| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригоогийн Нандинцэцэг |
| Хэргийн индекс | 170/2018/0003/Э |
| Дугаар | 03 |
| Огноо | 2018-01-05 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 03
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Нандинцэцэг даргалж, Нарийн бичгийн дарга Ш.Дорж-Очир Улсын яллагч Э.Гантулга Шүүгдэгч С.Т Хохирогч А.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Т-т холбогдох 1723001060001 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Завхан аймгийн Улиастай сумд 1982 оны 12 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Завхан аймгийн Улиастай сумын Жинст баг Арын энгэр *-** тоотод оршин суух хаягтай, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй хэрэг хариуцах чадвартай Солгой овогт С-ийн Т РД:/ИЮ*******/ Шүүгдэгч С.Т нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Солгой овогт С-ийн Т нь 2017 оны 12 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн нутаг Арын энгэрийн хэсгийн *-** тоотод байх өөрийн гэртээ согтуугаар эхнэр А.Б-ын нүүрэн тус газар 2-3 удаа алгадаж, нуруу руу нь өвдөглөж чимхсэн болох нь хохирогч А.Б-ын “ 2017 оны 12 дугаар сарын 06-ны шөнийн 01 цаг өнгөрч байхад манай нөхөр Т гаднаас ганцаараа согтуу орж ирээд намайг О гэж залуутай унтсан гээд хэлэх хэлэхгүй үгээр доромжлоод 2-3 удаа алгадаад нуруу руу өвдөглөөд чимхээд байсан. Гичий жингэрээр дуудаад байсан. Өглөө миний нүүр хавдсан байхаар нь цагдаа дуудсан. Т бид хоёр айл гэр болоод 5 жил болж байгаа...” гэсэн мэдүүлгээр болон А.Б-ын 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 09 цаг 50 минутад цагдаагийн байгууллагад гаргасан гомдлын дагуу С.Т-ийнд дуудлагаар ирсэн гэрч Б.Г-ийн “Би тэр өдөр мэдээлэл хүлээн авагчаар гарч байхад 09 цаг 50 минутад ******* дугаарын утаснаас Б гэх хүний ”манай нөхөр намайг зодож хэл амаар доромжлоод байна” гэж дуудлага өгсөн дуудлагын дагуу дэд ахлагч Д.Н-ын хамт очиход Т согтуу ирээд намайг хэл амаар доромжлоод хардаад намайг чимхэж өшиглөсөн гэж байсан гэсэн мэдүүлгээр, мөн гэрч Д.Н-ын “Би 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр жижүүрээр гарч байсан чинь дуудлаганд яв гээд ахлагч Ганчимэгийн хамт Жинст баг Арын энгэр *- ** тоотод очтол эхнэр нь нөхрийгөө гаднаас нь түгжсэн байсан. Эхнэрээс нь юу болсон талаар асуутал намайг хардаад хэл амаар доромжлоод зодсон...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна. С.Т-ийн А.Б-ыг зодсон үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 201820003 дугаартай шинжээчийн дүгнэлтийн “...А.Б-ын биед тархи доргилт, зүүн талын шанааны хэсэгт хавдар гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр тогтоогджээ. Эхнэр, нөхөр нь гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт зааснаар уг хуулийн үйлчлэлд хамаарах этгээд байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт гэр бүлийн хүчирхийлэлийг -Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээд, мөн хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийн бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор тодорхойлсон бөгөөд С.Т А.Б-ыг зодсон үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзнэ. С.Т нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний биед хөнгөн гэмтэл учруулсан нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн болно. Шүүгдэгч С.Т-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. С.Т-т холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргах нь зүйтэй. Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ яллагдагчийг тохиролцсон ялын саналын хамт согтууруулах ундаа хэрэглэхийг хязгаарлах хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авахуулах санал гаргажээ. Шүүгдэгч өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч 245 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хүлээн зөвшөөрсөн ба харин хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээний талаар талууд тохиролцоогүй учир шүүх оногдуулсан ял дээр нэмж хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзлээ. Шүүгдэгч хохирогчид төлөх төлбөргүй учир түүний эд хөрөнгийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзээд
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 17.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.5, 18, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Солгой овогт С-ийн Т-ийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч С.Т-ийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 245 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай.
4. Шүүгдэгч С.Т-т өмнө авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Шүүгдэгчийн Samsung S-4 маркийн гар утсыг битүүмжилсэн прокурорын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 5/ 02 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан, болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.
8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ З.НАНДИНЦЭЦЭГ