Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 2022/ДШМ/34

 

М.Эрдэнэбаярт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч Ш.Төмөрбаатар, Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:  

Прокурор Ч.Отгонбаатар

Нарийн бичгийн дарга Б.Нансалмаа нарыг оролцуулан,       

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Мөнхбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 2022/ШЗ/401 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрсөн прокурорын эсэргүүцлээр шүүгдэгч М.Эрдэнэбаярт холбогдох 2222001310137 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Төмөрбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Яллагдагч: Даш овогт Мөнхбаярын Эрдэнэбаяр, 1987 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн, бага боловсролтой, малчин, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Дундговь аймгийн Дэрэн сумын Төхөм гэх газарт нутаглаж байгаа, Дундговь аймгийн Өлзийт сумын 1 дүгээр баг, Хашаат гэх газарт оршин суух, /РД: ЗИ87110411/.

М.Эрдэнэбаяр нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Дундговь аймгийн Өлзийт сумын 1 дүгээр баг “Хашаат худаг” гэх газарт байрлах “Си Жи Си Эм” ХХК-ны уурхайгаас машин механизм буюу улаан өнгийн Даюун маркийн мотоцикл ашиглаж Delkor-DF200L маркийн аккумлятор 1 ширхгийг хулгайлж 850.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

           Дундговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Эрдэнэбаярын үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

           Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар яллагдагч М.Эрдэнэбаярт холбогдуулан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2222001310137 дугаартай хэргийг прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч М.Эрдэнэбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Захирамжийг хүчин төгөлдөр болмогц эрүүгийн 2222001310137 дугаартай хэргийг Дундговь аймгийн Прокурорын газарт хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж шийдвэрлэсэн байна.

           Хяналтын прокурор Ч.Отгонбаатар давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Отгонбаатар би яллагдагч М.Эрдэнэбаярт холбогдох эрүүгийн 2222001310137 дугаартай хэрэгт 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

Яллагдагч М.Эрдэнэбаяр 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Дундговь аймгийн Өлзийт сумын 1 дүгээр баг Хашаат худаг гэх газар байрлах “Си Жи Си Эм” ХКК-ны уурхайгаас машин механизм буюу улаан өнгийн Даюун маркийн мотоцикл ашиглаж Delkor-DF200L маркийн аккумлятор 1 ширхгийг хулгайлж 850000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн.

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 2022/ШЗ/401 дугаартай захирамжийг 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч танилцахад, шүүх хэргийн бодит байдалтай нийцэхгүй дүгнэлт хийж хэргийг прокурорт буцаасан байгаа тул дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг хэзээ гарсан, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн хэмжээ бүрэн тогтоогдоогүй байна.

Гэвч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад яллагдагчаас хураан авсан Delkor-DF200L маркийн аккумлятор нь хохирогчийн аль цаг хугацаанд алдсан аккумлятор болохыг тогтоох ажиллагаа хийгээгүй, бусад алдагдсан гэх эд зүйлтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагааг хийж гүйцэтгээгүй байгаа нь гэмт хэргийн талаар нотолбол зохих байдал нотлогдоогүй гэж үзэх үндэслэл болж байна.

... Г.Оргой нь “Си Жи Си Эм” ХКК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд гэдэг нь нотлогдоогүй, “Си Жи Си Эм” ХКК-ийг төлөөлөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх олгосон баримт хэрэгт авагдаагүй байгааг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол хүлээсэн хохирогчийг зөв тогтоогоогүй байна гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болох хохирогч Г.Оргойн: “ 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр “Си Жи Си Эм” ХКК-ны уурхай дээр ирэхэд уурхайн гэрийн гадаа байсан 3700 маркийн экскаватороос Delkor-DF200L маркийн аккумлятор, мөн гэрийн цоожийг хөшиж онгойлгож гэрийн баруун талд байсан аккумлятор цэнэглэгч, гэрийн зүүн хойд хөндийд байсан 20 орчим метрийн урттай цэс голтой 2 салаа утас, мөн гэрийн гадаа зүүн урд талд байсан экскаваторын базуур төмөр 1 ширхэг зэрэг эд зүйл алдагдсан байсан гэх мэдүүлэг.

Яллагдагч М.Эрдэнэбаяр мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ “2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр уурхайгаас очиж аккумлятор авсан талаар” мэдүүлснээс үзэхэд гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа тодорхой байна.

Хэрэгт “Си Жи Си Эм” ХКК-ны захирал Н.Батаагийн, Гунгаа овогтой Оргойг тус компанийг төлөөлөн Дундговь аймгийн Өлзийт сумын Шивээгийн гозгор нэртэй хайлуур жоншны уурхайн даргаар 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн томилон ажиллуулж байна гэсэн №02 дугаартай итгэмжлэхээр хохирогч Г.Оргой эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “Си Жи Си Эм” ХКК-ийг төлөөлөн оролцох эрх олгогджээ.

Дундговь аймгийн Өлзийт сумын 1 дүгээр баг Хашаат худаг гэх газар байрлах “Си Жи Си Эм” ХКК-ны Шивээгийн гозгор нэртэй хайлуур жоншны уурхайн гэрээс аккумлятор цэнэглэгч, 20 орчим метрийн урттай цэс голтой 2 салаа утас, мөн гэрийн гадаа зүүн урд талд байсан экскаваторын базуур төмөр 1 ширхэг зэрэг эд зүйл алдагдсан гэх хэрэгт яллагдагч М.Эрдэнэбаярыг холбогдуулан шалгасан боловч эдгээр эд зүйлийг хулгайлсан нь тогтоогдохгүй тул холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, энэ талаарх прокурорын тогтоолыг хохирогч Г.Оргойд танилцуулж хохирогчоос гомдол гаргаагүй учраас тогтоол хүчин төгөлдөр болсон тул / бусад эд зүйл алдагдсан үйлдэлд / хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах шаардлагагүй болсон.

Дээрх нотлох баримтуудаар яллагдагч М.Эрдэнэбаярт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлэх боломжтой байхад шүүх хэргийг үндэслэлгүйгээр прокурорт буцаасан тул хэргийг прокурорт буцаасан Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 2022/ШЗ/401 дугаартай захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

           

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

            Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдаанаар сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 2022/ШЗ/401 дугаар захирамжийг прокурорын эсэргүүцлийн дагуу хянав.

            Шүүгдэгч М.Эрдэнэбаяр нь 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Дундговь аймгийн Өлзийт сумын 1-р баг Хашаат худаг хэмээх газарт байрлах “Си жи Си Эм” ХХК-ны уурхайгаас машин механизм буюу Даюун маркийн мотоцикл ашиглан Delkor-DF200L маркийн аккумлятор 1 ширхгийг хулгайлж 850000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Прокурорын байгууллагаас түүнийг хулгайлсан гэж үзэн эрүүгийн хариуцлагад татаж Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаад гэмт хэргийн талаар нотолбол зохих байдлыг нотлоогүй гэж үзэх үндэслэлтэй байна гэж үзэж прокурорт буцаажээ.

            Сум дундын шүүхийн шүүгчийн захирамжийг хүлээн аваад прокурор 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 05 тоот эсэргүүцэл гаргаж шүүгчийн захирамжийг үндэслэлгүй гэж үзсэнийг давж заалдах шатны шүүх хүлээн авч хянав.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар шүүхэд нотолбол зохих байдал нотлогдоогүй байна гэж үзсэн сум дундын шүүхийн шүүгчийн шийдвэр үндэслэл бүхий байна гэж давж заалдах шатны шүүх үзэв.

            Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд хохирогч хэн болохыг нарийн шалгаж тогтоогоогүй, олон сая төгрөгийн хохирол учирсан талаар мэдүүлсээр байгаа Оргойн мэдүүлэгт тодорхой ач холбогдол өгч шалган тогтоох ажиллагааг явуулаагүй, тусгаарласан гэж тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй хууль зүйн үндэслэл тодорхойгүй зэргээс үндэслэн дүгнэхэд сум дундын шүүхийн шүүгчийн шийдвэр үндэслэл бүхий болох нь тогтоогдож байна.

            Сум дундын шүүхийн шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч эсэргүүцсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авах боломжгүй байх тул хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээхээр тогтов.

            Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн тогтоол, захирамжийг хүчингүй болгож, шүүхэд буцаах ойлголт байхгүй болсныг анхааран үзэх нь зүйтэй.

            Хуралд оролцсон прокуророос шүүхийн тогтоол, захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар хүчингүй болгох боломжтой гэж тайлбарлаж байгааг хүлээн авах боломжгүй байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар шүүхийн тогтоол шийдвэрийг хүчингүй болгосон бол хэргийг хэрэгсэхгүй болгох тухай заан зохицуулсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 2022/ШЗ/401 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                            Ц.ОТГОНЦЭЦЭГ

 

                                ШҮҮГЧИД                            Ш.ТӨМӨРБААТАР

Г.ТЭГШСУУРЬ