Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 2022/ДШМ/062

 

*******т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Л.Нямдорж, Ч.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******,

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч  *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар  Б.Бадамсүрэн нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж хянан шийдвэрлэсэн 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 2022/ШЦТ/168 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор *******т холбогдох эрүүгийн 2114002890148 тоот хэргийг 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, ...Өндөр гүнд овогт Цэгмидийн Батбаатар,  регистрийн дугаар ВЭ82091712

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Улаан сайр 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Байшингийн булан" гэх газарт 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Hyundai 300 маркийн экскаватор, Hyundai 500 маркийн экскаватор, усан буу буюу 60 скурбер, усны насос, цэнхэр өнгийн дизель мотор зэргийг ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулж, 1900 м2 талбайд үйл ажиллагаа явуулж, байгаль орчинд 470,446 төгрөгийн хохирол учруулж, хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд  бичигдсэнээр /

Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******т  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Өндөр Гүнд овогт Цэгмидийн Батбаатарыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул  явуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Өндөр гүнд овогт Цэгмидийн Батбаатарыг нэг / 01 / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан нэг  / 01 / жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 5-д зааснаар шүүгдэгч *******аас Хюндай-3000 экскаваторын үнэ 7.200.000 төгрөг, усан буу 2030.000 төгрөг, усны насос 610.000 төгрөг, цахилгаан үүсгүүр 610.000 төгрөг нийт 10.450.000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр биелүүлэх газарт даалгаж, Мөрдөн шалгах ажиллагааны явцад Хюндай-3000, Хюндай-5000 экскаваторууд, усан буу, усны насос, цахилгаан үүсгүүр зэргийг иргэний нэхэмжлэгч нарт нь буцаан олгосон болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүхэд шинээр гаргаж өгсөн СД 1 ширхгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж түүний эдлэх ялыг 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******ийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

....Шүүгдэгчийн тухайд анх хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдэн шалгагдаж эхэлсэн тэр үеэс эхлэн өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрч удаа дараа мэдүүлэг өгсөн нь хавтаст хэргийн 27,29 дүгээр хуудсанд авагдсан байгаа тиймээс ч анхан шатны шүүх хуралдааны явцад шүүгдэгч болон өмгөөлөгчийн хувьд хэргийн зүйлчлэл гэм буруугийн тухайд ямар нэгэн маргаан байхгүй тул хэргийн хөнгөрүүлэх чиг үүргийг хэрэгжүүлж оролцон шүүмжлэлээ ч нэг үе шаттайгаар явуулах саналаа шүүхэд хэлсэн. Шүүгдэгчийн хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг хавтаст хэргийн материалд байсаар байхад зөвхөн нэг талыг барьж шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлгийг шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл болгосон бөгөөд харин мөрдөн байцаалтад өгсөн гэм буруугаа хүлээсэн мэдүүлгийг үгүйсгэж байгаа үндэслэлээ заагаагүй байна.

Шүүгдэгчийн тухайд өөрийн үйлдсэн гэмт хэрэг гэм бүруугаа хүлээн зөвшөөрч, уг хэргийнхээ хор уршгийг ойлгон ухамсарлаж байгаа билээ. Батбаатар нь өндөр настай аав, 2 хүүхдээ асран хамгаалж, тэжээн тэтгэж байгаа ганц хүн нь бөгөөд өөрийнх нь хувьд биеийн эрүүл мэндийн байдал сайн биш байнгын эмчийн хяналтад байдаг юм.

Иймд ЭХХШТХ ийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 д зааснаар Анхан шатны шүүхийн 168 тоот шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тэнсэж өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* гаргасан давж заалдах гомдолдоо:

Тухайн шийтгэх тогтоолд миний үйлчлүүлэгч *******ыг 1 жилийн хорих ял оногдуулж тус ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэхдээ үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрөөгүй гэж дүгнэсэн бөгөөд ******* нь мөрдөн байцаалтын шатнаас эхлэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа талаараа тогтвортой мэдүүлж ирсэн байдаг. Мөн гэм буруугийн шүүх хуралдаан дээр байгаль орчинд учруулсан хохирол нөхөн сэргээлтийн 470.446 /дөрвөн зуун далан мянга дөрвөн зуун дөчин зургаа/-н төгрөгийг төлсөн байгаа нь шүүгдэгч ******* нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэм буруугаа хүлээсэн гэж үзэх бүрэн боломжтой юм. Мөн ******* нь 2 хүүхдээ ганцаараа ажил хийж өгсөн, харж ханддаг, ганц бие эцэг бөгөөд анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэрэг хувийн байдлыг нь харгалзан Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 2022/ШЦТ/168 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг хэрэглэн тэнсэж өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******ын тус шүүхэд гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүхээс шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага оногдуулахдаа эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан хуулийг буруу тайлбарлаж, буруу хууль зүйн дүгнэлт хийсэн хэмээн өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

Шүүгдэгч ******* нь гэм буруугийн хувьд маргаангүй харин ажиллаагүй эвдэрсэн байсан техник тоног төхөөрөмжийн талаар мэдүүлсэн мэдүүлгийг үндсэн хэргийн гэм буруугийн асуудалтай холбож улмаар түүнд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа түүний эрх зүйн байдлыг дордуулах байдлаар тайлбарлаж хэрэглэсэн хэмээн ойлгогдож байна.

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүйг дахин дурьдаж байна.

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын засаг даргын тамгын газартай 2018 оноос хойш холбоотой ажиллаж, үе үеийн засаг дарга нартай нь хамтран ажиллаж байсан байдаг.Мөн уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй компанийг ажиллуулдаг байсан.

Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Байшингийн булан гэх газрыг гар аргаар алт олборлогчид шүүгдэгч *******аас өмнө газрын хэвлийд халдаад

эвдчихсэн эвдрэлтэй газар байсан талаар шинжээчийн дүгнэлт хэрэг авагдсан байдаг.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд нийцэх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг ба анхан шатны шүүхээс хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт нь шүүгдэгч *******ын холбогдсон гэмт хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэр, санаа, зорилго зэрэгт тохироогүй хэмээн өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

******* нь хувийн байдлын хувьд анх удаа гэмт хэрэгт холбогдсон, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн хувьд Байшингийн булан гэх газрыг шүүгдэгч *******аас өмнө гар аргаар алт олборлогчид газрын хэвлийд халдаад

эвдчихсэн эвдрэлтэй байсан, мөн эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэрэг ач холбогдол бүхийн нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүх анхаарч үзээсэй хэмээн хүсэж байна.

Иймээс Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох, эсвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалтын аль нэгийг нь сонгон хэрэглэж өгөхийг хүсэж байна гэжээ.

Прокурор  *******ын шүүх хуралдаанд гаргасан   дүгнэлтийн агуулга:  Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээнэ үү гэв.

Шүүгдэгчийн    өмгөөлөгч   *******ийн  тус шүүх хуралдаанд гаргасан саналын агуулга: Хавтаст  хэрэгт авагдсан материалаар гэм буруугаа хүлээгээгүй гэх баримтгүй, хэргийн нөхцөл байдлыг харгалзан хорихоос өөр төрлийн ял оногдуулж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулна уу гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******, *******,******* нарын давж заалдах журмаар бичсэн  гомдлуудад   үндэслэн  хэргийг хянан шийдвэрлэхдээ  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд    гомдлуудад  дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу  авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлан үзвэл:

Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ыг  Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Улаан сайр 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Байшингийн булан" гэх газарт 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Hyundai 300 маркийн экскаватор, Hyundai 500 маркийн экскаватор, усан буу буюу 60 скурбер, усны насос, цэнхэр өнгийн дизель мотор зэргийг ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулж, 1900 м2 талбайд үйл ажиллагаа явуулж, байгаль орчинд 470,446 төгрөгийн хохирол учруулсан үйл баримтыг тогтоож   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Мөрдөн  шалгах ажиллагааны үед  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж , тодруулсан,  оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчилгүй, прокуророос зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Мөн түүнчлэн хэрэгт  авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд өөр хоорондоо ноцтой зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар  тогтоосон байна.

Дээрх үйл баримт нь

Хавтаст хэргийн 63-64,  70 дугаар талд   тус тус авагдсан “......Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Улаан сайр 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Байшингийн булан” гэх газарт ямар нэгэн ашигт малтмалын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл дүгнэлтгүй... ******* гэх хүн манай сумтай ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй. ...“Байшингийн булан” гэх газар нь өмнө эвдэгдсэн газар байсан. Өмнө нь хууль бусаар иргэд буюу нинжа нар үйл ажиллагаа явуулж байсан газар байгаа юм...”

“...*******ын хууль бусаар явуулсан үйл ажиллагаанаас болж мэргэжлийн байгууллагын тогтоосон 1900 м2 талбайд биологийн нөхөн сэргээлтийн зардал 470,446 төгрөгийг нэхэмжилж байна” гэх  хохирогч, иргэний нэхэмжлэгч  байгууллагын  төлөөлөгч  *******ын  мэдүүлэг,

Хэргийн 117-118 дугаар талд авагдсан “.... 37-22 УН, 50-20 УН улсын дугаартай тээврийн хэрэгслүүд манай төв компанийн нэр дээр байдаг техник хэрэгсэл ...Манай төвөөс Хүрэлбаатар гэх хүнтэй техник түрээслэх гэрээ хийж тухайн хүнд 2 техникээ түрээслүүлсэн гэсэн. Манай байгууллага техникт хэрэгслээ бүрэн бүтэн буцааж авмаар байна...” гэх  иргэний нэхэмжлэгч *******ийн  мэдүүлэг,

Хэргийн 74-76 дугаар талд авагдсан “... Батбаатар гэх хүн надаас усан буу буюу 60 скүрбер, усны насос, цэнхэр өнгийн дизель мотор зэргийг түрээсэлсэн..... Тус техникүүдийг 3 жилийн өмнө бүгдийг нь нийлүүлээд... 4,000,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Батбаатар гэх хүн нь надаас усан буу, усан буу буюу 60 скүрбер, усны насос, цэнхэр өнгийн дизель мотор зэргийг уурхайгаар үйл ажиллагаа явуулна гэж хэлсэн... Би усан буу буюу 60 скүрбер, усны насос, цэнхэр өнгийн дизель мотор зэргийг би авсан үнэ болох 4,000,000 төгрөгөөр зараад явуулсан... надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх  иргэний нэхэмжлэгч *******ын мэдүүлэг,

Хэргийн  125 дугаар талд авагдсан “.... Өнгөрсөн 2021 оны 09 дүгээр сарын дундуур түрээсийн гэрээ хийсэн. Сарын 45,000,000 төгрөгөөр тохиролцож 1 сарын хугацаатай гэрээ хийсэн. Би Huyndai маркийн экскаваторыг... 85,000,000 төгрөгөөр худалдаж авч байсан... Хаан банкны барьцаанд байгаа юм... түрээсийн гэрээгээ хийгээд урьдчилгаа 15,000,000 төгрөгийг өгөөд аваад явсан.Би өөрийнхөө Hyundai маркийн экскаваторыг одоогийн ханшаар 80,000,000 төгрөгөөр үнэлж байна...” гэх иргэний нэхэмжлэгч *******ын мэдүүлэг,

Хэргийн 129 дүгээр талд авагдсан “...Би 2021 оны 09 дүгээр сард фейсбүүк групп дээр “Экскаватор” түрээсэлж газар шорооны ажил хийнэ” гэж зар оруулсан. ... өөрийн эзэмшлийн Хюндай маркийн Экскаватороо 1 сарын хугацаатай өдрийн 20 цаг газар шорооны ажил хийх нөхцөлтэйгөөр 26,000,000 төгрөгөөр түрээслэхээр бичгээр гэрээ байгуулж, гэрээний заалтад заасны дагуу урьдчилгаа 50 хувь буюу 13,000,000 төгрөгийг би өөрийн "5374199988” дугаартай дансаар авсан. Миний Хюндай маркийн Экскаватор Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нутаг дэвсгэрт газар шорооны ажил хийгээд 3 хонож байхад Экскаватор эвдэрсэн... би өөрийн Экскаватороо 2021 оны 10 дугаар сарын сүүлээр очиж авсан. ...Экскаватороо 50,000,000 төгрөгөөр үнэлж байна. Хюндай маркийн Экскаватор миний эзэмшлийнх гэдгийг гаалийн бичиг байгаа тээврийн хэрэгслийн гэрчилгээг нь авч амжаагүй байна... би өөрөө тухайн ажил хийж байсан газарт нь огт очиж үзээгүй. Надад одоо ямар нэгэн, гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх иргэний нэхэмжлэгч мэдүүлэг,

Хэргийн 23-24 дүгээр талд авагдсан “...2021 оны 10 дугаар сарын 09-нд манай найз ******* яриад манайх Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн нутаг “Байшингийн булан “ гэх газар уурхай гаргаж байна. Мотор асаагаад өгөө гээд би энд ирсэн. Зөвшөөрөл байгаа эсэхийг би сайн мэдэхгүй.Би 10 сарын 09-ний орой ирээд 5 дахь хоногтоо ажиллаж байна...” гэх  гэрч Д.Цэдэнбалын  мэдүүлэг,

Хэргийн 27-28 дугаар талд авагдсан “... Би Улаанбаатар хотоос ирээд 2 хоног ажиллаж байна. энд техник түрээсэлдэг хүнийг таньдаг. ....Намайг 10 хоног ажиллаад өгөөч гэхээр нь би энд ирсэн... Техник энэ тэр нь эвдрээд сэлбэг захиж авахуулаад байж байна... Намайг Улаанбаатар хотоос ирэхээс өмнө 2-3 хоног ажиллаж байгаа...” гэх  гэрч  ын мэдүүлэг,

Хэргийн 84-85 дугаар талд авагдсан “...  Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Улаан сайр 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Байшингийн булан” гэх газар хууль бусаар үйл ажиллагаа явуулсан үйлдлийг илрүүлж хэргийн газрын үзлэг хийсэн....” гэх гэрч ын  мэдүүлэг

Хэргийн 89 дүгээр талд авагдсан “...Тогтоолоор өгөгдсөн солбицол бүхий газар нь улсын тусгай хамгаалалттай газар, хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй газар, бичил уурхайн зөвшөөрөлтэй талбайд давхцалгүй,  Тухайн газар нь урьд өмнө эвдрэлтэй байсан учраас хөрс, ургамлын бүрхэвчийн хохирол тооцох боломжгүй, шинжилгээ хийх үед булж тэгшилсэн байдалтай байснаас гадна хэргийн үзлэгийн тэмдэглэлд ухагдсан нүхний гүний хэмжилт авагдаагүй тул газрын хэвлий, усан орчинд хохирлын үнэлгээ, техникийн нөхөн сэргээлтийн зардал тооцох боломжгүй, 1900 м2 талбайд биологийн нөхөн сэргээлт хийх ажлын зардал нь 470,446 төгрөг болж байна..Тухайн газар нь урьд өмнө эвдрэлтэй газар байсан байна...”  гэх  Байгаль орчны зөвлөх ХХК-ийн шинжээчийн  1/111, 1/92 дугаар дүгнэлтүүд

Хэргийн 94  дүгээр талд авагдсан “ Хюндай 5000 экскаватор 1 ширхэг 31.333.000 төгрөг,. Хюндай 3000 экскаватор 1 ширхэг 25.600.000 төгрөг,. Усан буу 1 ширхэг 2.030.000 төгрөг,. Дизель мотор1 ширхэг 610.000 төгрөг, Усны насос 1 ширхэг 610.000 төгрөг ,Эд зүйлийн нийт үнэ цэнэ 60,183,000 /Жаран сая нэг зуун наян гурван мянга/ төгрөг болохыг тодорхойлов... “ гэх  Энх-Нахиа ХХК-ийн   шинжээчийн  364 дүгээр дүгнэлт

Хэргийн 8-15 дугаар талд авагдсан “...Хюндай-3000 экскаватор, үнэ 7.200.000 төгрөг ...” гэх шинжилгээний дүгнэлт гаргасан  Хос итгэл ХХК-ийн шинжээчийн  дахин дүгнэлт  болон хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх  шүүгдэгч *******ыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул  явуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь  агуулгын хувьд алдаатай буюу    шүүгдэгч ******* нь тусгай зөвшөөрөлгүй байж ашигт малтмал болох алт олборлож ашиг олох зорилгоор 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр, Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Улаан сайр 1 дүгээр багийн нутаг  “Байшингийн булан" гэх газарт 1900 м2 талбайг ухаж байгаль орчинд 470 446 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт  тогтоогдсон байхад  тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул  явуулсан  гэм буруутайд тооцохгүй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн  24.2 дугаар зүйлд заасан хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг нь  Ашигт малтмалын тухай хуулийн дагуу ашигт малтмалыг эрэх, хайх, ашиглах эрх олгосон баримт бичиггүй этгээд    хууль  бусаар газарт халдсанаар төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг  бөгөөд

 сэдэлтийн хувьд   алт олборлож ашиг олох  зорилготой байх тул эрэл хайгуул гэснийг эрэх, хайх гэж өөрчлөх нь зүйтэй.

Анхан шатны шүүх шүүгдэгч *******ын гэмт үйлдэлд Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-нийг, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг  хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-д “... гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ “ гэж  заасны дагуу  “... гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар...”-ыг хэргийн бодит байдалд тохируулан ойлгомжтой үгээр илэрхийлээгүй  байна.

Харин давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч *******ын  урьд нь эвдэгдсэн байсан 1900 м2 талбайг ухаж байгаль орчинд 470 446 төгрөгийн хохирол учруулсан, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан  анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан хорих ялыг өөрчилж  10 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10 000 000 төгрөгөөр торгох ял оногдуулж  түүний  2022 оны 8  дугаар сарын 26-ны өдрөөс 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 60 хоногийг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.10-т заасны дагуу    цагдан хоригдсон нэг хоногийг нь  торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу 15000 төгрөгөөр тооцоход 900 000 төгрөг болох бөгөөд   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т заасны дагуу  оногдуулсан 10 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10 000 000 төгрөгөөр торгох ялаас 900 000 төгрөгийг хасаж тооцон  9 100 000 төгрөгийг 3 жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шүүх бүрэлдэхүүн  шийдвэрлэв

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******ийн “... хэргийн нөхцөл байдлыг харгалзан хорихоос өөр төрлийн ял оногдуулна уу” гэх агуулгаар бичсэн гомдол хуулийн  үндэслэлтэй байна. 

Харин Давж заалдах шатны шүүх нь магадлалаа бичих явцад  шүүгдэгч *******т  анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг торгох ял болгож  өөрчлөн шийдвэрлэсэн магадлалын тогтоох хэсгийг  шүүх хуралдаанд уншин сонсгохдоо  тоо, тооцооллын  техникийн алдаа гаргасан байх тул  шүүх өөрийн санаачилгаараа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.12 дугаар зүйлийн 1-т заасны дагуу  энэ магадлалд  залруулга оруулж зөвтгөх болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн  1.4   -т  заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 2022/ШЦТ/168 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад

Шүүгдэгч Өндөр Гүнд овогт Цэгмидийн Батбаатарыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул  явуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэснийг

“Шүүгдэгч Өндөр Гүнд овогт Цэгмидийн Батбаатарыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэх, хайх үйл ажиллагаа явуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,

2 дахь заалтад “ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Өндөр Гүнд овогт Цэгмидийн Батбаатарыг нэг / 01 / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэснийг

“Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******т 10 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10 000 000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай” гэж,

3 дахь заалтад “ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан нэг  / 01 / жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэснийг

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******ын цагдан хоригдсон нэг хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний  төгрөгөөр тооцон нийт цагдан хоригдсон 60 хоногийг 9000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900 000 төгрөгөөр тооцон торгох ялаас хасаж   торгох ялыг 8 100 000 төгрөгөөр тогтоосугай” гэж өөрчлөн тогтоох хэсгийн бусад заалтуудыг тус тус хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч ******* нь 60 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, цагдан хоригдож байгаа шүүгдэгч *******ыг шүүх хуралдааны танхимаас суллаж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

3. Анхан болон Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд  нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР

Л.НЯМДОРЖ