| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Зүмбэрэл |
| Хэргийн индекс | 102/2024/02449/И |
| Дугаар | 102/ШШ2024/04589 |
| Огноо | 2024-10-01 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 102/ШШ2024/04589
2024 оны 10 сарын 01 өдөр Дугаар 102/ШШ2024/04589 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Зүмбэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: И ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х ХХК-д холбогдох,
264,138,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Б.Ууганжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компани Х ХХК-тай бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээг 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдөр байгуулж, 197,500,000 төгрөгийн .. м.куб хөөс нийлүүлэх гэрээ байгуулсан. Гэрээний төлбөрт... 75 тоот 3 өрөө байрыг захиран зарцуулах эрхтэйгээр Э.Б нэр дээр шилжүүлж авсан. Худалдагч гэрээний 3.2.9-д зааснаар бараа бүтээгдэхүүнийг 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдрөө 2023 оны 8 дугаар сарын 05-ны өдрийг дуусталх хугацаанд нийлүүлж дуусах байсан боловч хугацаа хэтрүүлж, шаардсаны эцэст 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдөр .. 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдөр ..., 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр... тус тус 4 удаа нийт 33,408,000 төгрөгийн ... хөөс м.кубийг 240,000 төгрөгөөр тооцож нийлүүлсэн. Бартерт авсан байраа худалдсан тул иргэн Ж.Э-д 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдөр шилжүүлэх хүсэлт ирүүлсний дагуу орон сууцыг шилжүүлж өгсөн. Манай компани гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн байтал ...ХХК хөөс нийлүүлэх үүргээ бүрэн биелүүлээгүй өнөөдрийг хүрч, гэрээ ёсоор 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 164,092,000 төгрөгийн ...м.куб хөөсийг нийлүүлээгүй 143 хоног хугацаа хэтрүүлсэн байсан тул 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр ... тоот албан бичиг хүргүүлсэн боловч хариу ирүүлээгүй. Гүйцэтгээгүй үүргийн дүнгийн тал хувиар алданги тооцвол 82,046,000 төгрөг болох бөгөөд нийт 246,138,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.” гэв.
2. Хариуцагч хариу тайлбартаа: “Нэхэмжлэлийн нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй, тодорхой биш, үйл баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй, эвлэрэн хэлэлцэх боломжгүй, шүүхээр хэргээ шийдвэрлүүлнэ гэсэн тул хэргийн материалд байгаа үйл баримтаар хэрэг хянан шийдвэрлэх боломжгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй, нэхэмжлэгч баримтаа нотолж чадаагүй тул хэргийг шийдвэрлэх боломжгүй.” гэжээ.
3. Нэхэмжлэгчээс 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 75 дугаартай бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ /хх 7-9/, 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 75 дугаартай орон сууц захиалан бариулах гэрээ /хх 14-19/ шүүхэд гарган өгчээ.
Шүүх хэргийн 10-13 дахь хуудсыг нотлох баримтаас хассан бөгөөд хэргийн 20-21 дүгээр хуудсанд авагдсан баримтыг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр ирүүлэхийг нэхэмжлэгчид даалгасан боловч эх баримтыг бүрдүүлэх боломжгүй талаар шүүх хуралдаанд тайлбарлажээ.
ҮНДЭСЛЭХ нь:
4. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
5. Нэхэмжлэгч нь бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний үлдэгдэл төлбөрт 162,092,000 төгрөг, алданги 82,046,000 төгрөг, нийт 246,138,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй, нотлох баримтгүй, шаардлагаа баримтаар нотлоогүй гэж маргажээ.
6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Зохигч 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдөр харилцан тохиролцож, ...орон сууцыг 179,500,000 төгрөгийн үнэ бүхий 790 м.куб барилгын хөөсөөр арилжихаар болжээ.
Нэхэмжлэгч нь 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 42 м.куб, 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдөр ... хөөсийг авсан гэснийг хариуцагч баримтаар нотолж чадахгүй тул маргахгүй гэжээ.
Мөн гэрээний зүйл болсон...гэрээний 2.4-д “нийлүүлэгч тал нь энэхүү гэрээний төлбөрт тооцсон үл хөдлөх хөрөнгийг ашиглах, захиран зарцуулах эрхтэйгээр урьдчилан шилжүүлж авна” зааснаар Э.Б. Ж.Э.д шилжүүлснийг хариуцагчийн төлөөлөгч мэдэхгүй гэсэн боловч орон сууцыг урьдчилан шилжүүлээгүйтэй холбоотой маргаж байгаагүй болох нь тогтоогдож байна.
Бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний 7.1-д “талууд энэхүү гэрээгээр тогтоосон хугацаанд үүргээ гүйцэтгээгүй эсхүл зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө” гэж талууд тохиролцсон бөгөөд 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс хойш үлдэгдэл 164,092,000 төгрөгийн 683,7 м.куб хөөсийг нийлүүлээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх зааснаар хэргийн оролцогч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд хариуцагч нь нэхэмжлэл тодорхойгүйг, яагаад орон сууцыг урьдчилан аваагүй бол зарим үүргээ биелүүлснийг, эвлэрэхгүй гэсэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно гэсэн татгалзлаа баримтаар нотлоогүй байна.
7. Талууд 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдөр ... арилжихаар тохиролцсон тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан арилжааны гэрээ байгуулагдсан байна.
Гэрээний зүйл болсон ... орон сууцыг хариуцагч урьдчилан шилжүүлээгүйтэй холбоотой маргаж байгаагүй болох нь тогтоогдсон бөгөөд урьдчилан шилжүүлж авсны үндсэн дээр ... хөөс нийлүүлсэн тул нэхэмжлэгч орон сууц шилжүүлэх гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзэхээр байна.
Хариуцагч нь ... тус тус 4 удаа нийт 33,408,000 төгрөгийн 139.2 м.куб хөөсийг өгснөө үгүйсгээгүй бөгөөд илүү хөөс нийлүүлсэн болохоо нотлоогүй тул 164,092,000 төгрөгийн 683,7 м.куб хөөс нийлүүлэх үүргээ биелүүлээгүй гэж үзлээ.
Иймд нэхэмжлэгч нь гэрээний үүргээ биелүүлсэн, гэрээ хүчин төгөлдөр, хэрэгжүүлэх боломжтой, дуусгавар болоогүй байх тул хариу үүрэгт 164,092,000 төгрөгийн төлбөрийг Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасны дагуу шаардах эрхтэй юм.
8. Талуудын хооронд 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний 7.1-т “гэрээний хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө” гэж тохиролцсон байх бөгөөд уг тохиролцоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасантай нийцжээ.
Алдангийн хэмжээг гэрээний 7.1-т заасан төлбөр төлөх хамгийн сүүлийн хугацаа буюу 2023 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс хойш нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл гүйцэтгээгүй үүрэг болох 162,092,000 төгрөгийн 0,5 хувиар тооцоход гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх ба нэхэмжлэгч алдангийн хэмжээг хууль болон гэрээнд заасан хэмжээгээр гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь болох 82,046,000 төгрөг гаргуулахаар шаардах эрхтэй байна.
9. Иймд хариуцагч Х.ХХК-иас арилжааны гэрээний үүрэгт 164,092,000 төгрөг, алданги 82,046,000 төгрөг, нийт 246,138,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч И. ХХК-д олгох нь зүйтэй.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаар төлүүлэх үндэслэлтэй болжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Х.ХХК-иас 246,138,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч И. ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,389,840 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,389,840 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЗҮМБЭРЭЛ