Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 124/ШШ2024/0001

 

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Алтанцэцэг даргалан, шүүгч О.Батдорж, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Янжиндулам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Э У ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргасан

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 9/01 тоот тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, түүний өмгөөлөгч Г.Нямхүү, шүүхийн иргэдийн төлөөлөгч Б.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баттулга нар оролцов.

                                 ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Э У ХХК-аас анх шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 9/01 тоот тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох, хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц-ээс нэхэмжлэлийн шаардлагаа Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 9/01 тоот тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгуулах гэж өөрчилсөн болно.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц-д Э У ХХК-аас 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 3 жилийн хугацаатай шүүхэд төлөөлөх итгэмжлэлийг олгосон ба итгэмжлэлд нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх эрхийг тусгасан байна.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь захиргааны хэм хэмжээ тогтоосон акттай холбоотой нэхэмжлэл гаргасан тул хөөн хэлэлцэх хугацаа үл хамаарахаар байна.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г шүүх хуралдаанд өөрийг нь оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлүүлэх талаар хүсэлт гаргасан, нэхэмжлэгч тал хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлэх санал гаргасан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц Э У ХХК-ийг төлөөлөн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Э У ХХК нь 2007 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 1025А тусгай зөвшөөрлийн дагуу ашиглалтын үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд энэ хугацаанд УИХ-аас 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль, мөн энэ хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг дагаж мөрдөн үйл ажиллагаа явуулж ирсэн юм.

Энэ хугацаанд УИХ-аас 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль-д өөрчлөлт оруулж улмаар үүнтэй холбогдуулж МУ-ын Засгийн газраас 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Журам, гэрээний загвар батлах тухай №120 тогтоолыг гаргаж, уг тогтоолын 1-р хавсралтаар Гол мөрний урсац бүрэлдэх эхийн бүсэд олгосон тусгай зөвшөөрлийг цуцлах, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд олборлолт явуулж эхэлсэн, тусгай зөвшөөрөл бүхий талбайд холбогдох арга хэмжээ авах, нөхөн сэргээлт хийлгэх журам, мөн 2-р хавсралтаар гэрээний загвар хавсралтыг баталсан байдаг. Дээрх тогтоолд МУ-ын Засгийн газрын 2015 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 235 дугаартай тогтоолоор нэмэлт өөрчлөлтийг оруулсан.

МУ-ын Засгийн газрын 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 120 дугаартай тогтоолын 1-р хавсралтын 2.6-д Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль хэрэгжиж эхлэхээс өмнө хориглосон талбайд үйл ажиллагаа явуулж байсан эсэхийг Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, уул, уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хамтран өөрсдийн мэдээллийн санд тулгуурлан тогтооно, 2.7-д Хориглосон талбайд өмнө нь үйл ажиллагаа явуулж байгаа гүй бол геологи уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага давхцалтай хэсгийг хасаж, тусгай зөвшөөрлийн солбилцолд өөрчлөлт оруулна, харин журмын 2.8-д Хориглосон талбайд өмнө нь үйл ажиллагаа явуулж байсан тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн талбайдаа үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх хүсэлтэй бол Усны тухай хуулийн 22-р зүйлд заасан онцгой хамгаалалтын бүстэй давхцалтай хэсгийг тусгай зөвшөөрлийн талбайгаас хасуулж. солбилцолд өөрчлөлт оруулна" гэсний дагуу Э У ХХК нь дээрх хуулийн заалт болон Засгийн газрын тогтоолын хавсралт журамд нийцүүлэн 2018 оны 01 сарын 25-ны усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсийн хилийн заагаа мэргэжлийн байгууллагаар тогтоолгож, АМГТГ-ын кадастрын хэлтсийн даргын 2018 оны 11 дүгээр 05-ны өдрийн 7/7378 дугаартай шийдвэрээр ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн солбилцолд зохих өөрчлөлтийг оруулж бүртгүүлсэн.

Түүнээс хойш 2022 онд ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайд ТЭЗҮ-д тодотгол хийлгэх явцад АМГТГ-ын нүүрсний хэлтсээс утсаар ярьж БОАЖЯ-ны ой ус тусгай хамгаалалттай газрын кадастрын мэдээллийн лавлагаанаас харахад танай ашиглалтын талбай нь усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй давхцалтай байна гэж мэдэгдсэн.

Үүний дагуу манай компани эс зөвшөөрч манай ашиглалтын талбай нь усан сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй давхцаагүй үүнийг тогтоосон бол эрх бүхий байгууллагаас манайд мэдэгдэж хэмжилт хийж хэлэлцүүлэг явуулсан байх ёстой гэж үзэн тайлбар авахаар албан бичгийг БОАЖЯ болон БОАЖЯ-ны ой, ус,тусгай хамгаалалттай газрын кадастрын хэлтэст хандаж гаргаж байсан боловч албан ёсны хариу өгөөгүй удсан юм.

Иймд аргагүй эрхэнд:

1. БОАЖЯ-ны ой, ус, тусгай хамгаалалттай газрын кадастрын хэлтэс нь манай Э У компаниас гаргасан 2022 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр, мөн 2022 оны 10 дугаар сарын 03-ны хүсэлтийн хариуг өнөөдрийг хүртэл өгөхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох,

2.Э У ХХК-ийн МУ-001025 ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайд Мухар булаг нь хамааралгүй тул БОАЖЯ-ны ой ус, тусгай хамгаалалттай газрын кадастрын хэлтсийн лавлагаа мэдээллийн сангаас хасалт хийхийг хариуцагчид даалгуулах

3. БОАЖЯ-ны ой, ус, тусгай хамгаалалттай газрын кадастрын хэлтсийн лавлагаа мэдээллийн санд Э У ХХК-ийн МY-001025 ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй газар нь усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй 8,95 га, орон нутгийн энгийн хамгаалалтын бүстэй 5,2 га-д давхцалтай гэж бүртгэсэн нь илт хууль бус болохыг тогтоолгох, мөн БОАЖЯ-ны ой, ус тусгай хамгаалалттай газрын кадастрын хэлтсийн лавлагаа мэдээллийн сангаас тус 8,95 га болон 5,2 га гэснийг хасалт хийхийг хариуцагчид даалгуулахаар БОАЖЯ болон БОАЖЯ ны ой, ус, тусгай хамгаалалттай газрын кадастрын хэлтэст холбогдуулан Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан юм.

Нийслэлийн захиргааны хэргийн шүүх манай нэхэмжлэлийг хүлээн аваад захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байсан бөгөөд,нэхэмжлэгчийн зүгээс БОАЖЯ болон Хууль зүй дотоод хэргийн яамнаас зарим нотлох баримт гаргуулахаар хүсэлт гаргасны дагуу дээрх байгууллагуудаас албан бичиг,тодорхойлолт шүүхэд ирсэнтэй танилцахад БОАЖЯ-ны ой,ус,тусгай хамгаалалтын кадастрын хэлтэс нь Увс аймгийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 9/01 дугаартай тогтоолыг үндэслэн Э У ХХК-ийн ашиглалтын талбайг усны сан бүхий газрын болон энгийн хамгаалалтын бүстэй давхцалтай гэж бүртгэсэн болох нь тодорхой тогтоогдсон.

Харин Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9/01 дугаар тогтоол хуулийг илт зөрчиж гарсан байдаг.Захиргааны ерөнхий хуулийн 67.1,67.2-т зааснаар тус акт нь улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй,нийтлэгдээгүй, гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй юм.

Иймд Увс аймгийн ИТХ-ын 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 9/01 тоот тогтоол нь Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4 дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангаагүй, хуулийн заалтыг илт зөрчиж гаргасан захиргааны хэм хэмжээ тогтоосон акт байх бөгөөд үүний улмаас Эрдэс Увс ХХК нь 2022 оны ТЭЗҮ батлуулж чадаагүй компанийн тус ашиглалтын талбай дээрээ ажиллах боломжийг хааж тус компанийн хууль ёсны эрх ашгийг хохироож байна.

Нэхэмжлэлийн шаардлагаа Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 9/01 дугаар тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгуулах гэж тодорхойлж байгаа.Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү... гэв.

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Нямхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 05 сарын 28-ны өдрийн 9/01 дугаар тогтоолд Байгаль орчин,ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга хот байгуулалтын сайдын хамтарсан 2015 оны А-230/127 дугаар тушаалаар баталсан усны сан бүхий газар,усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх тухай журмыг баримталсан нь утга агуулгын хувьд тохирохгүй байна. Мөн Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 05 сарын 21-ний өдрийн зөвлөмж байна. Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.9 дэх хэсэгт заасны дагуу Гол,мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сайн бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль, Засгийн газрын 2012 оны 194, 2015 оны 289, 120, 235 дугаар тогтоолыг мөрдлөг болгон ажиллахыг зөвлөж байна гэсэн зөвлөмж хүргүүлсэн байтал тогтоолыг баталсан.Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д заасан захиргааны хэм хэмжээний актын төслийг цахим хуудас болон мэдээллийн самбарт 30-аас доошгүй хоногийн хугацаанд байрлуулж санал авна, 62.2-д заасан эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бүлгийн хүрээнд хэлэлцүүлэг заавал хийнэ гэсэн хуулийн зохицуулалтыг хангахгүйгээр хурлаас тогтоолыг баталсан. Хууль зүй дотоод хэргийн яамнаас хуулийг зөрчсөн тул нэгдсэн бүртгэлд бүртгээгүй байгаа. Иймд иргэдийн хурлын тогтоол нь эрх зүйн чадамжгүй,үйлчлэлгүй байна.Уг тогтоолыг үндэслэн Байгаль орчин,аялал жуулчлалын яамны кадастрын хэлтэс усны сан бүхий газартай давхцалтай гэсэн шийдвэр гаргаснаар нэхэмжлэгчийн үйл ажиллагаанд саад учруулж байгаа тул эрх, ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ тогтоол нь хууль зөрчсөн учраас бүхэлд нь хүчингүй болгуулах үндэслэлтэй Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү... гэв.

7. Хариуцагч Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нийт төлөөлөгчдийн олонх нь оролцсон хуралдаанаараа хамтын шийдвэр гаргадаг байгууллага юм. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороо, төлөөлөгч, Засаг дарга асуудал санаачлан хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй. Энэ хүрээнд Увс аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээг тогтоосон тогтоолын төслийг хэлэлцээд 9/01 тоот тогтоолыг баталсан болно.

Уг бүс тогтоох ажлыг хууль тогтоомжийн хүрээнд мэргэжлийн байгууллагын холбогдох мэргэжилтнүүдийн оролцоотойгоор хийгдсэн ажил. Харин Захиргааны хэм хэмжээний актын төслийг тухайн захиргааны байгууллагын цахим хуудас болон мэдээллийн самбарт байрлуулж санал аваагүй, Төрийн захиргааны төв байгууллагын санал, дүгнэлт гаргуулаагүй зөрчлийг арилган хянуулж, бүртгүүлэх үүргийг ХЗДХЯ-ны 1-1/248 албан тоотоор өгсөн.Тус үүргийн дагуу зөрчлөө арилгаж уг асуудлыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд асуудал оруулах эрх нь нээлттэй байгаа.2019 оны 05 сарын 28-ны өдрийн 9/01 дугаар тогтоолыг хүчингүй болгосон ч уг хамгаалалтын бүс тогтоосон мэргэжлийн байгууллагын хийсэн ажил хэвээр үлдэх болохыг шүүх анхааралдаа авна гэдэгт найдаж байна... гэжээ.

8. Шүүхийн иргэдийн төлөөлөгч Б.У шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэв.

                                   ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэл, хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч,өмгөөлөгчийн тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлэн дүгнээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нараас нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ ...Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолд Байгаль орчин, ногоон хөгжил,аялал жуулчлалын сайд, барилга хот байгуулалтын сайдын 2015 оны А-230/127 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан журмыг баримталсан нь буруу, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, 67.2 дахь хэсгүүдэд заасан шаардлагыг хангаагүй, улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдэж албан ёсоор нийтлэгдээгүй, эрх зүйн үйлчлэлгүй хэм хэмжээ тогтоосон акт тул хүчингүй болгуулах үндэслэлтэй... гэж тодорхойлсон, хариуцагч талаас ...Тогтоолыг хүчингүй болгосноор нэхэмжлэгч компанийн усны хамгаалалтын бүстэй давхцалтай хэсгийн зөрчил нь арилахгүй... гэх тайлбар гаргаж, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

3. Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 9/01 дугаартай Хамгаалалтын бүс тогтоох тухай тогтоолоор Увс аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ,эргэлтийн цэгийг нэгдүгээр хавсралтаар, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг хоёрдугаар хавсралтаар баталжээ.

4. Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал усны харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:, 11.1.4.Энэ хуулийн 22.1-22.4-т заасны дагуу усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүс, ус хангамжийн эх үүсвэрийн тэжээгчдийн мужийн заагийг хот, суурины ус хангамж, ариутгах татуургын асуудал эрхэлсэн болон байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтийг үндэслэн тогтоох эрхийг хэрэгжүүлэхээр заажээ.

. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 59 дүгээр зүйлийн 59.1-д Захиргааны хэм хэмжээ тогтоосон акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгоно гэж заасны дагуу Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 9/01 дугаартай Хамгаалалтын бүс тогтоох тухай тогтоол нь захиргааны хэм хэмжээ тогтоосон акт мөн байна.

6. Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн захиргааны хэм хэмжээний актыг бүртгэсэн өдрөөс хойш 10 өдрийн дотор Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл-д бүрэн эхээр нь нийтлүүлнэ, 67 дугаар зүйлийн 67.2-д Захиргааны хэм хэмжээ тогтоосон актыг зөвхөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж ,Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ гэж, 67.3-д Энэ хуулийн 67.2-т заасан шаардлагыг зөрчсөн тохиолдолд тухайн захиргааны хэм хэмжээний акт эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй бөгөөд биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдэд үүрэг, хариуцлага хүлээлгэхгүй гэж тус тус зохицуулсан.

7. Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 9/01 дугаартай Хамгаалалтын бүс тогтоох тухай тогтоол нь захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй болох нь Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамны 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 6-1/82 дугаар лавлагааны хуудас, Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 1-1/248 дугаар дүгнэлт хүргүүлэх тухай Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 9/01 дугаар тогтоолыг хянан үзлээ. Тогтоолыг батлахдаа холбогдох төрийн захиргааны төв байгууллагын санал, дүгнэлтийг аваагүй байна. Түүнчлэн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бүлгийн хүрээнд хэлэлцүүлэг заавал хийнэ гэж заасныг мөрдөх шаардлагатайг мэдэгдэж байна. Зөрчлийг арилган хянуулж,бүртгүүлэхээр дахин ирүүлэх нь зүйтэй гэх агуулгатай албан бичгээр тогтоогдсон байна.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Тогтоолыг дахин батлахаар бэлтгэж байгаа, эрх ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй хуулийн этгээдүүд ихэнх нь Улаанбаатар хотод оршдог тул тэдэнтэй хийх хэлэлцүүлгийг Улаанбаатар хот хийхээр төлөвлөсөн байгаа талаар 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд тайлбар гаргасан.

8. Нэхэмжлэгч талаас хүчингүй болгуулахаар маргаж буй Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 9/01 дугаартай тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2-д зааснаар хүчин төгөлдөр болоогүй, эрх зүйн үйлчлэлгүй байна.

9. Нэхэмжлэгч Э У ХХК-д Увс аймгийн Тариалан сумын Их мянган гэх нэртэй газарт орших 37 гектар талбай бүхий уурхайн талбайд ашигт малтмал ашиглалтын 1025А дугаартай тусгай зөвшөөрлийг 2007 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 30 жилийн хугацаатайгаар олгосон байх бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 06/7563 дугаар албан бичгээр өгсөн хариуд Тариалан сумын нутагт орших ашигт малтмал ашиглалтын MV-001025 дугаартай талбай нь Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 9/01 дугаар тогтоолоор усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй 5,2 га талбайгаар хэсэгчилсэн давхцалтай байна гэжээ.

Хариуцагч талаас хариу тайлбартаа хавсаргаж ирүүлсэн тусгай зөвшөөрлийн талбайн давхцалын зураг гэх баримтад Увс аймгийн Тариалан сумын Их мянган ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайн /МV-001025/ усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй 5,08 га талбай давхцалтай байна гэж тодорхойлсон, Увс аймгийн усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүс /2023.07.02/ гэсэн баримтын 54 дүгээрт Э У ХХК-ийн Тариалан сумын Их мянган талбайн Довт булаг гэх хэсгийн 5,2 га энгийн хамгаалалтын бүсийг хасуулсан талаар тэмдэглэгдсэн байна.

10. Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 9/01 дугаартай Хамгаалалтын бүс тогтоох тухай тогтоолын 1 дүгээр хавсралтын Тариалан сумын усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийн эргэлтийн цэгийн солбицол хэсэгт Довтын булаг /жагсаалтын 367-390 дугаарт байгаа/ газар хамаарагджээ.

Нэхэмжлэгч, хариуцагч нараас ашиглалтын талбайн Довт булаг нэртэй газрын энгийн хамгаалалтын бүстэй давхцаж байгаа гэх 5.2 га талбайн хэмжээтэй маргаангүй болохыг тэмдэглэв.

11. Нэхэмжлэгч тал нь маргаан бүхий захиргааны хэм хэмжээ тогтоосон захиргааны актын улмаас Э У ХХК үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болсон талаар тайлбарлаж байгаа, мөн байгаль орчин аялал жуулчлалын яамны ой, ус, тусгай хамгаалалттай газрын кадастрын хэлтсийн лавлагаа, мэдээллийн сангаас 8,95 га болон 5,2 га гэснийг хасалт хийхийг даалгахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШЗ2023/4214 дугаар захирамжаар тогтоогджээ.

Маргаан бүхий актын үйлчлэлийн улмаас нэхэмжлэгч Э У ХХК-ийн ашигт малтмал ашиглалттай холбогдох эрх ашиг, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн байна гэж үзэх үндэслэлтэй.

12. Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2, 67.3 дахь хэсгүүдэд захиргааны хэм хэмжээ тогтоосон акт хэзээ хүчин төгөлдөр болохыг тодорхойлон заасан ба шүүхээс эрх бүхий этгээдэд бүртгүүлээгүй, хүчин төгөлдөр болоогүй актыг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын дагуу хүчингүй болгох шийдвэр гаргах боломжгүй юм.

Харин Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.8 дахь хэсэгт зааснаар маргаан бүхий захиргааны хэм хэмжээ тогтоосон актын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоох боломжтой.

13. Маргаан бүхий актын холбогдох хэсэг нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг хөндсөн нь тогтоогдсон тул Монгол Улсын Дээд шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 30 дугаартай Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай тогтоолд заасны дагуу нэхэмжлэгчийн эрхийг хангах үүднээс шүүх маргаан бүхий актын холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч тал маргаан бүхий актыг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба бусад сум болон Довтын булаг гэх газартай давхацсан хэсгээс бусад газрын эргэлтийн цэгийн солбицолд холбогдох хэсэг нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Өөрөөр хэлбэл, Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 9/01 дугаартай Хамгаалалтын бүс тогтоох тухай тогтоолын 1 дүгээр хавсралтын Тариалан сумын усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийн эргэлтийн цэгийн солбицол хэсэг дэх Довтын булаг /жагсаалтын 367-390 / гэх хэсгийн Э У ХХК-ийн ашигт малтмал ашиглалтын талбайтай давхцал бүхий хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.

14. Хариуцагч тал нь маргаан бүхий актын хүчин төгөлдөр эсэхтэй маргахгүй байгаа бөгөөд тогтоолын үндэслэл болсон усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийг тогтоосон мэргэжлийн байгууллагын дүгнэлт хэвээр үлдэх болно гэх тайлбар нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх нөхцөл болохгүй тул энэ талаарх тайлбарыг шүүх хүлээн авах үндэслэлгүй.

15. Шүүхийн иргэдийн төлөөлөгч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлтэй талаар дүгнэснийг шүүх хүлээн авсан болно.

16. Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, хариуцагч байгууллагын ажлын алба болох Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.8, 106.3.13, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.1.4, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, 67.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Э У ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 9/01 дугаартай Хамгаалалтын бүс тогтоох тухай тогтоолын 1 дүгээр хавсралтын Тариалан сумын усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийн эргэлтийн цэгийн солбицол хэсэг дэх Довтын булаг /жагсаалтын 367-390/ гэх хэсгийн Э У ХХК-ийн ашигт малтмал ашиглалтын /MV-001025/ талбайтай давхцал бүхий хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, хариуцагчийн ажлын алба Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э У ХХК-д олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.