Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 04

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ням даргалж, Нарийн бичгийн дарга Ш.Дорж-Очир Улсын яллагч Э.Гантулга Шүүгдэгч Д.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Н-т холбогдох 1723000680048 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1999 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Завхан аймгийн Цэцэн-Уул суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Завхан аймгийн Цэцэн-Уул сумын Жаргалант багт оршин суух хаягтай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Бадарч овогт Д-ийн Н РД:/ИТ*******/ Шүүгдэгч Д.Н нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу мал хулгайлах гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Хохирогч Б.М нь 2017 оны 03 дугаар сард Завхан аймгийн Сантмаргац сумын Баяннуур багийн нутаг Хүнгүйн гол гэдэг газраас 2 адуу буюу саарал үрээ, хар гүүгээ алдсан болох нь түүний мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 3 сард эм тамгагүй саарал үрээ, дормон тамгатай хар гүү алга болсон. Тэгээд хайж байгаад Л гэдэг хүн харж байгаад манай ахад хэлсэн байсан. Тэгээд тэр 2 адуугаа авсан. Саарал үрээ, хар гүү хоёрыг Нямаа хүнд аваачиж өгсөн байсан. ...” гэсэн мэдүүлэг, гэрч Б.М/хохирогчийн ах/-ийн “Манай дүү 2017 оны 3-р сарын 25-ны үед Завхан аймгийн Сантмаргац сумын Баяннуур багийн нутаг Хүнгүйн гол гэдэг газар бэлчээрт байсан нас гүйцсэн халтар гүү, шүдлэн саарал үрээ хулгайд алдсан. ...Манай сумын малчин Энхболд манайд ирээд танай дүүгийн алдсан гэсэн хоёр адуу доор Сурагт гэдэг газар байхаар нь адуундаа тавьсан гэж хэлсэн. Тэгээд би өөрөө адуунд нь очиж үзсэн чинь мөн байсан.” гэсэн мэдүүлгээр нотлогдож байна. Дээрх 2 адууг шүүгдэгч Д.Н хулгайлсан болохоо хүлээн мөрдөн байцаалтын шатанд “Би 2017.03.20-ны өдөр хөдөө гэртээ байж байгаад адуугаа хайхаар Хүнгүй өгсөөд Хүрэн хайрхан гэдэг газар руу явж байсан чинь эзэнгүй 2 адуу байхаар нь туугаад Олон түрүү гэдэг газар очсон чинь Сантмаргац сумын иргэн С.Л тааралдсан. Тэгээд Л ахад та энэ хоёр адуугаар өөр адуу солиод өгөөч гэсэн чинь ямар адуу авах юм бэ гэхээр нь таны хүрэн азаргатай адуунаас чинь авъя гэсэн чинь тэг гэхээр нь өгчхөөд явсан. Саарал үрээ нь тамга байхгүй, сартай хар гүү нь зөв гуян дээрээ тамгатай байсан, тамгыг нь сайн ажиглаж хараагүй.” гэж мэдүүлсэн бөгөөд шүүх хуралдааны үед мөн ижил агуулга бүхий мэдүүлэг өгч гэм буруугаа хүлээн мэдүүлж байна. Түүний хэргээ хүлээн мэдүүлсэн дээрх мэдүүлгийг гэрч С.Л-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би Олон түрүү гэдэг газар адуугаа хайж явсан. Н бор хээр морь уначихсан, хээр гүү, саарал үрээ хоёр туучихсан явсан. ...гүү нь буруу чих гол цуулбар имтэй харагдсан. Нөгөөх адуу нь им тамга байхгүй байсан. Н нь хоёулаа гүү сольё гэсэн. Тэгээд та энэ хоёр адууг туугаад яваач гэхээр нь би чи тэгвэл зунаас гүүгээ аваарай гээд тэр хоёр адууг тууж явах гэсэн туранхай болохоор нь тэнд нь орхиод адуундаа явсан.” гэсэн мэдүүлэг давхар нотолж байна. Ийнхүү шүүгдэгч Д.Н-ын бусдын 2 тооны адууг хулгайлан авсан гэдгээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг бусад нотлох баримтаар нотлогдож байх тул түүний мэдүүлгийг өөрийг нь яллах үндэслэл болголоо. Түүнчлэн шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Улсын яллагч яллах дүгнэлт үйлдэхдээ болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Н-ын үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/малын хулгайн гэмт хэрэг/-т зааснаар зүйлчлэн яллаж байна. Гэтэл 2002 оны Эрүүгийн хуулиар мал хулгайлах үйлдлийг бие даасан гэмт хэрэгт тооцоогүй байсан бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдсөн 2015 оны Эрүүгийн хуулиар малын хулгайн гэмт хэргийг шинээр гэмт хэрэгт тооцсон учир шүүгдэгч Д.Н-ын үйлдэлд 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэсгүй. Хохирогч хулгайд алдагдсан хар гүүгээ 400000 төгрөгөөр, саарал үрээгээ 350000 төгрөгөөр үнэлсэн, шинжээч ч 2 адууны үнэлгээг мөн үнээр тогтоосон бөгөөд хэргийн оролцогчид үнэлгээний талаар маргаагүй байна. Ийнхүү шүүгдэгч Д.Н бусдад 750000 төгрөгний хохирол учруулсан болох нь тогтоогдсон байх тул түүний үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн шүүгдэгчийг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй. Шүүгдэгч Д.Н-ын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар /хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сар өнгөрсөн бол/ эрүүгийн хариуцлагад татаж болохгүй хугацаа буюу хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Хохирогч Б.М нь хулгайд алдагдсан 2 адуугаа буцааж авсан гэж мэдүүлдэг бөгөөд хор уршигт 96250 төгрөг нэхэмжилж байсан бол шүүхийн шатанд хохирол төлбөрөө авсан гэдгээ илэрхийлжээ. Мөн шүүгдэгч түүнд 300000 төгрөг өгсөн гэж мэдүүлж байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг нөхөн төлөгдсөн гэж үзэх үндэстэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.8, 1.9 болон 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Бадарч овогт Д-ийн Н-г 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг буюу бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. 2002 оны Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 72.1.1-д заасныг баримтлан Д.Н-ын үйлдсэн 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Шүүгдэгч Д.Н-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Д.Н нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирол нөхөн төлөгдсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн мэдээлэл хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

5. Шүүгдэгчийн эд хөрөнгө гэх 6600000 төгрөгийн үнэлгээтэй 2 тооны адууг битүүмжилсэн прокурорын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 5/48 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Д.НЯМ