| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2024/03755/И |
| Дугаар | 102/ШШ2024/04242 |
| Огноо | 2024-09-09 |
| Маргааны төрөл | Зуучлал, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 102/ШШ2024/04242
| 2024 оны 09 сарын 09 өдөр | Дугаар 102/ШШ2024/04242 | Улаанбаатар хот |
|
|
|
|
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, Чингисийн өргөн чөлөө, Их хуралдай 7 давхар, 703 тоотод оршин байх, “ПП” ХХК /РД:
Хариуцагч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Смарт төвд оршин байх хаягтай, “ТТ” ХХК /РД:
Нэхэмжлэлийн шаардлага: 43,593,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогч:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ж
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Жанар
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хариуцагч “ТТ” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгч талаас дараах байдлаар тайлбарлав. Үүнд:
Манай компани нь тээвэр зуучлалын үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд юм. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд “ТТ” ХХК-тай 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр №2022-23/08 дугаартай “Тээвэр зуучлалын үйлчилгээний гэрээ ЗЗБХ5/2021”-г байгуулж БНХАУ-ын Шанхай болон Нинбо хотуудаас 2 ширхэг 40 футийн чингэлэг /ССШ782999-4/40, СЮСШ08576-2/40/ Улаанбаатар чиглэлд тээвэрлэх үйл ажиллагаанд зуучийн үүрэг гүйцэтгэсэн.
Тээвэр зуучлалын үндсэн үйл ажиллагаа бол зуучлуулагчийн ачаа, барааг тээвэрлэх үүргийг хүлээдэггүй харин гадаад улсын тээвэрлэгч нартай захиалагчийн өмнөөс харилцаж, гэрээ байгуулан тээвэрлэлтийг зохион байгуулах үүргийг хүлээдэг. Энэ үйл ажиллагааны хүрээнд ачаа, бараагаа шуурхай тээвэрлүүлэхийн тулд зуучлуулагч нь тээвэрлэгчийн шаардаж буй үнэ хөлсийг түргэн хугацаанд төлөх зайлшгүй шаардлагатай байдаг.
Гэтэл манай компанийн зуучлалын үйл ажиллагаанаас үл шалтгаалах шалтгаанаар тээвэрлэлтийн үйл ажиллагаа удааширч байсан ч бид захиалгыг бүрэн биелүүлж ачааг хүлээлгэн өгсөн юм.
Тодруулбал БНХАУ-д бүх нийтийн амралт 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл үргэлжилсэн. Улмаар 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл илгээгчийн агуулахаас авч чадалгүй хугацаа алдсан. Түүнчлэн БНХАУ-ын Синьган боомтын түгжрэл болон СОVID-19 халдварт өвчнөөс үүдэн бидэнд дээрх 2 чингэлгийн ачаанд хөдлөх хуваарь албан ёсоор өгөөгүй.
Ингээд 2022 оны 5 дугаар сард БНХАУ-ын Синьган боомтоос хөдөлж, БНХАУ-ын Эрээн хотод ирсэн боловч мөн боомтын тээврийн түгжрэл үүссэн байсан тул ачааг хүлээн авч, 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр захиалагчид ачааг шилжүүлсэн. Мөн энэ өдөр төлбөрийн нэхэмжлэхийг хүргүүлсэн.
Бид дээрх ачаа хожимдсон шалтгаан нь “Давагдашгүй хүчин зүйл”-ийн улмаас гэрээний үүргийг хойшлуулсан болохыг гэрчлэхийн тулд МҮХААТ-д хандаж “Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ”-г 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр гаргуулсан.
Гэтэл харилцагчийн ачаа, барааг удаашруулсан явдалд манай компанийг буруутай гэж үзээд алданги тооцсон гэх байдлаар 29,062,000 төгрөгийг төлөхөөс татгалзсан байгаа юм. Бидний хувьд дээрх шалтгаан нөхцөлийг тайлбарлаж, давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээг харилцагч компани руу шилжүүлсэн боловч өнөөдрийг хүртэл гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөөгүй байна.
Мөн бидний хоорондын гэрээний 4.2-д заасны дагуу ачааг хүлээн авсан 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш 7 хоногийн хугацаанд төлбөрийг төлж, барагдуулах ёстой байсан ч хариуцагч зохих ёсоор үүргээ гүйцэтгээгүй тул 4.4-д заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног бүр 0.5 хувиар алданги тооцоход Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д зааснаар 14,531,000 төгрөгийн алдангийг гаргуулж авах байна.
Иймд үндэслэлгүйгээр төлөөгүй төлбөрийн үлдэгдэл 29,062,000 алданги 14,531,000 нийт 43,593,000 төгрөгийг хариуцагч “ТТ” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: “ПП” ХХК-ийн нэхэмжлэлтэй “ТТ” ХХК /ТТ ХХК-ийн эрх, үүргийг хүлээн авагч/-д холбогдох тээвэр зуучийн үйлчилгээний төлбөр, алдангид нийт 43,593,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй бөгөөд дараах хариу тайлбарыг хүргүүлж байна.
1/ Талуудын хооронд үүссэн харилцааны талаар:
“ТТ” ХХК нь гадаад улсын харилцагч худалдан авсан бараа материалаа тээвэрлүүлэх, тээвэр ложистик зуучийн үйлчилгээ авах зорилгоор “ПП” ХХК-тай харилцан тохиролцож, №2022-23 дугаартай “Тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ”-г 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан. Энэхүү гэрээний дагуу “ТТ” ХХК нь 5 контейнерыг дараах 4 удаагийн захиалгаар тээвэрлүүлэхээр харилцан тохиролцсон болно.
| д/д | Контейнерын дугаар | Хөдөлсөн огноо | Ирэх | Төлбөрийн хэмжээ | |
| Хоног | Огноо | ||||
| 1 | OOCU708576-2/40 болон СCLU782999-4/40 | 2/11/2022 | 70 | 4/22/2022 | 11,440.00 |
| 2 | ТВJU1736722-5/40 | 2/24/2022 | 100 | 6/4/2022 | 5,900.00 |
| 3 | ТВJU1769623-06/40 | 2/24/2022 | 100 | 6/4/2022 | 5,900.00 |
| 4 | ТВGU763686-0/40 | 3/21/2022 | 100 | 6/29/2022 | 5,900.00 |
| Нийт | 29,140.00 | ||||
2/ Тээвэрлэгч “ПП” ХХК нь үүргээ зохих ёсоор биелүүлээгүй талаар:
Талууд ковид, цар тахалтай холбоотойгоор ачаа тээвэрлэлтийн хугацаанд нөлөөлж болох нөхцөл байдлуудыг харгалзан үзсэний үндсэн дээр энгийн нөхцөлд 30-40 хоногийн дотор үзүүлэх боломжтой тээвэр зуучийн үйлчилгээг 70-100 хоногт багтаан үзүүлэхээр харилцан тохиролцсон. Өөрөөр хэлбэл ковидын нөхцөл байдал үүссэний улмаас хил гаальд барааны нэвтрэлт саатаж байгаа болохыг тээвэрлэлтийн хугацаа сунжирсан нөхцөл байдал үүсэх боломжтой болохыг талууд урьдчилан тооцоолж, “ПП” ХХК-ийн үүргээ зохих ёсоор биелүүлж чадна гэж баталж байсан хугацаагаар бид гэрээг байгуулсан. Гэвч “ПП” ХХК нь өөрсдийн хэлсэн хугацаандаа үүргээ гүйцэтгэж чадаагүй.
| д/д | Контейнерын дугаар | Хөдөлсөн огноо | Ирэх | Ирсэн | Хэтэрсэн хоног | ||
| Хоног | Огноо | Хоног | Огноо | ||||
| 1 | OOCU708576-2/40 болон СCLU782999-4/40 | 2/11/2022 | 70 | 4/22/2022 | 129 | 6/20/2022 | 59 |
| 2 | ТВJU1736722-5/40 | 2/24/2022 | 100 | 6/4/2022 | 173 | 8/16/2022 | 73 |
| 3 | ТВJU1769623-06/40 | 2/24/2022 | 100 | 6/4/2022 | 204 | 9/16/2022 | 104 |
| 4 | ТВGU763686-0/40 | 3/21/2022 | 100 | 6/29/2022 | 148 | 8/16/2022 | 48 |
Талуудын хооронд байгуулсан Тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээний 5.2 дахь хэсэгт “Талууд дээрх (гэнэтийн болон давагдашгүй) хүчин зүйлийн талаар нөгөө талдаа даруй мэдэгдэх үүрэгтэй” гэж заасан. Өөрөөр хэлбэл тээвэр зуучийн үйлчилгээний явцад үйлчилгээ үзүүлж байгаа “ПП” ХХК-ийн үйл ажиллагаанд гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл тохиолдсоноос гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэх боломжгүй болсон бол энэ талаар “ТТ” ХХК-д уг нөхцөл байдал үүссэн, эсхүл үүссэн болохыг мэдсэн даруй мэдэгдэх үүрэгтэй байсан байна.
“ПП” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлд дурдсанаар “ПП” ХХК нь ООСU708576-2/40 болон ССLU782999-4/40 контейнеруудын тээвэрлэлтэд үүссэн давагдашгүй хүчин зүйлийн талаарх мэдээллийг 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр гаргуулж өгсөн байна. Өөрөөр хэлбэл 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс тээвэрлэн эхэлж, 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр “ТТ” ХХК-д хүлээлгэн өгөх ёстой байсан ООCU708576-2/40 болон ССLU782999-4/40 дугаартай котейнеруудын тээвэрлэлтэд үүссэн давагдашгүй хүчин зүйлийн талаар уг контейнеруудыг хүлээлгэн өгөх хугацаа өнгөрснөөс хойш даруй 6 сарын дараа мэдэгдсэн байна.
Дээрхээс дүгнэвэл “ПП” ХХК нь талуудын гэрээгээр тохиролцсон гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн талаарх хэм хэмжээг зөрчиж, давагдашгүй нөхцөл байдлын улмаас үүрэг гүйцэтгэх хугацааг хойшлуулах эрхээ алдсан байна.
“ПП” ХХК-ийн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй бодит шалтгааны талаар “ПП” ХХК нь тээвэрлэлтийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тул “ТТ” ХХК нь өөрийн контейнеруудын байрлал нөхцөл байдлын талаар мэдэх зорилгоор “ПП” ХХК-ийн холбогдох ажилтнууд, тээвэр зуучийн үйлчилгээ үзүүлдэг харилцагч бусад байгууллагуудад хандсан. Ийнхүү хандахад манай контейнерүүд тээвэрлэлтэд биш БНХАУ-д үйл ажиллагаа явуулдаг JY international гэх компанийн эзэмшилд байгааг олж тогтоосон. Манай контейнерүүд ямар шалтгааны улмаас JY international гэх компанийн эзэмшилд шилжсэн болохыг тодруулах зорилгоор бид уг компанитай мэйлээр холбогдож тодруулахад “Порлог Солюшн” ХХК нь JҮ-д төлөх үйлчилгээний төлбөрийг төлөөгүй тул уг төлбөрөө бүрэн төлөх хүртэл хугацаагаар JY international нь манай контейнеруудыг эзэмшилдээ авч, тээвэрлэлтээс гаргасан болох нь тогтоогдсон болно.
Өөрөөр хэлбэл “ПП” ХХК нь гадаад компанид төлөх төлбөрийн үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс тус гадаад компани нь манай болон холбогдох өөр зуучлуулагч компаниудын ачаа барааг эзэмшилдээ байлгаж хугацаа хэтрүүлсэн байсан.
3/ Алданги тооцсон, алдангийг хүлээн зөвшөөрсөн талаар:
“ТТ” ХХК-ийн зүгээс дээрх нөхцөл байдлыг “ПП” ХХК-д мэдэгдэж дараах байдлаар алданги тооцон үйлчилгээний төлбөрөөс суутгах талаар мэдэгдэл хүргүүлсэн.
| д/д | Контейнерын дугаар | Хэтэрсэн хоног | Алданги | Төлбөрийн хэмжээ | Алданги | Алданги |
| 1 | OOCU708576-2/40 болон СCLU782999-4/40 | 59 | 30% | 11,440.00 | 1,658.80 | 5,401,053 |
| 2 | ТВJU1736722-5/40 | 73 | 37% | 5,900.00 | 2,153.50 | 7,011,796 |
| 3 | ТВJU1769623-06/40 | 104 | 24% | 5,900.00 | 1,416.00 | 4,610,496 |
| 4 | ТВGU763686-0/40 | 48 | 52% | 5,900.00 | 3,068.00 | 9,989,408 |
| НИЙТ | 29,140.00 | 8,826.30 | 27,012,753 | |||
Энэхүү алдангийн төлбөрийг “ПП” ХХК талаас хүлээн зөвшөөрч, нийт тээвэрлэлтийн зардлаас алдангийг хасаж тооцсон дүнгээр төлбөрийн нэхэмжлэхийг илгээж, манай талаас уг нэхэмжлэхийн дагуу төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Мөн түүнчлэн алданги тооцож байгааг хүлээн зөвшөөрч, алданги хасалт хийсэн тооцооллыг хүртэл бэлтгэж “ПП” ХХК-иас мэйлээр ирүүлж байсан болно.
“ПП” ХХК нь нэгэнт алдангийг хүлээн зөвшөөрч талууд тооцоо нийлсний дараа “ТТ” ХХК-иас алдангид суутгагдсан төлбөрөө дахин нэхэж, “ТТ” ХХК-ийг үүргээ зохих ёсоор гүйцэтгэхгүй байгаа мэтээр уг төлбөр дээр дахин алданги тооцсон нь үндэслэлгүй байх тул “ПП” ХХК-ийн нэхэмжлэлтэй “ТТ” ХХК-д холбогдох тээвэр зуучийн үйлчилгээний төлбөр, алдангид нийт 43,593,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: шүүхэд төлөөлөх итгэмжлэл /хх4/, 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн №2022-23/08 тоот “Тээврийн зуучлалын үйлчилгээний гэрээ” /хх5-10/, 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн №02/505 тоот “Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ /хх11-12/,төлбөрийн баримт /хх15/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх26/, нэхэмжлэл /хх153-154/.
4. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх29/, “ТТ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 23/01 тоот “Компанид нэгдэх тухай” шийдвэр /хх30/, “ТТ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 44/02 тоот “Компани нэгтгэж авах тухай” шийдвэр /хх31/, “ТТ” ХХК-ийн дүрэм /хх32-35/, шүүхэд төлөөлөх итгэмжлэл /хх36/, орчуулга /хх129-138/, нэхэмжлэл , төлбөрийн хүсэлт /хх190/, Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл /хх192/, “ТТ” ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 23/63 тоот “Шаардлага хүргүүлэх тухай” албан бичиг, хавсралт /хх193-194/.
5. Талуудын хүсэлтээр шүүхээс дараах баримтуудыг бүрдүүлсэн. Үүнд: Үзлэгийн тэмдэглэл, хавсралт /хх78-128, 148-152, 162-167, 172-189/.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэг.
1. 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр нэг талаас “ПП” ХХК /зууч/, нөгөө талаас “ТТ” ХХК /зуучлуулагч/-иуд №2022-23/08 тоот “Тээврийн зуучлалын үйлчилгээний гэрээ” байгуулсан.
2. Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1.-д зааснаар тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь зорчигч буюу ачаа, тээшийг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг бол хуулийн 410 дугаар зүйлийн 410.1.-д заасан зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээдэг.
3. Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.1.-д зааснаар аж ахуйн үндсэн үйл ажиллагааны хүрээнд худалдах-худалдан авах, даатгал, тээвэр, эд хөрөнгө хөлслөх, эсхүл худалдааны бусад үйл ажиллагаанд зуучлал явуулж байгаа этгээд худалдааны зуучлагчийн эрх эдэлж, үүрэг хүлээнэ.
4. “ПП” ХХК нь худалдааны зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг байх бөгөөд “Тээврийн зуучлалын үйлчилгээний гэрээ”-ний зорилгыг зууч нь зуучлуулагчийн захиалгын дагуу үнийн саналд заасан тээврийн замналаар Монгол улсын нутаг дэвсгэрт орж гарах импорт, экспорт, агаарын тээвэрт зуучийн үйлчилгээ үзүүлэхтэй холбогдон гарах талуудын харилцааг зохицуулахаар тодорхойлсноос үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.1 дэх хэсэгт заасан гэрээний харилцаа үүссэн байна.
Хоёр.
1. 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэгч “ПП” ХХК нь хариуцагч “ТТ” ХХК-д холбогдуулж тоот “Тээврийн зуучлалын үйлчилгээний гэрээ”-ний үүрэгт буюу төлөгдөөгүй үлдэгдэл 29,062,000 төгрөг, алданги 14,531,000 төгрөг, нийт 43,593,000 төгрөгийг шаардан шүүхэд хандсан.
2. 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр “ТТ” ХХК-ийг “ТТ” ХХК-д нэгтгэсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн хариуцагч “ТТ” ХХК-ийг хариуцагч “ТТ” ХХК-иар сольсон.
3. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч “...тээврийн зуучлалын үйлчилгээний гэрээний дагуу 5 чингэлэг ачааг хариуцагчид хүлээлгэн өгсөн. Гэтэл хариуцагч нь ‘...хугацаа хэтрүүлсэн учир төлөх ёстой төлбөрөөс алданги тооцсон, одоо төлбөрийн үлдэгдэлгүй’ гэж үндэслэлгүйгээр татгалзаж байна. Иймд үлдэх төлбөрийг гэрээгээр тохирсон алдангийн хамт гаргуулна” гэж тайлбарласан.
4. Хариуцагч нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрсөн татгалзлаа дараах үндэслэлүүдээр тайлбарласан. Үүнд:
1/ “ПП” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу тогтоосон хугацаанд ачааг ирүүлээгүй;
2/ Гэрээний 4.3-т “Тээвэр зуучлагч зуучлагчтай тохиролцсон хугацаанд ачааг тээвэрлэж авчраагүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд ачааны тээвэрлэлтийн хөлсний нийт үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх алдангийн төлбөрийг үйлчлүүлэгч нь суутган авч тооцоо хийнэ” гэж заасан. Нэхэмжлэгчид төлөх төлбөрөөс гэрээний хугацаа хэтрүүлсний алдангийг тооцож суутгаад үлдэх хэсгийг нэхэмжлэгчид төлсөн, одоо төлбөрийн үлдэгдэлгүй. Зохих алдангийг суутгаад үлдэх төлбөрөө авахыг нэхэмжлэгч өөрөө зөвшөөрсөн.
5. Зохигчид “...хариуцагч нь нэхэмжлэгчээр нийт 5 чингэлэг зөөлгөсөн болон гэрээний дагуу төлөгдөөгүй байгаа төлбөрийн үлдэгдэл 29,062,000 төгрөг байгаа” үйл баримтын талаар маргаагүй. Харин “...гэрээгээр тогтоосон хугацаа хэтрүүлсэн болон хариуцагч төлөх төлбөрөөс алданги тооцсон нь үндэслэлтэй” эсэх талаар маргаантай байна.
Гурав.
1. Шүүхээс хэрэгт цугларсан баримтуудыг судлаад хариуцагч “ТТ” ХХК-иас 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн №2022-23/08 тоот “Тээврийн зуучлалын үйлчилгээний гэрээ”-ний үүрэгт буюу үлдэх төлбөрт 29,062,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, харин алданги 14,531,000 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт “…гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги тооцох”-оор зохицуулсан байхад 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн №2022-23/08 тоот “Тээврийн зуучлалын үйлчилгээний гэрээ”-ний 4.3-т “...ачааны тээвэрлэлтийн хөлсний нийт үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх алдангийн төлбөрийг үйлчлүүлэгч нь суутган авч тооцоо хийнэ” гэж тусгасан нь хуульд нийцээгүй байна.
3. Түүнчлэн талууд “Тээврийн зуучлалын үйлчилгээний гэрээ”-ний 4.1-д заасан нөхцөлөөр уг гэрээний гол нөхцөл болох тээврийн хөлсний талаар нарийвчлан тохиролцож байсан нь нотлогдоогүй байх тул хариуцагчийн “...гэрээний 4.3-т зааснаар төлөх ёстой төлбөрөөс алдангийг хассан, ...одоо төлбөрийн үлдэгдэлгүй” гэх татгалзлыг үндэслэлгүй гэж үзэв. Иймд нэхэмжлэгч нь төлөгдөөгүй үлдэгдэл төлбөр болох 29,062,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй.
4. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй талаар зохицуулжээ.
5. Хэрэгт “Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим” НҮТББ-аас “ПП” ХХК-д 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 02/505 тоот “Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл /force majeure/-ийн гэрчилгээ авагдсан. Уг гэрчилгээнд “ПП” ХХК нь “Таван богд смарт элеюроникс” ХХК-тай 2022 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр байгуулсан ...гэрээний үүргээ биелүүлэх явцад гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдал үүссэн гэж үзэх үндэслэлтэй талаар дурдсан байна.
6. Зохигчийн хооронд байгуулсан дээрх гэрээ хэрэгжих явцад дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахлын улмаас нийгэм, эдийн засгийн онцгой нөхцөл байдал бий болж иргэн, хуулийн этгээдийн өдөр тутмын бизнесийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн нь нийтэд илэрхий үйл баримт болно. Цар тахлын улмаас нийгэм, эдийн засгийн онцгой нөхцөл байдал бий болсон явдал нь хариуцагч талд мөн хамаатай тул нэхэмжлэлийн шаардлагаас алданги гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгоно.
Дөрөв.
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 379,920 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ТТ” ХХК-иас 303,260 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч “ТТ” ХХК-иас 29,062,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ПП” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 14,531,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 379,920 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ТТ” ХХК-иас 303,260 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ПП” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ХАНГАЛ