Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 99

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалан,

              Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Сувд-Эрдэнэ,

              Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяа,

               Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Дамдинсүрэн

             Шүүгдэгч: Д.А-г оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын Газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Бууч овогт Д-н А-д холбогдох 1735000510018дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

       Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1969 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Увс аймгийн Цагаанхайрхан суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, машинист мэргэжилтэй, ам бүл , эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Увс аймгийн Цагаанхайрхан сумын Арбулаг багт оршин суудаг, ясүндэс баяд, улсаас авсан гавьяа шагнал байхгүй,урьд ял шийтгэгдэж байгаа үгүй, РД:ОС69012515, Бууч овогт Д-н А.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.А нь 2017 оны 8 дугаарсарын 09-ний өдөр тус аймгийн Цагаанхайрхан сумын “Арбулаг” багийн нутаг дэвсгэрт хохирогч А.Х зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд :

                1. Хохирогч А.Х-н мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 8 дугаарсарын 09-ний өдөр гэрт аав, ээж хоёр унтаж байхад нь хэлэлгүй гараад явсан чинь “Намайг гадуур тэнээд байна” гээд модон алхны ишээр миний бөгс дээр хоёроос гурван удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р тал/,

       2. Гэрч Ж.Х-н мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Д.А Ж-тай мод хөрөөдөж байгаад гэртээ орж ирсэн. Гэрт Х байсан ба би А-г ороод ирэхээр нь түлээгээ янзлах гээд гараад түлээний байран дээр байж байтал гэрт охин Х уйлах чимээ сонсогдохоор нь гэрүрүү орсон чинь охин уйлсан сууж бйасан. Д.А гал тогооны өрөөнд сууж байсан ба би энэ хоёр муудалцаж маргалдсан байна гээд тэр хоёрт юу ч хэлээгүй. Саяхан хэд хоногийн өмнө Х \аав намайг тэр өдөр модоор бөгсрүү цохисон гэж хэлсэн ба бөгс нь нэлэнхүүдээ хөхөрсөн байсныг надад харуулсан...”гэх мэдүүлэг /хх-ийн 25-р тал/,

           3. Гэрч С.О-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 8 дугаар сарын 09-ний өдөр аав, ээж хоёрыг унтаж байхад зөвшөөрөлгүй гарсан гээд гэрт байхад миний бөгсөн дээр алхны иш модоор цохисон гэж хэлээд Н.М бид хоёрт бөгсөө үзүүлсэн ба А.Х-н зүүн талын бөгс тэр чигээрээ хөхөрч улайсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31-р тал/,

       4. Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017оны 8 дугаарсарын15-ны өдрийн 467 дугаартай шинжээч эмчийн: “Үзүүлэгч А.Х-н биед гэмтэл учирсан байна.Зүүн өгзөгт цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл учирсан байна. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Дээрхи гэмтэл нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой.Шинээр үүссэн гэмтэл байна. Дээрхи гэмтэл нь биеийн нийт гадаргуугийн 1%-с илүү талбайг хамарсан байгаа тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн хохиролд хамаарах гэмтэлболно. Дээрх гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тодорхой хугацаанд нөлөөлнө” гэхдүгнэлт /хх-ийн 32-р тал/,

            5. Шүүгдэгч Д.А-г урьдял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 75-р тал/,

           6. Шүүгдэгч Д.Ам-н хувийн байдал тогтоосон баримтууд /хх-ийн 77-84-р тал/,

         7. Шүүгдэгч Д.А-нмөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 8 дугаар сарын 08-ны өдөр А.Х гэрээсээ гарч яваад гадуур хоноод маргааш нь буюу 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдөр гэртээ ирсэн юм. Тэр өдөр ээж нь чи наадах охиндоо нэг гар хүрч сануулга өгч, хашраагаад өг гэж хэлсэн тул А.Х-г ирэхэд гадуур хоноод айл гэр үймүүлээд явлаа гэж загнаж хоёр гарын булчинд гараараа нэг нэг удаа цохиж бөгсөнд нь алхны ишээр 1 удаа цохисон юм...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно.

           Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл: Шүүгдэгч Д.Ань 2017 оны8 дугаарсарын 09-ний өдөр тус аймгийн Цагаанхайрхан сумын “Арбулаг” багийн нутаг дэвсгэрт хохирогч А.Х-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч А.Х, гэрчЖ.Х, шүүгдэгч Д.А-н үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдож тогтоогдсон байна.

             Шүүгдэгч Д.А-нгэм буруутай үйлдлийн улмаас хохирогч А.Х-нэрүүл мэндэд “Зүүн өгзөгт цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл” учирсан байх ба уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь 2017 оны 8 дугаар сарын15-ны өдрийн 467дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, прокуророос ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байна.

            Иймд шүүгдэгч Д.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

             Шүүгдэгч Д.Ань энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

            Энэхэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан буюу шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан алхны ишийг устгах нь зүйтэй байна.

            Тус шүүхийн шүүгчийн 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн “Хэргийг прокурорт буцаах тухай”216 тоот захирамжийн биелэлт хавтаст хэргийн 179 дүгээр хуудаст авагдсан 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн “Эрүүгийн хэргийг тусгаарлах тухай”, хэргийн 184 дүгээр хуудаст авагдсан “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” прокурорын тогтоолуудаар хангагдсан тул прокуроороос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэл үйлдэж ирүүлсэн Д.А-д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд саад болохгүй гэж үзлээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Бууч овогт Д-н А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бууч овогт Д-н А-г550 /таван зуунтавь/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 550.000 /таван зуунтавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Д.А нь торгох ялыг хуулинд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

         4. Шүүгдэгч Д.Ань энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй болохыг тус тус дурдсугай.

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасны дагуу хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан алхны иш 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Д.А-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэрэглэсүгэй.

               7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.БОЛОРТУЯА