| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Зүмбэрэл |
| Хэргийн индекс | 102/2024/05560/И |
| Дугаар | 102/ШШ2024/04997 |
| Огноо | 2024-10-31 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 102/ШШ2024/04997
| 2024 оны 10 сарын 31 өдөр | Дугаар 102/ШШ2024/04997 | Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Зүмбэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Р
Хариуцагч: Ж.З
Зээлийн гэрээний үүрэгт 47,550,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н, түүний өмгөөлөгч Б.Ө, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Б.Цэлмэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд хариуцагчид 47,550,000 төгрөг шилжүүлсэн бөгөөд хариуцагч 71,380,000 төгрөгийг зээлийн хүүд шилжүүлсэн тул үндсэн зээл 47,550,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.
2. Хариуцагч хариу тайлбартаа: “Хариуцагчаас 47,550,000 төгрөг дансаар авсан дээр маргахгүй байна. Гэхдээ урьд 10,000,000 төгрөг авах авлагатай байсан. Түүнийг хасаад 37,500,000 зээлснээс буцааж төлөөд дуусгасан. Надад тусалсан сэтгэлийг бодоод 71,380,000 төгрөг төлж, илүү төлөлт хийсэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
3. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 4/, нэхэмжлэгчийн хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 5-10/, хариуцагчаас хаан банкны шилжүүлгийн мэдээлэл /хх 22-65/ шүүхэд гарган өгчээ.
ҮНДЭСЛЭХ нь:
4. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
5. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний төлбөрт 47,550,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, зээлээ бүрэн төлсөн тул төлөх төлбөргүй гэж маргажээ.
6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Б.Р нь 47,550,000 төгрөгийг Ж.Р шилжүүлсэн бөгөөд хариуцагч 71,380,000 төгрөг буцаан шилжүүлсэн болох нь хаан банкны дансны хуулгаар тогтоогдож байна. Зохигч энэ талаар маргаагүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх зааснаар хэргийн оролцогч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч хүү тохирсон болохоо, хариуцагч 900,000 төгрөг бэлнээр өгсөн болон урьд нэхэмжлэгчээс 10,000,000 төгрөгийн авлагатай байсан болохоо тус тус баримтаар нотлоогүй байна.
7. Зохигчид зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар маргаагүй боловч нэхэмжлэгч 71,380,000 төгрөгийг хүүд тооцож авсан гэснийг хариуцагч эс зөвшөөрч, бичгээр хүү авахаар тохиролцоогүй гэж маргажээ.
Нэхэмжлэгч 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд 47,550,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлж, хариуцагч буцаан 71,380,000 төгрөг шилжүүлсэн үйл баримтаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээ байгуулагдсан байна.
Нэхэмжлэгч зээлийн гэрээний үүрэг шаардахын тулд хариуцагч гэрээний үүргийг зөрчсөн буюу зохих ёсоор гүйцэтгээгүй байх ёстой.
Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх тул нэхэмжлэгчээс шилжүүлсэн 47,550,000 төгрөгийг хариуцагч 71,380,000 төгрөгөөр төлж барагдуулжээ.
Зээлдүүлэгч бичгээр гэрээ байгуулаагүй учир 71,380,000 төгрөгийг зээлийн хүүд тооцож авах үндэслэлгүй юм.
Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болох ба хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийнэ, энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдахыг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т заасан бөгөөд энэхүү зохицуулалт нь гагцхүү зээлдүүлэгчид хамааралтай учир нэхэмжлэгч хариуцагчийн буцаан төлсөн 71,380,000 төгрөгийг бүхэлд нь хүүд тооцсон нь буруу болжээ.
Иймд нэхэмжлэгч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар 47,550,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхгүй болжээ.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлого болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар Ж.Р-д холбогдох, 47,550,000 төгрөг гаргуулах тухай Б.Р-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 395,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЗҮМБЭРЭЛ