Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 124/ШШ2024/0004

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Батдорж даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Дүгнэлт гаргагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Б,

Хариуцагч: Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналтын улсын байцаагч Ч.Б,

Дүгнэлтийн шаардлага: Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналтын улсын байцаагч Ч.Б 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн шийтгэлээс чөлөөлөх хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа, дүгнэлт гаргагч прокурор С.Б, хариуцагч улсын байцаагч Ч.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Дүгнэлтийн шаардлага:

1.1. Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналтын улсын байцаагч Ч.Баасанхүүгийн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн шийтгэлээс чөлөөлөх хуудсыг хүчингүй болгуулах шаардлага гаргасан.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Увс аймгийн Завхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Н.Ц 2023 оны 8 дугаар сарын цалин орхилдуулж тайлагнасан тул нөхөж оруулж өгөхийг хүссэн албан бичгийг Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст ирүүлжээ. (Хавтаст хэргийн 6 дугаар хуудас)

2.2. Улмаар 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналтын улсын байцаагч Ч.Б ...Н.Ц 2023 оны 8 дугаар сарын цалин, хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын хуулийн дагуу шимтгэл тооцож хугацаанд нь тайлагнаагүй гэх мэдээллийн дагуу зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу ажиллагаа явуулжээ.

2.3. Дээрх мэдээллийн дагуу 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр холбогдогчоор Увс аймгийн Завхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нягтлан бодогч Б.Г татаж тайлбар, мэдүүлэг авч хялбаршуулсан журмаар зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, шийтгэлээс чөлөөлөх хуудас бичжээ. (Хавтаст хэргийн 14 дүгээр хуудас)

2.4. Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Б 2024 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр тус шийтгэлээс чөлөөлөх хуудсыг хүчингүй болгуулах дүгнэлт бичиж шүүхэд хандсан.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Дүгнэлт гаргагч прокурор шүүхэд гаргасан гаргасан дүгнэлтдээ: ...Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналтын улсын байцаагч Ч.Б нь Завхан сумын иргэдийн төлөөлөгчдийн нягтлан бодогч Б.Гантуяа нь иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажилтан Н.Ц 2023 оны 8 дугаар сарын цалинг тайлагнаагүй гэх 20 дугаартай зөрчлийн талаарх гомдол, мэдээлэлд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, холбогдогч Б.Гантуяаг 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр шийтгэлээс чөлөөлж шийдвэрлэсэн байна.

Материалд авагдсан баримтуудаас үзэхэд эрх бүхий албан тушаалтан Ч.Б нь зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авч, зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа явуулаад Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-2.4-д заасан шийдвэрийг гаргахаар заасан байхад шууд шийтгэлээс чөлөөлж шийдвэрлэсэн.

Мөн Увс аймгийн Завхан сумын иргэдийн төлөөлөгчдийн нягтлан бодогч Б.Г-ийн зөрчилд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахдаа 6.12 дугаар зүйлийн 2, 10 дахь хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн шалгаагүй, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлээгүй байна.

Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт хуулийн этгээдэд шийтгэл оногдуулахаар заасан байхад хууль буруу хэрэглэж, Завхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нягтлан бодогчийг шийтгэлээс чөлөөлж үндэслэлгүй шийдвэр гаргасан тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Нийгмийн даатгалын хэлтсийн хяналтын улсын байцаагч Ч.Баасанхүүгийн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн шийтгэлээс чөлөөлөх хуудсыг хүчингүй болгуулахаар дүгнэлт гаргаж байна гэжээ.

3.2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Увс аймгийн Завхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ...Н.Ц 2023 оны 8 дугаар сарын цалин орхигдуулсан тул нөхөж оруулж өгнө үү гэсэн утгатай 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 27 дугаартай албан бичгийг манай байгууллагад ирүүлсэн бөгөөд тухайн сарын цалингийн цэс, цалингийн баланс, төлбөрийн даалгавар, НД7, НД8 тайлан зэрэг нотлох баримтыг хавсаргасан байна.

Завхан сумын ИТХ-аас ирүүлсэн баримт материал, нийгмийн даатгалын мэдээллийн нэгдсэн сангаас даатгуулагч Н.Ц цалинг орхигдуулсан зөрчил нь нотлогдож, нягтлан бодогч Б.Г нь зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2.3, 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасны дагуу хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх материал нээж, нягтлан бодогч Б.Гантуяад хуульд заасан эрх үүргийг тайлбарлан тэмдэглэл бичиж оролцогчдод танилцуулан гарын үсэг зуруулсан.

Б.Г нь Нийгмийн даатгалын мэдээллийн нэгдсэн санд Завхан сумын ИТХ-ын нягтлан бодогч гэж бүртгэгдсэн, мөн тэрээр нийгмийн даатгалын тайланг тайлагнаж, гарын үсэг зурж баталгаажуулсан зэргээр түүний тухайн газарт нягтлан бодогчоор ажилладаг төрийн албан хаагч мөн болох нь бүрэн нотлогдож байх тул Зөрчлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан үндэслэлээр шийтгэлээс чөлөөлөх шийдвэр гаргасан.

Зөрчлийн тухай хуулийн 6.12 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт заасны дагуу нягтлан бодогч Б.Гантуяад холбогдох хуульд заасан арга хэмжээг авах тухай Нийгмийн даатгалын хэлтсийн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 336 дугаартай албан бичгээр хүргүүлсэн гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.  Шүүх хуульд заасан журмаар хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудыг үндэслэн Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналтын улсын байцаагч Ч.Б-ийн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн шийтгэлээс чөлөөлөх хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

2. Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтээ дэмжиж, ...зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авч зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа явуулаад Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-2.4-т заасан шийдвэрийг гаргахаар заасан байхад шууд шийтгэлээс чөлөөлж шийдвэрлэсэн..., зөрчилд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахдаа 6.12 дугаар зүйлийн 2, 10 дахь хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн шалгаагүй..., Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт хуулийн этгээдэд шийтгэл оногдуулахаар заасан байхад хууль буруу хэрэглэж нягтлан бодогчийг шийтгэлээс чөлөөлж үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж тайлбарлав.

3. Хариуцагч улсын байцаагчийн зүгээс ...Завхан сумын ИТХ-аас ирүүлсэн баримт материал, нийгмийн даатгалын мэдээллийн нэгдсэн сангаас даатгуулагч Н.Ц-ийн цалинг орхигдуулсан зөрчил нь нотлогдож, холбогдогч нягтлан бодогч Б.Гантуяа зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2.3, 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасны дагуу хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэж, холбогдогч тус байгууллагад нягтлан бодогчоор ажилладаг төрийн албан хаагч мөн болох нь бүрэн нотлогдож байх тул Зөрчлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан үндэслэлээр шийтгэлээс чөлөөлөх шийдвэр гаргасан маргаж байна.

4. Увс аймгийн Завхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Н.Ц-ийн 2023 оны 8 дугаар сарын цалин буюу шимтгэл төлөлтийг тайлагнаагүй гэх үйл баримтын талаар талууд маргаагүй.

5. Увс аймгийн Завхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нягтлан бодогч Б.Г-д холбогдох зөрчлийн хэрэгт эрх бүхий албан тушаалтны зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, холбогдогчоос мэдүүлэг авсан тухай тэмдэглэл, 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Увс аймгийн Завхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 27 дугаартай албан бичиг, цалин олгох хүснэгт, ээлжийн амралтын олговрын цалингийн түүвэр, цалин олгох хүснэгт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2023 оны 8 дугаар сарын тайлан, Завхан сумын ИТХ-д ажиллаж буй даатгуулагчийн 2023 оны 8 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт, холбогдогч Б.Г-ийн хүсэлт, эрх бүхий албан тушаалтны хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, шийтгэлээс чөлөөлөх хуудас зэрэг баримтууд хэрэгт авагдсан.

6. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.15 дахь хэсэгт зааснаар нийгмийн даатгалын хяналтын улсын байцаагч нь Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлд заасан зөрчлийг шалган шийдвэрлэх үүргийг гүйцэтгэх бөгөөд уг үүргээ тухайн хуульд заасан үндэслэл, журмын дагуу гүйцэтгэх учиртай.

6.1. Тухайлбал, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд зөрчил шалган шийдвэрлэх явцад дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 1.3-т хуульд заасан үндэслэл, журмын дагуу зөрчлийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах, эсхүл зөрчлийн хэрэг нээх, 1.5-д зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах, мөн хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ...энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн, эсхүл гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор шалгаж, дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана, тус хэсгийн 2.1-д гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх, 2.2-т гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах, 2.3-т хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх, 2.4-т зөрчлийн хэрэг нээх гэж тус тус хуульчилсан.

7. Гэтэл эрх бүхий албан тушаалтан буюу Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан гомдол мэдээллийг хүлээн авч холбогдогчоор Увс аймгийн Завхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нягтлан бодогч Б.Гантуяаг татаж тайлбар мэдүүлэг авч, зөрчлийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх холбогдогч Б.Г-ийн хүсэлт гаргасныг үндэслэн хуулийн урьдчилсан нөхцөл бүрдээгүй байхад Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.12 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт зааснаар төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн албаны чиг үүрэгтэй холбоотой хэрэгжүүлсэн үйлдэл гэж үзэж шийтгэлээс чөлөөлөх шийдвэр гаргасан үндэслэлгүй болжээ.

7.1. Өөрөөр хэлбэл, хариуцагч нийгмийн даатгалын хяналтын улсын байцаагч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйн гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногийн дотор шалгаж 2.4-д зааснаар зөрчлийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт ач холбогдол бүхий л нотлох баримтыг цуглуулан мөн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийн аль нэгийг гаргахаар заасан байхад энэхүү процессыг зөрчиж шийдвэр гаргасан нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулаагүй гэж үзнэ.

7.2. Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т зааснаар холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэх үндэслэлээр хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх бол эрх бүхий албан тушаалтан хуульд заасан шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээг авахаар заасан байхад шийтгэлээс чөлөөлж шийдвэрлэсэн нь хууль бус юм.

8. Түүнчлэн, нийгмийн даатгалын хэлтсийн хяналтын улсын байцаагчаас тухайн сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг хуульд заасан хугацаанд тайлагнаагүй гэх зөрчилд Увс аймгийн Завхан сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын нягтлан бодогч ажилтай Б.Г холбогдогчоор шалгасан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар эрх бүхий албан тушаалтнаас хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох хуулийн заалтыг зөрчсөн байна.

8.1. Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт ...Ажил олгогч нь тухайн сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг хуульд заасан хугацаанд ирүүлээгүй, тайлагнаагүй бол хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж хуулийн этгээдийн холбогдогчоор татаж оролцуулахаар байхад Увс аймгийн Завхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга буюу хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд хэн болох, итгэмжлэл олгогдоогүй байхад шууд нягтлан бодогчоор томилогдон ажиллаж байгаа нь нотлогдож байгаа гэх үндэслэлээр Б.Г холбогдогчоор зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж, холбогдогчийг буруу тодорхойлсон нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

9. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Захиргааны хэргийн шүүх энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6.15 заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан, шийтгэлээс чөлөөлсөн шийдвэрт гаргасан ...прокурорын дүгнэлтээр зөрчил хянан шийдвэрлэнэ гэж зохицуулсан.

10. Иймд хариуцагч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах үүргээ гүйцэтгээгүй, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар холбогдогчийн буруу тодорхойлсон гэх үндэслэлээр прокурорын дүгнэлтийг хүлээн авч, хариуцагч улсын байцаагчийн гаргасан маргаан бүхий 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн шийтгэлээс чөлөөлөх хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалт, 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Б-ийн гаргасан дүгнэлтийг хангаж, Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналтын улсын байцаагч Ч.Б-ийн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн шийтгэлээс чөлөөлөх хуудсыг хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх заалтад заасны дагуу прокурор нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар прокурор, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               О.БАТДО