Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 255

 

Э.Б-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1727 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 193 дугаар магадлалтай, Э.Б-т холбогдох 1806000001931 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхсайханы гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1990 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, М овогт Э.Б нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан “Хулгайлах гэмт хэргийг бусадтай бүлэглэн, машин механизм ашиглаж, давтан үйлдлээр, бусдын орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэний улмаас бусдад 1,270,000 төгрөгийн хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч  Э.Б ыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг бусадтай бүлэглэн, орон байранд нэвтэрч, давтан үйлдлээр, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, тус зүйл, хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын хугацаагаар баривчлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Э.Б-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар Э.Б ын эзэмшлийн 36-58 УНС улсын дугаартай “Мицубуши лансэр” загварын тээврийн хэрэгслийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлж худалдан борлуулж, олсон орлогыг улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Э.Б-т холбогдох хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцааж, хэргийг хэлэлцтэл Э.Б ын хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхсайхан гаргасан гомдолдоо “...Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр үндэслэлгүйгээр буцаасан гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх хэргийг буцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгожээ. Тус заалтад “Анхан шатны шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн бол тухайн шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах” тухай заажээ. Гэтэл анхан шатны шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ямар журмыг зөрчсөн нь тодорхойгүй, давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ талаар дурдсан зүйл байхгүй байна. Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлдог. Шүүгдэгч Э.Б ын холбогдсон гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн үйлчлэлд хамаарч байгаа бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас түүний үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн хүний эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заасан ба тухайн хуулиар Э.Б ын үйлдсэн гэмт хэрэг нь 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д хамаарч, оногдуулах ялын дээд хэмжээ нэмэгдсэн байна. Иймд анхан шатны шүүх түүнд 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ял оногдуулж, цагдан хоригдсон 8 сар 20 хоногийн хугацааг эдлэх ялд оруулан тооцож шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл Э.Б ын цагдан хоригдсон хугацааг тооцон оногдуулсан ялаас хасахад тухайн ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй болсон тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байдлаар тухайн ялыг оногдуулсан нь үндэслэлтэй болсон гэж үзэж байна.

Хэдийгээр 2015 оны Эрүүгийн хуулиар “баривчлах” ялыг халсан ч 2002 оны Эрүүгийн хуулиар хэргийг шийдвэрлэж байгаа тохиолдолд тухайн зүйл хэсэгт заасан “баривчлах” ялыг оногдуулж байгааг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй юм. Мөн давж заалдах шатны шүүх магадлалдаа баривчлах ялаар шийтгэсэн нь буруу болсон гэсэн мөртлөө ямар учраас буруу гэж үзэж байгаа талаар үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй ба “шинэ болон хуучин хуульд байхгүй буюу хуулиар халагдсан 6 сарын хугацаагаар баривчлах ял шийтгэл оногдуулж...” гэж 2002 оны Эрүүгийн хуульд “баривчлах ял” байхгүй мэт ойлгомжгүй тайлбар хийсэн байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор О.Сарангэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхсайханы гаргасан гомдлыг үндэслэн Э.Б-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Анхан шатны шүүх шүүгдэгч Э.Б ыг Б.Ч, Г.Г нартай бүлэглэн машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэглэж 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн ........... тоотод оршин суух иргэн Б.А-ийн байшингийн вакум цонхоор нэвтрэн орж 420,000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө авсан,

Б.Ч-тай бүлэглэн машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэглэж 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн .. тоотод суух иргэн Д.А-н гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч 850,000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө авч нийт 1,270,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримтыг хуульд заасан журмын дагуу тогтоож, гэмт хэрэг үйлдэгдэх үед мөрдөгдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар хэргийг зүйлчилж шийдвэрлэхдээ хууль хэрэглээний алдаа гаргаагүй байна.

Харин 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан сонгох санкц буюу тухайлбал хорих, баривчлах, торгох ялуудаас сонголт хийхдээ бодит байдалд оногдуулсан ялыг биелүүлэх боломжгүй, хэргийг шийдвэрлэх үеийн хуулиар халагдсан ялыг зориуд сонгож түүнийгээ эдэлсэнд тооцсон хууль зүйн үндэслэл, агуулгын талаарх дүгнэлтээ анхан шатны шүүх огт хийгээгүйгээс шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тавигдах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтын шаардлага хангагдаагүйн дээр энэ нь мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан ноцтой зөрчилд хамаарч байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл бүрдсэн байна.

Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүх одоо мөрдөгдөж байгаа хуульд байхгүй баривчлах ял шийтгэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, шүүх ял шийтгэлийн талаар зохих дүгнэлт хийгээгүй гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан магадлалыг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзнэ.

Түүнчлэн, анхан шатны шүүх тухайн зүйлд заасан 3 төрлийн ялаас сонголт хийхдээ оногдуулсан ч бодит байдалд эдлүүлэх боломжгүй, шийтгэх тогтоолыг биелүүлэхэд ойлгомжгүй, ял завших нөхцлийг бүрдүүлж, Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго”-ыг алдагдуулсан байна.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1727 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 193 дугаар магадлалыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхсайханы хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                  ШҮҮГЧ                                                Б.БАТЦЭРЭН

                                                                             Д.ГАНЗОРИГ

                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                             Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН