Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 2022/ДШМ/060

 

 

*******ид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Л.Нямдорж, Ч.Энхтөр  нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор

Шүүгдэгч *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар   В.Ундрах-оргил нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж хянан шийдвэрлэсэн 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/166 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурорын бичсэн эсэргүүцлээр М.Мэжидоржид холбогдох эрүүгийн 2211007100216 тоот хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн,... ******* овогт *******ын *******,  регистрийн дугаар *******

Шүүгдэгч ******* нь 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 12 цаг 46 минутад Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутаг дэвсгэрт байхдаа цахим фэйсбүүк орчинд “Гялс хурдан шуурхай зээл” гэсэн хаягаас иргэн *******тай харилцаж, 5 сая төгрөгийг зээл гаргахаар тохирч, зээл хүлээж авах дансны виза картны дугаар, иргэний үнэмлэхний хуулбар, утасны дугаар зэргийг цахимаар авч, “орлого нотолж найдвартай зээлдэгч гэдэг үүднээс дансандаа 500.000 төгрөг байршуул” гэж хэлж, улмаар хохирогч ******* нь өөрийн нөхөр *******ийн эзэмшлийн Хаан банкны 5083140150 тоот дугаарын дансаар дамжуулж зээл авахын тулд уг дансанд 500.000 төгрөг байршуулсны дараа интернэт банкны баталгаажуулах кодыг нь авч, дансыг нь Монгол чат гэх аппликейшинд холбож, дансанд байсан мөнгөнөөс 505.300 төгрөгийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар гийн эзэмшлийн Хаан банкны 5249157055 тоот дансыг ашиглан хулгайлан авч хохирогч *******д 505.300 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн шүүгдэгч ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 23 цаг 35 минутын үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутаг дэвсгэрт байхдаа цахим фэйсбүүк орчинд “Мориндоо аялал” гэсэн пэйж хуудсанд зээл олгоно гэх зарыг байршуулж иргэн тай харилцаж 3.000.000 төгрөгийн зээл гаргахаар тохиролцож зээл хүлээж авах дансны виза картын дугаар, иргэний үнэмлэхний хуулбар, интернэт банкны зураг зэргийг цахимаар авч, “орлого нотолж найдвартай зээлдэгч гэдэг үүднээс дансандаа зээлийн 10 хувь буюу 300.000 төгрөг байршуул” гэж хэлж, улмаар хохирогч Э.Ариунболд нь өөрийн эзэмшлийн Хаан банкны 5039725154 тоот дугаарын дансаар дамжуулж зээл авахын тулд уг дансанд 350.000 төгрөг байршуулсны дараа дансыг нь Монгол чат гэх аппликейшинд холбож, дансанд байсан мөнгөнөөс 350.000 төгрөгийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч од 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд  бичигдсэнээр /

Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******ид  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын агуулга:

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ******* овогт *******ын *******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 болгон өөрчилж, Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг дөрвөн зуун наян / 480 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******ид оногдуулсан дөрвөн зуун наян / 480 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялыг найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж,

 Шүүгдэгч ******* нь хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4-д зааснаар шүүгдэгч *******оос 220.000 төгрөг гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор ын давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцлийн агуулга:

...Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлэгт "Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг"-ийг хуульчилж өгсөн бөгөөд 17.1 дүгээр зүйлд "Хулгайлах" гэмт хэргийг, 17.3 дугаар зүйлд "Залилах" гэмт хэргийг тус тус хуульчилсан.

Хулгайлах гэмт хэргийн хувьд бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан шууд санаатай үйлдлийг ойлгох бөгөөд нууц далд арга гэж бусдын эд хөрөнгийг хууль ёсны өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр зөвшөөрөлгүй авахыг ойлгоно.

Залилах гэмт хэргийн хувьд бусдын эд хөрөнгө, түүнийг өмчлөх эрхийг хууль бусаар олж авахад чиглэсэн хуурч мэхлэх, итгэл эвдэх арга хэлбэрээр хохирогчийг төөрөгдүүлсний улмаас өөрийн өмчлөл, эзэмшлийн эд хөрөнгө түүнийг өмчлөх эрхээ гэмт этгээдэд сайн дураараа шилжүүлсэн өгсөн байдгаараа хулгайлах гэмт хэргээс ялгагдана.

Дээрх гэмт хэргийн хувьд хохирогчийг хуурч мэхлэн төөрөгдүүлсэн боловч дансанд дахь мөнгийг хохирогчид мэдэгдэлгүйгээр буюу зөвшөөрөлгүйгээр авсан үйл явдал болсон байна.

Хэдийгээр гэмт этгээд хохирогчийг хуурч мэхлэн төөрөгдөлд оруулан мөнгийг нь авах санаа зорилготой боловч хохирогчийн данснаас мөнгийг авахдаа хохирогчид мэдэгдэлгүйгээр авсан хохирогч өөрийн дансанд дахь мөнгийг сайн дураараа шилжүүлэн өгөөгүй нөхцөл байдал тогтоогдсон байна.

Прокуророос хэргийг хулгайлах гэмт хэрэг гэж үзэн шүүхэд шилжүүлснийг шүүхээс санаа зорилго нь анхнаасаа хуурч мэхэлсэн байгаа нь залилах гэмт хэрэг гэж үзэн шийдвэрлэсэн нь буруу юм.

Иймд Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцээд 2022/ШЦТ/166 дугаартай шийтгэх тогтоол нь шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

 Прокуорор Д.Энхбатын тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтийн агуулга: Бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна. Шийтгэх тогтоолыг хүчингүй болгоно уу гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүхэд  бичсэн Прокурор ын  эсэргүүцэлд   үндэслэн  хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт  тус тус заасан эрх хэмжээний хүрээнд   эсэргүүцэлд  дурдсан үндэслэлүүдээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу  авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлан үзвэл:

Анхан шатны шүүх шүүгдэгч *******ийн  гэмт үйлдлийг хулгайлах гэмт хэргийн  бүрэлдэхүүнгүй харин  залилах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М. *******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 болгон өөрчилж, М. *******ийг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн  анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг   Давж заалдах шатны шүүх хэвээр үлдээж шийдвэрлэв.

Хавтаст хэрэгт авагдаж, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар шинжлэн хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар шүүгдэгч  *******ийг 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 12 цаг 46 минутад Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутаг дэвсгэрт,  цахим фэйсбүүк орчны “Гялс хурдан шуурхай зээл” гэсэн хаягаар иргэн *******тай харилцаж, 5 сая төгрөгийг зээл гаргахаар тохирч, зээл хүлээж авах дансны виза картын дугаар, иргэний үнэмлэхний хуулбар, утасны дугаар зэргийг цахимаар авч, хохирогч ******* нь дансанд 500.000 төгрөг байршуулсных нь дараа интернэт банкны баталгаажуулах кодыг нь авч, дансыг нь Монгол чат гэх аппликейшинд холбож, дансанд байсан мөнгөнөөс 505.300 төгрөгийг нь  авсан,

Мөн  ******* нь 2022 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр 23 цаг 35 минутын үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутаг дэвсгэрт, цахим фейсбүүк орчноос “Мориндоо аялал” гэсэн пэйж хуудсанд зээл олгоно гэх зарыг байршуулж иргэн тай харилцаж 3.000.000 төгрөгийн зээл гаргахаар тохиролцож зээл хүлээж авах дансны виза картын дугаар, иргэний үнэмлэхний хуулбар, интернэт банкны зураг зэргийг цахимаар авч, “орлого нотолж найдвартай зээлдэгч гэдэг үүднээс дансандаа зээлийн 10 хувь буюу 300.000 төгрөг байршуул” гэж хэлж, улмаар хохирогч Э.Ариунболд нь өөрийн эзэмшлийн Хаан банкны 5039725154 тоот дугаарын дансаар дамжуулж зээл авахын тулд уг дансанд 350.000 төгрөг байршуулсны дараа дансыг нь Монгол чат гэх аппликейшинд холбож, дансанд байсан мөнгөнөөс 350.000 төгрөгийг өөртөө авсан гэмт хэргийн үйл баримтыг тогтоосон байна.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, дээр дурдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй хэргийг шийдвэрлэхэд хангалттай байна.

Дээрх үйл баримт нь:

Хэргийн 14 дугаар талд   авагдсан “... 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Фейсбүүк үзэж байгаад "Барьцаагүй зээл олгоно" гэсэн хаяг байхаар нь "5.000.000 төгрөгийн зээл олгох боломж байна уу" гэхэд “олгох боломжтой, та надад иргэний үнэмлэхийнхээ зургийг урд хойноос нь, зээл хүлээж авах банкны картынхаа зургийг ард урдаас нь аваад, дансандаа 500,000 төгрөг байршуулчих гэхээр нь би зурагнуудыг нь аваад явуулсан. Тухайн үед 4 дүгээр сарын 04-ний өдрийн 12 цаг40 минутад манай нөхөр Чинзориг гэрээс гараад Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороонд байх АТМ дээр бэлнээр 510.000 төгрөгийг өөрийн 5083140150 данс руу хийсэн.

 Тэгээд хэсэг хугацааны дараа миний утсанд "монгол чат" /77771414/ руу тус мөнгө гарсан талаар мэдээлэл мессежээр ирсэн. Манай нөхөр Чинзориг хажууд байсан...” гэх хохирогч *******ын мэдүүлэг

Хэргийн 27 дугаар талд авагдсан “....Би 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 22 цагийн орчим ....“зээл олгоно” гэсэн постын дагуу тухайн постыг оруулсан. Монгол аялал гэсэн фэйсбүүк хаягтай хүн рүү “зээл олгох уу” гэж чат бичихэд “олгох бүрэн боломжтой” гээд над руу байн байн “25 орчим насны бололтой дуу хоолойтой эрэгтэй хүн залгаад байсан. Тэгэхээр нь би 3.000.000 төгрөгийн зээл авах хүсэлт тавьсан чинь “дансандаа 10 хувийг байршуул, тэгээд өөрийнхөө иргэний үнэмлэхний зураг, виза картынхаа зураг, интернэт банкныхаа зургийг явуул тэгвэл зээл чинь автоматаар орно” гэхээр нь би итгээд явуулсан. Тэгээд  хаан банкны өөрийн 5039725154 дугаарын дансандаа 300.000 төгрөг байршуулж байж байсан чинь 23 цаг 35 минутын үед миний данснаас 350.000 төгрөг Монгол чат руу автоматаар татагдаад орсон байсан. Тэгээд  “Моrindoo ayalal” гэсэн фейсбүүк рүү чат бичих гэхэд намайг блок хийсэн байсан.....” гэх хохирогч ын  мэдүүлэг

Хэргийн 43-44 дүгээр талд авагдсан ”...5249157055 дугаарын дансыг 2021 онд Хаан банканд нээлгэж байсан.666 ******* “дансаа өгөөч, дансаар чинь мөнгө аваадахъя” гэхээр нь дансаа өгөхөд миний 5249157055 дугаарын данс руу 505.000 төгрөг хийлгээд Баянхонгор аймгийн төв хаан банкны АТМ-ээс 505.000 төгрөгийг *******ид гаргуулаад, өөрөө мөнгөө аваад надад 20.000 төгрөг өгчхөөд яваад өгсөн. ******* “чиний данс руу мөнгө хийлгээд авъя” гэж хэлэхээр нь “өөрийнхөө дансыг яасан юм бэ” гэж асуухад “виза карт байхгүй, мөнгө авч болохгүй байна” гэж хэлэхээр нь би өөрийнхөө данс руу хийлгээд гаргаж өгсөн...” гэх  гэрч гийн мэдүүлэг

Хэргийн 35-36 дугаар талд авагдсан “  .... Би өөрийн утсаа 2021 оны 12 дугаар сард Архангай аймагт явж байгаад утсаа алдаад 1 сард буцаагаад авч байсан. Тухайн үед миний утсан дээрх мэдээллүүд алдагдсан байж магадгүй. Утсан дээр нэлээн хэдэн аппликейшн ашиглаад зээл авах гэж оролдож байсан...” гэх гэрч ын мэдүүлэг

Хэргийн 132 дугаар талд авагдсан “...Бат-Оршихын Сэжидмаа.... Манай охинд Хаан банкны 5247150006 дугаарын .. дансыг манай охин өөрөө ашиглаж байгаа. Манай охины данс руу 2022 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр 350.000 төгрөгийн орлого орсон ....Өсөхбаярын Хаан банкны 5246415895 дугаарын данс руу шилжүүлж өгсөн гэсэн...” гэх гэрч ын мэдүүлэг

Хэргийн 136-137 дугаар талд авагдсан  “...Надад Хаан банкны 5246415895 дугаарын данс байдаг. 2022 оны 01 дүгээр сард таньдаг ах ******* нь миний данс руу “хүнээс залилж авсан мөнгө байгаа юм” гээд миний данс руу хийсэн. би төрөл садангийн эгч болох Б.Сэвжидмаагийн данс руу 350.000 төгрөг шилжүүлсэн юм...” гэх  гэрч ын мэдүүлэг  

Хэргийн 56 дугаар талд авагдсан “...Samsung-S10 маркийн гар утасны нийт үнэ 220.000 төгрөг болохыг тодорхойлов..” гэх “Энх-Нахиа" ХХК-ийн  шинжээчийн 270 дугаар дүгнэлт  болон хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Анхан шатны шүүхийн “...шүүгдэгч ******* нь “зээл олгоно” гэж цахим хэрэгсэл ашиглаж   бусдын эд хөрөнгө мөнгийг өөртөө авах санаа зорилго буюу залилан мэхлэх зорилго агуулж энэ үүднээс өөрийгөө хөрөнгө мөнгөтэй хүн болгон итгүүлэх цахим хэрэгсэл ашиглаж мөнгийг өөрийн дансанд байршуул гэж хийсвэр арга хэрэглэн итгэл төрүүлэн хуурч мэхлэн авсан, бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах үйлдлээ үргэлжлүүлж улмаар бусдын дансыг холбож интернэт банкаар мөнгийг авснаар энэ гэмт хэрэг төгсөж байгаа нь  бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдэл биш   залилах гэмт хэрэг ...” гэх дүгнэлт хийж Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ид холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасны дагуу зүйлчилж,  Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “ анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-нийг, 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-нийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй  зэрэг  гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял шүүхээс оногдуулж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг тус тус зөрчөөгүй байна.

Залилах гэмт хэрэг нь хохирогч гэмт хэрэгтний заль мэхэнд автаж, төөрөгдөлд орсны улмаас өөрийн өмчлөл, эзэмшилд байгаа эд хөрөнгө, эд зүйлсээ сайн дураараа, ухамсарт хандлагаар гэмт хэрэгтэнд шилжүүлсэн өгсөн байдаг  энэ шинж нь  дээрх  гэмт хэргийн үйл баримтаар илэрхийлэгдсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.                         

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн  1.1 -т   заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/166 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд  нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР

Л.НЯМДОРЖ