Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 182/ШШ2024/04288

 

 

 

 

 

 

 

 

 

   2024        10         22                                          182/ШШ2024/04288

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, шүүгч О.Аззаяа, Т.Золзаяа нарын нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Э лкс ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сайд асан, Гишүүн Б.Эт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэж, гутаасан мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг даалгах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Ур,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б,

Иргэдийн төлөөлөгч Н.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.С.

Хариуцагч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Улсын их хурлын 2023 оны 63 дугаар тогтоолоор байгуулагдсан Хянан шалгах түр хороо, зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын 2 дахь шат буюу 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 12 дугаар сарын 22-ны өдрийн хооронд зохион байгуулагдсан. Тус нээлттэй сонсголын үеэр Түр хорооны дарга, хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Э нь дараах байдлаар манай компанийн нэр хүндийг ноцтойгоор гутаасан гэж үзэж байна. Үүнд:

1.1.Сайд Б.Э нь хэлэхдээ: “...Б дарга, түүний гэр бүлийн хүн Ц.А нарын хамаарал бүхий компаниуд нийлбэр дүнгээрээ 1,000,000 тонн нүүрсийг гаалийн бүрдүүлэлтгүй гаргасан гэдэг дүн мэдээ танилцагдлаа. Энэ бол маш ноцтой асуудал...” гэж манай компанийн үйл ажиллагаанд шууд оролцоогүй хүмүүстэй холбож, биднийг улс төрийн өндөр албан тушаалаар дамжуулан өөрсдөдөө давуу байдал үүсгэн нүүрсний хулгай хийсэн мэдээг олон нийтэд зарласан болно. Энэ нь 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн өглөө хийгдсэн сонсголын дүрс бичлэгийн 03 цаг 08 минут 55 дахь секундэд дурдагдсан байгаа.

1.2. “...Э лкс ГХОХХК нь 425,638,5 тонн... нүүрсийг гаалийн бүрдүүлэлтгүй гаргасан гэсэн мэдээлэл байна...” гэж 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн үдээс хойш хийгдсэн сонсголын бичлэгийн 00 цаг 09 минут 15 дахь секундэд дурдагдсан байна.

1.3. “...Монгол Улсын нүүрс тээврийн компаниуд, гаалийн албан татвараас нуугдах зорилготой байна. Энэ бол татвараас зайлсхийх гэмт хэрэг бөгөөд бодитой асуудал юм байна гэдэг нь өчигдөр тодорхой болсон... Жолооч нар нь байсан, Компаниуд нь байсан, тэд нарын хамаарлууд нь гарсан, гаалийнхан ярьсан. ...Энэ бол гаалийн татвараас зайлсхийх том хэмжээний схем, бүлэглэл, мафи байгаа гэдэг нь ойлгомжтой, ил болсон...” гэсэн мэдэгдэлдээ Э лкс ГХОХХК-ийг хамааруулан Түр хорооны гишүүд болон олон нийтэд зарласан. Энэ нь 2023 оны 12  дугаар сарын 19-ний өдрийн үдээс хойш хийгдсэн сонсголын дүрс бичлэгийн 04 цаг 43 минутад дурдагдсан.

Монгол Улсын их хурлын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт гишүүд бусдыг гэмт хэрэгт холбогдуулан доромжлох, гүтгэхээс бусад тохиолдолд бүрэн эрхийнхээ хүрээнд Түр хорооны хуралдаанд хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор үзэл бодлоо илэрхийлж хэлсэн үгийнхээ төлөө бүрэн эрхийнхээ хугацаанд болон түүний дараа хариуцлага хүлээхгүй гэж заасан байдаг. Гэтэл Гишүүн, хууль зүйн дотоод хэргийн сайд, хянан шалгах түр хорооны дарга Б.Эын хэлсэн дээрх үгнүүд нь бүрэн эрхийнхээ хүрээнд үзэл бодлоо илэрхийлсэн явдал биш. Харин Э лкс ГХОХХК гэх тухайлсан нэг компанийг гаалийн албан татвараас зайлсхийж, бүрдүүлэлтгүйгээр хилээр нүүрс гаргадаг нүүрсний хулгай гэдэг нь мафи болохыг бид баталж тогтоосон гэж гүйцэт судлагдаагүй, эцэслэн шийдэгдээгүй асуудлыг хуралдаан даргалагчийн давуу эрхээ урвуулан ашиглаж манай компанийн ажил хэргийн нэр хүндийг ноцтойгоор гутаасан болно.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14 дэх хэсэгт гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэж, Монгол Улсын их хурлын хянан шалгалтын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсэгт “Түр хороо нь нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлыг хянан шалгаж, дүнг Улсын Их Хуралд тайлагнах үүрэгтэй” гэж тус тус заасан. Өөрөөр хэлбэл, Түр хороо нь үүссэн асуудлаар нотлох баримт цуглуулж, шинжээчдийн багийн тусламжтайгаар шалгалт хийн урьдчилсан дүгнэлт гаргаж улсын их хуралд танилцуулах үүрэгтэй болохоос хэн нэг этгээдийг гэм буруутай эсэхийг эцэслэн шийдвэрлэх, нийтэд зарлах эрх бүхий байгууллага биш юм.

Мөн түүнчлэн хариуцагч Б.Э нь Түр хорооны сонсгол, Монгол Улсын их хурлын Хяналт шалгалтын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, Нийтийн сонсголын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасны дагуу сонсголыг хуульд заасны дагуу удирдан зохион байгуулах, сонсголын дэг сахиулах чиг үүрэгтэйгээр оролцож байснаас бус хэргийн үйл баримтыг тогтоох, гэм буруугийн талаар дүгнэлт гаргах эрх бүхий этгээд биш юм. Иймд Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2‑т “бусдын ...ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл эсвэл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ.” гэж заасан.

Э ХХК нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд хуулийн дагуу Монгол улсад маш их хэмжээний татвар төлдөг, шилдэг татвар төлөгч 100 аж ахуй нэгж байгууллагын нэгээр шалгарч байсан, олон мянган иргэдийг ажлын байраар ханган ажиллаж байгаа. Э ХХК нь бие дааж нүүрс олборлон хилээр гаргадаг компани биш. Харин нүүрсийг олборлож гадагш нь экспортод гаргадаг компани бол ЭТ компани юм. Манай компанийн ЭТ ХК‑ийн захиалгын дагуу зөвхөн нүүрсийг тээвэрлэдэг, аливаа нэг гаалийн бүрдүүлэлт хийдэггүй, зөвхөн энэ барааг А цэгээс Б цэгт хүргэж өгдөг үйл ажиллагааг явуулдаг. Гэтэл өнөөдөр нүүрсний сонсгол гэсэн нэрийдлээр хариуцагч Б.Э нь иргэдийг төөрөгдүүлж бүхэл бүтэн 5,000,000 тонн нүүрс хулгайлаад явчихсан юм шиг ард түмэнд ойлгуулж өөрийн имиджийг өсгөж, Гишүүний бүрэн эрхээ хууль бусаар ашиглаж энэхүү мэдээллийг хийсэн. Тийм учраас бид иргэний шүүхэд хандаж хамгаалалт хүссэн. Э ХХК‑ийн захирал Ц.А нь Сайд асан, Гишүүн Б.Эын энэхүү мэдээлэлтэй холбогдуулан Үндсэн хуулийн цэцэд хандсан боловч Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүний 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 58 дугаар тогтоолоор маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэхээс татгалзсан байдаг бөгөөд энэ тогтоолын эх хувийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9‑д зааснаар Үндсэн хуулийн цэцээс гаргуулж өгнө үү.

Түүнчлэн Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2‑т зааснаар Э лкс ХХК-ийн ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэж хууль зүйн дотоод хэргээс сайд, Гишүүн Б.Эт нэр төр гутаасан, үндэслэлгүй мэдээг анх тараасан хэлбэрээр буюу олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан няцаахыг үүрэг болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Гишүүн Б.Э миний бие дараах тайлбарыг хүргүүлж байгаа. Үүнд:

2.1. Үндсэн хуулийн гуравдугаар зүйлийн 3.1‑д Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл явдалд шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ гэж заасан. Ард түмний бүрэн эрхт байдал гэдэг нь аливаа эрх мэдлийн жинхэнэ эх сурвалж нь ард түмэн байх, нийтлэг эрх ашгаа хуулийн хүрээнд өөрсдөө бие даан шийдвэрлэх эрхээр хангагдсан байхыг илэрхийлнэ. Үндсэн хуулийн хорьдугаар зүйлд Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн. Хорин долдугаар зүйлд Улсын Их Хурал бүрэн эрхээ чуулган, зохион байгуулалтын бусад хэлбэрээр хэрэгжүүлнэ, Хорин наймдугаар зүйлийн 28.2-т хуулийн биелэлтийг хангахтай холбоотой нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь хянан шалгах түр хороо байгуулах санал тавибал Улсын Их Хурал цөөнхийн төлөөллийг оролцуулан уг хороог байгуулна гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан үйл баримт болох төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспорт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил үйлчилгээ, худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголыг Улсын Их Хурлын 2023 оны 63 дугаар тогтоолоор байгуулагдсан, Улсын Их Хурал дахь олонх, цөөнхийн бүлгийн нэр бүхий гишүүдээс бүрдсэн Хянан шалгах түр хорооноос зохион байгуулсан болно.

Монгол Улсын их хурлын тухай хуулийн Хорин наймдугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт хянан шалгах түр хороо, нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлыг нотлох баримт цуглуулах, хянан шалгагч, шинжээч томилох, баримт бичигт дүн шинжилгээ хийх, гэрчээс мэдүүлэг авах зэрэг хуульд тусгайлан заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэх замаар хянан шалгаж, тайлан, санал дүгнэлтээ тогтоосон хугацаанд Улсын Их Хуралд тайлагнах үүрэгтэй гэж заасан бөгөөд хянан шалгах түр хорооны дүгнэлт, тайлан, илтгэл нь Улсын Их Хуралд тайлагнах шинжийг агуулсан, улс төрийн хяналт учраас шүүхэд хэрэг маргаан үүсгэх шууд үр дагавар үүсгэхгүй бөгөөд Улсын Их Хурал тайлагнах хэлбэрээр мэдээллийг олон нийт, хууль хяналтын байгууллага, этгээдэд нээлттэй болгох үүрэгтэй юм. Ингэснээрээ Үндсэн хууль болон бусад хуулийг дээдлэн хэрэгжүүлэх хүний болон иргэний эрхийг хамгаалах, хууль ёс, эрх зүйн дэг журмыг бэхжүүлэх зорилготой юм. Төр засгийн ажиллагаанд хууль хэрэгжүүлэхэд тулгарч буй саад бэрхшээл, алдаа дутагдлыг олж илрүүлэх, шалтгаан нөхцлийг шинжлэх, засах, хариуцлага тооцох боломжийг хууль тогтоох эрхийн хүрээнд хангах цогц арга хэмжээ юм. Гаргасан хууль, бусад шийдвэрийнхээ биелэлтийг хангах зорилгоор ард түмний төлөөллийн дээд байгууллага Үндсэн хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлсэн үйл явдлыг ердийн шүүх хянан хэлэлцэх асуудал нь Үндсэн хуулийн эрх зүйн, Үндсэн хуульд заасан эрх мэдэл хуваарилах онол, арга зүйн хүрээнд шийдвэрлэх учиртай.

2.2. Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт Улсын Их Хурал ...126 гишүүнтэй байна, хорин есдүгээр зүйлийн 29.2-т Гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаална гэж заасан. Гишүүний халдашгүй байдал нь хувь хүнийх нь хувьд хамгаалах биш, харин нийтийн эрх зүйн шинж чанартай бөгөөд нийтийн ашиг сонирхол үйлчлэх, Гишүүний хийж буй төрийн чиг үүргийн дагуу эрх зүйн хамгаалалтыг нэмэгдүүлж, парламентын үйл ажиллагааг чөлөөтэй, эрх, үүргийн хүрээнд хэрэгжүүлэх боломжийг үүсгэдэг. Ингэхдээ парламентын институцийг зохих ёсоор үйл ажиллагаа явуулахад чиглэж парламентын эрх мэдэл хараат бус байдлыг хангахын зэрэгцээ Улсын Их Хурлын бүрэн бүтэн, бие даасан байдал буюу үнэт зүйлийг хадгалахад гол зорилго нь оршино. Түүнчлэн уг эрх нь ард түмнийг төлөөлөх эрхээс үүдэлтэй давуу эрх бөгөөд бүрэн эрхээ хэрэгжүүлэх баталгаа юм.

Мөн Европын парламентын дэгийн 1 дүгээр бүлгийн 5 дугаар дүрэмд парламентын гишүүний халдашгүй эрх нь хувийн эрх биш, харин Улсын Их Хурал бүхэлдээ мөн түүний гишүүдийн хараат бус байдлын баталгаа мөн гэж заасан байдаг бөгөөд Европын Холбооны улсууд парламентын гишүүдийн халдашгүй байдлыг мөн Үндсэн хуульдаа тусгасан байдаг. Монгол Улсын их хурлын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т гишүүд бусдыг гэмт хэрэгт холбогдуулан доромжлох, гүтгэхээс бусад тохиолдолд бүрэн эрхийнхээ хүрээнд нэгдсэн болон байнгын, дэд, түр хорооны хуралдаанд хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор үзэл бодлоо илэрхийлж, хэлсэн үгийнхээ төлөө бүрэн эрхийнхээ хугацаанд болон түүний дараа хуулийн хариуцлага хүлээхгүй гэж заасан. Улсын их хурал бол нэг гишүүд бүрээс бүрдсэн, хамтын удирдлага, зохион байгуулалтаар үйл ажиллагаагаа явуулдаг ард түмний төлөөллийн дээд байгууллага юм. Улсын их хурлын гишүүдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, санал хураах, хууль тогтоох зэрэг эрх нь парламентын бие даасан байдлын үндсийг бүрдүүлж, сонгогчдын эрх ашгийг төлөөлөх, үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлэх боломжийг олгоно.

Олон улсын парламентын холбооноос гаргасан хүний эрхийн тухай парламентын гишүүдэд зориулсан гарын авлага номд дараах зүйлийг онцолсон байдаг Үүнд: Парламентын гишүүд сонгогчдын төлөөлөл болж ярих үүднээс санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх эдлэх үед л өөрийн үүргээ гүйцэтгэж чадна. Парламентын гишүүд нь мэдээлэл, санааг илэрхийлэх, хүлээн авах, дамжуулахад ямар ч айдасгүй байх ёстой. Тиймээс тэдэнд онцгой статус олгодог бөгөөд энэ нь тэдэнд шаардлагатай бие даасан байдлын баталгаа болдог. Тэд парламентын давуу эрх парламентын халдашгүй байдалтай байдаг ба халдашгүй байдал нь ард түмний төлөөлөгчдийн бие даасан байдал, гүйцэтгэлийг хамгаалж, төрийн албан тушаалтнууд болон бусад иргэдийн зүгээс гарч болох аливаа дарамт, дур мэдэн авах арга хэмжээнээс хамгаалдаг. Үүгээр парламентын институтийн нэгдсэн бие даасан байдал баталгааждаг гэжээ. Иймд Улсын Их Хурал Үндсэн хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлсэн асуудлаар Үндсэн хуулийн шүүх биш ердийн шүүх Улсын Их Хурал дээр хуулийн хариуцлага тооцох үндэслэлгүй байна.

2.3. Нэхэмжлэл дээр дурдсан хянан шалгах түр хороо нь Улсын их хурлын Хяналт шалгалтын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.8-д “хянан шалгах түр хороог зургаан сар хүртэл хугацаагаар байгуулна. Шаардлагатай бол мөн хугацаагаар нэг удаа сунгаж болох бөгөөд хянан шалгах түр хорооны ажиллах хугацаанд тухайн Улсын Их Хурлын бүрэн эрх дуусгавар болсон бол Түр хороог татан буугдсанд тооцно. Хянан шалгах түр хороо тайлан, санал дүгнэлтээ Улсын Их Хуралд танилцуулснаар уг хороо татан буугдсанд тооцно” гэж заасны дагуу 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр түр хорооны тайлан, санал, дүгнэлтээ Улсын их хуралд танилцуулснаар татан буугдан Улсын их хурлын 9 дүгээр тогтоол гарсан. Улсын Их Хурлын тогтоол нь бүх нийтээр дагаж мөрдөх хэв шинжтэй бөгөөд уг тогтоолын 2 дахь хэсэгт “…хийсэн хяналт шалгалтаар илэрсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг холбогдох хуулийн дагуу шалгаж, шийдвэрлүүлэхийг Монгол Улсын Ерөнхий прокурор, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газарт тус тус зөвшөөрсүгэй” гэж заасны дагуу тус гэмт хэргийн шинжтэй асуудлыг хянан шалгах түр хорооноос тус байгууллагуудад Улсын Их Хурлын 16/469 тоот албан бичгээр шилжүүлсэн бөгөөд эрүүгийн журмаар шалгагдаж буй хэрэг юм. Иймд Иргэний хэргийн шүүх нь тус түр хорооноос хуулийн байгууллагад шилжүүлсэн үйл баримтыг шүүн хэлэлцэж, урьдчилан гэмт хэргийн гэм буруутай асуудал яригдаагүй байхад үнэлж дүгнэж, шийдвэрлэх эрх хэмжээ байхгүй байна.

2.4. Уг асуудал нь Үндсэн хуульд заасан хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн харилцан хяналт тэнцвэртэй холбогдох Үндсэн хуулийн жишиг буюу пресидент болох үр дагавартай гэж үзэж байгаа учраас талууд нухацтай хандах шаардлагатай. Иймд нэхэмжлэлд тусгасан асуудал нь дээр дурдсан үндэслэл, шаардлагын дагуу иргэний хэргийн шүүхийг харьяалан шийдэх үндэслэлгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхийг хүсье гэжээ.

 

3.Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Нэхэмжлэгч компанийн цаашдын бизнесийн үйл ажиллагаанд түр хорооны даргын хэлсэн үг, үйлдэл хор нөлөө үзүүлж байгаа гэж хувь хүнийхээ хувьд харж байна. …Тэгэхээр нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна… гэв.

 

4.Нэхэмжлэгч тал нотлох баримтаар,

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2023.12.18‑ны өдрийн Улсын их хурлын хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын тэмдэглэлийн хэсгээс, тус сонсголын 2023.12.18, 19‑ний өдрийн бичлэгийн буулгасан 2 ширхэг флаш диск, Э ХХК болон ИК МИЛ ХХК‑ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн нээлттэй мэдээлэл, Нүүрсний сонсголтой холбоотой асуудлаар Гишүүн Б.Эт өгсөн хүсэлтүүд, Э ХХК‑иас Гаалийн ерөнхий газарт хүргүүлсэн албан бичиг, Э ХХК‑ийн 2020‑2023 онд хийсэн нүүрс тээврийн мэдээ, тээвэрлэлтийн үйл ажиллагааг харуулсан ачаа тээврийн гэрээ, болон автозам ашиглалтын гэрээ, 2019‑2024 онд татвар төлсөн тухай Монголын татварын албаны тодорхойлолт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын өр төлбөргүй тухай тодорхойлолт, нүүрс тээвэрлэлтийн схем, 2024.01.16‑ны өдрийн Монгол улсын их хурлын чуулганы нэгдсэн хуралдааны тэмдэглэл, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын 2024.08.06‑ны өдрийн мэдээлэл хүргүүлэх тухай албан бичиг, Монгол улсын Засгийн газрын 2021.07.02‑ны өдрийн 185 дугаар Чингэлэгт тээврийн терминал байгуулах тухай тогтоол, Монгол улсын их хурлын 2023.07.06‑ны өдрийн 63 дугаар Хянан шалгах түр хороо байгуулах тухай тогтоол, Э ХХК‑ийн 2024.08.07‑ны өдрийн Улсын их хурлын тамгын газарт хандсан хүсэлт гаргах тухай албан бичиг, 2024.08.05-ны өдрийн 1/472 тоот Авлигатай тэмцэх газарт, мөн өдрийн 1/473 тоот Нийслэлийн Прокурорын газарт, 1/471 тоот Эрүүгийн цагдаагийн газарт, 1/470 тоот Улсын мөрдөн байцаах газарт тус тус хандсан хүсэлт гаргах тухай албан бичгүүд, Өмнөговь аймгийн Татварын газрын 2024.08.12-ны өдрийн 1/355 тоот албан бичиг, Авлигатай тэмцэх газрын 2024.08.15-ны өдрийн 06/13074 тоот, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2024.08.14-ний өдрийн 10а-3/10461 тоот, мөн байгууллагын 2024.08.12-ны өдрийн 11/4-5967 тоот албан бичгүүд, Үндэсний аудитын газрын 2024.08.22-ны өдрийн 08/1709 тоот албан бичиг,  хавсралтууд гэсэн баримтуудыг,

 

5.Хариуцагч тал нотлох баримтаар,

Монгол улсын Их хурлын 2024.01.16-ны өдрийн 09 тоот тогтоол, 2024.01.16-ны өдрийн албан бичиг /хуулбар/ гэсэн баримтуудыг тус тус шүүхэд гарган өгсөн байна.  

 

6.Шүүхээс бүрдүүлсэн нотлох баримтууд,

Нэхэмжлэгч талын гаргасан хүсэлтээр Улсын их хурлын хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын 2023.12.18, 2023.12.19‑ний өдрийн бичлэгийг буулгасан 2 ширхэг флаш дискэнд хийсэн үзлэгийн тэмдэглэл, 2024 оны Монгол улсын Их хурлын хянан шалгах түр хорооны тайлан, 2024.01.16-ны өдрийн санал дүгнэлт гэсэн баримтуудыг шүүхийн журмаар нотлох баримтаар бүрдүүлжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч Сайд асан, Гишүүн Б.Эт холбогдуулж ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэж, гутаасан мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд шүүх хуралдааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар Э ХХК‑ийн захирал Ц.Агийн Сайд асан, Гишүүн Б.Эт холбогдуулан гаргасан өргөдөлд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэхээс татгалзсан Үндсэн хуулийн цэцийн гишүүний 2024.05.20-ны өдрийн 58 дугаар тогтоолын эх хувийг Үндсэн хуулийн цэцээс гаргуулахыг хүссэн.

 

Харин шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч талын гаргасан дээрх хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасан шинээр нотлох баримт шаардах, шүүх хуралдаан хойшлуулах үндэслэлд хамаарахгүй байна гэж үзлээ. Учир нь нэхэмжлэгч тал Үндсэн хуулийн цэцийн гишүүний 58 дугаар тогтоолын талаар мэдэж байсан, шүүх хуралдаанаас өмнө уг баримтаа шүүхэд гарган өгөх боломжтой байсан, энэхүү тогтоол нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг хэрэгжүүлэхтэй хамааралгүй байна гэж үзээд хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан зохигчдоос гарган өгсөн, шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч тал гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлийг “... Улсын их хурлын 2023 оны 63 дугаар тогтоолоор байгуулагдсан Хянан шалгах түр хороо нь зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн бөгөөд нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын үеэр Түр хорооны дарга, Сайд асан, Гишүүн Б.Э нь “...Б дарга, түүний гэр бүлийн хүн Ц.А нарын хамаарал бүхий компаниуд нийлбэр дүнгээрээ 1,000,000 тонн нүүрсийг гаалийн бүрдүүлэлтгүй гаргасан гэдэг дүн мэдээ танилцагдлаа. Энэ бол маш ноцтой асуудал...” гэж, “...Э лкс ГХОХХК нь 425,638,5 тонн... нүүрсийг гаалийн бүрдүүлэлтгүй гаргасан гэсэн мэдээлэл байна...” гэж, “...Монгол Улсын нүүрс тээврийн компаниуд гаалийн албан татвараас нуугдах зорилготой байна. Энэ бол татвараас зайлсхийх гэмт хэрэг бөгөөд бодитой асуудал юм байна гэдэг нь өчигдөр тодорхой болсон... Жолооч нар нь байсан, Компаниуд нь байсан, тэд нарын хамаарлууд нь гарсан, гаалийнхан ярьсан. ...Энэ бол гаалийн татвараас зайлсхийх том хэмжээний схем, бүлэглэл, мафи байгаа гэдэг нь ойлгомжтой, ил болсон...” гэж манай компанийн үйл ажиллагаанд шууд оролцоогүй хүмүүстэй холбож, биднийг улс төрийн өндөр албан тушаалаар дамжуулан өөрсдөдөө давуу байдал үүсгэн нүүрсний хулгай хийсэн гэх мэдээг олон нийтэд зарласан нь манай байгууллагын ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэж үзэж байгаа учраас ажил хэргийн нэр хүндээ сэргээлгэх, гутаасан мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр  няцаалт хийлгэхээр шаардах эрхтэй...” гэж тайлбарлав.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбар, татгалзлын үндэслэлээ “...Монгол улсын Үндсэн хуульд зааснаар Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүйн саналаар Хянан шалгах түр хороог байгуулсан ба, нэхэмжлэлд дурдсан үйл баримт болох төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспорт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголыг зохион байгуулсан. Хянан шалгах түр хороо нь нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлыг нотлох баримт цуглуулах, хянан шалгагч, шинжээч томилох, баримт бичигт дүн шинжилгээ хийх, гэрчээс мэдүүлэг авах зэрэг хуульд тусгайлан заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэх замаар хянан шалгаж, тайлан, санал дүгнэлтээ тогтоосон хугацаанд Улсын их хуралд тайлагнах үүрэгтэй, энэ улс төрийн хяналт учраас шүүхэд хэрэг маргаан үүсгэх шууд үр дагавар үүсгэхгүй, улмаар хянан шалгах түр хороо нь Улсын их хурлын 2024.01.16-ны өдрийн 9 дүгээр тогтоолоор татан буугдсан, тус тогтоолд зааснаар гэмт хэргийн шинжтэй асуудлыг эрх бүхий байгууллагад шилжүүлсэн, Монгол Улсын их хурлын тухай хуульд зааснаар гишүүд бусдыг гэмт хэрэгт холбогдуулан доромжлох, гүтгэхээс бусад тохиолдолд бүрэн эрхийнхээ хүрээнд нэгдсэн болон байнгын, дэд, түр хорооны хуралдаанд хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор үзэл бодлоо илэрхийлж, хэлсэн үгийнхээ төлөө бүрэн эрхийнхээ хугацаанд болон түүний дараа хуулийн хариуцлага хүлээхгүй, түүнчлэн нэхэмжлэлд тусгасан асуудлыг иргэний шүүх харьяалан шийдвэрлэх үндэслэлгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү…” гэжээ.

 

3.Монгол улсын их хурал нь 2023.07.06-ны өдрийн 63 дугаар тогтоолоор Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг Улсын их хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах үүрэг бүхий Улсын их хурлын Хянан шалгах түр хороог, олонхыг төлөөлөн ...Гишүүн Б.Э гэсэн нэр бүхий 7 гишүүн, цөөнхийг төлөөлөн ... Гишүүн О.Ц гэсэн нэр бүхий 4 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр, 6 сарын хугацаатайгаар байгуулжээ.

 

Улсын их хурлын Хянан шалгах түр хорооны тайлангаас үзвэл, Улсын их хурлын Хянан шалгах түр хороо нь 63 дугаар тогтоол, ажлын ерөнхий төлөвлөгөө, ажлын даалгаварт үндэслэн ЭТ ХК, Тавантолгой ХК-ийн нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулж, тайлан дүгнэлтийг гаргасан байх ба, нээлттэй сонсголын эхний үе шатыг 2023.12.04-ний өдрөөс 07-ны өдрийн хооронд, хоёр дахь үе шатыг 2023.12.18-ны өдрөөс 22-ны өдрийн хооронд зохион байгуулж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулсан байна.

 

4.Энэхүү нээлттэй сонсголын 2 дахь шат 2023.12.18-ны өдрөөс 2023.12.22-ны өдөр зохион байгуулагдсан байх ба, энэ сонсголын үеэр ЭТ ХК-ийн борлуулалт, экспортын үйл ажиллагаа, нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаа, охин болон хараат компанид оруулсан хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа, тэдгээрийн хэрэгжилт, санхүүжүүлсэн төслийн хэрэгжилт, ЭТ ХК-нд эрх бүхий байгууллагуудаас хийсэн хяналт, шалгалтууд, тэдгээрийн үр дүнд авсан арга хэмжээ, хяналт шалгалтаар илэрсэн бусад асуудлын талаар хэлэлцэж, сонсголыг Сайд асан, Гишүүн Б.Э 2021 оны Улсын их хурлын хяналт, шалгалтын тухай хууль болон Нийтийн сонсголын тухай хуульд заасан журмын дагуу даргалан явуулжээ.

 

4.1.Хариуцагч Сайд асан, Гишүүн Б.Э нь нээлттэй сонсголыг даргалан явуулахдаа нэхэмжлэгч Э ХХК, түүний хамаарал бүхий компаниуд болон хүмүүстэй холбоотой зарим мэдээллийг хийсэн байх ба, уг мэдээлэл буюу нийтийн сонсголын явц, бичлэгийг буулгасан нэхэмжлэгч талаас өгсөн 2 ширхэг флаш дискэнд шүүхээс үзлэг хийж баримтжуулсан 2024.08.05-ны өдрийн үзлэгийн тэмдэглэлээс үзвэл,

нэхэмжлэгч тал нь g live, M, INH, d.parlamient.mn гэсэн лого бүхий телевиз, сайтуудаас сонсголын бичлэгийг хуулбарлан авсан байх ба, g live, M суваг ТВ, сайтаар цацагдсан 2023.12.25-ны өдрийн нээлттэй сонсголд оролцсон шинжээч ...дэлгэцэнд харуулж буй хүснэгтийн 2-т тээврийн компани-Э ХХК, бүрдүүлэлтгүй гаргасан тоо – 4,236, бүрдүүлэлтгүй гаргасан нүүрс /тн/ - 519,192.85 гээд, дараагийн хүснэгтэд хамгийн их хэмжээний нүүрсийг гаалийн бүрдүүлэлтгүй гаргасан байж болзошгүй тээврийн хэрэгслийг тус бүрээр, жолоочийн бүртгэлтэй тээврийн компаниар харууллаа..., мөн ИК МИЛ ХХК-ийн хамаарал бүхий компаниуд болох ДЦО ХХК, Э ХХК-ийн талаар... танилцуулсан, уг танилцуулсан мэдээлэлд тулгуурлан хянан шалгах түр хорооны дарга Б.Э нь тус сонсголд гэрчээр оролцсон н.Б, Ц.А нараас тодруулж асуух, тэд тайлбар өгөх, түүнчлэн Улсын их хурлын зарим гишүүд асуулт асуух, тайлбар авах байдлаар үргэлжилнэ...

 

4.2.Мөн 2024.01.12-ны өдрийн INH сайтаар цацагдсан бичлэгт Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Э ярьж байх ба, “…гол асуудал юу вэ гэхлээр Монголын нүүрс тээврийн компаниуд гаалийн байгууллага дээр гаалийн албан татвараас нуугдах, энэ бол татвараас зайлсхийх гэмт хэрэг байгаа. Энэ бол бодитой асуудал юм байна гэдэг нь өчигдөр тодорхой болсон. Жолооч нар нь байсан, компаниуд нь байсан, тэдний хамаарлууд нь гарсан, галийнхан гарсан, хил бол угаасаа гааль шиг машин үздэг биш, доторхыг нь үздэг байгууллага… ер нь бол гаалийн татвараас зайлсхийх том хэмжээний схем, бүлэглэл, мафи байгаа нь ил болсон, бараг ойлгомжтой байна лээ…” гэж ярих байдлаар үргэлжилнэ…

 

Дээрх байдлаар нээлттэй сонсголын үйл ажиллагаа тогтоосон хугацаанд явагдаж дууссан байх ба, хариуцагч Сайд асан, Гишүүн Б.Э нь 2024.01.16-ны өдөр Хянан шалгах түр хорооны санал, дүгнэлтийг Улсын их хуралд танилцуулсан, энэхүү тайлан, санал дүгнэлтэд нэхэмжлэгч Э ХХК-ийн талаар тухайлан дурдагдаагүй байна. Ийнхүү 2021 оны Монгол Улсын их хурлын хяналт, шалгалтын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.8-д зааснаар уг хороо татан буугдсанд тооцогджээ. Улмаар Монгол улсын их хурлаас 2024.01.16-ны өдөр 09 дүгээр тогтоолыг гаргасан байх ба, энэхүү тогтоолоор ЭТ ХК, Тавантолгой ХК-ийн нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспорт, бусад бараа, ажил үйлчилгээний худалдан авах үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэнтэй холбогдуулан зарим арга хэмжээг авахаар тогтоож, уг ажиллагааг гүйцэтгэхийг эрх бүхий этгээд даалгаж, зөвлөсөн байна.

 

5.Нэхэмжлэгч Э ХХК нь 2019.06.14-нд гадаадын хөрөнгө оруулалттай компаниар улсын бүртгэлд бүртгүүлсэн байх ба, уг компанийн хувьцаа эзэмшигч нь Бүгд Найрамдах Сингапур улсын ИПЛК, гүйцэтгэх захирал нь 2019.06.14-ний өдрийн бүртгэлээр Т.Х ТУЗ-ийн даргаар 2022.01.04-ний өдрийн бүртгэлээр Бүгд Найрамдах Хятад ард улсын иргэн ZJ, эцсийн өмчлөгч нь 2021.01.05-ны өдрийн бүртгэлээр WYH болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллээр нотлогдоно.

 

Харин И ХХК нь 2016.09.29-ний өдөр гадаадын хөрөнгө оруулалттай компаниар улсын бүртгэлд бүртгүүлсэн, хувьцаа эзэмшигч нь Бүгд Найрамдах Сингапур улсын ИПЛК /E/ байх ба, ТУЗ-ийн даргаар 2021.06.23-ны өдрийн бүртгэлээр Бүгд Найрамдах Хятад ард улсын иргэн ZJ, гүйцэтгэх захирлаар 2024.02.08-ны өдрийн бүртгэлээр Канад улсын ирэн WCQ, эцсийн өмчлөгчөөр 2020.10.22-ны өдрийн бүртгэлээр WYH болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллээс харагдах ба энэ нь нээлттэй сонсголын үеэр компанийн хамаарлын талаар танилцуулсан шинжээчийн зарим мэдээлэлтэй тохирсон гэж үзэхээр байна.

 

6.Нэхэмжлэгч Э ХХК нь 2023.12.21-ний өдрийн 23/115 тоот албан бичгээр тайлбар гаргах, зарим мэдээлэлд залруулга хийлгэх тухай хүсэлтийг, 2024.01.03-ны өдрийн 02/01 тоот албан бичгээр шинжээчийн дүгнэлт, дата мэдээлэлтэй танилцах тухай хүсэлтийг, 2024.01.04-ний өдрийн 02/19 тоот албан бичгээр уулзалтын цаг хүсэх тухай хүсэлтийг, 2024.01.05-ны өдрийн 01/07 тоот албан бичгээр дахин шинжилгээ хийлгэх тухай хүсэлтийг тус тус Гишүүн, хууль зүйн сайд, Улсын их хурлын хянан шалгах түр хорооны дарга Б.Эт гаргасан байх боловч эдгээр албан бичигт эрх бүхий этгээдээс ямар нэгэн хариу өгөөгүй болохыг нэхэмжлэгч тал тайлбарлана.

 

Нэхэмжлэгч Э ХХК нь дотоод нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулдаг болохоо Тавантолгой ХК-тай байгуулсан 2023.04.24-ний өдрийн ачаа тээврийн гэрээ, 2023.01.11-ний өдрийн Гашуун сухайт авто зам ХХК-тай байгуулсан авто зам ашиглалтын гэрээ, тээвэрлэлтийн схем зураг, 2020-2023 оныг дуусталх хугацаанд хийгдсэн нүүрс тээврийн мэдээг үндэслэн тайлбарлахын зэрэгцээ Монгол улсад 2020 онд 702,902,455 төгрөг, 2021 онд 2,786,458,082 төгрөг, 2022 онд 20,914,366,381 төгрөг, 2023 онд 24,983,642,475 төгрөг, 2024 онд 10,344,907,280 төгрөгийн татвар төлсөн, тэрээр шүүхийн шийдвэрээр бусад этгээдэд ямар нэгэн өр төлбөргүй, улмаар 2020 онд Өмнөговь аймгийн шилдэг татвар төлөгч байгууллагаар шалгарч байсан, Хянан шалгах түр хорооны тайлан, санал, дүгнэлтийн дагуу Авлигатай тэмцэх газар, Нийслэлийн Прокурорын газар, Эрүүгийн цагдаагийн газар, Улсын мөрдөн байцаах газарт ямар нэгэн байдлаар шалгуулаагүй болох нь Монголын татварын албаны аж ахуй нэгж, байгууллагын тодорхойлолтууд, Шийдвэр гүйцэтгэх албаны 2024.06.05-ны өдрийн тодорхойлолт, Өмнөговь аймгийн татварын газрын 2024.08.12-ны өдрийн 1/355 тоот албан бичиг болон нэхэмжлэгч Э ХХК-иас дурдсан эрх бүхий байгууллагуудад хүргүүлсэн болон хариу өгсөн албан бичгүүдээр тогтоогдсон.

 

7.Èðãýíèé õóóëèéí 27 дугаар зүйлийн 27.6-д “хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг хамгаалахад энэ хуулийн 21 дүгээр зүйлийн заалт нэгэн адил хамаарна” гэж,

21 ä¿ãýýð ç¿éëèéí 21.2.-ò “Èðãýíèé íýð, íýð òºð, àëäàð õ¿íä, àæèë õýðãèéí íýð õ¿íäèéã ãóòààñàí ìýäýý òàðààñàí ýòãýýä ò¿¿íèéõýý ¿íýí çºâèéã íîòîëæ ÷àäàõã¿é áîë ýðõ íü çºð÷èãäñºí ýòãýýäèéí øààðäëàãààð óã ìýäýýã òàðààñàí õýëáýð, õýðýãñýë, ýñõ¿ë ººð õýëáýð, õýðýãñëýýð íÿöààõ ¿¿ðýã õ¿ëýýíý” ãýж òóñ òóñ çààжээ.

 

Хуулийн дээрх заалтад зохицуулагдсан “Гутаасан мэдээ” гэдэгт бодит байдалд нийцээгүй, иргэн, хуулийн этгээдийг хууль буюу ёс суртахууны хэм хэмжээг зөрчсөн буюу буруу шударга бус үйлдэл хийсэн гэх агуулгатай мэдээг тарааснаар иргэний нэр төр, алдар хүнд, иргэн, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд нөлөөлсөн, үнэлэмжийг нь доройтуулсан байхыг ойлгоно.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь нэхэмжлэгчийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан, уг мэдээнийхээ үнэн зөвийг нотолж чадаагүй тохиолдолд хариуцлага хүлээхээр байх ба, түүний тараасан гутаасан мэдээний улмаас нэхэмжлэгчийн ажил хэргийн нэр хүндэд нөлөөлж, үнэлэмж нь буурсан тохиолдолд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т зааснаар шаардах эрхтэй байна.

 

8.Харин хариуцагч Сайд асан, Гишүүн Б.Э нь нээлттэй сонсголыг даргалан явуулах үедээ “...Б дарга, түүний гэр бүлийн хүн Ц.А нарын хамаарал бүхий компаниуд нийлбэр дүнгээрээ 1,000,000 тонн нүүрсийг гаалийн бүрдүүлэлтгүй гаргасан гэдэг дүн мэдээ танилцагдлаа. Энэ бол маш ноцтой асуудал...” гэж,

“...Э лкс ГХОХХК нь 425,638,5 тонн... нүүрсийг гаалийн бүрдүүлэлтгүй гаргасан гэсэн мэдээлэл байна...” гэж,

“...Монгол Улсын нүүрс тээврийн компаниуд, гаалийн албан татвараас нуугдах зорилготой байна. Энэ бол татвараас зайлсхийх гэмт хэрэг бөгөөд бодитой асуудал юм байна гэдэг нь өчигдөр тодорхой болсон... Жолооч нар нь байсан, Компаниуд нь байсан, тэд нарын хамаарлууд нь гарсан, гаалийнхан ярьсан. ...Энэ бол гаалийн татвараас зайлсхийх том хэмжээний схем, бүлэглэл, мафи байгаа гэдэг нь ойлгомжтой, ил болсон...” гэж хэлснийг бусад агуулга буюу мэдээллийн хам сэдэвтэй нь холбож харах нь зүйтэй.

 

Ийнхүү харвал, хариуцагч Сайд асан, Гишүүн Б.Эын дээрх байдлаар хэлсэн мэдээлэл нь 2021 оны Монгол улсын их хурлын Хяналт шалгалтын тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан хянан шалгах түр хорооны бүрэн эрхийн хүрээнд хамаарах цуглуулсан нотлох баримт, шинжээчийн дүгнэлт, дуудагдсан гэрчүүдийн тайлбар зэрэгт үндэслэсэн сонсголын процесс ажиллагааны нэг хэсэг байх ба, энэ нь Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т тодорхойлсон “гутаасан мэдээ”-ний шинжид нийцсэнгүй.

 

9.Дээрх бүгдээс дүгнэн үзвэл, Хянан шалгах түр хороо нь Улсын их хурлаас хуульд заасан журмын дагуу байгуулагдсан, тус хорооны гишүүн, даргаар хариуцагч Гишүүн Б.Э ажилласан, энэхүү хянан шалгах түр хороо нь ЭТ ХК болон Тавантолгой ХК-ийн нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах зорилгоор нээлттэй сонсгол зохион байгуулагдсан байх ба, тухайлаад нэхэмжлэгч Э ХХК-ийн ажил хэргийн нэр хүндийг гутаах зорилго байгаагүй, хянан шалгах түр хороо өөрийн бүрэн эрхийн хүрээнд нүүрс тээврийн өөр бусад компаниудын үйл ажиллагаа, хамаарлыг шалгасан, цугларсан нотлох баримтууд болон эрх бүхий этгээд болох шинжээчийн дүгнэлт, мэдээлэлд үндэслэн нэхэмжлэгч Э ХХК-ийн хамаарал бүхий компаниуд, нүүрсний мэдээллийн талаар болон Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа нүүрс тээврийн компаниуд нь гаалийн албан татвараас зайлсхийж, нуугдах зорилготой байгааг, ...хил, гаалийн байгууллагуудын үйл ажиллагаа доголдолтой байгааг илэрхийлсэн агуулгатай гэж үзэхээр байна.

 

Тодруулбал, хариуцагч Сайд асан, Гишүүн Б.Э нь Монгол улсын их хурлын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т зааснаар бусдыг гэмт хэрэгт холбогдуулан доромжлох, гүтгэхээс бусад тохиолдолд нийтийн сонсголын үеэр хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор цугларсан нотлох баримт, эрх бүхий этгээд болох шинжээчээс танилцуулсан мэдээлэл, оролцсон гэрчүүд болох н.Б, Ц.А нараас авсан тайлбарт үндэслэн өөрийн санал, шүүмж, үзэл бодлоо илэрхийлж хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага хүлээхээргүй байх ба, хариуцагчийн ирүүлсэн “...Улсын их хурал нь нэг гишүүд бүрээс бүрдсэн, хамтын удирдлага, зохион байгуулалтаар үйл ажиллагаа явуулдаг ард түмний төлөөллийн дээд байгууллага, …Улсын их хурлын гишүүдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, санал хурлаах, хууль тогтоох зэрэг эрх нь парламентын бие даасан байдлын үндсийг бүрдүүлж, сонгогчдын эрх ашгийг төлөөлөх, үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлэх боломжийг олгодог…” гэх агуулга бүхий тайлбарыг шүүх бүрэлдэхүүн үндэслэл бүхий байна гэж дүгнэлээ.

 

Өөрөөр хэлбэл, нээлттэй сонсголын үеэр хариуцагч Хууль зүй дотоод хэргийн сайд, Гишүүн Б.Эын хэлсэн, нэхэмжлэгч талын үндэслэл болгосон мэдээлэл нь тус компанийн ажил хэргийн нэр хүндийг зориуд гутаасан гэх, түүний хэлсэн мэдээллийн улмаас нэхэмжлэгч Э ХХК-ийн ажил хэргийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж, үнэлэмжийг нь доройтуулсан гэх нөхцөл байдал баримтаар тогтоогдсонгүй. Тиймээс иргэдийн төлөөлөгчийн гаргасан “...нэхэмжлэгч компанийн цаашдын бизнесийн үйл ажиллагаанд түр хорооны даргын хэлсэн үг, үйлдэл хор нөлөө үзүүлж байгаа… нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна…” гэсэн агуулга бүхий дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.  

 

Иймд хариуцагч Сайд асан, Гишүүн Б.Эт холбогдох ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэж, гутаасан мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг даалгах тухай Э ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

 

10.Нэхэмжлэгч Э ХХК-ийн 2024.04.29-ний өдөр тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т заасантай нийцнэ.  

 

11.Нэхэмжлэгч талын гарган өгсөн Үндэсний аудитын газрын 2024.08.22-ны өдрийн 08/1709 тоот албан бичиг, түүний хавсралт болох 110 хуудастай, “ЭТ ХК-ийн 2018-2022 оны үйл ажиллагаа болон Тавантолгойн орд ашиглалтад Төрөөс эрдэс баялагийн салбарт баримтлах бодлого Ашигт малтмалын тухай хуулиар хүлээсэн үүргийн биелэлт”-д хийсэн гүйцэтгэлийн аудитын тайланг хэрэгт хамааралгүй гэж үзсэн учраас шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүйг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2., 115.2.3.-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.-т зааснаар хариуцагч Сайд асан, Гишүүн Б.Эт холбогдох ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэж, гутаасан мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг даалгах тухай Э ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар нэхэмжлэгч Э ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5., 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай. 

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ЭНХТУЯА

 

                               ШҮҮГЧИД                                                    О.АЗЗАЯА

 

                                                                         Т.ЗОЛЗАЯА