөн ах О өвсөө ачиж байсан тул тэднийх рүү явж байтал Д гэх манай хажуу талын талбайн залуу тааралдаад "За ургацаа авчихсан уу. Мундаг ургац авсан байна шүү дээ" гэж хэлсэн юм. Д нь урьд нь дандаа бидний татсан усыг дур мэдэж авдаг ажил хийдэг та нар ажилгүй энд байдаг юм чинь дараа нь усал гэж аашилдаг манай тэр орчмын хүмүүс ам муутай байдаг хүн байгаа юм. Түүнийг тэгж хэлэхээр нь би ёжолж хэлж байна гэж хүлээж аваад "Чамаас өмнө усалж, чамаас өмнө ургац хурааж авч болдоггүй юм уу?" гэж хэлэхэд Д надруу "чи дандаа хүнтэй хэрүүл маргаан хийж толхилцож байдаг ямар хүн бэ?" гэж хэлсэн тэгээд бид хоёр маргалдаж барьцалдаж автал Д намайг нэг удаа хамар луу түлхэж чичсэн тэгэхэд би зөрүүлээд гарт байсан бураа модоороо Д-н толгой орчимд нэг удаа цохисон юм. Тэгтэл миний ах О гүйж ирээд дундуур орж биднийг салгасан юм. Д надаас салаад түүгээрээ Улаангом яваад өгсөн би талбай дээрээ хоцорсон юм.М.Д бид хоёр 10 гаруй жилийн өмнөөс хадлангын талбайтай болсон бидний газар зэрэгцээ байдаг тул талбайгаа услахаас болж зуны улиралд усны боолтон дээр маргалддаг байсан. М.Д нь нэгдсэн эмнэлэгт ня-бо ажилтай миний охинтой 1 өрөөнд хамт ажилладаг бөгөөд зунд хадлангын талбайгаа услахдаа би зав зай муутай ажилтай хүн гэж хэлээд бидний татаж авсан усыг дур мэдэн аваад усалчихаад байдаг. Шуудуу засах, боолгоогэх мэтийг засахад оролцдоггүй. Давуу зан гаргаад байдаг хүн байгаа юм. Түүнээс болж хэрүүл маргаан гардаг байсан. Ер нь хадлангын талбайтай хүмүүс зун, хавар нь уснаас болж маргалдаж л байдаг, Намар нь ургацаа хурааж авсаны дараа ургацын баяр хийж учираа олж эвлэрээд найз нөхөд болоод явдаг юм.Түүнээс бидний хооронд өр авлага, өш хонзонгын зүйл байхгүй. Миний хувьд архи ууснаас ийм асуудалд орчихлоо. Гэм буруугаа ойлгож байна. ...” гэх мэдүүлэг, нотлох баримтууд болно.

         Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл: Шүүгдэгч Д.Ц нь 2017 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар багийн нутаг Арсай гэх газарт хохирогч М.Д-г зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч М.Д, гэрчБ.А, Д.Огноо, Д.А, Ц.Ц нарын мэдүүлэг, шүүгдэгч Д.Ц-н хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 477дугаартайшинжээчийн дүгнэлтээрнотлогдож тогтоогджээ.

          Шүүгдэгч Д.Ц-н гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.Д-н эрүүл мэндэд “Духны баруун дээд хэсэгт язарсан шарх, зөөлөн эдийн няцрал” гэмтэл учирсан байх ба уг гэмтэл ньШүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 477дугаартайшинжээчийн дүгнэлт тогтоогдсон, хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байна.

            Иймд шүүгдэгч Д.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасанхүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял халдаах хууль зүйн үндэслэлтэй байна.

        Шүүгдэгч Д.Ц нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан, хохирогч М.Д нь нэхэмжлэх хохиролгүй, гомдол саналгүй талаар тодорхойлолт гаргасан нь хавтаст хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж үзлээ. 

         Шүүгдэгч Д.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

        Шүүгдэгч Д.Ц нь учруулсан хохирлоо сайн дураараа төлж барагдуулсан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг ял шийтгэхдээ харгалзан үзсэн, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :

          1. Шүүгдэгч Тайж овогт Д. Ц-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц-д 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Ц-доногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын  дотор төлж барагдуулах хугацаа тогтоосугай.

        4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

         5. Шүүгдэгч Д.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй болохыг тус тус дурдсугай.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Д.Ц-дөмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

         7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ          С.БОЛОРТУЯА