Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2024/04955

 

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 29 өдөр

            Дугаар 102/ШШ2024/04955

                            Улаанбаатар хот

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Зүмбэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.А

Хариуцагч: М.Э холбогдох,

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.А, хариуцагч М.Н, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Б.Цэлмэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бид хоёр 20 жил хамт амьдарч байгаа бөгөөд 3 хүүхэдтэй. 2008 онд Хан-уул дүүргийн Улсын бүртгэлийн албанд гэрлэлтээ батлуулсан. 2008 онд Н.Х, 2013 онд Н.Эрдэнэбаяр, 2021 онд Н.С төрсөн. Энэ хүнтэй хамт амьдрахад архи уудаг уухаараа авир гаргадаг. Тогтсон ажил хийдээгүй бөгөөд архи уусан үедээ гаргаж байгаа авир нь хүүхдүүдэд нөлөөлөөд гэр бүлийн таагүй уур амьсгалтай байдаг. Гэр бүлээ цуцлуулах болон 3 хүүхдийн асрамжийг өөр дээрээ авах, 3 хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагатай нэхэмжлэл гаргасан. Бид хоёрын хувьд хоорондоо таарамж муутай үзэл бодол нийлдэггүй энэ байдлаар олон жил амьдарсан. Энэ шийдвэрийг удаан бодсоны эцэст гаргасан. Өөрийгөө болон хүүхдүүдээ сэтгэл зүйн хувьд эрүүл тайван амгалан амьдруулмаар байна” гэв.

2. Хариуцагч хариу тайлбартаа: “Салах бодолгүй байна. Шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэв.

3. Нэхэмжлэгчээс гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх 4/, өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт /хх 6/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх 7-8/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн тэмдэглэл /хх 9/ шүүхэд гарган өгчээ.

          ҮНДЭСЛЭХ нь:

4. Б.А болон М.Н нар 2008 оны 03 дугаар сарын 17-ны өдөр гэр бүл болсныг эрх бүхий байгууллага бүртгэж гэрлэлтийн гэрчилгээ олгосон ба гэрлэгчдийн дундаас 2008 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүү Н.Х, 2013 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүү Н.Э, 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр охин Н.С нар төржээ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гарган шүүхэд хандахдаа “бид зан харьцаа болон бусад таарамжгүй байдлын улмаас цаашид хамт амьдрах боломжгүй болсон” гэж шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.

 

5. Шүүх гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлэхдээ гэрлэлт цуцлах болсон шалтгааныг тогтоох, мөн гэрлэгчдийн эрх ашгийг хамгаалах үүднээс талуудыг эвлэрүүлэхэд анхаарах үүрэгтэй.

 

6. Гэрлэгчид Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт заасны дагуу Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч тэднийг эвлэрүүлэх ажиллагаа амжилтгүй болсон болох нь 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн... дугаар эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон тухай тэмдэглэлээр тогтоогдож байна.

 

Хариуцагч согтууруулах ундаа хэрэглэдэг бөгөөд тэрхүү байдал нь хүүхдүүдийн хүмүүжил, ёс суртахуунд сөргөөр нөлөөлөх боломжтой учир шүүхийн зүгээс нэхэмжлэгч болон хариуцагч нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1, 132.2, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсгүүдэд заасны дагуу эвлэрүүлэх арга хэмжээг дахин авалгүйгээр гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар гэрлэгчид хүүхдийн асрамжийн талаар тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн зэргийг харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх асуудлыг шүүх шийдвэрлэнэ.

 

Шүүхээс 2008 оны 08 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүү Н.Х, 2013 оны 6 дугаар сарын 20-ны өдөр төрсөн хүү Н.Э, 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн охин Н.С нарыг ээжтэйгээ ээнэгшин дассан байдгаас үзвэл хүүхдийг эхийн асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

8. Хүүхэд эхийн асрамжид үлдэж байгаатай холбоотойгоор хуульд заасан хугацаа болон хэмжээгээр хүүхдийн тэтгэлгийг эцгээс нь гаргуулж хүүхдэд олгохоор шийдвэрлэх нь хүүхдийн эрх ашиг болон Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасантай нийцнэ.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.А, Тугчин овогт М.Н нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2008 оны 08 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүү Н.Х, 2013 оны 6 дугаар сарын 20-ны өдөр төрсөн хүү Н.Э, 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн охин Н.С нарыг эх Б.А-н асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн охин Н.С нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар, 2008 оны 08 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүү Н.Х, 2013 оны 6 дугаар сарын 20-ны өдөр төрсөн хүү Н.Э, 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн охин Н.С нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшний хэмжээгээр тэтгэлгийг сар болгон эцэг М.Н-с гаргуулан хүүхдүүдэд олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн  56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар үйлийн 7.1.2-д зааснаар зохигчоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.ЗҮМБЭРЭЛ