| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 145/2024/00487/И |
| Дугаар | 145/ШШ2024/00492 |
| Огноо | 2024-10-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 145/ШШ2024/00492
| 2024 оны 10 сарын 29 өдөр | Дугаар 145/ШШ2024/00492 | Өвөрхангай аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ................... дүүргийн ................... дугаар хороо, .......... байр .............. тоотод оршин суух, Б...............н А...............н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн ............. сумын ................ дугаар баг, ............ гэх газар оршин суух, Ц............н А..................д холбогдох,
“10,900,200 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, хариуцагч Ц.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ц........ овогтой А...................н хүсэлтээр 2023 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 5,500,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй барьцаагүй 2023 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл 4 сарын хугацаатайгаар зээлийн гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног дутам 0.5 хувийн алданги тооцохоо тусгаж Ц.А..............н төрийн банкны данс руу 3,000,000 төгрөг, 2,500,000 төгрөгийг шилжүүлсэн. Гэвч Ц.А нь тухайн үед эхний сарын хүүнээс 70,000 төгрөг дутуу 480,000 төгрөг л өгч бусад хүү болон үндсэн зээлийн гэрээний хугацаа дууссан боловч төлж барагдуулахгүй явсаар өнөөг хүрч байна. 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр тус аймгийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Ц.А нь шүүх дээр очиж уулзахгүй, оршин суух хаяг дээрээ байхгүй байсан тул шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Ц.А.................г эрэн сурвалжлуулах хүсэлт өгсөн. Хаягийг тодруулж дахин нэхэмжлэл гаргаж байна. Иймд гэрээний дагуу үндсэн зээл болох 5,500,000 төгрөг, эхний сарын хүүнээс үлдэгдэл 70,000 төгрөг, сүүлийн 3 сарын хүү болох 1,650,000 төгрөг, алданги 3,610,000 төгрөг, эрэн сурвалжлуулахад төлсөн 70,200 төгрөг, нийт 10,900,200 төгрөгийг хариуцагч Ц.А................с гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Жилийн өмнө зээлийн гэрээ хийсэн. 5,500,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй авч зээлсэн байдаг. Авсан өдрөөсөө эхний сард нь 480,000 төгрөгийн хүү төлсөн байсан. Үүнээс цааш огт төлөлт хийгээгүй, утсаа авахгүй, холбоо барьдаггүй. Ингэсээр байгаад өдийг хүрсэн гэв.
Хариуцагч Ц.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би ажилгүй байгаа учраас төлж чадахгүй яваад байна. Тиймээс алданги тооцохгүйгээр үндсэн зээлийг хүүтэй нь хугацаа тохирч төлмөөр байна гэв.
Нэхэмжлэгчийн зээлийн гэрээ, шилжүүлэгийн мэдээлэл зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч Ц.А...............д холбогдуулан “10,900,200 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргажээ.
2. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгч Б.А нь 2023 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хариуцагч Ц.А...........н Төрийн банкин дахь данс руу 3,000,000 төгрөг, 2,500,000 төгрөгийг шилжүүлсэн, хариуцагч Ц.Аззаяа нь зээлийн гэрээний үүрэг болох 5,500,000 төгрөгөөс 480,000 төгрөг төлж, үлдсэн төлбөрөө төлөөгүй байгаа гэсэн тайлбар гаргаж, хариуцагчаас үндсэн зээл 5,500,000 төгрөг, хүүгийн төлбөрт 1,720,000 төгрөг, алданги 3,610,000 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлахад гарсан зардал 70,200 төгрөг, нийт 10,900,200 төгрөг гаргуулна гэжээ.
4. Хариуцагч Ц.А нь нэхэмжлэлийн шаардлага 10,900,200 төгрөгөөс үндсэн зээлийг хүүгийн хамт төлнө гээд алдангийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
5. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгч Б.А, хариуцагч Ц.А нарын хооронд байгуулсан 2023 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн гэрээ, Б.А...............н 5560210435 тоот данснаас хариуцагч Ц.А.................н ...................тоот дансны шилжүүлгийн мэдээлэлээр нотлогдож байна гэж үзэх үндэслэлтэй байна. Хариуцагч Ц.А...............д үндсэн зээл, хүүгийн төлбөр болон гэрээнд заасан алдангийн хамт төлөх үүрэг хууль болон гэрээгээр оногдсон гэж үзлээ.
6. Үндсэн зээлийн төлбөр 5,500,000 төгрөгөөс 480,000 төгрөг төлөгдсөн талаар талууд тайлбарласан тул үндсэн зээлийн төлбөр 5,020,000 төгрөг байна.
2023 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүртлэх хугацааны зээлийн хүүг 1 сарын 10 хувийн хүүтэй байхаар зээлийн гэрээнд талууд харилцан тохиролцсон ба 4 сарын хүүгийн төлбөр 2,200,000 төгрөгийн хувьд хариуцагч маргаагүй.
Алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 5,020,000 төгрөгийн 50 хувь буюу 2,510,000 төгрөг байна гэж үзлээ.
Хариуцагчийг эрэн сурвалжлахад шүүхэд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн энэ шаардлагатай холбогдуулан хариуцагч маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
7. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281,1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.А................с 9,800,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,100,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Ц.А................н улсын тэмдэгтийн хураамж 175,593 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.А...............д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 189,353 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дахь хэсгүүдэд зааснаар хариуцагч Ц.А.................с 9,800,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.А................д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,100,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Ц.А улсын тэмдэгтийн хураамж 175,593 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.А........д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 189,353 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА