| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намжилцэрэнгийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 170/2018/0004/Э |
| Дугаар | 05 |
| Огноо | 2018-01-08 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Төрболд |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 05
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж, Нарийн бичгийн дарга Н.Ганчимэг Улсын яллагч Б.Төрболд Шүүгдэгч Ч.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Г холбогдох 17230000770059 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1981 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Завхан аймгийн Цагаанхайрхан суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй, малчин, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Завхан аймгийн Цагаанхайрхан сум Агьт багт оршин суудаг, урьд Орхон аймгийн Сум дундын шүүхийн 2003 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 72 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгэгдэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, хэрэг хариуцах чадвартай, Зээрд Адуутан овогтой Ч-ийн Г, Регистрийн дугаар: ИР*******, Шүүгдэгч нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлж, иргэн Ч.М-д бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Хохирогч Ч.М нь 2017 оны 10 дугаар сарын 27-ны орой өөрийн эзэмшлийн “Чансаа” маркийн цэнхэр өнгийн мотоциклийг жолоодож явж байгаад тээврийн хэрэгслийн шатахуун дуусч Завхан аймгийн Алдархаан сум Богдын гол багийн нутаг дэвсгэр болох Шар дөрөлж гэх газарт мотоциклоо эзэнгүй орхисон нь хохирогч Ч.М-ийн энэ талаар мэдүүлсэн “...би Улиастай сумаас гараад Шар хөтөл гэдэг газарт байсан гэр рүүгээ өөрийн эзэмшлийн Чансаа маркийн цэнхэр өнгийн мотоциклтой явж байгаад гэрийн бараа харагдах газарт очоод мотоциклийн бензин дуусаад тэнд нь рулиэ түгжиж орхиод гэртээ хариад маргааш нь өвөлжөө рүүгээ нүүх байсан болохоор мотоциклоо авч чадалгүй тэнд нь үлдээгээд нүүж гэрээ өвөлжөөн дээр буулгачихаад орой болохоор нь дахиж хоночихоод 2017 оны 10 дугаар сарын 29-ний өглөө мотоциклоо авахаар очтол алга болсон байсан...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна. Тэрээр орхисон мотоциклоо авахаар очиход мотоцикл алдагдсан байсан нь энэ талаар мэдүүлсэн гэрч П.Б-ийн “... М ах бид хоёр хэд хоногоор бог малаа хариулж манай гэрт буюу Шар дөрөлжийн зүүн талд Шар хөтөлд байсан юм. Нүүхээс өмнө ... нэг орой мотоцикл бензингүй болоод замын хажууд данхраадаад орхичихлоо гээд явган хүрч ирсэн. Тэгээд маргааш нь нүүж суугаад оройтоод авч чадалгүй нөгөөдөр нь очоод авах гэтэл мотоцикл нь байхгүй байсан. Хөх өнгийн Чансаа маркийн хуучивтар мотоцикл байсан. Тэгээд өдөр нь мотоциклоо Шинэ хорооны эхний хашаанаас олсон гэж ярьсан...” гэсэн мэдүүлгээр болон гэрч Б.Б-ийн “...2017 оны 10 дугаар сарын 29-ний өглөө мотоциклоо авахаар очиход байхгүй болсон байсан...” гэсэн мэдүүлгээр ногтлогдож байна. Түүний эзэнгүй орхисон мотоциклийг шүүгдэгч Зээрд адуутан овогт Ч-ийн Г хулгайлсан болох нь Хохирогч Ч.М-ийн “ ... тэгээд цагдаа нарт хандсан чинь ирээд хайж явтал шинэ хороонд нэг залуу хашаандаа оруулж миний мотоциклийг задлаад дугуй, гинж зэргийг нь салгачихсан байсан” гэсэн мэдүүлэг, Гэрч Б-ийн “...мотоциклоо алдсан талаар цагдаад мэдэгдээд хайж явтал Цагаанхайрхан сумын гаралтай Ч.Г гэдэг залуугийн хашаанд нь байхад олсон...” гэсэн мэдүүлэг, Гэрч П.Б-ийн “...мотоциклоо шинэ хорооны эхний айлын хашаанаас олсон” гэсэн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримтаар мотоциклийг хураан авсан тогтоолоор нотлогдож байна. Хохирогч, гэрчүүдээс хуульд заасан журмаар мэдүүлэг авсан, тэд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан, мэдүүлгүүд өөр хоорондоо зөрүүгүй, харилцан бие биенийхээ мэдүүлгийг нотолсон, хэрэг гарах үеийн үйл баримтанд шууд хамааралтай байх тул шүүх дээрх мэдүүлгүүдийг үнэлж шийдвэрийнхээ үндэслэл болголоо. Ч.Г-ийн үйлдлийн улмаас хохирогч Ч.М-д 450000 төгрөгний хохирол учирсан нь Завхан аймгийн Алдархаан сумын үнэлгээний комиссийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн эд зүйлийг үнэлсэн үнэлгээний дүгнэлтээр тогтоогдож байна. Шүүх хуралдаанд шүүгдэгч Ч.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй. Шүүгдэгч Ч.Г-ийн үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байх тул Ч.М-ийн мотоциклийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй. Шүүх Ч.Г-г 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ч.Г-д холбогдох 17230000770059 дугаартай хэргийг прокурорын саналыг харгалзан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд шийдвэр гаргах нь зүйтэй. Хэрэгт эд мөрийн баримтаар хурааагдсан Хятад улсад үйлдвэрлэгдсэн BY1621MJ, ✩19002568✩ моторын дугаартай хөх өнгийн мотоциклийг Завхан аймаг дахь Цагдаагийн газарт хадгалагдаж байгааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Ч.М-д буцаан олгох нь зүйтэй гэж үзээд
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.3,1.4, 1.5, 1.8, 4,5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Зээрд адуутан овогт Ч-ийн Г-ийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Г-д 250 /хоёр зуун тавин / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Ч.Г-д оногдуулсан 250/хоёр зуун тавин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шүүгдэгч Ч.Г-д 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хурааагдсан Хятад улсад үйлдвэрлэгдсэн BY1621MJ, ✩19002568 ✩ моторын дугаартай хөх өнгийн мотоциклийг Завхан аймаг дахь Цагдаагийн газарт хадгалагдаж байгааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Ч.М-д буцаан олгосугай.
6. Шүүгдэгчийн эд хөрөнгөнөөс 800000 төгрөгний үнэ бүхий нас гүйцсэн 10 тооны эр хонь 5 /тав/, эм хонь 5/тав/-ыг тус тус битүүмжилсэн прокурорын 2017 оны 10 сарын 12-ны өдрийн 5/22 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай.
7. Шүүгдэгч Ч.Г нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.
9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.ДЭЛГЭРМАА