Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 01

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж, Нарийн бичгийн дарга Ш.Дорж-Очир Улсын яллагч Б.Төрболд Шүүгдэгч Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Г-т холбогдох эрүүгийн 1723000860057 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. Монгол Улсын иргэн, 1975 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, Дөрвөлжин сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ********** ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Завхан аймгийн Дөрвөлжин сум Цогт багт оршин суудаг, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Сартуул мээрэн овогтой Долгорсүрэнгийн Ганзориг, Регистрийн дугаар: ИД*********, Шүүгдэгч Д.Г нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу иргэн Э.Б-ын биед хөнгөн гэмтэл учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Г нь 2017 оны 10 дугаар сарын сарын 13-ны өдөр Завхан аймгийн Дөрвөлжин сум Буга багийн нутаг дэвсгэрт иргэн Э.Б-тай маргалдаж түүний нүүр, хэвлий, суга тус газарт архины шилээр цохисон хэргийн үйл баримт нь энэ талаар мэдүүлсэн хохирогч Э.Б-ын “ ...би А, Н, Б нартай голын захад архи уусан... Г бид 2 маргалдсан, тэгтэл Б эгч та нар харьж амарцгаа гэхээр нь гэрээс гарсан. Г бид 2 гараад барьцалдаад, заамдалцаж авахад Г миний нүүрэн тус газар гартаа барьсан шилтэй архиараа намайг цохисон. Тэгэхэд миний нүүрэн хэсгээс цус гарсан. Тэр үед хашааны гаднаас Н орж ирсэн. Тэр үед Г намайг ална гээд би урд нь орж зугтаасан...Айлаас гарахад Г ууж байсан шилтэй архиа гартаа барьж байсан түүгээрээ нүүрэн тус газар, гэдэс рүү 2 удаа цохисон...” гэсэн мэдүүлэг, Гэрч С.Н-ын “2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр найз Г-той таараад Ц ахын дэлгүүрээс 0.75 литрийн ерөөл архи аваад түүнийгээ уухаар Б-ийнд очсон. Батцэнгэлийнд очоод нөгөө архийг бид 3 хувааж уусан. Дараа нь тэндээсээ А-ийнд очсон. Тэднийд байж байтал Б орж ирсэн. Тэгээд бид 3 нөгөө архиа ууж байтал А-ийн ээж орой болсон байна та нар явцгаа гэхэд нь би түрүүлээд гарсан. Тэгтэл Б, Г хоёр хашааны дотор талд муудалцаад байхаар нь буцаад ортол Б намайг боож унагахаар нь би цохичихлоо гэж Г ярьж байсан...” гэсэн мэдүүлэг, Гэрч Ц.О-ны “... Манай гэрт байхад Б Г ахад хандаж “Танай үеийнхэн их том байсан. Намайг хүүхэд байхад танай үеийн С начин амлаж авч хаядаг байсан” гэж яриад л хоорондоо маргалдаад байх шиг байсан...” гэсэн мэдүүлэг болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүдээр хангалттай тогтоогдож байна. Хохирогч, гэрчүүдээс хуульд заасан журмаар мэдүүлэг авсан, тэд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан, мэдүүлгүүд өөр хоорондоо зөрүүгүй, харилцан бие биенийхээ мэдүүлгийг нотолсон, хэрэг гарах үеийн үйл баримтанд шууд хамааралтай байх тул шүүх дээрх мэдүүлгүүдийг үнэн зөв гэж үнэлсэн болно. Д.Г-ийн үйлдлийн улмаас хохирогч Э.Б-ын биед хөнгөн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 201720225 дугаартай шинжээчийн “Иргэн Э.Б-ын зүүн хацрын төвгөрт, зүүн хөх махны доор, зүүн суганы урд хэсэгт шарх гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц иртэй зүйлийн 3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна. Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Г нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд түүнээс хохирогч Э.Б хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй. Иймд шүүгдэгч Д.Г-ийн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй. Шүүх Д.Г-ийг 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Д.Г-т холбогдох эрүүгийн 1723000860057 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн учир Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргах нь зүйтэй гэж үзээд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.4, 1.5, 1.6, 1.8, 4,5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.4 дүгээр зүйл, 17.5 дугаар зүйлийн 4, 8, 9 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Сартуул мээрэн овогтой Д-ийн Г-г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-ийг 600/зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600000/зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Г-т оногдуулсан 600/зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600000/зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 2/хоёр/ сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүгдэгчийн торгох ялыг хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай.

5. Шүүгдэгч Д.Г-т 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгчийн хувьд оногдох хөрөнгийг битүүмжилсэн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шүүгдэгч Д.Г- нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.

9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ Н.ДЭЛГЭРМАА