Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дэмбэрэлийн Батбаатар |
Хэргийн индекс | 126/2017/0023/З |
Дугаар | 221/МА2018/0024 |
Огноо | 2018-01-18 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 221/МА2018/0024
2018 оны 01 сарын 04 өдөр | Дугаар 221/МА2018/0024 | Улаанбаатар хот |
П.Д-гийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч О.Номуулин, Ерөнхий шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.У, гуравдагч этгээд Д.Н-, гуравдагч этгээдийн өмгөөлөгч П.Г нарыг оролцуулан, Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 29 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээд Б.Н-гийн давж заалдах гомдлоор П.Д-гийн нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэргийг Ерөнхий шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 29 дүгээр шийдвэрээр: ”Эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-д заасныг баримтлан эрх бүхий захиргааны байгууллага буюу Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс нөхцөл байдлыг нэмж тодруулж, дахин шинэ акт гаргах хүртэл зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлж,
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан шүүхээс тогтоосон дээрх хугацаанд эрх бүхий захиргааны байгууллага дахин шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий захиргааны актын холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцож,
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж” шийдвэрлэжээ.
Гуравдагч этгээд Б.Н давж заалдах гомдолдоо: “”Хатгал” худалдаа бэлтгэлийн трестийн гурван айлын орон сууцыг хуулийн дагуу надад хувьчилж өгсөн.
Энэ сууцанд манайх 1991 оноос хойш амьдарч, 1994 оноос хойш П.Д-г амьдрахад манай талаас хэрүүл маргаан гаргаж байгаагүй. Энэ жилээс П.Д манай байшин гэж хэл ам хийж байгаа” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагад бүрэн дүгнэлт өгөөгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
Хөвсгөл аймгийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн алба 2010 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны 1 дүгээр баг, Худалдаа бэлтгэлийн трестийн 3-н айлын орон сууцны зориулалттай, 108 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг Д.Н, Б.Н нарын өмчлөлд Ү-1701000147 дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000098469 дугаар гэрчилгээ олгож, улмаар 2011 оны 06 дугаар сарын 05-ны өдөр өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэн уг үл хөдлөх эд хөрөнгийг иргэн Д.Нгийн өмчлөлд бүртгэн 000199891 дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгожээ.
Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа 2011 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хийгдсэн бүртгэл буюу “000199891 гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Ү-1701000147 дугаартай Д.Н-ийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн бүртгэлээс П.Д-д хамаарах буюу 3 айлын орон сууцны 03 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийг Д.Н-ийн нэр дээр өмчлөх эрх үүсгэн бүртгэсэн хэсгийг хүчингүй болгуулах” гэж тодорхойлсныг шүүх хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн хянан шийдвэрлэжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 /Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй/-д зааснаар шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт өгч хэргийг хянан шийдвэрлэх ёстой бөгөөд энэхүү хэргийн тухайд үүсгэсэн захиргааны хэргийнхээ хүрээнд буюу улсын бүртгэлийн байгууллагын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийг бүртгэсэн үйл ажиллагаа тухайн үед мөрдөгдөж байсан хууль, тогтоомжийн дагуу явуулсан эсэх, уг бүртгэлийн үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн эсэхэд дүгнэлт өгч хэргийг хянан шийдвэрлэхээр байжээ.
Өөрөөр хэлбэл, үл хөдлөх эд хөрөнгийн хувьд нэхэмжлэлийн шаардлагад дурдсан бүртгэлийг хийх үедээ хариуцагч байгууллагад бүрдсэн баримтууд, улсын бүртгэлийн байгууллагаас хийсэн үйл ажиллагаанд дүгнэлт өгч, хэргийг хянан шийдвэрлэхээр байна.
Гэтэл анхан шатны шүүх “П.Д-гээс мэдүүлэг авах, холбогдох баримтууд болон орон сууцыг өмчлөх эрхтэйг нотолсон баримтуудыг шаардаж бүртгэх, уг орон сууцыг анх Д.Н хувьчилж авсан баримт байгаа эсэхийг шалгах зэрэг нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай” гэж хариуцагч байгууллагын үйл ажиллагаанд хамааралгүй, тухайлбал, тухайн үл хөдлөх эд хөрөнгийг хувьчилсантай холбоотой үйл баримтад дүгнэлт хийлгэх агуулгатай буруу дүгнэлт хийж, маргаан бүхий захиргааны актыг хариуцагчаас дахин шинэ захиргааны акт гаргах хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д нийцээгүй байна.
Өөрөөр хэлбэл, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хувьчлахтай холбоотой асуудал нь хариуцагч улсын бүртгэлийн байгууллагын эрх хэмжээнд хамаарахгүй бөгөөд тухайн нөхцөл байдлыг хариуцагч улсын бүртгэлийн байгууллагаар тодруулж, дахин шинэ акт гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу байна.
Харин энэхүү маргаантай холбогдуулж маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө байрших газар нь анх Газрын нэгдмэл сангийн бүртгэлд хэний эзэмшил, өмчлөлд бүртгэгдсэн эсэх, П.Д-д гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгоход үндэслэсэн Хатгал тосгоны 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А-73 дугаар шийдвэр, тэдгээртэй холбоотой баримтуудыг цуглуулах, 2010 онд Хатгал тосгоны захирагчийн ажлын албаны даргаар ажиллаж байсан П.М-г 2010 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн тодорхойлолттой нь холбогдуулж гэрчээр асуух зэрэг нь хэрэгт ач холбогдолтой байж болохоор байна.
Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР