Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 92

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Б даргалан,

             Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.С,

             Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор П.У,

      Шүүгдэгч: Б.Т, З.Н-ыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд явуулж, Увс аймгийн Прокурорын Газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Бурд овогт Б.Т, Шааваа овогт З-н Н нарт холбогдох 1735000660035 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Увс аймгийн Тариалан суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Увс аймгийн Тариалан сумын Тарвагатай багт оршин суудаг, яс үндэс Хотон, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, РД:ОМ94062931, Бурдаг овгийн Б-н Т.

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1972 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Увс аймгийн Тариалан суманд төрсөн, 45 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 8, нөхөр 6 хүүхдийн хамт амьдардаг, Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар баг 16-5 тоотод оршин суудаг, яс үндэс Хотон, урьд нь ял шийтгүүлж байгаагуй, улсаас авсан гавьяа шагналгүй, РД:ОМ72101520, Шааваа овгийн З-н Н.

            Холбогдсон хэргийн талаар:/яллах дүгнэлтээр/ Б.Т, З.Н нар нь бүлэглэж 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Тариалан сумын Хархираа багийн нутагт хувийн таарамжгүй харилцааны улмаас гэр бүлийн хамаарал бүхий хохирогч С.Х зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд :

            1. Хохирогч С.Х-н мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2017 оны 8 дугаар сарын 24-ний өглөө Тариалан сумын 2 дугаар багт байрлах хөдөө гэртээ байж байтал 06 цагийн үед манай хадам ээж Н ирэхээр нь би манай хүүхэд шөнжингөө уйлаад хонолоо, миний хөхөнд сүүбайхгүй болохоор шөнө дунд нөхрөө босоод хоол өгчих гэсэн чинь 2 удаа босч хүүхдэд хоол өгсөн гэж ээждээ хэлээд босоод цай чанаж байсан чинь хадам ээж:“чи унтаж хэвтэж байхаар босоод гэр орноо цэвэрлэхгүй яасан юм бэ гэхээр нь би манай гэр харин ч дандаа цэвэрхэн байдаг. Бусдыг бодвол манайх цэвэрхэн та нар намайг нийлж аваад муу сайнаар хэлдэг юм байна лээ би дуугүй байхгүй шүү” гэсэн чинь манай нөхөр Т унтаж байгаад сэрээд “та 2 ямар ядаргаатай хэрэлддэг юм бэ, чи муу авгай дуугүй бай” гэхээр нь би “яагаад дуугүй байдаг юм”гэтэл манай хадам ээж “наад банзал авгай чинь дуугүй байдаг авгай биш байна” гэсэн. Тэгсэн чинь манай нөхөр босоод “зайл авгай минь” гээд намайг хөл рүү нэг удаа өшиглөөд цаашаа буцахаар нь би уурандаа нөхрийнхөө араас хайруулын төмөр аваад шидээд дараа нь данхтай цай аваад шидсэн чинь хадам ээж “чи яахаараа миний хүүхдийг цохидог юм бэ” гээд зүүн талын гар лүү хоёр удаа галын хайчаар цохисон. Тэгээд хадам ээж үснээс татаад нүүр маажсан. Тэгтэл Т намайг түлхээд гэрийн хананд шахаад гуя уруу өшиглөсөн. Тэгээд би чамаас саллаа гээд гараад явсан. Тэгээд зам руу гүйж замын машинд дайгдаад Улаангом сум уруу орж ирсэн. /хх-ийн 08-09-р тал/,Маргаан гарахын өмнөх өдөр жоохон бухал хийж байгаад орой гэртээ хоол хийгээд хүмүүсийг дуудахад ирж хоолоо идээгүй. Мөн морь унаад үхрээ тууж явсаар орой малаа туугаад гэртээ ядарч ирсэн. Маргааш нь хүүхдийнхээ хувцас угаагаад мал гаргаж дотор чанаж хоол хийж өгсөн. Тэр орой манай хүүхэд уйлаад унтуулаагүй юм. Өглөө босох гэж байтал хадам ээж орж ирсэн. Би босоод гал асааж цай хийгээд эхэлж байтал хэрүүл маргаан эхэлсэн. Би хүүхдээ дохтой гэж үнэхээр хэлээгүй. Энэ талаар хүсэлт гаргах гэхэд цагдаа тэгвэл Т, Н нарын ял хүндрээд байдаг, чи дахиж Т-тай амьдрах уу? гэхэд би хүүхдээ бодоод дахиж амьдрах хүсэлттэй байна, би өнчин хүн гэдгээ хэлсэн. Манай хадам ээж намайг маш муугаар хэлж явдаг талаар надад хүмүүс ирж хэлдэг ч би тодорхой хэмжээнд өнгөрөөдөг. Т хэзээ ч хань минь зөв гэж өмгөөлж байгаагүй. Манай хадам ээж маш хатуу сэтгэлтэй хүн гэдгийг өвөл хадам аавын гэрт хүүхдээ төрүүлээд хөх маань өвдсөн үед мэдсэн. Хүүхдээ хөхүүлэхгүй устай сүү хөхүүлж хүн болгосон. Би төрсөн ах эгчийнхээ дэргэд очоод хөхөө эдгээж авсан. Миний хадам ээж ийм л хатуу сэтгэлтэй хүн юм. Өнөөдөр хүртэл хадам ээж, нөхөр хоёрыг надтай уулзаад уучлалт гуйх болов уу гэхээр хэзээ ч надаас ирж уулчлалт гуйгаагүй. Надад учирсан хохирол баримтаа гаргаж өгөөгүй тул одоо нэхэмжлэх зүйлгүй. Өвчтэй толгойгоо дйилээд би амьдарч чадна, намайг бариачид үзүүлэхэд толгой гэмтэлтэй гэж хэлсэн. Би дээрээ дөрвөн эгчтэй боловч тэд Т нэг ч удаа үг хэлж байсан удаа байхгүй. Нөхрөөрөө цохиулах болгонд юу ч хэлдэггүй. Хадам ээж хэрүүлийн төлөө барилгын хороонд байдаг хүргэн ахын гэрт очоод хэрүүл хийдэг. Тэр болгонд эгч нар маань хэрүүл хийж байгаагүй. Хадам ээж Н намайг хайруулын төмрөөр 4-5 удаа миний гар руу цохисон. Миний мэдэрлийн 4 судас давхарлагдаж, гарын шуугийн яс мултарсан байсныг Тариалангийн бариачид эгчтэйгээ хамт очиж бариулсан. Толгойг эмнэлэгт үзүүлэхэд арын хэсэг бяцралттай байна гэж шүүх эмч дүгнэлт гаргасан. Гэтэл нөхөр болон хадам ээж нар чиний бие ямар байна, ямар эм ууж байна гэж огт асуугаагүй. Би гэрээсээ гараад 28 хонож байгаа. Нөхөр болон хадам ээж нараа шүүхийн шат хүртэл явуулах бодол байгаагүй. Надаас огт уучлалт гуйгаагүй учраас шүүхийн шат хүртэл явж байгаа. Би маш их хохиролтой. Хүүхэд байхгүй бол өнөөдөр амьд явах шаардлага байхгүй гэж бодож амьдарч байгаа. Шүүх хуралдаанд надаас уучлалт гуйж байгааг хүлээн авч байна”гэх мэдүүлэг

           2. Гэрч С.Ц-н мөрдөн байцаалтад өгсөн: “...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-р тал/

        3. Гэрч С.Э-н мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 09 цагийн үед манай дүү С.Х гэрт уйлаад ороод ирсэн. Яасан юу болсон гэхэд өглөө хадам ээж нөхөр хоёр намайг зодлоо гээд уйлаад байсан. Миний дүү айсан байдалтай орж ирсэн үс толгой нь арзаасан.хамар нь хөхөрч маажуулсан, зүүн гарын булчин хэсэг нь хөхөрчихсөн орж ирэхээр нь өмсөж явсан хувцасыг нь сольж өгөөд цагдаагийн байгууллагад очиж дуудлага өг гэж хэлээд явсан юм. Шөнө орой манай дүү айж цочиж босож ирээд унтаж байхдаа юм яриад хүүхдээ санаж байгаа юм шиг байсан. Урьд нь манай дүү ийм байдалтай байгаагүй нөхөр нь их айлгаж зодсон юм шиг байсан. Өдөр болгон өвчин намдаах эм ууж байгаа. “Чи яагаад эм уугаад байгаа юм”гэхэд “өвдөөд байгаа юм чинь уухгуй яах юм”гэж хэлээд эм ууж байгаа одоо толгой нь их өвдөж шаналаж байгаа, дүүгээ эмнэлэгт хэвтүүлж эмчлүүлж авна. Манай дүүгийн бие зүгээр биш нь бид нартай юм ярьж байгаад шал өөр зүйл яриад эрүүл хүн бол тэгж ярихгүй байсан манай хүүхдүүдтэй заримдаа сонин зан гаргаж харьцдаг дүүгээ эрүүл болгож авна” гэх мэдүүлэг /хх-ийн 11-р тал/,

           4. Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 8 дугаар сарын 25-ныөдрийн 493 дугаартай шинжээч эмчийн: “Үзүүлэгч С.Х-н биед гэмтэл учирсан байна. Тархины доргилт, зүүн гарын тохойн үений хэсэгг хавдартай, зүүн гуя хамрын хэсэгт эмзэглэлтэй зөөлөн эдийн няцралт гэмтэл үүссэн байна. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Дээрхи гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Уг гэмтэл нь эрүү мэнд хөдөлмөрийн чадварт тодорхой хугацаанд нөлөөлнө” гэх дүгнэлт /хх-ийн 13-р тал/,

            5. Шүүгдэгч Б.Т-г урьдял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38-р тал/,

            6. Шүүгдэгч З.Н-г урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа /хх-ийн 40-р тал/,

            7. Шүүгдэгчнарын хувийн байдал тогтоосон баримтууд /хх-ийн 27-37, 42-43-р тал/,

         8. Шүүгдэгч Б.Т-нмөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2017 оны 8 дугаар сарын 24-ний өглөө босоод байж байтал ээж сүү барьчихсан манайд ороод ирсэн. Тэгээд “үхэрээ саагаад ирлээ босоогүй юу хийж байгаа юм. Босоод хадлан тарианы ажил хийж байгаа хүмүүст цай чанаж өг” гэхэд манай эхнэр унтаж байгаад босоод хувцасаа өмсөөд “энэ хүүхэд чинь шөнжингөө уйлаад хонолоо” гэж хэлээд галаа түлээд сууж байтал ээж “та нар яагаад хүүхэд уйлуулаад хонож байгаа юм бэ” гэж хэлээд надаас ирээд хүүхэд авахад манай эхнэр Х галын хажууд байсан төмөр аваал над руу шидэхэд миний цээж хэсэгт ирж цохисон дараа нь данхтай цай аваад шидэхэд ээж “чи яагаад хань ижил рүүгээ төмөр авч шидэж байгаа юм бэ” гэж хэлээд над руу шидсэн төмөр аваад манай эхнэрийн зүүн талын гарын булчин хэсэг рүү хоёр удаа цохиход Х галын урд сууж байгаад “би та нарын боол зарц болж байна” гэж хэлээд ээж рүү дайрахаар нь би өмдөө өмсөөд чи яаж байгаа юм гэж хэлээд эхнэрээ хана руу шахаад толгой руу нь цохиод гуя урүү нь нэг удаа өшиглөхөд манай эхнэр Х “өвчтэй муу банзал залуугаас чинь би сална гэж хэлээд гэрээс гараад явсан. Би араас нь гарахад машин дээр гарчихсанөөрийнхөө хувцас ялгаж байгаад хөлдөөгч машин дээрээс авч шидэх гэж байхаар нь очиж аваад газарт тавьсан юм. Тэгээд манай эхнэр би чамаас сална гэж хэлээд гэрт ороод хүүхдээ хөхүүлээд ээжийг “энэ ДОХ-той банзал залуугаа эмчлүүлж аваарай” гэж хэлэхэд ээж “өвчтэй гэж юу яриад байгаа юм бэ та хоёр өвчингүй болоод та хоёроос хүүхэд гарсан биздээ гэхэд энэ жил би танай хүүхдээс өвчин авлаа гэж хэлээд цүнхтэй хувцасаа аваад гэрээс гараад явсан юм./хх-ийн 25-26-р тал/, Хохирол, төлбөр өгч чадаагүй байгаа. Одоо эхнэр хүүхдээ аваад сайхан амьдрах бодолтой байгаа. Өнөөдрөөс эхлэн хань ижилээ цохихгүй, уучлалт гуйж байна. Дахин ийм гэмт хэрэг үйлдэхгүй гэдгийг ойлгож байна. Эмэгтэй хүнд гар хүрэх юм бол хатуу юм гэдгийг маш сайн ойлголоо” гэх мэдүүлэг,

         9. Шүүгдэгч З.Н-н мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2017 оны 8 дугаар сарын 24-ний өглөө Т-н гэрт ирэхэд манай бэр Х орноосоо босоогүй байсан. Тхүүхдээ тэврээд орон дээрээ сууж байсан юм. Би тэгээд бос гэхэд Х энэ хүүхэд чинь шөнжингөө уйлаад хонолоо гэхээр нь “энэ хүүхэд чинь гэж юу яриад байгаа юм бэ чиний хүүхэд биздээ босоод хадлангийн ажил хийж байгаа хүмүүст цай чанаж өг” гэж хэлээд Т-с хүүхдийн аваад тэврээд зогсож байтал Х босоод хувцасаа өмсөөд галын урд ирж суугаад Т руу төмөр аваад шидэхэд шидсэн төмөр Т-н хэвлий хэсэгт цохисон дахиад Х галын дээд талд байсан данхтай цай аваад шидэхээр нь “чи хань нөхрөө төмрөөр цохидог юм уу” гэж хэлээд Т руу шидсэн төмрийг аваад Х-н зүүн талын гарын булчин хэсэгт нь цохиод Х над руу эргээд ирсэн чинь Т Х-г “чи яаж байгаа юм бэ” гэж хэлээд хананд шахаад авсан тэгсэн чинь Х Т-г “чи муу өвчтэй пизда энэ хүүхдээ өөрөө асар би чамаас сална” гэж хэлэхээр нь “та нар юу яриад байгаа юм бэ өвчингүй болоод та хоёроос хүүхэд гарсан биз дээ”гэхэд Х би энэ жил танай хүүхдээс өвчин авчихлаа гэж хэлээд орилсоор байгаад гэрээс гараад машин дээр гарчихсан хөлдөөгчөө аваад шидэх гэж байсаныг Тавсан байсан. Удалгүй гэрт орж ирээд хүүхэддээ хоол өгчихөөд та нар энэ хүүхдээ хүн хийгээрэй гэж хэлээд гэрээс гараад явсан/хх-ийн 23-24-р тал/,Хань нөхөрөө цохиж, дохтой хүүхдээ ав гэж хэлээд байсан. Х бидэнд сонин сонин үг хэлж миний удам угсааг доромжилсон тул тухайн үед тийм зүйл болсон юм. Манай гэрт асаргааны хүнтэй болохоор Х-той очиж уулзаж чадаагүй байсан. Буруу зүйл хийсэндээ уучлалт гуйж байна. Би дахин ийм үйлдэл гаргахгүй. Хүүхдүүд хоорондоо эвтэй байхыг хүсэж байна” гэх мэдүүлэг, нотлох баримтууд болно. 

         Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл: Шүүгдэгч Б.Т, З.Н нар нь бүлэглэн 2017 оны 8 дугаар сарын 24-ний өглөө Увс аймаг, Тариалан сумын Хархираа багийн нутаг дэвсгэрт байх гэртээ хохирогч С.Х-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч С.Х, гэрч С.Э нарын мэдүүлэг, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, 2017 оны 8 дугаар сарын 25-ныөдрийн 493 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Х.Т, З.Н нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон байна.

             Шүүгдэгч Б.Т, З.Н нарын үйлдлийн улмаас хохирогч С.Х-н эрүүл мэндэд “тархины доргилт, зүүн гарын тохойн үений хэсэгг хавдартай, зүүн гуя хамрын хэсэгт эмзэглэлтэй зөөлөн эдийн няцралт” гэмтэл учирсан байх ба уг гэмтэл ньШүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох ньШүүхийн шинжилгээний үндэсний хүрээлгийн 2017 оны 8 дугаар сарын 25-ныөдрийн 493дугаартайшинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.

            Шүүгдэгч Б.Т, З.Н нар нь хохирогчтой гэр бүлийн хамаарал бүхий этгээд буюу хохирогч С.Х нь шүүгдэгч Б.Т-н эхнэр байх бөгөөд хохирогч С.Х-н “...манай нөхөр босоод “зайл авгай минь” гээд намайг хөл рүү нэг удаа өшиглөөд цаашаа буцахаар нь би уурандаа нөхрийнхөө араас хайруулын төмөр аваад шидээд дараа нь данхтай цай аваад шидсэн чинь хадам ээж “чи яахаараа миний хүүхдийг цохидог юм бэ” гээд зүүн талын гар лүү хоёр удаа галын хайчаар цохисон. Тэгээд хадам ээж үснээс татаад нүүр маажсан. Тэгтэл Т намайг түлхээд гэрийн хананд шахаад гуя уруу өшиглөсөн...”, шүүгдэгч З.Н-н “...Х галын дээд талд байсан данхтай цай аваад шидэхээр нь “чи хань нөхрөө төмрөөр цохидог юм уу” гэж хэлээд Т руу шидсэн төмрийг аваад Х-н зүүн талын гарын булчин хэсэгт нь цохисон…”,шүүгдэгч Б.Т-н “...ээж “чи яагаад хань ижил рүүгээ төмөр авч шидэж байгаа юм бэ” гэж хэлээд над руу шидсэн төмөр аваад манай эхнэрийн зүүн талын гарын булчин хэсэг рүү хоёр удаа цохиход Х галын урд сууж байгаад “би та нарын боол зарц болж байна” гэж хэлээд ээж рүү дайрахаар нь би өмдөө өмсөөд чи яаж байгаа юм гэж хэлээд эхнэрээ хана руу шахаад толгой руу нь цохиод гуя урүү нь нэг удаа өшиглөсөн…” гэх мэдүүлгүүдээр шүүгдэгч нар бүлэглэн хохирогчийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

            Иймд хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тулшүүгдэгч Б.Т, З.Н нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял оногдуулах үндэслэлтэй байна.

            Хохирогч С.Х нь шүүхийн хэлэлцүүлэгт “хохирлын талаархи нотлох баримтаа гаргаж өгөөгүй тул одоо нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг гаргасан тул шүүгдэгч нараас гаргуулах хохиролгүй гэж үзлээ. Хохирогч өөрт хохирол учирсан гэж үзвэл холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй болно.

        Шүүгдэгч Б.Т, З.Н нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 Шүүгдэгч Б.Т, З.Н нарт ял оногдуулахад хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч Бурд овогт Б-н Т, Шаваа овогт З-н Н нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

         2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т, З.Н нарт тус бүр 245 /хоёр зуун дөчин таван/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

         4. Шүүгдэгч Б.Т, З.Н нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хохиролгүй болохыг тус тус дурдсугай.

             5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Т, З.Н нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэрэглэсүгэй.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.БОЛОРТУЯА