Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 0093

 

 

 

 

 

 

 

 

 

С.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч С.Цэцэгмаа, Ерөнхий шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                          Л.Э

Шүүгдэгч                                           С.Б, Э.Б, Ж.Б

Шүүгдэгч нарын өмгөөлөгч          З.Б, Э.Э, Х.Г, Р.Ц, Д.О /цахим/

Нарийн бичгийн дарга                 Г.Отгонтуяа нарыг оролцуулан хийж

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 313 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Б болон түүний өмгөөлөгч Э.Э, Х.Г, шүүгдэгч Ж.Бийн өмгөөлөгч Р.Ц, шүүгдэгч Э.Б болон түүний өмгөөлөгч З.Б нарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч С.Б, Э.Б, Ж.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 М овогт С-н Б,

О овогт Ж-н Б,

С овогт Э-н Б,

            С.Б нь гэмт хэрэг үйлдэхийг санаачлан, удирдаж, гэмт үйлдлээ хөнгөвчлөх, хөрөнгө байгаа газарт түргэн очиж, буцах зорилгоор машин механизм ашиглаж, 2020 оны 11 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө Ж.Б, Ч.М нартай бүлэглэн       аймгийн      сумын    багийн “Б” гэх газраас иргэн Х.Э-н хөх саарал зүсмийн азаргатай 32 тооны адуу буюу олон тооны малыг хулгайлж 37.100.000 төгрөгийн хохирол,

  2020 оны 11 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө Ж.Б, Э.Б нартай бүлэглэн    аймгийн     сумын  багийн “М” гэх газраас иргэн Ш.Б-н 2 тооны адуу, иргэн К.Д-н 1 тооны адуу, иргэн Д.Ц-н 1 тооны адуу, нийт 4 тооны адуу буюу олон тооны малыг хулгайлж 12.400.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт,

   Ж.Б нь гэмт үйлдлээ хөнгөвчлөх, хөрөнгө байгаа газарт түргэн очиж, буцах зорилгоор машин механизм ашиглаж, 2020 оны 11 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө С.Б, Ч.М нартай бүлэглэн       аймгийн      сумын      багийн “Б” гэх газраас иргэн Х.Э-н хөх саарал зүсмийн азаргатай 32 тооны адуу буюу олон тооны малыг хулгайлж 37.100.000 төгрөгийн хохирол,

2020 оны 11 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө С.Б, Э.Б нартай бүлэглэн       аймгийн   сумын   багийн “М” гэх газраас иргэн Ш.Б-н 2 тооны адуу, иргэн К.Д-н 1 тооны адуу, иргэн Д.Ц-н 1 тооны адуу, нийт 4 тооны адуу буюу олон тооны малыг хулгайлж 12.400.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт 

 

Э.Б нь  2020 оны 11 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө       аймгийн       сумын   багийн “Б” гэх газраас С.Б, Ж.Б, Ч.М нарын бүлэглэн машин механизм ашиглаж, хулгайлсан 32 тооны адууг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж бодит шинж чанар, эх үүсвэрийг нуун далдалсан,

2020 оны 11 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө Ж.Б, С.Б нартай бүлэглэн    аймгийн     сумын     багийн “М” гэх газраас гэмт үйлдлээ хөнгөвчлөх, хөрөнгө байгаа газарт түргэн очиж, буцах зорилгоор машин механизм ашиглаж, бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлэн иргэн Ш.Б-н 2 тооны адуу, иргэн К.Д-н 1 тооны адуу, иргэн Д.Ц-н 1 тооны адуу, нийт 4 тооны адуу буюу олон тооны малыг хулгайлж 12.400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

           Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос: С.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар,

Ж.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар,

Э.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

 

Шүүгдэгч М овогт С-н Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан “гэмт хэргийг зохион байгуулж, бусадтай бүлэглэн, машин механизм ашиглаж, олон тооны мал хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,  

шүүгдэгч О овогт Ж-н Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан “бусадтай бүлэглэн, машин механизм ашиглаж, олон тооны мал хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, 

шүүгдэгч С овогт Э-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан “гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж бодит шинж чанар, эх үүсвэрийг нуун далдалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан “бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, бусадтай бүлэглэж, машин механизм ашиглаж, олон тооны мал хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

 Шүүгдэгч С.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 7 жил хорих ялаар,

шүүгдэгч Ж.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 7 жил хорих ялаар,

шүүгдэгч Э.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар 1 жил хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 6 жил хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Э.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар оногдуулсан 6 жил ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар оногдуулсан 1 жил хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгчийн нийт эдлэх ялын хэмжээг 7 жилийн хугацаагаар тогтоож,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б, Ж.Б нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад, шүүгдэгч Э.Бд оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бийн цагдан хоригдсон 266 хоног, шүүгдэгч Ж.Бийн цагдан хоригдсон 239 хоног, шүүгдэгч Э.Бгийн цагдан хоригдсон 295 хоногийг тус тус тэдний эдлэх ялд оруулан тооцож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б, Ж.Б, Э.Бд нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Шүүгдэгч С.Б нь хохирогч Х.Э-д унагалах насны таван адуу өгнө гэснийг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ж.Боос нийт 4.035.000 төгрөг гаргуулж, 3.565.000 төгрөгийг хохирогч Х.Э-д, 220.000 төгрөгийг хохирогч К.Д-д, 250.000 төгрөгийг хохирогч Д.Ц-д тус тус олгож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “KIA Bongo-3” маркийн ачааны автомашины үнэ болох 9.848.000 төгрөгөөс шүүгдэгч Ч.М-т оногдох хувийг үлдээж, шүүгдэгч С.Б, Ж.Б, Э.Б нараас тус бүр 2.462.000 төгрөг, нийт 7.386.000 төгрөгийг албадан гаргуулж улсын орлогод оруулж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн хэргийн газрын үзлэгээр хураан авсан адууны арьсанд үзлэг хийх явцыг бэхжүүлсэн, дуу дүрсний бичлэг бүхий, сэжигтэн Ч.М-н мэдүүлэг шалгах ажиллагааны үеийн дуу дүрсний бичлэг бүхий, сэжигтэн Ч.М-н мэдүүлэгт үндэслэн хэргийн газарт нөхөн үзлэг хийх үеийн дуу дүрсний бичлэг бүхий гурван ширхэг хуурцагийг эрүүгийн хэрэгт хавсарган үлдээж, 

867.2кг адууны мах, 132.3кг үхрийн мах, 391.4кг малын гэдэс, нэг шуудай малын арьс, шир, шийр, яс зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, шүүгдэгч С.Б, Э.Б нар бусдад төлөх төлбөргүй,  битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй,

шүүгдэгч С.Б, Э.Б нар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тус бүр 37.000 төгрөг төлснийг дурьдаж, шүүгдэгч Ч.М-т оногдох 37.000 төгрөгийг үлдээж, шүүгдэгч Ж.Боос 37.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Г.Д-д олгож  шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч С.Бийн өмгөөлөгч Э.Э, Х.Г нар давж заалдах гомдолдоо:

... Өмгөөлөгч болон шүүгдэгч С.Бийн зүгээс тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл болон үйл баримтад огт маргаагүй бөгөөд түүнд шүүхээс оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр суурьтайгаар шүүх хуралдаанд оролцсон. С.Б нь хэрэгт авагдсан хохирлын үнэлгээний дагуу шүүхээс түүнд хариуцуулсан 70 хувьд ногдох хэмжээгээр буюу хохирогч Х.Э-д 25.970.000 төгрөг, Ш.Б-т 1.820.000 төгрөг, К.Д-д 3.360.000 төгрөг, Д.Ц-д 3.500.000 төгрөг, нийт 34.650.000 төгрөгийг анхан шатны шүүх хуралдаанаас өмнө бүрэн төлж барагдуулсан ба шүүхээс түүнийг бусдад төлөх төлбөргүй /шийтгэх тогтоолын 20, 24 дэх талуудад/ гэж дүгнэсэн. Мөн С.Б сайн дураараа хохирогч Х.Э-д өөрийн зүгээс 5 үржлийн насны унагалах адуу өгөхөө /шийтгэх тогтоолын 21, 23 дахь талуудад/ илэрхийлсэн.

 

Мөн С.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт "...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй..." гэж мэдүүлсэн байхад шүүхээс "улсын яллагч болон хохирогч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын асуусан асуултад хариулж буй байдалд нь дүгнэлт хийж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлгүй байна" гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болсон. Учир нь анхан шатны шүүх хуралдаанд С.Б нь гэм буруугаа хүлээхгүй гэх утгатай зүйл нэг ч удаа хэлээгүй. Шүүх хуралдааны туршид өөрийн гэм бурууг хүлээн гэмшиж буйгаа илэрхийлж, хохирогч Э-д нэмж 5 адуу өгнө гэдгээ хэлсэн. Бидний үйлчлүүлэгч С.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо шинжээчийн үнэлгээ хийсэн баримтын дагуу нөхөн төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тус тус харгалзан үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхээс оногдуулсан 7 жилийн хугацаагаар хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгч Ж.Бийн өмгөөлөгч Р.Ц давж заалдах гомдолдоо:

... Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг бөгөөд хохирлын тодорхой хувийг төлж барагдуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял ногдуулахад тусгайлан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзэж байна.

Шүүгдэгч Ж.Бийн хувийн байдал, эрүүл мэндийн хувьд хэрэгт шалгагдаж байх хугацаандаа Ковид-19 цар тахал тусаж, улмаар хүндрэл гарч уушигны сүрье өвчнөөр өвдсөн тул удаан хугацааны туршид эмчийн хяналтад эмчилгээ хийлгэж байгаа юм. Хийсэн хэрэгтээ гэмшиж гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг хохирлыг боломжит хэмжээгээр төлж барагдуулсан байгаа зэргийг харгалзан үзэж Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн харгийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр 16-нь өдрийн 313 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шүүгдэгчид ногдуулсан ялын хэмжээг багасгаж өгөхийг хүсье гэжээ.

 

Шүүгдэгч С.Б давж заалдах гомдолдоо:

... Би гэм буруугаа ойлгож, хүлээн зөвшөөрдөг ба үйлдсэн гэмт хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа бөгөөд хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Мөн хохирогч У.Э-д хохирлоос гадна таван үржлийн насны адуу өгөхөө илэрхийлсэн. Анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хохирлоо төлсөн зэргийг минь харгалзан үзэж шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгөхийг хүсье гэжээ.

 

Шүүгдэгч Э.Б давж заалдах гомдолдоо:

... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч бусдад учруулсан хохирлоо төлсөн байгаа. Шүүх ийм хүнд ял оногдуулахад хүргэсэн нэг гол шалтгаан нь хохирогчийн өмгөөлөгчөөс шүүхийг татгалзахдаа Цагдаагийн газрын дарга байсан С-н нөлөөнд орж байна гэсэн тул шүүгч үүнд дургүйцэж нөлөөнд ороогүй гэдгээ илэрхийлж хүнд ял оногдууллаа гэж бодож байна. Одоо миний биеийн байдал тааруухан байна. Элэг, цөс, нойр булчирхайн өвчтэй хоригдсоноос хойш байнга эм хэрэглэж байна. Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч дахиж ийм байдлаар явахгүй гэж маш их гэмшиж байна. Иймд надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгч Э.Бгийн өмгөөлөгч З.Б давж заалдах гомдолдоо:

... Э.Б нь К.Д, Ш.Б, Д.Ц нарын 4 адуу хулгайлсан хэрэгт хулгайн мал гэдгийг тухайн үедээ мэдээгүй бөгөөд машин бариад яваад өгөөч гэхээр нь Б Б нартай хамт явсан болох нь тогтоогддог. Түүнээс биш өөрөө тэр адуунуудыг барьж авсан үйлдэл тогтоогддоггүй. Тухайн үедээ хүнээс авах ёстой байсан адуу малаа авч байна гэж ойлгосон байдаг. Гэвч үйлдлээр нь гэмт хэрэг үйлдэхэд оролцсон гэж гэм буруутайд тооцсонд маргалдах зүйлгүй. Харин урьд бусдын 32 тооны адуу хулгайлж нядалсан С.Б Ж.Б нартай дүйцүүлэх байдлаар 6 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь ял хүндэдлээ гэж үзэх үндэслэл байна. Мөн энэ 6 жилийн хорих ял нь Э.Бгийн хувьд 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах боломжгүй болж яллагдагчийн эрх зүйн байдал эрс дордож байна.

 

Э.Бг гэмт хэргийн улмаас олсон эд зүйл гэдгийг мэдсээр байж Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулиар Эрүүгийн хуулийн 18 дугаар бүлгийг хамааруулахгүйгээр хуульчилсан. Анхан шатны шүүх энэ зүйл ангийн ялын санкцын дээд хэмжээнд тулгаж шийдвэрлэсэн. Энэ ялуудыг нэмж нэгтгээд Б, Б нартай адилхан 7 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь анхан шатны шүүх Э.Бгийн хувьд хэт нэг талыг баримталсан шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Анхан шатны шүүх Э.Бг урьд ял шийтгэлтэй байсан гэсэн үндэслэлээр 7 жилийн хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Э.Б нь урьд нь тухайн хугацаандаа эдлэх ялаа эдэлсэн байхад хаалттай хорих ангид эдлүүлэх нь түүний эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр болсон. Ийм учир анхан шатны шүүхийн шийдвэрийг эргэн харж Э.Бгийн ялыг хөнгөрүүлж зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж болох боломжтой хувилбараар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч С.Б тайлбартаа: ... Би хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Дахин ийм хэрэг хийхгүй гэдгээ амлаж байна ... гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Ж.Б тайлбартаа: ... Ийм хэрэг хийсэн дээ гэмшиж байгаа. Миний цээжээр байнга хатгуулж өвддөг. Миний биеийн байдлыг харгалзан үзэж хорих ялаас багасгаж өгнө үү ... гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Э.Б тайлбартаа: ... Бусадтай нийлж гэмт хэрэг үйлдсэндээ харамсаж байна. Ял хөнгөрүүлж өгнө үү ... гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч З.Б тайлбартаа: ...  Давж заалдах гомдлоо дэмжиж байна. Ялыг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү ... гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Э тайлбартаа: ... Хэргийн зүйлчлэлтэй маргаагүй. С.Б нь гэм буруугаа зөвшөөрч хохирол барагдуулсан, 5 адууны үнэд тооцож 10.000.000 төгрөг өгсөн. Анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг багасгаж өгнө үү ... гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Г тайлбартаа: ... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол төлсөн. Анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг багасаж, Өршөөлд хамруулж өгнө үү ... гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц тайлбартаа: ... Шийтгэх тогтоолын зарим хэсгийг эс зөвшөөрч байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг, маргадаггүй. Ж.Б хохирлыг бүхий л байдлаар төлсөн. Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү ... гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О тайлбартаа: ...Шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Ялыг хөнгөрүүлж Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү ... гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Л.Э дүгнэлтдээ: ... Хэрэг нотлох баримтаар тогтоогдсон. Анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй ... гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч С.Б, Ж.Б, Э.Б нарт холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

            Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Б болон түүний өмгөөлөгч Э.Э, Х.Г нар ... ялыг хөнгөрүүлж өгнө үү ... гэсэн , шүүгдэгч Ж.Бийн өмгөөлөгч Р.Ц ... ялын хэмжээг багасгаж өгнө үү ... гэсэн, шүүгдэгч Э.Б түүний өмгөөлөгч З.Б нар ... хорих ялыг хөнгөрүүлж, зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү ... гэсэн агуулгатай давж заалдах гомдол тус тус гаргажээ.

 

           Шүүгдэгч С.Б нь гэмт хэрэг үйлдэхийг санаачлан, удирдаж, гэмт үйлдлээ хөнгөвчлөх, хөрөнгө байгаа газарт түргэн очиж буцах зорилгоор машин механизм ашиглаж, 2020 оны 11 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө Ж.Б, Ч.М нартай бүлэглэн       аймгийн     сумын    багийн “Б” гэх газраас иргэн Х.Э-н хөх саарал зүсмийн азаргатай 32 тооны адуу буюу олон тооны малыг хулгайлж 37.100.000 төгрөгийн хохирол,

  2020 оны 11 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө Ж.Б, Э.Б нартай бүлэглэн   аймгийн    сумын    багийн “М” гэх газраас иргэн Ш.Б-н 2 тооны адуу, иргэн К.Д-н 1 тооны адуу, иргэн Д.Ц-н 1 тооны адуу, нийт 4 тооны адуу буюу олон тооны малыг хулгайлж 12.400.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан,

  шүүгдэгч Ж.Б нь гэмт үйлдлээ хөнгөвчлөх, хөрөнгө байгаа газарт түргэн очиж буцах зорилгоор машин механизм ашиглаж, 2020 оны 11 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө С.Б, Ч.М нартай бүлэглэн      аймгийн    сумын     багийн “Б” гэх газраас иргэн Х.Э-н хөх саарал зүсмийн азаргатай 32 тооны адуу буюу олон тооны малыг хулгайлж 37.100.000 төгрөгийн хохирол,

 2020 оны 11 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө С.Б, Э.Б нартай бүлэглэн     аймгийн     сумын       багийн “М” гэх газраас иргэн Ш.Б-н 2 тооны адуу, иргэн К.Д-н 1 тооны адуу, иргэн Д.Ц-н 1 тооны адуу, нийт 4 тооны адуу буюу олон тооны малыг хулгайлж 12.400.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт,

шүүгдэгч Э.Б нь 2020 оны 11 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө      аймгийн     сумын    багийн “Б” гэх газраас С.Б, Ж.Б, Ч.М нарын бүлэглэн машин механизм ашиглаж, хулгайлсан 32 тооны адууг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж бодит шинж чанар, эх үүсвэрийг нуун далдалсан,

2020 оны 11 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө Ж.Б, С.Б нартай бүлэглэн      аймгийн       сумын      багийн “М” гэх газраас гэмт үйлдлээ хөнгөвчлөх, хөрөнгө байгаа газарт түргэн очиж, буцах зорилгоор машин механизм ашиглаж, бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлэн иргэн Ш.Б-н 2 тооны адуу, иргэн К.Д-н 1 тооны адуу, иргэн Д.Ц-н 1 тооны адуу, нийт 4 тооны адуу буюу олон тооны малыг хулгайлж 12.400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь нотлогдож байгаа бөгөөд анхан шатны шүүх эдгээр шүүгдэгч нарын гэм бурууг тогтоож шийдвэрлэсэн хуулийн зүйлчлэл үндэслэлтэй зөв байна.

          Харин шүүх шүүгдэгч нарт ял хариуцлага оногдуулахдаа шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт ... “Эрүүгийн хуульд заасан “гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрөх” тухай ойлголт нь гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж өөрийн үйлдлийн хор уршиг, үр дагаврыг ухамсарлаж гэмт этгээдийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дэмжлэг үзүүлж буй хүсэл зоригийн эерэг илэрхийлэл гэж үзнэ.  Гэм буруу гэдэг нь тухайн гэм буруутай этгээд үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлдэг, гэтэл шүүх хуралдааны үед шүүгдэгч нарын “... гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна ...” гэх боловч улсын яллагч, хохирогчийн өмгөөлөгч болон шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын гэмт хэргийн талаар тодруулж асуусан асуултад хариулж байгаа байдал, үг үйлдлээр нь тэднийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх боломжгүй байсныг дурдаж байна ...

         ... Шүүгдэгч С.Б, Ж.Б, Э.Б нарын үйлдсэн олон тооны малыг бүлэглэж, машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэрэг нь 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдэгдсэн нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарахаар байгаа хэдий ч шүүгдэгч Ж.Б гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж барагдуулаагүй, хохирогч Б.Э-н хохирлоос үлдсэн 3.565.000 төгрөгийг төлж барагдуулна гэж байгаа боловч хэзээ, ямар орлогоор яаж төлөх нь тодорхойгүй, шүүгдэгч нар нь мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, мөн шүүхээс тэдний үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан ялын төрөл хэмжээний дотор шүүгдэгч С.Б, Ж.Б нарт 7 жилийн хорих ял, шүүгдэгч Э.Бд 6 жилийн хорих ял оногдуулахаар шийдвэрлэсэн тул тэдэнд 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх боломжгүй байна ... эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ... нөхцөл байдал тогтоогдоогүй болно ...” гэж тус тус дүгнэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг алдагдуулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Монгол улсад  хүн бүр ... үл хамааран хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэсэн зарчмыг зөрчсөн учир дутагдалтай дүгнэлт болжээ.

 

          Монгол улсын Үндсэн хуулийн Арвандөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасанчлан Монгол улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна ... хүнийг үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болох ба энэ талаар Монгол улсын нэгдэн орсон олон улсын гэрээгээр тодорхой зааж тунхагласан бөгөөд шүүх хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийг алагчлахгүй хэрэглэх үүрэгтэй юм.

 

           Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангасан, сонгон оногдуулсан ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэрэг, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт этгээдийн хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцүүлэн шүүгдэгч нарын гэмт хэрэгт оролцсон оролцоо, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг төлөгдсөн байдал зэргийг харгалзан ялыг ялгамжтай зөв оногдуулах нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байх явдал юм.  

 

          Гэмт хэрэг үйлдсэн этгээд мөрдөн шалгах ажиллагаа, прокурор, шүүхийн шатанд хэдийд ч гэм буруугаа хүлээн зөвшөөрөх, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлөх, нөхөн төлөхөө илэрхийлэх эрхтэй ба гэм буруугаа хүлээн зөвшөөрөх, хохирлоо нөхөн төлөх, нөхөн төлөхөө илэрхийлэх нь гагцхүү тухайн этгээд бусдын нөлөө, шахалтад автахгүйгээр илэрхийлсэн сайн дурын сэтгэл зүйн хүсэл сонирхол юм.

 

          Хэргийг анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэх явцад шүүгдэгч С.Б нь хохирогч Х.Э-д 25.970.000 төгрөг, хохирогч Ш.Б-т 1.820.000 төгрөг, хохирогч К.Д-д 3.360.000 төгрөг, хохирогч Д.Ц-д 3.500.000 төгрөгийг тус тус төлсөн, хохирогч Х.Э-д 5 унагалах гүү өгнө гэж хохирол төлөхөө илэрхийлсэн,  

          шүүгдэгч Э.Б нь хохирогч Ш.Б-т 390.000 төгрөг, хохирогч К.Д-д 720.000 төгрөг, хохирогч Д.Ц-д 750.000 төгрөг тус тус төлж барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй,

         шүүгдэгч Ж.Б нь хохирогч Х.Э-д 5.565.000 төгрөг төлөхөөс 2.000.000 төгрөг төлсөн, хохирогч Ш.Б-т 390.000 төгрөг төлөхөөс 500.000 төгрөг төлсөн, хохирогч К.Д-д 720.000 төгрөг төлөхөөс 500.000 төгрөг төлсөн, хохирогч Д.Ц-д 750.000 төгрөг төлөхөөс 500.000 төгрөг тус тус  төлсөн бөгөөд шүүгдэгч нар хохирлыг бүрэн болон хэсэгчлэн төлсөн, шүүх хуралдааны үед хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байх ба дээрх нөхцөл байдлуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасны дагуу ... учруулсан хохирлыг төлсөн ... гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох атал анхан шатны шүүх хуулийн дээрх заалтыг хэрэглээгүй байна.

 

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдвол гэм буруутай этгээдийн хувийн байдал, учруулсан хохирол, хэргийн зүйлчлэлээс үл хамааран шүүх хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйн хэрэг юм.

 

         Урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан этгээд дахин гэмт хэрэг үйлдэж шийтгүүлэхэд түүний хувийн байдал нь ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал болохгүй бөгөөд уг этгээд өмнө үйлдсэн гэмт хэрэгтээ эрүүгийн хариуцлага хүлээж, ял шийтгэлээ зохих ёсоор эдэлсэн байдаг.

 

         Эдгээр нөхцөл байдлуудын талаарх анхан шатны шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцээгүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзээгүй орхигдуулсан гэж үзлээ.

 

            Түүнчлэн шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь түүхт, тэмдэглэлт ой болон цар тахал өвчний нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрүүгийн хариуцлагаас нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, ялыг дүйцүүлэн солих зорилгоор батлагдсан Өршөөл үзүүлэх тухай 2021 оны хуулийн үйлчлэх цаг хугацаа, хүрээнд бүрэн хамаарч байхад  анхан шатны шүүх энэ талаар үндэслэлгүй дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ... Өршөөл үзүүлэх тухай хуулиар ... гэмт хэрэг үйлдсэн хүний эдлэх ялыг бүрэн болон хэсэгчлэн чөлөөлж, хорихоос өөр төрлийн ялаар дүйцүүлэн сольж болно ... гэсэн,

         Өршөөл үзүүлэх тухай 2021 оны хуулийн 12 дугаар зүйлийн 12.12 дахь хэсэгт заасан “... шүүгдэгч, ялтны энэ хуульд заасан эрх зүйн байдлыг дээрдүүлсэн аль илүү ашигтай үндэслэлээр өршөөлд хамруулна ” гэсэн заалтыг тус тус хэрэглээгүй  нь шүүх хэрэглэвэл зохих Эрүүгийн хууль болон Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглээгүй гэж үзэх үндэслэлд хамаарч байна.

 

            Өөрөөр хэлбэл шүүх Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлж, аль ашигтай үндэслэлээр өршөөлд хамааруулж,  Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэх нь хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчимд нийцнэ.

 

            Өршөөл үзүүлэх тухай 2021 оны хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, 9 дүгээр зүйлд заасан үндэслэлд хамаарахгүй нөхцөлд уг хуулийн зохих зүйл заалтад зааснаар шүүгдэгчид аль ашигтай нөхцөлд хамааруулан түүний эрх зүйн байдлыг дээрдүүлэх хуулийг хэрэглэх агуулгатай хуулийн зохицуулалт юм.

 

            Түүнчлэн шүүгчийн итгэл үнэмшлээр тухайн шүүгдэгч нарыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамааруулах эсэхийг шийдвэрлэх нь хуулийн үзэл санаатай зөрчилдсөн төдийгүй шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогч нарт учирсан хохирлыг бүрэн болон хэсэгчлэн төлсөн, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн нь анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт тэдгээрийн өгсөн мэдүүлгүүдээр нотлогдож байхад энэ талаар шүүх үндэслэлгүй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэжээ.

 

            Мөн анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар мэдүүлэг өгөхгүй гэж мэдүүлэг өгөхөөс татгалзсан байхад шүүх хуралдаан даргалагч, улсын яллагч, шүүгдэгч нарын болон хохирогчийн өмгөөлөгч нар эдгээр шүүгдэгч нараас асуулт асууж мэдүүлэг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил бөгөөд шүүгч тэдгээрийн мэдүүлгийг харгалзан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамааруулахгүй гэж дүгнэлт гаргасан нь үндэслэл муутай болжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “Энэ хууль зөрчиж мэдүүлэг авсан ... нотлох баримтыг нотлох баримтанд тооцохгүй байх эсэхийг шийдвэрлэнэ” гэж заасан бөгөөд дээрх мэдүүлгүүдэд шүүх дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан ноцтой зөрчилд хамаарах боловч давж заалдах шатны шүүх дээрх зөрчлийг зөвтгөж шийдвэрлэх боломжтой юм.

 

            Иймд шүүгдэгч С.Б, Э.Б нар болон тэдгээрийн өмгөөлөгч Э.Э, Х.Г, З.Б, шүүгдэгч Ж.Бийн өмгөөлөгч Р.Ц нарын давж заалдах гомдлыг хүлээн авч, шүүгдэгч нарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэгт оролцсон оролцоо, учруулсан хохирлын хэмжээ, хохирол төлсөн байдал болон шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан хорих ялын хэмжээг тогтоож, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай 2021 оны хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэлээ.

 

          Харин шүүгдэгч Э.Б нь урьд удаа дараа гэмт хэрэгт шийтгүүлж хорих ял эдэлж байсан боловч Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байгаагүй ба прокуророос түүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2021 онд батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т зааснаар өршөөлд хамаарахгүй байна.

        

 Шүүгдэгч С.Б нь     аймгийн      сумын     баг   тоотод оршин суух бүртгэлтэй боловч эхнэр хүүхдүүдийн хамт    аймгийн      сумын нутагт мал маллаж амьдардаг, шүүгдэгч Ж.Б нь       аймгийн       суманд, шүүгдэгч Э.Б нь        аймгийн       суманд тус тус оршин суух бүртгэлтэй байх тул тэдгээрийн эдэлбэл зохих зорчих эрхийг хязгаарлах ялыг дээрх газарт тус тус эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

            Хэргийн бүх ажиллагааг хянавал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй, Ч.Мэндбаярт холбогдох хэргийг С.Б, Э.Б, Ж.Б нарт холбогдох хэргээс тусгаарлаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

 

            Түүнээс гадна анхан шатны шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг хурааж шүүгдэгч нарт тус бүрд оногдох хэмжээгээр хувааж хохирлыг улсын орлогод оруулахаар шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийг буруу хэрэглээгүй байна.

 

Шүүгдэгч С.Бийн өмгөөлөгч Х.Г нь давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд хохирогч Х.Э-д 10.000.000 төгрөг төлсөн талаарх баримт /хохирогчийн өмгөөлөгч Д.Э, хохирогч Х.Э нарын бичсэн гэх/, шүүгдэгч Ж.Бийн өмгөөлөгч Р.Ц нь хохирогч Х.Э-д 3.000.000 төгрөг төлсөн талаарх баримт /банкны шилжүүлгийн баримт/-ыг тус тус ирүүлсэн тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.Бөөс хохирогч Х.Э-д 10.000.000 төгрөг, шүүгдэгч Ж.Боос 3.000.000 төгрөгийг тус тус өгсөн болохыг дурдаж шийдвэрлэлээ.

 

Мөн анхан шатны шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 37.000 төгрөгийг шүүгдэгч Ж.Боос гаргуулж иргэний нэхэмжлэгч Г.Д-д олгохоор шийдвэрлэснийг зөвтгөж уг зардлыг  нэхэмжлэн авах эрх бүхий Орхон аймгийн Цагдаагийн газарт олгохоор зохих өөрчлөлт оруулахаар шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 313 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг

 

“ Шүүгдэгч С.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч Ж.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч Э.Бг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар ангийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй” гэж,

 

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг

 

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, Өршөөл үзүүлэх тухай 2021 оны хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасныг тус тус зааснаар шүүгдэгч С.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар оногдуулсан 4 жил 6 сарын хорих ял, шүүгдэгч Ж.Бид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар оногдуулсан 4 жил 6 сарын хорих ял, шүүгдэгч Э.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Э.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар оногдуулсан хорих ялыг дүйцүүлэн сольсон 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар оногдуулсан 1 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэж, нийт эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай” гэж,

 

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 9 дэх заалтын ... иргэний нэхэмжлэгч Г.Д-д ... гэснийг ... Орхон аймгийн Цагдаагийн газарт ... гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бийн цагдан хоригдсон 334 хоногийг нийт эдлэх 4 жил 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ялаас хасаж, түүний эдлэх ялыг 3 жил 6 сар 26 хоног,

шүүгдэгч Ж.Бийн цагдан хоригдсон 307 хоногийг нийт эдлэх 4 жил 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ялаас хасаж, түүний эдлэх ялыг 3 жил 7 сар 23 хоног,

шүүгдэгч Э.Бгийн цагдан хоригдсон 363 хоногийг нийт эдлэх 3 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялаас хасаж, түүний эдлэх ялыг 2 жил 2 хоногийн хугацаагаар тус тус тогтоож,

шүүгдэгч Э.Б-г        аймгийн     сумын нутгаас, шүүгдэгч Ж.Бийг      аймгийн        сумын нутгаас, шүүгдэгч Э.Бг       аймгийн      сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг тус тус хугацаагаар хориглосугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан С.Б, Ж.Б, Э.Б нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус анхааруулсугай.

 

4. Шүүгдэгч С.Б нь хохирогч Х.Э-д 10.000.000 төгрөг, шүүгдэгч Ж.Б нь хохирогч Х.Э-д 3.000.000 төгрөгийг тус тус төлсөн болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б, Ж.Б, Э.Б нарыг сулласугай.

 

6. Шүүгдэгч С.Б болон түүний өмгөөлөгч Э.Э, Х.Г, шүүгдэгч Ж.Бийн өмгөөлөгч Р.Ц, шүүгдэгч Э.Б болон түүний өмгөөлөгч З.Б нарын давж заалдах гомдлыг тус тус хүлээн авсугай.

 

7. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             С.УРАНЧИМЭГ

ШҮҮГЧ                                                                       С.ЦЭЦЭГМАА

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  З.ХОСБАЯР