Шүүх | Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Паламын Амаржаргал |
Хэргийн индекс | 008/2015/0022/З |
Дугаар | 116/ШШ2015/0001 |
Огноо | 2015-02-02 |
Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2015 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 116/ШШ2015/0001
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Захиргааны хэргийн анхан шатны 8 дугаар шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Амаржаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: *******ийн *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорнод аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох,
Тэтгэврийг шинэчлэн тогтоож, анх тэтгэвэр тогтоолгосон 2006 оны 11 дүгээр сараас тэтгэврийн зөрүүг нөхөж олгуулах шийдвэр гаргахыг Дорнод аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгуулахыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.*******, хариуцагч Дорнод аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Батзориг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянтүмэн сумын иргэн өндөр настан Н.******* миний бие анх тэтгэвэр тогтоолгохдоо хувь хүний хууль эрхийн мэдлэг тааруу, Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагчийн ажилдаа хайхрамжгүй, тэтгэврийн хуулийг сурталчлан ойлгуулах ажил хангалтгүй байснаас тэтгэвэр тогтоох аргачлалаа буруу мөрдөж байсан байна. Энэ талаар миний бие тодорхой ойлголттой болж өөрийн тэтгэврийг шинэчлэн тогтоолгохоор аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст 2014 оны 02 дугаар сарын 10, 2014 оны 10 дугаар сарын 01-нд тус тус өргөдөл бичиж өгсөн боловч тэтгэвэр тогтоолгоход анх баримталсан 5 жилийн цалинг өөр 5 жилийн цалингаар сонгож тэтгэвэр тогтоолгох үндэслэл байхгүй гэсэн адилхан хариу өглөө. Миний өргөдлийн үндсэн утга нь анх 2006 онд өндөр насны тэтгэвэр тогтоолгохдоо 1986-2006 оны /сүүлийн 20 жилийн календарын/ аль дуртай 5 жилийг сонго гэсний дагуу 2001-2006 оны цалинг өөрөө сонгож тэтгэврээ тогтоолгосон юм. Гэтэл Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 22.1-д заахдаа даатгуулагч шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн аль дуртай 5 жилийн хөдөлмөрийн хөлснөөс тэтгэврээ тогтоолгохоор хуульчилсан байна. Энэ талаар аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс ирүүлсэн хариу бичигт тодорхой дурьдсан байна. Гэвч энэ нь миний тэтгэвэр тогтоолгоход баримталсан жилтэй тохирохгүй байжээ. Хуулийн 22.1-д заасны дагуу тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилээс тэтгэвэр тогтоох сонголт хийнэ гэж тооцвол 1986-2006 оны /календарын/ бус энэ хугацаанд ажилгүй байсан 6 жилийн /1988, 1989, 1990, 1992, 1993, 1994/ хугацааг урагшлуулж 1980-2006 он буюу тэтгэврийн шимтгэл төлсөн сүүлийн 20 жилээс сонголт хийлгэх ёстой байсан учраас Баясгалант хөдөлмөр нэгдлийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан үеийн 1980-1985 оны цалингийн хэмжээнээс тэтгэвэр тогтоолгож тэтгэврийн хэмжээгээ бага боловч нэмэгдүүлэх сонирхлын дагуу өргөдөл бичиж хандахад тэтгэврийн шимтгэл төлсөн сүүлийн 20 жил гэдгийг тайлбарлахаас байнга зайлсхийж тэтгэвэр тогтооход хэрэглэсэн 5 жилийн цалинг өөр 5 жилийн цалингаар сольж тооцохгүй гэсэн хариуг өгч байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэж би үзэж байна. Дээрхи хариу нь Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг хэн дуртай нь нийгмийн даатгалын байцаагч тэтгэврийг өөрчлөн тогтоож, сангийн хөрөнгийг хууль бусаар захиран зарцуулах явдлаас хамгаалах үндэслэл гэж бодож байна. Харин энэ нь нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуулийг буруу хэрэглэсний халхавч болгож өндөр настнуудыг хохироох хэрэгсэл яавч биш юм. Ер нь бодож үзэхэд тэтгэврийн шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийг сонгуулахаар хуульчилсан явдал нь тэтгэвэр тогтоох үндсэн нөхцөлийг бүрдүүлсэн эсэхийг шалгах хэмжүүр болохоос гадна тэтгэвэр тогтоолгогч өндөр настнуудын сонгох эрхийг баталгаажуулсан явдал гэж үзэж байна. Иймд 1 дүгээрт: дээрхи хуулийг буруу хэрэглэснээ хүлээн зөвшөөрч миний тэтгэврийг 1980-1985 оны цалингаас бодолт хийж тогтоож өгөх, 2 дугаарт: “...нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуулинд заахдаа тэтгэвэр тогтооход баримталсан шимтгэл төлсөн хугацаа, хөдөлмөрийн хөлсний хэмжээ өөрчлөгдсөн нь үндэслэлтэй гэж тогтоогдож тэтгэвэр авагч өөрөө хүсвэл тэтгэврийг өөрчлөн тогтоохоор заасан байдаг” гэсэн аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хариу нь өндөр настан миний хүсэлтийг хангах нөхцлийг бүрдүүлж байна. Хуулийн хэрэгжилтийг дээд дунд шатандаа сул анхаарч байгааг хянан үзэж өндөр настан миний нэхэмжлэлийг ёсоор болгож тэтгэврийг шинэчлэн тогтоолгож анх тэтгэвэр тогтоолгосон 2006 оны 11 дүгээр сараас тэтгэврийн зөрүүг нөхөж олгуулах шийдвэр гаргахыг аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Г.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Иргэн Н.*******гийн тэтгэврийн хувийн хэрэг, холбогдох материалаас үзэхэд улсад ажилласан хугацааг 34 жил 6 сараар тооцож, 2001-2006 оны цалинг үндэслэн 2006 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоон олгосон нь үндэслэлтэй байна. Иргэн Н.******* нь 2014 оны 3 дугаар сарын 18-нд тус хэлтэст хандан анх тэтгэвэр тогтооход баримталсан хөдөлмөрийн хөлсийг өөрчлөн 1980-1985 онуудад авч байсан хөдөлмөрийн хөлсний дунджаас тэтгэврээ шинэчлэн тогтоолгохыг хүссэн өргөдөл гаргаж байсан бөгөөд хүсэлтийг хүлээн авч хариуг албан тоотоор өөрт нь хүргүүлсэн болно” Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг даатгуулагч тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторхи аль дуртай дараалсан 5 жилд төлсөн шимтгэлээс тооцож гаргасан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос бодно” гэж заасны дагуу өөрийнх нь сонгосон 2001-2006 оны цалингаар тэтгэврийг бодсон байна. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх хэсэгт “авч байгаа тэтгэврийг нь тогтооход баримталсан шимтгэл төлсөн хугацаа, хөдөлмөрийн хөлсний хэмжээ өөрчлөгдөх үндэслэлтэй болсон нь тогтоогдож тэтгэвэр авагч хүсэлтээ гаргасан” тохиолдолд тэтгэврийг өөрчлөн тогтоохоор хуульчилсан бөгөөд 2001-2006 оны сонгосон цалин ямар нэгэн зөрчилгүй байгаа учир энэ хуулийн заалтыг барих үндэслэл болохгүй тул нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй юм гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Дорнод аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.******* гуай Нийгмийн даатгалын хэлтэст 2 удаа өргөдөл гаргаж байсан. Хариуг тухай бүр өөрт нь өгч байсан. Нийгмийн дааталын Ерөнхий газар бас хариуг өгсөн байдаг. Ерөнхийдөө өөрийнх нь тайлбарыг сонслоо. Хуулинд тухайн хүн анх тэтгэвэр тогтоолгохдоо аль сонгосон 20 жил доторх аль дуртай дараалсан 5 жилээ сонгохыг анх тэтгэвэрт гарах гэж байгаа бүх хүмүүст тайлбарлаж өгдөг байгаа. Энэ 20 жил юу вэ гэхээр хамгийн сүүлд хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон жилээс өмнөх 20 жилийг авч байх ёстой байдаг. Энэ үүднээс 2006 онд Н.******* гуай ажлаас чөлөөлөгдсөн байдаг, үүнээс өмнөх 1986 -2006 оны 20 жилийн доторх аль дуртай дараалсан 5 жилээ сонгох болсон. Тэгээд өөрөө 2001-2006 оны цалингаа сонгож тэтгэврээ тогтоолгосон байгаа. ******* гуай өргөдөлдөө нийгмийн даатгалын тухай хуулийн 28.1.1-ийг үндэслэж өргөдлөө гаргасан гэж тайлбарласан байсан. Энэ заалтыг ямар тохиолдолд хэрэгжүүлдэг юм бэ гэхээр тухайн тэтгэвэр тогтоолгогч тухайн үед цалин тогтоогдоогүй, тогтоогдох боломжгүй, сүүлд нотлогдож цалин тогтоогдсон тохиолдолд хэрэгждэг байгаа. Бид бүхэн хуулийн хүрээнд ажиллаж байгаа, ******* гуайн бухимдлыг ойлгож байна. Тайлбар өгөхөд хүн бүрийн өргөдлийг аваад сонгосон 5 жилийг нь өөр 5 жилээр өөрчилж өгдөггүй. Яагаад гэвэл жил болгон Засгийн газраас баталж тэтгэвэр тэтгэмж нэмдэг, энэ нэмдэг учир нь 1990- ээс өмнөх оны цалин, хөдөлмөрийн хөлсийг тооцохын тулд тэтгэвэр бодох итгэлцүүр гэдэг зүйлийг гаргасан байдаг. Энэ итгэлцүүр нь он ондоо өөр өөр байдаг. Хамгийн сүүлд 2014 оны 02 дугаар сарын 01-нд Засгийн газрын 15 дугаар тогтоолоор итгэлцүүр бий болсон. Өмнөх оны цалинг 715 хувиар нэмэхээр тогтоосон. Жил бүр итгэлцүүр өөрчлөгддөг байгаа. Үүнтэй уялдуулаад тэтгэвэр авагч нар маань анх тогтоолгосон 5 жилийн цалингаа өөр цалингаар тооцуулна, өөрчлүүлье гээд ирдэг. Энэ нь ямар ч боломжгүй байдаг. Жишээлбэл Н.******* гуай 2006 оны 11 дүгээр сард анх тэтгэвэр тогтоолгосон байдаг. Тэгвэл 2006 онд Засгийн газрын тогтоолоор 08 сарын 01- ээс 1990 оноос өмнөх цалингийн итгэлцүүр 110 төгрөгөөр өсгөхөөр байдаг. Одоо 715 хувиар цалинг өсгөхөөр болсон. Үүнийг ******* гуай олж харсан байна. Ийм учраас 1980 -1985 оны цалигаараа бодуулна гэдэг ийм учиртай. Тэр цалингаар бодвол ******* гуайн тэтгэвэр мэдээж өндөр гарна. Жил бүр Засгийн газрын тогтоолоор итгэлцүүрүүд өсч гардаг учраас тэтгэвэр авагчдаас байнга ийм гомдол гаргаж жил бүр манайд тавигддаг асуудлуудын нэг. Мэдээж тухай үед 2001- 2006 оны хооронд сонгосон 5 жилийн цалин нь ашигтай байсныг үгүйсгэхгүй байх аргагүй. Жил бүр өсөөд ирэхээр хүн бүр урьдын цалингаараа тогтоолгодог байжээ гэх хүсэлт тэтгэвэр авагч нар маш их гаргадаг. Хүн болгоны хүсэлтийг аваад шийдвэрлэвэл тэтгэврийн сан үнэхээр дийлэхгүй. Үүний хүрээнд 20 жилийн дотор анх тогтоолгохдоо 5 жилийн цалингаа хувь хүн өөрөө сонгоно гэсэн заалтыг оруулж өгсөн байдаг. Тиймээс манай байгууллагаас өгсөн хариунууд хуулийн дагуу байгаа гэв.
Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь Тэтгэврийг шинэчлэн тогтоож, анх тэтгэвэр тогтоолгосон 2006 оны 11 дүгээр сараас тэтгэврийн зөрүүг нөхөж олгуулах шийдвэр гаргахыг аймгийн нийгмийн даатгалын хэлтэст даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Дорнод аймгийн Баянтүмэн сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2006 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 3 тоот тушаалаар тус сумын Төрийн сангийн төлөөлөгч ажилтай *******ийн ******* нь өндөр насны тэтгэвэрт гарах эрх үүссэн тул ажлаасаа чөлөөлөгдсөн байна.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1-д “Тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг даатгуулагч тэтгэвэрийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторхи аль дуртай дараалсан 5 жилд төлсөн шимтгэлээс тооцож гаргасан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос тодорхойлохоор” заажээ.
Дээрхи хуулийн заалтыг үндэслэн түүний өндөр насны тэтгэвэрээ тогтоолгох өргөдөл, холбогдох баримтыг үндэслэн Аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс түүний улсад ажилласан хугацааг 34 жил 6 сараар тооцож, 1986-2006 оны 20 жил доторхи өөрийнх нь сонгосон 2001-2006 оны 5 жилийн цалинг үндэслэн 2006 оны 11 дүгээр сарын 6-ны өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоон олгосон нь тэтгэвэрийн хувийн хэрэг, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. /Энэ талаар оролцогчид маргаагүй болно/
Н.******* нь аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс болон Нийгмийн даатгалын ерөнхий газарт хандаж анх тэтгэвэр тогтооход баримталсан хөдөлмөрийн хөлсийг өөрчлөн 1980-1985 онуудад авч байсан хөдөлмөрийн хөлсний дунджаас тэтгэвэрээ шинэчлэн тогтоолгохоор тус тус ижил агуулгатай өргөдөл гаргасан байна.
Тэрээр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 6/1668, Дорнод аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2014 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 180 дугаартай албан бичгүүдэд “...анх тэтгэвэр тогтоолгосон 2001-2006 оны 5 жилийн цалинг өөр 5 жилийн цалингаар сольж өндөр насны тэтгэвэрийг өөрчлөн тогтоох боломжгүй” гэдэг хариуг тус тус өргөдөл гаргагч Н.*******д хүргүүлсэн нь үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа... Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулинд Тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг даатгуулагч тэтгэвэрийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилээс аль дуртай дараалсан 5 жилээр тооцуулахаар заасан байхад миний сүүлийн 20 жилийг буруу тооцсон, өөрөөр хэлбэл 1986-2006 оны 20 жилд миний бие 1988, 1989, 1990, 1992, 1993, 1994 онуудад ажилгүй байсан байхад 14 жилээс тооцсон нь буруу гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1-д “Тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг даатгуулагч тэтгэвэрийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторхи аль дуртай дараалсан 5 жилд төлсөн шимтгэлээс тооцож гаргасан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос тодорхойлохоор” заасан байхад хуулийг буруу ойлгож шимтгэл төлсөн 20 жилийн хугацааг урагшлуулж 1980-1985 онуудад авч байсан хөдөлмөрийн хөлсний дунджаас тэтгэвэрээ шинэчлэн тогтоолгохоор маргаж байгаа нь дээрхи хуулийн заалтыг зөрчиж байна. Нэгэнт Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1-д ...20 жилийн доторхи... гэж заасан байхад Н.Шууурайгийн ажилгүй байсан 6 жилийн хугацааг урагшлуулж тэтгэвэрийн хэмжээг өөрчлөх боломжгүй бөгөөд шимтгэл төлсөн 20 жилийн хугацаа бол дараалсан байхыг шаардахгүй харин сонгосон 5 жилийн хугацаа заавал дараалсан байх ёстой.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1.1-дэх хэсэгт “авч байгаа тэтгэвэрийг нь тогтооход баримталсан шимтгэл төлсөн хугацаа, хөдөлмөрийн хөлсний хэмжээ өөрчлөгдөх үндэслэлтэй болсон нь тогтоогдож тэтгэвэр авагч хүсэлтээ гаргасан тохиолдолд тэтгэвэрийн хэмжээг өөрчлөн тогтоохоор” заажээ. Гэтэл Н.*******гийн тэтгэвэрийг анх тогтоохдоо Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1-д заасан журмаар тогтоосон нь хууль зөрчөөгүй бөгөөд тэтгэвэрийн хэмжээг өөрчлөн тогтоох хуульд заасан үндэслэл байхгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан Н.*******гийн Тэтгэврийг шинэчлэн тогтоож, анх тэтгэвэр тогтоолгосон 2006 оны 11 дүгээр сараас тэтгэврийн зөрүүг нөхөж олгуулах шийдвэр гаргахыг аймгийн нийгмийн даатгалын хэлтэст даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөлөгч буюу өмгөөлөгч Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардаж авах үүрэгтэй болохыг дурдсугай.
4. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.АМАРЖАРГАЛ