Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 145/ШШ2024/00494

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 145/ШШ2024/00494

Өвөрхангай аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

        Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “....................” ТӨХХК-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Өвөрхангай аймгийн .................... холбогдох

            “945,000,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.О /цахимаар/, хариуцагч Өвөрхангай аймгийн ..................., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анужин нар оролцов.

                                         

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “..................” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “.....................” ТӨХХК нь газар тариалан, мал аж ахуйн салбарыг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм. Засгийн газрын бодлого, нийт хүн амын хүнсний нөөцийг бүрдүүлэхэд анхаарч иргэн, аж ахуй нэгжтэй урт хугацааны таатай зээлийн нөхцөлөөр дэмждэг. Монгол орны нутаг дэвсгэрт өвөлжилт, хаваржилт хүндэрсэнтэй холбогдуулан гарсан Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2024 оны 02 сарын 9-ний өдрийн А/101 дугаартай Гэмшгийн эрсдэлийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай тушаалыг үндэслэн “...........................” ТӨХХК-д нөөцөлсөн 900тн тэжээлийн буудайг нэгж үнэ нь 700,000 төгрөгөөр тооцож нийт,  630.000. 000 төгрөгийн зээлийг Өвөрхангай аймгийн засаг даргын тамгын газар нь авсан бөгөөд өнөөг хүртэл зээлээ төлөөгүй байгаа бөгөөд 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн тооцооны үлдэгдлээр хугацаа хэтэрсэн өр 630,000,000 төгрөг байна. 1. 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр ТБ-А/2024-11 дугаартай  “Тэжээлийн буудай зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ээр 630,000,000 төгрөгийн тэжээлийн буудайг хүүгүй, 2024 оны 03 дугаар сарын 31-нд /гэрээний 3.1/ төлж барагдуулах гэрээ байгуулсан. 2024 оны 09  дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар 630,000,000 төгрөг байна. Гэрээний 5.2-т зааснаар нэг хоногийн 0,5 хувиар алданги тооцохоор  тохирсон өнөөдрийн байдлаар 164 хоног хугацаа хэтэрсэн алданги 516,600,000 төгрөг болж байгаа ба Иргэний хуулийн 232.4 дэх заасныг баримтлан анзыг 50%-иар тооцоход 315,000,000 төгрөг, ТБ-А/2024-11 тоот гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 630,000,000 төгрөг, анз 315,000,000  төгрөг, нийт 945,000,000 төгрөг гаргуулж манай байгууллагад учирсан хохирлыг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн Хүнс хөдөө аж ахуй яамны харъяа “....................” ТӨХХК нь газар тариалан мал аж ахуйн салбарыг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Засгийн газрын бодлогод нийт хүн амын хүнсний нөөцийг бүрдүүлэхэд анхаарч иргэн аж ахуйн нэгжүүдийн урт хугацааны таатай техник нөхцөлөөр дэмжлэг олгодог байгууллага юм. 2024 онд Монгол орны нутаг дэвсгэрт өвөлжилт, хаваржилт хүндэрсэнтэй холбогдуулан гарсан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/101 дугаартай гамшгийн эрсдэлийг бууруулах талаар авах зарим арга хэмжээ тушаалыг үндэслэн “...................” компани нь нөөцөлсөн 900 тонн тэжээлийн будааг нэгж үнэ нь 700,000 төгрөгөөр тооцож, нийт 630,000,000 төгрөгийн зээлийг Өвөрхангай аймгийн ............ нь авсан бөгөөд өнөөдөр хүртэл өр зээлээ төлөөгүй ба 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр буюу өнөөг хүртэл 630,000,000 төгрөг төлөгдөөгүй хэвээрээ байна. 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн ТБА/2024-10 дугаартай “Тэжээлийн будаа зээлээр худалдах худалдан авах гэрээ”-ээр 630,000,000 төгрөгийн зээлийн тэжээлийн будааг хүүгүй 2024 оны 3 дугаар сарын 31-ний өдөр дээрх гэрээний 3.1-д зааснаар төлж барагдуулахаар гэрээ байгуулсан. 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар ямар ч төлбөр хийгдээгүй. Энэ нь гэрээний 5.2-д зааснаар хугацаа хэтэрсэн хоног тутам 0.5 хувиар алданги тооцохоор тохирсон боловч өнөөдрийн байдлаар 164 хоног хугацаа хэтэрсэн, алданги нь 516,600,000 төгрөг болж байгаа ба Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д заасныг баримтлан анзыг тавин хувиар тооцоод, гүйцэтгээгүй гэрээний дүн нь  630,000,000 төгрөг, анз 315,000,000 төгрөг, нийтдээ 945,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Иймд учирсан хохирлыг нөхөн төлүүлж өгнө үү гэв.

  Хариуцагч Өвөрхангай аймгийн ......... ............ дарга Ц.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  2023-2024 оны өвөл, хаваржилтын байдал Монгол Улсын хэмжээгээр хүндэрсэн. Үүнийг Монгол орон даяар бүгд мэдэж байгаа. Энэ байгалийн гамшиг, цас, зудтай нөхцөл байдлуудад ямар дарааллаар арга хэмжээнүүд авч хэрэгжүүлдэг вэ? гэдэг дээр товчхон тайлбар өгье. Эхний ээлжид малчин айл өрхийн хэмжээнд нөөцөлсөн өвс тэжээл энэ бүхнийг зудны нөхцөл байдалд зарцуулдаг. Дараа нь ямар зүйл рүү ордог вэ? гэхээр сумын аюулгүйн нөөц гээд сум болгонд бас аюулгүйн нөөц бүрдүүлсэн байдаг. Энийг хэрвээ малчин айл өрхөд өөрийн хэмжээнд нөөцөлсөн өвс тэжээл зэрэг нь дууссаны дараа сумын нөөцөөс зарцуулдаг. Сумын нөөц дууссан тохиолдолд аймгийн өвс тэжээлийн аюулгүй нөөцөд нөөцөлсөн бараа бүтээгдэхүүнүүдийг цас, зудад нэрвэгдсэн айл өрхөд хүргэх ажлыг аймгийн онцгой комисс зохион байгуулж хэрэгжүүлдэг. Энэ хүрээндээ энэ ажлууд бүгд хийгдсэн. 2023 оны 11 дүгээр сараас эхлээд аймгийн хэмжээнд бүх нутгийг хамарсан цас орж, орсон цас нь улмаар хайлж, зарим газраа хөлдөж, мөсөн зуд гэх байдал нөхцөлийг бий болгосон. Зарим газраа зуншлага байхгүйгээс малын хоол тэжээл хомсдож нөхцөл байдал хүндэрсэн. 2023 оны 11 дүгээр сараас эхлээд 2023 оныг дуустал малчин өрхөд нөөцөлсөн өвс тэжээл, сумын аюулгүй нөөцөд байгаа бүх тэжээлийг гаргаад, зарцуулаад дууссан. Үүний дараа аймгийн нөөцөд хадгалсан өвс тэжээл, ногоон тэжээл, хужир, шүр зэрэг тэжээлүүдийг 2024 оны 01 дүгээр сард гаргаж малчин айл өрхүүдэд хүргүүлэх ажлыг аймгийн онцгой комиссоос зохион байгуулж ажилласан. Өвөрхангай аймгийн хэмжээнд 2024 онд гамшгаас хамгаалах зардалд 600,000,000 сая төгрөг төлөвлөөд үүнийг бүрэн зарцуулж дууссан. Өөрөөр хэлбэл 2023 оны 12 дугаар сарын сүүлээс 2024 оны 01 дүгээр сар хүртэлх хугацаанд 600,000,000 төгрөгийн өвс тэжээлийг аймгийн нөөцөөс бүрэн гаргаж зарцуулж дууссан. 2023 оны төгсгөл, 2024 оны эхээр Улсын онцгой комисс болон Улсын онцгой комиссын дэргэд байгуулагдсан шуурхай штабаас Өвөрхангай аймгийн зудын нөхцөл байдалтай газар дээр нь хоёроос гурван удаа ирж танилцсан байдаг. Энэ Улсын онцгой комиссын ажлын хэсэг, шуурхай штабын ажлын хэсэг гараад малчид болон сум, аймаг нөөцгүй болжээ гэдгийг нүдээрээ үзээд явцгаасан. Айл өрхүүдээр, сумын аюулгүй нөөц, аймгийн аюул аюулгүй нөөцөөр орсон. Аймгаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдтэй болон хуваарилсан хөрөнгө мөнгөтэй танилцсан. Аймгийн онцгой комисс болон аймгийн удирдлагуудтай хуралдаад аймгийн зүгээс Улсын онцгой комисст малын тэжээл, бусад бараа бүтээгдэхүүний тусламж үзүүлэхгүй бол бид нар хүндрэлтэй байгаа гэдгийгээ хуралдаан дээр танилцуулсан. Үүнийг Улсын онцгой комиссын ажлын хэсэг болон шуурхай бүлгийн ажлын хэсгийнхэн цааш нь Улсын онцгой комисстой ярилцана, Засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрлүүлнэ, тодорхой хэмжээний тэжээлийн дэмжлэг үзүүлнэ гэдэг зүйлийг хурал дээр хэлээд явсан. Энэний дагуу 2 дугаар сарын 17-ны өдөр Улсын онцгой комисс хөдөө явсан ажлын хэсгүүдийн дүнг хэлэлцээд улсын нөөцөөс тодорхой хэмжээний нөөцийг гаргаж нөхцөл байдал хүндэрсэн аймгуудад хүргэх нь зүйтэй гэсэн Улсын онцгой комиссын шийдвэр гарсан байдаг. Энэ шийдвэрийн дагуу Хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын тушаал гарсан. Сая нэхэмжлэгч тал 02 дугаар сарын 09-ний өдөр гээд хэлчихлээ. Энэ шийдвэр бол 2023 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн А/101 дугаартай гамшгийн эрсдэлийг бууруулах талаар авах арга хэмжээний тухай гэсэн тушаал гарсан байдаг. Энэ тушаалаар өвөлжилт хүндэрсэн аймгуудын болон цагаан зуд болон төмөр зудтай байгаа сумдад Хөдөө аж ахуйн корпорацийн нөөцөд хадгалагдаж байгаа буудайг тонн тутмын 700,000 төгрөгөөр олгох шийдвэр гаргасан байдаг. Энэ тушаалын дагуу нийт 14 аймаг хамрагдсан байдаг. Энэ шийдвэрт манай Өвөрхангай аймгийн цагаан зудтай 8 сум, мөсөн зудтай 2 хоёр сум нийлээд 10 сум хамрагдаад аймгийн хэмжээнд 900 тонн улаан буудайг тонн бүрийг нь 700,000 мянган төгрөгөөр тооцож зээлээр олгох Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тушаал гарсан байдаг. Үүний дагуу танайх 900 тонн будаагаа улсын нөөцийн салбараас одоо татаж ав гэсэн чиглэлийг аймагт Улсын онцгой комиссоос ирсэн. Тухайн үед аймгийн онцгой комисс хуралдаад тонн буудай 700,000 төгрөг гэдэг хэтэрхий үнэтэй байна, дээрээс нь Улаанбаатар хотоос тээвэрлэж ирэх зардал, ирсэн хойно цааш нь малчидад хүргэх зардал өндөр байсан. Нэг ёсондоо 2 кг буудай малчны гар дээр очиход 20,000 төгрөгийн тооцоо гарч байсан. Энэ үнээр худалдаж аваад малчин өрхүүдэд хүргэх боломжгүй гэдгийг Улсын онцгой комисст болон тэр үеийн цахим хурлууд, шуурхай хурлууд дээр танилцуулж байсан. Нэгдүгээрт өндөр үнээр малчдад хүргэх боломжгүй, хоёрдугаарт зудын байдалд байгаа малчин өрхүүд худалдаж авах боломжгүй гэсэн чиглэлийг өгөөд Улсын онцгой комиссоос ямар нэгэн аргаар малчдад хүргэнэ, малчдаас ямар нэгэн төлбөр авч болохгүй, малчдад үнэгүй хүргэнэ гэсэн. Үнийг дараа нь Засгийн газрын хуралдаанаар оруулж шийдвэрлүүлнэ та нар дуугүй одоо зээлийн гэрээгээ байгуулаад энэ будааг яаралтай татаж ав аа гэсэн ийм чиглэлүүдийг тэр үеийн цахим хурлууд дээр өгч байсан юм. За ингээд аймаг бол бас нөхцөл байдлыг хараад татаж авалгүй бас хэд хоносон бусад аймгуудтай ярилцсан. Би нэг том том зүйл тодотгоё, нөөцөд хадгалагдаж байсан улаан буудай  малд өгөх зориулалтгүй, бас их хэмжээгээр өгвөл нөгөө муудсан малаа хордлогод оруулдаг, эргээд сөрөг үр дагавар үүсгэдэг. Ийм учраас Улсын онцгой комиссоос бол энийг одоо няцалж бутлаад ингээд шуудайг савлаад одоо ингээд малчдад хүргээрэй гэсэн ийм чиглэлийг өгч байсан. Ингээд няцалж савлахад нь бол одоо бас маш их зардал нэмэлтээр гарах байсан учраас аймаг бол одоо бэлэн тэжээл зах зээлээс худалдаж авбал одоо хамаагүй хямд байх нь ээ гэдэг зүйлийг ярьж байсан. Аймаг орон нутагт бол яг  тухайн үед бол хөрөнгө мөнгө байхгүй, хөрөнгө мөнгө шавхчихсан байсан. Ийм байдалтай байсан. Тэгээд хэд хоног бид нар бас энэ байдлаа нөхцөл байдлаа Улсын онцгой комисс Засгийн газрын одоо бас ирсэн ажлын хэсгийн хүмүүст танилцуулаад ингээд орон нутаг хүлээдэг энийг бид нар эргэж төлөх боломжгүй байна. Тэр тусмаа одоо Өвөрхангай аймаг бол Улсын төсвөөс татаас авдаг аймаг өөрийн нэмэлт орлого байхгүй сангийн яамнаас баталж өгсөн төсвийн хүрээнд л үйл ажиллагаа явуулдаг. Өөрөөр хэлбэл Улсын төсвөөс татаас авч үйл ажиллагаагаа явуулдаг тэгэхээр ямар нэгэн нэмэлт орлого байхгүй төлөвлөсөн орлого нь дуусчихсан. Ийм учраас одоо энийг зээлээр авлаа ч гэсэн дараа нь бид нар төлөх боломжгүй гэдгийгээ хэлж байсан юм. Ес хоногийн дараа Монгол Улсын Засгийн газрын тогтоол гарсан. Засгийн газрын тогтоолоор ямар асуудлыг шийдэж өгсөн бэ гэвэл нэгдүгээрт энэ ..................д байгаа 10,200 тонн улаан буудайнаас манайд 900тн ноогдсон. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд хадгалагдаж байгаа улаан буудайг малын тэжээлээр татан төвлөрүүлж, төмөр болон цагаан зудын нөхцөлд байгаа аймгуудад олгох хүргүүлэх ажлыг Хөдөө аж ахуйн сайд зохион байгуулж ажиллахыг тэр үеийн Хөдөө аж ахуйн сайд Болорчулуунд даалгасан. Хоёр дахь заалт нь энэ тариалан аж ахуйн нэгжүүдээс худалдаж авах тэжээлийн буудай болон малын тэжээлийн үнэ, татан авах зардлын тооцоо, аймгуудад олгох хуваарийг гаргаж зохион байгуулалтаар хангаж ажиллахыг бас Хөдөө аж ахуйн сайдад даалгасан байдаг. Гурав дахь заалтаараа Хөдөө аж ахуйн корпорацийн нөөцөд байгаа 10,200 тонн буудайны үнэ болох 7 тэрбум 140 сая төгрөг,шаардагдах зардлыг 2024 оныхоо батлагдсан төсвийн хүрээнд зохицуулалт хийх замаар санхүүжүүлэхийг Болорчулуун сайдад үүрэг болгосон шийдвэр гарсан. Манайх Засгийн газрын 76 дугаар тогтоол гараад ирсэний дараа 3 дугаар сарын 04-ний өдөр 900 тонн тэжээлийн будаагаа татаж авах гэрээгээ байгуулаад, татах ажилдаа орсон юм. Энэ татах ажил Улаанбаатарт Хөтөлөөс,  Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд Улаанбаатараас татаж авч тээвэрлэх зардал, улаан буудай савлах зардал гээд 172 сая төгрөг аймаг орон нутгаасаа тэр үед бүх нөөц бололцоогоо шавхаад тээвэрлэж ирсэн. Тэгээд ЗХ-ний 256 дугаар ажиллах хүчийг ашиглаж савлуулаад, малчин айл өрхөд хүргүүлэх ажлыг зохион байгуулсан.  Ингээд ямар ч байсан малчин өрхөд хүргэх ажлыг зохион байгуулсан.  Улсын онцгой комисс болон шуурхай бүлгийн ажлын хэсгүүд хөдөө сумдад уулзалт хийхдээ, Улсын онцгой комиссоос дэмжлэг үзүүлнэ, тэжээлийн болон одоо улаан буудайны дэмжлэг үзүүлнэ гээд аймаг сум орон нутаг ямар нэгэн нэмэгдэл өртөггүйгээр та бүхэнд хүргэх ёстой шүү гэдгийг хурлууд дээр маш тодорхой хэлж явсан. Энэ байдлаас болоод малчид үнэгүй ирэх юм байна,  үнэ төлбөргүй ирэх юм байна гэдэг ойлголт авчихсан байсан.  Хэрэгт байгаа Өвөрхангай аймгийн Засаг даргаас сангийн сайд Жавхланд хүргүүлсэн албан бичиг байгаа ч бидэнд эргэж хариу ирээгүй. Бид нар одоо албан бичгийнхээ хариуг авъя аа гээд утсаар ярихад Засгийн газрын тогтоолоор шийдвэрлэгдсэн асуудал,  та нарт наад орон нутгийн төсөв дээр чинь дахиж тэр буудайны үнийг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу хэлдэг. Улсын шадар сайд Амарсайханд хандаж, Засгийн газрын хуралдаанаар оруулан чөлөөлүүлж, шийдвэрлүүлж өгөх асуудлыг   албан бичгийг хүргүүлсэн байгаа.  Манай Засаг даргын тамгийн газар энэ хэрэгт хариуцагчаар орох ёсгүй гэж үзэж байна. Хариуцагч нь Хөдөө аж ахуйн яам, эсхүл Улсын онцгой комисс байх нь зүйтэй. Хөдөө аж ахуйн газар ч хариуцагч байх боломжтой, босоо удирдлагатай, яг салбарын харъяа газар юм гэв.

Хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон талуудын тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

            1.Нэхэмжлэгч “..................” ТӨХХК нь хариуцагч ............................ холбогдуулан945,000,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргажээ.

 

2. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

 

3. Нэхэмжлэгч тал 915,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа  дэмжиж, хариуцагч талаас уг иргэний хэргийн хувьд хариуцагч байх үндэслэлгүй гэж маргасан.

 

4. Талуудын байгуулсан гэх 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн ТБА/2024-10 дугаартай “Тэжээлийн будаа зээлээр худалдах худалдан авах гэрээ”-г нэг талаас нэхэмжлэгч “....................”ТӨХХК, нөгөө талаас Өвөрхангай аймгийн Хөдөө аж ахуйн газар нар харилцан тохиролцож байгуулсан байх ба гэрээнд худалдан авагч талыг төлөөлж аймгийн Хөдөө, аж ахуйн газрын дарга С.Ц, аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ц.И нар гарын үсэг зурж, аймгийн Засаг дарга И.Д уг гэрээг баталгаажуулжээ.

 

5. Гэрээнд худалдагч тал нь худалдан авагч талд 630,000,000 төгрөгийн үнэ бүхий тэжээлийн будааг шилжүүлэх, худалдан авагч тал нь тэжээлийн будааны үнэ болох 630,000,000 төгрөгийг худалдагч талд шилжүүлэхээр харилцан тохиролцсон байгаа нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан Худалдах, худалдан авах гэрээний шинжтэй байна гэж үзлээ. 

 

6. Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн  60.1.5-д зааснаар аймгийн Засаг дарга нь аймгийн төсвийн ерөнхийлөн захирагч байх ба, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын ажлын алба нь тамгын газар байх бөгөөд…” гэж заасан, мөн дээрх гэрээнд  Өвөрхангай аймгийн  ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга  нь худалдан авагч талыг төлөөлөн байгуулсан байх тул жинхэнэ хариуцагч нь аймгийн ЗДТГ биш гэж маргасан хариуцагч талын тайлбар үндэслэлгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн  28.1 дэх хэсэгт “Нэхэмжлэгч уг нэхэмжлэлийг гаргах эрхгүй, эсхүл хариуцагч уг нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш болох нь нотлох баримтаар тогтоогдвол шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр, эсхүл түүний зөвшөөрснөөр нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийг жинхэнэ нэхэмжлэгчээр, хариуцагч биш этгээдийг жинхэнэ хариуцагчаар тус тус сольж болно”, 28.3 дахь хэсэгт “Нэхэмжлэгч хариуцагчийг өөр этгээдээр солих тухай хүсэлт гаргаагүй, эсхүл зөвшөөрөөгүй бол шүүх хариуцагчийг сольж болохгүй” гэж заасан ба нэхэмжлэгч талаас хариуцагчийн дээрх тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй болохоо илэрхийлсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

7. Хариуцагч талаас Монгол улсын Засгийн газрын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 76 дугаар тогтоолыг дурдаж, тэжээлийн будааны үнийг Засгийн газар хариуцах ёстой гэж тайлбарласан ч талуудын байгуулсан Худалдах, худалдан авах гэрээнд Монгол улсын Засгийн газар ямар нэгэн үүрэг хүлээгээгүй бөгөөд гэрээний оролцогч биш байна.

 

8. Хариуцагч тал гэрээний зүйл болон тэжээлийн будааг өөрийн зардлаар тээвэрлэсэн гээд, тэжээлийн будааг зорилтот айл өрхүүдэд үнэ төлбөргүй шилжүүлэн өгч, гамшгийн үед туслалцаа үзүүлсэн гэсэн тайлбар гаргасан нь хариуцагч талыг гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд талуудын байгуулсан Худалдах, худалдан авах гэрээнд энэ талаар зохицуулалт байхгүйг дурдъя.

 

9. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч .................. нь тэжээлийн будааны үнэ болох 630,000,000 төгрөгийг нэхэмжлэгч талд төлөх үүрэгтэй байх ба гэрээнд заасан алдангийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.2 дахь хэсэгт “Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал, эсхүл талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс гэрээний хугацааг үргэлжлүүлэх, сунгахыг шаардах боломжгүй нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх үндэслэл гэж үзнэ” гэж заасан, хариуцагч талаас гэрээний төлбөр төлөх хугацаанд нутаг дэвсгэрийг хамарсан байгалийн гамшиг буюу зудын нөхцөл байдалтай байсан болох нь хариуцагч талын тайлбарт дурдагдсан ба нэхэмжлэгч талаас энэ нөхцөл байдалтай холбогдуулан мараагүй, Тэжээлийн будаа худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан шалтгаан нөхцөл нь тэрхүү байгалийн гамшиг, зудын нөхцөл байдалтай холбоотой байсан тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн  232.8 дахь хэсэгт “Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно” гэж зааснаар алдангийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн болно.

 

10. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллагыг Улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсгүүдэд зааснаар хариуцагч Өвөрхангай аймгийн ..............с 630,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “..................”ТӨХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 315,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй   болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллагыг Улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдсугай.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 А.ҮҮРИЙНТУЯА