Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 2022/ДШМ/056

 

Ё.Дашдаваа, Ч.Батсайхан нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Насанжаргал, Ш.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Д.Рэгзэдмаа

Шүүгдэгч  Ё.Дашдаваа, Ч.Батсайхан, тэдний өмгөөлөгч Д.Уранчимэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар  Х.Золцэцэг нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж хянан шийдвэрлэсэн шүүгчийн  2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 2022/ШЗ/364 дүгээр  захирамжийг эс зөвшөөрч прокурорын бичсэн эсэргүүцлээр Ё.Дашдаваа, Ч.Батсайхан нарт холбогдох эрүүгийн 2214000000075 тоот хэргийг 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн,... Галдан Тайж овогт Ёндонжамцын Дашдаваа, регистрийн дугаар ВК94112119

Монгол улсын иргэн, ...Боржигон овогт Чулуунбатын Батсайхан, регистрийн дугаар ВК81021218

Шүүгдэгч Ё.Дашдаваа нь Ч.Батсайхантай бүлэглэн 2021 оны 12 дугаар сарын 26-наас 2021 оны 12 дугаар сарын 27-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Галуут сум Үнэгт  3 дугаар багийн Арын хөх толгой гэх газраас иргэн Т.Баатарсайханы 1 тооны малыг машин механизм ашиглаж хулгайлан авч хохирол учруулан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн,

Шүүгдэгч Ч.Батсайхан нь Ё.Дашдаваатай бүлэглэн “...2021 оны 12 дугаар сарын 26-наас 2021 оны 12 дугаар сарын 27-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Галуут сумын Үнэгт 3 дугаар багийн Арын хөх толгой гэх газраас иргэн Т.Баатарсайханы 1 тооны малыг машин механизм ашиглаж хулгайлан авч хохирол учруулан мал хулгайлсан гэх гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 Баянхонгор аймгийн Прокурорын газраас Ё.Дашдаваа, Ч.Батсайхан нарт  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.2, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг  гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлээд  шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.2, 2.4 -д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар дүгнэлт гаргасан боловч шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэжээ.

Учир нь: хохирогч Т.Баатарсайхан мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “....Ё.Дашдаваа 2021 оны 11 дүгээр сарын сүүлээр надтай Дашдаваа Галуут сумын төв ирж уулзаад үхэр зарах уу гэхээр нь зарна гэсэн чинь тэгвэл нэг үхэр авна гэж хэлж байсан. Манай сүлжээгүй газар байгаад холбоо барьж чадаагүй юм. Дашдаваагийн надаас авна гэсэн үхэр нь 2021 оны 12 дугаар сард алга болсон байхаар нь би цагдаагийн байгууллагад хулгайд алдсан гэж мэдэгдсэн юм. Дашдаваа цагдаад баригдчихаад надтай уулзаад би танаас авна гэж байсан үхрээ хээр байхад нь авсан гэж хэлсэн. Таны утас холбогдохгүй байхаар нь аваад явсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өгсөн “...Би үхрээ бэлчээчхээд орой үхрээ тууж ирээд бүртгэхэд эвэртэй ягаан үхэр үхэр дунд байхгүй байсан тэгээд би сумын хэсгийн төлөөлөгчид мэдэгдэж манай үхэр алга болсон байна гэж хэлсэн тэгээд нэлээн хэд хоногийн дараа цагдаа Дашдаваа,Батсайхан нарыг дагуулж ирээд энэ танай үхэр мөн үү гээд толгой арьс ширийн үзүүлсэн тэгээд мөн байсан. Өмнө нь би Дашдаваа манайд ирэхдээ би танайхаас нэг үхэр  авах гэсиймаа гэхээр нь би эвэртэй ягаан үхрийг зүсэлж өгч байсан тэгээд надад тухайн үед Дашдаваа 700000 төгрөг өгсөн юмаа. Надад үхрээ авлаа барилаа гэж ерөөсөө хэлээгүй би түүнийг мэдээгүй хулгайд алдсан байна гэж бодоод цагдаад мэдэгдсэн...” гэх мэдүүлгээс дүгнэхэд хохирогч нь алдагдсан гэх эвэртэй ягаан үнээг Дашдаваад худалдсан гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгээс зөрүүтэй мэдүүлэг байгаа тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

Хохирогч Т.Баатарсайхан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгээс яагаад зөрүүтэй мэдүүлэг өгөх болсон аль мэдүүлэг нь үнэн зөвийг тогтоож, хохирогч худал мэдүүлэг зориуд өгсөн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг, хэрвээ наймаа хийсэн асуудал нь тогтоогдох бол шүүхээр шийдвэрлүүлэх эсэхийг шийдвэрлэх нь зүйтэй байна. Мөн хэрэгт тухайн үед хамт явсан гэх Ж.Ганболдын үйлдэл оролцоо,   үйлдлээрээ нэгдсэн эсэхийг дахин шалгах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3, 1.6-д заасан гэмт хэргийн сэдэлт зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцлийг нотолж чадаагүй байна гэж дүгнэж хэргийг мөрдөн шалгах нэмэлт ажиллагааг хийлгэхээр Прокурорт буцааж шийдвэрлэжээ..

Прокурор Д.Рэгзэдмаа давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ:

 Шүүгчийн захирамжийг 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Гэмт хэрэг 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр үйлдэгдсэн бөгөөд гэмт хэргийн талаар хохирогч цагдаагийн байгууллагад тухайн үед гомдол гаргаж мөрдөн шалгах ажиллагаа явуулж 2021 оны 12 сарын 31-ний өдөр хохирогч Т.Баатарсайханаас мэдүүлэг авахад хохирогч нь үхрийг машинтай хүмүүс ирж хулгай хийж явсан байсан талаар мэдүүлдэг. Ё.Дашдаваа, Ч.Батсайхан нарыг 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр яллагдагчаар татаж мэдүүлэг авахад хулгайн хэргийн талаар мэдүүлсэн бөгөөд хохирогчтой үхэр худалдаж авахаас ярьж тохиролцсон талаар огт мэдүүлээгүй. Хохирогч Т.Баатарсайханыг 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр дахин байцаахад хохирол авсан талаар мэдүүлсэн бөгөөд энэ мэдүулэгт мөн Дашдаваатай үхэр худалдаж авахаар ярьж тохиролцсон талаар огт мэдүүлээгүй. Гэтэл шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгч нь өмнө нь огт ярьж байгаагүй үхэр худалдаж авсан, урьдчилгаа 700.000 төгрөг өгсөн, хохирогч нь шүүгдэгчид үхрийг зүсэлж өгч байсан талаар мэдүүлж байхад шүүхээс мэдүүлгийн зөрүүг арилга гэж хэргийг буцааж байгаа нь үндэслэлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 15, 16.3 дугаар зүйлийн 9 дүгээр зүйлүүдэд нотлох баримт буюу мэдүүлгүүдийг шүүх шүүх хуралдаанаар харьцуулан шинжлэн судалж  шүүхийн шийдвэрийн үндэслэл болох эсэхийг шүүх шийдвэрлэнэ гэж заасан байхад зөрүүтэй мэдүүлгүүдийн аль нь хэргийн үйл баримтад нийцэж байгаа эсэх талаар үнэлэлт дүгнэлт өгөхгүй хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна.

2. Хохирогч нь шүүгдэгч нараас хохирол төлбөр барагдуулж авсны дараа хууль сануулсаар байхад санаатайгаар худал мэдүүлэг өгч байгаа үйл баримт хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт өгч байгаа мэдүүлгүүдээр тогтоогдож байх ба хохирогчийн худал мэдүүлж байгаа нь тусдаа бие даасан гэмт хэргийн шинжтэй, хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэний дараа тусад нь шалгах үйл баримт үүссэн тул Ё.Дашдаваа нарт холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэхэд нөлөөлөхөөргүй байна.

3. Энэ хэрэгт 3 хүн бүлэглэж үйлдсэн болзошгүй асуудлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгасныг прокурор хянаад Ж.Ганболдод эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналыг татгалзаж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл Ж.Ганболд гэмт хэрэг үйлдэж байгааг ойлгоогүй, мэдээгүй, яллагдагч Ё.Дашдаваа, Ч.Батсайхан нартай бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дэх хэсэг “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн заалтын дагуу эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахаас татгалзаж шийдвэрлэсэн ба прокурорын тогтоолд хэргийн оролцогч нараас гомдол гаргаагүй, тогтоол хүчин төгөлдөр болсон байна.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэж үзэхэд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэсэн шүүхийн хэмжээ хязгаарыг зөрчсөн гэж үзэж байна. Мөн яллагдагч Ё.Дашдаваа, Ч.Батсайхан нарын үйлдэл нь мал хулгайлах гэмт хэрэг юм. Учир нь тухайн 1 тооны малыг шөнийн харанхуй цагаар, хээр хөдөө, нядлаад тухайн малын хээлийг нь гаргаж хаяад махыг нь аваад явсан үйлдэл нь яав ч худалдаж авсан малаа аваад явж байгаа үйлдэл биш юм. Монгол хүмүүс тэр тусмаа хөдөөний малчин хүмүүс хэзээ ч буянт малаа тэр тусмаа хээлтэй малаа төхөөрдөг ёс жудаггүй хүмүүс биш юм. Энэ нь Монгол ахуйд хэр нийцэж байгаа үйл баримт гэдэгт дүгнэлт хийх нь зүйтэй юм. Дээрх байдлаас дүгнэхэд шүүхийн шийдвэр нь хэргийн бодит байдалтай от нийцэхгүй байна гэж дүгнэж байна.

Иймд Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 2022/ШЗ/364 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

Прокурор Д.Рэгзэдмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Бичсэн эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийн мөн шүүхээр дахин хэлэлцүүлнэ үү  гэв.

Өмгөөлөгч Д.Уранчимэг тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар прокурорын бичсэн эсэргүүцлийг хүчингүй болгож, анхан шатын шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүхэд бичсэн Прокурор Д.Рэгзэдмаагийн эсэргүүцэлд   үндэслэн  хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт  тус тус заасан эрх хэмжээний хүрээнд эсэргүүцэлд дурдсан үндэслэлүүдээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу  авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлан үзвэл:

Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ё.Дашдаваа  Ч.Батсайхан нар  бүлэглэн 2021 оны 12 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Галуут сум Үнэгт  3 дугаар багийн Арын хөх толгой гэх газраас иргэн Т.Баатарсайханы 1 тооны  үхрийг машин механизм ашиглаж хулгайлан авч 1800 000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.2, 2.4-т  тус тус зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг Прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид:

1. “....Дашдаваагийн надаас авна гэсэн үхэр нь 2021 оны 12 дугаар сард алга болсон байхаар нь би цагдаагийн байгууллагад хулгайд алдсан гэж мэдэгдсэн юм. Дашдаваа цагдаад баригдчихаад надтай уулзаад би танаас авна гэж байсан үхрээ хээр байхад нь авсан гэж хэлсэн. Таны утас холбогдохгүй байхаар нь аваад явсан гэж хэлсэн...” гэх хохирогч Т.Баатарсайханы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг нь 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.Баатарсайханы “...цагдаа Дашдаваа Ч.Батсайхан нарыг дагуулж ирээд энэ танай үхэр мөн үү гээд толгой арьс ширийг үзүүлсэн.... Өмнө нь би Дашдаваа манайд ирэхдээ би танайхаас нэг үхэр  авах гэсиймаа гэхээр нь би эвэртэй ягаан үхрийг зүсэлж өгч байсан тэгээд надад тухайн үед Дашдаваа 700000 төгрөг өгсөн юмаа. Надад үхрээ авлаа барилаа гэж ерөөсөө хэлээгүй би түүнийг мэдээгүй хулгайд алдсан байна гэж бодоод цагдаад мэдэгдсэн...” гэх  мэдүүлэгтэй  зөрүүтэй байна.  Хохирогч худал мэдүүлэг зориуд өгсөн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг, хэрвээ наймаа хийсэн асуудал нь тогтоогдох бол шүүхээр шийдвэрлүүлэх эсэхийг шийдвэрлэх нь зүйтэй .

2. Мөн хэрэгт тухайн үед хамт явсан гэх Ж.Ганболдын үйлдэл оролцоо,   үйлдлээрээ нэгдсэн эсэхийг дахин шалгах  зэрэг нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3, 1.6-д заасан гэмт хэргийн сэдэлт зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг нотолж чадаагүй байна гэж дүгнэж хэргийг мөрдөн шалгах нэмэлт ажиллагааг хийлгэхээр хэргийг Прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Анхан шатны шүүхийн дээрх дүгнэлт нь  хохирогч Т.Баатарсайханы  “...  Би үхрээ 1.800.000 төгрөгөөр үнэлнэ ...” гэж  2021 оны  12 дугаар сарын 31-ний өдөр,   “...миний хохирлыг бүрэн барагдуулсан...” гэж 2022 оны 3 дугаар сарын 4-ний өдөр тус, тус мөрдөн байцаалтад мэдүүлсэн  мэдүүлгүүдийг харьцуулан үзээгүйгээс  гэмт  хэргийн үйл баримт 2021 оны 12 дугаар сарын 26-наас  27-нд шилжих шөнө үйлдэгдсэн, хохирогч Т.Баатарсайхан нь 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр үхрийнхээ  хохирлыг аваагүй байсан харин 2022 оны 3 дугаар сарын 4-ний өдөр гэхэд хохирлоо авсан  байхад  түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ ...би Дашдаваа манайд ирэхдээ би танайхаас нэг үхэр  авах гэсиймаа гэхээр нь би эвэртэй ягаан үхрийг зүсэлж өгч байсан тэгээд надад тухайн үед Дашдаваа 700000 төгрөг өгсөн юмаа...” гэх мэдүүлэгт үндэслэн зөрүүтэй гэж үзсэн нь  хэргийн бодит байдалтай  нийцээгүй байна. / хавтаст хэргийн 23-24, 27-28 дугаар тал/

Мөн түүнчлэн анхан шатны шүүх мөрдөн шалгах ажиллагааны явцад  прокурор Ж.Ганболдод эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан саналаас татгалзаж шийдвэрлэсэн байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж заасныг зөрчиж  мөн хэрэгт тухайн үед хамт явсан гэх Ж.Ганболдын үйлдэл оролцоо, үйлдлээрээ нэгдсэн эсэхийг дахин шалгуулахаар буцаасан нь  үндэслэлгүй болжээ.

Иймд  анхан шатны шүүхийн шүүгчийн  2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 2022/ШЗ/364 дүгээр  захирамж үндэслэлгүй хэдий ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн  Монгол Улсын хууль  хуулийн  хүчин төгөлдөр үйлчилсэн, захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэхээс өөрөөр хуулийн зохицуулалтгүй болсон тул шүүх бүрэлдэхүүн   захирамжийг хэвээр үлдээхээр  тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-т  заасныг  удирдлага болгон                                                                                                                      

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 2022/ШЗ/364 дүгээр захирамжийг хэвээр үлдээсүгэй.

          2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ Н.НАСАНЖАРГАЛ 

Ш.БАТТОГТОХ