Шүүх | Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганбатын Баясгалан |
Хэргийн индекс | 116/2023/0034/3 |
Дугаар | 127/ШШ2024/0005 |
Огноо | 2024-05-21 |
Маргааны төрөл | Бусад, |
Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 127/ШШ2024/0005
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 116/2023/0034/3
Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Баясгалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Т.Г,
Хариуцагч: Дорнод аймгийн Баяндун сумын Засаг дарга,
Гуравдагч этгээд: А.Г нарын хоорондын “...хүүхдийн асрамж тогтоосон сумын Засаг даргын захирамжтай холбоотой” маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Г /онлайн/, хариуцагч Дорнод аймгийн Баяндун сумын Засаг дарга Х.Х /онлайн/, хариуцагчийн өмгөөлөгч Д.Г/онлайн/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Э, гуравдагч этгээд А.Г, гуравдагч этгээдийн өмгөөлөгч М.Э/танхимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Хэнчбиш нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Г нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “... Нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлж байна. Нэхэмжлэгч Т.Г миний бие Г.Д-ын хууль ёсны эцэг бөгөөд Гэр бүлийн тухай хуулиар асран хамгаалагчаар тогтоож болохгүй этгээдээр тогтоогдоогүй байхад хариуцагчаас Гэр бүлийн тухай хуулийг зөрчиж, Захиргааны ерөнхий хуульд заасан нөхцөл байдал тогтоох, эрх ашиг, сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд тайлбар гаргах боломж олгоогүйгээс хууль зөрчиж А/46 тоот захирамжийг гаргасан байна.
Иймд Баяндун сумын Засаг даргын 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн “Г.Д-ын асран хамгаалагчаар иргэн А.Гыг тогтоох тухай” А/46 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Г.Д-ын асран хамгаалагчаар Т.Гыг тогтоох тухай захиргааны акт гаргахыг хариуцагчид даалгах гэж нэмэгдүүлж байна” гэжээ.
Нэхэмжлэгч Т.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хүүхэд маань надаар овоглодог. Гэрлэлт цуцлахад хүүхэд ээжийнхээ асрамжид очсон. Ээж нь нас барсаны дараа надаас асууж тодруулалгүй эмээг нь шууд асран хамгаалагчаар тогтоож Дорнод аймгийн Баяндун сумын Засаг дарга захирамж гаргасан. Энэхүү захирамжийг би эс зөвшөөрч байна” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дорнод аймгийн Баяндун сумын Засаг даргын гаргаж байгаа захирамжийн үйлчлэл нь гадагш чиглэсэн буюу тодорхой нийтийн эрх зүйн асуудал үүсгэсэн. Захирамжийн хүрээнд Гэр бүлийн тухай хуульд зааснаар Т.Гын эцэг байхтай холбоотой гэр бүлээ асран тэжээх, үр хүүхдээ асран хамгаалах эрхийн асуудал хөндөгдсөн. Энэхүү захирамж нь Гэр бүлийн тухай хуулийг зөрчсөн.
Дорнод аймгийн Баяндун сумын Засаг дарга тухайн орон нутагт асран хамгаалагч тогтоох шаардлагатай хүүхдийн асуудал дээр хувийн дотоод субьектив дүгнэлт гаргасан юм болов уу? гэж харагдаж байна.
Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т зааснаар нөхцөл байдлыг тогтоох ажиллагаа хийгдээгүй. Энэ хүүхэдтэй аав нь хамт амьдраагүй ч гэсэн хууль ёсны төрсөн эцэг нь байгаа юм. Төрсөн эцгийг нь нотолсон төрсний гэрчилгээ хавтаст хэрэгт авагдсан байгаа. Төрсний гэрчилгээг үндэслээд нөхцөл байдлыг тогтоох буюу Захиргааны актын үйлчлэлд хамаарах эрх ашиг хөндөгдөж байгаа этгээдийг оролцуулж нөхцөл байдлыг тогтоох ажиллагаа хийгдээгүй. Засаг дарга өөрөө дүгнэлт хийж захирамж гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлд заасан нотлох баримт цуглуулах ажиллагаа хийгдээгүй. Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлийн 1.1-т ач холбогдол бүхий мэдээлэл цуглуулах үүрэгтэй гэж заасан байдаг. Засаг дарга захирамж гаргахдаа захирамжийн үйлчлэлд хамаарч болох этгээдийн талаарх мэдээллийг огт цуглуулаагүй. Ганбаяр гэдэг хүнтэй хэрхэн холбогдож, тайлбар авсан нь тодорхойгүй. Г.Д- нь Ганбаярын үр хүүхэд мөн эсэх, Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлийн 2.1-т зааснаар захирамжийн үйлчлэлд хамаарч байгаа Ганбаяраас тайлбар авах ажиллагаа хийгдээгүй. Захирамж гаргаж байгаа процесс нь Захиргааны ерөнхий хуулийг зөрчсөн.
Мөн Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлийн 1.5-т заасан зохицуулалтыг зөрчиж байна. Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд зааснаар сонсох ажиллагаа хэрхэн хийсэн талаар баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Засаг даргын гаргасан захиргааны актын тухайд Г.Д-ын хууль ёсны асран хамгаалагчаар тогтоогдож байгаа этгээд болон Г.Д-ын хувьд эерэг үйлчлэлтэй. Г.Д-ын хууль ёсны эцэг болох Ганбаярын хувьд сөрөг үйлчлэлтэй захиргааны акт болоод байгаа юм. Захиргааны эерэг болон сөрөг нөлөө бүхий захиргааны актын ялгааг гаргаагүй байна. Засаг даргын гаргасан захирамжийн үйлчлэлийн хувьд Ганбаярт сонсох ажиллагаа хийх ёстой байсан. Засаг дарга захирамж гаргахдаа сонсох ажиллагаа хийгээгүй. Захиргааны ерөнхий хуулийн 24, 25 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа хийх, нотлох баримт цуглуулах ажиллагааг хамтад нь хийсэн бол энэ маргаан гарахгүй байсан.
Гэр бүлийн тухай хуульд эцэг гэж хэн бэ?, Гэр бүл гэж юу вэ? гээд тодорхой заасан байгаа. Г.Д-ын аав Ганбаяр эцэг байх үүргээ биелүүлэх үүрэгтэй. Хууль ёсны эцэг нь байхад эцэг байх эрхийг нь шууд хязгаарласан нь захирамжийн үйлчлэлд хамаарч байгаа оролцогчийн эрх ашгийг хангах сонсох ажиллагаа хийх, тайлбар авах процессыг хэрэгжүүлээгүй. Хууль бус захирамж гарсан гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна гэв.
5. Хариуцагч Дорнод аймгийн Баяндун сумын Засаг дарга Х.Х шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...тус захирамжаар Г.Д-ын асран хамгаалагчаар иргэн А.Гыг тогтоож шийдвэрлэсэн.
Уг захирамжийг иргэн А.Гын Засаг даргад хандаж гаргасан асран хамгаалагчаар тогтоолгох тухай хүсэлтийг хүлээн авч, нөхцөл байдлыг тогтоох үнэлгээ хийх чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулан, холбогдох шалгах ажиллагаа хийсний үндсэн дээр гаргасан.
Бодит нөхцөл байдлыг судлан үзэхэд, бага насны хүүхэд болох Г.Д- нь өвөө эмээ, ээжийн хамт амьдарч байгаад ээж нь зуурдаар нас барсан тул тухайн өсөж торниж буй гэртээ өвөө эмээгийн хамт үргэлжлүүлэн амьдарч байсан нөхцөл байдал тогтоогдсон.
Иймд нөхцөл байдлын үнэлгээ хийсний үндсэн дээр иргэн А.Гаас гаргасан хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх нь зүйтэй байсан.
Талууд хэрэв асрамжийн талаар маргаантай бол иргэний хэргийн шүүхээр эцэслэн шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй.
Дээрх захирамжийг хууль ёсны бөгөөд бага насны хүүхдийн эрх ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавьсан, бодит нөхцөлд тохирсон, зорилгодоо нийцсэн шийдвэр гаргасан гэж үзэж байна” гэжээ.
Хариуцагч Дорнод аймгийн Баяндун сумын Засаг дарга Х.Х нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай холбоотойгоор шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Баяндун сумын Засаг даргын зүгээс А.Г нь Г.Д-ын асран хамгаалагчаар тогтоолгох тухай хүсэлтийг ирүүлсний дагуу комисс томилж, гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээг хийлгэсэн. Тус үнэлгээгээр насанд хүрээгүй "Г.Д- нь эмээ А.Г болон өвөө Б.Батбаяр нартай төрсөн цагаасаа эхэлж хамт амьдарсан, тэдэнд ээнэгшин дассан, хүүхдийн амьдрах нөхцөл таатай, тухтай, хоол, хүнс, хувцас, шаардлагатай зүйлсээр дутагдаагүй, СӨБ-д хамрагдсан мөн эцэг Ганбаяр нь эхийг нь амьд байх үед гэрлэлтээ цуцлуулж, Г.Д-ыг эхийн асрамжид үлдээх шүүхийн шийдвэр гарсан байсан зэрэг нөхцөл байдлууд тогтоогдсон учир Г.Д-ын асран хамгаалагчаар эмээ А.Гыг тогтоосон.
Г.Д-ын асран хамгаалагч А.Г нь асран хамгаалах үүргээ ноцтой зөрчсөн, бага насны хүүхэд болох Г.Д-ын эрхийг зөрчсөн ямар нэгэн үйлдэл гаргаагүй зэрэг нөхцөл байдлаас үзэхэд Г.Д-ын асран хамгаалагчийг өөрчилж Т.Гыг тогтоох үндэслэл, шаардлага тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэжээ.
Хариуцагч Дорнод аймгийн Баяндун сумын Засаг дарга Х.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2022 оны сүүлээр хүүхдийн ээж нас барсан. Манай сумын Засаг даргын тамгын газар ажилладаг ажилтны зээ хүүхэд юм. Хүүхдийн ээжийг нас барснаас хойш 2,3 сарын хугацаанд хэргийн оролцогч нарын аль нь ч хүсэлт, өргөдөл гаргаагүй. Нийгмийн халамжийн асуудлыг шийдвэрлүүлэхээр эмээ нь хүсэлт гаргасан. Засаг даргын тамгын газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг томилсон. Ажлын хэсгийн гаргасан дүгнэлтийн дагуу үндэслэж захирамжаа гаргасан. Ажлын хэсэг нөхцөл байдлын үнэлгээ хийсэн гэж ойлгож байна гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Д.Гшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч Засаг даргын гаргасан захирамжийг хууль бус гэж тайлбарлаж байна. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч талаас Ганбаярт мэдэгдэлгүйгээр захирамж гаргасан. Энэ захирамж нь захиргааны акт юм. Сонсох ажиллагаа хийгдэх ёстой. Сөрөг үр дагавартай захиргааны акт гэж тайлбарлаж байна. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Г.Д-ын асран хамгаалагчаар өмнө нь төрсөн эх нь тогтоогдсон байсан. Хэрэв Ганбаяр асран хамгаалагчаар тогтоогдож байгаад түүний эмээ болох А.Г-ыг шууд асран хамгаалагчаар тогтоовол Ганбаярын эрх ашиг сонирхол хөндөгдөнө гэж ойлгоно. Ганбаяр Г.Д-ын асран хамгаалагч биш байсан учраас Ганбаярт мэдэгдэх, сонсох ажиллагаа хийх шаардлага байгаагүй гэж үзэж байна. Г.Д-ын төрсөн эх нь нас барсан учраас түүний эмээ А.Г- асран хамгаалагчаар тогтоолгох хүсэлт гаргасан. Тухайн хүсэлтийг хүлээж авч хүүхдийн нөхцөл байдлыг үнэлэх зорилгоор ажлын хэсэг байгуулсан. Г.Д-ыг эмээ болох А.Г-ын асрамжид шилжүүлэхэд харшлах зүйл байхгүй гэж ажлын хэсэг дүгнэсэн. Үүний дагуу тус сумын Засаг дарга шийдвэрлэсэн. Гэр бүлийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-т эд хөрөнгийн зохих бололцоотой төрөл, садан буюу төрөл, садан бус хүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг нь үндэслэн сум, дүүргийн Засаг дарга асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтооно гэж хуульчилсан байдаг. Дорнод аймгийн Баяндун сумын Засаг дарга эрхийнхээ хүрээнд тодорхой ажиллагаа явуулж захирамжийг гаргасан. Захирамжийг захиргааны хэргийн шүүхээр хянуулъя гээд байгаа нь ойлгомжгүй байна. Засаг даргын гаргасан захирамж захиргааны акт боловч зохицуулж буй харилцаа нь иргэний эрх зүйн харилцааг зохицуулж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 146 дугаар зүйлд асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг хүчингүйд тооцуулах тухай хуулийн зохицуулалт байдаг. Иргэний хуулийн 146 дугаар зүйлийн 146.6-д шүүх нэхэмжлэлийг хангавал асран хамгаалагч харгалзан дэмжигчээр тогтоосон шийдвэрийг хүчингүйд тооцуулахаар шийдвэр гаргана гэж заасан байдаг. Асран хамгаалагчаар тогтоосон шийдвэр нь Дорнод аймгийн Баяндун сумын Засаг даргын гаргасан захирамж юм. Энэ захирамж хүчинтэй эсэхийг иргэний хэргийн шүүх харьяалан шийдвэрлэнэ. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т Захиргааны хэргийн шүүх Үндсэн хуулийн цэц болон өөр шүүхэд харьяалуулснаас бусад нийтийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Асрамжийг тогтоосон шийдвэрийг хүчингүй болгох нь Иргэний хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх буюу онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх асуудал юм. Дорнод аймгийн Баяндун сумын Засаг даргын гаргасан захирамжтай холбоотой асуудлыг захиргааны хэргийн шүүх биш Иргэний хэргийн шүүх шийдвэрлэнэ гэв.
6. Гуравдагч этгээд А.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Хүүхдийг асран хамгаалж, өдий болтол ухаалаг хүү болгон өсгөн хүмүүжүүлсэн.
Миний бие хүүгийнхээ эрх ашиг, сэтгэл санааны тогтвортой, сэргэлэн цовоо байдлыг алдагдуулахгүй сайн төлөвшилтэй хүн болгож, өөрийгөө аваад явах чадвар боловсролтой хүн болгохын тулд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Ганбаяр нь хүүхдээ асарч хүмүүжүүлэх асуудалд огтхон ч оролцоогүй. Миний охин Үрлээ төрөөд 7 хоноод л хөдөө гэртээ аав, ээждээ ирсэн ... 2 удаа нийлүүлэх гэж үзсэн ч хэдхэн хоноод л үнэхээр болохгүй байна, намайг зодож доромжилсон, байх суух арга алга гэдэг байсан. Тэгээд 2020 оны 12 сарын сүүлээр бүр сална гээд уйлаад ирсэн. Тэр цагаас хойш Ганбаяр нэг ч удаа хүүгээ эргэж ирж байгаагүй, ямар ч тусламж дэмжлэг үзүүлээгүй. Тэгээд авгайтай болсон гэрлэлтээ цуцлуулъя гээд, охиныг минь миний амьдралд саад боллоо гэж хэлсэн байсан.
Тэгээд охин минь 2022 оны эхээр шүүхэд өргөдөл өгч гэрлэлтээ цуцлуулж, хүүгээ өөрийнхөө асрамжид авсан. Тэр үед хүүхдийн тэтгэлэг төлөхгүй гэж маргасан ч төлөх болсон байсан. Ер нь хүүхдээ авах сонирхол, чин сэтгэлээсээ хүсэж байгаа хүн биш, хүүхдийн тэтгэлэг төлөхгүй байх л сонирхолтой бидний асрамжийг цуцлуулах гомдол гаргажээ.
Үнэхээр хүүхдээ гэдэг бол цаг гаргаад уулзах байх, нэг ч удаа уулзаагүй, хүү нь танихгүй, харж үзээгүй, бидэнтэй утсаар ч ярьдаггүй.
... Миний охин нас барахад ажил явдалд нь хүүгээ гэж боддог бол ирж болох байсан.
... Бид эхэндээ цочрол балмагдлаасаа гарахгүй, хаагуур юу хөөцөлдөхөө мэдэхгүй байсан. Би асрамжийн асуудлаа шийдүүлэх үед Ганбаяр шүүхэд өгчихсөн байсан юм байна лээ, бид сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгохыг зөвшөөрөхгүй байна.
Эцгээ огтхон ч хараагүй, бид хоёроос алхам ч холдож үзээгүй хүүхэд, тэр хэрцгий хүний гарт очоод хэн болох бэ, одоо холбоо барихгүй байгаа хүнд өгнө гэхэд хэцүү байна ... хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээд А.Г нэмэгдүүлсэн шаардлагатай холбоотойгоор шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хүүг маань бага байхад тоогоогүй ... охиныг маань үхсэний дараа хүүхдээ авбал тэтгэлэг зогсоно биз дээ гэж л явсан хүн ... Ганбаяр хүүхдээ гэж ирж байгаагүй ... нөхөр бид 2 өсгөх боломж бүрэн байгаа. Үрийн минь үр, үр хүүхдээсээ илүү зүрх сэтгэл, хайраа зориулж, зөв сайхан хүн болгож чадна. Тэгээд ч Ганбаяр хүүхдээ асрамждаа авах тухай хуулийн дагуу хүсэлтээ гаргаж байгаагүй...” гэжээ.
Гуравдагч этгээд А.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Д- багаасаа над дээр өссөн хүүхэд юм. Аав нь хүүхдээ өөртөө дасгасныхаа дараа асран хамгаалагч тогтоох асуудлыг шийдвэрлэсэн нь дээр байх гэж бодож байна. Хүүхэд гэнэт аав дээрээ очоод сэтгэл зүйд нь хэрхэн нөлөөлөх бол гэж бодогдож байна. Дорнод аймагт очиж аавтай нь уулзуулсан. Хүүхдэд заавал асрамж тогтоох хэрэгтэй юм болов уу? гэж бодож Засаг даргад хүсэлт гаргасан гэв.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч М.Эшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Засаг даргын захирамж иргэний эрх ашгийг хамгаалах гэж гаргасан шийдвэр юм. Тухайн үед хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн тухай асуудал яригдаж байсан. Тийм учраас Засаг даргын асран хамгаалагч тогтоосон захирамж шаардлагатай байсан тул Засаг даргад хандсан. Хэрэгт цугларсан материалаас харахад Засаг даргын захирамжаар нөхцөл байдлыг үнэлэх ажлын хэсэг томилсон. Ганбаяр тухайн үед ямар ч санаачилга гаргаагүй. 2022 оны 12 сард талийгаач нас барахад ажил явдалд нь оролцоогүй. Түүнээс хойш сураг чимээгүй байж байгаад хүүхдийн асрамж тогтоолгоно гэж шүүхэд хандсан. Энэ асуудлын талаар сумын Засаг даргад санал хүсэлт гаргаж байгаагүй. Ганбаярын эрх ашиг хэрхэн, яаж хохирсон юм бэ? Ганбаярын эрх ашиг хохирсон мэт ярьж байна. Иргэний хэргийн шүүхэд асран хамгаалагч тогтоох асуудлыг шийдвэрлэсний дараа Ганбаярын эрх ашиг хөндөгдсөн эсэхийг шийдвэрлэх ёстой. Засаг даргын захирамжийг хүчингүй болгосны дараа иргэний хэргийн шүүх захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг үндэслэдэг учир Засаг даргын захирамжийг хэвээр нь үлдээх саналтай байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэн Ганбаяр нь Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдөр “Хүүхдийг өөрийн асрамжинд авах, асран хамгаалагчаар тогтоолгох” тухай нэхэмжлэл гаргажээ. Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдөр “Иргэний хэрэг үүсгэх тухай” шүүгчийн захирамж гаргаад, Дорнод аймгийн Баяндун сумын Засаг даргын 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн А/46 тоот “Г.Д-ын асран хамгаалагчаар иргэн А.Гыг тогтоох тухай” захирамжтай холбоотой маргааныг эцэслэн шийдвэрлэж дуусах хүртэл хугацаанд тухайн иргэний хэргийг түдгэлзүүлсэн байна.
1. Улмаар нэхэмжлэгч Т.Г, Дорнод аймгийн Баяндун сумын Засаг даргад холбогдуулан “...Баяндун сумын Засаг даргын 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн А/46 тоот захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргажээ.
1.1 Дорнод аймгийн Баяндун сумын Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байх явцад нэхэмжлэгч Т.Г нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, “...Г.Д-ын асран хамгаалагчаар Т.Гыг тогтоох тухай захиргааны акт гаргахыг хариуцагчид даалгах гэж” ирүүлснийг шүүх 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулсан.
1.2 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Т.Г нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаасаа татгалзаж байгаагаа илэрхийлсэн хүсэлтийг 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр шүүхэд бичгээр гаргаж[1], Дорнод аймгийн Баяндун сумын Засаг даргын 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн А/46 тоот захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаагаа илэрхийлсэн болно.
2. Шүүхээс нэхэмжлэгч Т.Гын шүүхэд гаргасан /үндсэн/ нэхэмжлэлийн үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн өмгөөлөгч нарын тайлбар, хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг судлан үзээд, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
3. Дорнод аймгийн Баяндун сумын Засаг дарга 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн А/46 тоот “Г.Д-ын асран хамгаалагчаар иргэн А.Гыг тогтоох тухай” захирамжийн 1 дэх заалтаар “...тус сумын Түргэн багийн иргэн Аюуш овогтой А.Г-ын төрсөн охин Батбаяр овогтой Үрлээ нь нас барсан тул түүний хүү Ганбаяр овогтой Г.Д-ыг эмээ болох А.Гын гаргасан хүсэлтийг үндэслэн насанд хүртэлх хугацаанд асран хамгаалуулахаар тогтоосугай”[2] гэсэн захирамж гаргажээ.
Нэхэмжлэгч тухайн захирамжийг хүчингүй болгуулахаар Дорнод аймгийн Засаг даргад хандаж өргөдөл гаргасан бөгөөд Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газраас 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдөр[3] “... тус маргаан бүхий захиргааны актаар хүүхдэд асран хамгаалагч тогтоосон шийдвэр гаргасан байна, ...Асран хамгаалагч тогтоосныг хүчингүйд тооцуулах тухай хүсэлтийг оршин суугаа газрын шүүхэд гаргана, ...иймд Дорнод аймгийн Баяндун сумын Засаг даргын 2023 оны А/46 тоот захирамжийг хүчингүй болгох асуудлыг Иргэний хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хамт шийдвэрлүүлэх боломжтой гэсэн” хариуг нэхэмжлэгчид хүргүүлсэн байна.
3.1 Улмаар нэхэмжлэгч Т.Г нь дээрх захирамжийг хүчингүй болгуулахаар Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлээ гаргасан. Маргаж буй нэхэмжлэлийн үндэслэлээ: “... Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт, ...Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэж заасан. Засаг даргын зүгээс иргэний өргөдлийг шийдвэрлэхдээ мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт заасанчлан “нөхцөл байдлыг тогтоох” ажиллагааг явуулахгүйгээр, хүүгээ өсгөн хүмүүжүүлэх эрх ашиг нь хөндөгдөж байгаа төрсөн эцэг миний бие байсаар байхад гагцхүү өргөдөл гаргагч эмээгийнх нь хүсэл сонирхлын дагуу гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээг явуулж, улмаар түүнийг үндэслэн хүүгийн асран хамгаалагчаар /эмээг нь/ томилсон нь хууль зөрчсөн, хэт нэг талыг барьсан шийдвэр болсон. Түүнчлэн уг захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5, 63 дугаар зүйлийн 63.1, 71 дүгээр зүйлийн 71.1.1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн, Г.Д-ын төрсөн эцэг болох надад энэ талаар мэдэгдээгүй...” гэжээ.
3.2 Хариуцагч Дорнод аймгийн Баяндун сумын Засаг дарга Х.Х 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд хариу тайлбар[4] ирүүлжээ. Үүнд “...иргэн А.Гын, сумын Засаг даргад хандаж гаргасан, асран хамгаалагчаар тогтоолгох тухай хүсэлтийг хүлээн авч, үүний дагуу нөхцөл байдлыг тогтоох, үнэлгээ хийх чиг үүрэг бүхий ажлын хэсгийг 2023 оны 4 дүгээр сарын 19-нд байгуулсан. Ажлын хэсгийн гишүүд холбогдох шалгах ажиллагаа хийсний үндсэн дээр дүгнэлт гаргасан. Ажлын хэсгийн гаргасан дүгнэлтийг үндэслэж тухайн захирамжийг гаргасан. Бодит нөхцөл байдлыг судлан үзэхэд, бага насны хүүхэд болох Г.Д- нь өвөө, эмээ, ээжийн хамт амьдарч байсан. Түүний ээж нь зуурдаар нас барсан бөгөөд хүүхэд тухайн өсөж торниж буй гэртээ, өвөө эмээгийн хамт амьдарч байгаа нөхцөл байдал тогтоогдсон. Ажлын хэсэг ийм нөхцөл байдлын үнэлгээ хийсэн тул А.Гаас гаргасан хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн. Талууд хэрэв асрамжийн талаар маргаантай бол иргэний хэргийн шүүхээр эцэслэн шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй. Засаг даргын захирамж хууль ёсны бөгөөд бага насны хүүхдийн эрх ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавьсан, бодит нөхцөлд тохирсон, зорилгодоо нийцсэн шийдвэр гаргасан гэж үзэж байна” гэжээ.
3.3 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй гэж үзээд иргэн А.Гыг гуравдагч этгээдээр татан оролцуулсан. Гуравдагч этгээд А.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа[5]:“...Миний бие хүүхдийг асран хамгаалж, өдий болтол ухаалаг хүү болгон өсгөн хүмүүжүүлж ирсэн. Хүүгээ сэтгэл санааны тогтвортой, сэргэлэн цовоо, сайн төлөвшилтэй хүн болгож, өөрийгөө аваад явах чадвартай, боловсролтой хүн болгоно. Ганбаяр нь хүүхдээ асарч хүмүүжүүлэх асуудалд огтхон ч оролцоогүй. Миний охин Үрлээ төрөөд 7 хоноод л гэртээ /аав, ээждээ/ хүрээд ирсэн ... энэ 2-ыг хоёр ч удаа нийлүүлэх гэж үзсэн, миний охин намайг зодож доромжилсон, байх суух арга алга гээд 2020 оны 12 дугаар сарын сүүлээр бүр сална гээд уйлаад ирсэн. Тэр цагаас хойш Ганбаяр нэг ч удаа хүүгээ эргэж ирж байгаагүй, ямар ч тусламж дэмжлэг үзүүлээгүй. Тэгээд авгайтай болсон гэрлэлтээ цуцлуулъя, миний амьдралд саад боллоо гэж охинд минь хэлсэн байсан. 2022 оны эхээр охин минь шүүхэд өргөдөл өгч гэрлэлтээ цуцлуулж, хүүгээ өөрийнхөө асрамжид авсан. Тэр үед Ганбаяр хүүхдийн тэтгэлэг төлөхгүй гэж маргасан ч шүүхийн шийдвэр гарч төлөх болсон. Ер нь хүүхдээ чин сэтгэлээсээ өөр дээрээ авахыг хүсэж байгаа хүн биш, хүүхдийн тэтгэлэг төлөхгүй байх л сонирхолтой. Тэгээд л асрамжийг цуцлуулах гомдол гаргасан байх. Үнэхээр хүүхдээ гэдэг бол цаг гаргаад уулзах ёстой, нэг ч удаа уулзаагүй, хүү нь танихгүй, хараагүй, үзээгүй, Ганбаяр бидэнтэй утсаар ч ярьдаггүй. Миний охиныг нас барахад ажил явдалд нь хүүгээ гэж боддог бол ирж болох байсан. Бид эхэндээ цочрол балмагдлаасаа гарахгүй, хүүхдийн асрамжийг хаагуур яаж хөөцөлдөхөө мэдэхгүй байсан. Намайг асрамжийн асуудал шийдүүлэх үед Ганбаяр иргэний шүүхэд гомдлоо өгчихсөн байсан юм байна лээ. Засаг даргын захирамжийг хүчингүй болгохыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эцгээ огтхон ч хараагүй, бид хоёроос алхам ч холдож үзээгүй хүүхэд, тэр хэрцгий хүний гарт очоод хэн болох вэ, одоо холбоо барихгүй байгаа хүнд өгнө гэхэд хэцүү байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
4. Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 12 дугаар сарын 8-ны өдөр, 31 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч ахмад М.Ундрах тодорхойлолт[6] ирүүлжээ. Уг тодорхойлолтод “ ... Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 332 дугаартай шүүхийн шийдвэрээр Төмөрхуягийн Ганбаяр /ЖЭ81012871/-с нэг /1/ хүүхдийн тэтгэлэг гаргуулж Батбаярын Үрлээд олгохоор шийдвэрлэжээ. Т.Г нь сар бүр хүүхдийн тэтгэлгээ бүрэн төлж байгаа бөгөөд 2023 оны 12 дугаар сарын байдлаар хүүхдийн тэтгэлгийн төлбөрийн үлдэгдэлгүй болно” гэсэн байна. Үүнээс дүгнэхэд Т.Г нь хүүхдийн тэтгэлгийг тогтоосон хугацаанд сар бүр бүрэн төлдөг болох нь тогтоогдож байна.
5. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад иргэн Г.Э-, П.Б-нараас гэрчийн мэдүүлэг[7] авсан. Гэрч Г.Э- “...Т.Г нь миний төрсөн аав, би төрснөөсөө хойш 16 нас хүртэл хамт амьдарсан, ... аавтайгаа байнга утсаар ярьдаг, аав тусалж дэмждэг, ... аав муухай ааш авир гаргадаггүй, дуугай хүн, ...Г.Д-ыг танина, миний дүү байгаа юм, манай аавтай сүүлд суусан хүнээс гарсан, ... Үрлээг аавтай танилцаад, манай гэрт цуг амьдарч байх үеэс нь эхлэн мэднэ, ойр дотно харилцаа байгаагүй, аав тэр 2-ыг гэр бүл болоход нь надад сонин санагдаж байсан, би Үрлээтэй байнгын харилцаатай байгаагүй ээ, 2021 онд л нэг 2 удаа мессеж бичиж байсан, тэр үед энэ 2 салсан байсан, би хувьдаа бүр салаасай гэж бодож байсан, үүнээс хойш хэдэн сарын дараа надтай Фэсбүүкээр холбоотой баймаар байна гэж чат бичсэн, би хариуд нь өөртэй чинь холбоотой баймааргүй байна гэж хариулсан, ...тэр хүн надтай чацуу болохоор нь аавтай битгий нийлээсэй, салаасай гэсэн үүднээс мессеж бичсэн” гэж, гэрч П.Б-“...Т.Г миний нөхөр байгаа юм, манай нөхөр архи ууж, тамхи татдаггүй, одоогоор зөрчилдөж муудалцсан зүйлгүй, ... Г.Д-ыг ер нь бол маш сайн мэднэ, манай нөхрийн хүүхэд, ...албан ёсоор уулзаж байгаагүй, өвөө эмээ дээрээ амьдардаг, ... ээжийг нь нас барсаны дараа бид 2 ярилцаад асрамжидаа авъя гэж шийдсэн, тэгээд шүүхэд хандсан, ... би өөрөө аавгүй өссөн болохоор хүүхдэд аав нь хэрэгтэй гэдгийг сайн мэднэ, би өөрөө төрөх боломжтой, ...бид 2 Г.Д-ыг маш сайн дэмжиж, хамтраад өсгөж, хүмүүжүүлж чадна, би дүүгийнхээ хүүхдүүдийг харж хандаж байсан туршлагатай” гэж тус тус мэдүүлэг өгсөн.
6. Шүүхээс 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Дорнод аймгийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, Хамгааллын газрыг шинжээчээр томилж, дүгнэлт гаргуулахаар шүүгчийн захирамж гарган хүргүүлсэн. Тухайн газраас 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр[8] “...иргэн Т.Гын нэхэмжлэлийн дагуу 2023 оны 7 дугаар сард шинжээчийн дүгнэлт гаргасан боловч тус иргэн нь шинжээчийн багийн зарим гишүүдийг ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзсэн ба дахин шинжээчийн баг томилогдож, дүгнэлт гаргах боломжгүй байна” гэсэн хариу албан тоотыг, 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн Дорнод аймгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газраас гаргасан шинжээчийн дүгнэлтийн хамт ирүүлсэн.
Шүүхээс 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдөр /2 дахь удаа/ Хэнтий аймгийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, Хамгааллын газрыг шинжээчээр томилж, дүгнэлт гаргуулсан[9]. Уг дүгнэлтэд: ...Шинжээчийн багийн үзэж байгаагаар хүү Г.Д-ыг нэхэмжлэгч Т.Г, гуравдагч этгээд А.Г нарын хэн аль нь асран хүмүүжүүлэх боломжтой, өөр өөрийн гэсэн давуу талтай, болохыг дэмжин уламжилж байна. Нэхэмжлэгч Т.Г, гуравдагч этгээд А.Г нар нь Г.Д-ыг өөрийн асрамжинд авах хүсэлтэй тул Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.1-т “...хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх”, 26.2.2-т “...хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, 26.2.3-т “... хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх, үзлээр дадлага олгох, 26.2.4-т “...хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах” зэрэг заалтуудыг хэрэгжүүлэн хүүхдээ авч амьдрах аюулгүй, бие даасан, эрсдэлгүй, тав тухтай, хүүхдийн хөгжлийг дэмжсэн орчинг бүрдүүлэхэд анхаарахыг санал болгож байна гэжээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 11-т “...гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй тэгш эрхтэй. Гэрлэлт нь хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёрын тэгш эрх, сайн дурын харилцаанд үндэслэнэ. Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална.” гэж заасан.
Мөн Хүүхдийн эрхийн тухай 1989 оны конвенцод эцэг, эх нь өөрийн чадвар болон санхүүгийн боломжийн хүрээнд хүүхдийн амьдрал, хүүхэд хөгжих боломжийг хангах үүргийг хүлээнэ гэж заасан.
7. Нэхэмжлэгч Т.Г нь Б.Ү-тэй танилцаад 2020 оны 02 дугаар сард гэр бүл болсон бөгөөд мөн оны 5 дугаар сард хүү Г.Д- мэндэлсэн. Тэд хувийн таарамжгүй харилцааны улмаас 2022 онд гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
7.1 Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 138/ШШ2022/00332 дугаартай шүүхийн шийдвэрээр Т.Г, Б.Ү- нарын гэрлэлтийг нь цуцалж, хүү Г.Д-ыг эх Б.Ү-ийн асрамжид үлдээж, 18 нас хүртэл эцэг Т.Гаар сар бүр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн[10] байна.
7.2 Уг үйл явдлаас хойш 2022 оны 12 дугаар сард Г.Д-ын эх Б.Ү- нь зуурдаар нас барсан ба хүүхдийн асран хамгаалалттай холбоотой асуудал хөндөгдөж эхэлсэн байна.
- Нэхэмжлэгч Т.Г нь Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдөр “Хүүхдийг өөрийн асрамжинд авах, асран хамгаалагчаар тогтоолгох” тухай нэхэмжлэл гаргасан.
- Гуравдагч этгээд А.Г нь зээ хүү Г.Д-ыг өөрийн асрамжид авахаар Дорнод аймгийн Баяндун сумын Засаг даргад хүсэлт гаргаж, тус сумын Засаг дарга 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн А/46 тоот “Г.Д-ын асран хамгаалагчаар иргэн А.Гыг тогтоох тухай” захирамж гаргасан.
Нэхэмжлэгч Т.Г нь, Б.Ү-гээс гэрлэлтээ цуцлуулсан ч Г.Д-ын төрсөн эцэг нь бөгөөд хүүхдээ тэжээн тэтгэх, асран халамжлах үүрэг нь хэвээр хадгалагдана. Хүүхдийг эцэг, эхээс нь хууль бусаар салгаж үл болно.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй” гэж заасан. Мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1-т “...хүүхдэд.... гэр бүлдээ аз жаргалтай, хайр халамжтай, бүхий л талаар хөгжих орчинг бүрдүүлэх”, 10.1.5-т “...хүүхдийг хууль тогтоомжид заасан нийгмийн үйлчилгээнд хамруулах”, 10.1.9-т “...хууль тогтоомжид заасны дагуу хүүхдийнхээ өмнөөс хариуцлага хүлээх, 10.1.10-т “...хүүхдийг наад захын хэрэгцээт зүйлээр хангах”-ийг тус тус эцэг, эхэд нь үүрэг болгон хуульчилсан бөгөөд хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т “Эцэг, эх тусдаа амьдрах, гэрлэлтээ цуцлуулсан нь тэднийг энэ зүйлийн 10.1-д заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасан.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, 25 дугаар зүйлийн 25.3-т ”Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаална”, 26 дугаар зүйлийн 26.1-т “Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ”, 26.2.2-т “...хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх”, 26.4-т “...Эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуулийн 26.2-т заасан тэдгээрийн үүрэг хэвээр үлдэнэ” гэж, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т “...Эцэг, эх нь насанд хүрээгүй.....хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасан байна.
8. Бүх шатны Засаг даргын үүрэг оролцооны талаар, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.6-т “...эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг ...асрамжлах..., шаардлагатай арга хэмжээ авч хэрэгжүүлэх” гэж,
Мөн Гэр бүлийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1.1-т “...асран хамгаалах, харгалзан дэмжвэл зохих хүний талаархи мэдээллийг хүлээн авч, нөхцөл байдлыг судалсны үндсэн дээр холбогдох материал бүрдүүлж асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох, өөрчлөх тухай шийдвэр гаргах” гэж тус тус заасан.
Дорнод аймгийн Баяндун сумын Засаг дарга дээрхи хуулиудад нийцүүлэн хүүхдийн асрамж тогтоосон захирамж гаргасан хэдий ч хүүгийн төрсөн аавд нь энэ талаар мэдэгдээгүй, ач холбогдол бүхий нөхцөл байдлыг сайн судлаагүй, холбогдох нотлох баримт, материал бүрдүүлээгүй зөрчил гаргасан. Эдгээрээс дүгнэхэд хариуцагч нь маргаан бүхий асран хамгаалагч тогтоох захирамж гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24, 25, 26, 27 дугаар зүйлүүдэд заасан ажиллагааг хийгээгүй, нөхцөл байдлыг тогтоогоогүй, ач холбогдол бүхий мэдээллийг цуглуулаагүй болох нь тогтоогдож байна.
9. Гуравдагч этгээд А.Г зээ хүү Г.Д-ыг өөрийн асрамжид авах, хүсэлт гаргах эрхтэй боловч, түүний төрсөн эцэг Т.Гтай харилцан ойлголцож, ярилцаж, асрамжийн асуудлыг хуулийн дагуу шийдвэрлүүлэх шаардлагатай байжээ.
Нэхэмжлэгч Т.Г нь өөрийн төрсөн хүү Г.Д-ыг асран халамжлах, тэжээн тэтгэх эрхтэй байхад, хариуцагч Дорнод аймгийн Баяндун сумын Засаг дарга 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн А/46 тоот захирамж гаргах гэж байгаа талаараа урьдчилан нэхэмжлэгчид мэдэгдээгүй, Захиргааны ерөнхий хуульд заасан шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах нөхцөл байдлуудыг шалгаж тогтоогоогүй, нэхэмжлэгч Т.Гт тайлбар, санал, нотлох баримт гаргах боломж бололцоог олгоогүй байна.
10. Иймд хариуцагч Дорнод аймгийн Баяндун сумын Засаг даргын 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн А/46 тоот захирамж нь хуульд заасан шаардлагыг хангаагүй, уг захиргааны актын улмаас нэхэмжлэгч Т.Г нь өөрийн төрсөн хүү болох Г.Д-ыг асран хамгаалах эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж, зөрчигдсөн гэж шүүхээс үзсэн тул маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
11. Нэхэмжлэгч Т.Г нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Г.Д-ын асран хамгаалагчаар Т.Гыг тогтоох тухай захиргааны акт гаргахыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаасаа татгалзсан тул уг шаардлагад эрх зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан, нэхэмжлэгч Т.Гын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Дорнод аймгийн Баяндун сумын Засаг даргын 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн А/46 тоот “Г.Д-ын асран хамгаалагчаар иргэн А.Гыг тогтоох тухай” захирамжийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дорнод аймгийн Баяндун сумын Засаг даргаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Т.Гт олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
4. Хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах бөгөөд энэ хугацаанд гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
Энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1, 114.2 дахь хэсэгт тус тус зааснаар, шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулж Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.БАЯСГАЛАН
[1] Хавтаст хэргийн 183 дугаар хуудас
[2] Хавтаст хэргийн 8 дугаар хуудас
[3] Хавтаст хэргийн 5 дугаар хуудас
[4] Хавтаст хэргийн 39 дүгээр хуудас
[5] Хавтаст хэргийн 41-43 дугаар хуудас
[6] Хавтаст хэргийн 81-82 дугаар хуудас
[7] Хавтаст хэргийн 179-182 дугаар хуудас
[8] Хавтаст хэргийн 139-143 дугаар хуудас
[9] Хавтаст хэргийн 156-172 дугаар хуудас
[10] Хавтаст хэргийн 56-60 дугаар хуудас