Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 124/ШШ2024/0002

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Алтанцэцэг даргалан тус шүүхийн иргэн, захиргааны хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “А Б” ХХК, /Улаанбаатар хот, Баянгол дүүрэг,6-р хороо/

Хариуцагч: Увс аймгийн Засаг даргад холбогдох,

2023 онд Увс аймагт тусгай зориулалтаар ан агнуулах зөвшөөрөл олгох дуудлага худалдаа зохион байгуулах тухай Засаг даргын баталсан удирдамжийн 1.5 болон 1.5.1 дэх хэсэгт заасан амьтны тоо хэмжээг агнуурын бүс нутаг болон сумаар хуваарилсан хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д /цахим/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ц\, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч А Б ХХК нь тус шүүхэд анх Увс аймгийн Засаг даргад холбогдуулан 2023 онд Увс аймагт тусгай зориулалтаар ан агнуулах зөвшөөрөл олгох дуудлага худалдаа зохион байгуулах тухай Засаг даргын баталсан удирдамжийн 1.5 болон 1.5.1 дэх хэсэгт заасан амьтны тоо хэмжээг агнуурын бүс нутаг болон сумаар хуваарилсан хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, Засаг даргын дуудлага худалдааны ялагчийг баталгаажуулсан захирамжийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, мөн дуудлага худалдааг хуульд нийцүүлэн дахин явуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг гаргасан байна.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д нь Засаг даргын дуудлага худалдааны ялагчийг баталгаажуулсан захирамжийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, мөн дуудлага худалдааг хуульд нийцүүлэн дахин явуулахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, үлдэх нэхэмжлэлийн шаардлагаа 2023 онд Увс аймагт тусгай зориулалтаар ан агнуулах зөвшөөрөл олгох дуудлага худалдаа зохион байгуулах тухай Засаг даргын баталсан удирдамжийн 1.5 болон 1.5.1 дэх хэсэгт заасан амьтны тоо хэмжээг агнуурын бүс нутаг болон сумаар хуваарилсан хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох гэж өөрчилсөн болно.

 

3. Тусгай зориулалтаар агнах агнуурын зөвшөөрөл олгох нээлттэй дуудлага худалдаа 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр явагдсан, 2023 оны 07 сарын 26-ны өдөр дуудлага худалдааны удирдамжийг Э-У ХХК-д ирүүлсэн талаар нэхэмжлэгч тайлбарласан, хариуцагч энэ талаар маргаангүй байх тул нэхэмжлэгч нь шүүхэд 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэлээ шуудангаар илгээснийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасан хугацааны дотор шүүхэд хандсан гэж үзэв.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Лхагвасүрэн нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцох хүсэлтийг гаргасан болно.

5. Нэхэмжлэгч А Б ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ...Манай А Б ХХК нь 2009 онд үүсгэн байгуулагдаж, тусгай зориулалтын ан агнуурын чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаа эрхэлж байгаа бөгөөд Баянхонгор, Баян-Өлгий, Сэлэнгэ аймагт агнуурын бүс нутгийн менежмент хариуцагчаар, мөн гадаад зах зээлд анчин, жуулчны үйлчилгээ худалдан борлуулж ажилладаг. Тусгай зориулалтаар агнах барих амьтны тусгай зөвшөөрлийг аймаг нийслэлийн Засаг дарга дуудлага худалдааны журмаар олгохоор шинэ хууль эрх зүйн орчин 2023 оны 01 дүгээр сарын 01-ээс үйлчилж эхэлсэн бөгөөд Засгийн газрын 2022 оны 444 тогтоолоор 2023 онд улсын хэмжээнд тусгай зориулалтаар агнах барих амьтны тоо хэмжээг тогтоосон. Мөн зөвшөөрөл олгох харилцааг тухайлан зохицуулсан буюу нарийвчилсан хууль болох Амьтны тухай хуульд 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр нэмэлт орж хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 зүйл, энэ хуулийн 29.1.1-д заасан зөвшөөрлийн дуудлага худалдааг мөн хуулийн 26.3-т заасны дагуу Засгийн газраас тусгай зориулалтаар агнах, барих амьтны тоо хэмжээг баталсан шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор олон нийтэд нээлттэй мэдээлж, 30 хоногийн дотор цахим хэлбэрээр зохион байгуулна гэж заасан. Уг заалтаар Засгийн газраас тогтоосон тоо толгойг дахин хуваарилах шат дамжлагыг хааж зөвшөөрлийг олгох эрх бүхий этгээд буюу аймгийн Засаг дарга нь 14 хоногт багтаан нийтэд зарлаж 30 хоногт багтаан дуудлага худалдаа зохион байгуулж олгохыг хааж зөвхөн дуудлага худалдааны журмаар олгохыг заасан байна. Ийнхүү шинэ хууль эрх зүйн орчин бий болсноор тодорхой агнуурын бүс нутгийг хариуцдаг, тус салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж бус / менежмент хариуцагч бус/ өөр иргэн, аж ахуйн нэгжийн хэн ч бай тусгай зориулалтаар ан агнах тусгай зөвшөөрлийг дуудлага худалдааны журмаар авах эрх нээлттэй болсон. Иймээс манай байгууллага нь өөрийн сонирхсон аймгуудад тусгай зориулалтаар ан агнах тусгай зөвшөөрлийн дуудлага худалдаанд оролцон ялах, ан агнуулах хүсэлтэй байсан тул 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулсан Увс аймгийн тусгай зориулалтаар ан агнах тусгай зөвшөөрлийн дуудлага худалдаанд оролцохоор 2023 оны 07 дугаар сарын 24-нд 23/72 тоот албан бичгээр хүсэлтээ хүргүүлж, 2 толгой угалзанд дэнчин төлж бүртгүүлэн оролцсон болно. Дуудлага худалдааны зар тавигдаж дэнчин төлөгдөх үед ямар нэгэн зөрчил илрээгүй атлаа 2023 оны 07 дугаар сарын 26-ны 12:28 минутад аймгаас дуудлага худалдааг зохион байгуулах ажлын хэсгээс манай цахим хаягаар дуудлага худалдаанд оролцох урилга болон дуудлага худалдааг зохион байгуулж явуулах удирдамжийн хамт ирүүлсэн. Энэхүү аймгийн Засаг даргын захирамжаар батлагдсан уг удирдамжийн 1.5 дахь заалтаар агнуурын амьтдыг харьяалах агнуурын бүс нутгаар нь дуудлага худалдааг зохион байгуулахаар, мөн 1.5.1.1, 1.5.1.2, 1.5.1.3 заалтуудаар сумаар / агнуурын бүс нутгуудаар / хуваарилсан байв. Өөрөөр хэлбэл дуудлага худалдааны зар гарах үед 2023 онд зориулалтаар 7 угалз, 8 тэх гэх мэтээр амьтдын тоо толгойгоор агнуулах дуудлага худалдааны зар гэж тавьсан учир бид 2 дэнчин төлж оролцсон бөгөөд хэрэв ялсан тохиолдолд хуульд зааснаар сум агнуурын бүс нутгаа сонгон эрх бүхий этгээдтэй гэрээ байгуулах зохицуулалттай.

Увс аймагт тусгай зориулалтаар агнах амьтны зөвшөөрлийг Засаг дарга олгохдоо хуулиар олгогдоогүй эрх мэдлийг хэрэгжүүлж амьтны тоо толгойг агнуурын бүс нутаг, сумдад хуваарилж дуудлага худалдааг явуулснаас бидний шударгаар, ил тод нээлттэйгээр дуудлага худалдаанд оролцож зөвшөөрөл авах эрх зөрчигдсөн. Иймд 2023 онд Увс аймагт тусгай зориулалтаар ан агнуулах зөвшөөрөл олгох дуудлага худалдаа зохион байгуулах тухай Засаг даргын баталсан удирдамжийн 1.5 болон 1.5.1 дэх хэсэгт заасан амьтны тоо хэмжээг агнуурын бүс нутаг болон сумаар хуваарилсан хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, Засаг даргын дуудлага худалдааны ялагчийг баталгаажуулсан захирамжийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, мөн дуудлага худалдааг хуульд нийцүүлэн дахин явуулахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийг гаргаж байна.

Увс аймгийн Засаг дарга нь дуудлага худалдаа зохион байгуулах зар тавихдаа амьтны тоо толгой ямар амьтан зэргийг заагаагүй. Үүнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн зүгээс Увс аймгийн Засаг даргыг холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэж нэхэмжлэл гаргасан. 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Ховор амьтан агнах зөвшөөрөл олгох тухай журмын 4.1, 4.2-т маш тодорхой заасан. Аймгийн засаг дарга дуудлага худалдааг зохион байгуулахдаа бүсчилж, тоог заасан нь дуудлага худалдаанд оролцож ялсан этгээдийн эрхэд халдаад байна, мөн холбогдох хууль тогтоомжийг зөрчиж явуулсан учраас нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдөж байгаа тул хууль бус болохыг тогтоолгох нь ач холбогдолтой гэж үзэж нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү... гэв.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...А Б ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээс Аймгийн Засаг даргын дуудлага худалдааны ялагчийг баталгаажуулсан захирамжийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, мөн дуудлага худалдааг хуульд нийцүүлэн дахин явуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлээс татгалзаж байна.Харин үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг 2023 онд Увс аймагт тусгай зориулалтаар ан агнуулах зөвшөөрөл олгох дуудлага худалдаа зохион байгуулах тухай Засаг даргын баталсан удирдамжийн 1.5 болон 1.5.1 дэх хэсэгт заасан амьтны тоо хэмжээг агнуурын бүс нутаг болон сумаар хуваарилсан хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох гэж өөрчилж байна.Нэгэнт агнуурын ан агнагдсан дахин дуудлага худалдаа явуулах боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгаа.Нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа учир удирдамжийн холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байгаа.

А Б ХХК нь 2009 онд байгуулагдаж тусгай зориулалтаар ан агнуурын чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа. 2023 оны 01 дүгээр сарын 01-ээс дагаж мөрдөж байгаа Зөвшөөрлийн тухай хуулийн 5.6 болон 8.1.23 дахь хэсэгт тусгай зориулалтаар агнуурын ан амьтан агнах, барих зөвшөөрлийг дуудлага худалдааны журмаар Засаг дарга зөвшөөрөл олгохоор хуульчилсан. Засгийн газраас улсын хэмжээнд нийт агнах, барих ан амьтны тоо хэмжээг тогтоосон. Амьтны тухай хуулийн 291 зүйлд нэмэлт өөрчлөлт орсон. Энэ нь өмнө Засгийн газрын гишүүн агнуурын бүс нутгаар хуваарьлалт хийж тогтоодог байсныг нээлттэй, дуудлага худалдааны журмаар Засаг дарга олгохоор өөрчилсөн. Түүнээс биш Засаг даргад бүсчилж хуваах эрхийг олгоогүй. Зөвхөн Засгийн газрын гишүүн л хуваарьлалт хийх эрхтэй.Увс аймгийн Засаг дарга нь дуудлага худалдаа зохион байгуулах зар тавихдаа амьтны тоо толгой ямар амьтан зэргийг заагаагүй. Үүнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн зүгээс Увс аймгийн Засаг даргыг холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэж нэхэмжлэл гаргасан. 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Ховор амьтан агнах зөвшөөрөл олгох тухай журмын 4.1, 4.2-т маш тодорхой заасан. Аймгийн засаг дарга дуудлага худалдааг зохион байгуулахдаа бүсчилж, тоог заасан нь дуудлага худалдаанд оролцож ялсан этгээдийн эрхэд халдаад байна, мөн холбогдох хууль тогтоомжийг зөрчиж явуулсан учраас нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдөж байгаа тул хууль бус болохыг тогтоолгох нь ач холбогдолтой гэж үзэж нэхэмжлэл гаргасан. Яамны зүгээс алдаа зөрчил гаргасан аймгуудад зөвлөмж хүргүүлээд дараа дараагийн дуудлага худалдааг явуулахдаа анхаарч үзэхийг зөвлөсөн.

Агнуурын нөөц амьтан агнах барихтай холбоотой харилцаа нь нийтийн эрх зүйн харилцаа мөн. Нийтийн эрх зүйн харилцаа нь зөвшөөрснөөс бусдыг хориглодог. Засгийн газрын 2022 оны 19 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 4.2-т зааснаар байгаль орчны асуудал эрхэлсэн Зсгийн газрын гишүүнд амьтан агнах хуваарийг батлах эрх байгаа. Гэтэл зөвшөөрсөн зүйл заалт байхгүй байхад Засгийн газрын гишүүний эрх хэмжээрүү ороод хуваарилалт хийгээд байгаа нь Амьтны тухай хууль болон Засгийн газрын тогтоолыг зөрчсөн явдал болсон. Эдгээрийг зөрчиж явуулсан дуудлага худалдаа нь дан ганц А Б ХХК-ийн бус бусад дуудлага худалдаанд оролцогч нарын эрх ашгийг хөндөж байгаа юм. Ирэх жил аймгийн хэмжээнд 4 ширхэг угалз агнах хэмжээг баталбал бүгдийг нь нэг суманд тавьчих юм уу, ийм асуудал ч байгаа юм. Хамгийн өндөр үнийг төлж дуудлага худалдаанд оролцож ялсан байгууллага өөрөө газраа сонгоод ангаа хийх эрхтэй боловч хуваарилалт хийсэн учраас боломжгүйд хүрээд байгаа. Дуудлага худалдаанд төлсөн мөнгө нь буцаад байгаль орчин амьтадаа хамгаалахад оруулж байгаа хөрөнгө оруулалт болдог. Гэтэл нэг аймагт, нэг суманд бүх ан хийх эрхийг хуваарилчих юм бол бусад аймаг, сумын амьтдыг хэн хамгаалах юм бэ, төсвийг нь хэн гаргах юм бэ гэх асуудал гарч байгаа юм. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн.Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

7. Хариуцагч Увс аймгийн Засаг даргыг төлөөлөн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.З шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 19 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар Ховор амьтныг агнах, барих зөвшөөрөл олгох журам баталсан байдаг бөгөөд журмын 4.1.Төрийн захиргааны төв байгууллага агнуурын бүс нутгийн нээлттэй цахим мэдээллийн санд үндэслэн дараа онд агнах, барих, ховор амьтны тоо хэмжээний саналыг агнуурын бүс нутаг тус бүрээр гарган нэгтгэж, жил бүрийн 11 дүгээр сарын 1-ний өдрийн дотор Засгийн газарт хүргүүлэх, мөн Амьтны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.8.1-д заасны дагуу "батлагдсан ан агнуурын менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан агнуурын нөөцөд тулгуурлан жил ашиглах агнуурын амьтны төрөл, тоо хэмжээний санал боловсруулж, төрийн захиргааны төв байгууллагад жил бүрийн 10 дугаар сарын 15-ны дотор хүргүүлэх гэсэн заалтын дагуу 2022 оны 10 дугаар сард Увс аймгийн сумдын агнуурын бүс нутгуудын менежмент төлөвлөгөөнүүдэд тусгагдсан агнуурын нөөцөд тулгуурласан саналыг Байгаль орчин, аялал, жуулчлалын яаманд хүргүүлсэн.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 06 дугаар сарын 22-ны төрийн А/215 дугаар Хуваарь батлах тухай тушаалаар Увс аймгийн хэмжээнд тусгай зориулалтаар 7 тооны угалз, 8 тооны тэх, 14 тооны буга агнах дээд хязгаарыг тогтоож тухайн хязгаараас хэтрүүлэхгүйгээр, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулж, хэрэгжилтийг хангахыг аймаг Засаг даргад даалгасан байдаг.

Үүнтэй холбоотой аймгийн Засаг даргын Тамгын газрын санхүү, төрийн сангийн хэлтсийн даргаас аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын даргад Агнах амьтны тоог сумын төсөвтэй уялдуулж ирүүлэх талаар мэдэгдсэн тул 2023 оны 07 дугаар сарын 04-ны өдрийн 183 дугаар албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын баталсан хуваарийг Увс аймгийн сумуудын агнуурын бүс нутгуудын менежмент төлөвлөгөөнүүдэд тусгагдсан агнуурын нөөцтэй уялдуулсан санал хуваарийг төрийн сангийн хэлтэст ирүүлсэн байдаг.

Дуудлага худалдаа зохион байгуулах тухай ажлын удирдамжийг 2023 оны 07 сарын 07-ны өдөр аймгийн Засаг даргаар батлуулсан бөгөөд удирдамжид тусгай зориулалтаар агнуурын амьтныг агнах тусгай зөвшөөрөл олгох, дуудлага худалдааг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүн болон тухайн онд агнах амьтны тоо хязгаарыг баталсан сайдын тушаалыг үндэслэн агнуурын ан амьтныг нэг нэгээр нь харьяалах агнуурын сумдын нутгаар нь дуудлага худалдааг зохион байгуулах тухай дэлгэрэнгүй тусгасан байдаг... гэжээ.

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Зөвшөөрлийн тухай хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан Аймгийн Засаг даргад тусгай зориулалтын ан амьтныг агнах барих дуудлага худалдаа зохион байгуулах эрх хуулиар олгогдсон. 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/359 дүгээр захирамжаар Зөвшөөрлийн тухай хуулийн 5.6, Амьтны тухай хуулийн 29.1, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын хуваарь батлах тухай 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн А/215 дугаар тушаалыг үндэслэл болгож дуудлага худалдаа зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдсан. 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр тусгай зориулалтын ан агнах тусгай зөвшөөрөл олгох нээлттэй дуудлага худалдааны зарыг олон нийтэд зарласан. Нээлттэй дуудлага худалдааг оролцогчдын бүртгэлийг, удирдамжийн хамт infouvs.gov.mn хаягаар илгээсэн. А Б ХХК-аас дэнчин болох 444,000 төгрөгийг 2 удаа байршуулаад 2, 7 дугаартай угалз дээр оролцох тухай хүсэлтээ илгээсэн. Байгал орчин аялал жуулчлалын яамны сайдын 1/3876 тоот албан бичгээр дуудлага худалдаа зохион байгуулах чиглэл ирүүлсэн. Уг чиглэлийн 1-рт тусгай зориулалтаар агнуурын ан амьтан агнах барих зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуулийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тухайн аймгийн агнуурын бүс нутагт зөвхөн дуудлага худалдааны журмаар нээлттэй ил тод шударга зохион байгуулах,2-рт Тусгай зориулалтын агнуурын ан амьтан агнах барих зөвшөөрлийг олгохдоо аймгийн Ерөнхий агнуурын зохион байгуулалт менежментийн төлөвлөгөө, тухайн агнуурын бүс нутгийн нарийвчилсан агнуур зохион байгуулах менежментийн төлөвлөгөөг үндэслэн жилд агнах нөөцөөс хэтрүүлэхгүй байх гэж чиглэл ирсэн.

Уг 2 үндсэн чиглэлийн дагуу хуулийн хүрээнд дуудлага худалдааг зохион байгуулсан. Байгаль орчин аялал жуулчлалын сайдын хуваарь батлах тухай 215 дугаар тушаалын дагуу манай аймагт угалз 7, тэх 8, халиун буга 14 гэсэн тоо толгойтой агнуурын дуудлага худалдааг зохион байгуулсан. Бүсчилж тогтоосон тоон дотроо бид халдаагүй, бүс дотроо сумдаар нь аль болох тэнцвэртэйгээр хуваарилсан байгаа.Угалзыг нэхэмжлэгч тал агнах нь гол болохоос биш аль бүс нутгаас агнах нь гол биш. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж заасан. Мөн нэхэмжлэгчийн өөрчилсөн шаардлага буюу Аймгийн Засаг даргын дуудлага худалдаа зохион байгуулах удирдамжийн 1.5.1 дэх хэсгийг хүчингүй болгуулснаар нэхэмжлэгчийн бодит эрх ашиг хэрхэн сэргэх талаар тодорхойгүй байна. Иймд А Б ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж үзэж байна. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 109 дүгээр зүйлийн 109.2-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

9. Гуравдагч этгээд Номад аут доор травел ХХК шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Манай компани дуудлага худалдаанд зохих журмын дагуу оролцож ялалт байгуулсан.Увс аймгийн Засаг даргатай гэрээ байгуулан агнуурын ажлыг зохион байгуулж дууссан.Иймд А Б ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.Манай компани цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоос татгалзаж байна гэжээ.

10. Гуравдагч этгээд Гайхамшигт Алтайн аялал ХХК-ийн захирал Х.Ивгээл шүүхэд Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоос татгалзаж байна гэсэн тайлбарыг гаргасан байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэл,хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгчийн тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлэн дүгнээд нэхэмжлэгчийн 2023 онд Увс аймагт тусгай зориулалтаар ан агнуулах зөвшөөрөл олгох дуудлага худалдаа зохион байгуулах тухай Засаг даргын баталсан удирдамжийн 1.5 болон 1.5.1 дэх хэсэгт заасан амьтны тоо хэмжээг агнуурын бүс нутаг болон сумаар хуваарилсан хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч нь Засаг даргын дуудлага худалдааны ялагчийг баталгаажуулсан захирамжийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, мөн дуудлага худалдааг хуульд нийцүүлэн дахин явуулахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан тул татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

3. Нэхэмжлэгч талаас Амьтны тухай хуульд заасны дагуу Засгийн газраас тусгай зориулалтаар агнах,барих амьтны тоо хэмжээг баталсан шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор олон нийтэд нээлттэй мэдээлж, цахим хэлбэрээр зохион байгуулна гэж заасан тул Засгийн газрын шийдвэр гарснаас хойш хэн ч ямар ч хэлбэрээр хуваарилалт хийх, олгохыг хааж, зөвхөн дуудлага худалдааны журмаар олгохыг заасан.Аймгийн Засаг даргад амьтны тоо толгойг агнуурын бүс нутгаар, сумаар хуваарилах эрхийг олгоогүй байхад бүс нутаг, сумдаар хуваарилж дуудлага худалдаа явуулснаас бидний шударгаар, ил тод нээлттэйгээр дуудлага худалдаанд оролцож зөвшөөрөл авах эрх зөрчигдсөн, удирдамжийн маргаж буй хэсэг нь дуудлага худалдаанд оролцох этгээдүүд рүү чиглэсэн, тэдний эрх ашгийг шууд зөрчиж байгаа тул захиргааны акт мөн гэж тайлбар гарган нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.

4. Хариуцагч талаас Зөвшөөрлийн тухай хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан Аймгийн Засаг даргад тусгай зориулалтын ан амьтныг агнах барих дуудлага худалдаа зохион байгуулах эрх хуулиар олгогдсон. Байгал орчин аялал жуулчлалын яамны сайдын тухайн ирүүлсэн чиглэлийн дагуу дуудлага худалдааг зохион байгуулсан, Бүсчилж тогтоосон тоон дотроо бид халдаагүй, бүс дотроо сумдаар нь аль болох тэнцвэртэйгээр агнуулах амьтны тоог хуваарилсан. Удирдамжийн 1.5.1 дэх хэсгийг хүчингүй болгуулснаар нэхэмжлэгчийн бодит эрх ашиг хэрхэн сэргэх талаар тодорхойгүй, А Б ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасныг үндэслэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй талаар тайлбар гаргаж, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

5. Тусгай зориулалтаар агнах агнуурын зөвшөөрөл олгох нээлттэй дуудлага худалдааны зарыг Увс аймгийн Засаг даргын тамгын газраас зарлаж, 2023 оны 07 сарын 27-ны өдөр 7 угалз, 8 тэх, 14 халиун буга агнах тусгай зөвшөөрлийн дуудлага худалдаа зохион байгуулагдсан нь дуудлага худалдаа зохион байгуулах өдрийн үйл явцын тэмдэглэлээр тогтоогджээ.

6. Увс аймгийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр дуудлага худалдаа зохион байгуулах ажлын удирдамжийг баталж, тусгай зориулалтаар агнуурын амьтныг агнах зөвшөөрөл олгох дуудлага худалдаа зохион явуулахад баримтлахаар заажээ.

Тус удирдамжийн 1.5-д Тусгай зориулалтаар тухайн онд агнах,барих агнуурын амьтны тоо хэмжээний хязгаар баталсан Байгаль орчин,аялал жуулчлалын сайдын тушаалыг үндэслэн агнуурын амьтныг нэг нэгээр нь харьяалах агнуурын бүс нутгаар нь дуудлага худалдааг зохион байгуулна гэж, 1.5.1-д Тусгай зориулалтаар агнах амьтныг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/215 дугаар тушаалаар батлагдсан тоо толгойн хязгаарт багтаан дараах дарааллаар дуудна.

1.5.1.1 Угалз /7 тоо толгой/

1 дугаартай угалз- Бөхмөрөн сум /1 тоо толгой/

2 дугаартай угалз- Бөхмөрөн сум /1 тоо толгой/

3 дугаартай угалз- Бөхмөрөн сум /1 тоо толгой/

4 дугаартай угалз- Сагил сум /1 тоо толгой/

5 дугаартай угалз- Сагил сум /1 тоо толгой/

6 дугаартай угалз- Сагил сум /1 тоо толгой/

7 дугаартай угалз-Ховд сум /1 тоо толгой/ гээд, 1.5.1.2-т 8 тооны тэхийг сумдаар хуваарилан дугаарласан, 1.5.1.3-ь 14 тооны халиун бугыг сумдаар хуваарилсан байна.

7. А Б ХХК-ийн хувьд 2023 оны 07 сарын 24-ний өдрийн 23/72 дугаар албан хүсэлтээр дуудлага худалдаанд 2 толгой угалзын дэнчинд 888,000 төгрөг төлж оролцох хүсэлтээ хүргүүлсний дараа дахин 2023 оны 07 сарын 26-ны өдрийн 23/79 дугаар албан хүсэлтээр 3 болон 7 дугаартай угалзын дуудлага худалдаанд оролцох хүсэлтийг хүргүүлжээ.

3 дугаартай угалзын дуудлага худалдаанд 12,000,000 төгрөгийн үнийн санал гаргасан Номад аут доор травел ХХК ялагчаар шалгарч, дараагийн үнийн саналд 11,000,000 төгрөгийн саналыг А Б ХХК, 7 дугаартай угалзын дуудлага худалдаанд 11,000,000 төгрөгийн үнийн санал гаргасан Гайхамшигт Алтайн адал явдал ХХК ялагчаар шалгарч, дараагийн үнийн саналд 10,500,000 төгрөгийн саналыг А Б ХХК гаргасан нь дуудлага худалдааны тэмдэглэлээр тогтоогдсон.

8. Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1-д Байгаль орчны чиглэлээр доор дурдсан үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгээр эрхлэх бөгөөд дараах этгээд олгоно гээд 1.23-д Тусгай зориулалтаар агнуурын амьтныг агнах,барих зөвшөөрлийг тухайн аймгийн Засаг дарга олгохоор, Амьтны тухай хуулийн 291 зүйлийн 291 .1-д Энэ хуулийн 20.2-т заасан ховор амьд амьтны цуглуулга хийх тусгай зөвшөөрөл, 25.1-д заасан тусгай болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнуурын амьтан агнах, барих тусгай зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуулийн 5.6 дугаар зүйлд заасны дагуу дуудлага худалдааны журмаар олгоно.291.2-д Энэ хуулийн 291.1-д заасан зөвшөөрлийн дуудлага худалдааг мөн хуулийн 26.3-т заасны дагуу Засгийн газраас тусгай зориулалтаар агнах, барих амьтны тоо хэмжээг баталсан шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор олон нийтэд нээлттэй мэдээлж, 30 хоногийн дотор цахим хэлбэрээр зохион байгуулна.291.5-д Дуудлага худалдаа зохион байгуулагч нь дуудлага худалдаа явуулах тухай шийдвэр, төлбөрийн хэмжээг танилцуулна гэж мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д Тухайн жилд тусгай зориулалтаар агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээг төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно гэж зохицуулжээ.

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 444 дүгээр тогтоолоор тусгай зориулалтаар 2023 онд угалз 98, тэх 160, халиун буга 100 зэргээр агнахаар тоо хэмжээг тогтоосон, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/215 дугаар тушаалаар тусгай зориулалтаар 2023 онд агнах,барих амьтны тоо хэмжээ,зүйлийг 1-р хавсралтаар баталж, тусгай зориулалтаар агнуурын амьтан агнах,барих зөвшөөрлийн дуудлага худалдааг тухайн жилд агнах, барих амьтны тоо, толгойн дээд хязгаараас хэтрүүлэхгүйгээр, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулахыг аймгийн Засаг дарга нарт даалгажээ.

Тус тушаалын 1-р хавсралтаар Увс аймагт угалз 7, тэх 8, халиун буга 14 агнах тоо хэмжээг баталж өгсөн байна.

9. Увс аймгийн Засаг даргын 2023 оны 07 сарын 06-ны өдрийн А/359 дугаар захирамжаар байгуулагдсан Увс аймгийн хэмжээнд тусгай зориулалтаар агнах агнуурын зөвшөөрөл олгох дуудлага худалдааг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг нь удирдамжид заасан нөхцөлөөр угалзыг 1-7 хүртэл дугаарлаж дуудлага худалдааг зохион байгуулсан байна.

10. Увс аймгийн Засаг даргын баталсан удирдамжийн маргаан бүхий 1.5 болон 1.5.1 дэх хэсгүүд нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд заасан захиргааны актын шинжийг агуулж байна гэж шүүхээс үзлээ.

Удирдамж гэдэг үг нь тодорхой ажил үүргийг гүйцэтгэхэд удирдлага болгон ажиллах заавар гэсэн утгыг илэрхийлж байх боловч удирдамжид тусгагдсан зарим зүйл хэсэг захиргааны актын шинжийг агуулах боломжтой.

Өөрөөр хэлбэл, удирдамжийг захиргааны байгууллага буюу Увс аймгийн Засаг дарга баталсан, Увс аймгийн хэмжээнд тусгай зориулалтаар агнах агнуурын тоо толгойг сумдаар хуваарилалт хийж шийдвэрлэснээр захиргааны хүсэл зоригийг илэрхийлж захирамжилсан шийдвэрийн шинжийг агуулсан, Зөвшөөрлийн тухай хууль, Амьтны тухай хуульд заасан зохицуулалтын хүрээнд буюу нийтийн эрх зүйн хүрээнд үйлчлэл бүхий, 2023 онд угалз агнах тусгай зөвшөөрөл олгох буюу нэг удаагийн тохиолдыг зохицуулсан, тухайн суманд харьяалагдах агнуурын бүс нутгаас тухайн анг агнахаас өөр газраас агнах боломжгүйг зохицуулснаар дуудлага худалдаанд оролцогчид руу буюу гадагш чиглэж, эрх зүйн үр дагавар үүсгэх шинжийг агуулсан гэж үзэн удирдамжийн маргаан бүхий хэсгийг захиргааны актын шинжийг агуулсан гэж дүгнэж, энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хүлээн авав.

11. А Б ХХК нь дуудлага худалдаанд оролцогч байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэх тайлбар үндэслэлгүй болно.

12. Амьтны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.8.1-д батлагдсан ан агнуурын менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан агнуурын нөөцөд тулгуурлан жил бүр ашиглах агнуурын амьтны төрөл, тоо хэмжээний талаар санал боловсруулж, төрийн захиргааны төв байгууллагад жил бүрийн 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор хүргүүлэх гэж заасан байх ба Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2022 оны 10 сарын 10-ны өдрийн 263 дугаар албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд 2023 онд тусгай зориулалтаар Увс аймагт агнах амьтны тоо хэмжээний талаарх саналыг хүргүүлжээ.

Уг саналд Гулзат агнуурын бүс нутаг хамаарах Бөхмөрөн суманд 4 угалз, Сагил суманд 4 угалз, Дарьт уул агнуурын бүс нутаг хамаарах Ховд суманд 1 угалз, Намир агнуурын бүс нутаг хамаарах Өмнөговь суманд 1 угалз, нийт 8 угалз агнуулах саналыг тусгасан байна.

13. Удирдамжид нийт 7 угалзыг 1-7 хүртэл дугаарлан сумуудад хуваарилсан байх ба энэ талаар гэрчүүд дараах мэдүүлгийг өгсөн.

Гэрч Увс аймгийн Байгаль орчин,аялал жуулчлалын газрын дарга Б.Э Манай аймгийн хувьд Засгийн газраас 7 угалз 2023 онд агнуулахаар хуваарилсан.Санхүү, төрийн сангийн хэлтсээс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар төсвийн тодотгол хэлэлцэхтэй холбоотой, төсвийн суурь орлогоо тавихын тулд агнуулах анг сумаар нь хуваарилж бичгээр ирүүл гэсний дагуу бүс нутгийн нөөцөд тулгуурлан Бөхмөрөн-3, Ховд-1, Сагил-3 гэсэн саналыг хүргүүлсэн гэх,

Гэрч Увс аймгийн Байгаль орчин,аялал жуулчлалын газрын мэргэжилтэн М.Тр Агнуурын зохион байгуулалт гэж агнуурын амьтны тархац, байршил,нөөц, төрөл зүйл, тоо толгой, сүргийн бүтэц, өөрчлөлтийг судлан тогтоож, агнуурын нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, өсгөн үржүүлэх арга хэмжээг цогц байдлаар тодорхойлох үйл ажиллагаа юм.Увс аймгийн Сагил, Бөхмөрөн,Ховд, Өмнөговь гэсэн нутаг дэвсгэрийг хамарсан угалзын 3 агнуурын бүс нутаг тогтоогдсон.Байгаль орчин аялал , жуулчлалын газраас Амьтны тухай хуулийн дагуу тухайн жилд агнуулах агнуурын амьтны саналыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамаар батлуулсан менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан агнуурын нөөцийг үндэслэн хүргүүлдэг.Төсвийн тухай хуулиар сумын суурь орлого учраас сумуудад агнуурын нөөц ашигласны төлбөрийн орлогыг агнагдах амьтдын тоотой уялдуулах шаардлагатай.Амьтны нөөц нь сум бүрээр өөр өөр байдаг учраас агнуурын менежментийн төлөвлөгөөний нөөцтэй уялдуулан Бөхмөрөн-3, Сагил-3, Ховд-1 гэж ангилсан гэх,

Гэрч Увс аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү,төрийн сангийн хэлтсийн дарга Б.Э Төсвийн тухай хуульд орон нутгийн төсөвт төвлөрүүлэх татвар, төлбөр, хураамж зэрэг орлогыг сум аймагт нэр төрлөөр нь тусгайлан заасан байдаг.Ингэж заасны дагуу агнуурын нөөц ашигласны төлбөрийг сумын төсвийн орлогод төвлөрүүлэх ёстой.Иймд бид хуулийн дагуу сумын төсвийн орлогод төсөвлөсөн.Ингэхдээ агнуурын менежментийн төлөвлөгөөний дагуу агнуурын бүс нутгуудад хуваарилж батлуулсан гэх мэдүүлгийг өгчээ.

14. Төсвийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д Аймаг, нийслэлийн Засаг дарга орон нутгийн төсвийн удирдлага, санхүүжилтийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

65.1.1.тухайн шатны төсвийн төсөл, тодотголын төслийг боловсруулах, хэлэлцүүлэх, батлуулах, төсвийн гүйцэтгэлийг зохион байгуулж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнах, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.8-д Сум, дүүргийн төсвийн татварын орлого дараах орлогоос бүрдэнэ: 23.8.4-д агнуурын нөөц ашигласны төлбөр, ан амьтан агнах, барих зөвшөөрлийн хураамж гэж заасан байна.

15. Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д Захиргааны байгууллагаас тодорхой асуудлыг шийдвэрлэхдээ хууль, захиргааны хэм хэмжээний актаар зөвшөөрөгдсөн боломжит хувилбаруудаас аль нэгийг хэрэглэх,эсхүл хэрэглэхгүй байхыг сонгох боломж гэнэ , мөн зүйлийн 42.2-д Хуульд өөрөөр заагаагүй бол захиргааны байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд заасан шаардлагад үндэслэн зорилгодоо нийцүүлэн сонгох боломжийг хэрэглэнэ гэж зохицуулжээ.

Увс аймгийн хувьд Увс аймгийн Байгаль орчин аялал жуучлалын газраас 2023 онд нийт 8 угалз агнуулахаар хүсэлт гаргасныг Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас нийт 7 угалз агнуулахаар тоог тогтоож өгсөн байна.

Тусгай зөвшөөрлийг олгох эрх бүхий этгээд аймгийн Засаг даргад угалз агнуурын 3 бүс нутагт 7 угалзыг хуваарилах асуудлыг Төсвийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1, 23 дугаар зүйлийн 23.8.4 дэх хэсгүүдэд зааснаар орон нутгийн төсөв бүрдүүлэх нөхцөл байдалтай уялдуулан шийдвэрлэх шаардлага үүссэн, энэ талаар гэрчүүд мэдүүлсэн байх бөгөөд удирдамжаар агнуурын бүс нутгууд харьяалагдах Бөхмөрөн суманд 4 угалз, Сагил суманд 4 угалз, Ховд суманд 1 угалз агнуулахаар шийдвэрлэсэн нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны Хуваарь батлах тухай А/215 дугаар тушаалын хавсралтаар баталсан хэмжээнээс хэтрүүлээгүй, Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын холбогдох яаманд хүргүүлсэн хүсэлтийн хүрээнд буюу зөвшөөрөгдсөн боломжит хувилбаруудаас сонголт хийсэн нь Амьтны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5.1-д аймгийн Засаг дарга амьтныг хамгаалахтай холбогдсон хууль тогтоомж, түүний хэрэгжилттэй холбогдуулан гаргасан Засгийн газар, төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрийн биелэлтийг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулах бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр заасантай нийцсэн байна.

Өөрөөр хэлбэл, Хариуцагч Увс аймгийн Засаг дарга дуудлага худалдаа зохион байгуулах ажлын удирдамжид 7 тооны угалзыг агнах агнуурын бүс нутгийг сумаар тодорхойлсныг нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, Байгаль орчин,аялал жуулчлалын яамнаас баталсан тоо хэмжээний дотор эрх хэмжээнийхээ хүрээнд сонгох боломжийг хэрэглэж шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол хөндөгдөөгүй гэх тайлбарыг хүлээн авсан болно.

16. Мөн түүнчлэн, Аргаль хонь нь /эрийг нь угалз гэх/ Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 1-р хавсралтад зааснаар ховор амьтны жагсаалтад орсон, Амьтны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-д "ховор амьтан" гэж тархац нутагтаа тоо толгой цөөрсөн, нөөц багатай, устаж болзошгүй амьтныг ойлгохоор заасан, мөн зүйлийн 4.1.9-д "агнуурын бүс нутаг" гэж агнуурын нөөцийг тогтвортой ашиглах, хамгаалах зориулалт бүхий амьтны байршил, тархац нутгийг; 4.1.12-д "амьтны нөөцийг хамгаалах" гэж амьтны сүргийн бүтцийн төлөв байдлыг доройтохоос урьдчилан сэргийлэх, тэдгээрийн жам ёсоороо нөхөн сэргэх боломжийг нь алдагдуулахгүйгээр амьтны нөөцийг зүй зохистой ашиглах, гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөллөөс хамгаалах, амьтны идэш тэжээлийн төлөө тэмцэл, хорогдлын шалтгааныг олж тодорхойлох, биотехникийн арга хэмжээ авч хэрэгжүүлэх, сэргээн нутагшуулах, өсгөн үржүүлэх, тэдгээрт хяналт тавих цогц үйл ажиллагааг ойлгохоор тус тус заасан тул хариуцагч нь агнуурын бүс нутгийн хүрээнд сумдаар хуваарилалт хийснийг буруутгах боломжгүй, дуудлага худалдаанд оролцож ялалт байгуулсан ялагч нь агнуурын бүс нутгийг өөрөө сонгож гэрээ байгуулах эрх хууль, журмаар олгогдоогүй байна.

Иймд хариуцагчийн ялагч өөрөө бүс нутгийг сонгох эрхийг зөрчсөн, дуудлага худалдаа буруу жишгээр явагдаж Увс аймгийн амьтны агнуурын нөөцөд хохирол учрах эрсдэлтэй, гэх тайлбар үндэслэлгүй.

17. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 01 сарын 12-ны өдрийн 19 дугаар тогтоолын 2-р хавсралтаар баталсан ховор амьтныг агнах, барих зөвшөөрөл олгох журмын 4.2-д Засгийн газар дараа онд тусгай зориулалтаар агнах,барих амьтны тоо хэмжээг баталснаас хойш ажлын 5 хоногт багтаан байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тусгай зориулалтаар агнах,барих амьтны хуваарийг энэ журмын 1, 2 дугаар хавсралтад заасан маягтын дагуу бүрэн хуваарилан баталж, цахим мэдээллийн санд байршуулна гэж, 4.6-д Төрийн захиргааны төв байгууллага ховор амьтныг агнах,барих цахим хүсэлтийг ажлын 3 өдөрт багтаан хянаж зөвшөөрлийг олгоно гэж зохицуулсан байх ба Амьтны тухай хуульд 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 291.Дуудлага худалдаа зохион байгуулах гэсэн зүйл, Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлд 1.23 гэсэн заалт шинээр нэмэлтээр батлагджээ.

Мөн Амьтны тухай хуулийн 29 1 дүгээр зүйлийн 29 1.5-д Дуудлага худалдаа зохион байгуулагч нь дуудлага худалдаа явуулах тухай шийдвэр, төлбөрийн хэмжээг танилцуулна гэж заасан.

Дээр дурдсан Засгийн газрын тогтоолоор батлагдсан ховор амьтныг агнах, барих зөвшөөрөл олгох журмаар зөвшөөрлийг төрийн захиргааны төв байгууллага олгохтой холбоотой асуудлыг зохицуулж байсан байна.

Уг журмаар зохицуулж байсан харилцаа нь 2023 оны 01 сарын 06-ны өдрөөс хойш Амьтны тухай хууль, Зөвшөөрлийн тухай хуульд зааснаар тусгай зөвшөөрлийг дуудлага худалдааны журмаар аймгийн Засаг дарга олгохоор өөрчлөгдөж, хуулиар тусгайлан зохицуулах болсон байна.Иймд аймгийн Засаг дарга дуудлага худалдаа явуулах шийдвэрийг гаргаж, агнуурын бүс нутаг харьяалагдах сумдаар хуваарилалтыг хийснийг Засгийн газрын гишүүний эрх хэмжээнд халдсан гэж дүгнэх боломжгүй юм.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Засгийн газрын гишүүн хуваарилалт хийх эрхтэй, аймгийн Засаг даргад хуваарилалт хийх эрх олгогдоогүй гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй.

18. Шүүхээс дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн 2023 онд Увс аймагт тусгай зориулалтаар ан агнуулах зөвшөөрөл олгох дуудлага худалдаа зохион байгуулах тухай Засаг даргын баталсан удирдамжийн 1.5 болон 1.5.1 дэх хэсэгт заасан амьтны тоо хэмжээг агнуурын бүс нутаг болон сумаар хуваарилсан хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

19. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14,107 дугаар зүйлийн 107.5, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Амьтны тухай хуулийн 291 дүгээр зүйлийн 291.5, Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1.23, Захиргааны Ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч А Б ХХК-ийн Увс аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан 2023 онд Увс аймагт тусгай зориулалтаар ан агнуулах зөвшөөрөл олгох дуудлага худалдаа зохион байгуулах тухай Засаг даргын баталсан удирдамжийн 1.5 болон 1.5.1 дэх хэсэгт заасан амьтны тоо хэмжээг агнуурын бүс нутаг болон сумаар хуваарилсан хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А Б ХХК-ийн Засаг даргын дуудлага худалдааны ялагчийг баталгаажуулсан захирамжийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, мөн дуудлага худалдааг хуульд нийцүүлэн дахин явуулахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

                                                                                                                               

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Д.АЛТАНЦЭЦЭГ