Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 90

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Б даргалан,

              Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.С,

              Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.У,

           Шүүгдэгч: Х.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын Газраас 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тумаа овогт Х-н Х-д холбогдох 1735000460028  дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,  1995 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн Ховд суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 7, аав, ээж, эгч, дүүгийн хамт Увс аймгийн Ховд сумын Халиунбулаг багт оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй,РД: , Т овгийн Х-н Х.

         Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Х.Х нь 2017 оны 8 дугаар сарын 06-ны өдөр тус аймгийн Ховд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч Д.Б--г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд :

           1. Хохирогч Д.Б-н мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2017 оны 8 дугаар сарын 06-ны өдөр хадлан хадах гээд “Бага булаг” гэдэг газар байдаг хадлангийнхаа талбайд иртэл манай хадлангийн талбайг Х хоёр хүүхэдтэйгээ хамт хадаж байсан юм. Тэгээд би очоод наад талбай чинь манай хадлангийн талбай байна, одоо битгий хадаарай гэж хэлсэн. Тэгтэл Х.Х надад манайх урьд нь хадаж байсан талбай гэж хэлэхээр нь би энэ талбай манай хадлангийн талбай надад гэрчилгээ нь байгаа гэхэд за за тэгвэл бид нар нэг машин өвс авьяа гэхээр нь эндээс энэ хүртэл хадаарай гэж газар тэмдэглэж өгсөн юм. Тэгээд байж байтал Х уурлаад “Бид нар энэ талбайг жил болгон хаддаг, та нар юу юм бэ? гээд намайг хэл амаар доромжилж, салаавч гаргаад “Та нар зайл” гэсэн. Би Х-н хажууд очоод би гэрчилгээ авч ирээд та нарын хадсан өвсийг ачиж авна гэж хэлтэл Х.Х намайг барьж аваад миний нүүрэн хэсэгт хамар руу мөргөөд намайг мушгиж газарт унагаагаад миний хамар дух орчимд гараараа 2 удаа цохиж зодсон ба би босож ирээд мотоцикль асааж сум руу ороод хүмүүст мэдэгдсэн юм. Т.Х нь намайг цохиж зодсон зүйл байхгүй. Энэ хэргийн улмаас надад 300.000 төгрөгний хохирол учирсан. Х.Х надад учирсан хохирлийг төлж барагдуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10-р тал/,

            2. Гэрч Б.Б-н мөрдөн байцаалтад өгсөн: “Хадлангийн талбайгаас болоод хоорондоо маргалдсан юм. Тэгж байтал Д.Б Т.Х-н хөл рүү хадуурны иш модоор цохиод автал Х.Х аав Х өмөөрөн Б-г хавирч унагаагаад нүүрэн тус хэсэгт нь гараараа 1-2 удаа цохисон юм. Би очиж Х-г татаж салгасан. Тэгтэл Б сумын төв яваад цагдаа аваад хүрэээд ирсэн юм. Т.Х, Х хоёр нь нийлж Д.Б-г цохисон зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12р тал/,

            3. Гэрч Т.Х-н мөрдөн байцаалтанд өгсөн: “2017 оны 8 дугаар сарын 06-ны өдөр өөрийн хүүхдүүд болох Х.Х, Х.Н нарын хамт “Бага булаг” гэдэг нэртэй газарт өвс хадаж байтал Д.Б, Б гэдэг хоёр залуу хүрч ирээд “Та нар яагаад энэ газрын өвсийг хадаж авдаг юм бэ? Манай газар гэсэн юм. Тэгэхээр нь би “Жил болгон манайх энэ талбайн өвсийг хадаж авдаг биз дээ” гэхэд гэрчилгээ нь манай нэр дээр байдаг юм гэж Б хэлсэн, тэгээд ярилцаж байгаад тохироод хувааж хадахаар болсон. Тэгээд өвсөө хадаж байтал Д.Б, Б.Б хоёр ахин хүрч ирээд “Та нар одоо боль” гээд уурлаад байхаар нь би “Ямар олон ааштай юм бэ? Хуваагаад хадаж авна гэчихээд” гээд хэлээд байж байтал дахин “Та зааж өгсөн газраас өөр газар хадаад байна” гээд дайраад байхаар нь миний уур хүрээд Д.Б хэрэлдэж маргалдсан. Тэгж байтал миний хүү Х.Х хүрч ирээд Д.Б-г барьж аваад хавирч, дээрээс нь дараад унасан. Тэгтэл Б.Б хүрч ирээд Х.Х-г араас нь татаж босгосон. Би тухайн үед Д.Б-той хэрүүл маргаан хийснээс өөр зодож цохисон зүйл огт байхгүй. Намайг Д.Б- цохих үед хүү Х.Х- намайг өмөөрч Д.Б-г зодсон юм”гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р тал/,

         4. Гэрч А.Г-н мөрдөн байцаалтанд өгсөн: “Бид нэг нутаг усанд амьдардаг тул би Х.Х-г сайн танина. Х.Х-нь Халиунбулаг багт аав, ээж дүү нарын хамт мал маллаж амьдардаг залуу байгаа юм. Хувийн зан байдлын хувьд хүнд их тусархуу зантай, архи дарс уудаггүй, тамхи татдаггүй, томоотой хүн юм. Өөрөө үндэсний бөхөөр барилдах дур сонирхолтой бас сумандаа чамгүй сайн барилдчихдаг цолгүй бөхчүүдийн барилдаанд тогтмол сайн барилддаг залуу юм” гэх мэдүүлэг /хх-ийн 16-р тал/,

          5. Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 8 дугаар сарын 09-нийөдрийн 455 дугаартай шинжээч эмчийн: “Үзүүлэгч Д.Б-н биед гэмтэл учирсан байна. Хамар ясны хугарал, зүүн нүдний дотно буланд, баруун бугалганд цус хуралт, зүүн мөрний үений дээд хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь нэг цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно” гэх дүгнэлт /хх-ийн 21-р тал/,

            6.  Шүүгдэгч Х.Х-г урьдял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46-р тал/,

            7. Шүүгдэгч Х.Х-н хувийн байдал тогтоосон баримтууд /хх-ийн 43-45-р тал/,

            8. Хохирогч Д.Б-н “амбулаториор эмчлүүлсэн карт” /хх-ийн 30-38-р тал/,

         9. Хохирогч Д.Б-н хохирол, төлбөр барагдуулсан, одоо гомдол, тэмцэлгүй тул хэргийг шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт. /хх-ийн 49-50-р тал/

        10. Шүүгдэгч Х.Х- н мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2017 оны 08 сарын 06-ны өдөр аав Т.Х, дүү Н нарын хамт “Бага булаг” гэдэг газарт өвс хадаж байсан юм. Тэгтэл Д.Б, Б.Б хоёр мотоцикльтой хүрч ирээд та нар манай хадлангын талбайд өвс хадаж байна одоо боль гэсэн. Би манайх жил болгон хадаж авдаг байсан гэж хэлэхэд Д.Б гэрчилгээ нь надад байгаа гэхээр нь би за за тэгвэл би эндээс яг нэг машин өвс хадаж авъя гэж гуйхад тэг тэг гээд та нар нэг их доошоо хадаж болохгүй шүү энэ хавьдаа л хад гэж хэлсэн. Тэгээд өвсөө хадаж байтал Д.Б, Б.Б нар ахин хүрч ирээд миний аав Х-г та яагаад энд хадаад байгаа юм бэ? гэхэд аав уурлаад та нар хуваагаад хадаж авна гэж хэлчихээд яагаад байгаа юм бэ? манайх энэ талбайг жил болгон хадаж авдаг талбай гэж хэлэхэд Д.Б би та нарын хадсан өвсийн гэрчилгээ авч ирээд ачиж авна гэж хэлэхэд аав уурлаад Д.Б салаа гаргаад тэр хоёр маргалдсан би очоод нэг машин өвс авъя гэхэд тэг гээ биздээ гэхэд Д.Б уурлаад та нар энд өвс хадах ёсгүй миний талбайг та нар хадаж байна гээд хадуурны иш модоор аавын хөл үрүү нь цохиод авахаар нь би очоод Д.Б-г хавсарч газарт дарж унасан тэгээд нэг удаа гараараа нүүрэн хэсэгт нь цохьсон юм. Тэгтэл Б.Б хүрч ирээд намайг татаж бид хоёрыг салгасан юм. Д.Б босч ирээд мотоциклио асаагаад сум уруу яваад цагдаа авч ирсэн юм.Би хийсэн хэрэгтэй маш их гэмшиж харамсаж байна. Би Д.Б ахаас уучлалт гуйж бид нар хоорондоо эвлэрсэн. Миний хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч түүнд учирсан гэх хохирлыг бүрэн барагдуулж өгсөн, надад хөнгөн ял оноож өгөхийг хүсэх байна.” гэх мэдүүлэг,нотлох баримтууд болно.

          Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл: Шүүгдэгч Х.Х 2017 оны 8 дугаар сарын 06-ны өдөр тус аймгийн Ховд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч Д.Б-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Д.Б, гэрчБ.Б, Т.Х нарын мэдүүлэг,шүүгдэгч Х.Х-н  үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, 2017 оны 8 дугаар сарын 09-нийөдрийн 455дугаартайшинжээчийн дүгнэлтээр нотлогдож тогтоогдсон байна.

          Шүүгдэгч Х.Х-н гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Б-н эрүүл мэндэд “Хамар ясны хугарал, зүүн нүдний дотно буланд, баруун бугалганд цус хуралт, зүүн мөрний үений дээд хэсэгт зөөлөн эдийн няцрал” гэмтэл учирсан байх ба уг гэмтэл ньШүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох ньШүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2017 оны 8 дугаар сарын 09-нийөдрийн 455дугаартайдүгнэлтээр тогтоогдсон, хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байна.

           Иймд шүүгдэгч Х.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулах үндэслэлтэй байна.

       Шүүгдэгч Х.Х нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан, хохирогч Д.Б нь нэхэмжлэх хохирол, төлбөргүй гэж мэдүүлсэн нь хавтаст хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж үзлээ. 

      Шүүгдэгч Х.Х нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

      Шүүгдэгч Х.Х нь учруулсан хохирлоо сайн дураараа төлж барагдуулсан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг ял шийтгэхдээ харгалзан үзсэн бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэдзаасныгтус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Шүүгдэгч Тумаа овогт Х-н Х-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х-н Х-г450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

        3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Х.Х нь торгох ялыг хуулинд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

          4. Шүүгдэгч Х.Х нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй болохыг тус тус дурдсугай.

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Х.Х-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэрэглэсүгэй.

           6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.БОЛОРТУЯА