Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 124/ШШ2024/0005

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Алтанцэцэг даргалан, тус шүүхийн шүүгч О.Батдорж, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунгэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 5-р баг, 20-34 тоотод оршин суух Д.О,

Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын Засаг даргад холбогдуулан гаргасан,

Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/69 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.О, шүүхийн иргэдийн төлөөлөгч С.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Анхцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч иргэн Д.О нь тус шүүхэд Увс аймгийн Улаангом сумын Засаг даргад холбогдуулан Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/69 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг гаргасан байна.

2. Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/69 дугаар захирамжаар Д.О-ын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгч Д.О нь маргаан бүхий акттай холбогдуулан Увс аймгийн Засаг даргад гомдол гаргасан байх ба Увс аймгийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 1/890 дугаар албан бичгээр шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах нь зүйтэй гэсэн хариуг өгсөн, Д.О Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлийг 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр ирүүлсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасан хугацааны дотор шүүхэд хандсан гэж үзэв.

4. Нэхэмжлэгч Д.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Улаангом сумын Засаг даргын 2022 оны 10 сарын 05-ны өдрийн А/304 тоот захирамжаар гэр бүлийн хэрэгцээнд 15 жилийн хугацаатайгаар 0.7 га газрыг надад эзэмшүүлсэн.Ингэж шийдвэр гаргахдаа холбогдох хууль тогтоомжийг судалж ямар нэгэн зөрчил маргаангүй, судалгаа хийж үзээд газар зохион байгуулалтын 2022 оны төлөвлөгөөнд тусгагдсан газрыг олгож шийдвэрлэсэн гэж үзэж байна.Гэтэл газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож байгааг миний аав Я.Д-т мэдэгдсэн. Надад мэдэгдээгүй, Санал, тайлбар гаргах боломж олгохгүйгээр газар эзэмших шийдвэрийг хүчингүй болгож болохгүй гэж үзэж байна. Би тухайн газарт 2010 оноос хойш ах дүү, аав ээжтэйгээ амьдарсаар ирсэн, одоо ч амьдарч байгаа. Тэгэхээр засаг захиргааны буруутай үйл ажиллагаанаас болж иргэн хохирч болохгүй гэж бодож байна. Хамгийн гол нь захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа иргэний эрх, эрх чөлөөг зөрчихгүй байх ямар боломж байна вэ гэдгийг судалсны үндсэн дээр шийдвэрээ гаргах ёстой. Увс аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 9/01 дугаартай Хамгаалалтын бүс тогтоох тогтоол нь хууль зүйн нэгдсэн санд бүртгэгдээгүй. Миний эрхийг хамгаалах тогтоол байсаар байтал нэгдсэн сайтад бүртгэгдээгүй зүйлийг надтай холбоод тайлбарлаж байгаа нь хууль бус гэж би бодож байна. Энэ талаар нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан.Улаангом сумын Засаг даргын 2023 оны 3 сарын 30-ны өдрийн А/69 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү... гэв.

5. Хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Засаг даргаас ирүүлсэн тайлбарт: Цэвэр усны эх үүсвэр дээр олгогдсон гэх газар нь Google-Earth программ дээр гүйлгэж харахад 2013 оны 8 сард тухайн газрыг хашаалсан бөгөөд иргэн Даваажав нь удаа дараа газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж өгнө үү гэх хүсэлтийг өгсөн бөгөөд тухайн хүсэлтийн дагуу Улаангом сумын ИТХ-ын 2022 оны 3-р сарын 15-ны өдрийн 7/11 дугаар тогтоолоор 2022 оны тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан байна.Төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу иргэн Д.О-аас ирүүлсэн хүсэлтийн дагуу 2022 оны 10 сарын 5-ны өдрийн А/304 дугаар захирамжаар олгогдсон. Тухайн захирамжийг Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж 2023 оны 3 сарын 30-ны өдрийн А/69 дугаар захирамжаар хүчингүй болгосон гэжээ.

6. Шүүхийн иргэдийн төлөөлөгч С.С шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Нэхэмжлэгчийн гаргаж байгаа нэхэмжлэл үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б шүүхэд Д.О-ын нэхэмжлэлтэй Улаангом сумын Засаг даргад холбогдох хэргийн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа С.Б миний бие 2024.04.16-ны өдөр Ховд аймагт сургалтад хамрагдахаар болсон тул намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг ирүүлсэн бөгөөд нэхэмжлэгчээс шүүх хуралдааныг үргэлжлүүлэх санал гаргасан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдааныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр явуулав.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийн оролцогч нарын тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлэн дүгнээд маргаан бүхий актын үндэслэлд дүгнэлт хийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Шүүхийн иргэдийн төлөөлөгч нэхэмжлэл үндэслэлтэй талаар дүгнэлт гаргасан болно.

2. Нэхэмжлэгч талаас Улаангом сумын Засаг дарга шийдвэр гаргахдаа надад биш аавд маань мэдэгдсэн.Санал тайлбар гаргах боломж олгоогүй.Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоход үндэслэсэн тогтоол нь хүчингүй байсан тухай тайлбар гарган нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.

3. Хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Засаг дарга Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж 2023 оны 2023 оны 3 сарын 30-ны өдрийн А/69 дугаар захирамжаар газар эзэмшүүлсэн шийдвэрээ хүчингүй болгосон гэсэн тайлбар гарган нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй байна.

4. Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2022 оны 10 сарын 05-ны өдрийн А/304 дугаартай захирамжаар Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2, 33 дугаар зүйлийн 33.1.1, Улаангом сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 7/11 тоот тогтоолыг үндэслэн газар эзэмших хүсэлт гаргасан 20 иргэнд 15206 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний, зуслангийн зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, газар эзэмшигчдийн мэдээллийг хавсралтаар баталсан байх бөгөөд хавсралтын 4 дугаарт Д-ын О-т 5-р багт гэр бүлийн хэрэгцээний 700 м.кв газрыг эзэмшүүлэхээр батлагджээ.

5. Д.О-тай 2022 оны 10 сарын 26-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээг байгуулан, 0000129077 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон байна.

6. Улаангом сумын Засаг даргын 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн А/69 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь заалтыг үндэслэн Д.О-т олгосон 700м.кв газрын газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээ, Улаангом сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/304 тоот захирамжийн Д.О-т холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

7. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ маргаан бүхий актын огноог 2023 оны 3 дугаар сарын 29-ны өдрийн А/69 гэж тодорхойлж, хувийг нэхэмжлэлд хавсаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Улаангом сумын Засаг даргын тамгын газраас маргаан бүхий актыг ирүүлэхэд 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн А/69 дугаар захирамж ирүүлсэн бөгөөд Улаангом сумын Засаг даргын тамгын газрын бичиг хэргийн ажилтан Отгон 2023 оны 10 сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ Захирамж тухайн үед миний алдаанаас болж 2 өөр огноотой гарсан байна.Захирамжийн бүртгэлийн дэвтэрт 3 дугаар сарын 30-ны өдрийн огноогоор бүртгэгдсэн гэж мэдүүлсэн тул маргаан бүхий актын огноог 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн А/69 гэж тодорхойлсон болно.

8. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно. гэж, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-д Усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрээс 100 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн бүс тогтооно. гэж заасан байна.

Хариуцагч захиргааны байгууллагаас маргаан бүхий актыг гаргахдаа нэхэмжлэгч Д.О-т эзэмшүүлсэн газар нь Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-д заасан энгийн хамгаалалтын болон эрүүл ахуйн бүс тогтоосон хэсэгт хамаарагдсан гэж үзэн нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна.

9. Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4-д Энэ хуулийн 22.1-22.4-т заасны дагуу усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүс, ус хангамжийн эх үүсвэрийн тэжээгдлийн мужийн заагийг хот, суурины ус хангамж, ариутгах татуургын асуудал эрхэлсэн болон байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтийг үндэслэн тогтоох бүрэн эрхийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал хэрэгжүүлэхээр заасан.

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 9/01 дугаартай тогтоолын 2 дугаар хавсралтаар Увс аймгийн Улаангом сумын төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, эргэлтийн цэгийн солбицолыг баталжээ.

10. Нэхэмжлэгч Д.О-т эзэмшүүлсэн газарт ямар нэг барилга байгууламж бариагүй, хашаалсан, уг газрын ойролцоо усны эх үүсвэрийн 5 худаг байх ба 1-р худгаас 206 м, 2-р худгаас 145 м, 3-р худгаас 196 м,4-р худгаас 368 м, 5-р худгаас 601 м, 2-р өргөгч станцын цэвэр усны нөөцийн савнаас 380 м байгаа нь шүүхээс 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хийсэн үзлэгийн тэмдэглэл, тэмдэглэлд хавсаргасан хэмжилтийн зураглалаар, мөн Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 9/01 дугаартай тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан 2-р төвлөрсөн ус хангамж,2-р ус өргөх байгууламжийн эрүүл ахуйн хязгаарлалтын бүсэд Д.О-т эзэмшүүлсэн газар хамаарагдаж байгаа нь Увс аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын мэргэжилтнээс холбогдох программ ашиглан зурсан зураглалаар тогтоогдсон байна.

11. Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д "ус хангамжийн эх үүсвэр" гэж худаг, татах, цуглуулах, цэвэршүүлэх байгууламж, түгээх зориулалт бүхий усны барилга байгууламжийг ойлгохоор заасан ба Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны А-230/127 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмыг баталсан байна.

Уг журмын 3 дахь хэсэгт yс хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүс ба түүний дэглэмийн талаар журамласан, журмын 3.9-д Ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолтын ба хязгаарлалтын бүсэд дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэж 3.9.12-д газар өмчлөх, эзэмших, ашиглах эрх олгохыг хориглохоор заажээ.

Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-д Усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрээс 100 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн бүс тогтооно. гэж заасан зохицуулалтын хувьд ус хангамжийн эх үүсвэрээс 100 метрээс доош зайд газар эзэмшүүлэх, өмчлүүлэхийг хуулиар хориглосон гэж үзэхээр байна.

Харин 100 метрээс дээш хэдий хэмжээний зайд эрүүл ахуйн бүс тогтоохыг Усны тухай хуулийн 11.1.4-д зааснаар хот, суурины ус хангамж, ариутгах татуургын асуудал эрхэлсэн болон байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтийг үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батлахаар байна.

12. Усны сан бүхий газрын болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг баталсан Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 9/01 дугаартай тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар нийтээр дагаж мөрдөх захиргааны эрх зүйн хэм хэмжээний акт юм.

13. Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн захиргааны хэм хэмжээний актыг бүртгэсэн өдрөөс хойш 10 өдрийн дотор Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл-д нийтлүүлнэ, 67.2-д Захиргааны хэм хэмжээний акт нь энэ хуулийн 67.1-д заасны дагуу нийтэлснээр хүчин төгөлдөр болно. Захиргааны хэм хэмжээний актад дагаж мөрдөх хугацааг өөрөөр зааж болно., 67.3-д Энэ хуулийн 67.2-т заасан шаардлагыг зөрчсөн тохиолдолд тухайн захиргааны хэм хэмжээний акт эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй бөгөөд биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдэд үүрэг, хариуцлага хүлээлгэхгүй. гэж тус тус зохицуулсан.

14. Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамны 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 6-1/82 дугаар лавлагаагаар Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны Хамгаалалтын бүс тогтоох тухай 9/01 дугаартай тогтоол нь захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй байна гэжээ.

Мөн Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 03 сарын 20-ны өдрийн 18/10 дугаар тогтоолоор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 09/01 дугаар тогтоол захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй тул хүчингүй болсонд тооцсон, Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 177 дугаартай албан бичигт аймгийн ИТХ-аар хамгаалалтын бүс тогтоох тухай асуудал дахин хэлэлцэгдэж шийдвэр гараагүй болно гэжээ.

15. Хариуцагчаас Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан эрхийг хэрэгжүүлэн шийдвэр гаргахдаа гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүй захиргааны хэм хэмжээний акт болох Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор баталсан хамгаалалтын бүсийг тогтоосон заагтай Д.О-т эзэмшүүлсэн газрыг давхцалтай гэж үзэн газар эзэмших эрх,гэрчилгээг хүчингүй болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх зарчмын агуулгад нийцээгүй гэж үзэх үндэслэлтэй.

16. Түүнчлэн нэхэмжлэгч Д.О-т эзэмшүүлсэн газар нь хамгийн ойрдоо төвлөрсөн ус хангамжийн эс үүсвэр бүхий газрын 2-р худгаас 145 м зайтай байх тул Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-д заасан ус хангамжийн эх үүсвэрээс 100 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн бүс тогтооно гэх зохицуулалтын хүрээнд маргаан бүхий актыг хуульд нийцсэн гэж үзэх боломжгүй байна.

Захиргааны байгууллага маргаан бүхий сөрөг нөлөөлөл бүхий шийдвэр гаргахдаа хуульд үндэслэх зарчмыг зөрчсөн хууль бус шийдвэр гаргасан энэ тохиолдолд нэхэмжлэгчийн Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-д заасан гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзнэ.

17. Мөн Увс аймгийн Засаг даргад хүргүүлсэн Улаангом сумын Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 198 дугаар албан бичигт маргаан бүхий актыг гаргах болсон талаар нэхэмжлэгчид сонсох ажиллагаа явуулаагүй талаар дурдсан, Улаангом сумын Засаг даргын 2023 оны 8 дугаар сарын 24-ний 356 дугаар албан бичигт газар чөлөөлөх мэдэгдлийг Д.О эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан тул түүний аав Д-д мэдэгдлийг өгсөн гэснээс үзэхэд хариуцагчаас маргаан бүхий актыг гаргахдаа сонсох ажиллагааг хийгээгүй байна.

Захиргааны байгууллагаас шийдвэр гаргах ажиллагаандаа Захиргааны ерөнхий хуульд нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримт цуглуулах,оролцогчийг сонсох зэрэг холбогдох ажиллагааг хийн, захиргааны шийдвэрийн хувийн хэргийг хөтлөх үүрэгтэй болохыг тэмдэглэв.

18. Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй талаарх дүгнэлтийг шүүхээс үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Иймд дээр дурдсан дүгнэлтүүдээр Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн А/69 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.

19. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, хариуцагчийн ажлын алба болох Улаангом сумын Засаг даргын тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1,107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.О-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн А/69 дугаартай захирамжийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн,Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын Тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.О-т олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.