Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2024/04150

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 03 өдөр

    Дугаар 102/ШШ2024/04150

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 13 дугаар хороо, Өнөр хороолол, 9 дүгээр байр, 179 тоотод оршин суух, М

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 62 дугаар байр, 35 тоотод оршин суух, Ц.

 

Нэхэмжлэлийн шаардлага: 54,103,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Д

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Жанар   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хариуцагч Б.Ц холбогдох нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ  нэхэмжлэгч дараах байдлаар тайлбарлав. Үүнд:

1/ Хариуцагч Б.Ц нь 2012 онд миний дүү болох Д.Уаас “...дүү Б.С нь гэр бүлтэй болсон байрны асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй байна, тиймээс аав, ээжийн байрыг дүүдээ өгөөд, тэр хоёртоо Viva city хороололд байр авч өгөх хэрэгтэй байна чамд мөнгө байвал зээлүүлээч” гэж гуйсан байсан.

Миний дүү Д.У нь хариуцагч Б.Цэй урд өмнө нь хуулийн фирмд хамт ажиллаж байсан, мөн хуульч хүн учраас түүнд итгэж, мөнгө зээлдүүлэхийг надаас гуйсан. Тиймээс би дүүдээ зөвшөөрч Б.Ц мөнгө зээлдүүлэхээр болсон ба зээлдүүлсэн мөнгийг дүү Д.У нь Б.Ц болон түүний эхнэр М нарт бэлнээр өгсөн.

Тэр мөнгөөр Б.Ц Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити 0 байрны 0 тоотын 30.3 м2 талбай бүхий 1 өрөө орон сууцны урьдчилгаа төлбөрийг хийгээд үлдэгдэл дээр нь дүү Б.Сийн нэрээр, миний дүү Д.Уын тусламжтайгаар Эрэл /одоогийн Ариг банк/-аас орон сууцны зээл авсан.

Гэвч хариуцагч Б Ц нь зээлсэн мөнгөө буцаан төлөхгүй байхаар нь бид 2015 оны 5 дугаар сарын 30-ны өдөр харилцан тохиролцсоны үндсэн дээр “Талуудын хооронд үүссэн зээл, зээлийн хүүг баталгаажуулах, эргүүлэн төлөх тухай гэрээ” байгуулсан ба хариуцагч нь гэрээний 2.9 дахь хэсэгт зааснаар Худалдаа хөгжлийн банк дахь Д.Уын 40 дугаар долларын дансанд 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 4,008 ам доллар шилжүүлсэн, ингэснээр зээлийн үлдэгдэл төлбөр 16,000 америк доллар болсон.

2/ 2015 оны 5 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан “Талуудын хооронд үүссэн зээл, зээлийн хүүг баталгаажуулах, эргүүлэн төлөх тухай гэрээ”-ний 2.9-д зааснаар хариуцагчтай төлбөр төлүүлэх тухай гэрээ байгуулж, гэрээний дагуу зээлдүүлсэн мөнгийг минь Б.Цээс буцаан авч өгөхийг өөрийн дүү Д.Уыг хүссэн.

Үүний дагуу дүү Д.У нь 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хариуцагчтай “Төлбөр барагдуулах гэрээ” байгуулж, гэрээг нотариатаар гэрчлүүлсэн. Гэвч хариуцагч нь “Төлбөр барагдуулах гэрээ”-ний дагуу төлбөрөө төлөхгүй байсан тул Д.У нь нотариатын мэдэгдэх хуудас баталгаажуулах тухай хүсэлтийг 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 146 дугаар тойргийн нотариатч С.Наранцэцэгт гаргасан ба нотариатч нь мөн өдөр Төлбөр барагдуулах гэрээний 5.2 дахь хэсэгт зааснаар 02 дугаартай Нотариатын мэдэгдэх хуудас үйлдэж, төлбөр төлөгч тал болох Б.Ц хүргүүлсэн.

Харин төлбөр төлөгч буюу хариуцагч нь нотариатын мэдэгдэх хуудсыг хүлээн авсан боловч төлбөр төлөөгүй тул Д.У нь 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр нотариатын мэдэгдэх хуудас баталгаажуулах тухай хүсэлтийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан ба тус шүүхийн шүүгчийн 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 102/Ш32021/08170 дугаар захирамжаар нотариатын мэдэгдэх хуудас баталгаажуулсан ба улмаар шүүхээс 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 102/ГХ2021/00545 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас үйлдэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсөн.

3/ Дээрх нотариатын мэдэгдэх хуудас баталгаажуулах тухай шүүгчийн захирамж болон шүүхийн гүйцэтгэх хуудсыг үндэслэн 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж эхэлсэн.

4/ Харин хариуцагч Б.Ц нь үүнтэй зэрэгцээд буюу 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 146 дугаар тойргийн нотариатч С.Н холбогдуулан 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээ болон 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн нотариатын мэдэгдэх хуудсыг гэрчилсэн үйлдлийг хүчингүй болгуулахаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Д.Уад холбогдуулан 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бус тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн.

Улмаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШШ2022/03387 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Б.Цийн  нотариатч С.Н холбогдуулан гаргасан 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн Төлбөр барагдуулах гэрээ болон 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Нотариатын мэдэгдэх хуудсыг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах, мөн хариуцагч Д.Уад холбогдуулан гаргасан 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бус тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч Б.Цийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан ба Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 210/МА2023/00199 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

Тиймээс хариуцагч Д.У болон С.Н нар нь давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч Монгол Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргасан ба Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 001/ХТ2023/00061 дугаар тогтоолоор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 210/МА2023/00199 дугаар магадлалд өөрчлөлт оруулж, 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн Төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, харин нэхэмжлэлийн шаардлагыг үлдэх хэсгийг хангаж шийдвэрлэсэн.

Өөрөөр хэлбэл, хяналтын шатны шүүх Б.Цийн нотариатч С.Н холбогдуулан гаргасан 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн “Төлбөр барагдуулах гэрээ” болон 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн нотариатын мэдэгдэх хуудсыг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах шаардлагыг хангаж, харин хариуцагч Д.Уад холбогдуулан гаргасан 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн “Төлбөр барагдуулах гэрээ”-г хүчин төгөлдөр бус тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Ингэхдээ шүүх хариуцагч Б.Цэй 2015 оны 5 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан “Талуудын хооронд үүссэн зээл, зээлийн хүүг баталгаажуулах, эргүүлэн төлөх тухай гэрээ”-ний 2.9 дахь заалт болон Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дахь хэсэгт зааснаар нь Д.М намайг өөрийгөө төлөөлөх эрхийг Д.Уад олгосон байх ба Д.У нь уг эрхийн үндсэн дээр миний нэрийн өмнөөс хариуцагчтай 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Төлбөр барагдуулах гэрээг байгуулсан нь хүчин төгөлдөр болсон байна гэж үзсэн.

5/ Ингэснээр Монгол улсын дээд шүүхийн шийдвэрээр Д.У болон хариуцагч Б.Ц нарын хооронд 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан “Төлбөр барагдуулах гэрээ” хуулийн хүчин төгөлдөр болох нь тогтоогдсон.

Иймд хариуцагч Б.Ц холбогдуулан 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан Төлбөр барагдуулах гэрээний үүрэгт 16,000 буюу нэхэмжлэл гаргасан 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн Монгол банкны ханш болох 1 ам.долларыг 3,381.45 төгрөгөөр тооцож, нийт 54,103,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

2. Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.Ц миний бие Д.М гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Миний бие 2012 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Д.Уаас нийт 9.700 ам доллартой тэнцэх нийт 15,000,000 төгрөг зээлсэн болно. 2015 оны 5 дугаар сарын 30-ны өдөр “Талуудын хооронд үүссэн зээл зээлийн хүү баталгаажуулах, эргүүлэн төлөх тухай гэрээ” гэгч гэрээний төслийг өөрөө боловсруулан ирэхдээ 2,500 ам долларыг М.Э нэмж зээлсэн гэсэн бөгөөд улмаар М.Этай сард 8 хувьтай тэнцэх хүү авахаар бичгээр гэрээ хийсэн гэж сарын 8 хувиар хүү тооцож тухайн гэрээ байгуулахаас өмнө төлсөн төлбөрүүдийг хүүгээс хасаж тооцоо бодож гэрээ байгуулсан. Энэхүү гэрээг байгуулах үед миний бие М.Эр зээлийн гэрээг бичгээр байгуулсан гэж ойлгож байсан болно. Гэтэл бичгээр байгуулсан зээлийн гэрээ огт байхгүй байсан болно.

2015 оны 5 дугаар сарын 30-ны өдөр тооцоо нийлэхэд 2013 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 5,000 ам доллар, 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 6,000 ам доллар, төлсөн бөгөөд Д.У нь тухайн үед Д.М зээлийн хүүг банкнаас нөхөр П.М сарын 3 хувийн хүүтэйгээр зээлж төлсөн гэсэн бөгөөд уг зээлийг намайг төлөхөөр тооцсон байсан. Ийнхүү П.Мөнх-Эрдэнийн авсан 10,000,000 төгрөгийг хүүгийн хамт сар бүр төлбөр төлөх замаар төлж барагдуулсан. 10,000,000 төгрөг нь тухайн үеийн ханшаар 5,437 ам доллар болж байсан бөгөөд ийнхүү тооцоо нийлэх үед нийт 16,437 ам доллар төлсөн байсан.

Үүний дараа Д.М утсаар ярьж улмаар дахин хүү төлөхийг шаардсан бөгөөд миний бие 4,008 ам долларыг 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Д.Уын данс руу шилжүүлсэн. Ийнхүү нийт төлсөн төлбөр 20,445 ам доллар төлсөн байна. Төлбөрийг тооцохдоо Монгол төгрөгөөр тооцохыг хүссэн боловч улмаар ам доллараар тооцож авч байсан бөгөөд ийнхүү тооцохдоо төлбөр төлсөн өдрийн банкны ханшаар тооцож байсан тул ам долларын ханшны зөрүүгээс мөн миний бие алдагдал хүлээж байсан юм.

Одоо дахин 16,000 ам долларыг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 2015 оны 5 дугаар сарын 30-ны өдөр “Талуудын хооронд үүссэн зээл зээлийн хүү баталгаажуулах, эргүүлэн төлөх тухай гэрээ” байгуулахад бичгээр огт гэрээ хийгээгүй байхад хүү тооцсон болох нь сүүлд нотлогдсон бөгөөд уг гэрээ нь хүчин төгөлдөр бус улмаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэрээ болно.

Гэрээний дагуу хүү шаардах эрхгүй этгээд байсан тул 16,000 ам долларыг нэхэмжлэх эрхгүй гэж үзэж байна. 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн байгуулсан “Төлбөр барагдуулах гэрээ”-г ямар нэгэн үр дагавар үүсгэхээр бус Д.Уын хэлснээр гэр бүлийнхэндээ харуулах гэрээ хэрэгтэй байна гэсэн гуйлтаар буюу хариуцагчийг хуурч хийсэн гэрээ юм. Тиймээс ч уг гэрээг баталсан нотариатын үйлдэл болон мэдэгдэх хуудас шүүхээр хүчингүйд тооцогдсон.

Уг гэрээгээр тооцсон үнийн дүн бодит бус улмаар өмнө байгуулсан гэрээг мөн бичгээр гэрээ байгуулаагүй атлаа хүү тооцож байгуулсан тул энэхүү нэхэмжилж байгаа төлбөрийг төлөх үндэслэл байхгүй юм. Дээрх тайлбар үндэслэлийг харгалзан үзэж Д.М гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: итгэмжлэл /хх5/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх6/, 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн “Төлбөр барагдуулах гэрээ”-ний хуулбар /хх7/, 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн “Нотариатын мэдэгдэх хуудас үйлдүүлэх тухай” хүсэлтийн хуулбар /хх8/, 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн №02 тоот “Нотариатын мэдэгдэх хуудас” /хх9/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 102/шз2021/08170 дугаар захирамжийн хуулбар /хх10/, 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 102/гх2021/00545 дугаар “Шүүхийн гүйцэтгэх хуудас” /хх11/, 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай” тогтоол /хх12/, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 183/шш2022/03387 дугаар шийдвэр /хх13-17/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 210/ма2023/00199 дүгээр магадлал /хх18-20/, Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 001/хт2023/00061 дүгээр тогтоол /хх21-28/, Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа /хх29/, 2015 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн “Талуудын хооронд үүссэн зээл, зээлийн хүүг баталгаажуулах, эргүүлэн төлөх тухай гэрээ” /хх44/, гар бичмэл /хх45-46/.

 

4. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: итгэмжлэл /хх43/, Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга /хх67/, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 183/тм2022/01701 дүгээр тэмдэглэл /хх68-72/.

 

         Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэг. Хэрэгт дараах гэрээнүүд авагдсан байна. Үүнд:

 

1. 2015 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Д.М /зээлдүүлэгч/ болон Б.Ц /зээлдэгч/ нарын хооронд байгуулагдсан “Талуудын хооронд үүссэн зээл, зээлийн хүүг баталгаажуулах, эргүүлэн төлөх тухай гэрээ”. Уг гэрээгээр талууд дараах гол нөхцөлүүдийг харилцан тохирчээ. Үүнд:

1.1. 2012 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн 9,700 ам долларыг сар бүр 8 хувийн хүүтэйгээр зээлж, мөнгийг бэлнээр авсан /гэрээний 2.1.1 дэх заалт/.

1.2. 2013 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн 2,500 ам долларыг сар бүр 8 хувийн хүүтэйгээр зээлж, мөнгийг бэлнээр авсан /гэрээний 2.1.2 дахь заалт/.

1.3. Гэрээний 2.1.1 -д заасан мөнгийг зээлдэгч нь Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Вива сити 0 байрны 0 тоотын 30.3 м2 талбай бүхий 1 өрөө орон сууцыг худалдан авах урьдчилгаа төлбөрт зориулж авсан. Үндсэн зээл 7,700 ам доллар, түүний хүүгийн хэмжээ 6,061 ам доллар болсон.

1.4. Гэрээний 2.1.2-т заасан мөнгийг зээлдэгч нь гэр бүлийн хэрэгцээнд зориулж авсан. Үндсэн зээл өнөөдрийн байдлаар 2,500 ам доллар, хүүгийн хэмжээ 3,733 ам доллар болсон. 

 

2. Төлбөр авагч талаас Д.У болон төлбөр төлөгч талаас Б.Ц нарын хооронд 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан “Төлбөр барагдуулах гэрээ”. 

2.1. Дээрх гэрээний зорилгыг талууд “Энэхүү гэрээгээр төлбөр төлөгч нь ‘Талуудын хооронд үүссэн зээл зээлийн хүү баталгаажуулах, эргүүлэн төлөх тухай гэрээ’-гээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас үүссэн 16,000 америк долларын төлбөрийг бүрэн төлж барагдуулах, төлбөр авагч нь төлбөрийг хүлээн авах, төлбөр төлөгчийн өр төлбөрөө барагдуулах үйл ажиллагаанд хяналт тавихтай холбогдон үүссэн харилцааг зохицуулна” гэж тодорхойлжээ.  

2.2. 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн “Төлбөр барагдуулах гэрээ”-гээр талууд дараах гол нөхцлүүдийг харилцан тохирсон байна. Үүнд:

1/ Төлбөр төлөгчийн төлбөрийн хэмжээ нь 16,000 ам доллар /гэрээний 1.2 дахь заалт/;

2/ Төлбөр төлөгч нь 16,000 ам долларыг 2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд төлж барагдуулна /гэрээний 1.4 дэх заалт/;

3/ “…төлбөр төлөх хугацааг…хэтрүүлсэн тохиолдолд …Нотариатын тухай хуулийн 45 дугаар зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 183, 184 дүгээр зүйл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.4 дэх заалтуудын дагуу нотариатын мэдэгдэх хуудас үйлдүүлэн …төлбөрийг барагдуулах болно” /гэрээний 5.2 дахь заалт/.

 

Хоёр.

 

1. 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгч Д.М нь хариуцагч Б.Ц холбогдуулж 54,103,200 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан.

 

2. Нэхэмжлэгч өөрийн шаардлага, үндэслэлээ “...2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан төлбөр барагдуулах гэрээний үүрэгт 16,000 ам долларыг нэхэмжлэл гаргасан 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн Монгол банкны ханшаар тооцож нийт 54,103,200 төгрөг гаргуулна” гэж тайлбарласан.  

 

3. Хариуцагч С.Ц нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрсөн татгалзлаа “...зээл авсан тал дээр маргахгүй, гэхдээ өгөх ёстой төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, …хөөн хэлэлцэх хугацаа дууссан, …нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гуйлтаар хийсэн гэрээ” гэсэн агуулгаар тайлбарласан байна.

 

Гурав.

 

1. 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр төлбөр авагчаас 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан “Төлбөр барагдуулах гэрээ”-ний 5.2 дахь хэсэгт “…төлбөр төлөх хугацааг…хэтрүүлсэн тохиолдолд …Нотариатын тухай хуулийн 45 дугаар зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 183, 184 дүгээр зүйл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.4 дэх заалтуудын дагуу нотариатын мэдэгдэх хуудас үйлдүүлэн …төлбөрийг барагдуулах болно” гэсэн заалтын дагуу нотариатын мэдэгдэх хуудас үйлдүүлэх тухай хүсэлтийг холбогдох нотариатчид гаргасан ба тухайн өдөр нь 02 тоот “Нотариатын мэдэгдэх хуудас” үйлдэгджээ.  

 

2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 102/шз2021/08170 дугаар захирамжаар дээрх нотариатын мэдэгдэх хуудсыг баталгаажуулж 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 102/гх2021/00545 тоот гүйцэтгэх хуудас бичигдсэн, үүнтэй холбоотойгоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эрх бүхий байгууллага үүсгэн явуулсан байна.

 

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байх хугацаанд Б.Ц нь нотариатын мэдэгдэх хуудсыг үйлдсэн нотариатч С.Н холбогдуулж 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн “Төлбөр барагдуулах гэрээ”-г гэрчилсэн нотариатчын үйлдлийг хүчингүй болгуулах, 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 02 дугаар мэдэгдэх хуудсыг хүчингүй болгуулах, Д.Уад холбогдуулж 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн “Төлбөр барагдуулах гэрээ”-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргаж маргасан.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4, 120 дугаар зүйлийн 120.4-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй ба зохигч болон хэргийн бусад оролцогч шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцааны талаар маргах эрхгүй.

 

5. Б.Ц болон нотариатч С.Н, Д.У нарын хооронд үүссэн дээрх маргааныг Монгол улсын дээд шүүхийн Хяналтын шатны шүүх хуралдаанаар хянаад 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 001/хт2023/00061 тоот тогтоол гаргаж эцэслэн шийдвэрлэсэн. Ингэхдээ “…2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн ‘Төлбөр барагдуулах гэрээ-г хүчин төгөлдөр’, …гэрээний шаардах эрх Д.Мт байгаа, …‘Төлбөр барагдуулах гэрээ’-г баталгаажуулсан нотариатын үйлдэл хүчингүй болсон нь уг хэлцлийн хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй” талаарх дүгнэлтийг хийжээ.    

 

6. Нөгөөтэйгүүр, эрх зүйн бүрэн чадамжтай этгээдүүд гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах эрхтэй ба 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн “Төлбөр барагдуулах гэрээ”-гээр гэрээний талууд өөрсдийн хооронд өмнө үүссэн зээлийн үлдсэн хэмжээ, зээлийг буцаан төлөх хугацаагаа харилцан тохирсон нь хууль зөрчөөгүй буюу талуудын хооронд хийгдсэн гэрээ нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 43 дугаар зүйлийн 43.2.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсгүүдэд нийцсэн, хүчин төгөлдөр байна.    

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгүүдэд зааснаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигч өөрийн шаардлага болон татгалзлаа нотлох, нотлох баримтаа шүүхэд өөрөө цуглуулан гаргаж өгөх үүргийг хүлээнэ.

 

8. Хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр “Төлбөр барагдуулах гэрээ” байгуулагдсанаас хойш уг гэрээгээр хүлээсэн үүрэг дуусгавар болсон нь тогтоогдоогүй, хариуцагч Б.Цийн “...зээлийн төлбөрийг төлж дуусгасан”, “…төлбөр барагдуулах гэрээг хуурч хийсэн” гэх агуулга бүхий татгалзлыг нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. 

 

9. Мөн 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан “Төлбөр барагдуулах гэрээ”-тэй холбоотой маргаан 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн учир хариуцагчийн “…хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэх татгалзал үндэслэлгүй.

 

10. Иймд 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн “Төлбөр барагдуулах гэрээ”-ний 3.1 дэх заалт, Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Б.Цээс 54,103,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв. 

 

11. Нэхэмжлэгч нь хариуцагчаас 16,000 ам долларыг буцаан шаардахдаа үүрэг үүсэх үеийн ханшаар тооцсон нь Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д “Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө”, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т “Гадаад валютын ханшийг тухайн үеийн Монголбанкнаас зарласан албан ёсны ханшаар, эд хөрөнгийн үнийг нотлогдсон хэмжээгээр тус тус тооцно” гэж заасантай харшлаагүй

 

Дөрөв.

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1   дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 428,466 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 428,466 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Цээс 54,103,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Мт олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1   дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 428,466 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Цээс 428,466 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Мт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                                           Н.ХАНГАЛ