Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 1413

 

МАГАДЛАЛ ТӨСӨЛ

 

2020.06.29                                                  1413                                           Улаанбаатар

 

 

ЛМ, СН, МС ХХК нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ц.Ичинхорлоо шүүгч даргалж, С.Энхтөр шүүгч, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2020/01286 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ЛМ, СН, МС ХХК нарын хариуцагч Д.Г, ММАХНҮ ТББ нарт холбогдуулан гаргасан ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, мэдээллийг тараасан хэлбэрээр уучлалт хүсэхийг даалгуулах, мэдээллийг авч тараасан телевиз, вэбсайтуудаар тархсан хэлбэр, хэрэгслээр дамжуулан няцааж, залруулга хийхийг хариуцагч нарт даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч: Ц.Х,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Т,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ЛМ, СН, МС ХХК аялал жуулчлал, тусгай зориулалтын агнуур зохион байгуулалтын чиглэлээр үйл ажилагааг үүсгэн байгуулагдсан үеэс эхлэн хууль тогтоомж болон бусад дүрэм, журмын хүрээнд явуулж ирсэн. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас 2017 оны тусгай зориулалтын ангийн хуваарь гарснаас хойш “МАХ  ” ТББ-ын тэргүүн Д.Г  нь нэхэмжлэгч компаниудыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гутаан доромжилсон шинжтэй үндэслэлгүй, худал мэдээ, мэдээллийг тарааснаар нэхэмжлэгч компаниудын нэр хүнд зөрчигдөж байна. Тухайлбал, www.medee.mn, www.dailynews.mn вэбсайтуудад 2016 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 13.10 минутад “Шонхорын анчид улсад 5.4 тэрбум төгрөгийн хохирол учруулжээ” гэх нийтлэл нийтлэгдсэн. Тус нийтлэл гадаадын угалз, шонхор зэрэг ан амьтдыг хууль бусаар агнаж байгааг ММАХ ТББ-ын тэргүүн Д.Г  хэлэхдээ “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны сайдын тушаалаар Баян-Өлгий аймгийн Булган суманд 1 толгой угалзын зөвшөөрлөөр 9 дүгээр сарын 18-нд “ЛМ ” ХХК, Герман улсын анчин хуваарьт ан хийсэн. Гэвч дээрх нэр бүхий компанийн захирал Г.Б  дахин нэг угалз зөвшөөрөлгүй агнасан, мөн Герман иргэн Томас угалз агнасан. Ингээд 5 угалзийг хууль бусаар агнасан талаар Д.Г  онцоллоо” гэх нийтлэлийг цацсан. Мөн www.nutag.mn вебсайтад 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 09.22 минутад “Шонхорт цадаагүй Арабууд угалз агнаж эхэллээ” нэртэй нийтлэлд ММАХ-ны тэргүүн Д.Г  “Өнгөрсөн сард гэхэд “МС ” ХХК-ийн эзэн У.Б , “ЛМ ” ХХК, “СН ” ХХК-ийн эзэн Г.Б , Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын захирал Д.Д-тай  хуйвалдаж ан хийх зөвшөөрөл авсан байгаа юм. Ингээд хууль бусаар 5 угалз агнасан” гэж гүтгэж бичсэн. Мөн www.wikimon.mn вебсайтад 2016 оны 10 дугаар сарын 7-ны өдөр “Монголд ан хийсэн гадаад иргэдийг шалгуулна” гэх гарчигтай нийтлэлд ММАХ-ны тэргүүн Д.Г  “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны сайдын тушаалаар    Баян-Өлгий аймгийн Булган суманд 1 толгой угалзын зөвшөөрөл гаргасан. Үүний дагуу 9 дүгээр сарын 18-нд “ЛМ ” ХХК, Герман улсын иргэн анчин хуваарьт ан хийсэн. Гэвч дээрх нэр бүхий компанийн захирал Г.Б  дахин нэг угалз зөвшөөрөлгүй агнасан” гэх худал мэдээллийг тараасан.

Мөн “VTV” телевизийн “Шударга ярья” нэвтрүүлэгт ММАХ-ны тэргүүн Д.Г  оролцохдоо “Миний шүүмжлээд байгаа, хууль хяналтын байгууллагад шалгуулаад байгаа “ЛМ ” ХХК, “МС ” ХХК, “СН с” ХХК-иудын эзэн Г.Б , нөгөө гадаад анчинд машинаар хөөж угалз агнуулсан хэргийг хийсэн нөхдүүдэд хуйвалдаад дахиад нэг угалз өгчихсөн, хөтлөгчөөс, тэгэхээр энэ ангийн хулгайч нарыг яах бэ гэхэд, Д.Г  эрүүгийн хариуцлага хүлээлгэх хугацаа нь 3-хан сар, тэгэхээр нөгөө ангийн хулгайч маань яг газар дээрээ баригддаггүй л байхгүй юу, “МС ” ХХК-ийн эзэн Г.Б ийн үйлдэлд яг энүүгээр хэрэг хүлээлгэх боломжгүй, нотлогдсон боловч хуулийн хугацаа дууссан учир хариуцлага хүлээлгэх боломжгүй гэсэн прокурорын дүгнэлт гарсан” гэх худал мэдээллийг тус тус тараасан. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/446 дугаар “Тусгай болон ахуйн зориулалтаар амьтан агнах, барих хуваарь батлах” тухай тушаалын 1 дүгээр хавсралтад “ЛМ ” ХХК нь Баян-Өлгий аймгийн Булган сумын “Улаагчин” агнуурын бүс нутагт 1 толгой угалз, Баянхонгор аймгийн Баацагаан сумын “Баацагаан" агнуурын бүс нутагт 1 толгой угалз, “СН ” ХХК нь Дорноговь аймгийн Хөвсгөл сумын “Олон овоот” агнуурын бүс нутагт 2 толгой угалз, “МС ” ХХК нь Баян-Өлгий аймгийн Бугат сумын “Төмөрт” агнуурын бүс нутагт 1 толгой угалз, Төв аймгийн Баян-Өнжүүл сумын “Хойд өнжүүл” агнуурын бүрт нутагт 2 толгой угалз агнах зөвшөөрлийг тус тус авсан. Үүний дараа Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн А/23 дугаар “Тушаалд өөрчлөлт оруулах” тухай тушаалаар “СН ” ХХК-ийн Дорноговь аймгийн Хөвсгөл сумын “Олон овоот” агнуурын бүс нутагт 2 толгой угалз агнах зөвшөөрлийн 1-ийг Баян-Өлгий аймгийн Булган сумын “Улаагчин” агнуурын бүс нутаг руу, үлдсэн 1 угалз агнах зөвшөөрлийг Баянхонгор аймгийн Баацагаан сумын “Баацагаан” агнуурын бүс нутаг руу тус тус шилжүүлж, “Олон овоот” агнуурын бүс нутгийн 2 угалз агнах зөвшөөрлийг “0” болгосон юм. Энэхүү тушаалын дагуу “ЛМ ” ХХК болон захирал Г.Б  нь Баян-Өлгийн аймгийн Булган суманд 2 угалз агнах тусгай зөвшөөрлийн дагуу ан хийсэн. “МС ” ХХК, “ЛМ " ХХК, “СН ” ХХК-иуд нь Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын даргын албан үүргийн орлон гүйцэтгэгч Д.Д-тай  хуйвалдаж ан хийх зөвшөөрөл аваагүй. Үүнтэй холбоотой мэдээллийг Д.Г  нь Авлигатай тэмцэх газарт гарган шалгуулж, Нийслэлийн Прокурорын газраас хянаж Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Д.Д  албан тушаалын байдлаа урвуулсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 334 дүгээр тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан байдаг. МАХ ТББ-ын тэргүүн Д.Г  нь манай компаниудыг хууль бусаар ан агнадаг, бусадтай хуйвалдаж ангийн зөвшөөрөл авдаг мэтээр удаа дараа олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болох телевиз, сонин хэвлэлээр мэдээлж байгаа нь биднийг гүтгэж, нэр төрд халдах, улмаар энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын нэр хүндийг олон нийтийн дунд гутаах зорилготой юм. Иймд ЛМ, СН, МС ХХК-иудын ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, мэдээллийг тараасан хэлбэрээр уучлалт хүсэхийг даалгах, мэдээллийг тараасан телевиз, вебсайтуудаар тархсан хэлбэр, хэрэгслээр дамжуулан няцааж, залруулга хийхийг хариуцагч нарт даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Д.Г  болон “ММАХ ” төрийн бус байгууллага нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, тэдний ажил хэргийн нэр хүндийг гутаасан зүйл байхгүй болно. Гэтэл нэхэмжлэгч нар нь сүүлийн хэдэн жил “ММАХ” ТББ-д холбогдуулан удаа дараа нэр, төр сэргээлгэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь бидний үйл ажиллагаанд хүндрэл учруулж байна. Анх “ММАХ ” ТББ-д холбогдуулан нэхэмжлэл гаргадаг байсан бол сүүлдээ Д.Г  надад холбогдуулан нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулж ирсэн өндөр настан намайг чирэгдүүлж байна. Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаж байгаа үйл баримтууд болох вэб сайт, хэвлэл мэдээлэлээр цацагдаж байгаа мэдээллүүдийг ялгаж ойлгох нь зүйтэй гэж үзэж байна. Д.Г  хэд хэдэн амьтаны тухай асуудлыг ярьсан. Хэвлэл мэдээллийн сэтгүүлчид 5 угалзыг хууль бусаар агнасан байна гэдгийг нэхэмжлэгч нарт шууд хамаатуулж ярьсан мэтээр ярьж байна. Ажил хэргийн нэр төрийг сэргээнэ гэдэг нь тухайн этгээд ажил мэргэжлийнхээ болон албан тушаалын байдлаараа буюу Ангын тухай хуулийг хэрэгжүүлдэг хүмүүстэй холбоотой гэж үзэж байгаа юм. Гэтэл хавтаст хэрэгт хэрэгсэхгүй болсон талаарх прокурорын тогтоол, гэрчүүдийн мэдүүлэг байгаа. Гэрчүүд хувиарт ан агнах байтал нэг угалзыг илүү агнасан мөн хувиарт ангын бүс нутгаас өөр газар угалз агнасан талаар хэлсэн. Ангаа агнахдаа бичиг баримтаа үзүүлэхгүйгээр агначихаад дараа нь бичиг баримтаа нөхөж үйлдсэн гэх асуудал яригдсан. Амьтны тухай хуульд тухайн агнуурын бүс нутагт агнагдах ангын төлөвлөгөөг баталж, тэр төлөвлөгөөний дагуу ан хийх ёстой, дээрээс нь ан хийх тусгай зориулалтын ховор ан амьтан түүний нүүдэл удам угсаа, төлжих нөхцөл байдлыг харгалзан тухайн жилийнхээ 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор аймаг сумын иргэдийн хурлаас ангын тоо толгойг сум бүрээр гаргаж өгнө гэх тодорхой хуулийн заалтууд байдаг. “ЛМ ”    ХХК нь Баян-Өлгий аймгийн, Булган сумын, Улаагчин гэх агнуурын бүс нутагт 1 угалз, Баянхонгор аймгийн, Баянцагаан суманд, 1 угалз, “СН ” ХХК-д Дорноговь аймгийн, Олон овоот гэх газарт 2 угалз агнахыг зөвшөөрсөн. Гэтэл энэ зөвшөөрлийн дагуу агнах ёстой ангаа агнахгүйгээр өөр бүс нутагт угалз агнасанаас уг маргаан гарсан. Тухайн жилийнхээ 10 дугаар сарын 1-ний дотор багтаж буюу хуульд заасан хугацаандаа амжиж агнахын тулд өөр бус нутагт очиж угалз агнасан байна гэх хардалтуудыг бий болгосон. Д.Д  гэх хүн ажлын байран дээрээ 150 000 000 төгрөгийн авилга авч, ялагдагчаар татагдаад явж байгаа. Энэ талаар орон даяараа бүх нийтээрээ мэдэж байгаа. Д.Д  гэх хүний гэм буруу нь 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Байгаль орчин, аялал жуучлалын сайдын А/460 дугаар тушаалаар баталчихсан хуваарийг өөрчилж, “СН ” ХХК-д өгсөн Баянхонгор аймгийн Хөвсгөлд байх Олон овоотын 2 угалзыг “нөөц алга” гээд шилжүүлж өгсөн л асуудал байгаа. Хугацаандаа асуудлыг шийдвэрлэхгүй хугацаа алдуулснаар бичиг баримтыг нөхөж хийх боломжийг олгосон байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ЛМ, СН, МС ХХК-иудын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцааж, залруулга хийж, уучлалт хүсэхийг хариуцагч “ММАХ ” нийгэмд үйлчилдэг ТББ-д даалгаж, хариуцагч Д.Г д холбогдох “нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцааж, залруулга хийж, уучлалт хүсэхийг даалгах” тухай нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч нараас шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ММАХ ” нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолд: Хэрэгт гэрч Е-ын мэдүүлэгт, нэхэмжлэгч нарыг зөвшөөрөлгүй нэг угалз агнасан гэж байдаг. Энэ талаар МАХ болон холбогдох газруудад мэдээлэл өгч шалгуулахаар хандсан талаар нотолгоо байгааг шүүх дүгнээгүй. Нэхэмжлэгч нар Улаанбаатар хотоос 1 000 гаруй км-ын цаана, 9 дүгээр сард нэмж нэг угалз агнасан байхад Байгаль орчин аялал, жуучлалын яамнаас 9 дүгээр сард агнуурын бүс нутгийг нь өөрчилж нэг угалз агнах зөвшөөрлийг гаргаж өгсөн байгаа нь Амьтаны тухай хуулийн 26 дугаар зүйл Агнах, барих агнуурын амьтаны тоо хэмжээг тогтоох, менежментийн төлөвлөгөө, хугацааг, агнах тоо хэмжээг төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтоох зэрэг заалтыг зөрчсөн байтал үүнийг шүүх үнэлээгүй, зөвшөөрөлтэй ан агнасан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгч нар хэвийн үйл ажиллагаагаа эрхэлж ажил, орлогоо алдаагүй, агнуурын үйл ажиллагааг хэвийн гүйцэтгэж байгаа нь ажил хэргийн нэр хүнд үнэлэмж буурч, гутаагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байхад шүүх гутаагдсан гэж буруу дүгнэсэн. МАХ ТББ мэргэжлийн үйл ажиллагаанд хяналт тавьдаг, Байгаль орчин аялал, жуучлалын яамтай гэрээтэй, дүрмийн зорилгын хүрээнд ажилласан. Нэхэмжлэгч нар өмнө нь хууль бус антай холбоотой шүүхээр асуудлаа шийдвэрлүүлж байсан зэрэг онцлогтой холбоотой олон нийтийн анхаарлын төвд байдгийн хувьд тараагдах ёсгүй, эсхүл хардагдах ёсгүй гэх нөхцөл байдал хязгаарлагдмал юм. Хардсан үйл баримт байх тул үүнийг буруутгах боломжгүй. Уучлалт гуйх нь тухайн этгээдийн дотоод хүсэл зоригийн илэрхийлэл бөгөөд хуулиар тусгайлан зохицуулаагүй тул уучлалт гуйлгах шаардлагыг хангасан нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Д.Г  уг маргаанд ямар ч холбоогүй. Д.Г  “МАХ ” ТББ-ын тэргүүний хувиар байгууллагаа төлөөлж мэдээлэл хийсэн. ТББ-ын харъяалал Сүхбаатар дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг, энэ талаар шүүхэд хандаж байсныг хэрэгсээгүй атлаа харъяалал зөрчиж шийдвэр гаргасан. “МАХ ” ТББ дүрмийн зорилго, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шударга шаардлага тавьж, хяналтаа хэрэгжүүлэх ажил үүргээ гүйцэтгэсний төлөө шүүх нэхэмжлэгч нарын нэр хүнд, ажил хэргийн нэр хүнд гутаагдсан нөхцөл байдал, үйл баримт тогтоогдоогүй, нэхэмжлэгч нар нотлох үүргээ гүйцэтгээгүй байхад хэрхэн гутаагдсныг тодруулалгүй үйл баримтад дүгнэлт өгч нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

 Нэхэмжлэгч ЛМ, СН, МС ХХК хариуцагч “ММАХ ” нийгэмд үйлчилдэг ТББ, Д.Г нарт холбогдуулан ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, мэдээллийг тараасан хэлбэрээр уучлалт хүсэхийг даалгуулах, мэдээллийг авч тараасан телевиз, вэбсайтуудаар тархсан хэлбэр, хэрэгслээр дамжуулан няцааж, залруулга хийхийг хариуцагч нарт даалгуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь нотлох баримтад үндэслэгдсэн байхын зэрэгцээ иргэний нэр төр, ажил хэргийн нэр хүндийг хамгаалах тухай Иргэний хуулийн 21, 511 дүгээр зүйлийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгчийн www.medee.mn, www.dailynews.mn, www.nutag.mn, www.wikimon.mn, www.zaluu.mn сайт, мөн 2016 онд “VTV” телевизийн “Шударга ярья” нэвтрүүлэгт өгсөн ярилцлагад “ЛМ ” ХХК, “СН ” ХХК-ийн захирал Г.Б , “МС ” ХХК-ийн эзэн У.Б , Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Д.Д-тай  хуйвалдаж ан хийх зөвшөөрөл авсан, мөн хууль бусаар угалз агнасан” гэсэн агуулгатай мэдээлэлүүд нийтлэгдсэн нь бодит үнэнд нийцээгүй гэх тайлбар үндэслэлтэй байна.  /хх 22-26/

Нэхэмжлэгч тал аялал жуучлалын тусгай зөвшөөрөлтэй ан агнах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд байх ба Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А/446 дугаар “Тусгай болон ахуйн зориулалтаар амьтан агнах, барих хуваарь батлах” тушаалын 1 дүгээр хавсралтаар “ЛМ ” ХХК-д Баян-Өлгий аймгийн Булган сумын “Улаагчин” агнуурын бүс нутагт 1 толгой угалз, Алтай сумын “Халуун бардам” агнуурын бүс нутагт 1 толгой угалз, Баянхонгор аймгийн Баянцагаан сумын “Баянцагаан” агнуурын бүс нутагт 1 толгой угалз, “СН ” ХХК-д Дорноговь аймгийн Хөвсгөл сумын “Олон овоот” агнуурын бүс нутагт 2 толгой угалз, “МС ” ХХК-д Баян-Өлгий аймгийн Бугат сумын “Төмөрт” агнуурын бүс нутагт 1 толгой угалз, Төв аймгийн Баян-Өнжүүл сумын “Хойд өнжүүл” агнуурын бүс нутагт 1 толгой угалз агнах зөвшөөрлийг тус тус олгосон байна.

Тэрээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны А/23 дугаар “Тушаалд өөрчлөлт оруулах” тухай тушаалаар Баян-Өлгийн аймгийн Булган сумын “Улаагчин” агнуурын бүс нутгийн 2016 онд агнах угалзын тоо хэмжээний “1” гэснийг “2” гэж, Баянхонгор аймгийн Баянцагаан сумын “Баянцагаан” агнуурын бүс нутагт 2016 онд агнах угалзын тоо хэмжээний “1" гэснийг “2” гэж, Дорноговь аймгийн Хөвсгөл сумын “Олон овоот” агнуурын бүс нутагт 2016 онд агнах угалзын тоо хэмжээний “2” болон “СН ” ХХК гэснийг хасч тус тус өөрчлөлт оруулсан байна.  /хх 219-223, 172-174/

Дээрх хуваарийн дагуу ан агнасан гэж нэхэмжлэгч тайлбарлаж байх ба нэр бүхий компаниуд зөвшөөрсөн тоо хэмжээнээс илүү ан агнасан гэдгийг нотолсон баримтгүй байна.  Зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлж хууль бусаар угалз агнасан гэх мэдээлэлд эрүүгийн хэрг үүсгэхээс татгалзсан Нийслэлийн прокурорын газрын 2016 оны тоогтоол хэрэгт авагдсан байдаг бөгөөд энэ талаар анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт хуульд нийцсэн байна.

Иймд хариуцагчийн өгсөн мэдээлэл, бодит байдалд нийцээгүй, тухайн мэдээллийнхээ үнэн зөвийг хариуцагч нотолж чадаагүй гэж үзэх үндэслэлтэй.

Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт зааснаар иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээдэг. Шүүх тогтоох хэсгийн 1 дэх заалтаар хариуцагчид нэхэмжлэгч талаас уучлалт хүсэхийг даалгасан нь хуулийн дээрх зохицуулалттай нийцэхгүй байх тул холбогдох хэсгийг хасах нь зүйтэй.

Дээр дурьдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2020/01286 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...хийж...” гэснийг “...хийхийг...” гэж, мөн “уучлалт хүсэхийг” гэснийг хасч, өөрчлөлт оруулж, бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Ц.ИЧИНХОРЛОО

                                            ШҮҮГЧИД                                        С.ЭНХТӨР

                                                                                                     А.МӨНХЗУЛ