| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сугарын Болортуяа |
| Хэргийн индекс | 177/2017/0093/Э |
| Дугаар | 93 |
| Огноо | 2017-09-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.У |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 09 сарын 21 өдөр
Дугаар 93
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Б даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.С,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор П.У,
Шүүгдэгч: Д.С-г оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын Газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Д-н С-т холбогдох 1735000470032дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1976 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт амьдардаг, Увс аймгийн Тэс сумын 8 дугаар багт оршин суудаг, яс үндэс баяд, улсаас авсан гавьяа шагнал байхгүй,урьд нь 2012 онд Увс аймгийн сум дундын шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан зүйл ангиар 4 жил хорих ялаар шийтгүүлсэн, РД:ОО76012074, Б овогт Д-н С.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.С нь согтуугаар 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Улаангом сумын 9 дүгээр багийн нутагт хохирогч М.Б-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд :
1. Хохирогч М.Б-н мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдөр 18:00 цагийн үед гэртээ өөрийн найз Б-той 0,5 литрийн Ерөөл нэртэй архи 1 шилийг хувааж уучихаад Улаангом сумын 9 дүгээр багт байдаг нагац ах Б-н гэрт эхнэр 3 хүүхдийн хамт очсон. Тэгээд намайг тэдний гэрт очиход Б ахын хашаан дотор хамт байдаг айлд нь миний танил С нь өөрийн хүү Б-н хамтаар Тэс сумаас мотоцикльтой ирсэн байсан. Би Б ахын хажуу талын айл руу ороод С, Б нартай мэнд мэдэлцсэн. Тухайн үед С ах согтуу байсан бөгөөд намайг тэр айлд ороод 10 гаруй минутын дараа С ах, Б 2 явлаа гэж хэлээд гэрээс гарсан. Би тэр хоёрыг дагаад тэр гэрээс гараад С ахтай нэг шил архи хувааж ууя гэж бодоод С ахад та байж байгаарай гэж хэлсэн. Тэгтэл С ах надад “чи намайг байж бай гэж хэлдэг хэн бэ”гээд над уруу дайраад байсан. Тэгээд би С ахад би таньтай ганц шил архи хувааж ууя гэж бодсон юм гэж хэлээд бид 2 хоорондоо маргалдаж эхэлсэн, тэгж байтал С ах намайг тонгорч газарт унагаасан, тэгээд миний дээр гарч сууж байгаад миний уруул хэсэг үрүү 3 удаа цохисон. Манай хадам ах болох Ш гэрээсээ гарч ирээд С ахыг салгаад аваад явсан юм. С ах намайг цохиход миний урд талын үүдэн шүдний хагас нь бутарч унаад цус гарч байсан. Д.Снь 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Тэс сумаас Улаангом суманд ирж надаас уучлалт гуйсан. Бид хоёр хоорондоо тохиролцож Д.С нь надад 200,000 төгрөг учирсан хохиролд төлж барагдуулсан тул одоо надад Д.С-т ямар нэгэн гомдол тэмцэлгүй болно” гэх мэдүүлэг /хх-ийн 7-9-р тал/,
2. Гэрч Л.Б-н мөрдөн байцаалтад өгсөн: “Би Улаангом сумын 9-р багт нөхөр 3 хүүхдийн хамтаар оршин суудаг юм. 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдөр 18:00 цагийн үед би гэртээ нөхөр хүүхдийн хамт байж байтал манай нөхөр Б-н найз Б ирж Б нь Б-той 0.5 литрийн Ерөөл гэх нэртэй архи 1 шилийг хувааж уусан бөгөөд Б гэрлүүгээ харьчихсан. Тэгээд нөхөр бид 2 Улаангом сумын 9 дүгээр багт байдаг манай нөхөрийн нагац ах Б-н гэрт 3 хүүхдийн хамт очсон юм. Нөхөр бид 2 тэдний гэрт очиход Б ахын хашаан дотор хамт байдаг айлд нь манай нөхрийн танил С нь өөрийн хүү Б-н хамтаар Тэс сумаас мотоцикльтэй ирсэн байсан. Тэгээд манай нөхөр Б ахын хажуу талын айл уруу орсон. С, Б нар нь мотоцикль дээрээ суугаад явах гэж байсан, тэгтэл манай нөхөр тэднийг байж байгаарай гэж хэлсэн. Тэгэхэд С манай нөхөрт “чи намайг байж бай гэж хэлдэг хэн бэ” гэж хэлээд манай нөхөр үрүү дайраад байсан. Б нь С-т “би тантай ганц шил архи хувааж ууя гэж бодсон юм” гэж хэлсэн бөгөөд Б, С нар нь хоорондоо маргалдаж эхэлсэн юм. Тэгж байтал С манай нөхрийг тонгорч газарт унагаж, дээр нь гарч сууж байгаад уруул хэсэг үрүү нь 3 удаа цохисон юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 10-р тал/,
3. Гэрч Ж.Б-ын мөрдөн байцаалтанд өгсөн: “Д.С нь Увс аймгийн Тэс сумын харьяат бөгөөд зан аашийн хувьд номхон, тайван, илүү дутуу зангүй бөгөөд Д.С нь одоогоор Тэс сумын 8-р багт эхнэр 5 хүүхдийн хамтаар мал маллаж амьдардаг юм. Д.С нь урьд өмнө нь 2 удаа ял шийтгүүлж байсан юм. Д.С нь хаяа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг бөгөөд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ агсам согтуу тавьдаггүй, ямар нэгэн хорт муу зуршилгүй, утаат тамхи татдаг юм. Д.С нь эд хөрөнгийн хувьд 500 гаруй бог мал, 20 гаруй адуу, 20 гаруй үхэртэй юм. Д.С нь бие эрүүл мэндийн хувьд хэвийн ямар нэгэн өвчингүй. Д.С нь морь малд сонирхолтой, морь уяж наадмуудад уралдуулдаг. Найз нөхдийн дунд нэр хүнд сайтай, ямар нэгэн зүйлд шударга ханддаг, аливаа зүйлийг эхлүүлсэн бол дуусгаж эцсийг нь үзэх дуртай байдаг юм” гэх мэдүүлэг /хх-ийн 11-р тал/,
4. Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 8 дугаар сарын 14-нийөдрийн 462 дугаартай шинжээч эмчийн: “Үзүүлэгч М.Б-н биед гэмтэл учирсан байна.Дээд уруулын салстад язарсан шарх, дээд уруул, баруун тохойн зулгаралт, үүдэн дээд зүүн нэг шүдний сулрал, нэг шүд эмтрэл гэмтэл учирсан байна. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Дээрхи гэмтэл нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой шинээр үүссэн гэмтэл байна, Дээрхи гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн хохиролд хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тодорхой хугацаанд нөлөөлнө” гэх дүгнэлт /хх-ийн 14-р тал/,
5. Шүүгдэгч Д.С-г урьдял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа /хх-ийн 24-р тал/,
6. Шүүгдэгч Д.С-н хувийн байдал тогтоосон баримтууд /хх-ийн 21-23, 27-59-р тал/,
7. Шүүгдэгч Д.С-н мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдөр өөрийн хүү С.Б-н хамтаар өөрийн мотоциклоор Тэс сумаас Улаангом суманд орж ирсэн юм. Тэгээд маргааш нь буюу 2017 оны 8 дугаар сарын 09-ны өдөр би хүү Б-н хамт гудамжид мотоцикльтэй явж байгаад Улаангом сумын 3-р багт байдаг “Бэл булаг” гэх нэртэй хүнсний дэлгүүрийн гадна өөрийн танил Л гэх хүнтэй таарсан. Тэгээд би “Бэл булаг” гэх нэртэй хүнсний дэлгүүрээс 500 грамын Улаанбаатар гэх нэртэй 1 шил архи авч гудамжинд Л-н хамт хувааж уусан юм. Тэгээд Л гэр үрүүгээ явсан бөгөөд би мотоциклоо хүү Б-д бариулаад Улаангом сумын 9-р багт байх нутгийн танил О-н гэрт очсон. Тэгээд би О-н гэрт ороод цай уучихаад юм яриад сууж байтал гаднаас манай Тэс сумын гаралтай М.Б тэдний гэрт нь орж ирсэн. М.Б нь О-тэй хамт нэг хашаанд байдаг нагац ах Б-н гэрт нь ирсэн байсан юм. Тэгээд Б-нь бид нартай мэнд мэдэлцсэн бөгөөд Б- бид хоёр удалгүй 10 орчим минутын дараа О-н гэрээс гараад Б мотоцикль асаагаад би ар талд нь суугаад хөдлөх гэж байтал араас Б намайг байж байгаараа гэсэн. Тэгэхээр нь би Б-д “чи намайг байж байгаарай гэж хэлдэг хэн юм бэ” гэж хэлсэн ба Б тухайн үед халамцуу байсан надад “би таньтай ганц шил архи хувааж ууя гэж бодсон юм” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Б намайг архичин гэж хэлж байгаа юм байна гэж дотроо бодоод уурлаад бид хоёр хоорондоо маргаж эхэлсэн. Би уурандаа Б-г тонгорч газарт унагаад Б-н дээр нь гарч сууж байгаад уруул хэсэг үрүү нь баруун гараараа хальт 3 удаа цохисон. Намайг манай хүү Б болон Б-н хамаатны танихгүй нэг эрэгтэй ирээд салгасан юм. Би М.Б ахаас уучлалт гуйж бид нар хоорондоо эвлэрсэн. Миний хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч түүнд учирсан гэх хохирлыг бүрэн барагдуулж өгсөн, надад хөнгөн ял оноож өгнө үү” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно.
Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл: Шүүгдэгч Д.С нь 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Улаангом сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч М.Б-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч М.Б, гэрчЛ.Б, шүүгдэгч Д.С-н үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдож тогтоогдсон байна.
Шүүгдэгч Д.С-н гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.Б-н эрүүл мэндэд “Дээд уруулын салстад язарсан шарх, дээд уруул, баруун тохойн зулгаралт, үүдэн дээд зүүн нэг шүдний сулрал, нэг шүд эмтрэл гэмтэл”учирсан байх ба уг гэмтэл ньШүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь2017 оны 8 дугаар сарын 14-нийөдрийн 462дугаартайшинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, прокуророос ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Д.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.С нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан, хохирогч М.Б нь нэхэмжлэх хохирол, төлбөргүй гэсэн нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр нотлогдож байх тул шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж үзлээ.
Шүүгдэгч Д.С нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.
Шүүгдэгч Д.С нь учруулсан хохирлоо сайн дураараа төлж барагдуулсан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг ял шийтгэхдээ харгалзан үзсэн, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Булгадар овогт Д-н С-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Булгадар овогт Д-н С-т 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Д.С нь торгох ялыг хуулинд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Д.С нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Д.С-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэрэглэсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА