| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Зүмбэрэл |
| Хэргийн индекс | 102/2024/02015/И |
| Дугаар | 102/ШШ2024/04704 |
| Огноо | 2024-10-08 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 102/ШШ2024/04704
2024 оны 10 сарын 08 өдөр Дугаар 102/ШШ2024/04704 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Зүмбэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: П.П
Хариуцагч: О.М
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс оногдох хэсгийг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох, хамтран өмчлөн дундын хөрөнгөөс оногдох хэсгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.П, түүний өмгөөлөгч Ч.Б, хариуцагч О.М, түүний өмгөөлөгч Э.Э, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Б.Ууганжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “миний бие О.М.тэй 2015 онд танилцаж, 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Бидний хамтран амьдрах хугацаанд 2017 оны 02 дугаар сарын 26-ны өдөр охин М.А төрсөн. О.М нь анх 2018 оноос эхлэн гэр бүлээс гадуурх харилцаанд орж, өөр хүнтэй явалдаж эхэлсэн. П.П миний бие О.М.ийг өөр хүнтэй болж, гэр бүлийн гадуурх харилцаанд орж байсныг мэдсээр байж, хамт амьдарч удаа дараа уучилж байсан. Гэвч 2022 оноос хойш дахин гэр бүлийн гадуурх харилцаа давтагдаж Б.А гэдэг өөр эмэгтэй хүнтэй болсон байсныг би О.М.ийн утсанд нь ирсэн мессеж болон, утсаар Б.А..гэдэг хүнтэй ярьж байсныг нь сонсож, мэдсэн учраас цаашдаа дахин хамт амьдрах боломжгүй болж 2023 оноос 04 дүгээр сараас тусдаа амьдарч байна. Тэр үеэс хойш охин маань эх П.П миний асрамжид амьдарч өсөж торнисон. Одоо бид тус тусын амьдралтай болсон, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Охин М.А...эх болох П.П миний асрамжид үлдээж, эцэг О.М.ээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж, бидний өмчлөлийн эд хөрөнгө болох ... өрөө байр болон ... машинаас надад болон хүүхдэд ногдох хэсэг орон сууц, машиныг гаргуулж өгнө үү.” гэв.
2. Хариуцагч хариу тайлбартаа: “Хүүхдийн саналыг харгалзан эхийн асрамжид үлдээх тал дээр маргахгүй байна. Гэрлэлт цуцлах шаардлагыг дэмжиж байна. Харин байр, машиныг банкны зээлээр авсан бөгөөд би сар болгон зээлийг төлдөг. Иймд байр машиныг өөртөө үлдээмээр байна.” гэв.
3. Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ: “О.М би П.П.тэй 2012 онд их сургуульд оюутан байхдаа танилцаж, 2015 оноос үерхсэн. 2017 оны 02 дугаар сарын 26-ны өдөр охин М.А. төрсөн. Хамт хэсэг аав, ээжийнд амьдрах үед хэрүүл маргаан гарч эхэлсэн. П.П нь аав, ээжтэй таарамж муу, мөн муу үгээр харааж, бид 2 хэрэлдэж зодолдох болсон. Тусдаа амьдраад эргээд цуг байр түрээслэн амьдарсан. Удаа дараагийн хардалтаас болж хэрэлддэг байсан. Гэртээ харихад утас шалгана. Хувийн орон зайд хэт халддаг. Ажил үүргийн журмаар харилцаа үүсгэхэд хардана. Хүүхдийн хажууд янз бүрээр хараадаг, цохино зодно. Үүнийгээ тайлбарлахдаа хүүхэд гаргахад үүсдэг синдром гэж хэлдэг. 2020 онд эцэг, эхээсээ урьдчилгаа аван шинэ байранд орсон. Миний бие архи, согтууруулах ундаа болоод тамхи татдаггүй. Хэрэлдэж муудалцаад, хоорондоо таарч тохирохгүй байсан учир хамт амьдрахгүй гэж шийдээд, 2022 онд хэсэг тусдаа байсан. Хүүхдээ бодоод эргээд нийлсэн боловч уг үйл явдал давтагдсаар 2023 оны 3 сараас бүр тусдаа байхаар шийдсэн. Иймд 2017 оны 02 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин М.А эцэг О.М миний асрамжид үлдээх, ... орон сууцыг О.М надад болон охин М.А. бидний өмчлөлд үлдээж, П.П.д хувьд ногдох хөрөнгийг гаргуулахаар тус тус шийдвэрлэж өгнө үү. 2012 онд Япон улсад үйлдвэрлэгдсэн, ... улсын дугаартай, ... маркийн автомашиныг, охин М.А...бидний өмчлөлд үлдээж, П.П..д хувьд ногдох хөрөнгийг гаргуулахаар тус тус шийдвэрлэж өгнө үү.” гэв.
4. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: “О.Мөнгэрэл нь охин М.Ануг төрснөөс хойш буюу 2018 оноос хойш гэр бүлээс гарууд харилцаанд орж, өөр хүнтэй явалдаж эхэлсэн. Би хүний хань ижил, ээж хүний хувьд охин үрээ бодож, энэ босгосон амьдралаа авч үлдэхийн тулд О.Мийг өөр хүнтэй болж, гэр бүлийн гадуурх харилцаанд орж байсныг мэдсээр байж, хамт амьдарч удаа дараа уучилж байсан. 2022 оноос хойш О.Мийн гэр бүлээс гадуурх садар самуун явдал нь улам ихсэж, дахин гэр бүлийн гадуурх харилцаанд орж, Б.Алтнай гэдэг өөр эмэгтэй хүнтэй болсон байсан. О.М бол архи согтууруулах ундаа хэрэглэдэг байсан. Архи уусан үедээ янз бүрий зан авир гаргаж, П.П намайг янз бүрээр хэлж байсан удаа байгаа. Ер нь бол О.М охин М.Ануд минь тийм ч сайн хандаж байгаагүй. Ааваа гээд очихоор цаашаа гээд тээр үздэг байсан. Тусдаа амьдарснаасаа хойш нэг ч удаа охин дээрээ ирээгүй, охиныгоо асууж ч байгаагүй. Энэ нь тус дүүргийн Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байгаа. Учир нь шинжээчийн дүгнэлтээр охин М.Анугийн товч мэдээлэл болон ажиглалтын тэмдэглэлээр "М.Анутай ярилцахад "ээжтэйгээ хамт баймаар байна. Миний хамгийн хайртай хүн ээж, учир нь аав намайг нэг ч удаа хичээлд хүргэж өгч авч байгаагүй. Аав намайг очиход дургүй байдаг аавдаа би дургүй гэж Хүүхэд өөрийгөө бүрэн илэрхийлж, байсан бөгөөд асуусан асуултад бүтэн өгүүлбэрээр хариулж байсан" гэсэн шинжээчийн дүгнэлтээр тогтоож байна. Гэтэл одоо нэг л сайн аавын үүргийг гүйцэтгэж, яваад байгаа О.Мийг П.П би их гайхаж байна. Миний бодлоор бол байр машиндаа болоод ингээд миний охин М.А... минь надаас авах гээд дайраад зүтгээд байна гэж надад ойлголт төрүүлж байна. Мөн тус дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн . дугаар шүүгчийн захирамжаар Баянгол дүүргийн Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтсийг шинжээчээр томилсон бөгөөд тус дүүргийн Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтсийн даргын ... тоот тушаалаар шинжээчийн баг томилогдсон. Дээрх шинжээчийн багийн дүгнэлтээр "Эцэг эхийн чадамжийг үнэлэх багц оношилгоо, хүүхдийн сэтгэл зүйн байдал, болон нөхцөл байдал ярилцлага ажиглалтыг үндэслэн охин М.А.. асран хамгаалагчаар нэхэмжлэгч П.П.г тогтоох нь зүйтэй гэсэн саналыг ирүүлсэн. Иймд О.М.ийн П.П.д холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
5. Нэхэмжлэгчээс гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх 5/, оршин суугаа хаягийн лавлагаа /хх 6/, өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт /хх 7/, сургуулийн тодорхойлолт /хх 8/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх 9/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн тэмдэглэл /хх 10/, Энхтитэм өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт /хх 131/, 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн Ё.Б... болон О.М нарын бэлэглэлийн гэрээ шүүхэд гарган өгчээ.
Шүүх хариуцагч талын хүсэлтээр шинжээч томилж, Баянгол дүүргийн ... хэлтсээс дүгнэлт /хх 43-65/, Х... ХХК-иас дүгнэлт /хх 66-92/, Голомт банкнаас орон сууцны зээлийн гэрээ болон ипотекийн гэрээ /хх 93-102/ гаргуулж, гэрчээр Ё.Б.. асууж /хх 118-121/, нэхэмжлэгч талын хүсэлтээр О..Б гэрчээр асууж /хх 139-141/, хүүхдийн санал авчээ. /хх 142/
ҮНДЭСЛЭХ нь:
6. О.М болон П.П нар 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гэр бүл болсныг эрх бүхий байгууллага бүртгэж гэрлэлтийн гэрчилгээ олгосон ба гэрлэгчдийн дундаас 2017 оны 02 дугаар сарын 26-ны өдөр охин М.А төржээ.
Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гарган шүүхэд хандахдаа “бид зан харьцаа болон бусад таарамжгүй байдлын улмаас цаашид хамт амьдрах боломжгүй болсон” гэж шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.
7. Шүүх гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлэхдээ гэрлэлт цуцлах болсон шалтгааныг тогтоох, мөн гэрлэгчдийн эрх ашгийг хамгаалах үүднээс талуудыг эвлэрүүлэхэд анхаарах үүрэгтэй.
8. Гэрлэгчид Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт заасны дагуу Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч тэднийг эвлэрүүлэх ажиллагаа амжилтгүй болсон болох нь 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 71 дугаар эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон тухай тэмдэглэлээр тогтоогдож байна.
Талууд гэр бүл цуцлахыг харилцан зөвшөөрсөн нь зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх бөгөөд цаашид хамт амьдрах хүсэлгүй нөхцөл байдлыг үндэслэж шүүхийн зүгээс нэхэмжлэгч болон хариуцагч нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1, 132.2, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсгүүдэд заасны дагуу эвлэрүүлэх арга хэмжээг дахин авалгүйгээр гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.
9. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар гэрлэгчид хүүхдийн асрамжийн талаар тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн зэргийг харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх асуудлыг шүүх шийдвэрлэнэ.
Шүүхээс 2017 оны 02 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин М.А... санал болон Баянгол дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтсийн санал, дүгнэлтийг харгалзан, охины ээжтэйгээ ээнэгшин дассан байдгаас үзвэл хүүхдийг эхийн асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
10. Хүүхэд эхийн асрамжид үлдэж байгаатай холбоотойгоор хуульд заасан хугацаа болон хэмжээгээр хүүхдийн тэтгэлгийг эцгээс нь гаргуулж хүүхдэд олгохоор шийдвэрлэх нь хүүхдийн эрх ашиг болон Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасантай нийцнэ.
11. Нэхэмжлэгч нь эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай, ... хаягт байршилтай, ...м.кв талбайтай, нэг өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон ... арлын дугаартай, .. улсын дугаартай, ... маркийн автомашинаас оногдох хэсгээ бодитоор гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, сөрөг нэхэмжлэл гарган орон сууц, автомашиныг өөрөө авна гэж маргасан. Талууд орон сууц болон автомашины хаяг, бүртгэлийн талаар маргаагүй болно.
12. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх хэсэгт “гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө;” гэж зааснаар зохигчид 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлж, гэр бүлийн гишүүдийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор дээрх үл хөдлөх хөрөнгийг 2021 оны 6 дугаар сарын 23-ний өдөр, автомашиныг 2022 оны 5 дугаар сард О.М өмчилсөн үйл баримт тогтоогдож байх тул орон сууц болон автомашиныг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж үзнэ.
Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, 129.3 дахь хэсэгт “гэрлэлт цуцалсан тохиолдолд гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэсгийг тодорхойлохдоо хүүхдийн ашиг сонирхлыг харгалзах ба гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэмжээ нь насанд хүрээгүй, хөдөлмөрийн чадваргүй бүх гишүүнийг оролцуулан нийт гишүүдэд адил байна. Мөн шүүх өөрөөр тогтоож болно” гэж зааснаар орон сууц, автомашин гэр бүлийн 3 гишүүнд адил тэнцүү ногдоно.
13. Орон сууны зах зээлийн ханшийг Х...ХХК 131,830,000 төгрөгөөр, автомашиныг 17,900,000 төгрөгөөр тодорхойлсныг зохигч хэн аль нь хүсэлт гаргаж маргаагүй тул орон сууц, автомашины зах зээлийн дээрх ханшнаас тооцож, гэр бүлийн гурван гишүүнд ногдох хэсгийг хуваарилах нь зүйтэй.
Орон сууцны хувьд нэг хүнд 43,943,333 ногдох боловч шүүх байгаа хөрөнгийн хэмжээг удирдлага болгон хамтран өмчлөх дундын хөрөнгийг хуваахдаа ипотекийн зээлийн үлдэгдэл 25,781,307.79 төгрөгийг зах зээлийн үнэлгээнээс хасвал 106,048,692.21 төгрөг болно. Үүнээс нэг хүнд 35,349,564.1 төгрөг ногдох бол автомашин хувьд нэг хүнд 5,966,666 төгрөг ногдож байна.
Орон сууцны дийлэнх хэсэг буюу 70,699,123.2 төгрөг М.Ану, П.П нарт ногдож байх тул тэдний өмчлөлд орон сууцыг үлдээж, нэхэмжлэгчээс 35,349,564.1 төгрөг гаргуулан хариуцагчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
Харин автомашиныг нэхэмжлэгч жолоодох эрхгүй учир ... улсын дугаартай, ...маркийн автомашиныг хариуцагчид үлдээж, хариуцагчаас 11,933,332 төгрөг гаргуулан М.А.. П.П нарт олгоно.
14. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200, хариуцагчаас төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан П.П , О.М нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2017 оны 02 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин М.А-г эх П.П.гийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан 2017 оны 02 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин М.А-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшний хэмжээгээр тэтгэлгийг сар болгон эцэг О.Мээс гаргуулан хүүхдэд олгосугай.
4. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1, 130.3 дэх хэсэгт зааснаар ...орон сууцыг М.А П.П нарт үлдээж, нэхэмжлэгч П.Пгээс 35,349,564.1 төгрөг гаргуулан хариуцагч О.М-д олгож, . улсын дугаартай, ...маркийн автомашиныг хариуцагч О.М.д үлдээж, хариуцагч О.М.ээс 11,933,332 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Пд олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар үйлийн 7.1.2-д зааснаар зохигчоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЗҮМБЭРЭЛ