Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 102/ШШ2024/04995

 

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 31 өдөр

            Дугаар 102/ШШ2024/04995

                       Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Зүмбэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.С

Хариуцагч: Т ХХК

Ажилд эгүүлэн тогтоолгох, 2023 оны 02 дугаар сарын 01-ний хөдөлмөрийн гэрээний 2.3.1, 3.1.10, 3.4.26 дэх хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, хөдөлмөрийн гэрээг ажилтантай харилцаж тохиролцож байгуулахыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин, хөлс, олговрыг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, хариуцагчийн өмгөөлөгч П.У, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Б.Цэлмэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2019 онд хөдөлмөрийн гэрээ байгуулан тус байгууллагын Ерөнхий менежерийн ажил, албан тушаалд томилогдон ажиллаж эхэлсэн. Миний бие нь санхүүгийн мэргэшсэн мэргэжилтний хувьд тус хуулийн этгээдийн эрхлэх үйл ажиллагааны хүрээнд иргэн хуулийн этгээдийн гадаад улсаас автомашин зээлээр худалдан авах, үүнд манай компаниас зээл олгох зорилго бүхий программ нэвтрүүлсэн. Программыг шинээр зохиож, шинэ харилцагчдад танилцуулж, тэдгээр нь худалдан авалт хийж мөн компанийн бусад ажилтнуудад миний шинэ бүтээлийн дагуу ажилласнаар компанийн үйл ажиллагаа өргөжин санхүүгийн хувьд эрс сайжирсан юм. Бидний харилцан тохиролцож байгуулсан 2019 оны хөдөлмөрийн гэрээгээр сарын үндсэн цалингаас гадна зээлээр борлуулсан автомашин тус бүрийн үнийн дүнгийн хэмжээгээр ашгийн хувь болон цалингийн хувиар тооцож урамшуулал авдаг байсан. Гэтэл компанийн зүгээс 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ... тоот тушаалаар миний эрхэлж байсан Ерөнхий менежерийн ажил албан тушаалыг ... албаны дарга болгон бууруулсан. Энэ бууруулсан албан тушаал миний цалин хөлс болон урамшуулал бонуст илт нөлөөлөөгүй тул энэ талаар гомдол гаргаагүй байсан хэдий ч 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн огноотой өөрчилсөн хөдөлмөрийн гэрээг 2023 оны 09 сарын 26-ны өдөр бичгээр танилцуулсан. Энэхүү 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн огноотой Хөдөлмөрийн гэрээний олон зүйл хэсгүүд нь ажилтны эрх ашгийг хохироосон, ажил олгогчид давуу байдал олгосон байсан бөгөөд хамгийн гол зүйл болох "Ажил олгогчийн эдлэх эрхийг заасан 3 дугаар зүйлийн 3.1.10 дах хэсэг "Ажилтан албан үүргээ биелүүлэх явцад бүтээсэн шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварын патент, ашигтай загвар гэрчилгээ авах, зохиогчийн эрхийн бүтээл эзэмших, ашиглах онцгой эрх нь Ажил олгогчийн өмчлөл, эзэмшилд байна." гэж, "Ажилтны хүлээх үүрэгт 3.4.26-т" ажилтан нь зохион бүтээсэн шинэ бүтээл, ашигтай загвар өөрийн нэрийг дурдуулах эрх, түүнтэй холбоотой шаардах эрхээ Компанийн томилогдсон зохион бүтээгч ажилтанд шилжүүлэхийг зөвшөөрөв. Энэхүү зөвшөөрөлтэй холбоотой шаардлагатай бичиг баримтыг компанид гаргаж өгөх үүрэгтэй." гэж заасан заалтыг харилцан тохиролцохгүйгээр нэмсэн өөрчлөлт нь ажилтны эрх ашиг болон Хөдөлмөрийн хуулийг шууд зөрчсөн. Дээрх өөрчилсөн хөдөлмөрийн гэрээний 3.1.10, 3.4.26-т заасан “шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварын патент, ашигтай загвар гэрчилгээ авах, зохиогчийн эрхийн бүтээл эзэмших, ашиглах онцгой эрх" нь миний тус компанид бүтээсэн шинэ бүтээл юм. Миний бие өөрийн санхүүгийн программ бүхий шинэ бүтээлийг эрх бүхий байгууллагад бүртгүүлж эзэмших эрх аваагүй хэдий ч тус компани миний бүтээсэн энэхүү шинэ программаар одоог хүртэл үйл ажиллагаанд хэрэглэн, ашиглаж орлого олж байгаа болох нь баримтаар нотлогдоно. Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлд "ажил олгогч, ажилтан харилцан тохиролцож, хөдөлмөрийн гэрээ байгуулна" гэж, 52 дугаар зүйлийн 52.1- т" талууд харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулж болно" гэж заасан байна. Гэтэл ажилтны бүтээсэн санхүүгийн программыг ажил олгогчид шууд хүлээлгэж өгөх үүрэгтэй гэж, мөн ажилтны бүтээсэн шинэ бүтээлийг ажил олгогч өөрийн эзэмшилдээ авах эрхтэй гэж өөрчлөлт оруулсан хөдөлмөрийн гэрээг ажилтанд тулгаж, гарын үсэг зурахыг шаардаж, үүнийг зөвшөөрсөнгүй гэж ажлаас чөлөөлсөн тушаал нь хууль зүйн огт үндэслэлгүй юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-80.1.6-д хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тохиолдлыг тусгасан бөгөөд дээрх үндэслэлээс бусад үндэслэлээр цуцлахыг хориглоно гэж заасан байна. Хөдөлмөрийн гэрээ нь Иргэний хуульд заасан гэрээний нэг төрөлд хамаарах бөгөөд гэрээний талууд хуулийн гэрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан байна. Миний бие нь хөдөлмөрийн гэрээний энэхүү заалтыг зөвшөөрөхгүй, өөрчлөлт оруулах талаар хүний нөөц, эрх бүхий захиралд удаа дараа мэдэгдэхэд харилцан тохиролцох ажилтаны санаа бодлыг сонсох зэрэг ажиллагаа хийгээгүй. Тухайн гэрээний 3.1.10, 3.4.26 заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү. Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д хэлцлийн зарим хэсэг хүчин төгөлдөр бус гэж тооцогдсон боловч үлдсэн хэсэг нь уг хэлцлийн зорилтыг хангаж байвал хэлцэл хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ гэж зааснаар хариуцагч талд хөдөлмөрийн гэрээний бусад заалт хэвээр үргэлжлэхийг даалгаж өгнө үү. Мөн хариуцагч нь ажлаас чөлөөлөх тухай 2024 оны 6 дугаар сарын 30-ны ...тоот тушаалдаа хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай хуульд заасан зүйлийг баримтлаагүй харин хөдөлмөрийн гэрээний загвар, заалтыг зөвшөөрөөгүй гэж хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлгүй тул ...албаны даргын ажил албан тушаалд эгүүлэн тогтоож өгнө үү. Урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгосноор ажилтан миний нийгмийн даатгалын шимтгэлийн баримтыг үндэслэн Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын тушаалаар баталсан дундаж цалин хөлс олгох журмын дагуу шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл хугацааны цалин хөлс, олговрыг хариуцагч байгууллагаас гаргуулж өгнө үү.” гэжээ.

2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “"Т. ХХК нь Тээвэр зуучийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Нэхэмжлэгч Д.С. нь гүйцэтгэх захирлын 2019 оны 09 дүгээр сард 02-ны өдрийн... дугаартай тушаалаар Дадлагажигч ажилтнаар анх ажилд орж 2020 оны 06 дугаар сарын 01-нээс Хөдөлмөрийн гэрээ байгуулан транслизийн албаны ерөнхий менежерийн албан тушаалд томилогдон ажилласан. Улмаар ажил олгогчийн зүгээс Д.С.н ... албаны ерөнхий менежерийн албан тушаалыг 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн .дугаартай гүйцэтгэх захирлын тушаалаар Транслизийн албаны дарга болгон өөрчилж, албан тушаал ахиулж, цалин хөлсийг нэмж ажиллуулахаар 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн ..дугаартай гүйцэтгэх захирлын тушаалаар баталсан Хөдөлмөрийн гэрээний загварыг танилцуулахад Д.С.. нь гэрээ болон түүний заалтуудыг зөвшөөрөөгүй. Түүнээс гадна Д.С.нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар Хөдөлмөрийн гэрээний 9.4 дүгээр зүйлд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан тул ажил олгогчийн зүгээс ажилтан Д.С.ай Хөдөлмөрийн гэрээг харилцан тохиролцож байгуулаагүй тул гүйцэтгэх захирлын 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн ...тоот тушаалаар Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй, хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Д.С...ыг ажлаас чөлөөлсөн гүйцэтгэх захирлын тушаал нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн, үндэслэл бүхий байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

3. Нэхэмжлэгчээс итгэмжлэл /хх 4/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх 8-9/, Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлстэсийн 2024 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 4/8 дугаар албан бичиг /хх 12/, Баянгол дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл /хх 14-17/, Т.ХХК-ийн 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Б/32 дугаар ажлаас чөлөөлөх тухай тушаал /хх 19/, Т. ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн . дугаар өөр албан тушаалд томилох тухай тушаал /хх 20/, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ /хх 26-27/, нууц хадгалах гэрээ /хх 28-29/, нууцын баталгаа гаргах гэрээ /хх 30/, хариуцагчаас Т. ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн ... дугаар үндсэн ажилтнаар ажиллуулах тухай тушаал /хх 52/, 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээ /хх 53-58/, 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ /хх 59-62/, 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ /хх 63-64/, хөдөлмөрийн дотоож журам /хх 65-75/, цалингийн тооцоолол /хх 80/ тус тус шүүхэд гаргаж өгсөн.

                                                                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

4. Шүүхээс нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

5. Нэхэмжлэгч Д.С. нь Т. ХХК-ийн Т. албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, 2023 оны 02 дугаар сарын 01-ний хөдөлмөрийн гэрээний 2.3.1, 3.1.10, 3.4.26 дэх хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, хөдөлмөрийн гэрээг ажилтантай харилцаж тохиролцож байгуулахыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин, хөлс, олговрыг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгч хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан гэж маргажээ.

            6. Зохигчдын тайлбар, хэргээс шинжлэн судалсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон болно.

Нэхэмжлэгч Д.С  нь Т ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн ... дугаар үндсэн ажилтнаар ажиллуулах тухай тушаалаар Ерөнхий менежерээр ажиллаж байгаад Т ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн ..дугаар өөр албан тушаалд томилох тухай тушаалаар ... албаны дарга болсон нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, ажилд томилж, өөрчилсөн тушаалаар тогтоогдож байна.

Ажил олгогч Т ХХК нь Ерөнхий менежер Д.С..тай 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан боловч Т.. албаны даргын хувиар хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогджээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх зааснаар хэргийн оролцогч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд хариуцагч хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг нэхэмжлэгч гаргасан, тэрхүү зөрчлийг шалган тогтоосон болохоо баримтаар нотлоогүй байна.

7. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т “Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй” гэжээ.

Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны шийдвэр, тэмдэглэлтэй 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдөр танилцжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор гомдлоо гаргахаар заасан ба нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуульд заасан дээрх хугацаанд шүүхэд гомдлын шаардлагаа гаргажээ.

8. Т ХХК-ийн 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн .. дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 43.2.10, 78 дугара зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1, 83 дугаар зүйлийн 83.3, 83.4, 83.6 дахь хэсгийг үндэслэл болгожээ.

Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох үндэслэлд хөдөлмөрийн харилцааг цуцлах санаачилгыг ажилтан, ажил олгогчийн аль нэг нь гаргаж болохоор Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлд зохицуулжээ.

Хариуцагч дээрх тушаалдаа хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэлээ ерөнхий байдлаар тодорхойлсон бөгөөд хариу тайлбартаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т “…хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан” заасан зөрчил нэхэмжлэгч гаргасан гэжээ.

Энэ зүйлд заасан "ноцтой зөрчил" гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна гэж ойлговол зохино. Гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байхыг шаардана.

Талуудын хооронд 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний гэрээнд хөдөлмөрийн гэрээний загвар, түүний заалтуудыг зөвшөөрөөгүй тохиолдлыг ноцтой зөрчилд хамруулаагүй байхаас гадна хөдөлмөрийн гэрээний 9.4-т “хүндэтгэх шалтгаангүйгээр 3 ба түүнээс дээш өдөр ажил тасалсан, эсхүл алба, нэгжийн удирдлагад мэдэгдэлгүйгээр хүндэтгэх шалтгаангүйгээр чөлөө, ээлжийн амралт, томилолтоос 3 ба түүнээс дээш өдөр хоцорсон” заасан зөрчлийг шалган тогтоосон, тушаалын үндэслэл болгосон зүйлгүй байна.

Иймд нэхэмжлэгч Д.С...ыг Т ХХК-ийн Транслизийн албаны даргын ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг хангах үндэслэлтэй болжээ. 

9. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно.” гэж заажээ.

Нэхэмжлэгч Д.С...г ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн тул түүний урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговрын зөрүүг олгож шийдвэрлэх нь зүйтэй.

Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн ... тоот тушаалын хавсралт “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2.3-т зааснаар шүүх нэхэмжлэгч Д.С...ын цалингийн дунджийг түүний хэрэгт авагдсан Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагааг үндэслэн сүүлийн бүтэн ажилласан гурван сарын дундаж болох нэг сарын цалингийн дундаж 6,600,000 төгрөг, нэг өдрийн дундаж цалин 306,976 төгрөг болох нь хэрэгт авагдсан Д.С...ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаагаар тогтоогдож байна. Шүүх нэхэмжлэгч Д.С...ын дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо түүний ажилласан сүүлийн 3 сар буюу 2024 оны 4, 5, 6 дугаар саруудын цалингаас тооцсон болно. 1 сарын дундаж цалин 6,600,000 төгрөг болох бөгөөд 2024 оны 10 дугаар сарын 31-ны өдөр хүртэл авсан тооцвол 26,400,000+306,976=26.706.976 төгрөг болно.  

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ажилгүй байсан хугацаан нөхөн олговор гаргуулна гэж тодорхойлсон боловч тооцоолохдоо 250,000,000 төгрөг нөхөн олговорт гаргуулна гэснийг бие даасан шаардлага гэж үзэхгүй бөгөөд дундаж цалин хөлс тодорхойлох журмаар цалингийн дундажыг тодорхойлно. Түүнчлэн нэхэмжлэгч сард 50,000,000 төгрөгийн цалин хөлс авч байснаа нотолж чадсангүй. 

Иймд Д.С...ын ажилгүй байсан нөхөн олговрын зөрүүг 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаагаар тооцож 26,706,976 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

10. Харин 2023 оны 02 дугаар сарын 01-ний хөдөлмөрийн гэрээний 2.3.1, 3.1.10, 3.4.26 дахь хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, хөдөлмөрийн гэрээг ажилтантай харилцаж тохиролцож байгуулахыг даалгах шаардлагыг хангах үндэслэлгүй байна. Байгуулагдаагүй гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох боломжгүй байхаас гадна талуудын хүсэл зоригийн илэрхийллийг гэрээ байгуулахыг даалгах замаар нэгтгэх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл шүүх ажлаас чөлөөлсөн шийдвэр үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхээс бус талуудын хооронд гэрээ байгуулах эсэхийг шийдвэрлэхгүй.

11. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл болон түүнд холбогдох бусад шаардлага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд нэхэмжлэгч Д.С...ын нэхэмжлэлийн зарим хэсгийг шүүх хангаж шийдвэрлэж байгаа тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 361,685 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.С...ын Т. ХХК-ийн Т...албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, 2023 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн гэрээний 2.3.1, 3.1.10, 3.4.26-д дэх хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, хөдөлмөрийн гэрээг ажилтантай харилцан тохиролцож байгуулахыг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т...ХХК-аас дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 26.706.976 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.С...т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 361,685 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.  

 

 

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.ЗҮМБЭРЭЛ