Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 128/2017/0448/З |
Дугаар | 417 |
Огноо | 2018-10-29 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 417
Ц.А-ын нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын
газрын даргад холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Х.Батсүрэн
Шүүгчид: Л.Атарцэцэг,
Г.Банзрагч,
П.Соёл-Эрдэнэ,
Илтгэгч шүүгч: Б.Мөнхтуяа,
Нарийн бичгийн дарга: Д.Мөнхцэцэг.
Нэхэмжлэлийн шаардлага: “Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны Б/249 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, уг тушаалаар албан тушаал бууруулж, урьд эрхэлж байсан албан тушаалд томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, уг албан тушаалд эгүүлэн томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгах”,
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2018/0347 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2018/0448 дугаар магадлал,
Шүүх хуралдаанд оролцогч:
Нэхэмжлэгч Ц.А, түүний өмгөөлөгч Э.Т, Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, өмгөөлөгч Б.Б нар.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2018/0347 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 27 дугаар зүйлийн 27.2.3, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйл, 40 дүгээр зүйлийн 40.2.3, 40.2.5 хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.А-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/249 дүгээр тушаалын хоёрдугаар хавсралтын Ц.Аад холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүнийг урьд нь эрхэлж байсан албан тушаалд томилоогүй Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон, Ц.А-ыг Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх зүйлүүдэд заасныг тус тус баримтлан ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 23.723.410 /хорин гурван сая долоон зуун хорин гурван мянга дөрвөн зуун арав/ төгрөгийг нэхэмжлэгч Ц.А-д олгохыг, мөн нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговорт холбогдох шимтгэл, даатгалын тооцоо, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтрийн нөхөн бичилтийг зохих журмын дагуу хийхийг хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргад даалгаж шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2018/0448 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2018/0347 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. Хариуцагчийн өмгөөлөгчөөс “ ... Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2018/0448 тоот магадлалыг зөвшөөрөхгүй байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийг удирдлага болгон дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.
4. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээснээрээ захиргааны актыг болон хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.
5. Тухайлбал: Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/249 тоот тушаалын 1 дүгээр хавсралтад зааснаар тухайн өдөр нэхэмжлэгч Ц.А-ыг албан тушаалаас нь чөлөөлсөн. Аын хувьд ч албан тушаалаас чөлөөлөгдсөнтэйгээ маргаагүй. Одоо ч маргаагүй. Тэрээр маргаагүй учраас мэргэжилтний ажил үүргийг гүйцэтгэж байсан. Тухайлбал: XX-1-ийн 18 дугаар талд Ц.А-ын зүгээс 2017 оны 3 дугаар сарын 31-нд “Нийслэл дэхь төрийн албаны салбар зөвлөлд” гаргаж байсан гэх гомдол байна. Уг гомдолд “... одоо тус хэлтэст хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байна’’ гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл ажлаас чөлөөлсөн болон ажилд томилсон захиргааны шийдвэрүүдийг 3 сарын хугацаанд хүлээн зөвшөөрч байсан. Энэ тохиолдолд Ц.А-ын зүгээс үр дүнгийн биелэлтийн асуудал хэрэг шийдвэрлэхэд ач холбогдолгүй. Учир нь 1 ажлын үр дүнгийн биелэлтийг Ц.А-ыг албан тушаалаас чөлөөлөх үндэслэл болгоогүй. Магадлалд “..захиргааны актын эсрэг гомдол нэхэмжлэл гаргахын тулд ямар нэгэн ажил хийхгүй, ажилгүй, орлогогүй болсны дараа нэхэмжлэл гаргах ёстой гэж ойлгож болохгүй” гэж дурьдаад байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Төрийн албан хаагч нь хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудлаарх байгууллагын захиргаанаас гаргасан шийдвэр нь хууль зөрчсөн гэж үзвэл хуульд заасан хугацаанд гомдлоо гаргах хуулийн зохицуулалттай. Хуулийн зохицуулалтыг баримтлах ёстой.
6. Б/249 тоот тушаалын хоёрдугаар хавсралтаар мэргэжилтний албан тушаалд томилсон. Энэ нь анхан болон давж заалдах шатны шүүхээс тайлбарлаад байгаа шиг албан тушаал бууруулсан ойлголт биш. Уг Б/249 тоот тушаалд албан тушаал бууруулсан тухай үг, өгүүлбэр байхгүй. Албан тушаалаас нь чөлөөлөх, ажилд томилох асуудал нь тусдаа өөр өөр харилцааг зохицуулсан шийдвэр юм. Үүнийг нэг тушаалд байгаа гэдэг утгаар нь хялбарчилж бууруулах гэсэн ганц үгээр илэрхийлэх боломжгүй. Албан тушаалаас чөлөөлсөн гэдэг нь харилцаа дуусгавар болгох тухай ойлголт. Ажилд томилж байгаа нь шинэ харилцаа эхэлж байгааг илэрхийлнэ. Тиймээс яг аль харилцаатай холбоотой асуудлаар маргаж байна вэ гэдгийг тодорхойлох ёстой. Албан тушаалаас чөлөөлсөн гэдэг нь нэгдүгээр хавсралтын “Санхүү, төрийн сангийн хэлтэс” хэсгийн 1-д Цэдэнсодномын А гэж бичигдсэнээр, албан тушаалд томилогдсон гэдэг нь хоёрдугаар хавсралтын 2 дугаар хэсгийн 7-д Ц.А албан тушаал нь Хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн байхаар бичигдсэнээр тус тус нотлогдож байна.
7. Нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлөгдсөн, томилогдсон талаараа маргах байсан бол уг тушаал гарснаас хойш Төрийн албаны тухай хуулийн хуулийн 39.4-т заасны дагуу 30 хоногийн дотор гомдлоо гаргах ёстой байсан. Гомдол гаргах хугацаа нь 2017 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл тоологдоно. Гэтэл нэхэмжлэгч уг хугацаанд гомдол гаргаагүй. Хуульд тодорхойлон заасан хугацаанд гомдлоо гаргаж амжаагүй бол “Гомдол гаргах хугацаа сэргээлгэх” хуулийн зохицуулалтай. Гэтэл Ц.А нь уг хүсэлтийг гаргалгүйгээр, эрх бүхий этгээдээр нь шийдвэрлүүлэлгүйгээр Нийслэл дэхь Төрийн албаны салбар зөвлөлд гомдол гаргаж хууль зөрчсөн. Ийнхүү хууль зөрчсөн байхад салбар зөвлөлөөс асуудлыг авч хэлэлцсэн нь хууль зөрчсөн. Нэхэмжлэгч нь хуульд заасан хугацаа хэтрүүлсэн, гомдол гаргах хугацаа сэргээлгээгүй учраас нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй.
8. Нэхэмжлэгч нь урьд эрхэлж байсан ажил албан тушаал болох “Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга” гэсэн албан тушаалаас чөлөөлөгдсөнтэйгээ маргаагүй буюу Б/249 тоот тушаалын нэгдүгээр хавсралт хүчинтэй хэвээр байхад түүнийг ажилд нь эргүүлэн томилох нь хуульзүйн үндэслэлгүй. Ажлаас чөлөөлөх тухай ойлголт бол өргөн хүрээтэй ойлголт юм. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-д “Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно” гэж, 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна” гэж тус тус заасан. Хуулийн энэ зохицуулалт нь Хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудлаар дараалал тогтоосон зохицуулалт. Гэтэл Хөдөлмөрийн хуулийн хуулиас давж бусад хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжгүй. Улсын дээд шүүхийн 2007 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 32 тоот тогтоолоор Захиргааны хэргийн шүүхэд харъяалуулсан маргаан юм. Мөн уг акт нь байгууллагын дотоод зохион байгууллалтын асуудлаар гарсан шийдвэр. Тиймээс сонсох ажиллагаанд хамаатуулах боломжгүй. Тэгээд ч хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид мэдэгдсэн гэдэг нь хэргийн материалд байгаа хурлын тэмдэглэлээр тогтоогддог.
9. Хөөн хэлэлцэх хугацааны тухайд: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол ...” гэж заасан байгаа. Энэхүү заалтын агуулга нь ямар нэгэн хуульд өөрөөр заагаагүй буюу өөр зохицуулалт байхгүй бол Захиргааны ерөнхий хуульд заасан журмыг баримтлахаар зохицуулсан. Харин Төрийн албаны тухай хуульд өөрөөр заасан. Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.4-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч энэ хуулийн 39.1-д заасан маргаантай холбогдсон гомдлоо төрийн албаны салбар зөвлөл болон төрийн албаны төв байгууллагад 1 сарын дотор гаргана” гэж заасан байгаа. Нэхэмжлэгч Ц.А нь үнэхээр эрх нь зөрчигдсөн гэж үзсэн бол хуульд заасан хугацаанд буюу 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн маргах ёстой байсан.
10. Хуульд зааснаар гомдол гаргах хугацаа нь 2017 оны 01 дүгээр сарын 28-нд дуусгавар болсон. Гэтэл Ц.А нь ажил үүргээ гүйцэтгэж байсан нь хэлээгүй ч өөрийн үйлдлээрээ эрх зөрчигдөөгүй гэдгээ илэрхийлж байсан гэсэн үг. Нэхэмжлэгчийн үндсэн санаа зориг нь бол “Хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн”-ий ажлаас чөлөөлөгдөх болонгуут л Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын албан тушаалд томилуулахаар маргаж эхэлсэн. Энэ албан тушаалд томилуулах нь гол зорилго нь биш гэдэг нь тэрээр мэргэжилтэн хэмээх ажилдаа орохоор бас нэхэмжлэл гаргаж маргаж байгаагаар нотлогдож байна. Мэргэжилтний ажил үүргээс чөлөөлөгдсөн асуудлаар маргаж байгаа асуудлыг түдгэлзүүлсэн байгаа.
11. Анхан шатны шүүхийн шийдвэр, магадлал үндэслэлгүй тул ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх талаар дэлгэрэнгүй тайлбарлах шаардлагагүй юм. Тиймээс анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2018/0347 тоот шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2018/0448 тоот магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
12. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс: Иргэн Ц.А-ын нэхэмжлэлтэй тус дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2018/0448 дугаар магадлалыг эс хүлээн зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд
13. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт “Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2018/0347 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч П.Б-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай гэж шийдвэрлэсэн нь хууль буруу хэрэглэсэн байна.
14. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд ямар тохиолдолд захиргааны актыг илт хууль бусад тооцох талаар заасан бөгөөд захиргааны актыг илт хууль бусад тооцсоны үр дагаврыг мөн хуульчилсан байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас жил бүрийн эхэнд Дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтцийн үлгэрчилсэн загвар гаргаж бүтцийг баталдаг. Бүтцийн өөрчлөлтийн талаар 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр дүүргийн Засаг даргын шуурхай хуралдаанаар хэлтсүүдийн дарга нарт сонсгох ажиллагаа хийсэн байна. Ц.А-г 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/249-р тушаалын 1 дүгээр хавсралтаар ажлаас нь чөлөөлж, 2 дугаар хавсралтаар нь Хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтнээр томилсон. 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтний ажлаасаа чөлөөлөгдсөн. 2016.12.28-2017.04.05-ны өдөр хүртэл ажиллахдаа албан ёсоор ажпаас чөлөөлсөнтэй холбоотой ямар нэгэн гомдол санал гаргаагүй юм. Төрийн албаны тухай хуулийн 39.4-т зааснаар 1 сарын дотор Төрийн албаны зөвлөлд гомдол гаргах эрхтэй байдаг. Хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байхад 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Төрийн албаны зөвлөлд Ц.А гомдол гаргасан. 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 105-р тогтоолоор Төрийн албаны зөвлөл дүгнэлт гаргасан байна.
15. Шүүх хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн Төрийн албаны зөвлөлийн хууль бус тогтоолыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтрүүлж 2016 оны 12 дугаар сарын 28-ны Б/249 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт буюу Ажлаас чөлөөлсөнтэй Ц.А огт маргаагүй бөгөөд уг тогтоолын 2-р хавсралтын өөрт холбогдох хэсгийн тушаал буруулахтай маргаж байхад Ц.А-ыг Санхүү төрийн сангийн хэлтсийн даргаар ажилд нь эргүүлэн томил гэсэн шийдвэр гаргадаг нь үндэслэл бүхий шийдвэр биш юм.
16. Магадлалын үндэслэх хэсэгт “...хариуцагч нь маргаан бүхий актын хоёрдугаар хавсралтыг батлахдаа зохицуулж байгаа харилцаанд хэрэглэгдэх хуулийн заалтыг баримтлаагүй, нэхэмжлэгч Ц.А-ын албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн байхад үндэслэлгүйгээр албан тушаал бууруулж, хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн болгосон нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны Б/249 дүгээр тушаалын хавсралтын Ц.А-д холбогдох хэсгийг илт хууль бусад тооцох үндэслэлтэй байна” гэж дүгнэсэн нь Захиргааны ерөнхий хуулинд заагдсан захиргааны актыг илт хууль бусад тооцох үндэслэлүүдэд хамаарахгүй байтал хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.
17. 2017 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2018/0068 дугаар анхан шатны шүүхийн шийдвэрээр Ц.А-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг тал бүрээс нь харж шийдвэрлэсэн үндэслэл бүхий шийдвэр бөгөөд хууль ёс, шударга ёсны хүрээнд хууль дээдлэх зарчмыг баримталсан юм. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ уг шийдвэрийг харгалзан үзэж шийдвэр гаргахыг хүсэж байна.
18. Иймд анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2018/0347 тоот шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2018/0448 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжпэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
19. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.
20. Нэхэмжлэгч Ц.А нь “Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны Б/249 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, уг тушаалаар албан тушаал бууруулж, урьд эрхэлж байсан албан тушаалд томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, уг албан тушаалд эгүүлэн томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг гаргажээ.
21. Шүүхүүд Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг маргааны үйл баримтад зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
22. Дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг баталсан Нийслэлийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/832 дугаар захирамжийг үндэслэн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/401 дүгээр захирамжаар тус дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн баталсны дотор Санхүү, төрийн сангийн хэлтэстэй байхаар тогтоожээ.
23. Дээрх захирамжийг үндэслэн Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/249 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар тус газрын нийт ажилтан, албан хаагчдыг албан тушаалаас нь чөлөөлсөн, түүнд Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Ц.А хамрагдаж чөлөөлөгдсөн байна.
24. Харин, уг тушаалын 2 дугаар хавсралтаар, бүтцийн өөрчлөлтөөр батлагдсан орон тоонд ажилтан, албан хаагчдыг томилсон бөгөөд Санхүү, төрийн сангийн хэлтэст даргын албан тушаал хэвээр батлагдсан байтал Ц.А-ыг уг албан тушаалд томилолгүй, албан тушаал бууруулж, Хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтнээр томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасныг зөрчжээ.
25. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д “...төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, ...” гэж хуульчилсан, өөрөөр хэлбэл шинэ бүтцээр батлагдсан Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын ажлын байрны чиг үүрэг нь нэхэмжлэгч Ц.А-ын урьд эрхэлж байсан хэлтсийн даргын ажлын байрны чиг үүргээс өөрчлөгдөөгүй, хэвээр хадгалагдан үлдсэн байтал түүнийг томилолгүй, албан тушаал бууруулсан атлаа уг албан тушаалд тус байгууллагад ажиллаж байгаагүй Д.Ууганбаярыг томилж хууль зөрчсөн байна.
26. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн, маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж дүгнэн, маргаан бүхий Б/249 дүгээр тушаалын хоёрдугаар хавсралтын Ц.А-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүнийг урьд эрхэлж байсан албан тушаалд томилоогүй Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоон, Ц.А-ыг Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж шийдвэрлэсэн нь зөв байна.
27. Түүнчлэн, нэхэмжлэгч Ц.А нь түүнийг албан тушаал бууруулсан Б/249 дүгээр тушаалыг эс зөвшөөрч 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Нийслэл дэх Төрийн албаны салбар зөвлөлд гомдол гарган, улмаар 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 68 дугаар тогтоолоор “нэхэмжлэгч нэхэмжлэлээ хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор шүүхэд гаргаагүй” гэсэн үндэслэлээр, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасныг баримтлан хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.
28. Улмаар нэхэмжлэгч Ц.А-ын өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх шүүхийн тогтоолыг хянаж, 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 288 дугаар тогтоолоор “...нэхэмжлэгчээс маргаан бүхий Б/249 дүгээр тушаалыг эс зөвшөөрсөн гомдлыг 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Нийслэл дэх Төрийн албаны салбар зөвлөлд гаргасан, салбар зөвлөл гомдлыг хүлээн авч, 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүртэл шийдвэрлээгүй нь захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа гэж үзэхээр байна...” гэж дүгнэн, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүхийн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн, энэхүү давж заалдах шатны шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр байна.
29. Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн “...нэхэмжлэгч Ц.А нь Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.4-д заасан төрийн албаны салбар зөвлөл болон төрийн албаны төв байгууллагад 1 сарын дотор гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн...” гэсэн хяналтын гомдол үндэслэлгүй юм.
30. Дээрх үндэслэлүүдээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2018/0347 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2018/0448 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.БАТСҮРЭН
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА