Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 2022/ДШМ/35

 

*******т холбогдох 
эрүүгийн хэргийн тухай


Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч Ш.Төмөрбаатар, Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:   
Прокурор Ч.Отгонбаатар
Нарийн бичгийн дарга Б.Нансалмаа нарыг оролцуулан,        
Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2022/ШЗ/408 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрсөн прокурорын эсэргүүцлээр шүүгдэгч *******т холбогдох 2222000000155 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Ц.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв. 
Яллагдагч: ******* овогт *******ын *******, ******* оны 12 дугаар сарын 17-ны өдөр Дундговь аймгийн ******* суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Дундговь аймгийн ******* сумын ******* гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, /РД: *******/.
******* нь 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө Дундговь аймгийн ******* сумын 3 дугаар багийн ******* гэх газарт тай маргалдан улмаар түүний нүүр рүү шилэн аягаар цохиж, татаж унаган дух, хөмсөг, зовхинд шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 
           Дундговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
           Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3-т зааснаар яллагдагч *******т холбогдох эрүүгийн 2222000000155 дугаартай хэргийг прокурорт буцааж, яллагдагч болон түүний өмгөөлөгчөөс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг хэлэлцэхгүй орхиж, хэргийг прокурорт очтол яллагдагч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, захирамж хүчин төгөлдөр болмогц *******т холбогдох эрүүгийн 2222000000155 дугаартай хэргийг Дундговь аймгийн Прокурорын газарт хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж  шийдвэрлэсэн байна. 
           Хяналтын прокурор Ч.Отгонбаатар давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор П.Итгэл, яллагдагч *******т холбогдох эрүүгийн 2222000000155 дугаартай хэрэгт 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.
Яллагдагч ******* 2022 оны 08 дугаар сарын 19-20-ны өдөр шилжих шөнө Дундговь аймгийн ******* сумын 3 дугаар баг ******* гэх газар иргэн тай маргалдан улмаар түүний нүүр рүү шилэн аягаар цохиж, татаж унаган дух, хөмсөг, зовхинд шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн.
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2022/ШЗ/408 дугаартай захирамжийг 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч танилцахад, шүүх хэргийн бодит байдалтай нийцэхгүй дүгнэлт хийж хэргийг прокурорт буцаасан байгаа тул дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
Яллагдагч ******* болон түүний өмгөөлөгч Д.Долгорсүрэн нар нь 2022 оны 09 дүгээр сарын 27-ны хэргийн материалтай танилцаад "... хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх хүсэлтийг гаргажээ. Гэтэл мөрдөгч Д.Мөнхбаатар уг хүсэлтийг шийдвэрлэлгүй 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хэргийг шүүхэд шилжүүлэх санал гарган хэргийг прокурорт хүргүүлжээ. Өөрөөр хэлбэл мөрдөгч *******т холбогдох хэргийг прокурорт хүргүүлсний дараа оролцогч нарт хэргийн материал танилцуулах ажиллагааг хийж гүйцэтгэсэн байна.
Мөрдөгч яллагдагч болон түүний өмгөөлөгчөөс гаргасан хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан “хэргийн материал танилцах үед оролцогчоос гаргасан хүсэлт, гомдлыг мөрдөгч хүлээн авч хангах, эсвэл хэрэгсэхгүй болгож энэ тухай шийдвэр гаргана” гэснийг зөрчсөн гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан.
Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагч болон түүний өмгөөлөгч: Хэрэг прокурорт шилжих үед өмгөөлөгчөөр оролцсон. ******* нэмэлт ажиллагаа хийлгэх хүсэлтийг ярьдаг. ******* гэм буруугаа үлээн зөвшөөрөхгүй, хохирогчийн биед учирсан гэмтлийг стаканаар цохиогүй.бид хоёр зууралдаад хогийн саван дээр унаад цус гарч гэмтэл учирсан гэж хэлдэг. Хагарсан хогийн сав тухайн газарт хэргийн газарт үзлэг хийсэн зүйл байхгүй. Одоо энэ хогийн сав нь хаана байгаа вэ гэхээр хөдөө хог хаях газар байхгүй учраас хогоо ачаад аймгийн хогийн цэг дээр хаядаг гэсэн. Хохирогчоос ирүүлсэн баримт байхгүй. Тиймээс гэм бурууг зөвшөөрч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.6-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан. Яллагдагч хавтаст хэрэгтэй танилцаад хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлтээсээ татгалзаж байхад оролцогчийн эрхийг хязгаарласан. хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байх тул Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 1£ний өдрийн 2022/ШЗ/408 дугаартай захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв. 
    
ТОДОРХОЙЛОХ НЬ:
    
Давж заалдах шатны шүүх хуралдаанаар *******т холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Анхан шатны шүүх яллагдагч болон түүний өмгөөлөгчөөс хавтаст хэргийн материал танилцах үед гаргасан  хүсэлтийг мөрдөгч шийдвэрлээгүй орхигдуулсан асуудал нь тэдний шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан хүсэлтийг хэлэлцэхгүй орхиж, оролцогчийн эрхийг зөрчсөн гэх үндэслэл болох талаар дүгнэж *******т холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан “хэргийн материал танилцах үед оролцогчоос гаргасан хүсэлт, гомдлыг мөрдөгч хүлээн авч хангах, эсхүл хэрэгсэхгүй болгож энэ тухай шийдвэр гаргана” гэсэнд нийцүүлэн  мөрдөгч хүсэлтийг хангахгүй гэж үзэж байгаа бол ийнхүү хангахгүй болсон  үндэслэлээ тодорхой зааж, татгалзсан тухай шийдвэрийг гаргана гэж ойлговол зохино. Энэ талаар мөрдөгчөөс шийдвэр гаргаагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан “Хавтаст хэргийн материал танилцаад тэмдэглэлд тусгасан оролцогчийн хүсэлт, гомдлыг мөрдөгч хэрэгсэхгүй болгосон бол оролцогч прокурорт гомдол гаргаж болно” гэж заасан. Мөрдөгчөөс уг хуулийн 32.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан шийдвэр гараагүй учраас оролцогчид гомдол гаргах эрх үүсээгүй байна. 
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд буюу шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина гэдэг нь  энэхүү хуулийн 1.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хууль ёсны байх зарчмын шинжтэй заалт юм.  
Эрх бүхий ажилтны гаргасан шийдвэрт гомдол гаргах нь энэ хууль болон Монгол улсын Үндсэн хуульд заасан иргэний үндсэн эрх бөгөөд энэ эрхийг зөрчсөн албан тушаалтны үйл ажиллагааг хууль ёсны дагуу явагдсан гэж үзэх үндэслэл болохгүй.
Үүнээс гадна Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шууд нэрлэн заасан бөгөөд нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад онцгой ач холбогдолтой юм.
Өөрөөр хэлбэл, нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлийг зайлшгүй нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, тухайн этгээд гэм буруутай эсэхийг шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлоход чухал ач холбогдолтой.
Прокурорын яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт ******* нь 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө Дундговь аймгийн ******* сумын 3 дугаар багийн ******* гэх газарт тай маргалдан улмаар түүний нүүр рүү шилэн аягаар цохиж, татаж унаган дух, хөмсөг, зовхинд шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлэхээр тогтоосон байна. 
Хэрэгт шүүгдэгч хохирогчоос гадна хэд хэдэн гэрчүүдийн мэдүүлгүүд авагдсан байх бөгөөд эдгээр гэрчүүд бүгд шүүгдэгч хохирогч хоёрыг хоёулаа барилцаж аваад давхраараа унаад босоод ирэхэд ын нүүр цус болсон байсан гэж,  харин  ын эхнэр нь болох Б.Ичинхорол ...Пиво ууж байсан шилэн стаканаар цохичих шиг болсон. Яг цохиж байхыг нь хараагүй гэж мэдүүлсэн байна. Хохирогчийн гомдол мэдүүлэг бусад нотлох баримтаар нотлогдоогүй байхаас гадна Хэргийн 39 дүгээр хуудсанд авагдсан шинжээчийн дүгнэлтээр ын биед дух, хөмсөг,зовхинд шарх гэмтэл тогтоогдлоо. Энэ нь ир үзүүртэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой гэж дүгнэж, духны зүүн хэсэг, дух зүүн хөмсөгний дотор булан хэсэг, зүүн нүдний доод зовхины булан хэсэг гэх мэт хохирогчийн нүүрэн тус 3 газарт оёдол тавьсан байна. 
Дээрх нотлох баримтуудаар хэрэг нотлогдсон байдал нь эргэлзээтэй байх тул энэхүү нөхцөл байдалд шүүхээс хийсэн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэн шүүхээс хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, “... *******т холбогдох хэрэгт хууль зүйн дүгнэлт хийлгэх, ...”-ээр бичсэн прокурор Ч.Отгонбаатарын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Үүнээс гадна, 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс дагаж мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ... 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтыг ... хүчингүй болсонд тооцсон” бөгөөд уг зохицуулалтаар давж заалдах шатны шүүхээс хэргийг прокурорт болон анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах эрх хэмжээ олгогдоогүй болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.    Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2022/ШЗ/408 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Ч.Отгонбаатарын бичсэн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 06 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.


ДАРГАЛАГЧ                            Ц.ОТГОНЦЭЦЭГ 

                                ШҮҮГЧИД                            Г.ТЭГШСУУРЬ  

                                                                              

Ш.ТӨМӨРБААТАР