Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2000 оны 01 сарын 01 өдөр

Дугаар 2000/ДШМ/000

 

Т.Алтангэрэлд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Л.Нямдорж, Ч.Энхтөр  нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Д.Рэгзэдмаа

Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Дуламсүрэн

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Бадамсүрэн нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж хянан шийдвэрлэсэн 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/143 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурорын бичсэн эсэргүүцлээр Т.Алтангэрэлд холбогдох эрүүгийн 2214000000164 тоот хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр  хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Умга овогт Төмөрчөдөрийн Алтангэрэл, 2006 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, 16 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, аав, ээж, дүү нарын хамт Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Ямаат 2 дугаар багт оршин суудаг, регистрийн дугаар АО06210434

Өсвөр насны шүүгдэгч Т.Алтангэрэл нь 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Цагаан дэнж 6 дугаар багийн 831 тоот хашааны үүдэнд байсан иргэн А.Шагдарсүрэнгийн эзэмшлийн улбар шар өнгийн мустанг-5 маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 2.170.000 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/,

Баянхонгор аймгийн Прокурорын газраас Т.Алтангэрэлд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Өсвөр насны шүүгдэгч Умга овогт Төмөрчөдөрийн Алтангэрэлийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Т.Алтангэрэлийг 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 4, 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Т.Алтангэрэлд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэж албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 4, 6.7 дугаар зүйлийн 1.1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Т.Алтангэрэлд оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Т.Алтангэрэлд оногдуулсан зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Баянхонгор аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Т.Алтангэрэл нь шүүхээс хүлээлгэсэн албадлагын арга хэмжээг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдэж шийдвэрлэжээ.

Прокурор Д.Рэгзэдмаагийн тус шүүхэд бичсэн  эсэргүүцлийн агуулга:

Шийтгэх тогтоолыг 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 17 цаг 50 минутад хүлээн авч танилцахад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Т.Алтангэрэлийг 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж ялаар шийтгэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай..” гэж заажээ.

Шүүхийн шийтгэх тогтоолын дээрх заалт нь өсвөр насны шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Учир нь эрүүгийн хуулийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх энэ хуулийн тусгай ангид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 5.5 дугаар зүйлд заасан журмаар тусгай ангид заасан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж эдлэх ялыг хоёр дахин багасгана... гэсэн байхад дээрх заалтын дагуу өсвөр насны шүүгдэгч зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа 2 дахин багасгаагүй байна.

Иймд Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/143 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

Прокурор Д.Рэгзэдмаагийн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтийн агуулга: Бичсэн эсэргүүцлээ дэмжиж оролцоно. Шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулна уу гэв

Өмгөөлөгч Г.Дуламсүрэнгийн тус шүүх хуралдаанд гаргасан саналын агуулга: Шүүгдэгч нь биеэр эдлээгүй байгаа тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээнэ үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүхэд  бичсэн Прокурор Д.Рэгзэдмаагийн   эсэргүүцэлд үндэслэн  хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд   эсэргүүцэлд  дурдсан үндэслэлүүдээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу  авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлан үзвэл:

Баянхонгор аймгийн Прокурорын газраас өсвөр насны шүүгдэгч Т.Алтангэрэл нь  2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Цагаан дэнж 6 дугаар багийн 831 тоот хашааны үүдэнд байсан иргэн А.Шагдарсүрэнгийн эзэмшлийн улбар шар өнгийн мустанг-5 маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар  хулгайлан авч бусдад 2.170.000 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэргийн үйл баримтыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн, анхан шатны шүүх  өсвөр насны шүүгдэгч Умга овогт Төмөрчөдөрийн Алтангэрэлийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Т.Алтангэрэлийг 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 4, 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Т.Алтангэрэлд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэж албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 4, 6.7 дугаар зүйлийн 1.1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Т.Алтангэрэлд оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Т.Алтангэрэлд оногдуулсан зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Баянхонгор аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Т.Алтангэрэл нь шүүхээс хүлээлгэсэн албадлагын арга хэмжээг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдэж шийдвэрлэсэн  нь   Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, зөв  хэрэглэж тайлбарласан байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад  сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэх үндэслэлгүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байна.

Гэмт хэргийн дээрх үйл баримт нь :

хэргийн 39-40,42 дугаар талд авагдсан “... Далайжаргал гэх айлаас дуудлага ирээд, тэдний цахилгаан тогийг янзалж .... өгчихөөд буцаад гараад ирсэн чинь мотоцикл алга болсон байсан. ... 2,500,000 төгрөгөөр үнэлж байна. Т.Алтангэрэлийн хувьд миний мотоциклийн эвдэрсэн эд ангиудыг бүрэн төлж барагдуулсан. Одоо ямар нэгэн төлөх зүйл байхгүй. Мотоциклоо хүлээж авсан... гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй ... гэх хохирогч А.Шагдарсүрэнгийн мэдүүлэг,

Хэргийн 15-16 дугаар талд авагдсан “ .... 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн ... 17 цагийн үед ... айлын хашааны үүдэнд байсан  Мустанг-5 маркийн улбар шар өнгийн мотоцикль ...маниулдаж асаагаад..., ....С.Баяр ахынд очиж бензин ...аваад ...хийчихээд н.Болдоо ахынд очиж хоноод өглөө нь 07 цагт босоод мотоциклио айлын хашаанаас унаад шууд хөдөө гэртээ харьсан. ...Тухайн эд ангиудыг бүгдийг шинээр авч өгсөн, би хохирогч А.Шагдарсүрэнгээс ямар нэг зөвшөөрөл аваагүй, ....мотоциклийг нь буцааж хүлээлгэж өгсөн ...” гэх өсвөр насны шүүгдэгч Т.Алтангэрэлийн  мэдүүлэг,

Хэргийн 46-47 дугаар талд авагдсан”... 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өглөө 10 цагийн орчим улаан шаргал өнгийн мотоцикль унаад ганцаараа хүрээд ирсэн. Би энэ мотоциклийг 1,000,000 төгрөгөөр авчихлаа гэж надад хэлсэн. ...” гэх гэрч О.Болормаагийн мэдүүлэг

Хэргийн 54-55 дугаар талд авагдсан “...Т.Алтангэрэл улаан шаргал өнгийн мотоцикль унаж ирээд гэрийн гаднаа буугаад гэртээ орж байсан. Гэрээсээ гараад надад дээр ирээд энэ мотоциклийг 1,000,000 төгрөгөөр зарна гэж байна, би авчих уу гэж хэлээд  ...наад нөхөр чинь хүний мотоцикль хулгай хийгээд явсан байна нааш нь дагуулаад ир гэхээр нь би ээжтэй нь хамт аваад сумын төвд ирсэн юм. Алтангэрэл ганцаараа ирсэн .... гэх гэрч Ц.Жавхлангийн мэдүүлэг

Хэргийн 65-66 дугаар талд авагдсан “...шөнө 22 цагийн үед ...гарсан чинь Т.Алтангэрэл  байсан. Надаас 4 литр бензин аваад хүрээд ирнэ гэж хэлээд явсан ....”  гэх гэрч С.Баярын мэдүүлэг

Хэргийн 69, 77 дугаар талд тус тус авагдсан “...хулгайд алдсан мустанг-5 150 мотортой, улбар шар өнгийн мотоциклийн эд зүйлийн зах зээлийн үнэ 2.170.000  төгрөг, .... мустанг-5 маркийн мотоциклийн таг 10000  төгрөг, мотоциклийн толь 8000 төгрөг, бүрээс 12000 төгрөг, шаврын хаалт 5000 төгрөг, кундатор утасны хамт 12000 төгрөг, нийт үнэ 47000 төгрөг..” гэх Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ийн  шинжээчийн 142,180 дугаар  дүгнэлтүүд  болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Т.Алтангэрэлд Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ  түүний гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, Эрүүгийн хуульд заасан анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн ,  үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан хэргийн нөхцөл байдал болон  насанд хүрээгүйг харгалзан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17,1 дүгээр зүйлийн 1-т заасны дагуу  зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 4, 6.7 дугаар зүйлийн 1-д зааснаар уг зорчих эрх хязгаарлах ялаас чөлөөлж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ  хэрэглэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуульд нийцжээ.

Харин Прокурорын  “...эрүүгийн хуулийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх энэ хуулийн тусгай ангид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 5.5 дугаар зүйлд заасан журмаар тусгай ангид заасан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж эдлэх ялыг хоёр дахин багасгана... гэсэн байхад дээрх заалтын дагуу өсвөр насны шүүгдэгч зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа 2 дахин багасгаагүй  тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулуулахаар...” бичсэн эсэргүүцлийг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Учир нь: 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх энэ хуулийн тусгай ангид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 5.5 дугаар зүйлд заасан журмаар тусгай ангид заасан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж эдлэх ялыг хоёр дахин багасгана...”  гэж заасан, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 1-т заасны дагуу  өсвөр насны шүүгдэгч  Т.Алтангэрэлд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 4, 6.7 дугаар зүйлийн 1-д заасны дагуу  зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ  хэрэглэж шийдвэрлэсэн байхад  эдлэх ялыг нь 2 дахин багасгахгүй  харин зорчих эрхийг  хязгаарлах ялыг  өсвөр насны шүүгдэгч биеэр эдлэх   бол эдлэх ялыг нь 2 дахин багасгаж шийдвэрлэнэ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-т  заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/143 дугаар шийтгэх тогтоолыг  хэвээр үлдээж, Прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд  нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 ДАРГАЛАГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР

Л.НЯМДОРЖ