Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 102/ШШ2024/04994

 

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 31 өдөр

            Дугаар 102/ШШ2024/04994

                       Улаанбаатар хот

 

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Зүмбэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С.Ч

Хариуцагч: Сh

Хариуцагч: Km 

255,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т, Ц.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, гэрч Г.Г, Г.Г, Д.М, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Б.Цэлмэг нар оролцов.

   ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “Би хариуцагч Ч , К нартай харилцан тохиролцож, гэрээ байгуулан ... үйлчилгээний зориулалтаар худалдан авсан. Гэрээний зүйл болох үйлчилгээний зориулалттай талбайн үнийг гэрээний 3.2-т зааснаар 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар 388,710,000 төгрөг төлж барагдуулсан байсан бөгөөд үлдэгдэл төлбөр 311,290 000 төгрөгийн 30,000,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр, 45,000,000 төгрөгийг 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр, 236,290,000 төгрөгийг 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төлөх үүргээ би бүрэн биелүүлж, Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, гэрээний 3.3-т зааснаар үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр шилжүүлж би өмчлөгч болсон. Гэрээгээр хууль ёсны өмчлөлд шилжсэн үйлчилгээний талбайг зориулалтын дагуу ашиглаж байтал хана өрөн хааж хоёроос дээш давхарт орц, нээж өгөх үед би бусад үйлчилгээ эрхлэгчийн тусын тулд хана өрсөн хэсгээс үйлчилгээ явуулж байсан хэсгээ татан авсан. Энэ тохиолдолд худалдагч тал итгэл үнэмшил төрүүлэн, үүргээ зохих ёсоор, шударгаар биелүүлсэн дүр үзүүлэн, үнэлэн худалдсан талбайг буцаан татаж байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Гэрээний 6.5-д зааснаар гэрээтэй холбоотой маргаан гарсан учир харилцан зөвшилцөх гэтэл хүлээж авахгүй байгаа тул шүүхэд хандаж байна. ...бодит байдал дээр хана өрөн тасалснаас болж би өөрийн хөрөнгөө бүрэн хэмжээгээр хэрэгжүүлж чадахгүй байгаа ч доголдолтой хэмжээнд нийцүүлэн үйл ажиллагаа явуулж хариуцагч талын эзэмшилд байгаа ... м.кв талбайн үнэ 170,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна. .. үнэ 4,487,179 төгрөг болно. Үүнийг хариуцагч  талын эзэмшилд байгаа .. м.кв талбайд тооцвол 170,000,000 төгрөг болно. Хариуцагч Ч , К нараас дутуу үл хөдлөх хөрөнгийн үнэ 170,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа нэмэгдүүлж, гэрээний 3.5-д хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувиар алданги тооцохоор тохиролцсон тул 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх алданги 85,000,000 төгрөгийг хариуцагч Ч , К нараас нэмж гаргуулж өгнө үү.” гэжээ.

2. Хариуцагч нар хариу тайлбартаа: “Хариуцагч бид нар 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр нэхэмжлэгч С.Ц...тай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, өөрийн өмчлөлийн ... 156 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 700,000,000 төгрөгөөр худалдсан. Энэхүү гэрээгээр хариуцагч нар нь гэрээнд заасан үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчийн эзэмшил, ашиглалтад хүлээлгэн өгч гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн, нэхэмжлэгч манайд ямар нэг гомдол шаардлага гаргаагүй. С.Ц. нь анх үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахаас өмнө нийтийн эзэмшлийн талбай болох угтах үйлчилгээний хэсэг буюу хариуцагч талын эзэмшилд байгаа гэх талбай нь хана өрөгдөн тусгаарлагдсан байсныг мэдэж байсан. Гэтэл С.Ц. нь нэхэмжлэлдээ тухайн үл хөдлөх эд хөрөнгийг ашиглаж байтал хана өрөн хаасан мэтээр бодит байдалд нийцээгүй тайлбар гаргасан байна. Үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээг худалдан авагч шалгаж авах эрхтэй, тухайн үед энэ эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан. Мөн үл хөдлөх эд хөрөнгийн дутуу гэх 37.89 м.кв талбайг ямар баримтаар хэрхэн, яаж тогтоосон нь тодорхойгүй байна. Иймд нэхэмжлэгч С.Ц..гийн нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ

3. Нэхэмжлэгчээс 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн хэлцэл /хх 5-6/, төлбөрийн баримт /хх 7/, .дугаартай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ /хх 8, 32/, итгэмжлэл /хх 9, 23-27/, 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ /хх 19-21/, төлбөр төлөх хуваарь /хх 22/, өмгөөлөгчийн мэдэгдэл хүргүүлсэн тухай бичиг /хх 37-43/, фото зураг /хх 8184/, У. ХХК-ийн хэмжилтийн дүгнэлт /хх 131-134/, хариуцагчаас Д.М. хаан банкны дансны хуулга /хх 92-119, 141-167/ шүүхэд гарган өгчээ.

           ҮНДЭСЛЭХ нь:

4. Шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

5. Нэхэмжлэгч нь хариуцагч өмчлөх эрхэд саад учруулан хана босгосон учир худалдах худалдан авах гэрээний дагуу авсан 156 м.кв талбайн ...талбайгаас татгалзаж, түүний төлбөрт төлсөн 170,000,000 төгрөг, алданги 85,000,000 төгрөг, нийт 255,000,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч, гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгэсэн учир татгалзал үндэслэлгүй, алданги төлөхгүй гэж маргажээ.

6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Зохигч 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн ...дугаартай, ... талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 700,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцсон болох нь 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн хэлцэл, 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр тогтоогдож байна.

Мөн хариуцагч нар үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлж, нэхэмжлэгч гэрээнд заасан 700,000,000 төгрөгийг төлсөн талаар зохигч маргаагүй болно.

7. Нэхэмжлэгч С.Ц..болон хариуцагч ... нар үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авахаар тохиролцсон тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээ зохигчийн хооронд байгуулагджээ.

Энэхүү гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй эрхийн зөрчилгүй орон сууцыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь гэрээгээр тохирсон үнийг төлөх үүрэгтэй.

Нэхэмжлэгч С.Ц..нь 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу ...үл хөдлөх хөрөнгийн үнэд 700,000,000 төгрөг төлсөн бол хариуцагч нар нь үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлж гэрээний үүргээ биелүүлжээ.

Тухайлбал, Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” зааснаар нэхэмжлэгч С.Ц.. нь ...талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болсон тул хариуцагч нар эрхийн хувьд доголдолгүй зүйл шилжүүлжээ.

Мөн нэхэмжлэгч “өмчлөлд шилжсэн үйлчилгээний талбайг ашиглаж байтал хана өрсөн” гэсэн тул хариуцагч нар нь өмчлөх эрх шилжих хүртэл 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн гэж үзнэ.

Иймээс хариуцагч нар нь 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу өмчлөх эрх шилжүүлэх үүргээ огт гүйцэтгээгүй, эсхүл гэрээнд заасан ёсоор гүйцэтгээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгчид гэрээний үүрэг зөрчигдсөний улмаас гэрээний зарим хэсгээс татгалзах эрх үүсээгүй байна.

8. Түүнчлэн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үүргээ талууд бүрэн гүйцэтгэж, дуусгавар болсон байхад өмчлөх эрхийг зөрсөн үйлдэлтэй холбогдуулан дуусгавар болсон гэрээнээс үр дагавар үүсгэж алданги нэхэмжилсэн нь үндэслэлгүй болжээ.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан нөхцөл бүрдээгүй тул БНСУ-ын иргэн .. нарт холбогдох, С.Ц-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,590,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.ЗҮМБЭРЭЛ