Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 127/ШШ2024/0006

 

 

Нэхэмжлэгч, хариуцагч нарын

эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

  Хэргийн индекс: 127/2023/0023/3

 

Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Баясгалан би нэхэмжлэгч М.Э-ий нэхэмжлэлтэй, Хэнтий аймгийн Засаг даргад холбогдох “...Аймгийн Засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/240 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч М.Э- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Миний бие Хэнтий аймгийн Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн А/162 дугаар захирамжаар Хэрлэн сумын 3 дугаар баг, Татварын хэлтсийн баруун талд байрлалтай 2311031609 нэгж талбарын дугаартай, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай 1189 м.кв газрыг эзэмших эрхтэй болсноос хойш өнөөдрийг хүртэл Газрын тухай хууль, газар эзэмших эрхийн гэрээнд заасан үүргээ биелүүлж, тус газрыг эзэмшиж ашиглаж байна.

2018 онд миний бие “ММ-" ХХК-тай ажил хэргийн шугамаар холбогдож, өөрийн эзэмших эрх бүхий дээр дурдсан газрын эзэмших эрхийг тус компанид шилжүүлж, хамтран ажиллах талаар ярилцаж байгаад тохиролцоонд хүрч чадаагүй билээ.

Гэтэл аймгийн Засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/240 дүгээр захирамжаар миний эзэмших эрх бүхий дээрх газрыг миний зөвшөөрөлгүй, холбогдох баримт бичиггүйгээр “ММ-” ХХК-д шилжүүлсэн болохыг 2024 оны 4 дүгээр сард мэдсэн. Мэдсэн даруй аймгийн Засаг даргад гомдол гаргаж, газар эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр буюу холбогдох баримт бичиггүйгээр иргэний эзэмших эрх бүхий газрыг бусдад шилжүүлсэн үйлдлийг зогсоолгох буюу захирамжийг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан хэдий ч аймгийн Засаг даргын Тамгын газрын 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 4/784 дүгээр захирамжаар “...шүүхэд хандаж шийдвэрлүүлнэ үү” гэх хариуг ирүүлсэн тул ийнхүү нэхэмжлэл гаргаж байна.

Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т зааснаар газар эзэмшигч нь газар эзэмших эрхийн гэрчилгээг шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр бусдад шилжүүлэх эрхтэй хэдий ч ийнхүү шилжүүлэхдээ мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т заасан баримт бичгийг хавсаргах ёстой. Тодруулбал, газар эзэмших эрхийг шилжүүлэх талаар нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ, газар эзэмших эрх шилжүүлэх талаарх бичгээр гаргасан хүсэлт, эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээдийн эрх, үүргээ хүлээн зөвшөөрч буй нотолгоо, албан татвар, хураамж төлсөн баримт, татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлсэн тухай тодорхойлолт зэргийг хавсаргах ёстой.

Миний бие газар эзэмших эрхээ аливаа этгээд (“ММ-” ХХК)-эд шилжүүлэх талаар хүсэлтээ илэрхийлсэн, тухайн этгээдтэй гэрээ байгуулж, нотариатаар батлуулсан зүйл огт байдаггүй. Нэгэнт гэрээ байгуулж нотариатаар батлуулаагүй, хүсэлтээ илэрхийлээгүй байхад газар эзэмших эрхийг минь “ММ-” ХХК-д шилжүүлж, 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/240 дүгээр захирамж гаргасан хариуцагчийн үйлдэл хууль бус байна.

Угтаа Засаг дарга нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3.1-д зааснаар газар эзэмших эрх шилжүүлэхтэй холбоотой баримт бичгийн бүрдлийг шалгаж, хуульд нийцсэн, шаардлага хангасан эсэхийг тодруулсны үндсэн дээр шийдвэр гаргах, хэрэв тухайн шаардлагыг хангаагүй тохиолдолд шийдвэр гаргахаас татгалзах үүрэгтэй билээ.

Гэвч хариуцагч нь хуульд заасан үүргээ үл биелүүлж, газар эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр, холбогдох баримт бичгийн бүрдлийг хангаагүй байхад нэхэмжлэгчийн газрын эрхийг бусдад шилжүүлснээр эрх, хууль ёсны ашиг сонирхолд хууль бусаар халдсан.

Иймд Хэнтий аймгийн Засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/240 дүгээр захирамжийг хүчингүй болгож, иргэн М.Э- миний газар эзэмших эрхийг сэргээж өгнө үү” гэжээ.

            Нэхэмжлэгч М.Э- болон хариуцагч Хэнтий аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д , Т.Н  нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулжээ. Эвлэрлийн гэрээндээ: “...Бид дараах байдлаар эвлэрч байна.

1. Нэхэмжлэгч М.Э- би Захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж, тухайн газрыг өөрийн эзэмшилд шилжүүлэхтэй холбогдох бичиг баримтыг хуулийн дагуу бүрдүүлж, газрын албанд өгөх,

2. Хариуцагч тал хуульд заасан журмын дагуу нэхэмжлэгчийн бүрдүүлсэн баримтыг хүлээн авч асуудлыг хуулийн дагуу шийдэх, /2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн А/162 дугаар захирамжтай, 2311031609 нэгж талбарын дугаартай” эзэмшлийн газрыг нэхэмжлэгч М.Э-ий нэр дээр/ шилжүүлэхээр ойлголцож харилцан тохиролцов” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.Э-ээс Хэнтий аймгийн Засаг даргад холбогдуулан “...Аймгийн Засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/240 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Шүүх тухайн нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байх явцад нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь хоорондоо эвлэрч, эвлэрлийн гэрээгээ бичгээр байгуулан, гарын үсгээ зурцгааж, харилцан буулт хийж, эвлэрэн маргаанаа дуусгавар болгосон байна.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т “.... нэхэмжлэгч нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй" гэж, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д “...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах эрхтэй” гэж тус тус заасан.

            Мөн гуравдагч этгээд шүүхэд өгсөн тайлбартаа: “...Тухайн газрыг манай компани авсан ч М.Э-д төлбөр төлөөгүй, хамтран үр дүнтэй ажиллаагүй, бусдын эзэмших эрхийг үндэслэлгүйгээр авсан болохоор нэхэмжлэгч М.Э-ий нэр дээр буцаан шилжүүлэхэд татгалзах зүйлгүй.

            Иймд Хэнтий аймгийн Засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/240 дугаартай захирамжийг хүчингүй болгож, иргэн М.Э-ий эзэмших эрхийг сэргээх нь шударга ёсны зарчимд нийцнэ” гэжээ.

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь харилцан ойлголцож, эвлэрлийн гэрээ байгуулсан ба энэ нь хэргийн оролцогч, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байна.

Нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулжээ. Эвлэрлийн гэрээндээ:

“1. Нэхэмжлэгч М.Э- би Захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж, тухайн газрыг өөрийн эзэмшилд шилжүүлэхтэй холбогдох бичиг баримтыг хуулийн дагуу бүрдүүлж, газрын албанд өгөх,

2. Хариуцагч тал хуульд заасан журмын дагуу нэхэмжлэгчийн бүрдүүлсэн баримтыг хүлээн авч тухайн асуудлыг хуулийн дагуу шийдэх, /2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн А/162 дугаар захирамжтай, 2311031609 нэгж талбарын дугаартай/ эзэмшлийн газрыг нэхэмжлэгч М.Э-ий нэр дээр/ шилжүүлэхээр ойлголцож харилцан тохиролцов гэж эвлэрлийн гэрээндээ тодорхойлон тусгаж, талууд гарын үсэг зуран маргаанаа дуусгавар болгосон байна.

Нэхэмжлэгч, хариуцагч ийнхүү эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэн, хэргийн оролцогчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхдээ нөхөн төлүүлэх шүүхийн зардал болон улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуулийн 47, 48 дугаар зүйлд зааснаар шийдвэрлэнэ” гэж, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.4-т “Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрэхдээ шүүхийн зардлыг өөрөөр хуваарилахаар тохиролцоогүй бол шүүх энэ зүйлд заасан журмаар шийдвэрлэнэ” гэж тус тус заасныг баримтлан, хариуцагч талаас 35100 /гучин таван мянга нэг зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Э-д олгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд нар нь тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, шүүхээс эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгсөн болно.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.4 дэх хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгч М.Э-ий нэхэмжлэлтэй, Хэнтий аймгийн Засаг даргад холбогдох “...Аймгийн Засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/240 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах” шаардлагатай захиргааны хэргийн нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Э-ий улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 35100 /гучин таван мянга нэг зуун/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Э-д олгосугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэнэ.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Г.БАЯСГАЛАН