Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 1384

 

МАГАДЛАЛ ТӨСӨЛ

2020.06.26                                               1384                                             Улаанбаатар

 

 

 

 

 

 

“ХХБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ш.Оюунханд даргалж, шүүгч С.Энхтөр, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 184/ШШ2020/01376 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “ХХБ” ХХК-ийн хариуцагч Д.О, Д.Ц нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 64 441 380 төгрөг, кредит картын төлбөр 12 501 702.67 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлтэй хэргийг хариуцагч Д.О-ийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Л,

Хариуцагч Д.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Д.Ц, Д.О нар нь тус банктай 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр №ЗГ/RCC180402022-2 тоот Зээлийн гэрээ, №3B/RCC180402022-2-2 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, №3B/RCC180402022-2-3-н тоот Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээг тус тус байгуулан 85 000 000 төгрөг жилийн 20.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар зээлж авсан. Ингээд гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож улсын бүртгэлийн Ү-2201008214 дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүрэг, 12 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 11 дүгээр байрны 371-н тоот хаягт байрлах, 30.0 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалсан. Д.Ц 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр №ЗГ7ВСС20180402022 тоот Кредит карт эзэмших гэрээ, ЖЗБ/ВСС20180402022-1 тоот Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ, №3B/RCC180402022-3-2 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ байгуулан 10 000 000 төгрөгийн зээлийн эрхийг, худалдан авалтын гүйлгээнд зарцуулахаар сарын 2.0 хувийн хүүтэй, бэлэн мөнгө шилжүүлгийн гүйлгээнд сарын 3.0 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай хувийн хэрэгцээнд зориулан авсан. Д.Ц нь №ЗГ/ВСС20180402022 тоот Кредит карт эзэмших гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож иргэн Д.О-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2201008214 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүрэг, 12 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 11 дүтээр байрны 371 тоот хаягт байрлах, 30.0 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан болно.

2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар зээлдэгч нар нь дараах үндсэн зээл, зээлийн хүүгийн үлдэгдэлтэй, үндсэн зээл 57 122 976.47 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 3 096 847.84 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 63 136.02 төгрөг, шүүхэд нэхэмжилсэнтэй холбогдон гарсан зардал 21 500 төгрөг,

Үүнд, зарцуулсан дүн, 9 768 703.86 төгрөг, хүүгийн авлага 1 154 031.43 төгрөг, шимтгэлийн авлага: 2 700 төгрөг, нийт 71 229 895.62 төгрөг байна.

Зээлдэгч нар болон карт эзэмшигч Д.Ц нарт зээлийн эргэн төлөлтийн хуваарт зөрчсөн зөрчлөө арилгах, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, шаардаж байсан боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд зээлийн төлбөрөө төлөөгүй байгаа тул Иргэний хуулийн 225 дугаар зүйл, мөн №ЗГЖСС180402022-2 тоот зээлийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.2, №ЗГ/ВСС20180402022 тоот Кредит карт эзэмших гэрээний 7 дугаар зүйлд заасан үндэслэлээр банкны зүгээс нэг талын санаачлагаар гэрээнүүдийг цуцлах бүрэн үндэслэлтэй болно.

Зээлдэгч Д.Ц, Д.О нартай байгуулсан №ЗГ/RCC180402022-2 тоот Зээлийн гэрээ, №ЗГ/ВСС20180402022 тоот Кредит карт эзэмших гэрээнүүдийг холбогдон гарсан зардалд нийт 71 229 895.62 төгрөгийг зээлдэгч Д.Ц, Д.О нараас гаргуулж ХХК-д  олгож мөн шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хариуцагч Д.О-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2201008214 дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүрэг, 12 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 11 дүгээр байрны 371-н тоот хаягт байрлах, 30.0 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдаж зээл, зээлийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүүг албадан төлүүлэх талаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү.

2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч одоо хүртэл шийдвэрлэгдээгүй. Иймд 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн байдлаар                 1 898 107.86 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар 2 238 740.26 төгрөгөөр тус тус нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, 76 943 011.12 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Тодруулбал, хариуцагч Д.О, Д.Ц нараас зээлийн гэрээний үүрэгт 64 441 308.45 төгрөг, хариуцагч Д.Ц-ээс                              12 501 702.67 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Ц шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Зээлийн гэрээ барьцааны гэрээ тус тус байгуулан                    85 000 000 төгрөг жилийн 20.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар зээлж авсан нь үнэн. Зээлийн мөнгө миний дансанд орсон. Зээлийн барьцаанд Д.О-ийн өмчлөлийн дээрх орон сууцыг барьцаалсан. Миний бие бизнесээ дэмжиж авсан боловч бизнест эрсдэл үүсэж 2019 оны 08 дугаар сарын 15-наас хойш зээлээ төлөх боломжгүй болсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас анхны нэхэмжлэлийн шаардлагыг төлнө. Одоо нийтэд илэрхий хорио цээрийн үед амьдрал хүнд, мөнгөний эргэлт муу байна. Мөнгөнөөс Д.О хэрэглээгүй, цаашид төлбөрийг би өөрөө хариуцан төлнө гэжээ.

 

Хариуцагч Д.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Өөрийн эзэмшлийн байрыг Д.Ц-д бизнес худалдаагаа эргэлтэд оруулахад нь тусалж ХХБинд барьцаалуулсан. Тухайн үед намайг хамтран зээлдэгчээр оруулж, та батлан даагч болох ёстой гэсэн. Бакнаас дуудсан зээлийн гэрээний мэргэжилтэн гэрээнд намайг хамтран зээлдэгчээр оролцуулсан. Би зээл авах шаардлагагүй гэдгийг хэлж байсан боловч барьцааны гэрээнд оролцсон тул гэрээ адилхан бичигдсэн гэсэн. Тухайн үед зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, хасах боломжтой гэж байсан. Миний хувьд мөнгөнөөс аваагүй төлбөр төлөхгүй, хэргийн хариуцагч биш тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-д зааснаар хариуцагч Д.Ц, Д.О нараас зээлийн гэрээний үүрэгт 71 229 895.62 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ХХБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8 713 116.12 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Ц, Д.О нар нь зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2201008214 дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүрэг, 12 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 11 дүгээр байрны 371-н тоот хаягт байрлах, 30.0 м.кв талбай бүхий 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 705 609.47 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Ц ,       Д.О нараас улсын тэмдэгтийн хураамжид 514 099 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “ХХБ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Д.О-ийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шүүхийн шийдвэрийн 1 дэх заалтад заасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.        Д.О би нэхэмжлэгч “ХХБ” ХХК-тай №ЗГ\ВСС20190402022 тоот “кредит карт эзэмших гэрээ”-г байгуулаагүй. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан юм. Уг тодруулсан нэхэмжлэлийн шаардлагад хариуцагч Д.Ц-ээс  2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн №3ПВСС20190402022 тоот “кредит карт эзэмших гэрээ”-ний дагуу төлөх ёстой төлбөр болох 12 501 702.67 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү...” гэсэн. Хариуцагч миний бие “кредит карт эзэмших гэрээ”-г нэхэмжлэгч ХХБтай байгуулаагүй, нэхэмжлэгчийн зүгээс мөн хариуцач надаас уг төлбөрийг нэхэмжлээгүй байхад шүүхээс нэхэмжлэлийн шаардлагаас хэтрүүлж, хариуцагч        Д.О надаас “кредит карт эзэмших гэрээ”-ний төлбөрийг гаргуулж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

№ЗГ\КСС180402022-2 тоот зээлийн гэрээний зориулалт нь хариуцагч Д.Ц гийн бизнесийн үйл ажиллагааг өргөжүүлэх, эргэлтийн хөрөнгийг нэмэгдүүлэх зориулалтай байсан.

Нэхэмжлэгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байдаг. Уг нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлснийг шүүхээс 2020 оны 04 дүгээр сарын 22-ний өдөр гардаж авсан бөгөөд хуульд зааснаар хариу тайлбар өгөх боломжийг олгоогүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн Д.О-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээ, төлбөр тооцооллын өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгч “ХХБ” ХХК нь хариуцагч Д.О, Д.Ц нараас 85 000 000 төгрөгийн гэрээний үүрэгт 60 304 459 төгрөг,   кредит картын 10 000 000 төгрөгийн зээлийн төлбөрт 10 925 434 төгрөг нийт 71 229 895 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн тодруулж, хариуцагч Д.О, Д.Ц нараас 85 000 000 төгрөгийн гэрээний үүрэгт 64 441 380 төгрөг, хариуцагч Д.Ц-ээс  кредит картын төлбөрт 12 501 702.67 гаргуулахаар нэхэмжилжээ.

Шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон боловч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч нарын гүйцэтгэх үүргийн хэмжээг буруу тодорхойлж тогтоожээ.

Хэрэгт авагдсан зээл, барьцааны гэрээнээс үзэхэд нэхэмжлэгч нь хариуцагч   Д.О, Д.Ц нарт 85 000 000 төгрөг эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар 3 жилийн хугацаатай, жилийн 20,4 хувийн хүүтэй, хариуцагч Д.Ц тэй кредит карт эзэмших гэрээ байгуулан, 10 000 000 төгрөгийн зээлийн эрхийг, худалдан авалтын гүйлгээнд сард 2 хувийн хүүтэй, бэлэн мөнгө шилжүүлгийн гүйлгээнд сард 3 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай тус тус зээлдүүлж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар улсын бүртгэлийн Ү-2201008214 дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүргийн, 12 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 11 дүгээр байрны 371 тоот хаягт байрлах, 30,0 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц барьцаалсан байна. /хх 21-49/

Талууд гэрээний нөхцөл, хүчин төгөлдөр байдалд маргаагүй, шүүх тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох харилцаа үүссэн гэж үзэж, шаардах эрхийн талаарх хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь зохигчдын тайлбар, зээл хүүгийн дэлгэрэнгүй тооцоолол, зээлийн үүрэг гүйцэтгэх тухай зээлдүүлэгчийн шаардлага зэрэг баримтуудаар тогтоогдсон байна. /хх 32-33, 50-51/

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч        нь үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд зээлдэгч тал зээл, хүүг талуудын харилцан тогтоосон хэмжээгээр сар тутамд төлөхөөр тохиролцсон боловч хариуцагч нь нийт төлбөл зохих төлбөрөөс 27 872 023 төгрөг төлж үлдэх хэсгийг биелүүлээгүй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас төлөгдсөн 27 872 023 төгрөгийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлвөл зохих зээл, хүүгийн дүнгээс хасч тооцоолон, 85 000 000 төгрөгийн зээлийн үүрэгт үндсэн зээл 57 122 976 төгрөг, хүү 3 096 847 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 63 136 төгрөг, шүүхэд нэхэмжилсэнтэй холбогдон гарсан зардал 21 500 төгрөг, нийт 60 304 459 төгрөг, кредит картын 10 000 000 төгрөгийн зээлийн төлбөрт үндсэн зээлийн үлдэгдэл 9 768 703 төгрөг, зээлийн хүүд 1 154 031 төгрөг, шимтгэлийн авлагад 2 700 төгрөг нийт 10 925 434 төгрөг нэхэмжилсэн нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний нөхцөл, холбогдох хуулийн зохицуулалттай нийцсэн байна. Харин зээлдэгч шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойшхи хугацаанд буюу шүүхэд хэрэг хянагдаж байх хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг гаргуулахаар нэхэмжилсэн нь үндэслэлгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.   

Хариуцагч Д.О-ийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна. 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн барьцаат зээлийн гэрээнд гарын үсэг зурахыг зээлдүүлэгч хүчээр тулгасан, дарамталсан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй, энэ талаарх татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

Хариуцагч Д.Ц нь кредит зээлийн төлбөртэй холбогдон гарсан зардалд зарцуулсан дүн 9 768 703 төгрөг, хүү 1 154 031 төгрөг, шимтгэлд 2 700 төгрөг нийт                    10 925 434 төгрөг төлөхөөр байна.

Нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг хариуцагч тус бүрээс тооцоолон шаардсан байхад анхан шатны шүүх шаардлагыг нэгтгэн хариуцагч нараас нийт 71 229 895,62 төгрөг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгох дүнг 8 713 116 төгрөг гэж шийдвэрлэсэн нь буруу байна. Иймд шүүхийн дээрх алдааг   хариуцагч Д.Ц, Д.О нараас 60 304 459 төгрөг, хариуцагч Д.Ц-ээс  10 925 434 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч “ХХБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5 713 115 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохоор залруулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 184/ШШ2020/01376 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Ц, Д.О нараас 60 304 459 төгрөг, хариуцагч Д.Ц-ээс  10 925 434 төгрөг тус тус гаргуулж “ХХБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5 713 115 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай”, гэж өөрчлөн найруулж,

 

3 дахь заалтад “...Д.Ц, Д.О нараас улсын тэмдэгтийн хураамжид 514 099 төгрөг...” гэснийг “...Д.Ц-ээс  363 338 төгрөг, Д.О-ээс 229 736 төгрөг тус тус...” гэж, өөрчлөлт оруулж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 514 100 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Ш.ОЮУНХАНД

 

           ШҮҮГЧИД                                         С.ЭНХТӨР

 

                                                                      А.МӨНХЗУЛ