Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 02

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж, Нарийн бичгийн дарга Ш.Дорж-Очир Улсын яллагч Б.Төрболд Шүүгдэгч Э.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Ц-д холбогдох 17230000850060 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1991 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Зэвсэгт хүчний 325-р ангид уурын зуухны галч ажилтай, ам бүл 2, эхийн хамт Завхан аймгийн Улиастай сум Жаргалант баг Нефтийн хэсэг *-* тоотод оршин суудаг, урьд Завхан аймгийн Сум дундын 1-р шүүхийн 2006 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял, мөн шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 86 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих, мөн шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 55 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих, мөн шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 07 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял тус тус оногдуулж байсан, хэрэг хариуцах чадвартай, Алаг адуун овогт Э-ийн Ц, Регистрийн дугаар: ИХ******* Шүүгдэгч Э.Цэрэндовдон нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.Ц нь 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Завхан аймгийн Улиастай сумын Жинст багт үйл ажиллагаа явуулдаг Кристалл зоогийн газарт иргэн Д.Т-ын эд зүйлийг хулгайлсан хэргийн үйл баримт нь энэ талаараа мэдүүлсэн хохирогч Д.Т-ын “... тэр өдөр орой 20 цагийн үед Ц, Ц-ын найз гэх нэг залуу бид 3 орсон. Бид 3 Чингис нэртэй архи 2 шилийг хувааж уугаад би нилээн согтоод унтаад өгсөн. Тэгээд сэртэл мөнгө маань алга болчихсон байсан. Миний өмдний баруун халаасанд 300.000 төгрөг байсан юм. Би Кристаллд орохоосоо өмнө 400.000 төгрөгтэй байж байгаад тэр мөнгөнөөсөө 100.000 төгрөг аваад куртикнийхээ энгэрийн халаасанд хийгээд үлдсэн 300.000 төгрөгийг өмдний баруун халаасанд хийсэн... Намайг мөнгөө салгаж хийхэд хэн нэгэн хүн хараагүй...” гэсэн мэдүүлэг, Гэрч Л.Х-ын “...2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Цагдаагийн газрын даргын баталсан томилгоогоор би эрүүлжүүлэх байрны эмчээр гарч байсан юм. Тэр шөнө Э.Ц гэх залууг ахлагч Ш.С эрүүлжүүлэх байранд авчирч биед нь үзлэг хийсэн юм. Үзлэг хийхэд Э.Ц-ийн биеэс бэлэн мөнгө 272.000 төгрөг гарч ирсэн. Дэвсгэрт нь ямар байсныг санахгүй байна...” гэсэн мэдүүлэг, Гэрч Б.Ц-ын “...тэр орой Кристалл зоогийн газарт 20 цагийн үед Д.Т, Э.Ц бид 3 орсон юм. Бааранд 2 шил архи аваад хувааж уугаад Д.Т нилээн согтоод баарны сандал дээр унтаад өгсөн. Ц бид 2 үлдсэн архиа уугаад юм ярьж суусан. Тэгээд баар хаах болоод Д.Т-ыг сэрээгээд гарах гэтэл Д.Т өмдний халаасанд байсан мөнгө алга болчихож гээд бид хоёроос асуугаад байсан. Д.Т мөнгөтэй байх ёстой, манай ажилчдын цалин буусан. Д.Т АТМ-ээс мөнгө авсан, яг хэдэн төгрөг авсныг мэдэхгүй, манай ширээнд өөр хүн суугаагүй...” гэсэн мэдүүлэг, Гэрч Б.П-ийн “... Э.Ц нь 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Баян-Айрагт ажилладаг гэсэн 2 залуутай орж ирээд архи уусан. Баар хаахын үед нэг залуу нь өмдний халаасанд байсан 300.000 төгрөг хулгайд алдчихлаа гээд бөөн юм болсон... Тухайн үед Э.Ц мөнгийг нь өгөөд 4-5 ширхэг лаазтай пиво худалдаж авсан санагдаж байна. Тухайн өдөр хүн нилээн их байсан учир хэдэн төгрөгөөр яг юу авсныг нь сайн санахгүй байна...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр тогтоогдож байна. Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг нь хэрэгт авагдсан гэрч, хохирогчийн мэдүүлгээр давхар нотлогдож байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 16.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар үнэллээ. Мөн түүнчлэн хохирогч, гэрчүүдээс хуульд заасан журмаар мэдүүлэг авсан, тэд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан, мэдүүлгүүд өөр хоорондоо зөрүүгүй, харилцан бие биенийхээ мэдүүлгийг нотолсон, хэрэг гарах үеийн үйл баримтанд шууд хамааралтай байх тул шүүх дээрх мэдүүлгүүдийг үнэлж шийдвэрийнхээ үндэслэл болголоо. Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Т-т 300000 төгрөгний хохирол учирсан нь хохирогчийн мэдүүлэг болон түүний дансны хуулгаар тогтоогдож байна. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд хохирогч Д.Т-т хохирол төлбөр төлөгдсөн бөгөөд нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй. Иймд шүүгдэгч Э.Ц нь хохирогчийн халааснаас 300000 төгрөгийг нууцаар, хууль бусаар авсан үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байх тул бусдын хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй. Шүүх Э.Ц-г 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.Ц-д холбогдох 17230000850060 дугаартай хэргийг прокурорын саналыг харгалзан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд шийдвэр гаргах нь зүйтэй гэж үзээд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.3, 1.4, 1.5, 1.8, 4,5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Алаг адуун овогт Э-ийн Ц-г Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ц-г 260 /хоёр зуун жар/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Э.Ц-д оногдуулсан 260/хоёр зуун жар/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихийг анхааруулсугай.

4. Шүүгдэгч Э.Ц-д 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Шүүгдэгч Э.Ц тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хувьд оногдох хөрөнгөнөөс битүүмжлээгүй, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ Н.ДЭЛГЭРМАА