Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 103

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалан,

              Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Сувд-Эрдэнэ,

              Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяа,

           Шүүгдэгч: Н.Т-г оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харагчууд овогт Нямдавын Т-дхолбогдох 1735000980043 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1977 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Увс аймгийн Хяргас суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, малын эмч мэргэжилтэй,Хяргас сумын Бугат багийн засаг дарга ажилтай, ам бүл-4, эхнэр хүүхдийн хамт Увс аймгийн Хяргас сумын Дэлгэр баг Нарлаг хорооны 1-4 тоотод оршин суудаг, яс үндэс баяд, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, РД:ОР77111017, Харагчууд овогт Н-н Т.

            Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Т нь 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр тус аймгийн Хяргас сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Л.Ө-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд :

             1. Хохирогч Л.Ө-н мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хөдөө явж байгаад “Цагаан түнгэ” нэртэй газар алтны уурхайн гэрийн хажууд Засаг даргын орлогч Б.Б, байгаль орчны байцаагч Д.Б, Бугат багийн засаг дарга Н.Т, Б.Б, “Цэрэнбадам” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.О нартай уулзаж “Та нар энэ компанийн үйл ажиллагааг дэмжиж орон нутгийн ажилчдыг ажлын байраар хангасангүй” гэж хэлсэн. Тэгсэн чинь багийн засаг дарга Н.Т намайг барьж аваад зодож цохиж эхэлсэн. Миний гар мушгиж дараад нүд, гэдэс рүү нэг нэг удаа зодож цохисон. Энэ хэргийн улмаас надад 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгний хохирол учирсан. Н.Т нь надад 200.000/хоёр зуун мянга/ мянган төгрөгний хохирлыг багардуулж өгсөн. Надад одоо Н.Т-д ямар нэгэн гомдол тэмцэл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6-р тал/,

           2. Гэрч Э.С-н мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр “Цэрэнбадам” ХХК-нийн “Цагаан түнгэ” нэртэй газар алтны уурхайд засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажилласан. Бид наргазрын хэмжилт хийгээд 17 цагийн үед бичиг баримтын шалгалт хийхээр алтны уурхайн гэр рүү очиж явсан чинь бидний урдаас Ө ах согтуу нэг гартаа чулуу, нөгөө гартаа мод барьчихсан “Та нар багаа хөгжүүлж чадах юм уу, ажлын байраар иргэдээ хангаж чадах юм уу” гэж орилоод ирсэн. Тэгтэл Н.Т-г чулуутай гараараа цохиход Н.Т эргээд Л.Ө цохиод газар унагасан. Л. унасан газраасаа босоход зүүн нүднээс нь цус гарч байсан, би нүдний доод талд цохисон байх гэж бодож байна” гэх мэдүүлэг /хх-ийн 7-р тал/,

            3. Гэрч Б.Б-нмөрдөн байцаалтанд өгсөн: “2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 16 цагийн үед “Цагаан түнгэ” нэртэй газар алтаны уурхайд засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг ажилласан. Бид нар очиход Л.Ө тухайн газар согтуу байсан бөгөөд бид нар газрын хэмжилт хийгээд 17 цагийн үед бичиг баримтын шалгалт хийхээр алтаны уурхайн гэр лүү очиж явсан чинь бидний урдаас Л.Ө согтуу нэг гартаа чулуу, нөгөө гартаа мод барьчихсан “2 дугаар багийнханыг бүгдийг нь ална” гээд орилоод ирсэн. Тэгтэл Т-г чулуутай гараараа цохиход Т эргээд Ө-г цохиод газар унагасан. Бид нар юу болов гээд салгаад хоёр тал явцгаасан. Л.Ө босоход зүүн нүднээс нь цус гарч байсан ба би нүдний доод талд цохисон байх гэж бодсон. Би Л.Ө-г тайвшруулах гээд нэлээн ноцолдсон боловч дийлдээгүй над руу болон хамт явсан хүмүүс рүү чулуу, мод, шороо шидэж, цацаад орилоод байсан. Бид нар тухайн газар ажиллаж байсан нэг залууд барьж бай бид нар явлаа гээд зугатаагаад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 8-р тал/,

        4. Гэрч Д.Б-нмөрдөн байцаалтанд өгсөн: “...17 цагийн үед бичиг баримтын шалгалт хийхээр алтаны уурхайн гэр рүү явж байтал бидний урдаас Л.Ө согтуу нэг гартаа чулуу, нөгөө гартаа мод барьчихсан намайг зодох шинжтэй ирэхээр нь “Та болилдоо, зүгээр бай” гэсэн чинь намайг зөрж очоод “Н.Т, Б, Б нараа та нар багаа хөгжүүлж чадах юм уу” гэж орилоод Н.Т-г чулуутай гараараа хоёр удаа цохиход Т эргээд Ө цохиод газар унагаасан Бид нар боль гээд салгаад тухайн газар ажиллаж байсан Б гэж залууд барьж бай бид нар явлаа гээд зугатаад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 9-р тал/,

           5. Гэрч Ц.Б-нмөрдөн байцаалтанд өгсөн: “Л.Ө нь Н.Т-г чулуутай гараараа цохиход Н.Т эргээд Л.Ө-г цохиод газар унагасан” гэх мэдүүлэг /хх-ийн 10-р тал/,

           6. Гэрч П.О-нмөрдөн байцаалтанд өгсөн: “2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Л.Ө ах согтуу манай ажлын газар ирчихсэн байсан чинь дараа удалгүй сумын засаг даргын захирамжаар томилогдсон ажлын хэсэг манай алтны уурхайд ирж ашигласан талбайд хэмжилт хийж нөхцөл байдалтай танилцаад манай ажлын гэр рүү явж байсан.  Би даргад ажлаа тайлбарлаад явж байсан чинь Л.Ө, Н.Т хоёр нэг харсан чинь барьцалдчихсан байсан. Би та нар боль гээд очиж салгах гэж оролдсон. Намайг тэр хоёр дээр очих үед Л.Ө нүүрэн дээр нь цус болчихсон байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 11-р тал/,

            7. Гэрч Б.А-нмөрдөн байцаалтанд өгсөн: “Н.Т нь зан араншингын хувьд сэргэлэн цовоо, ажилч хийчээнгүй, аливаа зүйлд санаачлагатай, зүтгэлтэй ханддаг, илүү дутуу элдэв муу зуршилгүй, нутгийн ард иргэдийн итгэлийг хүлээж Бугат багийн засаг даргаар 2 удаа сонгогдсон олон жил ажиллаж байгаа хүн юм. Сумын баяр наадмаар ажлын хэсэг ахлаж зохион байгуулах ажилд тогтмол оролцдог. Ажил үүрэгтээ хариуцлагатай ханддаг хүн байгаа юм. Ар гэрийн амьдарлын хувьд дундаж амьдралтай, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, 2 хүүхэд нь цэцэрлэгээр хүмүүждэг. Хувьдаа X trail маркийн машинтай, тодорхой тооны мал хөрөнгөтэй. Урьд өмнө нь хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. Нутгийн иргэдийн дунд нэр хүндтэй хүн байгаа юм. Архи дарс уугаад байдаггүй, хаяа баяр ёслолоор тохируулж хэрэглэдэг.” гэх мэдүүлэг /хх-ийн 12-р тал/,

           8. Гэрч О.Г-нмөрдөн байцаалтанд өгсөн: “Н.Т нь зан араншингын хувьд шударга, зарчимч аливаа ажилд хариуцлагатай ханддаг, ажил хэрэгч хүн байгаа юм. Сэргэлэн цовоо, аливаа зүйлд санаачлагатай, нутгийн ард иргэдийн итгэлийг хүлээж Бугат багийн засаг даргаар 2 удаа сонгогдсон дундаа завсартай нийт 6 жил багийн даргаар ажиллаж байгаа. Сумын баяр наадмын комисст орж ажил үүрэг гүйцэтгэдэг. Би ч урьд нь багийн засаг даргаар ажиллаж байсан тул хамтарч ажилладаг байсны хувьд зан араншин ажил байдлыг нь сайн мэднэ. Ар гэрийн амьдарлын хувьд боломжын амьдралтай, эхнэр бага насны 2 хүүхдийнх амт амьдардаг. Хувьдаа машинтай, тодорхой тооны мал хөрөнгөтэй. Урьд өмнө нь хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. Архи дарс уугаад байдаггүй амралтын үеэр найз нөхдийн хүрээнд тохируулан хэрэглэдэг. Элдэв муу зуршилгүй хүн байгаа юм” гэх мэдүүлэг /хх-ийн 13-р тал/,

         9. Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 9 дүгээр сарын 15-ныөдрийн 544 дугаартай шинжээч эмчийн: “Үзүүлэгч Л.Ө-н биед гэмтэл учирсан байна.Зүүн нүдний доод зовхинд язарсан шарх, цус хуралт, зүүн нүдний дээд зовхи, нүдний алимны салстад цус хуралт, дух, хамрын нуруу, зүүн шилбэнд зулгаралт, баруун зулай, зүүн сарвууны 4-р хуруунд зөөлөн эдийн гэмтэл учирсан байна. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Дээрхи гэмтэл нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой шинээр үүссэн гэмтэл байна, Дээрхи гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн хохиролд хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тодорхой хугацаанд нөлөөлнө” гэх дүгнэлт /хх-ийн 16-р тал/,

            10.  Шүүгдэгч Н.Т-г урьдял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32-р тал/,

            11. ШүүгдэгчН.Т-н хувийн байдал тогтоосон баримтууд /хх-ийн 34-36-р тал/,

        12. Шүүгдэгч Н.Т-нмөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Тэр өглөө сумын засаг даргын өрөөнд тамгын газрын ажилчдын хурал болж “Цагаан түнгэ” гэх газарт алт олборлож буй “Цэрэнбадам” ХХК-ний үйл ажиллагааг шалгахаар ажлын хэсэг томилогдсон бөгөөд уг бүрэлдэхүүнд надаас гадна сумын засаг даргын орлогч Б.Б, байгаль орчны улсын хяналтын байцаагч Д.Б, газрын даамал Э.С нар байсан бөгөөд бид миний хувийн Ниссан Х trail маркийн хөх өнгийн 1231-УВА улсын дугаартай суудлын автомашинаар “Цагаан түнгэ” гэх газарт үйл ажиллагаа явуулж байгаа “Цэрэнбадам” ХХК-ний байр буюу кемп дээр 13:00 цаг орчимд очсон юм. Тэнд ажиллаж байтал Б сумын төврүү утсаар ярихаар уг компаний утастай гэрлүү орохоор явсан бид өөр гэрт байж байтал гэрийн гадна хүмүүс маргалдах чимээ гарсан. Удалгүй Б орж ирээд “Ө ах согтуу ирчихсэн байна. Надад томроод байна” гэж хэлсэн юм. Бид нэг их юм бодолгүй ажил аа үргэлжүүлж байхад Б гэх малчин ажлын хэсэгт ажиллахаар сүүлд мотоцикльтой нэмж ирсэн. Тэгээд 15:30 цаг орчимд ажил аа дуусгаад зааварчилга өгөөд кемп дээр очиж бичиг баримтууд дээр гарын үсэг зурж хүлээлцэхээр явсан. Б түрүүлээд мотоцикльтой кемпрүү явсан бид алхаад очиж явтал Ө ах миний машины урд зогсчихсон. “Эд нар мөнгө авсан, идээч нар байхгүй юу. Энэ машин тэр мөнгөөр авсан машин байхгүй юу” гээд орилоод байсан. Б хажууд нь мотоцикльтой очоод мотоциклоосоо буутал Ө нэг гартаа мод, нөгөө гартаа чулуу атгаад Б уруу очсон. Тэгснээ тэд юм ярьж байсан аа Ө ах буцаж эргээд биднийг харчихаад биднийг нэрээр дуудаад “Багаа хөгжүүлэхийг чинь харна аа бүгдийг чинь ална” гэж хэлээд бидэн үрүү алхаад ирсэн. Ө ах миний эхнэрийн хамаатны хүн бөгөөд архи уучихаараа ойр орчмын хүмүүстээ агсам тавиад байдаг зантай тул би түүнийг танихын хувьд хамт явсан хүмүүсээсээ түрүүлж очоод хөөе хадам ах юу болж байна гэж наргиж хэлтэл Ө чулуутай гараараа намайг шууд цохих гэхээр нь би дальтирхад тэр миний зүүн мөрөн дээр цохисон. Тэгэхээр нь би түүний дээлний ханцуйнаас мушгиад чулууг нь алдуулсан тэгтэл зүүн гартаа байсан модоороо намайг цохихоор нь тэр гарыг бас мушгисан юм. Мушгих үед түүний гарт нь байсан хугархай унины үзүүр түүний нүдний доогуур шудраад өнгөрсөн бөгөөд тэр гэдийгээд мод оо хаяад над уруу дайраад гараараа намайг шанаа, хацар орчимд цохиж дайрч давшилсан. Тэр хооронд нөгөө хүмүүс ирсэн. Би түүнийг над уруу давшлаад байхаар нь дух орчимд нь гараараа нэг удаа цохичихсон юм. Тэгэхэд Ө ах унаад өгсөн. Би түүнийг газарт унахаар нь 2 гараараа цээж үрүү нь дараад босгоогүй. Тэгэхэд хажуугаас хүмүүс ирж салгасан юм. Түүний дараа Ө ах чулуу аваад машин болон хүмүүс рүү чулуу шидээд цохих гээд байхаар нь би түүнийг очиж татаж газарт унагаад байсан боловч цохиогүй. Нөгөө хүмүүс ойртохгүй байсан юм. Би Л.Ө ахаас уучлалт гуйж бид нар хоорондоо эвлэрсэн. Миний хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч түүнд учирсан гэх хохирлыг бүрэн барагдуулж өгсөн, Надад хөнгөн ял оноож өгөхийг хүсэх байна.” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно.

         Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл: Н.Т нь 2017 оны 9 дүгээр сарын 11-ний тус аймгийн Хяргас сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Л.Ө-г зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Л.Ө, гэрчЭ.С, Б.Б, Д.Б, Ц.Б, П.О нарын мэдүүлэг, 2017 оны 9 дүгээр сарын 15-ныөдрийн 549тоотшинжээчийн дүгнэлт,шүүгдэгч Н.Түвшинтөгсийнүйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

            Уг гэмт хэргийн улмаас хохирогч Л.Ө-нэрүүл мэндэд “Зүүн нүдний доод зовхинд язарсан шарх, цус хуралт, зүүн нүдний дээд зовхи, нүдний алимны салстад цус хуралт, дух, хамрын нуруу, зүүн шилбэнд зулгаралт, баруун зулай, зүүн сарвууны 4-р хуруунд зөөлөн эдийн гэмтэл”учирсан байх ба уг гэмтэл нь2017 оны 9 дүгээр сарын 15-ныөдрийн 549дугаартайшинжээчийн дүгнэлтээргэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэлбайх тул шүүгдэгч Н.Т-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзнэ.

            Иймд хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Н.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.Тнь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан, хохирогч Л.Ө нь нэхэмжлэх хохирол, төлбөргүй гэсэн нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр нотлогдож байх тул шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж үзлээ. 

          Шүүгдэгч Н.Т нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйболохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолхүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

        Шүүгдэгч Н.Т ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин учруулсан хохирлоо сайн дураараа төлж барагдуулсан, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдсон болно. 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :

         1. Шүүгдэгч Харагчууд овогт Н-н Т-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Харагчууд овогт Н-н Т-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Н.Т нь торгох ялыг хуулинд заасан 3 сарын хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

          4. Шүүгдэгч Н.Т нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл болон битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй болохыг тус тус дурдсугай.

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Н.Төдөмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.БОЛОРТУЯА