Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 95

 

 

            Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалан,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Сувд-Эрдэнэ,

            Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяа,

           Шүүгдэгч: Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын Газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Эмчийнхэн овгийн Б-н Б холбогдох 1735000370020дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Ховд аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын 1 дүгээр багт оршин суудаг, регистрийн дугаар ПЮ93091719, Эмчийнхэн овгийн Б-н Б,

           Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 04-нд шилжих шөнө тус аймгийн Улаангом сумын 7 дугаар багт байрлах “Чингис” зочид буудлын ариун цэврийн өрөөнд байсан хохирогч Б.Э-н эд хөрөнгө болох гар утас, бэлэн мөнгө зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            1. Эд мөрийн баримт хураан авах прокурорын зөвшөөрөл /хх-04 хуудас/,

            2. Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/5-6 хуудас/,

            3. Эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-9-12/,

         4. Хохирогч Б.Э-н мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдөр өөрийн найз Б-н төрсөн өдөр болохоор нь “Сарнай” гэх буудалд байж байгаад нэлээд хэдэн шил пиво уусан юм. Тэгээд 02 цагийн орчим “Их наяд” гэх бааранд очиж ганц шил пиво уусан. Би баар хаахаар нь гарч яваад “Андууд” гэх баар орох гэтэл хаалттай байсан. Тэгэхээр нь би хойшоо эргээд “Чингис” гэх буудалд ороод угаалгын өрөөнд нь ороод унтчихсан. Би өглөө сэрэхэд миний өмдний халаасанд байсан утас түрийвч алга болсон байсан. Би Iphone 5s загварын гар утсаа 2017 оны 1 дүгээр сард Улаанбаатар хотын Теди төвөөс 420.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Зүүн дээд өнцөгтөө бага зэрэг хагарсан өөр ямар нэгэн сэвгүй. Хэтэвчээ 2016 оны 12 дугаар сард 168.000 төгрөгөөр авч байсан, бор өнгийн дотроо 6 жижиг, 1 том тасалгаатай арьсан хэтэвч байсан. Мөн 42 ширхэг 20.000-тын мөнгөн дэвсгэрт, задгай мөнгө нь 1000-2000 төгрөг л байсан. Мөн иргэний үнэмлэх, 4 ширхэг банкны карт, нэрийн хуудас-1 ширхэг, юнителийн GG карт-1 ширхэг тус картыг үнэгүй олгодог. Мөн ажлын үнэмлэх, фитнессийн үнэмлэх алга болсон байсныг Увс аймгийн Цагдаагийн алба хаагч нарбүрэн гүйцэт олж өгсөн. Миний бие Улаанбаатар хотоос ирээд 7 хонож байгаа бөгөөд хэтэвчинд тооцоо төлбөр хийх мөнгө маань байсан тул дээрх мөнгийг олж өгсөнд баярлаж байгаа. Миний 42 ширхэг 20.000-тын мөнгөн дэвсгэртээс 7 ширхэг 20.000-тын мөнгөн дэвсгэрт байхгүй байгаа бөгөөд нийт 140.000 төгрөгийг холбогдох хүнээс нь нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15, 16-17-р тал/,

           2. Гэрч Б.О-н мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 8 дугаар сарын 04-ний шөнө 02 цагийн үед гаднаас нэг хүн орж ирээд ариун цэврийн өрөө асуухад нь би 2 давхрын ариун цэврийн өрөө зааж өгөөд оруулсан бөгөөд тэр орж ирсэн залуу ариун цэврийн өрөөнд ороод унтчихсан байсан.Манай буудлын ресторанаар үйлчлүүлж байсан хүмүүсийн нэг нь ариун цэврийн өрөө орно гэхэд нь би “Та ариун цэврийн өрөө орох гэж байгаа бол тэр өрөөнд нэг согтуу хүн байгаа, тэр хүнийг гаргачихаад ороорой гэж хэлсэн. Тэр үед би 1 дүгээр давхарт сууж байсан. Тэр залуу ариун цэврийн өрөө орчихоод буугаад ирэхэд нь ариун цэврийн өрөөнд байгаа хүн гарсан уу гэхэд тэр залуу “Тэр хүн ч хэцүү бололтой” гэж хэлсэн. Тэр өрөөнд тасарсан байсан хүн дээр нэг л хүн орсон, тэр залууг би танихгүй, 2 давхарт тасраад унтчихсан байсан залуугийн ариун цэврийн өрөө рүү орсон залуугийн 2 гар нь нэлэнхүүдээ шивээс байсан /яг ямар утгатай шивээс болохыг нь анзаарч хараагүй/, саарал өнгийн фудволк, женсин өмдтэй байсан. ...Ариун цэврийн өрөөнд унтаж байсан залуу нь өглөө 07 цагийн үед 2 дугаар давхараас бууж ирээд миний халаасанд байсан 800.000 гаруй бэлэн мөнгө, гар утас зэрэг эд зүйлс хулгайлагдсан байна гэхэд нь би “Чи тийм их мөнгө халаасандаа авч явдаг ямар сонин хүн бэ гэж хэлээд камер шүүж үз гэж хэлсэн. Хяналтын камерууд бол ерөнхийдөө ажиллаж байгаа гэхдээ одоо камерийн бичлэг байхгүй, учир нь камерын бичлэгийг 7 хоног хадгаладаг” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19, 20-р тал/,

        3. Гэрч П.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: “2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотоос ажлын хамт олон болох Э, жолооч З, Э-н эгч О нарын хамт Увс нуур үзэж амрах зорилгоор ирсэн. Увс нуур жуулчны бааз дээр байж байгаад 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Улаангом сумруу орж ирээд “Сарнай” зочид буудалд буугаад амарсан. Оройнь цуг явсан Э шөнө дунд гараад явчихсан байсан. Хаашаа явсан нь мэдэхгүй байсан тул өглөө дугаар уруу нь залгахад утас нь холбогдохгүй байсан. Хүлээгээд байж байтал “Чингис” зочид буудалд байна эд зүйлсээ хулгайд алдчихсан гэж хэлсэн тул явж ирэхэд гар утас найман зуу гаруй мянган төгрөг, түрийвч бичиг баримтаа гээгдүүлсэн гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22-р тал/,

           4. Гэрч Э.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: “Би Б.Б гэдэг хүнийг танихгүй. 2017 оны 8 дугаар сарын 03-ны орой би өөрийн багийн найз Х-тай уулзсан. Х-тай уулзахад түүнтэй цуг Х-н найз гэх Ховд аймгийн гэсэн хоёр гар болон хөлөндөө шивээстэй 175 см орчим өндөртэй шар царайтай Ц гэх залуу цуг ирсэн. Тэгээд бид нар цуг “Чингис зочид буудал” орчихоод гарч ирээд би машиндаа суухад Ц миний машинд суучихаад буухгүй байсан тул би машинаа асаагаад явсан. Тэгтэл Ц надад хонох газар байхгүй гэхээр нь би түүнийг өөрийнхөө машинд хонуулаад маргааш өглөө нь буюу 2017 оны 8 дугаар сарын 04-ний өглөө Х-н гэрт хүргэсэн. Учир нь Х ховд хооронд хүн тээврийн жолооч ажилтай, Ц хэлэхдээ Х-тай цуг Ховд аймаг руу явах гэж байна гэж хэлсэн тул би Х-н гэрт буулгачихаад яваад өгсөн. Би Б.Б нь хулгайн гэмт хэрэг үйлдсэнийг мэдээгүй. 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Б.Б Ховд аймаг руу явах гэж байгаад цагдаа дээр хүргэгдэж ирсэн гэж дуулсан, яг ямар учраас ирсэн талаар нь мэдэхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 26-р тал/,

        5. Гэрч Б.М мөрдөн байцаалтанд өгсөн: “Би хувиараа Увс-Ховд, Ховд-Увс хооронд Стана загварын авто машинаар хүн тээвэрлэдэг ажилтай. Б.Б гэдэг хүнийг сайн танихгүй. 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдөр би Ховд аймаг уруу гарах гээд зогсож байтал нэг залуу ирсэн бөгөөд өөрийгөө Жокер /сүүлд Б, Ц гэдэг гэж хэлж байсан/ гэж танилцуулаад таньтай цуг Ховд аймаг явж болох уу манай гэр Ховд аймагт байдаг юм гэхээр нь би болно, явж болно гээд машиндаа суулгаад Ховд руу гарах гэхэд Ховд аймаг руу явах хүн гүйцээгүй тул би тэр орой гарч чадаагүй тэгээд захаас гараад машинынхаа засвар үйлчилгээг хийгээд 22 цаг болсон тэгтэл тэр залуу надад хонох газар байхгүй би танайд хоночихоё гэхээр нь би зөвшөөрч гэртээ авч очоод бид хоёр манайд орж хоол идээд хашаанд тус бүр 1 лааз пиво уугаад сууж байтал миний найз Б ирж би Б-тай цуг гарах гэтэл Б цуг явья гээд бид 3 гарч яваад 1,75 литрийн Соёрхол нэртэй архийг Б авч өгч бид 3 хувааж уучихаад “Андууд” баар уруу орох гээд үүдэн дээр нь зогсож байтал Б ариун цэврийн өрөө орно гээд “Чингис” зочид буудал руу ороод буцаад гараад ирсэн. Тэнд байж байтал Б Б-н машинд хононо гэж байсан бөгөөд тэр хоёр Б-н гэр үрүү явна гээд яваад өгсөн. Би тэндээс гэрлүүгээ ганцаараа алхаж хариад амарч байтал өглөө эрт Б, Б-р хүргүүлж манайд ирээд Б бид хоёр Ховд аймаг руу гарах гээд зах дээр зогсож байтал цагдаа нар ирж Б-г барьж явсан. Тухайн үед юу болоод байгааг мэдээгүй сүүлд сонсоход Б хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэж хэлж байсан, Б.Б-г хулгайн гэмт хэрэг үйлдснийг мэдээгүй 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Ховд аймаг руу явах гээд машиндаа сууж байтал миний машинд сууж байсан Б-г цагдаа нар бариад явахаар нь ямар нэгэн асуудал болсон байна гэж бодоод үлдсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28-р тал/,

         6. “Увс Финанс-Аудит” ХХК-ийн 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн “I Phone 5s загварын гар утас 245.800 төгрөг, түрийвч 1 ширхэг-84.000 төгрөг. иргэний үнэмлэх 1 ширхэг-17.800 төгрөг, виза карт 3 ширхэг-9.000 төгрөг нийт 356.000 төгрөг/-ийн үнэ ханштай болохыг тодрхойлсон 297 дугаартай тайлан /хх-ийн 30-р тал/,

           7. Шүүгдэгч Б.Б-г урьдял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42-р тал/,

           8. ШүүгдэгчБ.Б хувийн байдал тогтоосон баримтууд /хх-ийн 44-49, 62-74-р тал/,

        9. Шүүгдэгч Б.Б мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2017 оны 8 дугаар сарын 03-ны орой “Чингис” зочид буудал руу миний шээс хүрээд байсан тул би орсон юм. Тэгээд ресепшин охиноос ариун цэврийн өрөө чинь хаана байгаа вэ гэхэд ариун цэврийн өрөө 2 давхарт байгаа дотор нь нэг согтуу хүн тасраад унтчихсан байгаа чи гаргачихаарай гэхээр нь би ариун цэврийн өрөөнд явж ороход нэг хүн тасарчихсан шалан дээр унтаж байсан. Тэр унтаж байсан хүний хар өнгийн куртикны халааснаас мөнгө цухуйж байхаар нь онгойлгож үзэхэд бор өнгийн хэтэвч, хэтэвчинд 20.000-тын дэвсгэрт бүхий бэлэн мөнгө байсныг аваад гарах гэтэл түүний гар утас бас байхаар нь гарт нь байсан утсыг нь аваад ариун цэврийн өрөөнөөс гараад 1 давхар уруу бууж ресепшин эмэгтэйд ариун цэврийн өрөөнд байгаа хүн босох шинжгүй тасарчихсан байна гэж хэлчихээд М-сууж байсан өрөөнд ороод сууж байгаад М болон түүний найз Э.Б-н хамт буудлаас гарч явсан. Би хохирогч Б.Э-т учирсан хохирлыг төлж барагдуулсан. Би гар утас болон бэлэн мөнгийг буцаагаад өгчихсөн. Мөн дутуу байсан гэх 140.000 төгрөгийг төлсөн. Миний хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм зүйл хийхгүй байж чадна. Надад хөнгөн ял оноож өгөхийг хүсэх байна” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзээд дүгнэвэл:

          Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 8 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө Увс аймгийн Улаангом сумын7 дугаар багийн нутагт байрлах “Чингис” зочид буудлын ариун цэврийн өрөөнд байсан хохирогч Б.Э-н гар утас, бэлэн мөнгө зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлж, нийт 1.199600төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Б.Э, гэрч П.Б, Э.Б, Б.О, Б.М нарын мэдүүлэг,шүүгдэгчээс эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийж хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Увс Финанс-Аудит” ХХК-ийн 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн “Эд зүйлс үнэлсэн тухай тайлан” 297 дугаар шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Б.Б-ний хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

           Шүүгдэгч Б.Б-ний үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.-т нийт 1.199.600төгрөгийн буюу бага бус хэмжээнээс давсан хохирол учирсан нь хохирлын тооцоо хийсэн баримт /хх-ийн 49/, Увс Финанс-Аудит” ХХК-ийн 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 297 дүгээр эд зүйлсийн үнэлгээний тайлан, дүгнэлтээр нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ. 

          Иймд шүүгдэгч Б.Б-г бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

          Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн IPONE-5S загварын хар өнгийн утас 1 ширхэг, nike брендийн эмбилем бүхий бор өнгийн хэтэвч 1 ширхэг, Хаан банкны цэнхэр карт 1 ширхэг, Хаан банкны ногоон өнгийн карт 1 ширхэг, Худалдаа хөгжлийн карт 1 ширхэг, Юнителийн GG карт 1 ширхэг, нэрийн хуудас, Од фитнесс клубын үнэмлэх 1 ширхэг, Худалдаа хөгжлийн банкны Т.Б гэсэн нэрийн хуудас 1 ширхэг, хохирогчийн иргэний үнэмлэх 1 ширхэг, нийт 356.600 төгрөгний үнэ бүхий эд зүйлс, мөн 35 ширхэг хорин мянгатын дэвсгэрт буюу 700.000 төгрөгийг шүүгдэгчээс хураан авч, хохирогчид хүлээлгэн өгсөн, мөн үлдэх 140.000 төгрөгийг шүүгдэгч Б.Б нь хохирогч Б.-т төлж барагдуулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Б-г гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн гэж үзлээ.

       Шүүгдэгч Б.Бнь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж,түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

          Шүүхээс шүүгдэгч Б.Б-д ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугаа ойлгож гэмшсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж үүрэг хүлээлгэх боломжтой гэж дүгнэсэн болно.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :

            1. Шүүгдэгч Эмчийнхэн овогт Б-н Б-г хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

       2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Эмчийнхэн овогт Б-н Б-д хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 8 сарын хугацааагаар тэнссүгэй.

       3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

       4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгчид хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

      5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Б нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг дурдсугай.

       6. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б-с гаргуулах хохиролгүй болохыг тус тус дурдсугай.

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Б-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэрэглэсүгэй.

        8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.БОЛОРТУЯА