Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 124/ШШ2024/0003

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Алтанцэцэг даргалан тус шүүхийн иргэн, захиргааны хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х Т Ц ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргад холбогдох ,Баруунтуруун сумын Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/140 дугаартай Газар эзэмших эрх хүчингүй болгох тухай захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х Т Ц ХХК-ийн захирал Л.С /цахим/, гуравдагч этгээдүүдийн өмгөөлөгч Ө.Нарантуяа,шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Х Т Ц ХХК нь тус шүүхэд Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргад холбогдуулан Баруунтуруун сумын Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/140 дугаартай Газар эзэмших эрх хүчингүй болгох тухай захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргасан байна.

2.Нэхэмжлэгчээс анх шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ нэхэмжлэлийн шаардлагаа Баруунтуруун сумын Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/140 дугаар захирамжийг хүчингүй болгож, уг захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох гэж тодорхойлсон ба шүүх хуралдаанд маргаан бүхий актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шаардлага гаргаж байгаа талаар тодруулж тайлбар гаргасан болно.

3. Нэхэмжлэгч тал маргаан бүхий актыг 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гардан авсан талаар нэхэмжлэлдээ дурдсан, иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэйгээ холбогдуулан Баруунтуруун сумын Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/140 дугаартай захирамж гарсантай холбоотой шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах хүсэлт гаргасан, Увс аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1768 дугаар захирамжаар нэхэмжлэгч нь Баруунтуруун сумын Засаг даргын 2021 оны 10 сарын 04-ний өдрийн А/140 дугаар захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд холбогдох албан тушаалтан болон Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргах эрхтэй учраас хүсэлтийг хангахаас татгалзав гэж дүгнэн хүсэлтийг хангахаас татгалзсан байна.

“Х Т Ц” ХХК нь 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Баруунтуруун сумын Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/140 дугаартай захирамжийг хянуулахаар Увс аймгийн Засаг даргад хандсан байх ба Увс аймгийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 1/118 дугаар албан бичгээр таны гаргасан гомдол нь Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д заасан хугацаанаас хэтэрсэн байх бөгөөд энэ үндэслэлээр хүлээн авч шийдвэрлэхээс татгалзаж байна гэсэн хариуг өгчээ.

Нэхэмжлэгчээс Захиргааны хэргийн шүүхэд 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэлээ ирүүлснийг шүүх хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан байна

Нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны актыг гардан авснаас хойш 30 хоногийн дотор иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан, Увс аймгийн Засаг даргад иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж гарсны дараа хандсан байхад Увс аймгийн Засаг дарга нь хуульд заасан хугацаа хэтэрсэн гэсэн үндэслэлээр гомдлыг хянаагүй, захиргааны хэргийн шүүхээс нэхэмжлэлд хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх хэсэгт заасан хугацааны дотор шүүхэд хандсан гэж үзсэн ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасан нэхэмжлэл гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нөхцөл үүсээгүй гэж үзэх үндэслэлтэй.

Иймд хариуцагч Баруунтуруун сумын Засаг даргын нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тайлбарыг хүлээн авах боломжгүй болно.

4. Хариуцагч Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргаар ажиллаж байсан С.У албан тушаалаас чөлөөлөгдөж Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/66 дугаар захирамжаар К.Баяраа сумын Засаг даргаар томилогдсон байх ба шүүхээс сумын Засаг дарга К.Баяраад нэхэмжлэл, хэргийг танилцуулан, хуульд заасан эрх үүргийг тайлбарласан, Засаг дарга К.Б шүүх хуралдаанд аймгийн Засаг даргын тамгын газраас 2024 оны 02 сарын 15-ны өдөр 13.00 цагт сургалт зохион байгуулах, үргэлжлүүлэн аймгийн Засаг даргатай гэрээ байгуулах ажил давхцсан тул намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг ирүүлсэн байна.

Гуравдагч этгээд нарын хувьд шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, шүүх хуралдааныг хойшлуулах эсэх талаар ямар нэгэн хүсэлт ирүүлээгүй байна.

Нэхэмжлэгчээс хариуцагч, гуравдагч этгээдүүдийн эзгүйд шүүх хуралдааныг үргэжлүүлэх санал гаргасан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

5. Нэхэмжлэгч Х Т Ц ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон Х Т Ц ХХК-ийн захирал Л.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай "Х Т Ц" ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж, бидний хуулиар олгогдсон газар эзэмших эрхийг үндэслэлгүйгээр цуцалсан Баруунтуруун сумын засаг даргын 2021 оны 05 сарын 07-ны өдрийн А/63 тоот "газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай" хууль бус захирамжийг Увс аймгийн засаг дарга 2021 оны 06 сарын 22-ны өдрийн А/359 тоот захирамжаараа хүчингүй болгосноор бид Захиргааны ерөнхий хуулийн 100.1, 101.2-т заасанчлан бидэнд учраад буй хохирлыг нөхөн барагдуулахыг тус хуулийн 102.2-т "Хохирлын хэмжээний талаарх маргааныг захиргааны журмаар хамтатган нэхэмжлээгүй бол иргэний хэргийн шүүхээр хянан шийдвэрлэнэ" гэж заасан зохицуулалтын дагуу Увс аймгийн Баруунтуруун сумын засаг дарга С.У-д холбогдуулан 2021 оны 07 сарын 30-ны өдөр 21 Н/2 дугаар бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргаад байгаа юм.

 

Гэтэл Баруунтуруун сумын засаг дарга С.У нь Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.2-т "Энэ хуулийн 98.1-д заасан захиргааны актыг холбогдох захиргааны байгууллага заавал биелүүлнэ" гэсэн хуулийн заалтыг зөрчиж, Увс аймгийн засаг даргын 2021 оны 06 сарын 22-ны өдрийн А/359 тоот захирамжийг үл тоож, шүүхээр маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байсаар байхад 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр бидэнд "Сонсох ажиллагааны тухай мэдэгдэл" гэгч хууль бус шийдвэрийг дахин хүргүүлээд зогсохгүй улмаар 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр мөн л хууль бус А/140 дугаартай захирамжийг гаргаж, өмнөх алдаагаа дахин давтаж, мөн л сонсох ажиллагааг огт хийлгүйгээр манай компанийн газар эзэмших эрхийг дахин хүчингүй болгож, улмаар яг маргааш өдөр нь 2021 оны 10 сарын 05-ны өдөр А/142 тоот захирамж гаргаж, бидний газрыг өөр этгээдэд эзэмшүүлэх талаар шийдвэрлэсэн байсныг бид уг захирамжийн хуулбарыг /нотариатаар 2021 оны 10 дугаар сарын 27-нд баталгаажуулсан байсан/ 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээж авахдаа мэдсэн. Бид энэхүү захирамжийн биелэлтийг түдгэлзүүлэхээр шүүхэд 2021 оны 11 сарын 18-нд хүсэлт гаргасан боловч шүүх Захиргааны ерөнхий хуульд зааснаар сумын засаг даргын захирамжид дээд шатны байгууллагад нь гомдол гаргах хэрэгтэй гэснээр энэ талаарх гомдлыг Увс аймгийн засаг даргад гаргасан боловч Увс аймгийн засаг даргын 2022 оны 01 сарын 25-ны өдрийн 1/118 дугаартай албан бичгээр Захиргааны ерөнхий хуулийн 94.1-д заасан хугацаа хэтэрсэн гэсэн үндэслэлээр манай гомдлыг хүлээн авахаас татгалзсан тул бид Увс аймгийн Засаг даргын зүгээс манай гомдлыг шийдвэрлэхээс татгалзсаныг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд ЗХШХШТХ-ийн 14 дүгээр зүйлд заасны дагуу энэхүү нэхэмжлэлийг гаргаж байгаа юм.

 

Баруунтуруун сумын Засаг дарга С.У-ын энэ мэт улайрсан хууль бус үйлдлийн улмаас манай байгууллага тариалахаар төлөвлөсөн үр тарианыхаа 55-60 хувийг л тариалж, нийт эзэмшлийн 1720 га талбайгаас зөвхөн 780 га талбайд л тариалалт хийсэн бөгөөд Баруунтуруун сумын засаг дарга С.У-ын хууль бус зөвшөөрлөөр нэр бүхий иргэд манай газрыг дээрэмдэн булааж, бидний эзэмшилд халдаж, бидний талбайд тариа тариад байснаас болж МУ-ын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4-т заасан аж ахуй эрхлэх тухай бидний эрхийг бүдүүлгээр зөрчсөн хэрэг болсон бөгөөд манай компанийн цаашдын тогтвортой хөгжилд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй, бидэнд оруулсан санхүүжилтийг буцаан төлөх хуваарь, ажиллах хүчний цалин хөлс, техник худалдан авах төлөвлөгөө зэргийг алдагдуулж, бидэнд сэтгэл санааны маш их дарамт үүсгэж, ирээдүйд олох байсан орлого, ашгийг үгүй хийж, бидэнд томоохон хохирол учруулаад байгаа юм.

Одоо тэрээр энэхүү хууль бус үйлдлээ үргэлжлүүлэн 2022 оны 01 сарын 25-ны өдөр А/11 тоот "Газар эзэмшүүлэх тухай" хууль бус захирамж гаргаж, манай эзэмшлийн газрыг бусдад эзэмшүүлэхээр улайран шийдвэр гаргаад байна гэв.

6. Хариуцагч Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг дарга К.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Өмнөх Засаг даргаар ажиллаж байсан С.У-ын өмнө нь гаргасан тайлбарыг дэмжиж байна гэжээ.

7. Хариуцагч Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг дарга С.У шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу маргаан бүхий актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа бол нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.Тодруулбал, нэхэмжлэгч нэхэмжлэлдээ сумын Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай захирамжийг 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч мэдсэн гэж, улмаар уг захирамжийг эс зөвшөөрч дээд шатны байгууллага болох Аймгийн Засаг даргад хандан гомдол гаргасан боловч хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэсэн үндэслэлээр гомдлыг хянаагүй тухай бичсэн байна.

Нэхэмжлэгч нь ийнхүү захирамжийг урьдчилан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаагаа алдсан бол уг хугацаагаа сэргээлгэх ёстой бөгөөд ийнхүү сэргээлгээгүй бол шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг алдсан гэж үзнэ.Иймд нэхэмжлэлийг хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

8. Гуравдагч этгээд С.Н, Т.С, Г.Г, С.Н, Д.О, Х.Б, С.Л, Х.Д, Б.А, М.У, М.А, Г.Н, С.Д, Х.С, П.Б нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...2-3 жил ашиглагдаагүй талбайг эзэмшин тариа тарьсан нь үнэн. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

 

9. Гуравдагч этгээд Баруунтуруун сумын Зүүнтуруун багийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Баруунтуруун сумын Засаг дарга С.У-ын 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/11 дугаартай захирамжаар Зүүнтуруун багийн Ногоон толгойд байрлалтай 413 га талбайгаас Зүүнтуруун багийн тариалангийн талбайгүй 113 өрхөд 113 га талбайг үр тариа болон малын тэжээл тариалахаар олгосон.Тус талбайг манай багийн иргэд үр тариа болон малын тэжээл тариалж хамтран ашиглаж байна гэжээ.

 

10. Гуравдагч этгээд Баруунтуруун сумын Баян-Айраг багийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Баруунтуруун сумын Засаг дарга С.У-ын 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/11 дугаартай захирамжаар Зүүнтуруун багийн Ногоон толгойд байрлалтай 345 га талбайгаас Баян-Айраг багийн тариалангийн талбайгүй 150 өрхөд 150 га талбайг үр тариа болон малын тэжээл тариалахаар олгосон.Тус талбайг манай багийн иргэд үр тариа болон малын тэжээл тариалж хамтран ашиглаж байна гэжээ.

 

11. Гуравдагч этгээд нарын өмгөөлөгч Ө.Нарантуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Гуравдагч этгээдээр оролцож байгаа иргэд маань шүүхэд тайлбараа гаргасан байдаг.Гаргасан тайлбаруудыг дэмжиж байна.Нэхэмжлэгч маргаан бүхий актыг хүчингүй болгуулах тухай гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.Нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэж байна.Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны явцад хугацаа сэргээлгэх боломжоо алдсан. Иймд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү. Гуравдагч этгээд нараас сумын Засаг даргад тариалангийн зориулалтаар газар эзэмших хүсэлт, өргөдөл гаргаж байсан боловч шийдвэрлэгдэж байгаагүй.Ингээд газар эзэмших өргөдлийг дахин гаргасныг сумын Засаг дарга хүлээн авч газар эзэмшүүлсэн... гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэл, хэргийн оролцогчдын тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлэн дүгнээд шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэн маргаан бүхий актын биелэлтийг дөрвөн сарын хугацаагаар түдгэлзүүлэн, дахин шинэ захиргааны акт гаргахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгчээс Баруунтуруун сумын Засаг дарга С.У Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.2-т заасныг зөрчиж Увс аймгийн Засаг даргын 2021 оны А/359 дугаар захирамжийг үл тоож 2021 оны 9 сарын 20-ны өдөр сонсох ажиллагааны мэдэгдэл дахин хүргүүлж хууль бус А/140 дугаар захирамж гаргаж өмнөх алдаагаа давтан захирамжид дурдсан үндэслэл үүсээгүй байхад Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-т заасан аж ахуй эрхлэх эрхийг зөрчсөн, нийт газраа өнжөөх үед нь өнжөөж, уринш тариалалтаа хийж ирсэн гэж нэхэмжлэл, тайлбар гарган нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.

3. Хариуцагч Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг дарга С.У шүүхэд болон 2023 оны 12 сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй, сонсох ажиллагааны мэдэгдэл өгсөн боловч хариу ирүүлээгүй гэсэн тайлбар гарган нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй байна.

Шинээр томилогдсон Баруунтуруун сумын Засаг дарга К.Б өмнөх сумын Засаг даргын хариу тайлбарыг дэмжиж байгаа талаар байр суурийг илэрхийлжээ.

Гуравдагч этгээдүүд болон тэдний өмгөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байр суурийг илэрхийлсэн байна.

Шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны дүгнэлт хийгдсэн бөгөөд маргаан бүхий актын үндэслэлийн талаар дараах дүгнэлтийг хийв.

Маргаан бүхий акт болох Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/140 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэлээр Х Т Ц ХХК-ийн үр тарианы зориулалтаар эзэмшиж байгаа Зүүнтуруун багийн нутагт Ногоон толгойд байрлалтай 8502000691 дугаартай 413 га газрыг, 8502000693 дугаартай 345 га газрыг, 8502000695 дугаартай 406 га газрыг нийт 3 байршилд 1164 га газрыг эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 

Х Т Ц ХХК-д анх Баруунтуруун сумын Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/29 дугаар захирамжаар үр тарианы зориулалтаар Зүүнтуруун багийн Ногоон толгойд байрлалтай 23 дугаартай 413,3002 га газрыг, 28 дугаартай 456,5547 га газрыг, 30 дугаартай 406,7314 га газрыг , 27 дугаартай 345,0761 га газрыг, 29 дугаартай 104,635 га газрыг нийт 5 байршилд 1726,2945 га газрыг 15 жилийн хугацаатай тус тус эзэмшүүлж, гэрчилгээ олгон газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан байна.

Баруунтуруун сумын Засаг даргын 2021 оны 05 сарын 07-ны өдрийн А/63 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь үндэслэлээр Х Т Ц ХХК-ийн 413,3 га газар, 345 га газар,406,7 га газрыг эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэж байсан байх ба Х Т Ц ХХК нь Увс аймгийн Засаг даргад гомдол гарган шийдвэрлүүлсэн байна.

Увс аймгийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/359 дугаар захирамжаар Захиргааны ерөнхий хуульд заасан нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримт цуглуулах ажиллагааг хэлбэрийн төдийн хийсэн, шийдвэртээ захиргааны акт гаргах хуульд заасан шаардлагыг хангуулаагүй зэрэг үндэслэлээр Баруунтуруун сумын Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн захирамжийн Х Т Ц ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгожээ.

Үүний дараа Баруунтуруун сумын Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 01/311 дугаартай Х Т Ц ХХК-д хаягласан сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичигт тус компанид олгогдсон 345 га, 406 га, 413 га газрыг зориулалтын дагуу 2018, 2019, 2020 онуудад буюу 3 жил дараалан ашиглаагүй тул эзэмших эрхийг хүчингүй болгох шийдвэр гаргах болсныг мэдэгдэж, санал хүсэлтээ бичгээр гаргаж ирүүлэх талаар дурджээ.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй үндэслэл тогтоогдсон тохиолдолд сумын Засаг дарга газар эзэмшигчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох эрхтэй байна.

Газар тариалангийн зориулалт бүхий газрын хувьд Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4-д Тариалангийн зориулалтаар газар эзэмшигч, ашиглагч нь хоёроос дээш жил эзэмшил, ашиглалтад байгаа газартаа бүрэн болон хэсэгчлэн тариалалт хийгээгүй бол тариалалт хийгээгүй газрын хэмжээгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг сум, дүүргийн Засаг дарга хүчингүй болгоно гэж тусгайлан, нарийвчилсан зохицуулалттай байна.

Тариалангийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д Тариалангийн газрыг дараахь ангилалд хуваана:

6.2.1.тариалсан газар;

6.2.2.уриншилсан газар;

6.2.3.өнжөөсөн газар;

6.2.4.атаршсан газар;

6.2.5.тариалангийн талбайн эргэлт-ашиглалтын зурвас;

6.2.6.тариалангийн газрын хамгаалалтын ойн зурвас;

6.2.7.тариалангийн үйлдвэрлэлтэй холбоотой бусад газар байхаар зохицуулсан, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д Уриншилсан газарт хөрсөнд чийг хуримтлуулах, хог ургамлаас цэвэрлэх зорилгоор механик болон химийн аргаар боловсруулж өнжөөсөн тариалангийн талбай хамаарна 8.2-д Таримал ургамлын сэлгээнд ээлжлэн тариалсан болон ногоон бордуурт уриншийн талбайг уриншилсан газарт оруулж тооцно гэж 9 дүгээр зүйлийн 9.1-д Өнжөөсөн газарт хоёр жилийн хугацаанд тариалалт болон уринш хийгээгүй тариалангийн талбай хамаарна гэж, мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2-д тариалангийн газраа бүхэлд нь, эсхүл тодорхой хэсгийг нь хоёр жил ашиглахгүй өнжөөх бол сум, дүүргийн Засаг даргад албан ёсоор мэдэгдэх үүргийг тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч хүлээхээр заасан байна.

Х Т Ц ХХК-ийн үр тарианы зориулалтаар эзэмшүүлсэн газрын гэрчилгээг хүчингүй болгох шийдвэртэй холбогдуулан Баруунтуруун сумын Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/135 дугаар захирамжаар Х Т Ц ХХК-ийн тариалангийн газрын ашиглалттай холбоотой сонсох ажиллагааны тайлбар, саналын явц, үр дүнгийн тэмдэглэл хөтлөх, мэдээлэл бэлтгэх, баримтжуулах ажлын хэсгийг нийт 8 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсан байх ба 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн ажлын хэсгийн дүгнэлт гэх баримтад Х Т Ц ХХК нь өнөөдрийн байдлаар газар эзэмших болон татвар, санхүүгийн ямар нэг баримт материал ирүүлээгүй болно гэжээ.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д захиргааны үйл ажиллагаанд зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг баримтлах талаар зохицуулж, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 24.2-д Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ, 24.4-д Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно гэж, мөн хуулийн 25 дугаар зүйлд нотлох баримт цуглуулах арга замыг тодорхойлж өгсөн байна.

Хариуцагч Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг дарга нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох сөрөг нөлөөлөл бүхий захиргааны актыг гаргахдаа тухайн тариалангийн зориулалт бүхий газрыг өнжөөсөн эсэх, уринш боловсруулалт хийгдсэн эсэх, тариалалт хичнээн хэмжээний газар хийгдсэн талаарх нөхцөл байдлыг тогтоогоогүй, нотлох баримт цуглуулах, үнэлэх үүргийг биелүүлээгүй, ажлын хэсгийн Х Т Ц ХХК -иас баримт материал ирүүлээгүй гэсэн баримтыг үндэслэн шийдвэр гаргасан байна.

Хариуцагчаас Х Т Ц ХХК-ийн эзэмшлийн нийт 5 байршил бүхий газраас 406 га, 413 га, 345 га газруудын газар эзэмших эрхийн гэрчилгээг бүхэлд нь хүчингүй болгосон бөгөөд үлдсэн 456 га, 104 га, нийт 600 га газрыг эзэмшиж ашигласан гэж үзсэн.

Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын 2021 оны 11 сарын 18-ны өдрийн 262 дугаар албан бичигт Х Т Ц ХХК нь Баруунтуруун сумын Ногоон толгой дахь талбайд 2018 онд 300 га-д уринш боловсруулалт, 2019 онд улаанбуудай 500 га талбайгаас 800 тн, 2020 онд улаан буудай 943 га талбайгаас 1230 тн, овьёос 35 га талбайгаас 52,5 тн, 2021 онд улаанбуудай 382 га талбайгаас 140 тн, рапс 354 га талбайгаас 60 тн ургац тус тус хураан авсан нь үнэн болохыг тодорхойлсноос үзэхэд газар эзэмшүүлснээс хойш 3 дахь жилийн мэдээгээр 2020 онд Х Т Ц ХХК 943 га-аас улаанбуудай, 35 га-аас овьөос, нийт 978 га газраас ургац хураажээ.

Өөрөөр хэлбэл, ургац хураалтын мэдээнд дурдагдсан ашигласан талбайн хэмжээ, хариуцагчаас нэхэмжлэгчийг ашигласан гэж үзсэн тайлбайн хэмжээтэй зөрүүтэй, Увс аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын газар тариалангийн үйлдвэрлэлийн технологи хариуцсан мэргэжилтэн Т.Пүрэвмаа гэрчийн мэдүүлэгтээ Ургац хураалт, тариалалт, уринш боловсруулалтын мэдээг сумдын Засаг даргын тамгын газрын бэлчээр газар тариалан хариуцсан мэргэжилтэн батлагдсан маягтын дагуу гаргаж манай Хүнс, хөдөө аж ахуйн газарт хүргүүлдэг.Манай байгууллагаас тариалангийн бүс нутгаар тариалалт, явцын дундын соёололт, уринш боловсруулалт, ургац хураалтын ажилтай танилцаж, зөвлөгөө өгч хяналтаа тавьж ажилладаг.Зөвлөмж өгөхийн зэрэгцээ мэдээ тайлангаа газар дээр нь нягталж ажилладаг.Баруунтуруун сумын хувьд мэдээ тайлан зөрсөн зүйл гараагүй гэж мэдүүлсэн, шүүхээс гэрчилгээг хүчингүй болгосон газрын нөхцөл байдлыг тодруулахаар шинжээч томилсон боловч тухайн талбайнуудад тариалалт хийгдсэн эсэхийг лабориторийн шинжилгээгээр тогтоох боломжгүй гэсэн дүгнэлт гарсан байна.

Хариуцагчаас маргаан бүхий актыг гарсны дараа 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/11 дугаар захирамжаар Х Т Ц ХХК-ийн газар эзэших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон 406, 413, 345 га газруудаас Х.Давхарбаяр, Б.А, Х.Б, С.Л, Д.О, С.Д,Т.С, М.У, Г.Г З.Г, Х.С, С.Н, С.Б, Б.Б, П.Б,С.Н, Г.Н, М.А нарт болон Зүүнтуруун багт газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Баруунтуруун сумын Засаг даргаас маргаан бүхий актыг гаргахдаа нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хийгээгүйн улмаас гуравдагч этгээд нарт эзэмшүүлсэн газрыг Х Т Ц ХХК бүхэлд нь 3 жилийн хугацаанд ашиглаагүй эсэх, эсхүл зарим гуравдагч этгээдэд олгосон газрууд нь өнжөөсөн, уринш боловсруулсан талбай байсан эсэхэд дүгнэлт хийх боломжгүй байна.

 

Иймд шүүхээс эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон тухайн газруудын хувьд хэсэгчлэн болон бүхэлдээ тариалалт,уринш хийгдэж байсан эсэх, тайлбаг өнжөөж байсан эсэх талаарх нөхцөл байдлыг цаашид тодруулах үүргийг захиргаа хүлээх нь илүү ач холбогдолтой, нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэн захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий актыг 4 сарын хугацаатай түдгэлзүүлэх үндэслэлтэй гэж шийдвэрлэв.

Дээр дурдсан дүгнэлтүүдийн хүрээнд гуравдагч этгээдүүд болон тэдний өмгөөлөгчийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох тухай тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Шүүхийн шийдвэрт заасан хугацаанд хариуцагч дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаан бүхий Баруунтуруун сумын Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/140 дугаартай захирамж хүчингүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Шүүхээс захиргааны актыг түдгэлзүүлж, дахин шинэ акт гаргахаар шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, хариуцагчийн ажлын алба болох Баруунтуруун сумын Засаг даргын тамгын газраас 70200 төгрөг гарган нэхэмжлэгч Х Т Ц ХХК-д олгох нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11,107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/140 дугаар захирамжийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 4 сарын хугацаагаар түдгэлзүүлж, дахин шинэ акт гаргахыг Баруунтуруун сумын Засаг даргад даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, Баруунтуруун сумын Засаг даргын тамгын газраас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х Т Ц ХХК-д олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч захиргааны байгууллага шүүхээс тогтоосон хугацаанд шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/140 дугаар захирамж хүчингүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Д.АЛТАНЦЭЦЭГ