| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Зүмбэрэл |
| Хэргийн индекс | 102/2023/04133/И |
| Дугаар | 102/ШШ2024/04706 |
| Огноо | 2024-10-08 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 102/ШШ2024/04706
2024 оны 10 сарын 08 өдөр Дугаар 102/ШШ2024/04706 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Зүмбэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Т ХХК
Хариуцагч: М ХХК,
Хариуцагч: Ц.Ц
Хариуцагч: З холбогдох,
1,017,308.177 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, Н.Г, хариуцагч Ц.Ц, М ХХК-ийн төлөөлөгч Ц.Ц, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Б.Ууганжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Т ХХК нь М ХХК болон Ц.Ц нарт холбогдуулан 1,017,308.177 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн нэхэмжлэл гаргаж, шаардлага, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд: Зээлдэгч М ХХК нь Т ХХК-иас 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр ... дугаар бүхий зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 800,000,000 төгрөгийн тэжээвэр амьтдын цогц үйлчилгээг өргөтгөх төсөл зээлийг жилийн 13.82 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай авсан. 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 04/20-13 дугаар барьцааны гэрээ байгуулан дараах үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалсан. Үүнд: ...дугаартай ... м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлах улсын бүртгэлийн ... дугаартай, ... м.кв үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газарт тус тус барьцаалсан. Т ХХК нь зээлийн гэрээний дагуу зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэж тухайн зээлийн төлбөр болох 800,000,000 төгрөгийг зээлдэгчийн дансанд бүрэн шилжүүлсэн. Зээлэнд тэжээвэр амьтдын цогц үйлчилгээг өргөтгөх төсөл хэрэгжүүлэх зориулалттай Батлан даалтын сангийн эх үүсвэртэй зээл байсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралт нэгт заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Зээлдэгч нь 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр үндсэн хүү 1,406 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр үндсэн хүү 25,756 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр үндсэн хүү 6,997,000 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр үндсэн зээлнээс 7,000 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр үндсэн хүүнээс 3,000,000 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Зээлийн батлан даалтын сан нь батлан даалтын гэрээний дагуу үндсэн зээлд 167,238,537 төгрөг төлөөд мөн хугацаанаас хойш төлбөр төлөгдөөгүй юм. Төрийн банкны зүгээс 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр, 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрүүдэд зээл төлөх, гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл, 2023 оны 03 дугар сарын 31-ний өдөр уулзалт хийсэн тэмдэглэл, 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр уулзсан тэмдэглэл хөтлөн уулзалт хийж байсан боловч өнөөдрийн байдлаар гэрээний үүрэг биелэгдээгүй байна. Ингээд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар зээлдэгч нь үндсэн зээлд 465,514,463 төгрөг, зээлийн хүүд 277,669,450 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1,634,267 төгрөгийн зөрчилтэй байсан. Мөн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 04/20-15 дугаартай Батлан даалтын гурвалсан гэрээний 1.1, 3.1.3, 3.4.2 дах хэсэгт тус тус заасны дагуу төлөгдөгүй үндсэн зээлийн үлдэгдэл 167,240,000 төгрөгийг Б.. сангаас гаргуулсан тул Батлан даалтын сангаас татгалзаж, үлдэх төлбөрийг хариуцагч М...ХХК-иас гаргуулах төлбөр дээр нэмж, 1,017,308.177 төгрөг нэхэмжилж байна. Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүлээгүй тохиолдолд барьцааны гэрээнд дурдагдсан ... дугаартай, ...м.кв үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газар зэрэг үл хөдлөх хөрөнгүүдээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү.” гэжээ.
2. Хариуцагч Ц.Ц болон М ХХК шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдөр 800,000,000 төгрөгийг цогц үйлчилгээгээ өргөтгөх төслөө хэрэгжүүлэхээр Баянгол дүүргийн 9 дүгээр хороо Хасбаатарын 19-1 тоот буюу тус объектыг худалдан авч төслөө эхлүүлсэн. Гэвч яг энэ үеэс 2 жилийн хугацаанд ковидын цар тахал дэгдэж хил гааль хаагдаж хатуу хөл хорионд орсон учраас үйл ажиллагаагаа явуулж чадахгүй зогсонги байдалд орсон. Анх энэ зээлийг авахдаа судлуулсан худалдааны дэлгүүр хаагдаж орлогогүй болсон учраас шинээр эхэлсэн төслийн зээлийн төлбөрөө цаг хугацаанд нь төлж чадахгүй байсан учраас зээлийн хугацааг хойшлуулах хүсэлтийг Төрийн банк болон зээлийн батлан даалтын санд удаа дараа гаргаж байсан. Зээлийн гурвалсан гэрээтэй учраас эхлээд Т.ны байгууллагын банк хариуцсан захирал н.А. уулзаж учир байдлыг ойлгуулж зээл хойшлуулах гэрээ хийхээр Төрийн банкнаас зээлийн ахлах эдийн засагч н.О тухайн зээлийг хариуцсан эдийн засагч н.Б мөн хуулийн мэргэжилтний хамт зээлийн батлан даалтын санд эхний удаа очиж уулзахад зээлийн батлан даалтын сангийн захирал нь халагдсан шийдвэр гараад эзгүй байсан учраас шийдвэр гаргаж өгөөгүй. Үүний дараа 2 дахь удаагаа очиж уулзахад захирлын албан тушаалыг түр орлон гүйцэтгэж байгаа газрын албаны дарга зээл авснаас хойших дансны хуулга болон бусад шаардлагатай зүйлсийг нэхэмжилж тэдгээрийг бүрдүүлж өгснөөр хариу гаргаж өгнө гэж хэлсэн боловч хариугаа авахаар очиход мөн захирал тодорхой болоогүй учраас шийдвэрлэх боломжгүй байна гэж явсаар өдийг хүрсэн. Мөн энэ хугацаанд төслөө хэрэгжүүлэхэд ойр орчмын оршин суугчдын гаргасан гомдлоос болж 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Улсын бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт оруулж ..заалтыг нэмүүлж бүтэн нэг жилийн хугацаанд Баянгол дүүргийн шүүх дээр гомдол гаргасан хүмүүстэй шүүхийн асуудалтай явсан. Үүний дараа шүүхийн захирамж гарснаар 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр манайх үйл ажиллагаа явуулах эрхтэй болсон. 2022 оны 07 дугаар сар хүртэл үйл ажиллагаагаа явуулж чадахгүй ийм хэмжээнд байсан учраас нэхэмжлэгчийн ярьж байгаа 2021 онд Хан-Уул дүүргийн шүүхэд өгөөд Хан-Уул дүүргийн шүүхээс надад ямар ч нэхэмжлэл ирлээ гэж хэлээгүй. Тиймээс би мэдэхгүй байгаа. Надад ирсэн шүүхийн нэхэмжлэлээр 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 744,818,180 төгрөгийг Монголиан корпорайшн компаниас нэхэмжилж зээлийн батлан даалтын сангаас 167,240,000 төгрөгийг нэхэмжилж анхны шүүхийн нэхэмжлэл ирсэн. Шүүхийн нэхэмжлэлийг анх ирүүлэхдээ зээлийн батлан даалтын сан нь Т..нд 167,240,000 төгрөгийг гаргаж өгсөн байсан. Үүнийг гаргаж өгөхдөө 8 дугаар сарын 01-ний өдөр авлага барагдуулах гэрээг хууль ёсны дагуу нотариатаар орж хийсэн боловч 2023 оны 08 дугаар 15-ны өдөр 15 хоногийн дараа Төрийн банкны хамт Баянгол дүүргийн шүүхэд мөн нэхэмжлэл гаргасан байсан. Шүүхээр орохын өмнөх шатанд танайх үйл ажиллагаа эхэлсэн төлбөрөө төлж чадах учраас шүүхээр орохгүйгээр авлага барагдуулах гэрээг эвлэрлийн гэрээ болгож хийдэг гэсэн. Түүний дагуу эвлэрлийн гэрээ байгуулж өнөөдрийг хүртэл 1 жилийн хугацаанд графикийн дагуу төлөөд явж байна. Зээлийн батлан даалтын сан 167,240,000 төгрөгөөр манай компанийг батлан даагаагүй. Зээлийн батлан даалтын сангийн хийсэн зээлийн батлан даалтын гурвалсан гэрээгээр 344,480 төгрөгөөр батлан дааж байгаа нь бичээстэй байгаа. Уг төлбөрийг бүрэн төлж дуусаагүй болоод батлан даалтын санг хариуцагчаар татсан. Үүнд холбогдуулаад зээлийн гэрээг цуцлаад 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр буюу 1 жилийн дараах байдлаар 744,000,000 төгрөг маань 1 тэрбум 17 сая төгрөг болж өөрчлөгдсөн. Иймд нэг жилийн хугацаанд гарсан хүүгийн төлбөр буюу 373,022,254 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11,531,460 төгрөгийг үндэслэлгүй гэж үзэж байна. 1 жилийн хугацаанд ийм хэмжээний хүү тооцогдох ямар ч боломжгүй. Мөн зээлийн хугацаа дуусах болоогүй. Анх 744,818,000 төгрөгийг 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар нэхэмжилсэн. 2023 оны 08 дугаар 15-ны өдрийн байдлаар хэвийн зээл төлөгдөх ёстой байдлыг харахад 708,035,883.15 төгрөг байсан. Иймд зээлийн зөрчил үүссэн хэмжээгээр гаргуулж аваад зээлийг хойшлуулах боломжтой байсан боловч тусгай активын хэлтэст ирснээр зээл хойшлуулах боломжгүй, эвлэрэх боломжгүй гэсэн шалтгаанаар шүүхэд хандсан. Зээлийн гэрээг цуцалсан бол тухайн үед гарсан 744,818,180 төгрөгийг төлөх хүсэлтэй байна. Уг төлбөрөөс зээлийн батлан даалтын сангийн 167,000,000 төгрөгийг мөн гаргуулах хүсэлтэй байна.” гэжээ.
3. Нэхэмжлэгчээс Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 6/, 2023 ны 04 дүгээр сарын 26-ны өдрийн итгэмжлэл /хх 7/, 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн М ХХК-ийн Т ХХК-иас дэмжлэг хүссэн тухай /хх 8-9/, 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Зээлийн гэрээ /хх 10-12/, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх 13/, 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Барьцааны гэрээ /хх 14-17/, 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 18/, 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ /хх 19/, тус эзэмшлийн газрын байршил зураг /хх 20/, 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Батлан даалтын гэрээ /хх 21-22/, 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Батлан даалтын гурвалсан гэрээ /хх 23-24/, Батлан даалтын шимтгэл төлөлтийн хуваарь /хх 25/, 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Батлан даалтын ерөнхий гэрээ /хх 26-32/, 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн зээлдэгчийн анкет /хх 33-35/, 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Ц.Ц ийн Т ХХК-д гаргасан өргөдөл /хх 36/, 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр, 09 дүгээр сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл /хх 37-38/, 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн уулзалт хийсэн тэмдэглэл /хх 39/, 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн уулзалт хийсэн тэмдэглэл /хх 40/, зээлийн дансны харилцагчийн хуулга /хх 41-44/, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн ... дугаар шүүгчийн захирамж /хх 45-46/, 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Итгэмжлэл /хх 98/, 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Зээл, хүүгийн тооцооны хуудас /хх 99/ зэрэг баримтуудыг гаргажээ.
ҮНДЭСЛЭХ нь:
4. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
5. Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч М ХХК болон Ц.Ц нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,017,308.177 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойших хугацааны хүү хариуцахгүй, зээлийн гэрээг зөрчлөө арилгаад үргэлжлүүлмээр байна гэж маргажээ.
6. Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон байна.
Нэхэмжлэгч Т ХХК нь 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хариуцагч М ХХК-тай зээлийн гэрээ байгуулж 800,000,000.00 төгрөгийг тэжээвэр амьтдын цогц үйлчилгээг өргөтгөх зориулалтаар жилийн 13.82 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай олгохоор тохирчээ.
Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар хариуцагч Ц.Ц ийн өмчлөл, эзэмшлийн улсын бүртгэлийн... талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлах улсын бүртгэлийн ... дугаартай ... м.кв үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газрыг барьцаалсан байна.
Зохигчид зээлийн гэрээний зүйл болох 800,000,000 төгрөгийг зээлдэгчид өгсөн болон хариуцагч Зээлийн батлан даалтын сан нь үндсэн зээлээс 41.81 хувь буюу 334,480,000.00 төгрөгийг батлан даахаар тохирсон эсэх талаар маргаагүй.
Зээлдэгч үндсэн зээлд 7,000 төгрөг, ... сангаас 167,238,537 төгрөг, зээлийн хүү 10,024,162 төгрөг төлсөн байна.
Зээлдэгчид гэрээний үүргээ биелүүлэхийг 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 01 тоот, 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 03 тоот мэдэгдлээр хүргүүлсэн, зээл төлүүлэх талаар 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн уулзалтын тэмдэглэл, 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн уулзалтын тэмдэглэлээр тус тус тогтоогдсон, улмаар зөрчлийг арилгаагүй нь гэрээний 6.2.1 дэх хэсэгт заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг ноцтой зөрчиж байгаа талаар удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч зөрчлийг арилгаагүй үндэслэлээр гэрээ цуцлах үндэслэл болжээ.
7. Нэхэмжлэгч Т ХХК нь 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хариуцагч М ХХК-тай зээлийн гэрээ бичгээр байгуулж, 800,000,000.00 төгрөгийг тэжээвэр амьтдын цогц үйлчилгээг өргөтгөх зориулалтаар жилийн 13.82 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай зээлдэгчид шилжүүлсэн тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” заасан зээлийн гэрээ Т ХХК болон М ХХК нарын хооронд байгуулагджээ.
8. Нэхэмжлэгч гэрээний хугацаа дуусахаас өмнө, хэргийг шийдвэрлэх үеийн байдлаар нийт 1,017,308.177 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжлэхдээ зээлийн гэрээг цуцлах шаардлага гаргаагүй хэдий ч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ “...хариуцагч нар эргэн төлөлтийн хугацаа хэтрүүлсэн тул гэрээг хугацаанаас өмнө цуцалж байна” гэсэн тайлбарыг гаргасан. Үүнийг талуудын хооронд байгуулагдсан гэрээг цуцалж, гэрээний үүргээ шаардсан гэж үзнэ.
Гэрээг тогтвортой, талуудын итгэл, найдварыг баталгаатай байлгах зорилгоор үндэслэлгүйгээр, дуртай үедээ гэрээнээс татгалзах, гэрээг цуцлахыг хуулиар хязгаарласан байдаг. Харин гэрээний талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэйг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр байх учир нэг тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд нөгөө тал гэрээг цуцлах эрхтэй.
2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр ...дугаартай зээлийн гэрээний 6.2.1-д “зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж байгаа талаар зээлдэгчид удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч зөрчлийг арилгах арга хэмжээ аваагүй бол зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцална” зааснаар хариуцагч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах нөхцөл байдлыг үүсгэсэн гэж үзнэ. Энэ талаар хариуцагч нар маргаагүй байна.
Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч нь хариуцагч нарт гэрээний үүрэг зөрчигдөж байгааг, мөн энэ байдал хэвээр үргэлжилсэн нөхцөлд гэрээ цуцлагдахыг бичгийн хэлбэрээр мэдэгдсэн нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт нийцсэн байна.
Ийнхүү зээлийн гэрээ цуцлагдсан хугацаанаас хойш буюу шүүхэд нэхэмжлэл гаргасан үеэс эхлэн хүү төлөх эрх зүйн үр дагавар зогсоно. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.” заасан боловч энэхүү зохицуулалт нь гэрээг цуцлах замаар зээлийг бүхэлд нь буцаан шаардахгүйгээр хүү шаардахад хамааралтай тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд нэхэмжлэл гаргасан хугацаанаас хойш хугацаанд хүү авна, зээлийн төлбөрийг төлж дуусах хүртэл хүү бодогдоно гэх тайлбар үндэслэлгүй болжээ.
9. Зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг ба энэ гэрээгээр зээлдүүлэгч 800,000,000 төгрөг шилжүүлж гэрээний үүргээ биелүүлсэн байна.
Бусдаас зээл авсан бол буцаан төлөх зарчим зээлийн гэрээний харилцаанд оршдог. Хариуцагч гэрээний дагуу зээлийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй болжээ.
Иймээс Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт “Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно.”, 452.2 дахь хэсэгт “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй.” 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.” тус тус зааснаар үндсэн зээл 465,514,463 төгрөг, хүү 277,669,450 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,634,267 төгрөг, нийт 744,818,180 төгрөгийг нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч М ХХК-иас гаргуулахаар шаардах эрхтэй юм.
Нэхэмжлэгчийн анхны нэхэмжлэлдээ гаргасан энэхүү тооцооллыг буруутгах үндэслэлгүй бөгөөд хариуцагч энэ талаар маргаагүйгээс гадна зээлийн гэрээний үүргийг нэмэгдүүлэн шаардахдаа Ц.Ц д давхар холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдаанд тайлбарлахдаа М ХХК-иас зээлийн төлбөрийг шаардаж байгаагаа илэрхийлжээ.
10. Нэхэмжлэгч нь Зээлийн батлан даалтын санд холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсан тул нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй болжээ.
Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” зааснаар Төрийн банк, Зээлийн батлан даалтын сан болон М ХХК нар 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 04/20-15 дугаартай Батлан даалтын гуравласан гэрээ байгуулж, Батлан даалтын шимтгэл төлөлтийн хуваарь гаргажээ.
Энэхүү гэрээний 1.1-д “Энэхүү гэрээгээр зээлдэгч, банкны хооронд байгуулагдсан 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 04/20-12 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн зээл төлөх үүргээ зээлдэгч нь бүрэн биелүүлж чадна гэж баталж, хэрэв зээлдэгч үүргээ биелүүлээгүй тохиолдолд Зээлийн батлан даалтын сан нь түүний өмнөөс энэхүү гэрээнд заасан үүргийг гүйцэтгэх, Зээлийн батлан даалтын сан дээрх үүргийг гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгэсэн хэмжээний төлбөрийг зээлдэгчээс буцаан шаардах эрх банкнаас зээлийн батлан даалтын санд шилжихтэй холбоотой харилцааг зохицуулна”, 2.1-д ”Зээлийн батлан даалтын сан нь зээлдэгч банк нарын хооронд байгуулагдсан гэрээний дагуу олгогдсон 800,000,000 төгрөгийн зээлийн 41.81 хувьд батлан даалт гаргав” гэсэн нь зээлдүүлэгч эхэлж зээлийн батлан даалтын сангаас 334,480,000 төгрөгийг гаргуулж, тэр төлбөрөө зээлдэгчээр нөхөн гаргуулахаар тохиролцжээ.
Түүнчлэн зээлдэгч гэрээний үүргийг ноцтой зөрчсөний улмаас нэхэмжлэгч гэрээг цуцалсан, зээлийн гэрээний үүрэг шаардах эрх хүчинтэй, зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч хариуцагч биелүүлээгүй учир батлан даагч зээлийн батлан даалтын сангаас гэрээнд заасан 334,480,000 төгрөг шаардах эрх нэхэмжлэгчид үүсжээ.
Гэтэл нэхэмжлэгч Т ХХК нь Зээлийн батлан даалтын сантай байгуулсан 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Батлан даалтын ерөнхий гэрээг үндэслэн зээлийн батлан даалтын сангаар 167,238,537 төгрөг төлүүлж, түүнд холбогдох шаардлагаасаа татгалзаж, үлдэх 167,196,463 төгрөгийг хариуцагч М ХХК-иас нэмж гаргуулахаар нэхэмжилжээ.
Талууд гуравласан гэрээгээр зээлийн батлан даалтын сан үндсэн зээлээс 41.81 хувь буюу 334,480,000.00 төгрөгийг зээлдэгчийг үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд төлөх, улмаар тэр төлбөрөө зээлдэгчээс шаардахаар тохиролцсон байхад М ХХК-ийг оролцуулаагүй байгуулсан батлан даалтын ерөнхий гэрээгээр тал төлбөрийг урьдчилан төлөөд үлдсэн төлбөрийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсаны дараа үлдсэн хэмжээгээр батлан даана гэсэн нь хариуцагч М ХХК-ийн хувьд хүчингүй гэж үзлээ. Үүргийн эрх зүйн харилцаа нь харьцахгүй эрх болохын хувьд гэрээ байгуулсан талуудын хооронд гэрээнд заасан эрх, үүрэг үүснэ. Өөрөөр хэлбэл М ХХК-ийг оролцуулаагүй батлан даалтын ерөнхий гэрээгээр зээлийн батлан даалтын санг батлан даалтын гуравласан гэрээнд заасан хариуцлагаас чөлөөлсөн эрсдэлийг хариуцагч хариуцах үндэслэлгүй байна.
Иймээс нэхэмжлэгч нь гуравласан гэрээнд зааснаар зээлийн батлан даалтын сангаас шаардах 167,240,000 төгрөгийн төлбөрийг хариуцагчаас шаардах эрхгүй бөгөөд зээлийн батлан даалтын сан энэ төлбөрийг төлсөн тохиолдолд гуравласан гэрээнд зааснаар хариуцагчаас нөхөн төлүүлэх эрх нээлттэй байна.
11. Иймд хариуцагч М ХХК-иас үндсэн зээл 465,514,463 төгрөг, хүү 277,669,450 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,634,267 төгрөг, нийт 744,818,180 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгож, үлдэх 272,489,997 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
12. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-д “Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй”, мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана” гэж заасан.
Дээр дурдсанчлан талууд барьцааны гэрээ байгуулж үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлээр хангуулахаар тохиролцсон байх тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн байна.
Иймд зээлдэгч Монголиан пропет корпорейшн ХХК шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн... талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, газар эзэмших эрхийн ...тоот гэрчилгээтэй, эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэгдсэн .. м.кв үйлчилгээний зориулалттай газрыг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар боллоо.
13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5,872,938 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 3,952,241 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч М ХХК-иас 744,818,180 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Т ХК-д олгож, үлдэх 272,489,997 төгрөгийг Ц.Ц болон М ХХК нараас гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэгдсэн, Ц.Ц ийн өмчлөлийн... тоот гэрчилгээтэй, эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэгдсэн ... м.кв үйлчилгээний зориулалттай газраас үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч Зээлийн батлан даалтын санд холбогдох 167,240,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5,872,938 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 3,952,241 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЗҮМБЭРЭЛ